36 дугаар зүйл. Цацрагийн үүсгүүр ашиглахад тавих үндсэн шаардлага

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Цацрагийн үүсгүүр ашиглахад тавих үндсэн шаардлага

36.1.Цацрагийн үүсгүүрийг ашиглахад дараахь шаардлагыг биелүүлнэ:

36.1.1.цацрагийн үүсгүүрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор цацрагийн хяналтын болон тагнуулын төв байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх;

36.1.2.цацрагтай холбогдсон үйл ажиллагааг цацрагийн аюулгүйн стандартыг бүрэн хангасан, улсын байцаагчийн зөвшөөрсөн зориулалтын байранд явуулах;

36.1.3.цацрагийн үүсгүүр ашиглах явцад ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангаж ажиллах;

36.1.4.цацрагтай холбогдсон үйл ажиллагааны онцлогт тохирсон цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцагчаар хянуулж, баталгаажуулан мөрдөх;

36.1.5.цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл хөтөлж, жилийн эцсийн тооллогын дүн, дотоод хяналтын тайлан, мэдээг жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

36.1.6.цацрагийн үүсгүүр ашиглах явцад гарсан осол, зөрчлийг цацрагийн хяналт, онцгой байдал, тагнуул, цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлэх, ослын хор уршгийг арилгах, аюулгүй болгох арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэх;

36.1.7.цацрагтай ажиллагчийг төрийн захиргааны байгууллагын зөвшөөрсөн тусгай хөтөлбөрийн дагуу явагдах цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын сургалтад хамруулж, гэрчилгээ олгох;

36.1.8.чанарын баталгаажилтын болон хэмжилтийн шаардлага хангасан цацрагийн хэмжилтийн багажаар хангагдсан байх.

36.2.Нэр төрөл, шинж чанар, идэвхийн хэмжээ, хэрэглэх зориулалт, аргачлал нь тодорхой бус цацрагийн үүсгүүрийг ашиглахыг хориглоно.

36.3.Цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг энэ хуулийн 15.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс бусад этгээд ашиглахыг хориглоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.