3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."цөмийн энерги" гэж цөмийн хуваагдал болон цөмийн хувирлын дүнд үүссэн энергийг;
3.1.2."цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах" гэж цөмийн энергийг цөмийн зэвсгээс бусад салбарт ашиглахыг;
3.1.3."цөмийн болон цацрагийн аюулгүй байдал" гэж хүн ам, байгаль орчныг цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн нөлөөллөөс хамгаалах, цөмийн төхөөрөмж, цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагааг хангасныг;
3.1.4."цацраг идэвхт ашигт малтмал" гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.2-т заасан уран болон торийн бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдэс баялгийн хуримтлалыг;
3.1.5."цөмийн бодис" гэж цөмийн материал болон цөмийн технологид хэрэглэгдэх уран, торийн бүлийн цацраг идэвхт изотоп, газрын ховор элемент агуулсан бодисыг;
3.1.6."цөмийн төхөөрөмж" гэж цөмийн түлш бэлтгэх үйлдвэр, цөмийн болон судалгааны реактор, цөмийн эрчим хүчний эх үүсвэр, цөмийн түлш болон ашигласан түлш хадгалах байгууламж, баяжуулах үйлдвэр, ашигласан түлшийг дахин боловсруулах үйлдвэрийг;
3.1.7."ионжуулагч цацраг" гэж шууд болон шууд бус замаар бодис, биологийн биет дотор хос ион үүсгэх цацрагийг;
3.1.8."цөмийн эрчим хүчний нөөц" гэж Эрчим хүчний тухай хуулийн 3.1.21-д заасныг;
3.1.9."цөмийн эрчим хүч" гэж Эрчим хүчний тухай хуулийн 3.1.22-т заасныг;
3.1.10."цөмийн эрчим хүчний эх үүсвэр" гэж Эрчим хүчний тухай хуулийн 3.1.23-т заасныг;
3.1.11."цөмийн түлш" гэж цөмийн энерги гаргаж авахад хэрэглэгддэг материалыг;
3.1.12."цөмийн материал" гэж цөмийн реактор болон цөмийн зэвсэгт ашиглагддаг материалыг;
3.1.13."цацрагийн үүсгүүр" гэж цөмийн төхөөрөмжөөс бусад цацрагийн шарлага үүсгэгч цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацраг гаргагч аливаа багаж хэрэгслийг;
3.1.14."цөмийн түлшний материал" гэж цөмийн хуваагдлын дүнд их хэмжээний энерги үүсгэх цөмийн бодисыг;
3.1.15."цөмийн эх үүсвэр материал" гэж цөмийн түлшний материалыг гарган авах уран, торийн хүдэр, газрын ховор элемент зэрэг түүхий эд материалыг;
3.1.16."цацраг идэвхт хаягдал" гэж цацраг идэвхийн хэмжээ нь хаягдлын стандартад заасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн, ямар ч төлөв байдалд байж болох, цаашид дахин хэрэглэгдэхгүй зүйлсийг;
3.1.17."шар нунтаг" гэж ураны хүдрийг боловсруулах үйл ажиллагааны явцад завсрын шатанд үүсэх ураны ислийг;
3.1.18."биет хамгаалалт" гэж Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай Венийн конвенцийн дагуу цөмийн материал болон цөмийн төхөөрөмж рүү зөвшөөрөлгүй этгээд нэвтрэн орохоос урьдчилан сэргийлсэн арга хэмжээ буюу зохион байгуулалтын нэгдсэн системийг;
3.1.19."шарлага" гэж цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн үүсгүүрээс хүнд үзүүлэх нөлөөллийг;
3.1.20."мэргэжлийн шарлага" гэж ажлын нөхцөлийн улмаас цацрагтай ажиллагчийн өртөж байгаа аливаа цацрагийн нөлөөллийг;
3.1.21."тун" гэж ионжуулагч цацрагаас бие махбодид шингээгдсэн энергийн хэмжээгээр тодорхойлогддог цацрагийн шарлагыг илэрхийлэх хэмжигдэхүүнийг;
3.1.22."цацраг идэвхт хаягдал булшлах" гэж зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг.