17 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл хүсэгчид тавих шаардлага
17.1.Энэ хуулийн 15.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч дараахь нөхцөлийг хангасан байна:
/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.1.1.техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан байх;
17.1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг бүрэн хангасан байх;
17.1.3.бүс нутгийн хөгжил, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд санаачлагатай оролцдог байх;
17.1.4.компанийн засаглал болон нийгмийн хариуцлага, ёс зүйн талаархи дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн стандартыг хэвшүүлсэн байх;
17.1.5.үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр мэргэжлийн боловсон хүчний нөөцтэй байх;
17.1.6.ажиллагсдын сургалт, дадлагын асуудлыг шийдэж ирсэн туршлагатай байх.
17.2.Энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч мөн хуулийн 17.1-д зааснаас гадна дараахь нөхцөлийг хангасан байна:
/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.2.1.цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх санхүүгийн чадавхитай байх;
17.2.2.байгаль орчны болон биологийн нөхөн сэргээлт хийх санхүүгийн чадавхитай байх;
17.2.3.хариуцлагатай уул уурхайг хөтлөн явуулдаг, энэ талаар зохих туршлага хуримтлуулсан байх;
17.2.4.уул уурхайн үйлдвэрлэлийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны олон улсын стандарт, шаардлагыг хангаж ажилладаг байх.
17.3.Энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч мөн хуулийн 17.1-д зааснаас гадна дараахь нөхцөлийг хангасан байна:
/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.3.1.энэ хуулийн 17.2.1-17.2.4-т заасан нөхцөлийг хангасан байх;
17.3.2.цацраг идэвхт ашигт малтмалыг энхийн зорилгоор, дэлхийн зах зээлийн үнэд хүргэж борлуулах чадвартай, санхүүгийн хувьд бүрэн бие даасан байх;
17.3.3.цацраг идэвхт ашигт малтмалын боловсруулалт, борлуулалтаар дэлхийн зах зээлд тогтвортой, тэргүүлэх байр суурь эзэлсэн байх;
17.3.4.цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт хийх санхүүгийн чадавхитай байх;
17.3.5.цацраг идэвхт ашигт малтмал олборлох, боловсруулах олон жилийн туршлагатай байх;
17.3.6.цацраг идэвхт ашигт малтмалын ордын нөөцийг бүрэн ашиглах тэргүүний технологитой байх;
17.3.7.цацраг идэвхт ашигт малтмалыг боловсруулах, ашиглахдаа эдийн засгийн илүү үр ашигтай, дэвшилтэт технологи ашигладаг байх;
17.3.8.цөмийн технологи нэвтрүүлэх чадвартай байх.
17.4.Энэ хуулийн 15.2.3, 15.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч мөн хуулийн 17.1.1, 17.1.2, 17.1.4, 17.1.5-д заасан нөхцөлийг хангасан байна.
/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/