6 дугаар зүйл. Зөвлөлийн зохион байгуулалтын бүтэц

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Зөвлөлийн зохион байгуулалтын бүтэц

1. Зөвлөл нь энгийн бүтэцтэй байх бөгөөд түүнд Зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга, зөвлөх, илтгэгч, шинжээчийн хэсэг хамаарна.

2. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж, тэднийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ. Зөвлөлийн нарийн бичгийн дарга уг албан тушаалыг хаших хугацаанд түүний улс төрийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлнэ. Зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.

/Энэ хэсгийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3. Улсын Их Хурлын дэд дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ахлагч, тагнуулын төв байгууллагын дарга нар зөвлөлийн хуралдаанд зөвлөх эрхтэй оролцоно.

/Энэ хэсэгт 1998 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсгийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, тусгай газар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нар Зөвлөлийн илтгэгч байх бөгөөд тэдгээр нь тус тусын хариуцсан салбар, хүрээнд үндэсний язгуур ашиг сонирхол, аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлыг судалж зохих илтгэл, санал, шийдвэрийн төслийг боловсруулан Зөвлөлд оруулж, гарсан шийдвэрийг эрхэлсэн салбар, хүрээндээ хэрэгжүүлэх ажлыг хариуцна.

/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5. Зөвлөлийн шинжээчээр өндөр мэргэшлийн эрдэмтэн, мэргэжилтнийг орон тооны ба орон тооны бус журмаар томилон ажиллуулна. Тэдгээр нь үндэсний аюулгүй байдлыг хангах тодорхой асуудлаар болон Зөвлөлийн шийдвэрийн төслийн талаар шинжилгээ, судалгаа хийж, мэргэжлийн дүгнэлт гаргаж, түүний үндэслэлийг хариуцна. Зөвлөлийн шинжээчийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.

6. Зөвлөл нь үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд онцгой ач холбогдол бүхий чиглэл, дотоодын болон олон улсын үйл явдал зэрэг шаардлагатай гэж үзсэн асуудлаар ажлын хэсэг байгуулах, судалгаа явуулах эрдэм шинжилгээний бие даасан нэгжтэй байж болно.

/Энэ хэсгийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.