34 дугаар зүйл. Цацраг идэвхт ашигт малтмал ашиглахад тавих үндсэн шаардлага

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Цацраг идэвхт ашигт малтмал ашиглахад тавих үндсэн шаардлага

34.1.Улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөлгүйгээр цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, экспортлох, импортлох, тээвэрлэх, цацраг идэвхт хаягдлыг булшлах, цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээхийг хориглоно.

34.2.Энэ хуулийн 34.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх явцад хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс хамгаалах арга хэмжээг уг үйл ажиллагааг эрхэлж байгаа иргэн, компани өөрийн зардлаар хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

34.3.Энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүдрийн олборлолт, баяжуулалт, боловсруулалт, туршилтын үйл ажиллагаанаас үүссэн цацраг идэвхт хаягдлын менежментийг бүрэн гүйцэтгэж, олон улсын болон үндэсний дүрэм, журам, заавар, стандартад заасны дагуу аюулгүй булшлах үүрэгтэй. /Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

34.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цацраг идэвхт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаанд дараах шаардлагыг биелүүлнэ: /Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

34.4.1.цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулан мөрдөх, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэлийг олон улсын хөндлөнгийн шинжээчээр хянуулах; /Энэ заалтыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

34.4.2.үйл ажиллагааны явцад гарсан осол, зөрчлийн талаар цөмийн болон цацрагийн хяналтын асуудал хариуцсан төрийн байгууллага, онцгой байдал, тагнуул, цагдаагийн байгууллагад даруй мэдээлэх, ослын хор уршгийг арилгах, аюулгүй болгох арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

34.4.3.Цөмийн энергийн комиссоос баталсан хөтөлбөрийн дагуу цацрагтай ажиллагчийг цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны сургалтад хамруулах. /Энэ заалтыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

34.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагын санхүүгийн хэрэгсэл ашиглах, эсхүл Монголбанкан дахь валютын тусгай дансанд байршуулах бөгөөд гагцхүү зориулалтын дагуу ашиглана. /Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

34.6.Энэ хуулийн 34.5-д заасан мөнгөн хөрөнгийг тооцоолох, байршуулах журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

34.7.Энэ хуулийн 15.2.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэр эхлэхээс өмнө уурхайн хаалтын төлөвлөгөөг боловсруулж, 5 жил тутам шинэчлэн цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулах бөгөөд уурхай, үйлдвэрийг хаахаас 5-аас доошгүй жилийн өмнө хаалтын төлөвлөгөөг эцэслэн батлуулна. /Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

34.8.Энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу улсын төсөвт төлнө. /Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.