ИРГЭНИЙ ХУУЛЬ
Иргэний эрх зүй, өмч, гэр бүл · 554 зүйл · хүчин төгөлдөр · хэсэг 2/4 (153–293-р зүйл) · legalinfo.mn ↗
153 дугаар зүйл. Барьцаа
153.1.Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.
/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
153.2.Барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдэлнэ.
153.3.Барьцаа үүсэх үед тодорхойлж болох ирээдүйд бий болох, болзол тавьсан шаардлагыг, эсхүл талуудын харилцан тохиролцсон аливаа үүргийг хангахад барьцааг хэрэглэж болно.
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
153.4.Барьцааны эрх нь үндсэн шаардлага, түүнтэй холбоотой бусад дагалдах эрх болон энэ хуулийн 88 дугаар зүйлд заасан үр шимд нэгэн адил хамаарна.
154 дугаар зүйл. Барьцааны зүйл
154.1.Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна.
154.2.Хууль болон барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйл нь шаардах эрх байсан бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанаас өмнө гүйцэтгэсэн бол энэхүү гүйцэтгэл нь барьцааны зүйл болно.
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
154.3.Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ.
/Энэ хэсгийг 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсгийн 2 дах өгүүлбэрийг Yндсэн хуулийн Цэцийн 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
154.4.Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ.
/Энэ хэсгийг 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/
154.5.Энэ хуульд заасан тохиолдолд барьцааны нэг зүйлийг хэд хэдэн этгээдэд барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд шаардлагыг барьцааны гэрээг байгуулсан дарааллаар хангана.
/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
154.6.Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
154.7.Энэ хуулийн 154.4-т заасан барьцаалагч нь шударга эзэмшигчийн хувьд бусад гуравдагч этгээдээс давуу эрхтэй байна.
/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
154.8.Барьцааны зүйлийг солих зорилгоор барьцааны гэрээг талууд тохиролцон өөрчилж болно.
/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
155 дугаар зүйл. Барьцааны эрхийг шилжүүлэх
155.1.Үүрэг гүйцэтгүүлэгч барьцаагаар хангагдах шаардлагыг гуравдагч этгээдэд шилжүүлэхэд барьцааны эрх шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжинэ.
155.2.Хөрөнгө, бусдад шилжүүлж болох үнэт цаас, түүнчлэн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэхэд тэдгээрийг олж авах журам нэгэн адил хэрэглэгдэнэ.
155.3.Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх нь гуравдагч этгээдийн эрхийг хөндөхөөр байвал тухайн гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах замаар барьцааны эрхийг өөртөө шилжүүлэн авч болно.
156 дугаар зүйл. Барьцааны гэрээ
156.1.Барьцааны гэрээг бичгээр байгуулна.
156.2.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана.
/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
156.3.Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
156.4.Хуульд өөрөөр заагаагүй бол талуудын аль нэг нь хүсвэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж болно.
/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хууль, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
157 дугаар зүйл. Барьцааны зүйлийн талаар талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг
157.1.Барьцаалагч дараахь эрх эдэлнэ:
157.1.1.барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээнд барьцааны зүйлийн үр шимийг олж авах;
157.1.2.барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах;
157.1.3.энэ хуулийн 157.2.2-т заасан хугацаанд барьцаалуулагч шаардлагыг хангах өөр арга сонгох буюу өөр зүйл барьцаанд бариулаагүй бол барьцааны зүйлийг хууль, гэрээнд заасан журмын дагуу худалдах;
/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
157.1.4.барьцаалуулагч энэ хуулийн 157.6.1-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна гэж үзвэл барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах;
157.1.5.барьцааны зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авсан бол түүний бүрэн бүтэн байдлыг хангаж үүнтэй холбогдон гарсан зайлшгүй зардлаа барьцаалуулагчаас шаардах.
157.2.Барьцаалагч дараахь үүрэг хүлээнэ:
157.2.1.өөрийн эзэмшилд авсан барьцааны зүйл устах, үнэ нь ихээхэн буурах бодит нөхцөл бий болсон бол барьцаалуулагчид нэн даруй мэдэгдэх;
157.2.2.энэ хуулийн 157.2.1-т заасан тохиолдолд, барьцаалуулагчид шаардлага хангах өөр арга сонгох буюу барьцаанд өөр зүйлийг бариулах боломжит хугацаа зааж өгөх;
157.2.3.энэ хуулийн 157.1.3-т заасны дагуу барьцааны зүйлийг худалдсанаас олсон мөнгийг барьцааны хугацаа дуустал хадгалах.
157.3.Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй.
157.4.Барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцаалагч нь энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан эрхийг эдэлнэ.
157.5.Барьцаалуулагч дараахь эрх эдэлнэ:
157.5.1.барьцааны зүйлийг эзэмшилдээ байлгах хугацаанд түүний үр шимийг олж авах;
157.5.2.энэ хуулийн 157.2.1-д заасан нөхцөл байдал бий болсон бол барьцааны зүйлийг буцаан авахаар шаардаж барьцаалагчийн шаардлагыг хангах өөр арга санал болгох;
157.5.3.барьцаалагч энэ хуулийн 157.1.5-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна гэж үзвэл барьцааны зүйлийг бүрэн бүтэн байлгаж чадах гуравдагч этгээдэд шилжүүлэхийг шаардах;
157.5.4.барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага, дуудлага худалдаа явуулахтай холбогдсон болон бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг өөртөө шилжүүлэхийг шаардах.
157.6.Барьцаалуулагч дараахь үүрэг хүлээнэ:
157.6.1.өөрийнхөө эзэмшилд байгаа барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах;
157.6.2.барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх.
157.7.Барьцаагаар хангагдах шаардлагад барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч биш бол үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчид гаргаж болох хариу шаардлагыг барьцаалуулагч гаргах эрхтэй.
157.8.Барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй.
158 дугаар зүйл. Барьцаалагчийн шаардлагыг хангах
158.1.Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана.
158.2.Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ.
158.3.Хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
158.4.Барьцаагаар хангагдах шаардлагыг хангахын тулд хууль зүйн ач холбогдолтой ямар нэгэн үйлдэл хийх зайлшгүй шаардлагатай бол барьцаалагч уг үйлдлийг хийхийг барьцаалуулагчаас шаардах эрхтэй бөгөөд барьцаалуулагч арван дөрөв хоногийн дотор энэ үйлдлийг хийгээгүй бол барьцаалагч барьцаалуулагчийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй энэ үйлдлийг хийж болно.
158.5.Барьцааны зүйл нь хэд хэдэн этгээдэд барьцаалагдсан бол хамгийн түрүүнд түүнийг барьцаалсан этгээд уг зүйлийг борлуулахыг шаардах эрхтэй бөгөөд уг этгээд энэ эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан бол дараагийн барьцаалагч шаардах эрхээ хэрэгжүүлнэ.
159 дугаар зүйл. Барьцааны зүйлийг худалдах
159.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана.
159.2.Барьцаалуулагч шаардсан бол барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгож болох бөгөөд холбогдох зардлыг барьцаалуулагч хариуцна.
159.3.Барьцааны зүйлийг худалдах ажиллагаанд барьцааны зүйлийн өмчлөгч оролцож, уг зүйлээ худалдан авах санал гаргаж болно.
159.4.Барьцааны зүйлийн үнийг төлөөгүй тохиолдолд худалдан авах эрхээ алдахыг дуудлага худалдаанд оролцогчдод тайлбарласан байвал зохино.
159.5.Барьцааны зүйлийг хууль ёсоор, шударгаар олж авсан этгээдэд барьцааны зүйл эрхийн хязгаарлалтгүйгээр шилжинэ.
160 дугаар зүйл. Барьцааны эрх дуусгавар болох
160.1.Дараахь тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно:
160.1.1.барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон;
160.1.2.барьцаалагч барьцааны зүйлээс татгалзсан тухай барьцаалуулагч буюу өмчлөгчид мэдэгдсэн;
160.1.3.барьцаалагч эзэмшилдээ байсан барьцааны зүйлийг барьцаалуулагчид буцаан өгсөн;
160.1.4.барьцааны зүйлийг өмчлөх эрх барьцаалагчид шилжсэн;
160.1.5.барьцааны зүйл устаж үгүй болсон;
160.1.6.хуульд заасан бусад үндэслэл.
160.2.Энэ хуулийн 160.1.3-т заасан тохиолдолд гуравдагч этгээдийн хувьд барьцаагаар хангагдах шаардлага хэвээр байгаа бол барьцааны эрх дуусгавар болохгүй.
160.3.Энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй.
Хоёрдугаар дэд бүлэг
Хөдлөх эд хөрөнгийн болон эрхийн барьцааны тусгай зохицуулалт
161 дугаар зүйл. Барьцаагаар хангагдах шаардлагыг шилжүүлэх
161.1.Үүрэг гүйцэтгүүлэгч барьцаагаар хангагдах шаардлагыг шилжүүлэх замаар барьцааны эрхээ бусдад шилжүүлж болно.
161.2.Хэрэв шаардлагыг шилжүүлэхэд барьцааны зүйлийг шилжүүлэх боломжгүй бол барьцааны эрх үүсэхгүй.
162 дугаар зүйл. Зөвшөөрөл авах
Энэ зүйлийг 2015-07-02-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
162.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд барьцаалагч, барьцаалуулагч нь харилцан зөвшөөрөл авах үүрэгтэй:
162.1.1.барьцаалагч нь барьцааны зүйлийг барьцаалах бол барьцаалуулагчаас;
162.1.2.барьцаалуулагч нь барьцааны зүйлийн хувьд гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бол барьцаалагчаас.
/Энэ зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
163 дугаар зүйл. Хөдлөх эд хөрөнгө болон эрхийг худалдах
Энэ зүйлийг 2015-07-02-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
163.1.Хэрэв барьцааны зүйлийн биржийн буюу зах зээлийн үнэ тодорхой байвал барьцаалагч нь уг зүйлийг худалдааны тусгай байгууллагаар дамжуулан худалдахаар итгэмжилж болно.
163.2.Барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдах болсон тухай болон худалдах үнийн тухай өмчлөгчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арван дөрөв хоногийн дотор барьцааны зүйлийг худалдаж болохгүй.
/Энэ зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
164 дугаар зүйл. Эрх барьцаалах
164.1.Эрх барьцаалахад энэ хуулийн 153-160 дугаар зүйлийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.
Гуравдугаар дэд бүлэг
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/
165 дугаар зүйл. Ипотек
Энэ зүйлийг 2009-07-09-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
165.1.Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ.
165.2.Үл хөдлөх эд хөрөнгөөс үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаж болох үнийн дүнгийн дээд хязгаарыг тодорхойлж улсын бүртгэлд тэмдэглүүлсэн байвал зохино.
/Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
165.3.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан тохиролцож ипотекоор хангагдах шаардлагыг өөр шаардлагаар сольж болох бөгөөд өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.
165.4.Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекоор хангагдахаар байвал үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг тухайн шаардлагыг бүхэлд нь хангахад ашиглах бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагаа хангуулахдаа аль нэгэн үл хөдлөх эд хөрөнгийг сонгож болно.
165.5.Хэвийн бус аж ахуйн үйл ажиллагаагаар олж авсан, эсхүл аж ахуйн хэвийн үйл ажиллагаагаар олж авсан боловч бусдын өмчлөлд шилжээгүй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл хэсэг, үр шимд ипотек нэгэн адил хамаарна.
165.6.Гэрээнд өөрөөр заагаагүй бол ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үндсэн үүргээс гадна хүү, анз, хохирол болон шүүхийн зардлыг гаргуулна.
166 дугаар зүйл. Ипотекийн бүртгэл
166.1.Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.
166.2.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ.
167 дугаар зүйл. Баталгаат ипотек
167.1.Үүрэг гүйцэтгүүлэгч ипотекийн эрхийн бүртгэлийг нотолгоо болгохгүйгээр зөвхөн өөрийн шаардлагыг нотлох замаар ипотекийн эрхээ хангуулахаар хэлэлцэн тохиролцож болох бөгөөд уг ипотекийг улсын бүртгэлд баталгаат ипотек гэж бүртгэнэ.
167.2.Мэдүүлгийн болон зөвшөөрлийн үнэт цаасны төлбөрийн үүрэгтэй холбоотой шаардлагын хувьд баталгаат ипотек тогтоож болох бөгөөд энэ тохиолдолд баталгаат ипотекийг бүртгүүлэх шаардлагагүй.
168 дугаар зүйл. Ипотек өмчлөгчид шилжих
168.1.Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болсон, эсхүл тэрээр шаардлагаасаа татгалзсан бол ипотек үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид шилжинэ.
168.2.Энэ хуулийн 168.1-д заасан тохиолдолд өмчлөгч ипотекийг дуусгавар болгож улсын бүртгэлээс хасуулах буюу бүртгүүлсэн дарааллыг хэвээр хадгалж өөр этгээдэд шилжүүлж болно.
168.3.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ипотекийг дуусгавар болгохоор гуравдагч этгээдийн өмнө үүрэг хүлээсэн, эсхүл үл хөдлөх эд хөрөнгө болон ипотек нэг этгээдэд шилжихээр бол энэ тухай улсын бүртгэлд урьдчилан тэмдэглүүлж болно.
168.4.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь барьцаалагчийн өмнө өөрийн биеэр үүрэг хүлээгээгүй бол өөрийн биеэр үүрэг хүлээсэн этгээдтэй нэгэн адил эрх эдлэх бөгөөд шаардлагыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах буюу түүний хэмжээг бууруулах талаар хүсэлт гаргах эрхтэй.
169 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах
169.1.Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
169.2.Өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан бол улсын бүртгэлд өөрчлөлт оруулах буюу ипотекийг дуусгавар болгоход шаардагдах баримт бичгийг үүрэг гүйцэтгүүлэгчээс шаардан авах эрхтэй.
169.3.Өмчлөгч нь өөрийн биеэр үүрэг хүлээгээгүй бол барьцаалагчийн зөвшөөрснөөр тухайн үүргийг гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн этгээдээс үүргийг өөртөө шилжүүлэн авч болно.
170 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хамгаалах
170.1.Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоолгох үүрэгтэй.
170.2.Үл хөдлөх эд хөрөнгөд аюул учрах бодит нөхцөл бий болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь өмчлөгчид уг аюулыг зайлуулах боломжийн хугацааг тогтоон өгч болно. Уг хугацаа дуусахад өмчлөгч аюулыг зайлуулах арга хэмжээ аваагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч тухайн эд хөрөнгөөс өөрийн шаардлагыг нэн даруй хангуулах эрхтэй.
170.3.Үл хөдлөх эд хөрөнгийг даатгуулсан бол даатгалын тохиолдол бий болоход даатгагч энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдсэний дараа даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгох үүрэгтэй.
170.4.Тухайн эд хөрөнгийг сэргээн засварлахад даатгалын нөхөн төлбөрийг ашиглахгүй гэж үзэх үндэслэл байвал үүрэг гүйцэтгүүлэгч даатгалын төлбөрийг даатгуулагчид олгуулахгүй байх шаардлагатай арга хэмжээ авах эрхтэй.
170.5.Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй байгаа нь тогтоогдвол үүрэг гүйцэтгүүлэгч үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах эрхтэй.
170.6.Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
171 дугаар зүйл. Өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг үл хязгаарлах
171.1.Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
171.2.Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна.
/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
171.3.Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна.
/Энэ хэсэгт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
172 дугаар зүйл. Ипотек болон шаардлага шилжих
172.1.Ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү энэ хуулийн 87.1-д заасны дагуу өөр этгээдэд нэгэн зэрэг хамтдаа шилжиж болно.
172.2.Шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид ипотекийн баримт бичгийг шилжүүлж, түүнийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгч гэж улсын бүртгэлд бүртгэсэн нөхцөлд шаардлага шилжсэн гэж үзнэ.
/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
172.3.Шаардлага шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжсэний дараа үүрэг гүйцэтгэгч нь хуучин үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн бөгөөд ийнхүү шаардлага шилжсэн тухай мэдээгүй байсан бол хуучин үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн үүргийн хэмжээгээр шинэ үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэнэ.
172.4.Ипотек болон шаардлага нь өмнөх үүрэг гүйцэтгүүлэгчид байсан хэмжээгээр шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжинэ.
172.5.Шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид ипотекийг шилжүүлсэн тухай улсын бүртгэлд бүртгүүлсэн баримт үнэн зөв гэж тооцогдох бөгөөд түүний талаар үүрэг гүйцэтгэгч шаардлага гаргах эрхгүй, харин бүртгэлийг буруу хийснийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгч мэдэж байсан бол энэ журам хамаарахгүй.
172.6.Ипотекийн үр дүнд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирсон бол тухайн этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаж, ипотекийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй.
172.7.Гуравдагч этгээд энэ хуулийн 172.6-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан бол холбогдох баримт болон бүртгэлийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардах эрхтэй.
172.8.Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг энэ хуулийн 172.6-д заасны дагуу хангасан этгээдэд ипотек шилжсэн бол тэрээр өмчлөгчөөс учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
172.9.Шаардах эрх эдэлж байгаа үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнө адил хэмжээний үүрэг хүлээсэн бол тэдгээрийн шаардлага харилцан хангагдсанд тооцож болно.
173 дугаар зүйл. Ипотек болон шаардах эрхээс татгалзах
173.1.Үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага буюу ипотекоос татгалзаж, энэ тухай зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн бол ипотек тухайн эд хөрөнгийн өмчлөгчид шилжинэ.
173.2.Үүрэг гүйцэтгүүлэгч ипотекоос татгалзаж, шаардлагаа хэвээр үлдээсэн бол үүрэг гүйцэтгэгч нь ипотекоос учирсан хохирлыг нөхөн төлсөн хэмжээгээр үүргээс чөлөөлөгдөнө.
173.3.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч маргах эрхтэй болсноор ипотекийг удаан хугацаагаар ашиглах боломжгүй болсон тохиолдолд өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчээс ипотекоос татгалзахыг шаардах эрхтэй.
174 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах
Энэ зүйлийг 2009-07-09-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
174.1.Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй.
174.2./Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
174.3./Энэ хэсгийг 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн,Yндсэн хуулийн Цэцийн 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
174.4.Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмыг хуулиар тогтооно.
/Энэ хэсгийг 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/
175 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлийг албадан худалдах
175.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.
/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
175.2.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хамтран гаргасан өргөдөл, тухайн зүйлийн талаар эд хөрөнгийн эрх бүхий талуудын саналыг харгалзан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах өөр хэлбэрийг шүүх тогтоож болно.
175.3.Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй.
175.4.Үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарснаар үүрэг гүйцэтгэгч уг эд хөрөнгийн үр шимийг өөртөө үлдээх эрхээ алдана.
175.5.Үүрэг гүйцэтгэгч ипотекийн зүйл болох байшин, эсхүл түүний тодорхой хэсэгт өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байгаа бол ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеэс хөлслөгч болж, үүрэг гүйцэтгүүлэгчид орон сууц хөлсөлсний хөлсийг, тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй.
175.6.Дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд, дуудлага худалдааг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор явуулна.
175.7.Дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
176 дугаар зүйл. Дуудлага худалдааг зогсоох, түр хойшлуулах
176.1.Дуудлага худалдаа явуулснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох өмчлөгч буюу гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг урьдчилан хангасан тохиолдолд дуудлага худалдаа явуулахыг зогсоож болно.
176.2.Шүүх өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн, эд хөрөнгийн эрх бүхий талуудын саналыг харгалзан дараахь тохиолдолд дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сар хүртэл хугацаагаар түр хойшлуулж болно:
176.2.1.үүрэг гүйцэтгэгчийн төлбөл зохих өрийн шинж чанараас шалтгаалан дуудлага худалдааг түр хойшлуулах боломжтой бол;
176.2.2.өмчлөгчийн хувийн болон эдийн засгийн харилцаа холбоог харгалзан үзэх шаардлагатай бол;
176.2.3.хуульд заасан бусад үндэслэл.
/Энэ заалтыг 2009 оны 7 сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
176.3.Энэ хуулийн 176.2-т зааснаар дуудлага худалдаа явуулахыг түр хойшлуулах нь үүрэг гүйцэтгүүлэгчид илтэд сөрөг үр дагавар бий болгоно гэж шүүх үзвэл өмчлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй байж болно.
177 дугаар зүйл. Дуудлага худалдаа явуулах үеийн үнэ
177.1.Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.
/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
177.2.Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна.
177.3.Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ.
177.4.Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно.
/Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
177.5.Дуудлага худалдаатай холбогдсон зардлыг үүрэг гүйцэтгэгч хариуцна.
/Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/
178 дугаар зүйл. Дуудлага худалдааны зүйлийг өмчлөх эрх үүсэх
178.1.Хамгийн өндөр үнэ амласан худалдан авагч албадан дуудлага худалдаа явуулж байгаа бүрэн эрх бүхий этгээдэд үнийг шилжүүлэх үүрэгтэй бөгөөд уг үнээс дуудлага худалдаа явуулахтай холбогдсон зардлыг гаргуулна.
178.2.Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно.
178.3.Өмчлөх эрх шилжсэнээр үүрэг гүйцэтгүүлэгчийн албадан гүйцэтгүүлж байгаа ипотекоос хойш бүртгүүлсэн бусад ипотек болон тухайн хөрөнгийн хувьд хязгаарласан эд хөрөнгийн бүх эрх дуусгавар болно.
178.4.Харин тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд эдлэх бусад хязгаарлагдмал эрх хэвээр хадгалагдана.
178.5.Дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан шинэ өмчлөгч нь өмчлөх эрх шилжих үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хөлслөх, түрээслэх гэрээний тал болно.
179 дугаар зүйл. Дуудлага худалдаанаас орсон орлогыг хуваарилах
179.1.Үүрэг гүйцэтгүүлэгч нь улсын бүртгэлд ипотекийн эрх бүхий цорын ганц этгээдээр бүртгэгдсэн, эсхүл дуудлага худалдаанаас орсон орлогоос түүнийг зохион байгуулсантай холбогдсон зардлыг төлөөд үлдсэн хэсэг нь бүх үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг хангахад хүрэлцэхүйц байвал уг худалдааг зохион байгуулсан эрх бүхий этгээд зардлыг тооцсоны дараа үлдсэн орлогыг үүрэг гүйцэтгүүлэгч нарт зохих дараалал, журмын дагуу хуваарилж, үлдэгдлийг эд хөрөнгө нь дуудлага худалдаанд орсон өмчлөгчид шилжүүлнэ.
179.2.Хэрэв үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан үнэ нь ипотекийн эрх бүхий бүх үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй байвал дуудлагын худалдааг зохион байгуулсан эрх бүхий этгээд дуудлага худалдаа зохион байгуулахтай холбогдон гарсан зардлыг хасаж, үлдсэн мөнгийг тусгай дансанд хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн дарааллын дагуу үүрэг гүйцэтгүүлэгчдэд хуваарилна.
180 дугаар зүйл. Дуудлага худалдаа зохион байгуулах эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанаас үүсэх хариуцлага
180.1.Дуудлага худалдаа зохион байгуулахаар томилогдсон бүрэн эрх бүхий этгээд уг үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүйгээс бусдад гэм хор учруулсан бол хохирлыг энэ хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу хариуцна.
181 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын удирдлагад шилжүүлэх
181.1.Ипотекийн шаардах эрх бүхий үүрэг гүйцэтгүүлэгчийн өргөдлийг үндэслэн шүүх үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар албадан худалдахын оронд бусдын удирдлагад албадан шилжүүлэхээр шийдвэрлэж болох бөгөөд энэ тохиолдолд шүүх үл хөдлөх эд хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийг томилох буюу энэ үүргийг өмчлөгчид шилжүүлж болно.
181.2.Шүүх энэ хуулийн 181.1-д заасан шийдвэрийг гаргахын өмнө ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийг бусдын удирдлагад албадан шилжүүлснээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хохирч болох, улсын бүртгэлд бүртгүүлсэн бүх этгээдийн саналыг сонсох үүрэгтэй.
181.3.Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын удирдлагад албадан шилжүүлснээр тухайн эд хөрөнгөөс олох орлого нь түүнийг удирдсантай холбогдсон зардлаас гагцхүү их байх нөхцөлд шүүх энэ хуулийн 181.1-д заасан шийдвэрийг гаргана.
181.4.Үүрэг гүйцэтгэгч нь өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт бусдын удирдлагад албадан шилжүүлсэн барилга буюу түүний хэсэгт оршин суудаг бол орон сууц ашигласны хөлсийг тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй.
181.5.Үл хөдлөх эд хөрөнгийн албадан удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь тухайн эд хөрөнгийн үр шимийг авч, өөрийн боловсруулж шүүхээр батлуулсан саналын дагуу тухайн эд хөрөнгийг эрхлэн хөтөлсний болон холбогдох бусад бүх зардлыг суутган, үлдэгдлийг оны эцэст хуваарилна.
181.6.Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан бол үл хөдлөх эд хөрөнгийн албадан удирдлагыг хэрэгжүүлж байгаа эрх бүхий этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчид нь шилжүүлнэ.
181.7.Албадан удирдсанаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах боломжгүй болох нь илт болсон бол албадан удирдлагыг дуусгавар болгож үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдана.
Дөрөвдүгээр дэд бүлэг
Улсын бүртгэл
182 дугаар зүйл. Улсын бүртгэлд бүртгүүлэх эрх
182.1.Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ.
182.2.Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрх болон мэдэгдлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
182.3.Энэ зүйлд заасан эрх болон мэдэгдлийг бүртгэх журмыг хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
182.4.Эдийн болон эдийн бус хөдлөх хөрөнгийн барьцааны эрхийг гуравдагч этгээдийн өмнө хүчин төгөлдөрт тооцуулан баталгаажуулах зорилгоор хуульд заасан журмын дагуу барьцааны эрхийн мэдэгдлийг бүртгүүлж болно.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/
183 дугаар зүйл. Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх
183.1.Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.
183.2.Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно.
183.3.Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй.
184 дугаар зүйл. Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн дараалал
184.1.Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн дараалал нь бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан дарааллаар тодорхойлогдоно.
184.2.Дарааллаа солилцож байгаа талуудын зөвшөөрлийн үндсэн дээр дарааллыг хожим өөрчилж болох бөгөөд улсын бүртгэлд уг өөрчлөлтийг бүртгүүлнэ.
184.3.Ямар нэгэн эрхийг бүртгүүлэхийн тулд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь аль нэгэн эрхийг нөгөө эрхийн өмнө бүртгүүлэх болзол тавьж болох бөгөөд энэхүү болзлыг улсын бүртгэлд тэмдэглүүлнэ.
185 дугаар зүйл. Улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийх
185.1.Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно.
185.2.Энэ хуулийн 185.1-д заасан тэмдэглэлийг ирээдүйд бий болох буюу болзол тавьсан шаардлагыг хангахын тулд хийж болно.
185.3.Урьдчилсан тэмдэглэл хийгдсэний дараа хийх бүртгэл нь урьдчилсан тэмдэглэлээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгох буюу хохироохгүй бол түүнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй.
185.4.Урьдчилсан тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ.
185.5.Урьдчилсан тэмдэглэл хийлгэснээр удаан хугацааны турш эд хөрөнгөө ашиглах боломжийг алдахаар байвал эд хөрөнгийн эзэмшигч нь тэмдэглэл хийлгэсэн этгээдээс урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгуулахыг шаардах эрхтэй.
185.6.Урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн этгээдийн хувьд ямар нэгэн эрх олж авсан нь хүчин төгөлдөр бус байвал тухайн этгээд урьдчилсан тэмдэглэлээр хангагдах шаардлагыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүртгэл хийлгэх зөвшөөрөл олгохыг эд хөрөнгө эзэмшигчээс шаардах эрхтэй.
ҮҮРЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Ерөнхий үндэслэл
186 дугаар зүйл. Үүргийн харилцаа
186.1.Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
186.2.Үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно.
187 дугаар зүйл. Үүрэг үүсэх үндэслэл
187.1.Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ.
187.2.Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд энэ хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүсч болно.
187.3.Хэлэлцээний явцад аль нэг талын хайхрамжгүй үйлдлээс болж гэрээг байгуулаагүй бол хэлэлцээ хийхтэй холбогдон гарсан зардлыг хайхрамжгүй хандсан тал нөгөө талд нөхөн төлөх үүрэг үүсч болно.
188 дугаар зүйл. Мэдээлэл өгөх үүрэг
188.1.Үүрэг нь ямар нэгэн мэдээлэл олж авах эрхийг аль нэг талд бий болгож болно.
188.2.Үүргийн агуулгыг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг түүнийг эзэмшигч тал нь өөрийн эрх, ашиг сонирхлыг хохироохгүйгээр өгөх боломжтой тохиолдолд нөгөө тал нь мэдээлэл авах эрхтэй.
188.3.Мэдээлэл өгөхтэй холбогдон гарсан зардлыг түүнийг хүлээн авагч тал нөгөө талдаа нөхөн төлөх үүрэгтэй.
Гэрээний эрх зүй
Нэгдүгээр дэд бүлэг
Нийтлэг үндэслэл
189 дугаар зүйл. Гэрээний талуудын чөлөөт байдал
189.1.Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
189.2.Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
189.3.Зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
189.4.Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй.
189.5.Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.
190 дугаар зүйл. Ирээдүйд бий болох буюу бэлэн байгаа эд хөрөнгийн хувьд хийх гэрээ
190.1.Хуульд өөрөөр заагаагүй бол гэрээний нэг тал нь ирээдүйд бий болох өөрийн бүх эд хөрөнгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулах /узуфрукт/-аар үүрэг хүлээсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна.
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
190.2.Нэг тал нь өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө буюу түүний хэсгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулах /узуфрукт/-аар үүрэг хүлээсэн гэрээг нотариатаар заавал гэрчлүүлнэ.
190.3.Хувийн болон гэр бүлийн хэрэгцээний зорилгоор өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө, эсхүл ирээдүйд бий болох бүх эд хөрөнгөө барьцаалуулахаар үүрэг хүлээсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/
191 дугаар зүйл. Өвлөгдөх эд хөрөнгийн талаар байгуулах гэрээ
191.1.Иргэнд өвлөгдөх хөрөнгийн талаар гуравдагч этгээдийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна.
191.2.Өвлөгдөх хөрөнгөөс иргэнд заавал ногдох хэсэг, түүнчлэн өвлүүлэгчийн гэрээслэлээр тогтоосон хязгаарлалтын талаар гуравдагч этгээдийн хооронд байгуулсан гэрээнд энэ хуулийн 191.1 нэгэн адил хамаарна.
191.3.Өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсгийн талаар хууль ёсны өвлөгчдийн хооронд байгуулсан гэрээнд энэ хуулийн 191.1 хамаарахгүй.
192 дугаар зүйл. Эд хөрөнгийн дагалдах зүйлд үүрэг хамаарах
192.1.Нэг тал эд хөрөнгөө нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулахаар шилжүүлэх үүрэг хүлээсэн тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол уг үүрэг тухайн эд хөрөнгийн дагалдах зүйлд нэгэн адил хамаарна.
193 дугаар зүйл. Үүргийн гүйцэтгэлийг тодорхойлох
193.1.Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг гэрээний аль нэг тал буюу гуравдагч этгээд тодорхойлсон нь нөгөө талд буюу талуудад эргэлзээ төрүүлэхээр бол шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ.
193.2.Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг тодорхойлсон нь шударга ёсны зарчимд нийцээгүй, эсхүл үүргийн гүйцэтгэлийг тодорхойлохыг хэт удаашруулж байна гэж аль нэг тал нь үзвэл арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэхээр хандах эрхтэй.
/Энэ хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
194 дугаар зүйл. Гэрээний бус үүрэгт хамаарах журам
194.1.Үүргийн шинж чанарт харшлахгүй бол гэрээний бус үүргийн харилцаанд гэрээний үүргийн холбогдох журмыг хэрэглэж болно.
Хоёрдугаар дэд бүлэг
Гэрээ байгуулах
195 дугаар зүйл. Гэрээ байгуулах санал
195.1.Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ.
195.2.Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна.
195.3.Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ.
195.4.Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ.
195.5.Гэрээ байгуулах санал гаргасан тал хууль, гэрээ, эсхүл саналд заасан хугацаанд саналаасаа татгалзах эрхгүй.
195.6.Гэрээ байгуулах саналаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн хариуг гэрээ байгуулах тухай шинэ санал гэж үзнэ.
195.7.Гэрээ байгуулах санал илгээсэн тал саналын хариуг хугацаа хожимдуулан хүлээн авсан бөгөөд энэ тухай нөгөө талдаа нэн даруй мэдэгдсэн бол хугацаа хожимдож ирсэн хариуг гэрээ байгуулах тухай шинэ санал гэж үзнэ.
196 дугаар зүйл. Гэрээг байгуулсанд тооцох
196.1.Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:
196.1.1.эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр;
196.1.2.гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар;
196.1.3.гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаатайгаар илгээсэн бөгөөд дурдсан хугацаанд нөгөө талаас зөвшөөрсөн хариу авсан;
196.1.4.гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаа заалгүй бичгээр, эсхүл цахим хэлбэрээр илгээсэн бөгөөд түүнийг зөвшөөрсөн тухай хариуг ердийн боломжит хугацаанд хүлээн авсан; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
196.1.5.нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн;
196.1.6.гэрээ байгуулах саналыг хүлээн авсан тал зөвшөөрсөн хариуг хугацаанд нь илгээсэн боловч уг хариу хожимдож ирсэн учир гэрээг байгуулахгүй гэж нөгөө тал нь хариу илгээсэн талд нэн даруй мэдэгдээгүй;
196.1.7.ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор санал гаргагч талыг хүлээн зөвшөөрнө гэж үзээд санал хүлээн авагч тал нь саналд дурдсанаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахаар хариу илгээсэн тохиолдолд санал гаргагч татгалзсан тухайгаа нэн даруй мэдэгдээгүй;
196.1.8.цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар. /Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/ /Энэ заалтыг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
196.2.Бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь ажил төрлийн байнгын холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол түүнийг гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
196.3.Санал хүлээн авсан тал татгалзсан хариуг ердийн боломжит хугацааны дотор илгээсэн боловч санал гаргагч тал түүнийг мэдээгүйн улмаас саналд дурдсан үүрэг ёсоор бараа илгээсэн тохиолдолд санал хүлээн авсан тал уг бараанд учирч болох хохирлыг зайлуулах буюу багасгах зорилгоор барааг хүлээн авч хадгалах буюу гэмтээхгүй, муутгахгүй, үрэгдүүлэхгүй байх талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд гарсан зардлыг санал гаргагчаас шаардах эрхтэй.
197 дугаар зүйл. Үнэ хаялцуулах ажиллагаа
197.1.Үнэ хаялцуулах замаар гэрээ байгуулж болно.
197.2.Хуульд өөрөөр заагаагүй бол гэрээг үнэ хаялцаж ялсан этгээдтэй байгуулна.
197.3.Үнэ хаялцуулах ажиллагааг зохион байгуулагч нь өмчлөгч буюу эрх эзэмшигч, эсхүл эрх олгогдсон этгээд байж болно.
197.4.Эрх олгогдсон байгууллага өмчлөгч буюу эрх эзэмшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр тэдгээрийн нэрийн өмнөөс, эсхүл өөрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулна.
197.5.Эд хөрөнгө буюу эд хөрөнгийн эрхийг худалдах гэрээг гагцхүү хуульд заасан бол үнэ хаялцуулах замаар байгуулна.
197.6.Үнэ хаялцуулах ажиллагааг дуудлага худалдаа буюу уралдааны хэлбэрээр явуулна.
197.7.Дуудлага худалдаагаар үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.
197.8.Уралдаанд ялагч нь уралдааныг зохион байгуулах комиссоос урьдчилан тодорхойлсноор хамгийн сайн нөхцөлийг хангасан этгээд байх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол үнэ хаялцуулах ажиллагааны хэлбэрийг уг эд хөрөнгийн өмчлөгч буюу эд хөрөнгийн эрх эзэмшигч тогтооно.
197.9.Нэг этгээд оролцсон бол дуудлага худалдаа, уралдаан явагдаагүй гэж үзнэ.
197.10.Дуудлага худалдаа буюу уралдааныг нээлттэй буюу хаалттай явуулж болно.
197.11.Нээлттэй дуудлага худалдаа, уралдаанд ямар ч этгээд оролцож болно.
197.12.Хаалттай дуудлага худалдаа, уралдаанд энэ зорилгоор тусгайлан уригдсан этгээд оролцоно.
197.13.Хуульд өөрөөр заагаагүй бол зохион байгуулагч нь зарыг үнэ хаялцуулах ажиллагаа явуулахаас гучаас доошгүй хоногийн өмнө гаргах бөгөөд түүнд ажиллагаа явуулах хэлбэр, газар, хугацаа, гэрээний зүйл, анхны үнэ, оролцогчдыг бүртгэх, ялсан этгээдийг тогтоох журам болон бусад мэдээллийг тусгана. Гэрээний зүйл нь гэрээ байгуулах эрх бол гэрээ байгуулах хугацааг заана.
197.14.Хууль буюу зард өөрөөр заагаагүй бол нээлттэй дуудлага худалдаа, уралдаан зохион байгуулагч тэдгээрийг явуулахаас татгалзах эрхтэй. Гэхдээ дуудлага худалдаа явуулахаар товлон зарласан өдрөөс гурваас доошгүй хоногийн, уралдаан явуулахаар зарласан өдрөөс гучаас доошгүй хоногийн өмнө ийнхүү татгалзаж болно.
197.15.Энэ хуулийн 197.14-т заасан хугацааг зөрчиж дуудлага худалдаа хийх буюу уралдаан явуулахаас татгалзсан зохион байгуулагч оролцогчдод учирсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
197.16.Хаалттай дуудлага худалдаа, уралдаан зохион байгуулагч нь түүнд уригдсан оролцогчдод учирсан хохирлыг ямар хугацаанд дуудлага худалдаа, уралдаан явуулахаас татгалзсанаас үл хамааран нөхөн төлөх үүрэгтэй.
197.17.Үнэ хаялцуулах ажиллагаанд оролцогч зард заасан хэмжээ, журмаар, заасан хугацаанд дэнчин тавина.
197.18.Үнэ хаялцуулах ажиллагааг явуулаагүй, түүнд оролцоогүй, эсхүл оролцсон боловч ялаагүй этгээдэд дэнчинг буцаан олгоно.
197.19.Ялсан этгээдтэй гэрээ байгуулахдаа дэнчинг гэрээний үүргийн гүйцэтгэлд оруулан тооцно.
197.20.Үнэ хаялцуулах ажиллагаанд ялсан этгээд болон ажиллагаа зохион байгуулагч дуудлага худалдаа, уралдааны үр дүнгийн тухай тэмдэглэлд явуулсан өдөрт нь гарын үсэг зурах бөгөөд энэ тэмдэглэл гэрээний адил хүчинтэй байна.
197.21.Ялсан этгээд тэмдэглэлд гарын үсэг зурахаас зайлсхийвэл тавьсан дэнчингээ алдана.
197.22.Зохион байгуулагч тэмдэглэлд гарын үсэг зурахаас зайлсхийвэл нөгөө талын тавьсан дэнчинг буцааж өгөхийн зэрэгцээ ажиллагаанд оролцсоноос учирсан хохирлыг дэнчингээс давсан хэмжээгээр нөхөн төлөх үүрэгтэй.
197.23.Үнэ хаялцуулах ажиллагааг гэрээ байгуулах эрх олж авах нөхцөлтэйгөөр явуулсан бол уг ажиллагааг явуулж дуусаад тэмдэглэл үйлдсэнээс хойш хорь хоногийн дотор, эсхүл зард дурдсан хугацаанд талууд гэрээнд гарын үсэг зурна. Талуудын нэг нь гэрээ байгуулахаас зайлсхийвэл нөгөө тал нь гэрээг байгуулсанд тооцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
197.24.Хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна.
197.25.Хүчин төгөлдөр бус үнэ хаялцуулах ажиллагаанд ялсан этгээдтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна.
197.26.Энэ зүйлд заасан журам шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар явуулах дуудлага худалдаанд нэгэн адил хамаарна.
198 дугаар зүйл. Гэрээг тайлбарлах
198.1.Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.
198.2.Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.
198.3.Гэрээний зарим үг хэллэгийг нутгийн онцлогоос шалтгаалан өөр өөр агуулгаар тайлбарлаж болохоор байвал гэрээ байгуулсан талуудын оршин суугаа газарт хэрэглэж заншсан агуулгаар, талууд нь өөр өөр газар оршин суудаг бол гэрээ байгуулах саналыг хүлээн зөвшөөрсөн талын оршин суугаа газарт хэрэглэж заншсан агуулгаар тайлбарлана.
198.4.Хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана.
198.5.Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна.
198.6.Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ.
199 дугаар зүйл. Хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болох
199.1.Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
199.2.Хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулсан байвал зохино.
199.3.Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй.
Гуравдугаар дэд бүлэг
Гэрээний стандарт нөхцөл
200 дугаар зүйл. Стандарт нөхцөл гэрээний салшгүй хэсэг болох
200.1.Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ.
200.2.Талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэхгүй.
200.3.Дараахь нөхцөл бүрдсэн тохиолдолд стандарт нөхцөл нь талуудын хооронд байгуулсан гэрээний салшгүй хэсэг болно:
200.3.1.санал гаргагч тал нь гэрээ байгуулж байгаа газарт стандарт нөхцөлийг ил тод харагдахаар бичиж энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй гэрээг байгуулахаар заасан бол;
200.3.2.нөгөө тал нь дээрх нөхцөлтэй танилцах боломжтой байсан бөгөөд уг нөхцөлийг зөвшөөрсөн бол.
200.4.Санал хүлээн авагч тал нь аж ахуй эрхлэгч этгээд бөгөөд ажил хэргийн онцлогоос хамаарч стандарт нөхцөлийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол стандарт нөхцөл нь гэрээний салшгүй хэсэг болно.
200.5.Стандарт нөхцөлийг илэрхийлсэн гадаад нөхцөл нь хэвшсэн хэлбэрээс өөр байсан учир нөгөө тал нь түүнийг урьдчилан мэдэх боломжгүй байсан бол стандарт нөхцөл нь гэрээний салшгүй хэсэг болохгүй.
201 дугаар зүйл. Стандарт нөхцөлийг тайлбарлах
201.1.Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана.
202 дугаар зүйл. Стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх
202.1.Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ.
202.2.Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна:
202.2.1.саналыг хүлээн авах, түүнээс татгалзах зэрэгт хэт урт буюу тодорхой бус хугацаа тогтоосон;
202.2.2.үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу тодорхой бус, хуульд үл нийцэх хугацаа тогтоосон;
202.2.3.гэрээнд заагаагүй бөгөөд тодорхой үндэслэлгүйгээр гэрээг цуцлах эрхтэй байхаар заасан;
202.2.4.гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан;
202.2.5.гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон;
202.2.6.онцгой ач холбогдол бүхий тайлбарыг нөгөө талд гаргасанд тооцохоор заасан;
202.2.7.урт хугацаатай үүргийн харилцаанд үнийг үндэслэлгүйгээр хэт богино хугацаанд огцом өсгөхөөр заасан;
202.2.8.нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн;
202.2.9.нөгөө талдаа үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулах буюу үүргээ гүйцэтгэх боломжийн хугацаа олгох хуулиар тогтоосон үүргээс санал гаргагч талыг чөлөөлсөн;
202.2.10.санал гаргагч тал нь өөрт учирсан бодит хохирлоос хэт давсан хэмжээний нөхөн төлбөр шаардахаар тогтоосон;
202.2.11.санал гаргагч, түүний хууль ёсны төлөөлөгч зэрэг этгээдийн санаатай буюу хэт болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцахыг үгүйсгэсэн буюу хязгаарласан;
202.2.12.үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан;
202.2.13.санал гаргагч тал нь үүргээ хэсэгчлэн гүйцэтгэснээс нөгөө талын хууль ёсны ашиг сонирхол хохирох тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээгээ цуцалж, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг бүхэлд нь шаардах эрхийг үгүйсгэсэн;
202.2.14.санал гаргагч талын бэлтгэн нийлүүлсэн бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний дутагдлын талаар хүлээх хариуцлагыг хуульд зааснаас бага хэмжээгээр тогтоосон;
202.2.15.санал гаргагч тал хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нөгөө тал гэрээг цуцалсан бол санал гаргагч талд анз төлөхөөр заасан.
202.3.Бараа бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх буюу ажил, үйлчилгээ тогтмол явуулах тухай гэрээний стандарт нөхцөлд дараахь нөхцөлийг тусгасан бол тэдгээр нөхцөл нь хүчин төгөлдөр бус байна:
202.3.1.нөгөө талд хоёроос илүү жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэж байгаа;
202.3.2.аль нэг тал нь гэрээг цуцлах санал гаргаагүй тохиолдолд гэрээг тухай бүр нэг жилээс урт хугацаагаар сунгасанд тооцохоор тогтоосон;
202.3.3.гэрээг цуцлах хугацаа нь гэрээг сунгасанд тооцох хугацаанаас гурван сараас илүү байхаар заасан нь нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэхээр бол.
202.4.Дор дурдсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээд санал гаргагч талын оронд түүнтэй адил эрхтэйгээр тухайн гэрээний харилцаанд оролцохоор заасан буюу оролцох бололцоотой байхаар тогтоосон бол стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна:
202.4.1.гуравдагч этгээдийг нэрээр нь заасан;
202.4.2.нөгөө талд дангаар гэрээг цуцлах эрх олгосон.
202.5.Гэрээний стандарт нөхцөлд хамаарах хэсгүүдийн аль нэг нь хүчин төгөлдөр бус байх, эсхүл гэрээний гол бус нөхцөл болсон тохиолдолд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна.
Дөрөвдүгээр дэд бүлэг
Гуравдагч этгээдэд ашигтай гэрээ
203 дугаар зүйл. Гуравдагч этгээдэд ашигтай гэрээний шаардах эрх
203.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн аль нь ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.
203.2.Гэрээнд тусгайлан заагаагүй бол гуравдагч этгээд бие даан шаардах эрхтэй эсэх, энэ эрх нь шууд, эсхүл урьдчилсан тодорхой нөхцөл бүрдсэнээр үүсэх, гуравдагч этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулсан талууд түүний эрхийг өөрчлөх буюу дуусгавар болгох эрхтэй эсэхийг гэрээний агуулга, түүний зорилгоос тодорхойлно.
203.3.Гуравдагч этгээдэд ашигтай гэрээнд энэ хуулийн 203.2-т заасан эрх үүргийн талаар тусгайлсан нөхцөлийг гэрээнд тусгасан тал нь нөгөө талын зөвшөөрлөөс үл шалтгаалан гуравдагч этгээдийг орлох эрхтэй.
203.4.Гэрээнд өөрөөр заагаагүй буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээд гэрээнд заасан эрхээсээ татгалзвал үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардаж болно.
Тавдугаар дэд бүлэг
Гэрээнээс татгалзах
204 дугаар зүйл. Гэрээнээс татгалзах журам
204.1.Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ.
204.2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана.
204.3.Гэрээний аль нэг буюу хоёр талд хэд хэдэн этгээд оролцож байгаа бол гэрээнээс хамтран татгалзана. Тэдний хэн нэг нь гэрээнээс татгалзах эрхээ алдвал бусад нь мөн адил гэрээнээс татгалзах эрхээ алдана.
204.4.Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрхээ алдах болзолтойгоор гэрээ байгуулсан бол уг болзол бий болсон тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.
204.5.Гэрээний аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй байхаар гэрээ байгуулсан боловч үүрэг гүйцэтгэгч тал нь харилцан шаардлага бүхий үүргээ тооцож дуусгавар болгох эрхтэй байсан бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тооцсон тухай нэн даруй мэдэгдсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийн татгалзал хүчин төгөлдөр бус байна.
205 дугаар зүйл. Гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар
205.1.Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
205.2.Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө:
205.2.1.гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй;
205.2.2.үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн;
205.2.3.үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан.
205.3.Хэрэв үүрэг гүйцэтгэгч нь гэрээ ёсоор хариу ямар нэгэн үүрэг гүйцэтгэсэн бол мөнгөн төлбөрийн оронд хариу гүйцэтгэсэн үүргийг орлуулж болно.
205.4.Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нөхөн төлбөр төлөхгүй:
205.4.1.гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгчийн шилжүүлсэн зүйлийн чанарын доголдол нь үүрэг гүйцэтгэгч гэрээнээс татгалзах үндэслэл болсон бөгөөд тэрээр гэрээний зүйлийг боловсруулах, дахин боловсруулах явцдаа энэхүү доголдлыг илрүүлсэн;
205.4.2.гэрээний зүйл үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас гэмтсэн, муудсан, дутсан, устсан;
205.4.3.үүрэг гүйцэтгэгч гэрээний зүйлийг зохих ёсоор хадгалж, арчилж, хамгаалсаар байхад тэр нь муудсан, гэмтсэн, устсан. Энэ тохиолдолд гэрээний зүйлээс үлдсэнийг нь үүрэг гүйцэтгүүлэгчид буцааж өгнө.
205.5.Үүрэг гүйцэтгэгч үүргийн зүйлийг ашиглах журам зөрчсөнөөс олох ёстой байсан ашгийг олж чадаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгчид учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
205.6.Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн, үнийг нь төлсөн, эсхүл энэ хуулийн 205.4.1, 205.4.2-т заасны дагуу гэрээний зүйлийг буцааж өгөх буюу хохирол нөхөн төлөх шаардлага үүсээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Бусад зардлыг үүрэг гүйцэтгэгч гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид оруулсан ашгийн хэмжээгээр нөхөн төлнө.
205.7.Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй.
Үүрэг гүйцэтгэх
Нэгдүгээр дэд бүлэг
Нийтлэг үндэслэл
206 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэх зарчим
206.1.Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.
207 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэх газар
207.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүрэг гүйцэтгэх газрыг дараахь байдлаар тодорхойлно:
207.1.1.үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдсон үүргийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газарт;
207.1.2.эд хөрөнгө тээвэрлэх үүргийг уул эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр анхны тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн газар;
207.1.3.мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар;
207.1.4.бусад бүх үүргийг үүрэг гүйцэтгэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар.
207.2.Энэ хуулийн 207.1.3-т заасан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягаар мөнгийг илгээхээр банк, түүнтэй адилтгах бусад байгууллагад шилжүүлснээр үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэнд тооцно.
207.3.Үүрэг гүйцэтгэхээс өмнө үүрэг гүйцэтгүүлэгч, эсхүл үүрэг гүйцэтгэгч оршин суугаа /оршин байгаа/ газраа өөрчилсөн тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй байсан тохиолдолд шинэ газар үүрэг гүйцэтгэх буюу үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахтай холбогдон гарсан зардлыг шилжсэн тал нь нөхөн төлж, эрсдэлийг хариуцна.
208 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэх хугацаа
208.1.Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.
208.2.Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна.
208.3.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй.
208.4.Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй.
208.5.Үүрэг гүйцэтгүүлэгч татгалзаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанаас нь өмнө гүйцэтгэх эрхтэй.
208.6.Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ хуулийн 208.4-т заасан хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг түүнээс шаардах эрхтэй.
208.7.Болзол тавьж хийсэн хэлцлийн тухайд үүргийг уул болзол бий болсны дараагийн өдрөөс гүйцэтгэнэ.
209 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэхээс татгалзах
209.1.Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно.
210 дугаар зүйл. Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх
210.1.Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно.
210.2.Үүрэг гүйцэтгэгч нь гуравдагч этгээдийн үүргийн гүйцэтгэлээс татгалзвал үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээж авахгүй байх эрхтэй.
210.3.Гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна.
210.4.Үүрэг гүйцэтгэгчийн эд хөрөнгөөс үүргийг албадан гүйцэтгүүлэхээр бол тухайн эд хөрөнгийн хувьд эрхээ алдаж болзошгүй гэж үзсэн этгээд нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах эрхтэй. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх үүргийн гүйцэтгэлийг хангасан гуравдагч этгээдэд шилжинэ.
211 дугаар зүйл. Үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх
211.1.Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.
/Энэ хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
211.2.Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.
212 дугаар зүйл. Сонгох үүрэг
212.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол хэд хэдэн үүргээс аль нэгийг нь сонгож гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ.
212.2.Үүрэг гүйцэтгэгч гүйцэтгэвэл зохих хэд хэдэн үйлдлийн аль нэгээс татгалзах эрхтэй бол татгалзсан тохиолдолд үлдсэн үйлдлийг гүйцэтгэх үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.
212.3.Энэ хуулийн 212.1-д заасан сонголт хийхдээ үүрэг гүйцэтгэгч энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэнэ.
213 дугаар зүйл. Үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх
213.1.Гэрээнд заасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хэсэгчлэн гүйцэтгэх эрхтэй.
213.2.Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд зааснаас өөр гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Үүргийн гүйцэтгэл нь зардал ихтэй байсан ч энэ журам нэгэн адил үйлчилнэ.
214 дугаар зүйл. Үүргийн гүйцэтгэлийн чанар
214.1.Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй.
215 дугаар зүйл. Үүргийн гүйцэтгэлийг саатуулах эрх
215.1.Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно.
215.2.Үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал үүрэг гүйцэтгэгч үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэгтэй.
216 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэх дараалал
216.1.Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ.
216.2.Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ.
216.3.Шаардлагууд нь үүрэг гүйцэтгэгчийн хувьд ижил нөхцөлтэй бол биелэх боломж багатай үүргийг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ.
216.4.Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.
Хоёрдугаар дэд бүлэг
Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх
217 дугаар зүйл. Төлбөр гүйцэтгэх мөнгөн тэмдэгт
217.1.Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ.
217.2.Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно.
218 дугаар зүйл. Төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш
218.1.Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө.
218.2.Хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцож төлбөрийг төлнө.
/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдал
Нэгдүгээр дэд бүлэг
Нийтлэг үндэслэл
219 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болох
219.1.Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
219.2.Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
219.3.Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно.
219.4.Үүрэг гүйцэтгэгч санаатайгаар үүргээ зөрчсөн тохиолдолд учирсан хохирлыг арилгах үүргээс түүнийг чөлөөлөхөөр урьдчилан тохиролцож болохгүй.
219.5.Хууль ёсны төлөөлөгч буюу бусад этгээдээр үүргээ гүйцэтгүүлсэн үүрэг гүйцэтгэгч тэдгээрийн үйлдлийн улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцна.
219.6.Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ.
220 дугаар зүйл. Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох
220.1.Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй.
220.2.Гэрээ байгуулах үндэслэлийн талаар талуудын төсөөлөл буруу байсан бол түүнийг гэрээ байгуулах нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй адилтгаж үзнэ.
220.3.Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй.
220.4.Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй.
221 дугаар зүйл. Хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзах
221.1.Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно.
221.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ.
221.3.Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно.
221.4.Эрх бүхий этгээд гэрээ цуцлах үндэслэл байгааг мэдсэнээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болно.
221.5.Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.
221.6.Хохирлыг арилгахтай холбогдсон шаардлагад энэ хуулийн 227 дугаар зүйл нэгэн адил хамаарна.
Хоёрдугаар дэд бүлэг
Хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагавар
222 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэх
222.1.Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ:
222.1.1.үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол;
222.1.2.үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол.
222.2.Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
222.3.Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хариуцлагыг хүлээнэ.
222.4.Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна. Харин үүргийг хугацаанд нь гүйцэтгэсэн ч тохиолдох байсан тохиолдлын улмаас үүссэн хохирлыг хариуцахгүй.
222.5.Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй.
222.6.Хүүгээс анз тооцохгүй.
222.7.Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.
222.8.Үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үүргээ хугацаанаас нь өмнө гүйцэтгэсэн бол хугацаа хэтрүүлсэнтэй адилтгаж үзнэ.
223 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлэх
223.1.Хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
223.2.Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
224 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үүрэг
224.1.Энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй.
224.2.Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ:
224.2.1.гэрээний зүйлийг хадгалсантай холбогдож үүрэг гүйцэтгэгчээс гарсан нэмэлт зардлыг нөхөн төлөх;
224.2.2.гэрээний зүйл тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдлийг хүлээх;
224.2.3.мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах.
Гуравдугаар дэд бүлэг
Хоёр талын гэрээнд үүрэг зөрчих
225 дугаар зүйл. Үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах
225.1.Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.
225.2.Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.
225.3.Үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно.
225.4.Дараахь тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй:
225.4.1.үүргийг ялимгүй зөрчсөн;
225.4.2.энэ хуулийн 186.2-т заасан шаардлагыг зөрчсөн боловч үүрэг гүйцэтгүүлэгч гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй байвал;
225.4.3.үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай;
225.4.4.үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгч хариу шаардлага гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа хариу шаардлага нэн даруй гаргах боломжтой бол.
225.5.Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй.
225.6.Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах хугацааг үүрэг гүйцэтгэгч тогтоож болно.
225.7.Энэ хуулийн 225.6-д заасан хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхээ эдлээгүй боловч үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт буюу урьдчилсан сануулгын хугацаанд гэрээг биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно.
226 дугаар зүйл. Нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал
226.1.Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй:
226.1.1.ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол;
226.1.2.үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, харин нэмэлт хугацаанд үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд гэрээний харилцаа үргэлжлэх ёстой бол;
226.1.3.хоёр талын ашиг сонирхлын үүднээс онцгой үндэслэлээр гэрээг нэн даруй цуцлах шаардлагатай бол.
227 дугаар зүйл. Үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага
227.1.Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
227.2.Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй.
227.3.Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.
227.4.Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй.
227.5.Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй.
Гэм хорыг арилгах
228 дугаар зүйл. Гэм хорыг арилгуулах эрх
228.1.Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.
228.2.Хохирогч эрхээ сэргээлгэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдэд тодорхой хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол мөнгөөр гүйцэтгэхийг шаардаж болно.
228.3.Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй.
228.4.Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.
228.5.Хохирогч мэргэжлийн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд дахин мэргэжил эзэмших зайлшгүй шаардлагатай бол үүнтэй холбогдсон зардлыг нөхөн төлөхөд энэ журам нэгэн адил хамаарна.
228.6.Хүндэтгэн үзэх шалтгаан байвал хохирогч энэ хуулийн 228.3-т заасан сар тутмын мөнгөн төлбөрийн оронд нэг удаагийн нөхөн төлбөр авахаар шаардаж болно.
229 дугаар зүйл. Гэм хорыг арилгах хэмжээ
229.1.Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.
229.2.Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ.
230 дугаар зүйл. Эдийн бус гэм хорыг арилгах
230.1.Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй.
230.2.Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
230.3.Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана.
Үүргийн гүйцэтгэлийг хангах арга
231 дугаар зүйл. Үүргийн гүйцэтгэлийг хангах арга
231.1.Үүргийн гүйцэтгэлийг дараахь аргаар хангана:
231.1.1.анз;
231.1.2.дэнчин;
231.1.3.баталгаа;
231.1.4.барьцаа;
231.1.5.батлан даалт;
231.1.6.үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/;
231.1.7.хуульд заасан бусад арга.
232 дугаар зүйл. Анз
232.1.Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.
232.2.Дэнчингийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд анзыг нэгэн адил хэрэглэж болно.
232.3.Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.
232.5.Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.
232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.
232.7.Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй.
232.8.Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.
233 дугаар зүйл. Дэнчин
233.1.Гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ.
233.2.Гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө.
233.3.Дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ. Энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно.
233.4.Дэнчин авсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг тавьсан этгээдэд буцааж өгнө. Энэ тохиолдолд дэнчин тавьсан этгээд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй.
234 дугаар зүйл. Баталгаа
234.1.Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно.
234.2.Хуульд өөрөөр заагаагүй бол баталгааны гэрээг бичгээр хийнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
234.3.Гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч нэг талын санаачилгаар гэрээг цуцалж болохгүй.
234.4.Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана.
234.5.Үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг хүлээсэн баталгаа гаргагч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхгүй.
234.6.Банкны баталгааг энэ хуулийн 457 дугаар зүйлд заасан журмаар зохицуулна.
235 дугаар зүйл. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/
235.1.Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
235.2.Шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно.
235.3.Гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй.
235.4.Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.
235.5.Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
235.6.Үүрэг хүлээгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгийн өмчлөх эрхийг фидуцийн үндсэн дээр гуравдагч этгээдэд шилжүүлсэн бол гуравдагч этгээд нь энэ хуулийн 37 дугаар бүлэгт заасан хөрөнгө итгэмжлэх гэрээний журмаар уг эд хөрөнгийг үүрэг хүлээгчийн эрх ашгийн үүднээс өмчилж, удирдана.
/Энэ хэсгийг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
Үүрэг дуусгавар болох
236 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болох
236.1.Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно:
236.1.1.үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн;
236.1.2.үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан;
236.1.3.талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон.
236.2.Энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно.
236.3.Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээн авсныг гэрчлэх баримт бичгийг үүрэг гүйцэтгэгчийн шаардлагаар олгох үүрэгтэй.
236.4.Өрийг хүлээн авсан тухай баримт бичигт хүүгийн тухай заагаагүй бол хүүг төлсөн гэж үзэж мөнгөн төлбөрийн үүрэг бүхэлдээ дуусгавар болно.
236.5.Өрийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзнэ.
236.6.Үүрэг гүйцэтгүүлэгч, эсхүл эрх бүхий этгээдийн үйлдсэн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичигт өрийн төрөл, хэмжээ, үүрэг гүйцэтгэгчийн буюу өр төлсөн этгээдийн овог, эцгийн нэр, үүрэг гүйцэтгэсэн газар, хугацаа зэргийг заана.
236.7.Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг нотлох бичиг өгсөн бол үүрэг гүйцэтгэсэн тухай баримт бичгийн хамт нотлох бичгийг буцаах буюу түүнийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй.
236.8.Үүрэг гүйцэтгүүлэгч нотлох бичгийг буцааж өгч чадахгүй бол үүрэг дуусгавар болсон тухай баримт хийж өгөхийг үүрэг гүйцэтгэгч шаардах эрхтэй.
236.9.Талууд өөрөөр тохиролцоогүй бол үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичиг олгохтой холбогдсон зардлыг үүрэг гүйцэтгэгч, харин үүрэг гүйцэтгүүлэгч оршин суугаа /оршин байгаа/ газраа өөрчилсөн, эсхүл нас барсан бөгөөд өвлөгч нь өөр газар оршин суудаг /оршин байдаг/ бол үүрэг гүйцэтгүүлэгч буюу түүний өвлөгч тус тус хариуцна.
236.10.Дараахь үйлдэл хийхээс үүрэг гүйцэтгүүлэгч татгалзсан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхөөс татгалзах эрхтэй:
236.10.1.үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичиг олгох;
236.10.2.энэ хуулийн 236.7-д заасан нотлох бичгийг буцааж өгөх буюу түүнийг хүчингүй болгох;
236.10.3.үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичигт нотлох бичгийг буцааж өгөх боломжгүй болсон тухай тэмдэглэл хийх буюу үүрэг дуусгавар болсон баримт хийж өгөх.
236.11.Энэ хуулийн 236.10-т заасан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
237 дугаар зүйл. Хадгалалтад шилжүүлснээр үүрэг дуусгавар болох
237.1.Үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацааг хэтрүүлсэн, эсхүл түүний оршин суугаа /оршин байгаа/ газар нь тодорхой бус бол үүрэг гүйцэтгэгч нь үүргийн зүйлийг уул үүргийг гүйцэтгэвэл зохих газрын нотариатад, мөнгө буюу үнэт цаасыг нотариатаар дамжуулан банкинд хадгалуулахаар шилжүүлэх үүрэгтэй. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэнд тооцогдож, үүргээс чөлөөлөгдөнө.
237.2.Үүрэг гүйцэтгэгчийн шилжүүлсэн үүргийн зүйлийг нотариат үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэх үүрэгтэй. Ийнхүү шилжүүлэх хүртэл уг зүйлийг хадгалах этгээдийг өөрийн үзэмжээр сонгож хадгалуулах бөгөөд баримт бичгийг өөртөө хадгална.
237.3.Үүргийн зүйл нь хадгалалтын шаардлага хангасан байвал зохих бөгөөд түргэн муудах, чанар нь алдагдах зүйлийг хадгалалтад хүлээж авахгүй.
237.4.Нотариат үүргийн гүйцэтгэлийг хадгалалтад хүлээн авсан тухай үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэж, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахыг түүнээс шаардана.
237.5.Үүргийн зүйлийг хадгалахтай холбогдсон зардлыг үүрэг гүйцэтгүүлэгч хариуцна.
237.6.Үүрэг гүйцэтгэгч нотариатад хадгалуулахаар шилжүүлсэн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэхээс өмнө буцаан авахаар хэдийд ч шаардах эрхтэй. Буцаан авсан тохиолдолд үүргийн зүйлийг хадгалалтад шилжүүлээгүй гэж үзнэ.
237.7.Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн зүйлийг хүлээн авахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 237.9-д заасан хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч хадгалалтад шилжүүлсэн зүйлээ буцаан авч болно.
237.8.Энэ хуулийн 237.6, 237.7-д зааснаар хадгалалтад шилжүүлсэн зүйлээ буцааж авсан үүрэг гүйцэтгэгч хадгалахтай холбогдсон бүх зардлыг хариуцна.
237.9.Нотариат, өөртөө хадгалуулахаар шилжүүлсэн зүйлийг гурав хүртэл жил хадгалах бөгөөд энэ хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч уг зүйлийг хүлээн аваагүй бол энэ тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж хадгалуулсан зүйлээ буцааж авахыг түүнээс шаардана. Хэрэв тогтоосон хугацаанд уг зүйлийг буцааж аваагүй бол түүнийг төрийн өмчлөлд шилжүүлнэ.
238 дугаар зүйл. Харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох
238.1.Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно.
238.2.Аль нэг талын шаардлагыг биелүүлэх хугацаа болоогүй байхад шаардах эрх бүхий тал зөвшөөрсөн бол харилцан шаардлагыг тооцож үүргийг дуусгавар болгож болно.
238.3.Хөөн хэлэлцэх хугацаа дууссан шаардлагуудыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно.
238.4.Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна.
238.5.Үүргийг тооцуулах тухай саналыг хүлээн авсан тал хэд хэдэн шаардлагыг биелүүлэх ёстой байвал энэ хуулийн 216.1-216.3-т заасан журам нэгэн адил үйлчилнэ.
238.6.Нэг тал нь нөгөө талдаа үндсэн үүргийн зэрэгцээ хүү болон бусад зардал төлөх үүрэг хүлээсэн бол энэ хуулийн 216.4-т заасан журам нэгэн адил үйлчилнэ.
238.7.Өөр өөр газар гүйцэтгэвэл зохих үүргийг талууд тохиролцон тооцож үүргийг дуусгавар болгож болно.
238.8.Дараахь тохиолдолд үүргийг харилцан тооцож дуусгавар болгож болохгүй:
238.8.1.талууд үүргийг харилцан тооцохгүй гэж урьдчилан тохиролцсон;
238.8.2.үүргийн зүйлийг төлбөрт авч болохгүй, эсхүл амьжиргааны эх үүсвэр болсон зүйл байсан;
238.8.3.хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон гэм хорыг арилгах үүрэг үүссэн;
238.8.4.хуульд заасан бусад тохиолдол.
239 дугаар зүйл. Өрийг хүчингүй болгосноор үүрэг дуусгавар болох
239.1.Талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өрийг хүчингүй болговол энэхүү үүрэг дуусгавар болно.
239.2.Үүрэг гүйцэтгүүлэгч бусад үүрэг гүйцэтгэгчийн хувьд шаардах эрхээ хэвээр хадгалснаас бусад тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь бүх өрийг дуусгавар болгосон бол бусад үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлнө.
239.3.Үүрэг гүйцэтгүүлэгч өрөөс чөлөөлөгдсөн үүрэг гүйцэтгэгчид оногдох хэсгийг хасаад үлдсэн хэсгийн хувьд бусад үүрэг гүйцэтгэгчдэд тавих шаардлагаа нэгтгэн гаргаж болно.
239.4.Үндсэн үүрэг гүйцэтгэгчийн өрийг хүчингүй болгосноор батлан даагч буюу баталгаа гаргагч үүргээс чөлөөлөгдөнө.
239.5.Батлан даагч буюу баталгаа гаргагчийг үүргээс чөлөөлсөн явдал нь үндсэн үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
239.6.Хамтран батлан даагчийн аль нэгийг өр төлөхөөс чөлөөлснөөр бусад батлан даагчид үүргээс чөлөөлөгдөнө.
239.7.Хоёр талын гэрээнд аль нэг тал нь шаардлагаасаа татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болохгүй. Энэ тохиолдолд шаардлагаасаа татгалзсан тал нь нөгөө тал шаардлагаасаа татгалзах хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх үүрэгтэй.
240 дугаар зүйл. Үүрэг дуусгавар болох бусад үндэслэл
240.1.Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно:
240.1.1.үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч хоёр нэг этгээд болсон;
240.1.2.үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан;
240.1.3.үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хамааралтай тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан;
240.1.4.хуулийн этгээд эрх залгамжлалгүйгээр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан;
240.1.5.хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл.
Үүрэгт олон этгээд оролцох
241 дугаар зүйл. Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид
241.1.Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ.
241.2.Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүрэн эрх хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбогдож үүснэ.
241.3.Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь энэ хуулийн 241.1-т заасан шаардлага гаргаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг өөрийн үзэмжээр үүрэг гүйцэтгүүлэгчийн аль нэгд шилжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө хүлээх үүргээс чөлөөлөгдөнө.
241.4.Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь шаардлагаасаа татгалзвал үүрэг гүйцэтгэгч тухайн үүрэг гүйцэтгүүлэгчид оногдох хэсгээр үүргээс чөлөөлөгдөнө.
241.5.Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь хэд хэдэн өвлөгчтэй бол өвлөгч бүр өр шаардах эрхийн өөрт ногдох хэсгийг өвлөх эрхтэй.
241.6.Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хүлээн авсан бол бусад үүрэг гүйцэтгүүлэгчид ногдох хэсгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй.
241.7.Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид өөрөөр тохиролцоогүй бол тэдгээрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх тэнцүү байна.
242 дугаар зүйл. Хамтран үүрэг гүйцэтгэгчид
242.1.Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.
242.2.Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ.
242.3.Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.
242.4.Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нь ч гэрээгээр тогтоосон буюу түүнд эрх олгосон, эсхүл хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хувьд нийтлэг аливаа хариу шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй.
242.5.Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь хүлээлгэн өгсөн бол бусад үүрэг гүйцэтгэгчид үүргээс чөлөөлөгдөнө.
242.6.Үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нэг этгээдэд шаардлага гаргаснаар бусад үүрэг гүйцэтгэгчдэд шаардлага гаргах эрхээ алдахгүй.
242.7.Үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгч нэг этгээдээс үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацаа саатуулсан тохиолдолд үүсэх үр дагавар нь бусад үүрэг гүйцэтгэгчдэд нэгэн адил хамаарна.
242.8.Үүрэг гүйцэтгэгч нэг этгээд үүрэг гүйцэтгэх хугацаа зөрчсөн тохиолдолд үүсэх үр дагавар нь бусад үүрэг гүйцэтгэгчдэд хамаарахгүй.
242.9.Хамтран үүрэг гүйцэтгэгч нэг этгээд хэд хэдэн өвлөгчтэй бол тэдгээр нь тус бүрдээ өв залгамжлалаар өөрт ногдох өвтэй хувь тэнцүү хэмжээгээр үүрэг хүлээх боловч шаардлага нь үл хуваагдах шинжтэй бол энэ журам хамаарахгүй.
242.10.Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэгний өр нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагатай нэгдсэн бол уг үүрэг гүйцэтгэгчийн өрийн хэмжээгээр бусад үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болно.
242.11.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.
242.12.Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй.
242.13.Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна.
242.14.Хамтран үүрэг гүйцэтгэгч нэг этгээдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу түр зогссон нь бусад үүрэг гүйцэтгэгчдэд хамаарахгүй.
ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ
БУСДЫН ӨМЧЛӨЛД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГ
Худалдах-худалдан авах болон арилжаа
Нэгдүгээр дэд бүлэг
Нийтлэг үндэслэл
243 дугаар зүйл. Худалдах-худалдан авах гэрээ
243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
243.2.Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.
244 дугаар зүйл. Худалдах-худалдан авах гэрээний үнэ
244.1.Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно.
245 дугаар зүйл. Хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон зардлыг хуваарилах
245.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон /жигнэх, савлах, баглах гэх мэт/ зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна.
245.2.Гэрээнд өөрөөр заагаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахад гэрээ болон шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна.
246 дугаар зүйл. Эд хөрөнгө илгээх талаар худалдагчийн хүлээх үүрэг
246.1.Гэрээ ёсоор худалдагч эд хөрөнгийг тээвэрлэгчид шилжүүлсэн бөгөөд тухайн эд хөрөнгөд ямар нэгэн таних тэмдэг буюу бусад хэрэгслээр тэмдэглэл хийгээгүй бол түүнийг илгээсэн тухай худалдан авагчид мэдэгдэж, ачааны дэлгэрэнгүй жагсаалтыг илгээх үүрэгтэй.
246.2.Хэрэв худалдагч эд хөрөнгийг илгээх үүрэг хүлээсэн бол эд хөрөнгийг тохирсон газар хүргэхэд шаардагдах гэрээг тухайн төрлийн тээвэрлэлтийн ердийн нөхцөлөөр хийх үүрэгтэй.
246.3.Тээвэрлэлтийн явцад эд хөрөнгийг даатгуулах үүрэг худалдагч хүлээгээгүй бол худалдан авагчийн хүсэлтээр даатгалын гэрээ байгуулахад шаардагдах, өөрт байгаа бүхий л мэдээллийг түүнд өгөх үүрэг хүлээнэ.
247 дугаар зүйл. Үр шим болон эрсдэл худалдан авагчид шилжих
247.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ.
247.2.Худалдагч худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн хүсэлтээр гэрээнд зааснаас өөр газар хүргүүлэхээр илгээсэн бол тухайн эд хөрөнгийг тээвэрлэгчид, эсхүл эрх бүхий этгээдэд шилжүүлсэн үеэс худалдан авагчид үр шим, эрсдэл нь шилжинэ.
248 дугаар зүйл. Эд хөрөнгийг хүлээн авсанд тооцох
248.1.Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно.
248.2.Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно.
249 дугаар зүйл. Гэрээний талууд үүргээсээ татгалзах
249.1.Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно.
249.2.Хэрэв нэг талын хүлээсэн үүргийн гүйцэтгэл нь хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар урьдчилан хангагдсан бол нөгөө тал үүргээсээ татгалзаж болохгүй.
249.3.Худалдсан эд хөрөнгийг хэсэг хэсгээр нийлүүлэх тохиолдолд нэг тал нь эд хөрөнгийг нийлүүлэх нэг удаагийн үүргээ биелүүлээгүйгээс дараагийн нийлүүлэлт биелэгдэхгүй байх бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал нь энэ хуулийн 204.2, 219.2-т заасан хугацаа өнгөрсний дараа гэрээний үүргээсээ татгалзаж болно.
250 дугаар зүйл. Худалдсан эд хөрөнгийг эзэмшилдээ авах давуу эрх
250.1.Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй.
251 дугаар зүйл. Худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдол
251.1.Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.
251.2.Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.
251.3.Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй.
252 дугаар зүйл. Худалдсан эд хөрөнгийн эрхийн доголдол
252.1.Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ.
252.2.Хүчин төгөлдөр бус эрхийг хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн бол түүнийг эрхийн доголдолтой гэнэ.
253 дугаар зүйл. Эд хөрөнгийн доголдлын талаархи худалдагчийн эрх, үүрэг
253.1.Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй.
253.2.Энэ хуулийн 253.1-д зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон /ачих, тээвэрлэх, гүйцэтгэсэн ажлын хөлс, зарцуулсан материалын үнэ гэх мэт/ зардлыг худалдагч хариуцна.
253.3.Худалдагч нь доголдолтой эд хөрөнгийн оронд өөр доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн бол өмнө нь шилжүүлсэн доголдолтой эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан авахаар шаардах эрхтэй.
254 дугаар зүйл. Эд хөрөнгийн доголдлын талаархи худалдан авагчийн эрх, үүрэг
254.1.Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.
254.2.Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно.
254.3.Энэ хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
254.4.Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө.
254.5.Худалдагчийн шилжүүлсэн эд хөрөнгө нь гэрээнд заасан тоо хэмжээнээс их байвал худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авч, үнийг нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн төлөх буюу гэрээнд заасан хэмжээнээс илүү хэсгийг худалдагчийн зардлаар буцаана.
254.6.Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.
254.7.Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ.
255 дугаар зүйл. Худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах
255.1. Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана:
255.1.1.эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан;
255.1.2.аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй;
255.1.3.тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн.
255.2.Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй.
256 дугаар зүйл. Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах
256.1.Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.
256.2.Хэд хэдэн эд хөрөнгийг худалдсан тохиолдолд тэдгээрийн зарим хэсэг нь доголдолтой бол гэрээг зөвхөн доголдолтой хэсгээр, хэрэв доголдолтой хэсэг нь бусад хэсэгтэйгээ нэгдмэл зориулалттай ашиглагдах бол гэрээг бүхэлд нь цуцалж болно.
256.3.Гол эд хөрөнгө доголдолтой бол бүхэлд нь, дагалдах эд хөрөнгө нь доголдолтой бол гагцхүү тэр хэсгээр нь гэрээг цуцалж болно.
257 дугаар зүйл. Хариуцлагыг хязгаарласан хэлцэл хүчин төгөлдөр бус байх
257.1.Ямар нэгэн доголдолтой эд хөрөнгийг худалдсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй байх, эсхүл хүлээх хариуцлагыг хязгаарлахаар талууд тохиролцон гэрээнд зааж болох боловч худалдагч нь эд хөрөнгийн доголдлыг зориуд нуун дарагдуулсан бол уул тохиролцоо хүчин төгөлдөр бус байна.
258 дугаар зүйл. Худалдсан эд хөрөнгийг хадгалах үүрэг
258.1.Худалдан авагч худалдан авсан эд хөрөнгөө хугацаанд нь хүлээж аваагүй бол худалдагч уг эд хөрөнгийг хадгалах үүрэгтэй.
258.2.Худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх, зохих зардлыг нөхөн төлөх хүртэл худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй.
258.3.Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсан боловч эрхийнхээ дагуу буцааж өгөх хүсэлтэй бол түүнийг хадгалж, бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд худалдагч зохих зардлыг төлөх хүртэл худалдан авагч уг эд хөрөнгийг өөртөө үлдээх эрхтэй.
258.4.Харьцангуй өндөр зардал гаргахааргүй бол эд хөрөнгийг хадгалах үүрэг бүхий тал нь нөгөө талынхаа зардлаар гуравдагч этгээдийн агуулахад эд хөрөнгийг хадгалж болно.
259 дугаар зүйл. Хадгалж байгаа эд хөрөнгийг худалдах
259.1.Гэрээний нэг тал эд хөрөнгийг хүлээж авахгүй удаасан буюу хадгалахтай холбогдсон зардлыг төлөхгүй бол эд хөрөнгийг хадгалж байгаа тал нь зохих журмын дагуу түүнийг худалдах эрхтэй. Эд хөрөнгийг худалдах тухай нөгөө талдаа долоо хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй.
259.2.Энэ хуулийн 259.1-д зааснаар эд хөрөнгийг худалдсан үнээс түүнийг хадгалах, худалдахтай холбогдсон зардлыг суутган тооцож үлдсэн мөнгийг нөгөө талдаа шилжүүлнэ.
259.3.Энэ хуулийн 258 дугаар зүйлд заасан тохиолдолд хадгалах эд хөрөнгө нь түргэн муудах буюу үнэ нь буурах, эсхүл түүнийг хадгалахад харьцангуй өндөр зардал шаардагдахаар бол хадгалах үүрэг бүхий тал нь энэ зүйлд заасан журмын дагуу түүнийг худалдах үүрэгтэй.
260 дугаар зүйл. Эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авах
260.1.Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна.
260.2.Эрх худалдахад худалдагч нь уг эрх хүчин төгөлдөр болох тухай үндэслэл гаргах, эрх шилжүүлэхтэй холбогдсон зардлыг хариуцна.
260.3.Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй.
261 дугаар зүйл. Гэрээний талууд үүргээ зөрчсөнөөс учирсан гэм хорыг арилгах
261.1.Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана.
Хоёрдугаар дэд бүлэг
Зээлээр худалдах-худалдан авах
262 дугаар зүйл. Зээлээр худалдах-худалдан авах гэрээ
262.1.Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.
263 дугаар зүйл. Зээлээр худалдах-худалдан авах гэрээний хэлбэр
263.1.Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
263.2.Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана:
263.2.1.бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ;
263.2.2.хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа;
263.2.3.төлбөл зохих хүүгийн хэмжээ;
263.2.4.үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам.
263.3.Худалдагч гэрээ болон дагалдах баримт бичгийн хувийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй.
263.4.Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ.
264 дугаар зүйл. Худалдагч гэрээнээс татгалзах
264.1.Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
264.2.Энэ хуулийн 264.1-д заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй.
Гуравдугаар дэд бүлэг
Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ
265 дугаар зүйл. Эд хөрөнгө буцаан худалдан авах худалдагчийн эрх
265.1.Худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ.
266 дугаар зүйл. Гэрээний үнэ
266.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн эд хөрөнгийг анх худалдсан үнээр буцаан худалдаж авна.
266.2.Эд хөрөнгийг засан сайжруулсны үр дүнд өртөг нь нэмэгдсэн бол түүнийг буцаан худалдаж байгаа тал нь нэмэгдүүлсэн өртгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр нийт зардлаа шаардах эрхтэй.
267 дугаар зүйл. Эд хөрөнгийг буцаан худалдаж байгаа талын хүлээх үүрэг
267.1.Эд хөрөнгийг буцаан худалдаж байгаа тал нь түүнийг дагалдах зүйлийн хамт худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй.
267.2.Энэ хуулийн 265 дугаар зүйлд заасан эрхээ худалдагч хэрэгжүүлэхээс өмнө эд хөрөнгийг буцаан худалдагч нь түүнийг гэмтээсэн, үрэгдүүлсэн, өөр эд хөрөнгөөр орлуулсан тохиолдолд түүнээс болж учирсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах үүрэгтэй.
267.3.Энэ хуулийн 265 дугаар зүйлд заасан эрхээ худалдагч хэрэгжүүлэхээс өмнө эд хөрөнгийг буцаан худалдаж байгаа тал нь түүнийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлж болохгүй. Энэ журмыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
268 дугаар зүйл. Буцаан худалдан авах эрх хэрэгжүүлэх хугацаа
268.1.Эд хөрөнгийг буцаан худалдан авах эрх хэрэгжүүлэх хугацааг талууд тохиролцон тогтоох боловч энэ хугацаа нь таван жилээс хэтрэхгүй.
Дөрөвдүгээр дэд бүлэг
Ирээдүйд эд хөрөнгө худалдах-худалдан авах /опцион/
269 дугаар зүйл. Ирээдүйд эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ
269.1.Тодорхой цаг хугацаа, эсхүл тодорхой үйл явдал болохоос өмнө ямар нэгэн зүйлийг худалдах, эсхүл худалдан авахаар гэрээний талууд тохиролцох буюу худалдан авагч талын санаачилгаар тодорхой эд хөрөнгийг олж авах эрхтэй байхаар гэрээ байгуулж болно.
269.2.Энэ хуулийн 269.1-д заасан гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.
Тавдугаар дэд бүлэг
Худалдан авах давуу эрх
270 дугаар зүйл. Худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх
270.1.Худалдагч нь тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдах тохиолдолд уг эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй.
270.2.Худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авах давуу эрх бүхий этгээдэд эрхээ хэрэгжүүлэх хугацаа тогтоох бөгөөд энэ хугацаанд давуу эрх бүхий этгээд эрхээ хэрэгжүүлээгүй бол худалдагч гуравдагч этгээдтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж болно.
270.3.Худалдагч энэ хуулийн 270.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол худалдан авах давуу эрх бүхий этгээд нь худалдагчаас гуравдагч этгээдэд санал болгосон нөхцөлөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулахаар шаардах эрхтэй.
271 дугаар зүйл. Худалдагчийн гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх
271.1.Худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэхгүй буюу уг эрхийг хэрэгжүүлэх нөхцөлд давуу эрх бүхий этгээдтэй хийсэн гэрээнээс татгалзахаар худалдагчийн гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
272 дугаар зүйл. Гуравдагч этгээдийн хүлээх нэмэгдэл үүрэг
272.1.Гуравдагч этгээд нь худалдагчтай байгуулсан гэрээ ёсоор нэмэгдэл ямар нэгэн үйлчилгээ үзүүлэх буюу үүрэг хүлээсэн бол худалдан авах давуу эрх бүхий этгээд уг үйлчилгээ буюу нэмэгдэл үүргийн үнийг төлнө.
272.2.Хэрэв нэмэгдэл үйлчилгээ буюу үүрэг нь мөнгөөр илэрхийлэгдэх боломжгүй бол худалдан авах давуу эрх хэрэгжихгүй.
272.3.Худалдан авах давуу эрхийг эдлүүлэхгүй байх зорилгоор гуравдагч этгээд нэмэгдэл үүрэг хүлээхээр худалдагчтай хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
273 дугаар зүйл. Худалдан авах давуу эрх үл шилжих
273.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдан авах давуу эрхийг бусдад шилжүүлж болохгүй.
Зургадугаар дэд бүлэг
Арилжаа
274 дугаар зүйл. Арилжааны гэрээ
274.1.Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.
274.2.Арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно.
274.3.Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.
274.4.Төрийн өмчлөлийн мөнгө, үнэт цаасаар арилжаа хийх журмыг хуулиар тогтооно.
275 дугаар зүйл. Арилжих хөрөнгийн үнийн зөрүүг тооцох
275.1.Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно.
Бэлэглэл
276 дугаар зүйл. Бэлэглэлийн гэрээ
276.1.Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ.
276.2.Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно.
276.3.Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ.
276.4.Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ.
276.5.Тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж болно.
276.6.Хандив хүлээн авагч нь хандивын хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд энэ үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол бэлэглэгч хандивласан хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахыг шаардах эрхтэй.
277 дугаар зүйл. Бэлэглэгчийн эрхийг хязгаарлах
277.1.Бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй.
278 дугаар зүйл. Бэлэглэгчийн хүлээх хариуцлага
278.1.Бэлэглэгч нь бэлэглэсэн хөрөнгийн доголдлыг санаатай нуун дарагдуулсны улмаас бэлэг хүлээн авагчид учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
279 дугаар зүйл. Тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээ
279.1.Ямар нэгэн болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцож болно.
279.2.Энэ хуулийн 279.1-д заасан болзол буюу зорилго нь бусдын, эсхүл нийтийн ашиг тусын тулд зориулагдаж болно. Энэ тохиолдолд уг болзол, зорилгыг гүйцэтгэхийг бэлэглэгч болон сонирхогч этгээд шаардах эрхтэй.
279.3.Бэлэг хүлээн авах эрх бүхий этгээд гэрээнд заасан болзол буюу зорилгыг биелүүлээгүй бол бэлэглэгч гэрээнээс татгалзаж болно.
279.4.Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээг бичгээр хийнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
280 дугаар зүйл. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох
280.1.Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй:
280.1.1.бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн;
280.1.2.бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан.
280.2.Бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан олгоно.
280.3.Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй.
Зээл
281 дугаар зүйл. Зээлийн гэрээ
281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
282 дугаар зүйл. Зээлийн гэрээний хүү
282.1.Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
282.2.Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.
282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
282.4.Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
283 дугаар зүйл. Зээлийн гэрээний хугацаа
Энэ зүйлийг 2022-11-04-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
283.1.Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.
283.2.Зээлийн гэрээгээр хүү тогтоогоогүй бол зээлдэгч хугацаанаас нь өмнө зээлийг буцаан өгч болно.
283.3.Зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол гагцхүү талууд урьдчилан тохирсон буюу зээлдүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд зээлийг хүүгийн хамт хугацаанаас өмнө буцаан өгч болно. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
283.4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлийн хүүг жил тутам төлнө. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
284 дугаар зүйл. Зээлийг нэн даруй буцаан шаардах
284.1.Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй.
284.2.Энэ хуулийн 284.1-д заасан нөхцөл байдал зээлийн гэрээ байгуулахаас өмнө бий болсон бөгөөд зээлдэгч энэ тухай гэрээ байгуулсны дараа мэдсэн бол зээлийг нэн даруй буцаан шаардах эрх үүснэ.
285 дугаар зүйл. Зээл олгохоос татгалзах
285.1.Зээл авах гэж байгаа талын эд хөрөнгийн байдал доройтсоны улмаас зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл бий болохоор байвал зээл олгохоор амласан этгээд зээл олгохоос татгалзах эрхтэй.
286 дугаар зүйл. Барьцаалан зээлдүүлэх журмаар болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор зээл олгох /Энэ зүйлийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
286.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
286.2.Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаална. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
БУСДЫН ЭЗЭМШИЛ, АШИГЛАЛТАД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГ
Эд хөрөнгө хөлслөх
Нэгдүгээр дэд бүлэг
Нийтлэг үндэслэл
287 дугаар зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээ
287.1.Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
288 дугаар зүйл. Хөлслүүлэгчийн эрх, үүрэг
288.1.Хөлслүүлэгч нь дараахь үүрэг хүлээнэ:
288.1.1.хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх;
288.1.2.хууль буюу гэрээнд заасан бол хөлслөн авсан эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй зардлыг хөлслөгчид нөхөн төлөх;
288.1.3.гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх;
288.1.4.хууль буюу гэрээнд заасан бусад үүрэг.
288.2.Хөлслүүлэгч дараахь эрхтэй:
288.2.1.хөлслөн өгсөн эд хөрөнгөөс салгаж болох засан сайжруулалтыг салган авч үлдэх;
288.2.2.хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах;
288.2.3.хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах;
288.2.4.гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах;
288.2.5.хууль буюу гэрээнд заасан бусад эрх.
289 дугаар зүйл. Хөлслөгчийн эрх, үүрэг
289.1.Хөлслөгч нь дараахь үүрэг хүлээнэ:
289.1.1.хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах;
289.1.2.эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх;
289.1.3.хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх;
289.1.4.хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх;
289.1.5.гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх;
289.1.6.хөлслөн авсан эд хөрөнгөд доголдол илэрсэн буюу гэнэтийн нөхцөл байдал бий болсноор эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зайлшгүй арга хэмжээ авах шаардлага гарсан бол энэ тухай хөлслүүлэгчид нэн даруй мэдэгдэх;
289.1.7.хууль буюу гэрээнд заасан бусад үүрэг.
289.2.Хөлслөгч нь дараахь эрхтэй:
289.2.1.хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах;
289.2.2.хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг хөлслүүлэгчээс шаардах;
289.2.3.хөлслөн авсан эд хөрөнгө нь бусдын амь бие, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц байдалд байвал энэ хуулийн 294.3-т заасан хугацааг харгалзахгүй гэрээг цуцлах;
289.2.4.гэрээний үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөн авах хүсэлтэй, төлбөрийн чадвартай хөлслөгчийг санал болгон гэрээгээ цуцлах тухай хөлслүүлэгчид нэг сарын өмнө мэдэгдсэн бол хугацаанаас нь өмнө гэрээгээ цуцлах;
289.2.5.талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах;
289.2.6.хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах;
289.2.7.хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, дамжуулан хөлслөх;
289.2.8.хууль буюу гэрээнд заасан бусад эрх.
289.3.Энэ хуулийн 289.2.7-д заасан тохиолдолд хөлслүүлэгч нь зөвшөөрөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй.
289.4.Бий болох аюулыг гэрээ байгуулах үедээ хөлслөн авагч мэдэж байгаад тухайн үедээ ямар нэгэн гомдол гаргаагүй тохиолдолд ч энэ хуулийн 289.2.3-т заасан журам нэгэн адил хамаарна.
289.5.Гэрээ байгуулах үед буюу хожим нь эд хөрөнгийн доголдол илэрсэн бөгөөд уг доголдлыг арилгах үүргээ хөлслүүлэгч биелүүлэхгүй саатуулж байвал хөлслөгч хөлсний хэмжээг бууруулах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
289.6.Энэ хуулийн 289.2.7-д зааснаар эд хөрөнгийг дамжуулан хөлслөх гэрээний хугацаа үндсэн гэрээний хугацаанаас хэтэрч болохгүй.
289.7.Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй бөгөөд хөлслүүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ шинээр байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй.
290 дугаар зүйл. Эд хөрөнгийн доголдол
290.1.Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэнэ.
290.2.Гэрээнд эд хөрөнгийн шинж чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.
290.3.Хөлслөгчийн хөлслөн авсан эд хөрөнгийн талаар гуравдагч этгээд ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй байвал тухайн эд хөрөнгийг эрхийн доголдолгүй гэнэ.
290.4.Хөлслөн өгсөн эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эрхээр хязгаарлагдсан байвал үр дагаврыг хөлслүүлэгч хариуцна.
290.5.Хөлслөн өгсөн эд хөрөнгийн доголдлоос болж эд хөрөнгийн ашиглалт буурсан хэмжээгээр хөлслүүлэгчид төлөх хөлсийг бууруулна.
290.6.Эд хөрөнгийн доголдлыг хөлслүүлэгч арилгасан буюу доголдол нь тухайн эд хөрөнгийн хэвийн ашиглалтад саад болохооргүй, ялимгүй шинжтэй бол энэ хуулийн 290.5-д заасан журам хамаарахгүй.
290.7.Хөлслүүлэгч эд хөрөнгийн доголдлыг арилгах үүргээ биелүүлэхгүй байвал хөлслөгч уг доголдлыг арилгаж, холбогдох зардлыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй.
290.8.Хөлслөгч гэрээ байгуулах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдэж байсан бол хуульд зааснаас бусад тохиолдолд энэ талаар хожим гомдол гаргах эрх түүнд үүсэхгүй.
291 дугаар зүйл. Хөлслөгч хариуцлага хүлээхгүй байх үндэслэл
291.1.Хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар ашигласны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
292 дугаар зүйл. Хөлс төлөх журам
292.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахад хөлсийг төлнө.
292.2.Хөлсийг тогтмол хугацаанд төлөхөөр тогтоосон бол уг хугацаанд төлнө.
292.3.Талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө.
292.4.Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй.
292.5.Хөлслөгч хөлс төлөх шаардлагын эсрэг эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбоотой, өөрийн шаардлагыг хангуулах буюу түүнийг тооцуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэхүү шаардах, тооцуулах эрхийг хязгаарласан гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна.
293 дугаар зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа
293.1.Эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно.
293.2.Эд хөрөнгө хөлслөх гэрээг арван жилээс дээш хугацаагаар байгуулсан бол арван жил өнгөрсний дараа энэ хуулийн 294.3-т заасан хугацааны дотор талуудын аль нь ч гэрээг цуцлах эрхтэй.