26 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

26.1.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр хүчингүй болгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.1.1.компани татан буугдсан, эсхүл иргэн нас барсан;

26.1.2.тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;

26.1.3.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

26.1.4.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.

26.2.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.2.1.энэ хуулийн 26.1-д заасан үндэслэл бий болсон;

26.2.2.Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-56.1.5-д заасан үндэслэл бий болсон;

26.2.3.энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан тусгай зөвшөөрлийн хувьд мөн хуулийн 29.4-т заасан үндэслэл бий болсон.

/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.3.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдрийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэлийг тодорхой заана.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.4.Энэ хуулийн 26.3-т заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад ирүүлнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.5.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 26.4-т заасан нотлох баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, энэ тухай шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 26.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүх тухайн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.3-т заасны дагуу түдгэлзүүлж болохгүй.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.7.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг ажлын 5 өдөрт багтаан энэ хуулийн 19.8-д заасан байгууллага болон олон нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.