29 дугаар зүйл. Орд ашиглах гэрээ
29.1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноос хойш 60 хоногт багтаан түүнийг эзэмшигчтэй орд ашиглах гэрээ байгуулна.
/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
29.2.Орд ашиглах гэрээний хугацаа тусгай зөвшөөрлийн хугацаатай адил байна.
29.3.Орд ашиглах гэрээнд дараахь зүйлийг заавал тусгана:
29.3.1.цацраг идэвхт ашигт малтмалын орд ашиглах үндэслэл;
29.3.2.цацраг идэвхт ашигт малтмалын орд ашиглах хугацаа, цацраг идэвхт ашигт малтмалын нэр төрөл, агуулга, нөөцийн хэмжээ;
29.3.3.техник, эдийн засгийн үндэслэлд тусгагдсан технологи, үйлдвэрлэлийн хүчин чадал, олборлох бүтээгдэхүүний тоо хэмжээ;
29.3.4.бүтээгдэхүүн борлуулах нөхцөл;
29.3.5.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх зардлын хэмжээ;
29.3.6.уурхайг хаах ерөнхий төлөвлөгөө;
29.3.7.гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага.
29.4.Энэ хуулийн 29.1-д заасан хугацаанд орд ашиглах гэрээг байгуулаагүй бол геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/