ИРГЭНИЙ ХУУЛЬ

Иргэний эрх зүй, өмч, гэр бүл · 554 зүйл · хүчин төгөлдөр · хэсэг 4/4 (445–3381-р зүйл) · legalinfo.mn ↗

445 дугаар зүйл. Төлбөр тооцооны гэрээ

445.1.Төлбөр тооцооны гэрээгээр банк, эрх бүхий бусад хуулийн этгээд /цаашид "төлбөр тооцоо гүйцэтгэгч" гэх/ нь иргэн болон хуулийн этгээд /цаашид "харилцагч" гэх/-ийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээнэ.

445.2.Хуульд өөрөөр заагаагүй бол бэлнээр хийх төлбөр тооцоог банк, эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэж болно.

445.3.Бэлэн бусаар хийх төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, аккредитив, инкасс, чек, вексель, төлбөрийн карт, электрон төлбөр тооцоо, зээлжих эрх, зээлээр хийх төлбөр тооцоо болон төлбөр тооцооны бусад хэрэгслээр гүйцэтгэж болно.

445.4.Төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ.

445.5.Хуульд өөрөөр заагаагүй бол дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй.

445.6.Банк, эрх бүхий хуулийн этгээд нь харилцагчийн төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг шалгах эрхтэй.

445.7.Төлбөр тооцооны гэрээгээр талууд төлбөр тооцоо гүйцэтгэх үйлчилгээний хөлс төлөхөөр тохиролцож болно.

445.8.Банк, төлбөр тооцоо хийх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хийх төлбөр тооцооны харилцааг хуулиар зохицуулна.

446 дугаар зүйл. Төлбөр тооцоо гүйцэтгэгчийн үүрэг

446.1.Төлбөр тооцоо гүйцэтгэгч дараахь үүрэгтэй:

446.1.1.бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны нягтлан бодох бүртгэлийг хөтлөх;

446.1.2.гэрээнд заасан хугацаанд харилцагчид түүний дансны талаар мэдээлэл, дансны хуулга өгөх;

446.1.3.харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх;

446.1.4.хуульд зааснаас бусад тохиолдолд данс, гүйлгээтэй холбоотой нууцыг задруулахгүй байх;

446.1.5.алдаатай хийсэн мөнгөн төлбөрийн гүйлгээг залруулж, харилцагчийг хохиролгүй болгох;

446.1.6.харилцагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх;

446.1.7.хуульд заасан бусад үүрэг.

447 дугаар зүйл. Харилцагчийн эрх

447.1.Харилцагч дараахь эрхтэй:

447.1.1.өөрийн данс, гүйлгээний талаархи мэдээллийг хэдийд ч авах;

447.1.2.мөнгөн төлбөрийн гүйлгээг гүйцэтгэхээс өмнө төлбөрийн даалгавраа цуцлах;

447.1.3.хуульд заасан бусад эрх.

447.2.Энэ хуулийн 447.1.2-т заасан тохиолдолд харилцагч нь төлбөр тооцоо гүйцэтгэгчид нэн даруй мэдэгдэх бөгөөд төлбөр тооцоо гүйцэтгэгч нь төлбөрийн даалгаварт заасан мөнгийг харилцагчийн дансанд буцаан оруулна.

448 дугаар зүйл. Төлбөр тооцооны гэрээг цуцлах

448.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд төлбөр тооцооны гэрээг хэдийд ч харилцан тохиролцож цуцалж болно.

449 дугаар зүйл. Аккредитив

449.1.Аккредитив нээсэн банк нь үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлт, өгсөн үүрэг, зааврын дагуу гуравдагч этгээд /төлбөр авагч/-ээс тодорхой бичиг баримт хүлээн авч, хариуд нь түүнд буюу түүний заасан этгээдэд мөнгө шилжүүлэх, төлбөр авагчийн бичсэн шилжих вексельд заасан төлбөрийг төлөх буюу зөвшөөрөх, эсхүл уг гүйлгээг гүйцэтгэхийг өөр банкинд даалгах үүрэг хүлээнэ.

449.2.Үйлчлүүлэгч нь харилцан тохиролцсон хөлсийг банкинд төлнө.

449.3.Аккредитивийн төлбөр тооцоог гүйцэтгэхэд олон улсад хэрэглэгддэг нийтлэг зохицуулалт, ажил хэргийн хүрээнд тогтсон заншлыг баримтална.

450 дугаар зүйл. Инкасс

450.1.Инкассийн төлбөр тооцоогоор төлбөр тооцоо гүйцэтгэгч нь үйлчлүүлэгчийн өгсөн даалгаврын дагуу, түүний зардлаар, төлбөр хариуцагчаас төлбөрийг хүлээн авах буюу төлбөр хийх үүрэг хүлээнэ.

450.2.Инкассийн төлбөр тооцоог гүйцэтгэхэд хууль, олон улсад хэрэглэгддэг нийтлэг зохицуулалт, ажил хэргийн хүрээнд тогтсон заншлыг баримтална.

Хоёрдугаар дэд бүлэг

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох

451 дугаар зүйл. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ

451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

451.2.Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

451.3.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.

452 дугаар зүйл. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн хүү

452.1.Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.

452.2.Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

452.3.Зээлдүүлэгч зээлийн хүүгийнхээ хэмжээг нийтэд мэдээлэх үүрэгтэй.

453 дугаар зүйл. Зээлдэгчийн хариуцлага

453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

453.2.Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Энэ заалт зөвхөн хөдлөх эд хөрөнгөнд хамаарна.

/Энэ хэсэгт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

Гуравдугаар дэд бүлэг

Мөнгөн хадгаламж

454 дугаар зүйл. Мөнгөн хадгаламжийн гэрээ

454.1.Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ.

454.2.Мөнгөн хадгаламжийн гэрээнд хадгалалтын хугацаа, хүүгийн хэмжээ, түүнийг тооцох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс талуудын хүлээх хариуцлагыг тусгана.

454.3.Хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн хадгаламжийн гэрээг хадгаламжийн дэвтэр, хадгаламжийн сертификат болон хуульд заасан бусад арга хэрэгслийг ашиглан бичгээр байгуулна.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

454.4.Хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй.

454.5.Хуульд өөрөөр заагаагүй бол банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд хадгалуулагчийн мөнгөн хадгаламжийн нууцыг хадгалах, холбогдох гүйлгээний талаархи мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.

454.6.Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд мөнгөн хадгаламжийг даатгуулж болно.

454.7.Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд мөнгөн хадгаламжийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.

454.8. Мөнгөн хадгаламжийн гэрээгээр хадгалуулсан мөнгөө шаардахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

455 дугаар зүйл. Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа

455.1.Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулна.

455.2.Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол хадгалагч нь хадгалуулагчийн хүссэн цагт түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүүг төлөх үүрэгтэй.

455.3.Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол банк уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх бөгөөд гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч мөнгөө буцаан авах шаардлага тавиагүй бол уг гэрээг цаашид тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно.

455.4.Тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй.

456 дугаар зүйл. Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн мэдээлэл

456.1.Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд санхүүгийн тайлан, мэдээллийг хуульд заасан хугацаанд нийтэд мэдээлэх үүрэгтэй.

456.2.Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд өөрийн төлбөр гүйцэтгэх чадвар, найдвартай байдлын талаархи мэдээллийг хадгалуулагчид гаргаж өгөх үүрэгтэй.

456.3.Энэ хуулийн 456.2-т заасан мэдээллийг буруу, ташаа мэдээлсэн банк нөхөх хариуцлага хүлээнэ.

Дөрөвдүгээр дэд бүлэг

Банкны баталгаа

457 дугаар зүйл. Банкны баталгааны гэрээ

457.1.Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

457.2.Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэнэ.

457.3.Гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч банк нь нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхгүй.

457.4.Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд өөрөөр заагаагүй бол банкны баталгааны талаархи шаардах эрхээ бусдад шилжүүлж болохгүй.

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

457.6.Энэ хуулийн 457.5-д заасан шаардлагыг банкны баталгааны гэрээнд заасан хугацаанд гаргана.

457.7.Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хүлээн авсан даруй үүрэг гүйцэтгэгчид энэ тухай мэдэгдэж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага болон түүнд хавсаргасан баримт бичгийн хуулбарыг шилжүүлнэ.

457.8.Баталгаа гаргагч банк ердийн боломжит хугацааны дотор үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргасан шаардлага, түүнд хавсаргасан баримт бичиг нь гэрээний нөхцөлд нийцэж байгаа эсэхийг тогтооно.

457.9.Үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргасан шаардлага, түүнд хавсаргасан баримт бичиг нь гэрээний нөхцөлд нийцээгүй, эсхүл гэрээнд заасан хугацаанд гаргаагүй бол баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахаас татгалзах эрхтэй бөгөөд энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид нэн даруй мэдэгдэнэ.

457.10.Банк үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахаас өмнө үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн, тухайн үүрэг бусад үндэслэлээр дуусгавар болсон, эсхүл хүчин төгөлдөр бус болсон бол баталгаа гаргагч банк энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид нэн даруй мэдэгдэнэ. Үүрэг гүйцэтгүүлэгч энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг дахин шаардвал банк шаардлагыг хангаж, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлнэ.

457.11.Баталгаа гаргагч банкны хүлээх хариуцлага гэрээнд заасан хэмжээгээр хязгаарлагдана.

457.12.Банкны баталгааны гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч банкны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хүлээх хариуцлага энэ хуулийн 457.11-д заасан хэмжээнээс үл хамаарна.

457.13.Баталгаа гаргагч банкны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно:

457.13.1.баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн;

457.13.2.гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон;

457.13.3.үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд заасан шаардах эрхээсээ татгалзсан.

457.14.Баталгаа гаргагч банкны үүрэг энэ хуулийн 457.13-т заасны дагуу дуусгавар болсон бол банк энэ тухай нэн даруй үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэнэ.

457.15.Банк, үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж төлсөн мөнгийг үүрэг гүйцэтгэгчид сөрөг нэхэмжлэл гаргах замаар буцаан авах журмыг баталгаа гаргагч болон үүрэг гүйцэтгэгч гэрээгээр харилцан тохиролцоно.

457.16.Баталгаа гаргагч банк гэрээний нөхцөлийг зөрчиж үүрэг гүйцэтгүүлэгчид төлбөр төлсөн, эсхүл энэ хуулийн 457.12-т заасны дагуу хариуцлага хүлээсэн бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгчээс дээрх мөнгийг шаардах эрхгүй.

457.17.Энэ хуулиар зохицуулаагүй банкны баталгаатай холбогдсон бусад харилцааг олон улсын хэмжээнд хэрэглэдэг нийтлэг зохицуулалт, ажил хэргийн хүрээнд тогтсон заншлаар зохицуулна.

Батлан даалт

458 дугаар зүйл. Батлан даалтын гэрээ

458.1.Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ.

458.2.Ирээдүйд бий болох, эсхүл болзол бүхий үүргийг хариуцаж батлан даалтын гэрээ байгуулж болно.

458.3.Батлан даалтын гэрээгээр батлан даагчийн хүлээсэн үүрэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэгт хамаарна.

458.4.Үндсэн үүрэг хүчин төгөлдөр бус болсноор түүний гүйцэтгэлийг хангах тухай батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр бус болно.

458.5.Батлан даалтын гэрээг байгуулсны дараа үүрэг гүйцэтгэгчийн хийсэн хэлцлээс бий болох үр дагаврыг батлан даагч хариуцахгүй.

459 дугаар зүйл. Батлан даалтын гэрээний хэлбэр

459.1.Хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулна.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

459.2.Ажил үүргийнхээ хүрээнд батлан даалт гаргасан бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулахгүй байж болно.

459.3.Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмнөөс батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг батлан даалтын гэрээнд заана.

460 дугаар зүйл. Батлан даагчийн хариуцлага

460.1.Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ.

460.2.Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй.

460.3.Хэд хэдэн этгээд батлан даагч байх тохиолдолд тэдгээр нь батлан даалтыг хамтран гаргасан эсэхээс үл хамааран үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хамтран хүлээнэ.

460.4.Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

460.5.Батлан даагч нь энэ хуулийн 460.4-т заасан хэмжээний дотор дараахь төлбөрийг төлнө:

460.5.1.үндсэн өр;

460.5.2.гэрээнд заасан бол анз, учирсан гэм хор;

460.5.3.гэрээг дуусгавар болгохтой холбогдон гарсан зардал;

460.5.4.шүүхийн зардал;

460.5.5.гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгчийн үндсэн гэрээний дагуу төлөх ёстой хүү.

461 дугаар зүйл. Батлан даагчийн эрх, үүрэг

461.1.Үүрэг гүйцэтгүүлэгчээс батлан даагчид шаардлага гаргавал үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргаж болох бүх татгалзлыг батлан даагч гаргах эрхтэй.

461.2.Үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд өвлөгч нь өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах бөгөөд батлан даагч нь нөхөн төлөгдөөгүй хэсгээр хариуцлага хүлээнэ.

461.3.Үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргаж болох татгалзлаасаа үүрэг гүйцэтгэгч татгалзсан ч батлан даагч татгалзал гаргах эрхээ алдахгүй.

461.4.Үүрэг гүйцэтгэгч үндсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд хандах эрхтэй бол батлан даагч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахаас татгалзах эрхтэй.

462 дугаар зүйл. Үндсэн гэрээний тухай мэдээлэх үүрэг гүйцэтгүүлэгчийн үүрэг

462.1.Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ.

462.2.Батлан даагч шаардсан бол үүрэг гүйцэтгүүлэгч үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргийн талаар түүнд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.

462.3.Үүрэг гүйцэтгүүлэгч, энэ хуулийн 462.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол тэрээр үүрэг гүйцэтгээгүйн улмаас үүсэх хохирлын хэмжээгээр батлан даагчийн эсрэг шаардлага гаргах эрхээ алдана.

463 дугаар зүйл. Батлан даалтын гэрээг дуусгавар болгох

463.1.Батлан даалтын гэрээг тодорхой хугацаа заалгүй хийсэн бол батлан даагч нь гэрээг дуусгавар болгохоос гурваас доошгүй сарын өмнө мэдэгдэнэ.

463.2.Таван жилээс дээш хугацаатайгаар байгуулсан батлан даалтын гэрээг таван жил өнгөрсний дараа энэ хуулийн 463.1-д заасны дагуу дуусгавар болгож болно.

463.3.Батлан даагч нэг талын санаачилгаар батлан даалтын гэрээг цуцалсан бол ийнхүү цуцлахаас өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

464 дугаар зүйл. Батлан даагч үүргээсээ татгалзах

464.1.Батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн даалгавраар үүрэг хүлээсэн, эсхүл бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх журмын дагуу үүрэг гүйцэтгэгчийн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэх тохиолдолд дараахь үндэслэлээр батлан даагчийн үүргээсээ татгалзах эрхтэй:

464.1.1.үүрэг гүйцэтгэгчийн эд хөрөнгийн байдал эрс муудсан;

464.1.2.үүрэг гүйцэтгэгч оршин суугаа /оршин байгаа/ газраа өөрчилсний улмаас түүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардахад хүндрэлтэй болсон;

464.1.3.үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй.

464.2.Үүргээ гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгэгч батлан даагчид үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг санал болгож болно.

465 дугаар зүйл. Батлан даагчид үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх шилжих

465.1.Батлан даагч үүрэг гүйцэтгэсэн бол энэхүү үүргийн талаархи үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх түүнд шилжих бөгөөд ийнхүү эрх шилжих нь батлан даалттай холбогдолгүй үүрэг гүйцэтгүүлэгчийн бусад эрхийг хөндөхгүй.

465.2.Үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх батлан даагчид шилжих үед үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах байсан бүх татгалзлаа батлан даагчид гаргах эрхтэй.

Тооцоо нийлэх

466 дугаар зүйл. Тооцоо нийлэх гэрээ

466.1.Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ.

466.2.Тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ.

466.3.Тооцооноос үүссэн үлдэгдлийг төлснөөр тооцоо нийлэх гэрээний шаардлагыг хангасанд тооцно.

466.4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол тооцоог жилд нэг удаа хаана.

466.5.Тооцоо нийлэх гэрээний дагуу төлөх төлбөрт хүү тооцож болно.

466.6.Тооцоо нийлэх гэрээний дагуу үүссэн шаардлагыг үүргийн гүйцэтгэлийг хангах аль нэг аргаар хангасан бол үүрэг гүйцэтгүүлэгч тооцоо нийлсний дараа ийнхүү хангасан хэмжээгээр тооцооны үлдэгдлийг төлөхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.

Үнэт цаасны эргэлтээс үүсэх үүрэг

467 дугаар зүйл. Үнэт цаас, түүний төрөл, хэлбэр

467.1.Үнэт цаас нь биет болон биет бус төрөлтэй байна.

467.2.Тогтоосон журмын дагуу хэвлэсэн үнэт цаасыг биет, тусгайлан хэвлээгүй, бүрдүүлбэр нь тусгай бүртгэл/ердийн болон тооцоолох машин/-д байгаа үнэт цаасыг биет бус үнэт цаас гэнэ.

467.3.Үнэт цаас нь тогтоосон хэлбэр, бүрдүүлбэртэй байна.

467.4.Бүрдүүлбэр, гарын үсэг буруу үнэт цаасыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

467.5.Үнэт цаас нь нэрийн, мэдүүлгийн, зөвшөөрлийн гэсэн хэлбэртэй байна.

467.6.Тодорхой этгээдээс зарим хэлбэрийн үнэт цаасыг гаргахыг хуулиар хориглож болно.

467.7.Үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг дараахь этгээд эдэлнэ:

467.7.1.мэдүүлгийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг уг үнэт цаасыг хууль ёсоор олж авсан этгээд;

467.7.2.нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг гагцхүү түүнд нэр заасан этгээд;

467.7.3.зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг уг үнэт цаасыг өмчлөгч буюу түүнээс уг эрхийг шилжүүлж авахаар өөрийн нэр дээр холбогдох бичилт хийсэн этгээд.

467.8.Үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг эдлэгч нь үнэт цаасны өмчлөгч байна.

468 дугаар зүйл. Мэдүүлгийн үнэт цаас

468.1.Үнэт цаас гаргагчаас мөнгө төлөх үүрэг хүлээснээ гэрчилж олгосон үнэт цаасыг эзэмшигч мөнгө төлөхийг шаардах эрхтэй.

468.2.Үнэт цаасан дээрх гарын үсгийг боломжтой аливаа арга, хэрэгслийг ашиглан үйлдэж болно.

469 дугаар зүйл. Үнэт цаас гаргагчийн эрх, үүрэг

469.1.Үнэт цаас эзэмшигч нь үнэт цаасыг эзэмших эрхийг санаатай, илт хайхрамжгүй зэрэг хууль бус бусад замаар олж авсан бол түүнийг шударга бус эзэмшигч гэж үзнэ.

469.2.Үнэт цаас гаргагч нь үнэт цаастай холбоотой аливаа шаардлагыг үнэт цаас эзэмшигчид гаргаж болно.

469.3.Үнэт цаас гаргагч үнэт цаасан дээр гарын үсгээ техник хэрэгслийн тусламжтайгаар үйлдсэн бол үнэт цаас эзэмшигч нь гарын үсэг хуурамч болохыг мэдэж байсан, эсхүл хайхрамжгүй хандсанаас бусад тохиолдолд үнэт цаас гаргагч нь тухайн техник хэрэгслийг ашиглах эрхгүй байсан гэсэн тайлбарыг үнэт цаас эзэмшигчид гаргах эрхгүй.

469.4.Үнэт цаасыг өөр этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол үнэт цаас гаргагч нь түүнд санаатайгаар хохирол учруулснаас бусад тохиолдолд өмнөх эзэмшигчид шууд тавьж болох шаардлагыг дараагийн эзэмшигчид тавих эрхгүй.

469.5.Шууд тавьж үл болох татгалзлыг зөвхөн бусдад санаатайгаар гэм хор учруулах, эсхүл илт хайхрамжгүй хандах замаар үнэт цаасыг өмчлөлдөө шилжүүлэн авсан эзэмшигчид гаргаж болно.

469.6.Үнэт цаас гаргагч хүлээсэн үүргээ үнэт цаасыг түүнд шилжүүлэн өгсөн тохиолдолд биелүүлнэ.

470 дугаар зүйл. Үнэт цаасаар гэрчлэгдэж байгаа үүргийг гүйцэтгэх нөхцөл

470.1.Үнэт цаасыг гаргасан, үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг болон үнэт цаасыг шилжүүлсэн бүх этгээд үнэт цаас өмчлөгчийн өмнө хууль тогтоомжид заасны дагуу хамтын хариуцлага хүлээнэ.

470.2.Үнэт цаас өмчлөгч үнэт цаас нь хуурамч буюу засвартай болохыг нь илрүүлсэн бол энэ хуулийн 470.1-д заасан этгээдээс үүргээ зохих ёсоор гүйцэтгэх, учирсан хохирлыг төлөхийг шаардах эрхтэй.

471 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх

471.1.Үнэт цаас эзэмшигчийн өмнө үүргээ гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч санаатайгаар, эсхүл илт хайхрамжгүйгээр хандаж үнэт цаас эзэмшигчийн шударга бус эзэмшигч болохыг нотолж чадаагүйгээс бусад тохиолдолд хүлээсэн үүргээсээ чөлөөлөгдөнө.

472 дугаар зүйл. Үнэт цаасыг нэрийн үнэт цаас болгож өөрчлөх

472.1.Гагцхүү үнэт цаас гаргагч үнэт цаасыг нэрийн үнэт цаас болгон өөрчлөх эрхтэй.

472.2.Үнэт цаас гаргагч үнэт цаасны төрлийг өөрчлөх үүрэг хүлээхгүй.

473 дугаар зүйл. Үнэт цаас гэмтэх буюу устах

473.1.Мэдүүлгийн үнэт цаас гэмтсэний улмаас түүнийг эргэлтэд оруулах боломжгүй болсон бөгөөд агуулга, таних тэмдгийг нь ялгах боломжтой байвал оронд нь шинэ мэдүүлгийн үнэт цаас олгохыг үнэт цаас эзэмшигч шаардах эрхтэй бөгөөд ийнхүү солихтой холбоотой зардлыг эзэмшигч урьдчилан төлөх үүрэгтэй.

473.2.Үнэт цаасны дагуу гүйцэтгэх үүргийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгуулсан этгээд үнэт цаасаар гэрчлэгдсэн шаардлагыг хангасан эсэхээс үл хамааран хүчин төгөлдөр бус болсонд тооцогдсон үнэт цаасны оронд үнэт цаас гаргагчаас шинэ мэдүүлгийн үнэт цаас олгохыг шаардах эрхтэй бөгөөд ийнхүү солихтой холбоотой зардлыг эзэмшигч урьдчилан төлөх үүрэгтэй.

474 дугаар зүйл. Зөвшөөрлийн үнэт цаас

474.1.Зөвшөөрлийн үнэт цаасыг бичилт хийлгэж эзэмшилдээ авсан бол энэ хуулийн 469 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

474.2.Хуульд өөрөөр заагаагүй бол өөрийн нэр дээр холбогдох бичилтийг хийлгэж, зөвшөөрлийн үнэт цаасыг эзэмшсэн этгээд үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийн дагуу мөнгө төлөхийг шаардах эрхтэй.

474.3.Зөвшөөрлийн үнэт цаасыг шударгаар эзэмшигчид мөнгө шилжүүлсэн үүрэг гүйцэтгэгчийг санаатайгаар буюу илт хайхрамжгүй хандсанаас бусад тохиолдолд үүргээ гүйцэтгэсэнд тооцно.

474.4.Үнэт цаас эзэмшигчид мөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч тухайн үнэт цаасыг өмчлөх эрхтэй.

475 дугаар зүйл. Нэрийн үнэт цаас

475.1.Тодорхой этгээдийн нэрээр гарсан үнэт цаасыг уг үнэт цаасыг үүрэг гүйцэтгэгчид өгсөн тохиолдолд төлбөр хийх нөхцөлөөр гаргаж болно.

475.2.Өөрөөр тодорхойлоогүй бол баримт дээр дурдсан эрх энэхүү эрхийг шилжүүлэхээр тогтоосон журмын дагуу шилжинэ.

475.3.Нэрийн үнэт цаас устгагдсан буюу үрэгдсэн тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол түүнийг хэрэг шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар устгагдсан буюу үрэгдсэнд тооцно.

475.4.Тодорхой этгээдийн нэр дээр бичигдсэн үнэт цаас нь амласан төлбөрийг түүнийг үзүүлэгч аливаа этгээдэд хийх тухай заалт агуулсан бол үүрэг гүйцэтгэгч болон үнэт цаас эзэмшигчийн хооронд хийсэн аливаа хэлцэл үүрэг гүйцэтгэгч нь санаатай, эсхүл илт хайхрамжгүй хандсанаас үл хамааран хүчин төгөлдөр байна.

Хамтран ажиллах

476 дугаар зүйл. Хамтран ажиллах гэрээ

476.1.Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.

476.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

476.3.Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд дараахь зүйлийг тусгана:

476.3.1.гэрээний талуудын нэр, хаяг;

476.3.2.хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго;

476.3.3.талуудын эрх, үүрэг;

476.3.4.удирдлагын бүтэц, эрх, үүрэг;

476.3.5.ашиг, алдагдлыг хуваарилах журам;

476.3.6.гэрээнээс гарах журам;

476.3.7.гэрээний хугацаа;

476.3.8.гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам.

477 дугаар зүйл. Оролцогчдын хураамж, хувь

477.1.Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна.

477.2.Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно.

477.3.Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна.

477.4.Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна.

477.5.Талууд өөрт ногдох хувиа бусад талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглох бөгөөд гагцхүү зайлшгүй хүндэтгэн үзэх үндэслэл байвал зөвшөөрөл өгөхөөс татгалзаж болно.

477.6.Талууд гуравдагч этгээдэд шилжүүлэх хөрөнгийг тэргүүн ээлжинд авах давуу эрхтэй.

478 дугаар зүйл. Хамтын үйл ажиллагаа

478.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна.

478.2.Гэрээний талууд шийдвэрийг олонхийн саналаар гаргахаар гэрээнд заасан бол төлсөн хураамжийн хэмжээнээс үл хамааран оролцогч бүр нэг саналын эрхтэй байна.

478.3.Хамтын үйл ажиллагааг хэд хэдэн тал бие даан эрхлэн явуулахаар тохиролцсон бол энэ тухай гэрээнд тусгах бөгөөд ийнхүү зөвшилцөж чадаагүй бол гэрээ байгуулахыг хориглоно.

478.4.Хамтын үйл ажиллагааг аль нэг тал нь эрхлэн явуулахаар талууд тохиролцсон бол түүнийг талуудыг төлөөлж гэрээ хэлцэл хийх, маргаан гарвал төлөөлөх эрхтэй гэж тооцно.

478.5.Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн талыг санал нэгтэйгээр гэрээнээс гаргаж болно.

478.6.Гэрээний аль ч тал хамтран ажиллах гэрээг эрхлэн явуулахад оролцохоос татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд шаардлагатай гэж үзсэн мэдээлэл өгөхийг удирдлагаас шаардах эрхтэй.

478.7.Хамтран ажиллах гэрээнд өөрөөр заагаагүй бол удирдлагад ажиллах талын эрх, үүргийг даалгаврын гэрээний журамд нийцүүлэн тодорхойлно.

478.8.Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна.

478.9.Гэрээний тал бүр аливаа оролцогч талаас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж болно.

478.10.Гэрээнээс үүсэн гарах хоорондын шаардлагыг талууд гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.

478.11.Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна.

478.12.Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна.

478.13.Хамтран ажиллах гэрээний оролцогч нь үүргээ биелүүлэх явцад олж авсан мэдээллийн нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.

479 дугаар зүйл. Хамтран ажиллах гэрээнээс гарах

479.1.Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно.

479.2.Хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг гэрээнд заасан тохиолдолд, гагцхүү зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө гэрээнээс гарч болно.

479.3.Гэрээнд өөрөөр заагаагүй бол аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно.

479.4.Нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох боловч ингэхдээ түүний гарах үед биелүүлээгүй байсан хэлцлийг харгалзана.

479.5.Гэрээнээс гарахад талуудын дундын хөрөнгө тэдний хүлээсэн нийт үүргийг биелүүлэхэд хүрэлцэхгүй байвал гэрээнээс гарч байгаа тал өөрт ногдох хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг бусдад төлнө.

479.6.Гэрээнээс гарч байгаа талын үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэнэ.

479.7.Хамтран ажиллах гэрээнээс гарах эрхийг хориглосон, эсхүл хязгаарласан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

480 дугаар зүйл. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болох

480.1.Хамтран ажиллах гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:

480.1.1.гэрээний хугацаа дууссан;

480.1.2.талууд шийдвэрлэсэн;

480.1.3.талуудын дундын өмчийн хөрөнгийг дампуурлын ажиллагааны дагуу төлбөрт гаргуулах хөрөнгөд оруулсан;

480.1.4.хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон.

480.2.Гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг дараахь үндэслэлийн аль нэг нь байвал дуусгавар болсонд тооцно:

480.2.1.гэрээг цуцалсан;

480.2.2.талуудын аль нэг нь дампуурсныг шүүхээс зарласан, татан буугдсан;

480.2.3.талуудын аль нэг нас барсан.

480.3.Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна.

480.4.Хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэв үгүй бол талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэнэ.

481 дугаар зүйл. Бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөл

481.1.Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хэд хэдэн этгээд холбоо болон нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдаж үйл ажиллагаа явуулж болох бөгөөд ийм байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй, бүтэц, зохион байгуулалтыг гишүүд харилцан тохиролцож тодорхойлно.

481.2.Бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөл нь иргэний эрх зүйн харилцаанд бүрэн эрх бүхий төлөөлөгч буюу гишүүдээр дамжин оролцоно.

482 дугаар зүйл. Бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөлийн гишүүдийн дундын хөрөнгө

482.1.Холбооны гишүүдийн татвар, хандив, үйл ажиллагааныхаа орлогоор олж авсан хөрөнгө нь гишүүдийн дундын хөрөнгө байна.

482.2.Дундын хөрөнгөд оруулах татвар, хуримтлалын хэмжээг гишүүд тохиролцон тогтоох бөгөөд тэдгээр нь мөнгө, эд хөрөнгө болон үйл ажиллагаагаараа дундын хөрөнгийг бүрдүүлэхэд оролцож болно.

482.3.Дундын хөрөнгийг гишүүдээс томилогдсон эрх бүхий төлөөлөгч захиран зарцуулна.

482.4.Нэхэмжлэгчдийн шаардлагыг гишүүдийн дундын хөрөнгөөр хангана. Орон сууцны дундын өмчлөлийн зүйл энэ заалтад хамаарахгүй.

482.5.Гишүүд өөрөөр тохиролцоогүй бол дундын хөрөнгө шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд холбоо, нөхөрлөлийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах бүрэн эрх бүхий этгээдүүд ижил хэмжээгээр нөхөх хариуцлага хүлээнэ.

Асран тэтгэх

483 дугаар зүйл. Асран тэтгэх гэрээ

483.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол асран тэтгэх гэрээгээр асран тэтгэгч нь асруулагчийг тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ.

483.2.Мөнгөн, эсхүл биет хэлбэрээр /орон сууц, хоол, хувцсаар хангах г.м/ асран тэтгэж болно.

483.3.Талууд биет хэлбэр бүхий тэжээн тэтгэх үүргийг мөнгөн хэлбэрээр солихоор тохиролцож болно.

483.4.Хуульд өөрөөр заагаагүй бол асран тэтгэх гэрээг бичгээр байгуулна.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

483.5.Тэжээн тэтгэх хугацааг түүний зорилго, шинж чанарыг харгалзан гэрээгээр тогтооно.

483.6.Асран тэтгэгч нь асруулагчийн шилжүүлэн өгсөн хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр худалдах, барьцаалах, бусад хэлбэрээр шилжүүлэх эрхгүй.

483.7.Асран тэтгэгчийн бусдын өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэхэд энэ хуулийн 483.6-д заасан хөрөнгийг захиран зарцуулахыг хориглоно.

483.8.Асруулагч асран тэтгэгчид үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж өгсөн бол асран тэтгэгч шаардах эрхээ баталгаажуулах зорилгоор уг хөрөнгийн хувьд барьцааны эрх эдэлнэ.

483.9.Асран тэтгэгчид шилжүүлсэн хөрөнгө устсан, гэмтсэн нь асран тэтгэгчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

484 дугаар зүйл. Асран тэтгэх гэрээ дуусгавар болох

484.1.Гэрээг зөрчсөний улмаас талуудын хоорондын харьцаа эрс муудсан, эсхүл бусад ноцтой үндэслэлээр гэрээг мөрдөх боломжгүй бол асран тэтгэгч, асруулагч аль нь ч гэрээг цуцлах эрхтэй.

484.2.Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээ дуусгавар болоход ийнхүү дуусгавар болгохоос өмнө асран тэтгэгчийн гаргасан зардлыг нөхөн төлөхгүй.

484.3.Асран тэтгэх гэрээ дуусгавар болсон тохиолдолд асруулагчид хөрөнгийг нь буцаан олгоно.

485 дугаар зүйл. Асран тэтгэгч нас барах

485.1.Асран тэтгэгч нас барсан тохиолдолд шилжүүлсэн хөрөнгийг өвлөсөн этгээд асруулагчийг тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ.

485.2.Өвлөгч тэжээн тэтгэх үүргээс татгалзсан бол хөрөнгийг асруулагчид буцаан олгосноор гэрээ дуусгавар болно.

Тоглоом, мөрий

486 дугаар зүйл. Тоглоом, мөрий

486.1.Тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй.

486.2.Тоглох, мөрий тавихад зориулан олгосон зээл, урьдчилгаа, түүнчлэн мөрийний шинжийг агуулсан хөрөнгө нийлүүлэх тухай биржийн болон түүнтэй төстэй хэлцэлд энэ хуулийн 486.1-д заасан журам нэгэн адил үйлчилнэ.

486.3.Хуулиар хориглосноос бусад тоглоом болон мөрийний дагуу төлсөн мөнгө, шилжүүлсэн хөрөнгө, бусад зүйлийг эргүүлэн шаардаж болохгүй.

486.4.Хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоом нь эдгээрийг төрөөс зөвшөөрсөн тохиолдолд л шаардах эрхийг бий болгоно.

ГЭРЭЭНИЙ БУС ҮҮРЭГ

ХУУЛЬД ЗААСНААР ҮҮСЭХ ҮҮРЭГ

Хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа

Нэгдүгээр дэд бүлэг

Дундын өмчөөс үүсэх үүрэг

487 дугаар зүйл. Дундаа хэсгээр өмчлөх

487.1.Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй.

487.2.Хуульд өөрөөр заагаагүй бол тодорхой эрхийг хэд хэдэн этгээд дундаа хэсгээр өмчилж байвал энэ бүлэгт заасан журмыг баримтална.

488 дугаар зүйл. Дундын өмчийг ашиглах, удирдах

488.1.Дундаа хэсгээр өмчлөгчдийн олонхийн саналаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын талаар шийдвэр гаргах бөгөөд саналыг өөрт оногдох хэсэгт хувь тэнцүүлэн тооцно.

488.2.Олонхийн шийдвэр буюу хэлцлээр өөрөөр тогтоогүй бол дундаа хэсгээр өмчлөгч бүр шударга ёсны дагуу бусад өмчлөгчдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглалт болон удирдлагын талаар шаардлага гаргах эрхтэй.

488.3.Дундаа хэсгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, түүний оногдох хэсгээ ашиглах эрхийг хязгаарлаж үл болно.

488.4.Дундаа хэсгээр өмчлөгчид нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын журмыг тогтоосон бол уг журмыг эрх шилжүүлэн авсан этгээдүүд нэгэн адил мөрдөнө.

489 дугаар зүйл. Дундын өмчийн эрхийг хүчингүй болгохыг шаардах

489.1.Дундаа хэсгээр өмчлөгчдийн хэн нь ч дундын өмчийн эрхийг хүчингүй болгохыг шаардах эрхтэй.

489.2.Энэ хуулийн 489.1-д заасан эрхийг гэрээгээр эдлэхгүй гэж өмчлөгчид тохирсон, эсхүл хугацаагаар хязгаарласан байсан ч хүндэтгэн үзэх шаардлага гарвал энэхүү эрхийг хэрэгжүүлж болно.

489.3.Энэ хуулийн 489.2-т зааснаас өөрөөр дундын өмчийн эрхийг хүчингүй болгохыг шаардах эрхийг хязгаарласан, эдлэхгүйгээр заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

489.4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол дундаа хэсгээр өмчлөгчдийн дундын өмчийн эрхийг хүчингүй болгох эрхийг тодорхой хугацаанд эдлэхгүйгээр тохиролцсон хэлцэл аль нэг өмчлөгч нас барснаар хүчингүй болно.

489.5.Дундын өмчлөлийн зүйлийн үнэ, өртгийг бууруулахгүйгээр өмчлөгчдөд оногдох хэсгийн дагуу хувааж болохоор бол өмчлөлийн зүйлийг биет байдлаар хуваасан гэж үзэж дундын өмчийн эрхийг хүчингүй болгоно.

489.6.Дундын өмчлөлийн зүйлийг биет байдлаар хувааж болохгүй бол энэ хуулийн 159 дүгээр зүйлд заасан журмын дагуу худалдах, эдэлбэр газар болон үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах, олсон ашгийг хуваарилах замаар дундын өмчийн эрхийг дуусгавар болгож болно.

489.7.Дундын өмчлөлийн зүйлийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлж болохгүй тохиолдолд дундаа хэсгээр өмчлөгчдийн дунд дуудлага худалдаа явуулж худалдана.

489.8.Дундын өмчлөлийн зүйлийг энэ хуулийн 489.6, 489.7-д зааснаар худалдаж чадаагүй бол дундаа хэсгээр өмчлөгч нь дуудлага худалдааг давтан явуулахыг шаардах эрхтэй. Хоёр дахь дуудлага худалдаа үр дүнгүй болбол дуудлага худалдаа давтан явуулахыг шаардсан этгээд дуудлага худалдаа явуулахтай холбогдон гарсан зардлыг хариуцна.

490 дугаар зүйл. Дундаа хэсгээр өмчлөгчдийн үүргийн гүйцэтгэлийг хангах

490.1.Дундаа хэсгээр өмчлөгч нь өөрт оногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах бол өмчлөгч бүр дундын өмчийн эрх дуусгавар болсон тохиолдолд тухайн ногдох хэсгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй.

490.2.Үүргийн гүйцэтгэлийг хангахад дундын өмчлөлийн зүйлийг зайлшгүй худалдах шаардлагатай бол энэ хуулийн 489.6-489.8-д заасныг баримтална.

490.3.Дундаа хэсгээр өмчлөгчид нь харилцан хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахад энэ хуулийн 490.1, 490.2-т заасан журам нэгэн адил хамаарна.

490.4.Дундын өмчийн эрх дуусгавар болсноор дундын өмчлөлийн зүйл дундаа хэсгээр өмчлөгчдийн хэн нэгэнд шилжсэн үед бусад өмчлөгч нь өөрт ногдох хэсгийн дутагдлыг бараа худалдагчийн нэгэн адил хариуцна.

490.5.Дундын өмчийн эрхийг хүчингүй болгох шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

Хоёрдугаар дэд бүлэг

Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх

491 дугаар зүйл. Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх

491.1.Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд түүнийг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

491.2.Бусдын эд хөрөнгө болон эрх ашигт учирч болзошгүй аюулыг урьдчилан зайлуулах зорилгоор үүрэг гүйцэтгэсэн этгээд зөвхөн санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.

491.3.Бусдын эд хөрөнгө болон эрх ашигт учирч болзошгүй аюулыг урьдчилан зайлуулах үйлдэл хийсэн этгээдэд хохирол учирсан бол энэхүү хохирлыг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээд нөхөн төлөх бөгөөд талууд тохиролцож чадаагүй бол хохирлын хэмжээг шүүх тогтооно.

491.4.Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд боломж гармагц ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээдэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээд өөрөө уг үүргийг гүйцэтгэж эхлэх буюу уг үүргээс татгалзах хүртэл үүргийг гүйцэтгэнэ.

491.5.Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээдэд гүйцэтгэлийн тайланг гаргаж, үүргийн үр дүнгээс олсон бүх зүйлийг ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээдэд шилжүүлэх үүрэгтэй.

491.6.Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй.

491.7.Үүргийн гүйцэтгэл ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдийн хүсэл зориг, ашиг сонирхолд нийцэхгүй бол үйлдэл хийсэн этгээд зардлаа нөхөн төлүүлэхийг шаардах эрхгүй бөгөөд хэрэв үйлдэл хийсэн этгээд үүнийг мэдэж байсан бол ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Гуравдугаар дэд бүлэг

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

492 дугаар зүйл. Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг

492.1.Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:

492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;

492.1.2.үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай.

492.2.Дараахь тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй:

492.2.1.үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн;

492.2.2.шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн;

492.2.3.хүчин төгөлдөр бус болсон үүргийн хувьд өмнө нь гүйцэтгэсэн үүрэг ёсоор шилжүүлсэн өр төлбөрийн гэрээг гүйцэтгэх үед хөрөнгөө буцаан шаардах шаардлага нь хуульд харшилж байвал;

492.2.4.хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг мэдэлгүйгээр нэг тал нөгөөдөө үүргийн гүйцэтгэл болгон хөрөнгө шилжүүлсэн.

492.3.Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно.

492.4.Дараахь тохиолдолд ийнхүү шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй:

492.4.1.анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан;

492.4.2.хөрөнгө шилжүүлсэн этгээд шударга бус хандаж нөгөө этгээдийнхээ үйлдэлд саад хийсэн.

492.5.Үүрэг гүйцэтгэхээр бус харин хүч хэрэглэсэн буюу заналхийлсэн үйлдлийн үндсэн дээр хэн нэгэн этгээд нөгөө этгээдэд хөрөнгө шилжүүлсэн бол хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрхтэй байхаас бусад тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь түүнийг буцаан шаардах эрхтэй.

493 дугаар зүйл. Буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлс

493.1.Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна.

493.2.Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө.

493.3.Эд хөрөнгийг үндэслэлгүй олж авсан этгээд уг зүйлээ хэрэглэх, бусдад шилжүүлэх зэргээр ашиглахдаа, эсхүл тухайн зүйлийг үрэгдүүлсэн, устгасан, чанарыг нь муудуулсан буюу бусад шалтгаанаар ямар нэгэн ашиг, орлого олоогүй бол олох байсан орлого, ашиг, үр шимийг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй.

493.4.Гэрээ хүчингүй болсны улмаас уг гэрээгээр олж авсан зүйлээ буцааж өгөх үүрэг бүхий тал нь биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр буцааж өгөх бололцоогүй бол гэрээ хүчин төгөлдөр бус болсон үндэслэл, түүний үр дагаварт шууд хамааралтайгаас бусад тохиолдолд уг хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүсэхгүй.

493.5.Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй. Харин хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал энэ журам үл хамаарна.

493.6.Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ.

493.7.Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үед эвдэж гэмтээсэн буюу үрэгдүүлснээс үүссэн хохирлыг гагцхүү өөрөө гэм буруутай тохиолдолд нөхөн төлөх үүрэгтэй.

493.8.Даалгаваргүйгээр бусдын эрх ашгийн үүднээс үйлдэл хийсний үндсэн дээр хөрөнгө олж авсан этгээд уг хөрөнгөтэй холбогдож гаргасан зардлаа нөхөн төлөхийг шаардаж болно. Энэ тохиолдолд ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээд нь зайлшгүй зардлаас бусад зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй.

493.9.Буцаан шаардах шаардлагад энэ хуулийн 232 дугаар зүйл хамаарахгүй.

494 дугаар зүйл. Хөрөнгийг буцаан шилжүүлэх гуравдагч этгээдийн үүрэг

494.1.Үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй.

494.2.Энэ зүйлд энэ хуулийн 492, 493 дугаар зүйлийн холбогдох заалт нэгэн адил хамаарна.

495 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүрэг

495.1.Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.

495.2.Энэ хуулийн 495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

495.3.Эрх бүхий этгээдийн эд хөрөнгийг хариу төлбөртэйгээр захиран зарцуулсан бол түүнээс олсон орлогыг эрх бүхий этгээдэд учирсан хохиролд тооцно.

495.4.Бусдын эрхийг зөрчсөн этгээд илтэд болгоомжгүйн улмаас өөрийгөө эрхгүй болохыг мэдээгүй бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл байхгүй тохиолдолд түүнийг хариуцлагаас чөлөөлж болно.

495.5.Бусдын эрхийг зөрчсөн этгээд хөрөнгийг ашиглах явцад зардал гаргасан нь түүний үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй.

495.6.Бусдын эрхийг зөрчсөн этгээд нөгөө этгээдийнхээ эрхийг мэдэж байсан боловч санаатай зөрчсөн бол эрх бүхий этгээд эд хөрөнгийн хохирлоос давсан ашгийг нөхөн төлөхийг шаардаж болно.

495.7.Бусдын эрхийг зөрчсөн этгээд тухайн эд хөрөнгийг ашигласнаас олсон ашгийн талаар үнэн зөв мэдээлэх үүрэгтэй.

496 дугаар зүйл. Бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих

496.1.Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно.

496.2.Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй.

496.3.Дараахь тохиолдолд шаардлага гаргаж болохгүй:

496.3.1.шаардлага хариуцах этгээд өөрөө хариу шаардлага гаргах эрхтэй байсан бөгөөд түүнийгээ суутган авсан;

496.3.2.шаардлага гаргагч гаргасан зардлын тухай шаардлагаа хариуцагчид өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй;

496.3.3.шаардлага хариуцах этгээд зардлыг нөхөн төлөхөөс өмнө түүний талаар маргасан.

ЗӨРЧЛИЙН УЛМААС ҮҮСЭХ ҮҮРЭГ

Гэм хор учруулснаас үүсэх үүрэг

497 дугаар зүйл. Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл

497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

497.2.Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

497.3.Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.

498 дугаар зүйл. Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага

498.1.Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.

498.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.

498.3.Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно.

498.4.Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

498.5.Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.

499 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах

499.1.Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

499.2.Агаарынхаас бусад тээврийн хэрэгслийг ашиглах явцад гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэнээс гэм хор учирсан бол энэ хуулийн 499.1-д заасан үүрэг үүсэхгүй.

499.3.Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

499.4.Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.

500 дугаар зүйл. Барилга байгууламж барих, ашиглах явцад учирсан гэм хорыг хариуцах

500.1.Зохих ёсоор арчилж хамгаалаагүй, гэмтэл согогтой байснаас бусад тохиолдолд байшин барилга бүтэн буюу хэсэгчлэн нурсны улмаас учирсан гэм хорыг тухайн барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.

500.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас, эсхүл хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас байшингаас ямар нэг зүйл унасан, хаягдсан буюу асгарсны улмаас гэм хор учирсан бол тухайн байшин барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцлага хүлээхгүй.

501 дугаар зүйл. Амьтны учруулсан гэм хорыг хариуцах

501.1.Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.

501.2.Гэрийн тэжээвэр амьтан, эсхүл мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болдог бусад амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй бол тэрээр гэм хорыг хариуцахгүй.

502 дугаар зүйл. Орчин тойрондоо аюултай үйл ажиллагаа болон орчин тойрондоо аюултай бусад зүйлээс учирсан гэм хорыг хариуцах

502.1.Барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл түүнд байрлуулсан буюу дамжуулан оруулсан эрчим хүч, галын болон тэсрэх аюултай, хортой бодисын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.

502.2.Онцгой аюул учруулж болох барилга байгууламж, эд хөрөнгийг өмчлөгч буюу эзэмшигч нь гэм буруутай байсан эсэхээс үл хамааран энэ хуулийн 502.1-д заасан гэм хорыг хариуцна.

502.3.Өмчлөгчийн эзэмшилд байгаа барилга байгууламж дотор буюу түүний эдлэн газрын хил хязгаарын дотор бусдад гэм хор учирсан боловч түүнд өмчлөгч буруугүй бол тэрээр хариуцлага хүлээхгүй.

503 дугаар зүйл. 7-14 хүртэлх насны, насанд хүрээгүй болон эрх зүйн чадамжгүй иргэн гэм хор учруулсны хариуцлага

503.1. 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана.

503.2. 7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр хуулийн этгээд хариуцан арилгана.

503.3.Сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэний бусдад учруулсан гэм хорыг түүний асран хамгаалагч буюу түүнд байнгын хяналт тавих үүрэг бүхий этгээд хариуцан арилгана.

503.4.Эцэг, эх, асран хамгаалагч нь хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдгээ нотолж чадвал тэдгээрийг гэм хор арилгах үүргээс чөлөөлж болно.

503.5.Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ.

503.6.Энэ хуулийн 503.5-д заасан гэм хорыг арилгахад энэ хуулийн 503.4-т заасан журам нэгэн адил үйлчилнэ.

504 дугаар зүйл. Үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй буюу өөрийгөө зөв удирдах чадваргүй байхдаа учруулсан гэм хорыг хариуцах

504.1.Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй буюу зөв удирдах чадваргүй байхдаа бусдад учруулсан гэм хорыг хариуцахгүй.

504.2.Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрийгөө тийм байдалд хүргэсэн этгээдэд энэ хуулийн 504.1 хамаарахгүй.

505 дугаар зүйл. Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах

505.1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

505.2.Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.

506 дугаар зүйл. Арван зургаан нас хүрээгүй хүмүүст учруулсан гэм хорыг арилгах

506.1.Арван зургаан нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө.

506.2.Энэ хуулийн 506.1-д заасан хохирогч арван зургаан нас хүрсэн боловч эрүүл мэнд нь сайжраагүй бол хөдөлмөрийн чадвар алдсанаас учирсан хохирлыг хууль тогтоомжоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээгээр тооцож төлүүлэхээр түүний эцэг, эх, харгалзан дэмжигч шаардах эрхтэй.

506.3.Арван зургаан нас хүрээгүй иргэн эрүүл мэндэд нь гэм хор учруулах үед байнгын цалин, хөлс, орлоготой байсан бол хохирлыг дутуу авсан цалин, хөлс, орлогын хэмжээгээр төлүүлнэ.

507 дугаар зүйл. Гэм хор учруулсны төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх

507.1.Эрүүл мэндэд нь гэм хор учирснаас болж, хөдөлмөрийн чадвараа хагас алдсан иргэний хөдөлмөрийн чадвар нь цаашид дордох буюу авч байгаа тэтгэврийн хэмжээ багасвал гэм хор учруулсны төлбөрийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

507.2.Хохирогчийн хөдөлмөрийн чадвар сайжирсантай холбоотойгоор авч байгаа цалин, хөлс, орлого болон тэтгэврийн хэмжээ нэмэгдвэл хариуцагч нь гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг багасгахыг шаардах эрхтэй.

508 дугаар зүйл. Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах

508.1.Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

508.2.Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй.

508.3.Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.

508.4.Гэм хор учруулсны төлбөрийг дор дурдсан хугацаанд нөхөн төлнө:

508.4.1.бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл;

508.4.2.тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэйд бүх насаар нь;

508.4.3.тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон хугацаанд;

508.4.4.нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин, хөлс, орлогогүй нас барагчийн эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэгэнд түүний нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр уг хүүхдийг найман нас хүртэл.

508.5.Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

509 дугаар зүйл. Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвар алдсантай холбогдуулан төлбөр төлөх

509.1.Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө.

509.2.Гэм хор учруулсны төлбөр төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаа зогссон бөгөөд түүний эрх залгамжлагч байхгүй бол хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан уг хуулийн этгээдээс төлбөл зохих төлбөрт шаардагдах хэмжээний хөрөнгийг энэ хуулийн 32.5-д заасны дагуу тэргүүн ээлжинд хуримтлуулж, тогтоосон хугацаанд хохирогчид олгож байхын тулд нийгэм хангамжийн байгууллагад шилжүүлнэ.

509.3.Шүүх төлбөр авагчийн хүсэлтээр мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан төлбөрийн үнийн дүнг өөрчилж болно.

510 дугаар зүйл. Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах

510.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

511 дугаар зүйл. Эдийн бус гэм хорыг арилгах

511.1.Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.

511.2.Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно.

511.3.Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

511.4.Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

511.5.Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

511.6.Энэ зүйлд энэ хуулийн 21.4, 21.5, 21.6-д заасан журам нэгэн адил үйлчилнэ. /Энэ хэсгийн дугаарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

512 дугаар зүйл. Бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хорыг арилгах

512.1.Чанар муутай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь хохирогчтой гэрээний харилцаатай байсан эсэхээс үл хамааран уг бараа, бүтээгдэхүүний улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

512.2.Бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дараахь тохиолдолд энэ хуулийн 512.1-д заасан хариуцлагаас чөлөөлөгдөж болно:

512.2.1.уг бараа, бүтээгдэхүүнийг борлуулах зорилгоор үйлдвэрлээгүй;

512.2.2.борлуулахаар үйлдвэрлэн гаргах үед тухайн бараа, бүтээгдэхүүн бусдад хохирол учруулахуйц байгаагүй гэдгийг баримтаар нотолсон;

512.2.3.бараа, бүтээгдэхүүн гэмтэл согогтой боловч үйлдвэрлэн гаргах үед тухайн үеийн норм, стандартад тохирч байсан;

512.2.4.бараа, бүтээгдэхүүнийг борлуулахаар үйлдвэрлэн гаргах үеийн шинжлэх ухаан, техникийн түвшнээс шалтгаалан тэдгээрийн гэмтэл согогийг илрүүлэх боломжгүй байсан;

512.2.5.тухайн бараа, бүтээгдэхүүнийг хадгалах, ашиглах журам зөрчсөний улмаас гэм хор учирсан болохыг түүнийг худалдсан буюу үйлдвэрлэсэн этгээд нотолсон.

512.3.Энэ хуулийн 512.2.5-д заасан зөрчлийн улмаас бусдад гэм хор учирсан бол уг зөрчил гаргасан этгээд гэм хорыг хариуцна.

512.4.Ажил, үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хорыг хариуцахад энэ зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.

513 дугаар зүйл. Гэм хор учруулснаас төлсөн төлбөрийг буцаан нэхэмжлэх шаардлага

513.1.Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.

513.2.Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.

513.3.Гэм хор учруулсны төлбөрийн хэмжээ нь энэ хуулийн 507 дугаар зүйлд заасан үндэслэлээр багасвал буцаан нэхэмжлэх шаардлагын дагуу хүлээх хариуцлагын хэмжээ нэгэн адил багасна.

514 дугаар зүйл. Хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх

514.1.Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.

514.2.Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно.

ӨВЛӨХ

Нийтлэг үндэслэл

515 дугаар зүйл. Өвлөх үндэслэл

515.1.Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө.

515.2.Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ.

515.3.Өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэнэ.

515.4.Хуульд заасан өв залгамжлалыг гагцхүү өвлүүлэгч гэрээслэлээр өөрчлөх эрхтэй.

515.5.Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвлөгдвөл зохих эд хөрөнгө эзэнгүй эд хөрөнгийн нэг адил төрийн өмчлөлд шилжинэ.

515.6.Өвлүүлэгчийн эд хөрөнгийн зарим хэсэг нь гэрээслэгдсэн бөгөөд үлдсэн хэсгийг өвлөх хууль ёсны өвлөгч байхгүй бол түүнийг төрийн өмчлөлд эзэнгүй эд хөрөнгийн нэг адил шилжүүлнэ.

516 дугаар зүйл. Оюуны үнэт зүйлийг өвлөх

516.1.Оюуны үнэт зүйлийг өвлөх эрх гагцхүү эд хөрөнгийн эрхэд хамаарна. Оюуны үнэт зүйлийг өвлөх эрхийг хуульд зааснаар буюу гэрээслэлээр олж авч болно.

516.2.Оюуны үнэт зүйлийг өвлөх эрх 50 жилийн хугацаанд хадгалагдана.

516.3.Энэ хуулийн 516.1-д зааснаас бусад амин хувийн эрх нь хуульд заасан үндэслэлээр төрд шилжинэ.

517 дугаар зүйл. Өвлөх эрхээ алдах

517.1.Өвлүүлэгчийг, эсхүл хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгчийг санаатайгаар алсан, түүнчлэн тэдгээрийн аль нэгний нас барах шалтгаан болсон бусад гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол уг гэм буруутай этгээд хуульд зааснаар болон гэрээслэлээр өвлөх эрхээ алдана.

517.2.Энэ хуулийн 517.1-д заасан гэмт хэргийн учир шалгагдаж байгаа этгээдэд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох буюу хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл эд хөрөнгийг өвлүүлж болохгүй бөгөөд өвлөгдөх эд хөрөнгөөс түүнд оногдох хэсгийг энэ хуулийн 537 дугаар зүйлд заасны дагуу хамгаалах арга хэмжээ авна.

518 дугаар зүйл. Өв нээгдэх үе

518.1.Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ.

519 дугаар зүйл. Өв нээгдэх газар

519.1.Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдсэн газар гэнэ.

Хуульд зааснаар өвлөх

520 дугаар зүйл. Хууль ёсны өвлөгч

520.1.Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

520.1.1.нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;

520.1.2.энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ.

520.2.Энэ хуулийн 520.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өв хүлээн авахаас татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол өвлүүлэгчийн ачинцар, зээнцэр нь эцэг, эхдээ хуульд зааснаар өвлөгдвөл зохих байсан эд хөрөнгийн хэсгийг хуваан өвлөнө.

520.3.Энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө.

520.4.Гэрийн эд хогшил нь ээлж дараалал, эд хөрөнгийн өвлөгдөх хэсгийн шинж байдлаас үл шалтгаалан өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгчид шилжинэ.

520.5.Гэрлэгчдийн хуваарьт эд хөрөнгийг энэ хуулийн 520.1-520.3-т зааснаар өвлөнө.

520.6.Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй.

521 дугаар зүйл. Гэрээслээгүй үлдээсэн эд хөрөнгийг өвлөх

521.1.Эд хөрөнгийн зарим хэсэг нь гэрээслэлээр өвлөгчид шилжсэн бол үлдэх хэсэг нь хууль ёсны өвлөгчид шилжинэ.

Гэрээслэлээр өвлөх

522 дугаар зүйл. Гэрээслэлийн агуулга

522.1.Иргэн нь хуульд зааснаар өвлөх эрхтэй буюу эрхгүй нэг буюу хэд хэдэн иргэн, түүнчлэн төр буюу хуулийн этгээдэд өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь үзэмжээрээ хуваарилан гэрээсэлж болно.

522.2.Төр буюу хуулийн этгээдэд эд хөрөнгө гэрээслэгч нь түүний зориулалтыг зааж болно.

522.3.Гэрээслэгч бүх эд хөрөнгөө хууль ёсны өмчлөгч бус этгээдэд гэрээслэх тохиолдолд өвлүүлэгчийн насанд хүрээгүй буюу хөдөлмөрийн чадваргүй, түүнчлэн түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй нөхөр /эхнэр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, хууль ёсны бусад өвлөгчдөд хуульд зааснаар өвлүүлбэл зохих хөрөнгийн хоёрны нэгээс багагүй хэсгийг заавал өвлүүлнэ. Ийнхүү заавал өвлүүлэх хэсгийн хэмжээг тодорхойлохдоо хуваарьт болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өвлүүлэгчид оногдох хэсгийг оролцуулан тооцно.

522.4.Хуульд зааснаар өвлөх эрхтэй нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх этгээд өвлөх эрхээ хасуулсан тохиолдолд энэ хуулийн 522.3 хамаарахгүй.

522.5.Өв нээгдэхээс өмнө гэрээслэлд заасан өв залгамжлагч нас барсан буюу өвийг хүлээн авахаас татгалзсан бол гэрээслэгч нь өөр өв залгамжлагчийг томилж болно.

523 дугаар зүйл. Гэрээслэлийн хэлбэр, гэрээслэлийг гэрчлүүлэх

523.1.Гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар, гэрээслэл хийсэн газар нотариат байхгүй бол баг, сумын Засаг даргаар гэрчлүүлнэ.

523.2.Дараахь тохиолдолд нотариатаар гэрчлүүлсний нэг адил үзнэ:

523.2.1.цэргийн алба хаагчийн гэрээслэлийг түүний алба хааж байгаа цэргийн ангийн удирдлага гэрчилсэн;

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

523.2.2.хорих газар хоригдож байгаа буюу ажиллаж байгаа иргэний гэрээслэлийг хорих ангийн дарга гэрчилсэн;

523.2.3.хөлөг онгоцонд зорчиж яваа иргэн болон багийн гишүүдийн гэрээслэлийг онгоцны ахмад гэрчилсэн.

523.3.Энэ хуулийн 523.1, 523.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээслэл хүчин төгөлдөр бус байна.

524 дугаар зүйл. Гэрээслэлээр өвлөгчид даалгах үүрэг

524.1.Гэрээслэгч нь хууль ёсны өвлөгч буюу өөр этгээд, эсхүл нийтийн тусын тулд гэрээслэлээр өвлөгчид аливаа үүрэг хүлээлгэх эрхтэй.

524.2.Гэрээслэлээр өвлөгч нь гагцхүү түүнд өвлүүлсэн эд хөрөнгийн хэмжээнд даалгасан үүргийг гүйцэтгэнэ.

524.3.Гэрээслэлээр өвлөгч нас барсан буюу өвлөхөөс татгалзсан бол түүнд даалгасан үүрэг уг өвийг хүлээн авсан бусад өвлөгчдөд шилжинэ.

525 дугаар зүйл. Гэрээслэлийг өөрчлөх, цуцлах

525.1.Гэрээслэгч хэдийд ч гэрээслэлээ өөрчлөх буюу цуцлах эрхтэй.

525.2.Шинэ гэрээслэл хийсэн буюу түрүүчийн гэрээслэлийг цуцалсан тухай зохих баримт бичиг гаргаснаар гэрээслэл өөрчлөгдсөн буюу цуцлагдсанд тооцогдоно. Ийнхүү шинээр хийсэн гэрээслэл буюу гэрээслэлээ цуцалсан тухай баримт бичгийг энэ хуулийн 523 дугаар зүйлд заасны дагуу гэрчлүүлнэ.

526 дугаар зүйл. Гэрээслэлийг биелүүлэх

526.1.Гэрээслэл биелүүлэхийг гэрээслэлээр томилогдсон өвлөгчид даалгана.

526.2.Гэрээслэгч нь гэрээслэл биелүүлэгчээр өөр этгээдийг томилж болно.

526.3.Гэрээслэл биелүүлэгч нь даалгасан үүргийг биелүүлэхийг зөвшөөрснөө баталж, гэрээслэлд гарын үсэг зурах буюу энэ тухай баримт бичиг үйлдэж, гэрээслэлд хавсаргаснаар уг даалгаврыг гүйцэтгэх үүрэг хүлээнэ.

526.4.Гэрээслэл биелүүлэгч гэрээслэлийг биелүүлэхэд шаардагдах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд түүнийг биелүүлэх, өвлөгдсөн эд хөрөнгийг эрхлэн удирдах, хамгаалахад гарсан зайлшгүй зардлаа өвлөгдөх хөрөнгөөс гаргуулан авах эрхтэй.

526.5.Гэрээслэл биелүүлэгч түүнийг биелүүлмэгц өвлөгчид тайлагнах үүрэгтэй.

Өв хүлээн авах, татгалзах

527 дугаар зүйл. Өв хүлээн авах

527.1.Өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно.

527.2.Өвлөгч ямар нэг нөхцөл заах буюу болзол тавьж өвлөгдөх эд хөрөнгийг түр хүлээн авах эрхгүй.

527.3.Өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг, өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ.

528 дугаар зүйл. Өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журам

528.1.Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.

528.2.Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.

528.3.Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

528.4.Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй.

528.5.Өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй.

529 дугаар зүйл. Өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах эрх шилжих

529.1.Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өв нээгдсэний дараа уг өвийг хүлээн авч чадалгүй нас барсан бол өвлөгдөх эд хөрөнгөөс түүнд оногдох хэсгийг хүлээн авах эрх түүний өвлөгчид шилжинэ.

529.2.Ийнхүү шилжсэн эрх нь өв хүлээн авах хугацааны дотор нийтлэг журмын дагуу хэрэгжих боловч үлдсэн хугацаа нь эрх шилжих үед гурван сараас доош байсан бол гурван сарын дотор хэрэгжинэ.

530 дугаар зүйл. Өв залгамжлагч нь бусад өв залгамжлагчдыг ирэхээс өмнө өвлөгдөх эд хөрөнгийг авах

530.1.Өвлөгч нь өвлөгдөх эд хөрөнгийг бусад өвлөгчдийн ирэхийг хүлээхгүйгээр авч болох боловч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жил өнгөрөөгүй буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүртэл уг эд хөрөнгийг худалдах, бэлэглэх буюу барьцаалах, гэрээслэх эрхгүй.

530.2.Энэ хуулийн 530.1-д заасны дагуу эд хөрөнгө хүлээн авсан өвлөгч тухайн эд хөрөнгөөс дараахь зардлыг гаргах эрхтэй:

530.2.1.өвлүүлэгчийг өвчтэй байхад асрах болон түүнийг оршуулахад гарсан зардал;

530.2.2.өвлүүлэгчийн асрамжид байсан буюу өвлүүлэгчээс тэтгэвэр авах эрхтэй этгээдийг асран тэтгэсний зардал;

530.2.3.хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад төлбөрийн шаардлагыг хангах зардал;

530.2.4.өвлөгдсөн эд хөрөнгийг хамгаалахад гарсан зардал.

531 дугаар зүйл. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох

531.1.Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана.

531.2.Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно.

531.3.Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно.

531.4.Энэ хуулийн 522.3-т заасан өвлөх эрх бүхий этгээд байхгүй тохиолдолд гэрээслэлээр өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч гэрээслэлээ үзүүлснээр олгоно.

531.5.Эзэнгүй эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлэх гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа төрийн зохих байгууллагад олгоно.

532 дугаар зүйл. Өвлөгдсөн эд хөрөнгийг хуваарилах

532.1.Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ.

532.2.Өвлүүлэгчийг амьд байхад олдсон бөгөөд төрөөгүй байгаа өвлөгчид оногдох хэсгийг тусгаарлан гаргана.

532.3.Төрөөгүй өвлөгчийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд өвлөгдвөл зохих эд хөрөнгийг хуваарилахдаа асран хамгаалах байгууллагын төлөөлөгчийг оролцуулна.

Өвлөх эд хөрөнгийн хэмжээ нэмэгдэх

533 дугаар зүйл. Өвлөх эд хөрөнгийн хэмжээ нэмэгдэх

533.1.Хууль ёсны өвлөгчдийн аль нэг нь өөрт оногдох хэсгийг хэнд олгохыг заалгүй өвлөхөөс татгалзсан, эсхүл өвлөх эрхээ алдсан бол түүнд оногдох хэсгийг хууль ёсны бусад өвлөгчдөд тэгш хуваан олгоно.

533.2.Гэрээслэгч өөрийн бүх эд хөрөнгийг гэрээсэлсэн тохиолдолд гэрээслэлээр өвлөгчдийн аль нэг нь өөрт оногдох хэсгийг, хэнд олгохыг заалгүйгээр өвлөхөөс татгалзсан, эсхүл өвлөх эрхээ алдсан бол түүнд оногдох хэсгийг энэ хуулийн 522.3-т заасан хууль ёсны өвлөгчдөд тэгш хуваан олгоно.

533.3.Гэрээслэгч эд хөрөнгийнхөө зарим хэсгийг гэрээсэлсэн бөгөөд гэрээслэлээр өвлөгчдийн аль нэг нь энэ хуулийн 533.2-т заасан үндэслэлээр өвлөгчдийн тооноос хасагдвал, түүнд оногдох хэсгийг хууль ёсны өвлөгчдөд тэгш хуваан олгоно.

533.4.Энэ хуулийн 533.1-533.3-т заасан өвлөгдөх эд хөрөнгийн оногдох хэсгийг хүлээн авах өвлөгч байхгүй бол тухайн эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлнэ.

534 дугаар зүйл. Гэрээслэлээр өвлөгчийг өөрчилсний үр дагавар

534.1.Гэрээслэлээр өвлөгч нь энэ хуулийн 517 дугаар зүйлд заасны дагуу өвлөх эрхээ алдсан тохиолдолд өвлүүлэгч нь түүний оронд өөр өвлөгчийг томилсон бол энэ хуулийн 533.2, 533.3 хамаарахгүй.

Өвлүүлэгчийн үүргийг өвлөгч хариуцах

535 дугаар зүйл. Өвлөгчийн хариуцлага

535.1.Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.

535.2.Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ.

536 дугаар зүйл. Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч гомдлын шаардлага гаргах

536.1.Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана.

536.2.Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно.

Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах

537 дугаар зүйл. Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах журам, хугацаа

537.1.Өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг дарга шаардлагатай гэж үзвэл өвлөгч, өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч, түүнчлэн төрийн ашиг сонирхлын үүднээс өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна.

537.2.Өвлөгдөх эд хөрөнгийг бүх өвлөгч хүлээн авах буюу төрийн өмчлөлд шилжих хүртэл хамгаална.

538 дугаар зүйл. Өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоох

538.1.Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэл гаргасан буюу шаардлагатай бусад тохиолдолд нутгийн захиргааны байгууллага өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтооно. Эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоохтой холбогдон гарсан зардлыг өвлөгдөх эд хөрөнгөөс гаргана.

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ

Нийтлэг үндэслэл

539 дугаар зүйл. Олон улсын гэрээ

539.1.Монгол Улс олон улсын гэрээ байгуулахдаа Монгол Улсын Иргэний хуулийн нийтлэг үндэслэлийг харгалзана.

539.2.Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын Иргэний хуульд зааснаас өөрөөр заасан бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтад харшлаагүй бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

540 дугаар зүйл. Гадаад улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх

540.1.Шаардлагатай бол шүүх иргэний хэрэг, маргаан шийдвэрлэх буюу иргэний эрх зүйн бусад харилцааг зохицуулахад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд харшлаагүй гадаад улсын хууль, эрх зүйн болон олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэм хэмжээг хэрэглэж болно.

540.2.Гадаад улсын хуульд Монгол Улсын хуулийг баримтлахаар заасан бол Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ.

540.3.Монгол Улсын эрх зүйн хэм хэмжээнд ямарваа нэгэн эрх зүйн харилцааг тодорхойлоогүй, эсхүл түүнийг өөр нэрийн дор ялгаатай агуулгаар тодорхойлсон бөгөөд Монгол Улсын эрх зүйн хэмжээг тайлбарлах аргаар тодорхойлж болохооргүй бол түүний эрх зүйн ангиллыг тогтооход тухайн эрх зүйн харилцаа зохицуулсан гадаад улсын эрх зүйн хэм хэмжээг харгалзаж болно.

541 дугаар зүйл. Гадаад улсын хуулийн агуулгыг тогтоох

541.1.Шүүх, арбитр гадаад улсын хуулийг хэрэглэхдээ түүний хэм хэмжээний агуулгыг тэдгээрийн албан ёсны тайлбар, хэрэглэдэг практикт нийцүүлэн тогтооно.

541.2.Гадаад улсын хуулийн хэм хэмжээний агуулгыг тогтоох зорилгоор шүүх, арбитр нь зохих дэмжлэг туслалцаа үзүүлэх, тайлбар хийхийг хүсч, тогтоосон журмын дагуу Монгол Улсын хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монгол Улсад буюу хилийн чанадад байгаа бусад эрх бүхий байгууллагад хандах буюу мэргэжилтэн урьж болно.

541.3.Талууд гадаад улсын хуулийн зохих хэм хэмжээний агуулгыг тодорхойлсон баримт бичгийг гаргаж өгөх эрхтэй.

541.4.Энэ зүйлд заасны дагуу зохих арга хэмжээ авсан боловч гадаад улсын хуулийн хэм хэмжээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол Монгол Улсын хуулийг хэрэглэнэ.

542 дугаар зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа

542.1.Хөөн хэлэлцэх хугацааг тухайн харилцааг зохицуулж байгаа Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ.

Олон улсын иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид

543 дугаар зүйл. Гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний иргэний эрх зүйн чадвар, чадамж

543.1.Гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын иргэний нэгэн адил иргэний эрх зүйн чадвартай байна. Энэхүү чадварыг Монгол Улсын хуулиар хязгаарлаж болно.

543.2.Гадаад улсын иргэний иргэний эрх зүйн чадамжийг түүний харьяалагдаж байгаа улсын хуулиар тодорхойлно.

543.3.Харьяалалгүй хүний иргэний эрх зүйн чадамжийг түүний байнга оршин суугаа улсын хуулиар тодорхойлно.

543.4.Дүрвэгчийн эрх зүйн байдлыг тухайн этгээдийг орогнуулсан улсын хууль тогтоомжоор тодорхойлно.

543.5.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийсэн хэлцэл, гэм хор учруулснаас үүсэх үүргийн талаархи гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний иргэний эрх зүйн чадамжийг Монгол Улсын хуулиар тодорхойлно.

543.6.Иргэнийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр иргэний эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцох буюу чадамжийг нь хязгаарлах асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.

543.7.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аливаа этгээдийг сураггүй алга болсонд тооцох, нас барсан гэж зарлах асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.

544 дугаар зүйл. Гадаад улсын хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар

544.1.Гадаад улсын хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадварыг харьяалсан улсын хуулиар тодорхойлсныг тус улсад хүлээн зөвшөөрнө.

544.2.Гадаад улсын хуулийн этгээд хэлцэл хийхдээ Монгол Улсын хуулиар тогтоогоогүй хязгаарлалтыг хэрэглэж болохгүй.

545 дугаар зүйл. Олон улсын иргэний эрх зүйн харилцаанд төр оролцогч болох нь

545.1.Олон улсын иргэний эрх зүйн харилцаанд төр нэг тал болон оролцож байгаа тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг хэрэглэнэ.

546 дугаар зүйл. Иргэнийг сураггүй алга болсонд тооцох, нас барсан гэж зарлах

546.1.Иргэнийг сураггүй алга болсонд тооцох, нас барсан гэж зарлахад тухайн этгээд алга болохоосоо өмнө, амьд байгаа тухай хамгийн сүүлчийн мэдээ ирэх үед харьяалагдаж байсан улсын хуулийг баримтална.

546.2.Харьяалалгүй хүнийг сураггүй алга болсонд тооцох, нас барсан гэж зарлахад тухайн этгээдийн байнга оршин суудаг газрын хуулиар, хэрэв байнгын оршин суух газар байхгүй бол Монгол Улсын хуулиар зохицуулна.

Өмчийн болон үүргийн эрх зүй

547 дугаар зүйл. Өмчлөх эрх

547.1.Эд хөрөнгийг өмчлөх эрхийг дараахь байдлаар тодорхойлно:

547.1.1.эд хөрөнгийг өмчлөх эрхийг тухайн эд хөрөнгө байгаа улсын хуулиар;

547.1.2.бүртгэгдвэл зохих эд хөрөнгийг өмчлөх эрхийг тухайн эд хөрөнгийг бүртгэсэн улсын хуулиар;

547.1.3.Монгол Улсын хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох асуудал нь ийнхүү өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох үндэслэл болсон үйл баримт, бусад нөхцөл байдал үүсэх үед тухайн эд хөрөнгө байсан улсын хуулиар;

547.1.4.талууд өөрөөр тохиролцоогүй бол хэлцлийн зүйл болж байгаа эд хөрөнгийг өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох асуудал нь уг хэлцэлд хэрэглэгдэх хуулиар;

547.1.5.талууд өөрөөр тохиролцоогүй бол гадаад эдийн засгийн хэлцлээр замд яваа эд хөрөнгийг өмчлөх эрхийн асуудлыг уг эд хөрөнгийг илгээсэн улсын хуулиар;

547.1.6.өмчлөх эрхээ хамгаалах тухай эд хөрөнгийн шаардлага гаргасан өмчлөгчийн эрхийг түүний сонгосноор уг эд хөрөнгө байгаа буюу түүнийг бүртгэсэн улсын, эсхүл шүүхэд нь нэхэмжлэл гаргасан улсын аль нэгний нь хуулиар;

547.1.7.эдийн бус баялагт холбогдох эрх нь тухайн эдийн бус баялгийг ашиглаж байгаа улсын хуулиар.

548 дугаар зүйл. Хэлцэл

548.1.Хэлцэл хийх, хэлцэл буюу хэлцлийн заалтыг хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлоход тухайн хэлцлийг хүчин төгөлдөр хийгдсэн гэж тооцоход баримтлах хуулийг мөрдөнө.

548.2.Хэлцлийн хэлбэрийг түүнийг хийсэн буюу тухайн хэлцлийн зүйлээс хамаарч холбогдох улсын хуулиар тодорхойлно.

548.3.Хэлцэл хийж байгаа этгээдүүд өөр өөр улсад оршин суудаг бөгөөд аль нэг улсын нь хуулиар тогтоосон хэлцлийн хэлбэрийг харилцан тохиролцож баримталсан бол тухайн хэлцэл нь хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр байна.

548.4.Монгол Улсын хуулийн шаардлагыг хангасан бөгөөд гадаадад хийсэн хэлцлийг зөвхөн хэлбэр зөрчсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй.

548.5.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцлийн хэлбэрийг Монгол Улсын хуулиар тодорхойлно.

548.6.Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийсэн бөгөөд энэ хуулийн 548.2-т заасныг баримтлах бол төлөөлөгчийн хэлцэл хийсэн улсын хуулийг дагаж мөрдөнө.

548.7.Хэлцэл хийсэн газрыг тогтоох асуудлыг Монгол Улсын хуулиар тодорхойлно.

548.8.Итгэмжлэлийн хэлбэр, хугацааг түүнийг олгосон улсын хуулиар тодорхойлох бөгөөд итгэмжлэл нь Монгол Улсын хуулийн шаардлагыг хангаж байвал зөвхөн хэлбэрийн талаархи шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй.

549 дугаар зүйл. Гэрээний талууд хуулийг сонгох

549.1.Гэрээний дагуу эдлэх эрх, үүрэг, гэрээний агуулга, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээ дуусгавар болох буюу хүчин төгөлдөр бус болох, гэрээний үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй байх зэрэг асуудлаас үүсэх үр дагаврыг гэрээ байгуулагч талууд харилцан тохиролцож тодорхойлсон улсын хуулиар зохицуулна.

549.2.Тухайн гэрээний харилцааг аль улсын хуулиар зохицуулах талаар талууд гэрээ байгуулсныхаа дараа харилцан тохиролцож өөрчилж болно.

549.3.Тухайн гэрээнд хэрэглэхээр заасан улсын хууль тогтоомжийг бус өөр улсын хуулийг баримталсан тохиолдолд түүнийг хүчингүйд тооцно.

549.4.Талууд энэ хуулийн 549.1-д заасны дагуу хэрэглэх хуулийг сонгоогүй бол дор дурдсан талын оршин суугаа /оршин байгаа/ буюу үйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын хуулиар тодорхойлно:

549.4.1.худалдах, худалдан авах гэрээнд худалдагчийн;

549.4.2.эд хөрөнгө хөлслөх гэрээнд хөлслүүлэгчийн;

549.4.3.хадгалалтын гэрээнд хадгалагчийн;

549.4.4.комиссийн гэрээнд комиссийн;

549.4.5.даалгаврын гэрээнд даалгавар гүйцэтгэгчийн;

549.4.6.тээвэрлэлтийн гэрээнд тээвэрлэгчийн;

549.4.7.даатгалын гэрээнд даатгуулагчийн;

549.4.8.зээлийн гэрээнд зээлдүүлэгчийн;

549.4.9.бэлэглэлийн гэрээнд бэлэглэгчийн;

549.4.10.батлан даалтын гэрээнд батлан даагчийн;

549.4.11.барьцааны гэрээнд барьцаалуулагчийн.

549.5.Талууд өөрөөр тохиролцоогүй бол үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа явуулах, мэргэшүүлэх, хорших, их барилга барих, угсрах, бусад ажил гүйцэтгэх гэрээнд нутаг дэвсгэр дээр нь уг үйл ажиллагааг явуулж байгаа буюу гэрээний үр дагавар бий болж байгаа улсын хуулийг хэрэглэнэ.

549.6.Гадаад улсын хуулийн этгээд буюу иргэн оролцсон хамтарсан үйлдвэр байгуулах тухай гэрээнд тухайн хамтарсан үйлдвэрийн оршин байгаа улсын хуулийг хэрэглэнэ.

549.7.Биржийн хэлцэл, үнэ хаялцуулах ажиллагааны үр дүнд байгуулагдсан гэрээнд тухайн биржийн хэлцэл хийсэн буюу үнэ хаялцуулах ажиллагаа явуулсан улсын хуулийг хэрэглэнэ.

549.8.Энэ хуулийн 549.1-549.4-т заагаагүй бусад гэрээний талуудын эрх, үүрэг нь тухайн гэрээний агуулгад шийдвэрлэх ач холбогдол бүхий үүргийг гүйцэтгэж байгаа талын оршин суугаа /оршин байгаа/ буюу үйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын хуулиар тодорхойлогдоно.

549.9.Талууд өөрөөр тохиролцоогүй бол үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахад хүлээн авч байгаа улсын хуулийг харгалзан үзнэ.

550 дугаар зүйл. Шаардах эрх шилжих

550.1.Шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шаардах эрх шилжих нь хуучин үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нарын тухайн гэрээг байгуулахдаа баримталсан улсын хуулиар тодорхойлогдоно.

550.2.Үүрэг гүйцэтгэгчийн хуучин болон шинэ үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх эрх, үүрэг нь шаардах эрх шилжүүлэхэд баримталсан улсын хуулиар тодорхойлогдоно.

551 дугаар зүйл. Гэм хор учруулсны улмаас үүсэх үүрэг

551.1.Гэм хор учруулсны улмаас үүсэх үүргийн талуудын эрх, үүргийг нутаг дэвсгэр дээр нь гэм хор учруулсан үйл баримт буюу гэм хор арилгуулах тухай шаардлага гаргах үндэслэл болсон бусад нөхцөл байдал бий болсон улсын хуулиар тодорхойлно.

551.2.Гэм хор учруулсны улмаас хилийн чанадад үүссэн үүргийн талууд нь Монгол Улсын иргэн буюу хуулийн этгээд байвал тэдгээрийн эрх, үүргийг Монгол Улсын хуулиар тодорхойлно.

Өвлөх харилцаа

552 дугаар зүйл. Өвлөхөд хэрэглэгдэх хууль

552.1.Өвлөх харилцааг өвлүүлэгч хамгийн сүүлд нутаг дэвсгэр дээр нь байнга амьдран сууж байсан улсын хуулиар зохицуулна.

552.2.Өвлүүлэгчийн иргэний эрх зүйн чадвар, гэрээслэлийн хэлбэр, гэрээслэл хийх, түүнийг өөрчлөх асуудлыг уг гэрээслэлийг хийх болон түүнийг өөрчлөх үед гэрээслэгчийн байнга амьдран сууж байсан улсын хуулиар тодорхойлно.

552.3.Гэрээслэл хийх, өөрчлөх нь түүний хийгдсэн улсын хууль болон Монгол Улсын хуулийн шаардлагад тохирч байвал зөвхөн хэлбэрийг баримтлаагүй гэх үндэслэлээр гэрээслэл болон түүнийг өөрчилснийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй.

552.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өвлүүлэх, гэрээслэх, түүнийг өөрчлөхөд Монгол Улсын хуулийг хэрэглэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

3381 дугаар зүйл. Мерчандайзийн гэрээ

3381.1.Мерчандайзийн гэрээгээр бие хүний нэр, төрх, дуу хоолой болон утга зохиол, урлагийн бүтээл, эд зүйлийн дүр, зургийг бүтээгдэхүүн, үйлчилгээнд ашиглах эрхийг өмчлөгч, эзэмшигчээс үйлдвэрлэгч, борлуулагчид олгох ба үйлдвэрлэгч, борлуулагч нь өмчлөгч, эзэмшигчид борлуулалтын орлогоос нэр, төрх, дуу, хоолой, дүр, зургийг ашигласны төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.

3381.2.Хуульд өөрөөр заагаагүй бол мерчандайзийн гэрээг бичгээр хийнэ.

/Дээрх 3381 дүгээр зүйлийг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.