9 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн удирдлага
9.1.Хөрөнгө оруулалтын сангийн эрх барих дээд байгууллага нь сангийн нэгж эрхийг эзэмшигч сангийн гишүүдийн хурал байх бөгөөд хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлын бүрэн эрхийг хөрөнгө оруулалтын сангийн дүрмээр тодорхойлно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн өөрчлөлт оруулсан./
9.2.Хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг хуралдуулах журам, сангийн гишүүдэд мэдээлэл хүргэх, эчнээ санал хураалтын аргаар санал хураах нийтлэг журмыг Хороо батална.
9.3.Хамтын хөрөнгө оруулалтын сан төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог хөрөнгө оруулалтын сангийн дүрмээр тогтооно. Хувийн хөрөнгө оруулалтын сан төлөөлөн удирдах зөвлөлгүй байж болно.
9.4.Төлөөлөн удирдах зөвлөлтэй хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг сангийн дүрмээр тодорхойлно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн өөрчлөлт оруулсан./
9.5.Төлөөлөн удирдах зөвлөлгүй хувийн хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг сангийн гишүүдийн хурал, эсхүл тухайн хурлаас зөвшөөрсөн этгээд хэрэгжүүлнэ.
9.6.Төлөөлөн удирдах зөвлөлгүй хөрөнгө оруулалтын сангийн тухайд хөрөнгө оруулалтын сангийн гишүүд, төлөөлөн удирдах зөвлөлтэй хөрөнгө оруулалтын сангийн тухайд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд аудитын хорооны чиг үүргийг хэрэгжүүлнэ.
9.7.Хөрөнгө оруулалтын сангийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний үндсэн дээр тодорхойлно.
9.8.Хөрөнгө оруулалтын менежментийн компани болон кастодиан нь хөрөнгө оруулалтын санд холбогдох үйлчилгээг үзүүлэхдээ тухайн сангийн гишүүдийн эрх ашгийн төлөө, сонирхлын зөрчилгүй, бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.