5 дугаар зүйл. Зөвлөлийн тэргүүн, гишүүд, тэдгээрийн бүрэн эрх, чиг үүрэг
/Энэ зүйлийн нэрийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд Зөвлөлийн гишүүн байна.
/Энэ хэсэгт 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2. Хууль тогтоомжид заасан үндэслэлээр Зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал зохих өөрчлөлт оруулж болно.
/Энэ хэсгийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
З. Зөвлөлийн тэргүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч байна. Зөвлөлийн тэргүүн нь Зөвлөлийн ажлыг бүхэлд нь удирдаж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ Зөвлөлийн хуралдаанд хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;
2/ Зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх саналыг Улсын Их Хуралд оруулах;
3/ төрийн гадаад, дотоод бодлогыг хэрэгжүүлэхэд Зөвлөлийг төлөөлөх;
4/ Зөвлөлийн ажлын хэсэг байгуулж ажиллуулах;
5/хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ хэсгийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
4. Зөвлөлийн гишүүн нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ үндэсний аюулгүй байдал болон төрийн гадаад, дотоод бодлогын нэгдмэл байдлыг хангах үүднээс улс орны төр, нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийлгэж, авах шаардлагатай арга хэмжээний талаар санал боловсруулан Зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх;
2/ Зөвлөлийн чиг үүрэгт хамаарах асуудлаар холбогдох байгууллага, түүний дотор үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагын ажилтай танилцах, чиглэл зөвлөлгөө өгөх;
3/ Зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг эрхэлсэн ажлын хүрээнд зохион байгуулах;
4/ Зөвлөлийн ажлын хэсэгт чиглэл, үүрэг, даалгавар өгөх;
5/ өөрийн бүрэн эрхийн хүрээнд үндэсний аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргахын өмнө Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж байх;
6/ хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ хэсгийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/