15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл
15.1.Дараах үйл ажиллагааг Цөмийн энергийн комиссоос олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ:
15.1.1.цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах;
15.1.2.цөмийн төхөөрөмж ашиглах;
15.1.3.цөмийн бодис эзэмших, ашиглах, худалдах;
15.1.4.цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлах. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.2.Дараах үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ:
15.2.1.цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх;
15.2.2.цацраг идэвхт ашигт малтмал ашиглах;
15.2.3.цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах болон цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээх.
15.3.Дараах үйл ажиллагааг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.3.1.цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах;
15.3.2.цацрагийн үүсгүүрийг угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах;
15.3.3.цацрагийн үүсгүүрийг тээвэрлэх, импортлох, экспортлох;
15.3.4.цацрагийн үүсгүүрийн хаягдлыг булшлах, аюулгүй болгох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа.
/Энэ зүйлийг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/