ИРГЭНИЙ ХУУЛЬ

Иргэний эрх зүй, өмч, гэр бүл · 554 зүйл · хүчин төгөлдөр · хэсэг 3/4 (294–444-р зүйл) · legalinfo.mn ↗

294 дугаар зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болох

294.1.Эд хөрөнгө хөлслөх гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:

294.1.1.гэрээний хугацаа дууссан;

294.1.2.гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол гэрээ цуцлах тухай аль нэг тал нь мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн;

294.1.3.хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан.

294.2.Хүндэтгэн үзэх дараахь шалтгаанаар талууд гэрээг цуцалж болно:

294.2.1.нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар;

294.2.2.хөлслүүлсэн сууцны талбай хөлслүүлэгчид өөрт нь буюу түүний ойрын төрөл төрөгсдөд хэрэгцээтэй болсон;

294.2.3.хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан;

294.2.4.хуульд заасан бусад үндэслэл.

294.3.Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно.

294.4.Хэрэв эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь тавилга бүхий сууцны зориулалттай байр бол хөлслүүлэгч гэрээг цуцлахдаа энэ хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлах үүрэгтэй.

294.5.Энэ хуулийн 294.4-т заасан журам зочид буудал, нийтийн байранд хамаарахгүй.

294.6.Орон сууц хөлслөх гэрээг цуцлах шаардлагаа хөлслүүлэгч бичгээр гаргана.

295 дугаар зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсны үр дагавар

295.1.Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө.

295.2.Газар хөлслөгч нь өөрийн ямар нэг шаардлагыг хангуулах зорилгоор гэрээ дуусгавар болсны дараа газрыг саатуулан барьж болохгүй.

295.3.Хөлслөгч эд хөрөнгийг гуравдагч этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд хөлслүүлэгч уг гуравдагч этгээдтэй дамжуулан хөлслөх харилцаа тогтоогоогүй бол гэрээ дуусгавар болоход хөлслүүлэгч гуравдагч этгээдээс эд хөрөнгөө шаардаж болно.

295.4.Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй.

296 дугаар зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээ үргэлжлэх буюу сунгах

296.1.Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно.

296.2.Орон сууц хөлслөх гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол гэрээний хугацаа дуусахаас хоёр сарын өмнө хөлслөгч тодорхой буюу тодорхой бус хугацаагаар гэрээг сунгах тухай хүсэлтээ хөлслүүлэгчид бичгээр гаргаж болох бөгөөд энэ хуулийн 294.2-т заасан үндэслэл байхгүй бол хөлслүүлэгч гэрээг сунгаж болно.

297 дугаар зүйл. Эд хөрөнгө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэний үр дагавар

297.1.Эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилжинэ.

298 дугаар зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээний талуудын шаардлагыг хангах хөөн хэлэлцэх хугацаа

298.1.Хөлслүүлэгч эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр, хөлслөгч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр гэрээ дуусгавар болсноос хойш зургаан сарын дотор тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй.

298.2.Хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 76 дугаар зүйлд заасан журмаар тоолно.

299 дугаар зүйл. Хөлслөгч эзэмшлээ хамгаалах эрх

299.1.Хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийн эзэмшлийг өмчлөгчийн болон бусад халдлагаас хуульд заасан арга хэрэгслээр хамгаалах эрхтэй.

300 дугаар зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээ хүчин төгөлдөр бус байх

300.1.Эд хөрөнгө хөлслөхтэй холбоотой дараахь гэрээ буюу тохиролцоо хүчин төгөлдөр бус байна:

300.1.1.хөлслүүлэгч эд хөрөнгийн доголдлын талаар мэдсээр байж санаатай дуугүй өнгөрсөн байхад түүнд эд хөрөнгийн доголдолтой холбоотой хариуцлага хүлээлгэхгүй буюу хүлээх хариуцлагыг багасгах;

300.1.2.орон сууц хөлслөх гэрээгээр гэрээ цуцлах эрхийг хассан буюу хязгаарласан;

300.1.3.учруулсан гэм хороос илүү хэмжээгээр хохирлыг нөхөн төлөхийг хөлслөгчид үүрэг болгосон;

300.1.4.энэ хуульд заасан бусад.

301 дугаар зүйл. Хөлслүүлэгчийн саатуулан барих эрх

301.1.Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй.

301.2.Хөлслүүлэгчийн барьцаалсан эд хөрөнгийг хөлслөгч нь аж ахуйн хэвийн үйл ажиллагаагаа хангахад ашиглах зориулалтаар, эсхүл амьдралын ердийн нөхцөлд тохирсон харилцааны улмаас буцаан авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд саатуулан барих эрх дуусгавар болно.

Хоёрдугаар дэд бүлэг

Орон сууц хөлслөх

302 дугаар зүйл. Орон сууц хөлслөх гэрээ

302.1.Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

302.2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол орон сууц хөлслөх гэрээний бие даасан зүйл болохгүй, орон сууцны дундын ашиглалтын талбай /гал тогооны болон ариун цэврийн өрөө, байшингийн орц, шат зэрэг/-г уг орон сууцанд сууж байгаа хөлслөгчид адил тэгш ашиглах эрхтэй.

302.3.Хөлслүүлэгч орон сууцны байшин, сууц, өрөөний доторхи сайжруулалттай холбогдсон зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авахдаа ердийн боломжит хугацаанд хөлслөгчид урьдчилан мэдэгдэх, хөлслөгч нь саад болохгүй байх үүрэгтэй.

302.4.Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.

303 дугаар зүйл. Орон сууц хөлслөгчийн давуу эрх

303.1.Орон сууц хөлслөгч нь тухайн орон сууцыг сүүлийн гурван жил тасралтгүй эзэмшиж үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бол хөлслөгчийн тавьсан нөхцөлөөр уг орон сууцыг тэргүүн ээлжинд худалдан авах буюу орон сууц хөлслөх шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй.

304 дугаар зүйл. Орон сууц хөлслөгч гэрээнээс татгалзах

304.1.Хөлслөн авсан орон сууцыг бүхэлд нь буюу түүний хэсгийг хөлслөгчид хугацаанд нь шилжүүлээгүйгээс уг гэрээ түүнд ашиггүй болсон, эсхүл хөлслөгч хожим нь уг орон сууцыг ашиглах эрхгүй болсон бол энэ хуулийн 294.3-т заасан хугацааг үл харгалзан хөлслөгч гэрээг цуцлах эрхтэй.

305 дугаар зүйл. Орон сууцыг дамжуулан хөлслөх

305.1.Хөлслөгч өөрийн хөлслөн авсан орон сууцыг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр бүхэлд нь буюу түүний хэсгийг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэх эрхтэй.

305.2.Энэ хуулийн 305.1-д заасан тохиолдолд хөлслүүлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзах эрхгүй.

305.3.Дараахь үндэслэлийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж болно:

305.3.1.дамжуулан хөлслөгчийн хувийн байдлаас шалтгаалсан, эсхүл татгалзах ноцтой үндэслэл хөлслүүлэгчид байвал;

305.3.2.орон сууцны талбайн ачаалал хэт ихэссэн;

305.3.3.хууль буюу гэрээнд заасан бусад шалтгаан.

305.4.Дамжуулан хөлслөх гэрээний хугацааг талууд тохиролцон тогтоох боловч орон сууц хөлслөх үндсэн гэрээний үлдсэн хугацаанаас хэтэрч болохгүй.

305.5.Дамжуулан хөлслөх гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд талууд гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй боловч энэ хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлах үүрэгтэй.

305.6.Орон сууцыг дамжуулан хөлсөлсөн бол орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болоход дамжуулан хөлслүүлэгчийн эрх, үүрэг хөлслүүлэгчид шилжинэ.

306 дугаар зүйл. Орон сууц хөлслөгчийн гэр бүлийн гишүүдийн эрх

306.1.Хөлслөгчтэй хамт амьдарч байгаа нөхөр буюу эхнэр, хүүхэд, эцэг, эхийг түүний гэр бүлийн гишүүн гэж үзнэ.

306.2.Энэ хуулийн 306.1-д заасан гэр бүлийн гишүүний төрөл садангийн бусад хүмүүс, түүнчлэн түүний асрамжид байгаа хөдөлмөрийн чадваргүй нэг жилээс доошгүй хугацаагаар хамт амьдарч, хамтын аж ахуй эрхэлж байгаа тэтгүүлэгч хүмүүсийг хөлслөгчийн гэр бүлийн гишүүнд тооцож болно.

306.3.Гэр бүлийн гишүүний талаархи маргааныг шүүх шийдвэрлэнэ.

306.4.Орон сууц хөлслөгчтэй хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн нь хууль буюу орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлслөгчийн бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ.

306.5.Орон сууц хөлслөгч буюу түүний гэр бүлийн гишүүний хүсэлтээр орон сууц хөлслөх гэрээг гэр бүлийн аль нэг гишүүнтэй байгуулж болно.

306.6.Гэр бүлийн насанд хүрсэн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад орон сууц эзэмших, ашиглах эрхийн талаар гарсан маргааныг орон сууц хөлслөх гэрээг хэн байгуулсныг харгалзахгүйгээр шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

306.7.Орон сууц хөлслөгч нас барсан тохиолдолд түүнтэй хамт амьдарч, хамтын ахуй эрхэлж байсан гэр бүлийн гишүүдэд хөлслөгчийн эрх, үүрэг шилжих бөгөөд энэ тохиолдолд гэр бүлийн гишүүд нь энэ хуулийн 294.3-т заасан хугацаанд гэрээг цуцлах эрхтэй.

306.8.Гэрлэлтээ цуцлахдаа гэрлэгчид нь хөлслөн авсан орон сууцыг эзэмших эрхийн талаар маргасан тохиолдолд маргааныг шүүх шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд шүүх хөлслөгч бус эхнэр буюу нөхөрт орон сууцыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бол тэр нь орон сууц хөлслөгч болно.

307 дугаар зүйл. Түр суугч

307.1.Хөлслөгч, өөрийн эзэмшиж байгаа орон сууцад гэрээ болон хөлсгүйгээр түр суугчийг суулгаж болох бөгөөд түр суугч нь хөлслөгчийн анхны шаардлагаар уг орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй.

308 дугаар зүйл. Орон сууц өмчлөх эрх өөр өмчлөгчид шилжих

308.1.Бусдад хөлслүүлсэн орон сууцыг өмчлөх эрх өөр этгээдэд шилжихэд орон сууц хөлслөх гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

309 дугаар зүйл. Орон сууцны байшинг буулгахад орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болох

309.1.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр орон сууцны байшинг буулгахад орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болно.

309.2.Энэ хуулийн 309.1-д зааснаар гэрээ дуусгавар болсон тохиолдолд хөлслөгчид өөр орон сууц олгох буюу боломжгүй бол гарсан зардлыг уг байгууллагаас нөхөн төлнө.

309.3.Ашиглалтын шаардлага хангахгүй болсноос орон сууцны байшинг буулгахад энэ зүйлийн заалт хамаарахгүй.

310 дугаар зүйл. Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай хийсэн орон сууц хөлслөх гэрээ

310.1.Ажил олгогч нь өөрийн мэдлийн орон сууцыг хөлслүүлэхээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай тодорхой бус хугацаагаар гэрээ байгуулсан тохиолдолд тухайн ажиллагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол ажил олгогч орон сууц хөлслөх гэрээг цуцлах эрхтэй.

310.2.Ажил олгогч хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай орон сууц хөлслөх гэрээг тодорхой хугацаатай байгуулсан бөгөөд уг хугацаа болохоос өмнө ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол орон сууц хөлслөх гэрээг цуцлахад энэ хуулийн 294.2, 294.3-т заасан журам нэгэн адил үйлчилнэ.

311 дугаар зүйл. Албаны орон сууц

311.1.Албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууцыг албаны орон сууц гэнэ.

311.2.Энэ хуулийн 311.1-д заасан этгээдийн албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол уг орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авна.

311.3.Хуульд өөрөөр заагаагүй бол албаны орон сууц эзэмшихтэй холбогдсон харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээг зохицуулахтай холбогдох журам нэгэн адил хамаарна.

Санхүүгийн түрээс /лизинг/

312 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн гэрээ

312.1.Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.

312.2.Түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй.

312.3.Түрээслэгч гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг худалдан авах буюу үргэлжлүүлэн түрээслэхээр санхүүгийн түрээсийн гэрээнд зааж болно.

312.4.Түрээслэгч гэрээний хугацаа дуусахад гэрээний зүйлийн элэгдэл, хорогдол болон нийт өртгийг барагдуулсан бол санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийг худалдан авах, эсхүл хөлслөх эрх, үүрэгтэй байж болно.

313 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн гэрээний хэлбэр, нөхцөл

313.1.Хуульд өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр хийнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

313.2.Гэрээнд гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг заана.

313.3.Энэ зүйлд заасан журмыг зөрчсөн санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна.

314 дугаар зүйл. Түрээслүүлэгчийн хүлээх хариуцлага

314.1.Түрээслүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг түрээслэгчид шилжүүлээгүй, хугацаа хоцорч шилжүүлсэн, эсхүл шаардлага хангаагүй эд юмсыг шилжүүлсний хариуцлагыг эд хөрөнгө хөлслөх гэрээний нэг адил хүлээнэ.

314.2.Гэрээнд заасан бол түрээслэгч нь түрээслүүлэгчид гомдлын шаардлага тавихаас өмнө эд хөрөнгийг худалдагч буюу тээвэрлэгчээс өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардаж болно.

315 дугаар зүйл. Түрээслүүлэгчийн шаардлагын хэмжээг тодорхойлох

315.1.Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ.

316 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн гэрээнд гуравдагч этгээдийн эрх, үүрэг

316.1.Гэрээнд заасан бол гуравдагч этгээд түрээслэгчийн захиалгаар гэрээний зүйл болох эд юмсыг үйлдвэрлэх буюу нийлүүлэх, түрээслүүлэгчээс зохих хөлс, зардлыг шаардах эрхтэй.

316.2.Гэрээнд заасан бол гуравдагч этгээд нь гэрээний зүйлд засвар үйлчилгээ хийх, түүнийг тохируулах, суурилуулах, ашиглахтай холбоотой үнэн зөв мэдээллийг түрээслэгчид өгөх үүрэгтэй.

317 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн гэрээнд хамаарах бусад зүйл

317.1.Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаархи энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ.

Түрээс

318 дугаар зүйл. Түрээсийн гэрээ

318.1.Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

318.2.Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ.

318.3.Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

318.4.Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

318.5.Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.

319 дугаар зүйл. Түрээсийн төлбөр

319.1.Түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно.

319.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас түрээсэлсэн эд хөрөнгийн чанар байдал алдагдвал талууд харилцан тохиролцож түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилж болно.

320 дугаар зүйл. Түрээсийн гэрээний хугацаа

320.1.Түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно.

320.2.Түрээсийн гэрээг арваас дээш жилийн хугацаатай хийсэн бол арван жил өнгөрмөгц аль нэг талын санаачилгаар, хуульд заасан журмаар гэрээг цуцалж болно.

320.3.Газар буюу эрх түрээслэх гэрээний хугацааг талууд тогтоогоогүй бол гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцалж болно.

320.4.Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална.

321 дугаар зүйл. Газрыг хэрэглэгдэхүүний хамт түрээслэх

321.1.Газрыг хэрэглэгдэхүүний хамт түрээсэлсэн түрээслэгч хэрэглэгдэхүүн тус бүрийг арчлан хамгаалах үүрэгтэй.

321.2.Түрээслэгчээс үл хамаарах шалтгаанаар хэрэглэгдэхүүн устах буюу гэмтсэн бол түрээслүүлэгч сольж өгөх үүрэгтэй.

321.3.Газар түрээслэгч хэрэглэгдэхүүнийг түрээслэхдээ тус тусад нь үнэлж, түрээсийн гэрээ дуусгавар болоход түрээслүүлэгчид эргүүлэн өгөхөөр гэрээнд тохиролцсон бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлаас хэрэглэгдэхүүн устсан буюу гэмтсэний үр дагаврыг хариуцна.

321.4.Гэрээнд заасан бол түрээслэгч нь түрээсэлж байгаа хэрэглэгдэхүүний зарим хэсгийг аж ахуйн зориулалтаар нь захиран зарцуулж болно.

321.5.Түрээслэгч түрээсэлсэн газрын хэрэглэгдэхүүнийг аж ахуйн зориулалтаар ашиглах шаардлагад нийцсэн хэмжээнд байлгах үүрэгтэй.

321.6.Түрээсийн гэрээ дууссаны дараа түрээсэлсэн хэрэглэгдэхүүнд нийлүүлсэн салгаж үл болох эд юмс түрээслүүлэгчийн өмчлөлд шилжинэ.

321.7.Түрээсийн гэрээ дуусгавар болсноор түрээслэгч түрээсэлсэн хэрэглэгдэхүүнийг түрээслүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй.

321.8.Хэрэв хэрэглэгдэхүүнийг түрээслэгчид шилжүүлсэн үеийн үнэ, түрээслэгчээс түрээслүүлэгчид буцаан өгөх үеийн үнийн хооронд зөрүү гарсан бол энэ зөрүүг түрээслэгч нөхөн төлнө. Хэрэглэгдэхүүний үнийг түрээсийн гэрээ дуусгавар болох үеийн ханшаар тогтооно.

321.9.Түрээслүүлэгч нь түрээслэгчийн нийлүүлсэн, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд ач холбогдолгүй, эсхүл хэт их үнэтэй хэрэглэгдэхүүнийг хүлээн авахгүй байх буюу төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй.

321.10.Түрээслэгч нь түрээсэлсэн газрын хэрэглэгдэхүүний талаар гаргасан шаардлагаа хангуулах үүднээс түрээсээр эзэмшиж байгаа газрын хэрэглэгдэхүүнээс барьцаалах эрхтэй. Түрээслүүлэгч шаардлагыг өөр байдлаар хангах болсон бол түрээслэгч барьцаалах эрхээсээ татгалзах, харин шаардлагын зохих хэсгийг мөнгөн хэлбэрээр хангасан бол түрээслэгч барьцаанд байгаа хэрэглэгдэхүүний аль нэг хэсгийг барьцаанаас чөлөөлнө.

322 дугаар зүйл. Үйлдвэр, аж ахуйг түрээслэх

322.1.Үйлдвэр, аж ахуйг хэрэглэгдэхүүний хамт түрээсэлж болно.

322.2.Хэрэглэгдэхүүнд хамаарах мал, тэжээвэр амьтан устсан буюу гэмтсэн бол түрээслэгч аж ахуйн үйл ажиллагааг зохих ёсоор эрхэлсэн эсэхээс үл хамааран түрээслүүлэгчид учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

322.3.Үйлдвэр, аж ахуйг түрээслэхэд энэ хуулийн 321 дүгээр зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.

323 дугаар зүйл. Дамжуулан түрээслэх

323.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно.

323.2.Дамжуулан түрээсэлсэн эд хөрөнгийг анхны түрээслүүлэгчийн зөвшөөрснөөс өөрөөр ашигласны үр дагаврыг дамжуулан түрээслэгч нь анхны түрээслүүлэгчийн өмнө хариуцна. Энэ тохиолдолд анхны түрээслүүлэгч дамжуулан түрээслэгчийн ашиглах эрхийг дуусгавар болгохыг шаардах эрхтэй.

324 дугаар зүйл. Түрээслэгч солигдох

324.1.Түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.

324.2.Түрээслэгч өөрийнхөө оронд түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн чадвар бүхий өөр түрээслэгчийг санал болгосныг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрсөн нөхцөлд түрээслэгч энэ хуулийн 324.1-д заасан үүргээс чөлөөлөгдөнө.

325 дугаар зүйл. Түрээслэгч нас барсны дараа түрээсийн гэрээ үргэлжлэх

325.1.Түрээслэгч нас барсан тохиолдолд түүний өвлөгч буюу түрээслүүлэгч хуанлийн жилийн тухайн улирал дууссанаас хойш 6 сарын дотор түрээсийн гэрээг цуцалж болно.

325.2.Түрээслэгчийн өвлөгч өөрөө, эсхүл гуравдагч этгээдээр дамжуулан түрээсэлсэн эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар ашиглаж чадна гэж үзвэл түрээсийн гэрээг цуцлахаас татгалзаж, гэрээг үргэлжлүүлэхээр түрээслүүлэгчээс шаардаж болно.

326 дугаар зүйл. Түрээслэгчийн хариуцлага

326.1.Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй.

326.2.Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно.

Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээс

327 дугаар зүйл. Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ

327.1.Хөдөө аж ахуйн зориулалттай газрыг уг зориулалтаар ашиглуулахаар сууцны болон аж ахуйн зориулалтаар ашиглагдах байгууламжийн хамт, эсхүл тийм байгууламжгүйгээр түрээсэлж болно.

327.2.Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол хөдөө аж ахуйн зориулалттай газрыг түрээслэхэд түрээсийн гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.

328 дугаар зүйл. Гэрээгээр шилжүүлэх эд хөрөнгө

328.1.Түрээслүүлэгч нь газрыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах шаардлага хангасан эд хөрөнгийн хамтаар түрээслэгчид шилжүүлэх үүрэгтэй.

328.2.Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсээр шилжүүлсэн сууцны болон аж ахуйн зориулалттай барилга байгууламж, зам, хашаа зэрэг эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон урсгал засварыг өөрийн зардлаар хийх, түрээсэлж авсан эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар нь ашиглах үүрэг хүлээнэ.

328.3.Түрээсийн гэрээний харилцаа үүсэх, дуусгавар болох үед талууд гэрээгээр шилжүүлбэл зохих эд хөрөнгийн тоо хэмжээ, үнэ, шилжүүлэх үеийн чанарын байдал зэргийг заасан жагсаалтыг хамтран үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулна.

329 дугаар зүйл. Түрээслүүлэгчийн барьцааны эрх

329.1.Түрээслүүлэгч нь түрээсийн гэрээгээр түрээслэгчид гаргах шаардлагаа хангуулахын тулд түрээслэгчийн түрээсэлж авсан эд хөрөнгийг ашигласны үр дүнд олж авсан эд юмс, үр шимийг барьцаалах эрхтэй.

330 дугаар зүйл. Гэрээний хугацааг сунгах

330.1.Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээг хоёр жилээс дээш хугацаагаар, бичгээр хийх бөгөөд энэ журмыг баримтлаагүй байгуулсан гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан гэж үзэж уг гэрээ үйлчилж эхэлснээс хойш нэг жил өнгөрснөөр дуусгавар болгоно.

330.2.Гурван жилээс дээш хугацаагаар байгуулсан гэрээг сунгах тухай гэрээний нэг талын саналыг ирснээс хойш 3 сарын дотор нөгөө тал татгалзаж байгаа тухай мэдэгдээгүй бол түүнийг тодорхой бус хугацаагаар байгуулсанд тооцно.

330.3.Гэрээг сунгах тухай санал болон татгалзлыг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

331 дугаар зүйл. Зайлшгүй зардал төлөх үүрэг

331.1.Түрээслүүлэгч түрээслэгчид түрээслэн авсан эд хөрөнгөтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.

331.2.Энэ хуулийн 331.1-д зааснаас бусад зардлыг түрээслүүлэгч нөхөн төлөхөөр зөвшөөрсөн бол түрээсийн харилцаа дуусгавар болох үед төлнө.

332 дугаар зүйл. Гэрээ дуусгавар болох үеийн талуудын эрх, үүрэг

332.1.Аж ахуйн үйл ажиллагааг зохих ёсоор явуулсны үр дүнд бий болсон ургацаа хураан аваагүй байхад түрээсийн гэрээ дуусгавар болсон бол түрээслэгч түрээсийн гэрээг сунгахыг түрээслүүлэгчээс шаардах, эсхүл хураан аваагүй байгаа ургацын өртгийг түрээслүүлэгч түрээслэгчид төлөх үүрэгтэй.

332.2.Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн хугацаа дуусахад түрээслэгч нь түрээслүүлэгчид газар, барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож аж ахуйн хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагад тохирохоор бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүрэгтэй.

332.3.Түрээслэгч нь түрээслэн авсан эд хөрөнгийг анх хүлээн авах үеийнхээс илүү чанаржуулан үлдээхээр бол түрээслүүлэгчээс нөхөн төлбөр шаардах эрхтэй.

332.4.Түрээсийн гэрээ дуусгавар болоход түрээслэгч нь салгаж болох засан сайжруулалтыг салгаж авах буюу түрээслүүлэгч нь зохих үнийг төлж өөртөө авч болно.

Франчайз, Мерчандайз

/Энэ бүлгийн гарчигт 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

333 дугаар зүйл. Франчайзийн гэрээ

333.1.Франчайзийн гэрээгээр эрх шилжүүлэгч нь өөрийн фирмийн нэр, бараа буюу ажил, үйлчилгээний тэмдэг, бүтээгдэхүүний загвар, баглаа, боодол, түүнчлэн ажил хэргийн удирдлагын тогтолцоо, төлөвлөлт, харилцаа холбоо, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ олж авах үндсэн чиглэл зэрэг эдийн бус хөрөнгийг ашиглуулахаар тогтоосон журмаар бүрдүүлсэн лицензийг эрх хүлээн авагчид олгох, эрх хүлээн авагч нь эрх шилжүүлэгчийн боловсруулсан тогтолцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж, түүнд зохих шагнал, хураамж, эсхүл орлогын тодорхой хувийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

334 дугаар зүйл. Гэрээний талуудын үүрэг

334.1.Эрх шилжүүлэгч дараахь үүрэгтэй:

334.1.1.хамтын ажиллагааны хөтөлбөрийг гуравдагч этгээдийн оролцооноос хамгаалах;

334.1.2.хөтөлбөрийг байнга боловсронгуй болгох;

334.1.3.эрх хүлээн авагчийг шаардлагатай мэдээллээр хангах;

334.1.4.эрх хүлээн авагчид техникийн туслалцаа үзүүлэх;

334.1.5.эрх хүлээн авагчийн ажиллах хүчнийг сургах.

334.2.Эрх хүлээн авагч дараахь үүрэгтэй:

334.2.1.гэрээгээр хүлээж авсан эрх, эд хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай ашиглах;

334.2.2.зохих шагнал, хураамж, орлогын тодорхой хувийг тогтоосон хугацаанд төлөх;

334.2.3.гэрээнд заасан бол шилжүүлэн авсан эрх, эд хөрөнгийг эрх шилжүүлэгчид ашигтайгаар даатгуулах;

334.2.4.эрх шилжүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр лиценз болон франчайзийн гэрээг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх;

334.2.5.гэрээнд заасан бол эрх шилжүүлэгчээс хэрэгжүүлж байгаа сургалтад ажиллагсдыг хамруулах, холбогдох зардлыг төлөх;

334.2.6.эрх шилжүүлэгчийн барааны болон ажил үйлчилгээний тэмдгийг хэрэглэхдээ лицензээр хэрэглэж байгаа тухай харилцагч болон үйлчлүүлэгчид заавал мэдэгдэх.

334.3.Талууд гэрээ байгуулахдаа шаардлагатай бүхий л мэдээллийг шударгаар харилцан солилцох, гэрээ байгуулагдахгүй тохиолдолд мэдээллийн нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.

335 дугаар зүйл. Франчайзийн гэрээний хэлбэр

335.1.Хуульд өөрөөр заагаагүй бол франчайзын гэрээг бичгээр хийнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

335.2.Франчайзийн гэрээнд гэрээний үргэлжлэх хугацаа, гэрээ цуцлах, хугацаа сунгах журам, талуудын хүлээх үүрэг бусад гол нөхцөлүүдийг заахын зэрэгцээ франчайзийг хэрэгжүүлэх хөтөлбөрийг бүрэн тусгана.

336 дугаар зүйл. Франчайзийн гэрээний хугацаа

336.1.Франчайзийн гэрээний хугацааг тухайн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний эрэлт хэрэгцээ, борлуулалтын зах зээлээс шалтгаалан талууд тохиролцон тогтооно.

336.2.Франчайзийн гэрээг арван жилээс дээш хугацаагаар байгуулсан нөхцөлд 10 жил өнгөрсний дараа, хугацааг гэрээгээр тодорхойлоогүй бол талуудын аль нэг нь гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор цуцалж болно.

336.3.Гэрээнд заасан хугацаа дууссан боловч аль нэг талын санаачилгаар талууд харилцан итгэлцэх, хамтран ажиллах зарчмыг удирдлага болгон ажил хэргийн харилцаа дуусгавар болох хүртэл гэрээгээ тодорхой буюу тодорхой бус хугацаагаар тухайн буюу шинэчилсэн нөхцөлөөр сунгаж болно.

337 дугаар зүйл. Өрсөлдөөнийг хязгаарлах

337.1.Эрх шилжүүлэгч нь франчайзийн гэрээ дуусгавар болсны дараа эрх хүлээн авагчийг тодорхой нутаг дэвсгэрт өөртэйгээ өрсөлдөхийг нэг жил хүртэл хугацаагаар хориглох эрхтэй.

337.2.Энэ хуулийн 337.1-д заасан хориг нь эрх хүлээн авагчийн үндсэн үйл ажиллагаанд ноцтой хохирол бий болгож байвал эрх шилжүүлэгч түүнд зохих мөнгөн төлбөр төлөх үүрэгтэй.

338 дугаар зүйл. Талуудын хүлээх хариуцлага

338.1.Талууд гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл болон өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцна.

338.2.Эрх хүлээн авагч франчайзийн гэрээний үүрэгтэй холбоотой эрх шилжүүлэгчид учруулсан хохирол, зардлыг түүнд нөхөн төлөх үүрэгтэй.

338.3.Эрх шилжүүлэгч нь франчайзийн гэрээний үр дүнд эрх хүлээн авагчийн олох орлогын талаар баталгаа гаргахгүй, хариуцлага хүлээхгүй.

338.4.Эрх хүлээн авагчийн гэм буруутай үйл ажиллагаанаас болж үйлчлүүлэгчид учирсан хохирлыг эрх шилжүүлэгч хариуцахгүй.

339 дугаар зүйл. Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ

339.1.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ.

339.2.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээг зохицуулсан энэ хуулийн 289.1.3, 289.1.6, 289.2.6, 293, 295.3, 296, 297, 298 дугаар зүйлүүд нэгэн адил хамаарна.

340 дугаар зүйл. Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээдийн үүрэг

340.1.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь дараахь үүрэг хүлээнэ:

340.1.1.эд хөрөнгийг гэрээнд заасны дагуу зориулалтаар нь ашиглах, ердийн элэгдлээс өөрөөр муутгахгүй байх;

340.1.2.шилжүүлсэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхгүй байх;

340.1.3.эд хөрөнгийн хэвийн байдлыг хангахад шаардлагатай зайлшгүй зардлыг хариуцах;

340.1.4.гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх.

341 дугаар зүйл. Эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээг цуцлах

341.1.Эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн этгээд дараахь тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй:

341.1.1.эд хөрөнгийг тодорхой зорилгоор тодорхой бус хугацаагаар ашиглуулахаар тохиролцсон бол тухайн зорилгоор ашиглахад зайлшгүй шаардагдах хугацаа өнгөрсний дараа, хэрэв зорилгыг нь тодорхойлоогүй бол хэдийд ч;

341.1.2.тухайн эд хөрөнгө өөрт нь зайлшгүй шаардлагатай болсон;

341.1.3.эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа тал нь энэ хуулийн 340.1.1-340.1.3-т заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол;

341.1.4.эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байсан этгээд нас барсан.

341.2.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд тухайн эд хөрөнгийг хэдийд ч буцаан өгөх эрхтэй.

342 дугаар зүйл. Талуудын хүлээх хариуцлага

342.1.Эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн этгээд түүний биет байдлын болон эрхийн доголдлын талаар санаатай нуун дарагдуулснаас болж учирсан хохирлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байсан этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.

342.2.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь гэм буруугийн хэлбэрээс үл шалтгаалан эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцна.

342.3.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд ашиглалтын ердийн элэгдлээс илүүтэйгээр тухайн эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн, үрэгдүүлсэн, өөрчилснөөс болж нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

342.4.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа тал нь нөгөө талын зөвшөөрөлтэйгээр тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн ч гэсэн эд хөрөнгийг ашиглуулахаар шилжүүлсэн талын өмнө хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ, ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ҮҮРЭГ

Ажил гүйцэтгэх

343 дугаар зүйл. Ажил гүйцэтгэх гэрээ

343.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

343.2.Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.

343.3.Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.

343.4.Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ.

343.5.Ажил гүйцэтгэх зарим төрлийн гэрээний онцлог зохицуулалтыг тусгай хуулиар зохицуулж болно.

344 дугаар зүйл. Ажил гүйцэтгэгчид төлөх хөлс

344.1.Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.

344.2.Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө.

345 дугаар зүйл. Гүйцэтгэх ажлын төсөв

345.1.Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно.

345.2.Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

345.3.Төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй.

345.4.Ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй.

346 дугаар зүйл. Хөлс төлөх хугацаа

346.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө.

346.2.Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө.

347 дугаар зүйл. Ерөнхий болон туслан гүйцэтгэгч

347.1.Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно.

347.2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна.

348 дугаар зүйл. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа

348.1.Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно.

348.2.Хуульд өөрөөр заагаагүй бол завсрын буюу тусгай хугацааг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг талууд тохиролцон тодорхойлж болох боловч тэр нь үндсэн хугацааг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас илүү байж болохгүй.

349 дугаар зүйл. Ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар гомдлын шаардлага гаргах хугацаа

349.1.Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно.

349.2.Хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно.

349.3.Энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

350 дугаар зүйл. Ажил гүйцэтгэгчийн үүрэг

350.1.Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ:

350.1.1.гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх;

350.1.2.гүйцэтгэх ажлын мөн чанар, ажил гүйцэтгэгчийн хувийн байдалтай холбоотой биечлэн гүйцэтгэвэл зохих ажлыг биечлэн гүйцэтгэх;

350.1.3.дараахь тохиолдолд захиалагчид нэн даруй мэдэгдэх:

а/ ажил гүйцэтгүүлэхээр захиалагчийн шилжүүлсэн материал, ажил гүйцэтгэх аргын талаар захиалагчийн өгсөн зааварчилга нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр байвал;

б/ ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон.

350.1.4.ажил гүйцэтгүүлэхээр захиалагчаас олгосон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах;

350.1.5.ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн захиалагчийн материалыг зориулалтын дагуу арвилан хэмнэлттэй ашиглаж, материалын зарцуулалтыг захиалагчид тайлагнах, үлдэгдэл материалыг ажил гүйцэтгэж дууссаны дараа захиалагчид шилжүүлэх;

350.1.6.захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх;

350.1.7.ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах;

350.1.8.өөрийн материалаар ажил гүйцэтгэх бол зохих чанарын материалаар гүйцэтгэх.

351 дугаар зүйл. Захиалагчийн үүрэг

351.1.Захиалагч дараахь үүрэг хүлээнэ:

351.1.1.гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх;

351.1.2.гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах;

351.1.3.гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх;

351.1.4.ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах.

351.2.Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно.

352 дугаар зүйл. Ажил гүйцэтгэх гэрээний талуудын гаргах шаардлага

352.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ.

352.2.Захиалагч дараахь шаардлага гаргах эрхтэй:

352.2.1.гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх;

352.2.2.доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх;

352.2.3.доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах.

352.3.Доголдлыг арилгахад харьцангуй их зардал шаардагдахаас шалтгаалан ажил гүйцэтгэгч гэрээнээс татгалзсан бол энэ хуулийн 352.2.2-т заасан захиалагчийн эрх дуусгавар болно.

352.4.Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана.

352.5.Ажил гүйцэтгэгч дараахь шаардлага гаргах эрхтэй:

352.5.1.гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх;

352.5.2.ажлын үр дүнгийн доголдлыг арилгах зорилгоор ажлыг шинээр гүйцэтгэж шинэ үр дүнг захиалагчид шилжүүлсэн бол өмнө нь шилжүүлсэн зүйлээ буцааж авах;

352.5.3.захиалагч өөрийн буруугаар ажлын үр дүнг хүлээж аваагүй байхад гүйцэтгэсэн ажлын үр дүн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас устсан, гэмтсэн, эсхүл захиалагчийн буруугаар ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ажлын хөлсөө төлүүлэх.

353 дугаар зүйл. Ажлын үр дүнгийн доголдол

353.1.Гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэнэ.

353.2.Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ.

353.3.Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ.

354 дугаар зүйл. Ажил гүйцэтгэгчийн барьцааны эрх

354.1.Ажил гүйцэтгэгч өөрийн шаардлагыг хангах зорилгоор эзэмшилдээ байгаа, захиалагчийн захиалсан ажлын үр дүн болох хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхтэй.

354.2.Хэрэв гэрээний зүйл нь барилга байгууламж буюу түүний тодорхой хэсэг байвал ажил гүйцэтгэгч өөрийн шаардлагыг хангуулахаар барилга байгууламж барих газрын хувьд баталгаат ипотекийн эрхтэй.

355 дугаар зүйл. Гэрээ цуцлах

355.1.Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

355.2.Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй.

355.3.Энэ хуулийн 226 дугаар зүйлд заасан тохиолдлоос гадна ажил гүйцэтгэгч доголдлыг арилгахтай холбогдсон нэмэлт үүргээ гүйцэтгээгүй бол нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй.

355.4.Захиалагчийн захиалгыг өөр байдлаар хангах боломжтой нөхцөлд ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.2-т зааснаар гэрээг цуцлах эрхтэй.

355.5.Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй.

355.6.Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

356 дугаар зүйл. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын үед эрсдлийг хуваарилах

356.1.Гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид шилжүүлэхээс өмнө гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн ажлын үр дүн устсан, гэмтсэн тохиолдолд бий болох эрсдэлийг ажил гүйцэтгэгч хариуцна.

356.2.Гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хугацаанд нь хүлээн аваагүй бол ажлын үр дүн ажил гүйцэтгэгчийн эзэмшилд байсан ч гэсэн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас бий болох үр дагаврыг захиалагч хариуцна.

356.3.Энэ хуулийн 356.1, 356.2-т заасан тохиолдолд ажил гүйцэтгэх материал устсан, гэмтсэн бол уг материалыг гаргасан тал нь эрсдэлийг хариуцна.

357 дугаар зүйл. Ажил гүйцэтгэхтэй холбогдсон хэлцэл хүчин төгөлдөр бус байх

357.1.Ажил гүйцэтгэгч ажлын үр дүнгийн доголдлын талаар санаатай нуун дарагдуулсан нь хожим илэрвэл тэрээр хариуцлагаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөгдөхөөр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

358 дугаар зүйл. Ажил гүйцэтгэх тодорхой төрлийн гэрээний зохицуулалт

358.1.Ажил гүйцэтгэх тодорхой төрлийн бүх гэрээнд энэ бүлгийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.

Хөлсөөр ажиллах

359 дугаар зүйл. Хөлсөөр ажиллах гэрээ

359.1.Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

359.2.Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.

360 дугаар зүйл. Хөлсөөр ажиллах гэрээний хөлс

360.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө.

360.2.Шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно.

361 дугаар зүйл. Ажиллагч үүргийг биечлэн гүйцэтгэх

361.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй.

362 дугаар зүйл. Ажил, үйлчилгээг хүлээн авахаас татгалзах

362.1.Ажиллуулагч нь ажил, үйлчилгээг хүлээн авах хугацааг хойшлуулсан, хүлээн авахаас татгалзсан тохиолдолд ажиллагч нь цаашид хийх ажлаа гүйцэтгэхээс татгалзаж тохиролцсон хөлсийг шаардах эрхтэй.

363 дугаар зүйл. Ажиллагчийг ажил, үйлчилгээ явуулах нөхцөлөөр хангах

363.1.Ажиллуулагч нь ажиллагчийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, гүйцэтгэх ажлын онцлог, шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй.

364 дугаар зүйл. Гэрээ дуусгавар болох

364.1.Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно.

364.2.Гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно.

365 дугаар зүйл. Гэрээг цуцлах хугацаа

365.1.Хөлс төлөх хугацаанаас хамаарч гэрээг дараахь хугацаанд цуцална:

365.1.1.хөлсийг өдрөөр төлөхөөр тохиролцсон бол хөлс төлсөн сүүлчийн өдрийн дараа өдөр;

365.1.2.хөлсийг долоо хоногоор төлөхөөр тохиролцсон бол хөлсийг төлсний дараагийн долоо хоногийн эхний ажлын өдөр;

365.1.3.хөлсийг сараар төлөхөөр тохиролцсон бол хөлс төлсөн сарын арван тавны дотор;

365.1.4.хөлсийг улирлаар, эсхүл илүү урт хугацаагаар төлөхөөр тохиролцсон бол уг хугацаа дуусахаас гуч хоногийн өмнө хөлсийг өгч;

365.1.5.хөлс төлөх хугацаа тохиролцоогүй бол арван дөрөв хоногийн өмнө хөлсийг төлснөөр.

365.2.Хөлсөөр ажиллах гэрээг таваас дээш жилийн хугацаатай байгуулсан бол ажиллагч нь гэрээ байгуулснаас хойш таван жилийн дараа гэрээг цуцалж болно. Гэрээг цуцлах тухай зургаан сарын өмнө нөгөө талдаа мэдэгдэнэ.

366 дугаар зүйл. Гэрээг сунгасанд тооцох

366.1.Гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно.

367 дугаар зүйл. Гэрээ цуцлах хүндэтгэн үзэх үндэслэл

367.1.Энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй.

367.2.Ажиллуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч ажлын хөлс шаардах эрхээ алдана.

367.3.Ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ.

367.4.Ажиллуулагч гэрээнд харш үйл ажиллагаа явуулснаас болж гэрээг цуцлахад хүргэсэн бол гэрээ цуцалснаас учирсан хохирлыг ажиллуулагч хариуцна.

368 дугаар зүйл. Хөлсөөр ажиллаж байсныг нотлох баримт шаардах

368.1.Хөлсөөр ажиллах гэрээний харилцааг дуусгавар болгох үед ажиллагч нь ажиллуулагчаас хөлсөөр ажиллаж байсан тухай болон түүний үргэлжилсэн хугацааны талаар бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тодорхойлолт гаргаж өгөхийг шаардах эрхтэй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Хөдөлмөрлөх

369 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээ

369.1.Иргэн нь иргэн болон хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно.

369.2.Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно.

369.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ.

Аялал жуулчлал

370 дугаар зүйл. Аялал жуулчлалын гэрээ

370.1.Аялал жуулчлалын гэрээгээр тур оператор, аяллын агент нь жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх, жуулчин нь ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөө хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

371 дугаар зүйл. Аялал жуулчлалд гуравдагч этгээдийг оролцуулах

371.1.Жуулчин өөрийнхөө оронд гуравдагч этгээдийг аялалд оролцуулахаар аялал эхлэхээс өмнө тур оператор, аяллын агентад хүсэлт гаргах эрхтэй. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

371.2.Энэ хуулийн 371.1-д заасан гуравдагч этгээд нь аялал жуулчлал хийхэд шаардагдах нөхцөлд тохирохгүй гэж үзвэл түүнийг өөр этгээдээр солихыг аялал жуулчлал эхлэхээс өмнө тур оператор, аяллын агент нь жуулчнаас шаардах эрхтэй. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

371.3.Тур оператор, аяллын агент нь гуравдагч этгээдийг аялалд оролцуулахтай холбогдож гарсан нэмэлт зардлаа нөхөн төлүүлэхээр жуулчнаас шаардах эрхтэй. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

372 дугаар зүйл. Доголдол гаргахгүй байх үүрэг

372.1.Тур оператор, аяллын агент нь гэрээнд заасан аяллын ач холбогдлыг бууруулах буюу үр ашиггүй болгох аливаа доголдол гаргахгүйгээр аяллыг зохион байгуулах үүрэгтэй. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

372.2.Тур оператор, аяллын агент энэ хуулийн 372.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол жуулчин уг доголдлыг арилгахыг шаардах эрхтэй бөгөөд ийнхүү доголдлыг арилгахад харьцангуй их зардал гарахаар бол тур оператор, аяллын агент нь доголдлыг арилгахаас татгалзаж болно. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

372.3.Жуулчны тогтоосон боломжийн хугацаанд тур оператор, аяллын агент доголдлыг арилгахгүй бол жуулчин өөрөө уг доголдлыг арилгаж, гарсан зардлыг тур оператор, аяллын агентаас нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

372.4.Тур оператор, аяллын агент доголдлыг арилгахаас шууд татгалзсан буюу арилгах боломжгүй бол энэ хуулийн 372.3-т заасан хугацааг заавал тогтоох шаардлагагүй. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

372.5.Аялал нь ямар нэгэн доголдолтой бол тухайн доголдлыг арилгасан хугацааг харгалзан аяллын үнийг бууруулж болно.

372.6.Жуулчин доголдлыг арилгуулах тухай тур оператор, аяллын агентад өөрийн буруугаас мэдэгдээгүй бол аяллын үнийг бууруулахгүй. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

373 дугаар зүйл. Гэрээ дуусгавар болох

373.1.Дараахь үндэслэлээр гэрээг дуусгавар болгоно:

373.1.1.аяллын доголдлоос болж жуулчинд үлэмж хохирол учирсан;

373.1.2.жуулчин хүндэтгэн үзэх шалтгаанаар аялалд оролцох боломжгүй болсон тухай аялал зохион байгуулагчид мэдэгдсэн;

373.1.3.тур оператор, аяллын агент нь жуулчны тогтоосон хугацаанд доголдлыг арилгаагүй. /Энэ заалтад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

373.2.Энэ хуулийн 373.1-д заасан үндэслэлээр гэрээг дуусгавар болгосон бол тур оператор, аяллын агент нь хэлэлцэн тохиролцсон хөлс авах эрхээ алдана. Нэгэнт үзүүлсэн доголдолгүй үйлчилгээнийхээ хөлсийг шаардах эрхтэй. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

373.3.Гэрээ дуусгавар болсны дараа тур оператор, аяллын агент жуулчныг буцааж хүргэх үүрэг гэрээгээр хүлээсэн бол энэ үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Энэ тохиолдолд жуулчныг буцааж хүргэхтэй холбогдсон зардлыг аялал жуулчлал зохион байгуулагч хариуцна. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

373.4.Гэрээ байгуулах үед урьдчилан мэдэх боломжгүй байсан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас аялал хийхэд ноцтой хүндрэл учирсан буюу жуулчинд хохирол учруулж болох өөр бусад нөхцөл бий болсон бол тур оператор, аяллын агент, жуулчны аль нь ч гэрээг дуусгавар болгох эрхтэй бөгөөд жуулчныг буцаахтай холбогдох зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцна. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

374 дугаар зүйл. Хохирол нөхөн төлөх

374.1.Тур оператор, аяллын агентын гэм буруугаар доголдол бий болсон бол жуулчин хөлсийг бууруулах буюу гэрээг дуусгавар болгохын зэрэгцээ учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр тур оператор, аяллын агентаас шаардах эрхтэй. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

374.2.Аялал болоогүй буюу түүнийг зохих ёсоор зохион байгуулаагүй бол жуулчин үр ашиггүй өнгөрүүлсэн хугацааныхаа нөхөн төлбөрийг тур оператор, аяллын агентаас мөнгөн хэлбэрээр нөхөн төлөхийг шаардах эрхтэй. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

375 дугаар зүйл. Гомдлын шаардлага гаргах хугацаа

375.1.Жуулчин энэ хуулийн 372.3, 374 дүгээр зүйлд заасан шаардлагыг гэрээнд заасан аяллын хугацаа дууссанаас хойш гурван сарын дотор тур оператор, аяллын агентад гаргаж болно. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

375.2.Энэ хуулийн 375.1-д заасан хугацаа хэтэрсэн явдалд жуулчин гэм буруугүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш гомдол гаргаж болно.

376 дугаар зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа

376.1.Жуулчны шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан сар байна.

376.2.Хөөн хэлэлцэх хугацааг тур оператор, аяллын агент гомдлын шаардлагаас татгалзсан буюу гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн тоолно. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

377 дугаар зүйл. Хариуцлагыг хязгаарлах

377.1.Дараахь тохиолдолд тур оператор, аяллын агент нь жуулчинтай зөвшилцөн үйлчилгээний хөлсийг гурав дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээгээр өөрийн хүлээх хариуцлагаа хязгаарлаж болно: /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

377.1.1.жуулчинд учирсан хохирол нь тур оператор, аяллын агентын санаатай, болгоомжгүй үйлдлээс болоогүй; /Энэ заалтад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

377.1.2.аялал зохион байгуулахад оролцогч бусад үүрэг гүйцэтгэгчийн хэн нэгний гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг дангаараа бүрэн хариуцахаар тур оператор, аяллын агент үүрэг хүлээгээгүй. /Энэ заалтад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

378 дугаар зүйл. Гэрээнээс татгалзах эрх

378.1.Жуулчин аялал эхлэхээс өмнө хэдийд ч гэрээнээс татгалзаж болох бөгөөд энэ тохиолдолд аялал жуулчлал зохион байгуулаагүйгээс хэмнэсэн зардал болон бусад үйлчилгээний төлөө тур оператор, аяллын агентад урьдчилан төлсөн төлбөрөө буцаан авах эрхтэй. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

378.2.Энэ хуулийн 378.1-д заасан тохиолдолд тур оператор, аяллын агент гэрээгээр тохиролцсон хөлс авах эрхээ алдах боловч өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр жуулчнаас шаардах эрхтэй. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

379 дугаар зүйл. Хуульд заасан журмыг өөрчилж үл болох

379.1.Талууд гэрээ байгуулахдаа энэ бүлэгт заасан журмыг жуулчинд хохиролтойгоор өөрчилж болохгүй.

Тээвэрлэлт

380 дугаар зүйл. Тээвэрлэлтийн гэрээ

380.1.Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

380.2.Зорчигч буюу ачаа, тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогдоно.

381 дугаар зүйл. Гэрээ байгуулах

381.1.Зорчигч буюу ачаа, тээш тээвэрлэхийг нийтэд санал болгож байгаа этгээд нь зайлшгүй татгалзах үндэслэл байхгүй бол тээвэрлэлтийн гэрээг заавал байгуулах үүрэгтэй.

382 дугаар зүйл. Зорчигч тээвэрлэлт

382.1.Зорчигч тээвэрлэлтийн гэрээг зорчих пайз, тасалбарыг зорчигчид гардуулснаар байгуулагдсан гэж үзнэ.

382.2.Зорчих пайз, тасалбарыг бусдад дамжуулахаар буюу үл дамжуулахаар үйлдэж болох бөгөөд бусдад дамжуулах боломж тээвэрлэлт эхлэхэд дуусна.

383 дугаар зүйл. Гэрээг цуцлах

383.1.Гэрээнд ямар нэгэн байдлаар саатал учруулахааргүй бол зорчигч нь тээвэрлэлтийн гэрээг хэдийд ч цуцалж болох бөгөөд гэрээг цуцалснаас үүссэн хохирлыг тээвэрлэгчид төлөх үүрэгтэй.

383.2.Урьдчилан мэдэх боломжгүй байсан бөгөөд мэдсэн тохиолдолд гэрээг хийхгүй байх шалтгаан болохоор нөхцөл байдал тээвэрлэгчийн зүгээс илэрсэн, түүнчлэн гэрээнд заасан газарт хүрч очих болон замд явах хугацаа хожимдох магадлал байгаа тохиолдолд зорчигч гэрээ байгуулахаас татгалзаж болно. Энэ тохиолдолд хохирлыг нөхөн төлөх үүрэг үүсэхгүй.

384 дугаар зүйл. Тээвэрлэгчийн хүлээх хариуцлага

384.1.Тээвэрлэлтийн явцад зорчигчид өөрт нь буюу түүний эд хөрөнгөд гэм хор учирсан, авч яваа зүйл нь алдагдсан, гэмтсэн бол тээвэрлэгч хууль болон тодорхой төрлийн тээврийн дүрэмд заасан хариуцлага хүлээнэ.

384.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас, эсхүл зорчигчийн буруугаас буюу түүний авч явсан зүйлээс шалтгаалж гэм хор учирсан бол тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй.

384.3.Тухайн төрлийн тээврийн хэрэгслийн жолооч болон бусад ажилтнуудын үйл ажиллагааны дутагдал, тээврийн хэрэгслийн бүрэн бус ажиллагаа, эвдрэл, эд материалын доголдол, дутагдал зэргээс зорчигчид хохирол учирсан нь тээвэрлэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

384.4.Тээвэрлэгчийн шууд санаатай буюу хэт болгоомжгүй үйл ажиллагаанаас шалтгаалаагүй болон гэрээнд өөрөөр заагаагүй бол тээвэрлэгч нь хугацаа хожимдсоноос учирсан хохирлыг хариуцахгүй.

384.5.Тээвэрлэгчийн хариуцлагыг гэрээгээр хязгаарлах буюу чөлөөлж болохгүй.

385 дугаар зүйл. Зорчигчийн хүлээх хариуцлага

385.1.Зорчигч нь өөрийн буруутай үйл ажиллагаа, түүнчлэн авч яваа ачаа, тээш болон бусад эд хөрөнгөөс шалтгаалж тээвэрлэгчид учирсан хохирлыг хариуцна.

385.2.Зорчигч нь ачаа тээвэрлэлтийн явцад баримтлах хадгалалт, тээвэрлэлтийн бүхий л нөхцөл, журмыг чанд баримталсан бол хохирлыг хариуцахгүй.

386 дугаар зүйл. Ачаа тээвэрлэлтийн гэрээ

386.1.Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна.

386.2.Дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө.

386.3.Ачааг хэд хэдэн тээврийн хэрэгслээр, эсхүл өөр өөр төрөл буюу тодорхой хэсэгт хувааж тээвэрлэхээр бол тээвэрлэгч, ачаа илгээгч талууд ачааны төрөл, тээврийн хэрэгслийн тоогоор дагалдах бичиг үйлдэхийг шаардах эрхтэй.

386.4.Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарна.

387 дугаар зүйл. Дагалдах бичгийн агуулга

387.1.Дагалдах бичигт дараахь зүйлийг тусгасан байна:

387.1.1.дагалдах бичиг үйлдсэн газар, он, сар, өдөр;

387.1.2.ачаа илгээгчийн нэр, хаяг;

387.1.3.тээвэрлэгчийн нэр, хаяг;

387.1.4.ачааг тээвэрлэгчид шилжүүлэх он, сар, өдөр, газар болон хүргэх газар;

387.1.5.хүлээн авагчийн нэр, хаяг;

387.1.6.ачааны болон сав, баглаа, боодлын ердийн нэр, түүнчлэн аюултай ачаа тээвэрлэх үед түүний нийтээр хүлээн зөвшөөрсөн тэмдэг, тэмдэглэгээ;

387.1.7.тээвэрлэх ачааны тоо, хэмжээ, тэмдэг, дугаар;

387.1.8.ачааны жин буюу хэмжээний талаархи бусад тэмдэглэл;

387.1.9.тээвэрлэлттэй холбогдсон зардал /тээврийн хөлс, нэмэлт зардал, гаалийн хураамж, гэрээ байгуулснаас ачааг хүргэх хүртэл гарах бусад зардал/;

387.1.10.хуульд заасан бусад нөхцөл.

387.2.Шаардлагатай гэж үзвэл талууд дагалдах бичигт дараахь зүйлийг тусгаж болно:

387.2.1.ачааг өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэх, ачихыг хориглосон заалт;

387.2.2.тээвэрлүүлэгч хариуцах зардал;

387.2.3.ачаа илгээх үед төлөх нэмэгдэл үнийн хэмжээ;

387.2.4.ачааны өртөг, түүнийг дурдсан газарт хүргэх онцгой сонирхол;

387.2.5.тээвэрлүүлэгчээс ачааг даатгуулах тухай тээвэрлэгчид өгсөн заалт;

387.2.6.тээвэрлэлтийг дуусгахаар тохиролцсон хугацаа;

387.2.7.тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн баримт бичгийн жагсаалт.

388 дугаар зүйл. Тээвэрлэгчид ачааг хүлээлгэн өгөх

388.1.Тээвэрлэгч ачааг хүлээн авахдаа дараахь зүйлийг шалгах үүрэгтэй:

388.1.1.дагалдах бичигт заасан ачааны тоо, хэмжээ, тэмдэг үнэн зөв эсэх;

388.1.2.ачааны гадаад байдал, сав, баглаа, боодол.

388.2.Тээвэрлэгч энэ хуулийн 388.1.1-д заасан үүргээ гүйцэтгэх бололцоогүй бол энэ тухай болон ачааны гадаад байдал, сав, баглаа, боодлын талаар дагалдах бичигт тэмдэглэнэ.

388.3.Ачаа илгээгч нь ачааны жин болон бусад хэмжигдэхүүнээр тэмдэглэсэн түүний тоо, хэмжээ, түүнчлэн тээвэрлэх ачааны бүрэлдэхүүн хэсгүүдийг шалгаж, дагалдах бичигт тэмдэглэхийг тээвэрлэгчээс шаардаж болох бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг тээвэрлэгч хариуцна.

388.4.Тээвэрлэгч нь ачааг хүлээн авсан болон гэрээний агуулга эсрэгээр нотлогдох хүртэл дагалдах бичгийг гэрээ байгуулсны нотолгоо гэж үзнэ.

388.5.Ачааны дагалдах бичигт энэ хуулийн 388.2-д заасан тэмдэглэл хийгээгүй бол эсрэгээр нотлогдох хүртэл ачааг хүлээн авахад түүний сав, баглаа боодлын гадаад байдал доголдолгүй, ачааны тоо хэмжээ, тэмдэг дугаар дагалдах бичигт заасантай тохирч байна гэж үзнэ.

388.6.Тээвэрлэгч ачааг хүлээн авах үед түүний илэрхий доголдлын талаар мэдэж байсан бөгөөд үүнтэй холбоотой ямар нэг болзол тавиагүйгээс бусад тохиолдолд ачааны сав, баглаа, боодлын улмаас бусдад учирсан хохирлыг ачаа илгээгч хариуцна.

388.7.Ачаа илгээгч нь ачааг зохих газарт хүргэхэд шаардагдах гаалийн болон бусад бүх баримт бичгийг дагалдах бичигт хавсаргах буюу тээвэрлэгчид өгч, тээвэрлэгчийг зохих мэдээллээр бүрэн хангах үүрэгтэй.

388.8.Тээвэрлэгч энэ хуулийн 388.7-д заасан баримт бичиг, мэдээллийн үнэн зөв болон хангалттай эсэхийг шалгах үүрэггүй.

388.9.Тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд ачаа илгээгч нь баримт бичиг, мэдээллийн дутуу болон буруугаас учирсан гэм хорыг тээвэрлэгчийн өмнө хариуцна.

388.10.Дагалдах бичигт хавсаргасан буюу өөрөө хүлээн авсан баримт бичгийг үрэгдүүлсэн, буруугаар ашигласны хариуцлагыг тээвэрлэгч хүлээнэ. Гэхдээ хариуцлагын хэмжээ нь ачааг үрэгдүүлснээс үүсэх хариуцлагаас ихгүй байна.

389 дугаар зүйл. Ачааг захиран зарцуулах эрх

389.1.Ачаа илгээгч нь дагалдах бичигт дурдсанаас өөр газар буюу өөр этгээдэд ачааг хүргүүлэхгүй байх зорилгоор ачааг захиран зарцуулах, тээвэрлэлтийг зогсоох эрхтэй.

389.2.Тээвэрлэгч дагалдах бичгийн 2 дахь хувийг ачаа хүлээн авагчид өгснөөр ачаа илгээгчийн энэ хуулийн 389.1-д заасан эрх дуусгавар болох бөгөөд энэ үеэс тээвэрлэгч нь ачаа хүлээн авагчийн зааврыг биелүүлнэ.

389.3.Ачаа илгээгч нь дагалдах бичигт тусгай тэмдэглэл хийгээгүй бол ачаа хүлээн авагч нь дагалдах бичгийг хүлээн авсан үеэс эхлэн уг ачааг захиран зарцуулах эрхтэй болно.

389.4.Ачаа хүлээн авагч нь уг ачааг гуравдагч этгээдэд хүргүүлэхээр тээвэрлэгчид үүрэг хүлээлгэсэн бол гуравдагч этгээд нь ачаа хүлээн авагч өөр этгээдийг нэрлэх эрхгүй.

389.5.Ачааг захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлэхэд дараахь журмыг баримтална:

389.5.1.ачаа илгээгч, эсхүл ачааг захиран зарцуулах эрхтэй хүлээн авагч нь тээвэрлэгчид өгсөн шинэ зааврыг тусгасан дагалдах бичгийн эхний хувийг тээвэрлэгчид өгч, эдгээр зааврыг гүйцэтгэсний дараа түүнд учирсан зардал, хохирлыг нөхөн төлнө;

389.5.2.тээвэрлэгчид өгөх шинэ заавар нь хүлээн авмагц биелэгдэх боломжтой, тээвэрлэгчийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа болон ачаа илгээгч, ачаа хүлээн авагчийн бусад ачаанд саад, гэм хор учруулахааргүй байвал зохино;

389.5.3.ачааг задлан хуваах заавар өгч болохгүй.

389.6.Ачааг задлан хуваах тухай заавраас болж түүнд өгсөн бусад зааврыг биелүүлэх боломжгүй бол тээвэрлэгч нь энэ тухайгаа заавар өгөгчид нэн даруй мэдэгдэнэ.

389.7.Тээвэрлэгч нь энэ зүйлд заасан журмын дагуу өгсөн зааврыг биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 389.5.1-д заасан дагалдах бичгийн эхний хувийг шаардалгүй эдгээр зааврыг гүйцэтгэснээс үүссэн гэм хорыг эрх бүхий этгээдийн өмнө хариуцна.

390 дугаар зүйл. Хүлээн авагчид ачааг хүлээлгэн өгөх

390.1.Ачааг зохих газарт хүргэж, хүлээлгэн өгөх үед хүлээн авагч нь ачааг хүлээн авсны баталгаа болгож тээвэрлэгчээс дагалдах бичгийн 2 дахь хувийг шаардан авах эрхтэй.

390.2.Ачаа алдагдсан, дутсан буюу тохиролцсон хугацаандаа ирээгүй тохиолдолд ачаа хүлээн авагч нь гэрээнд заасан эрхийнхээ дагуу өөрийн нэрийн өмнөөс шаардлага гаргах эрхтэй.

390.3.Ачаа хүлээн авагч энэ хуулийн 390.2-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ дагалдах бичгийн дагуу гарсан бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд энэ талаар маргаан гарсан тохиолдолд тээвэрлэгч өөрийн шаардлагыг хангах хүртэл ачааг хүлээн авагчид шилжүүлэхээс татгалзаж болно.

391 дугаар зүйл. Тээвэрлэлтийг гэрээнд зааснаар гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал

391.1.Ачааг зохих газарт нь хүргэх, хүлээлгэн өгөхөөс өмнө тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичигт заасан нөхцөлөөр, эсхүл бүхэлд нь гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд тээвэрлэгч нь энэ хуулийн 389 дүгээр зүйлд заасны дагуу ачааг захиран зарцуулах эрхийг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй.

391.2.Нөхцөл байдал нь дагалдах бичигт зааснаас өөрөөр тээвэрлэхэд хүргэж, тээвэрлэгч нь эрх бүхий этгээдээс энэ хуулийн 389 дүгээр зүйлд заасан шинэ зааврыг зохих хугацаанд авч чадаагүй тохиолдолд тэрээр эрх бүхий этгээдийн ашиг сонирхолд илүү нийцэх арга хэмжээг авах үүрэгтэй.

391.3.Түргэн муудах ачаа, эсхүл ачааны нөхцөл байдал зайлшгүй шаардсан буюу хадгалалтын зардал нь ачааны өртгөөс давахаар бол тээвэрлэгч нь эрх бүхий этгээдийн зааврыг хүлээлгүйгээр ачааг худалдах шийдвэр гаргаж болно.

391.4.Ачааг энэ хуулийн 391.3-т заасны дагуу худалдсанаас олсон орлогоос ачаатай холбогдон гарах зардлыг хасаж, үлдсэнийг нь эрх бүхий этгээдэд шилжүүлнэ. Ачаатай холбогдон гарах зардал ачааг худалдсан орлогоос давсан тохиолдолд тээвэрлэгч зөрүүг нөхөн төлүүлэхээр шаардаж болно.

391.5.Ачааг зохих газарт хүргэсний дараа түүнийг хүлээлгэн өгөхөд саад болох нөхцөл байдал үүсвэл тээвэрлэгч нь ачаа илгээгчээс зааварчилгаа шаардах эрхтэй.

391.6.Ачаа хүлээн авагч нь ачааг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд ачаа илгээгчээс өөр заавар өгөөгүй бол тээвэрлэгч нь ачааг хүлээн авахыг шаардаж болно.

391.7.Ачаа хүлээн авагч нь энэ хуулийн 389.4-т заасны дагуу ачааг гуравдагч этгээдэд хүлээлгэн өгөх заавар өгснөөс хойш ачааг хүлээлгэн өгөхөд саад болох нөхцөл байдал үүсч, энэ хуулийн 391.1, 391.2-т заасныг хэрэглэхэд хүлээн авагч нь ачаа илгээгчийн, 3 дахь этгээд нь хүлээн авагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

391.8.Энэ хуулийн 391.1, 391.3, 391.5-391.7-д заасан тохиолдолд тээвэрлэгч эрх бүхий этгээдийн зардлаар ачааг буулгаж болно. Энэ тохиолдолд тээвэрлэлтийг дууссанд тооцож тээвэрлэгч ачааг хадгалах буюу уг үүргийг гуравдагч этгээдэд даалгаж болно.

392 дугаар зүйл. Ачаа барьцаалах тээвэрлэгчийн эрх

392.1.Тээвэрлэлтийн зардлыг төлүүлэхийн тулд тээвэрлэгч нь ачааг захиран зарцуулах эрх үүсэх хүртэл ачааг барьцаалах эрхтэй.

393 дугаар зүйл. Тээвэрлэгчийн хариуцлага

393.1.Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна.

393.2.Эрх бүхий этгээдийн буруугаас, эсхүл түүний зааварчилгыг биелүүлснээс ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн буюу тээвэрлэлтийн хугацаа хэтэрсэн, эсхүл дээрх нөхцөл байдал, түүний үр дагаврыг урьдчилан арилгах боломж тээвэрлэгчид байгаагүй бол тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөнө.

393.3.Тээвэрлэгч өөрийн буруугаас хохирол учруулсан бол түүний хүлээх хариуцлагыг хязгаарласан буюу нотлох үүргээс чөлөөлсөн энэ бүлэгт заасан журам хамаарахгүй.

393.4.Дараахь нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэн бол тээвэрлэгч энэ хуулийн 393.6-393.8-д заасан хариуцлагаас чөлөөлөгдөнө:

393.4.1.талууд шууд тохиролцон, дагалдах бичигт тэмдэглэснээр задгай тээврийн хэрэгсэл ашигласан;

393.4.2.ачаа сав, баглаа, боодолгүй буюу түүний чанар муу байсан;

393.4.3.ачаа илгээгч, хүлээн авагч, эсхүл тэдгээрийг төлөөлөх гуравдагч этгээд ачаанд үзлэг хийж ачсан буюу буулгасан;

393.4.4.тодорхой төрлийн ачааны онцлогоос хамаарч эвдрэх, зэврэх, хатах, элэгдэх, хэвийн алдагдал гарах, асгарах болон мэрэгч амьтдын нөлөөлөл зэргээр хэсэгчлэн буюу бүрэн гэмтэх аюул байсан;

393.4.5.тээвэрлэх ачааны дугаар буюу тэмдэглэл шаардлага хангаагүй байсан;

393.4.6.амьтан тээвэрлэсэн.

393.5.Энэ хуулийн 393.4-т заасан нөхцөл байдал байсан боловч гэм хор учирсан шалтгаан нь дээрхээс өөр бол гэм хорыг тээвэрлэгч хариуцна.

393.6.Энэ хуулийн 393.4-т заасан нэг буюу хэд хэдэн нөхцөлийн улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэнд гэм буруугүй болохоо тээвэрлэгч нотолж чадвал хариуцлагаас чөлөөлөгдөнө.

393.7.Энэ хуулийн 393.4.1-д заасан тохиолдолд давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн бол энэ хуулийн 393.6 хамаарахгүй.

393.8.Энэ хуулийн 384.3-т заасан журам ачаа тээвэрлэгчид нэгэн адил хамаарна.

394 дугаар зүйл. Гомдлын шаардлага гаргах

394.1.Ачаа хүлээн авагч ачааг хүлээн авахдаа тээвэрлэгчтэй хамт түүнийг шалгаагүй, эсхүл алдагдсан, дутсан ачааны болон учирсан хохирлын талаар ямар нэгэн шаардлага тээвэрлэгчид гаргаагүй бол эсрэгээр нотлогдох хүртэл ачаа хүлээн авагч ачааг дагалдах бичигт заасан байдлаар хүлээн авсанд тооцно.

394.2.Ачаа хүлээн авагч ачааны илэрхий гэмтэл, дутагдлын талаархи шаардлагыг ачаа хүлээн авсан өдөр, харин далд дутагдалтай холбоотой шаардлагыг ачааг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тээвэрлэгчид гаргана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

394.3.Ачаа хүлээн авагч, тээвэрлэгч талууд ачааны байдлыг хамтран шалгасан боловч нуугдмал дутагдал, гэмтлийг тухайн үед илрүүлж чадаагүй бол ажлын 7 хоногийн дотор шалгасан үр дүнгийн талаар эсрэг нотолгоо гаргаж болно.

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

394.5.Энэ зүйлд заасан хугацааг тоолохдоо ачаа илгээсэн, шалгасан буюу хүлээлгэж өгсөн өдрийг оролцуулан тооцохгүй.

394.6.Тээвэрлэгч, ачаа хүлээн авагч талууд шаардлагатай шалгалт хийх, зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн хүчин зүйлүүдийг тогтооход бие биедээ харилцан туслах үүрэгтэй.

395 дугаар зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа

395.1.Тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил, санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан бол хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.

395.2.Дор дурдсан үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно:

395.2.1.ачаа алдагдсан, гэмтсэн өдрөөс буюу энэ тухай мэдсэн, мэдэх ёстой байсан өдрөөс, эсхүл хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн бол ачааг хүлээн авах байсан өдрөөс;

395.2.2.ачааны зарим хэсэг алдагдсан тохиолдолд тээвэрлэлтийн гэрээгээр тохирсон ачааг хүлээлгэн өгөх хугацаа дууссанаас хойш 30 дахь өдрөөс, ийм хугацаа товлоогүй бол тээвэрлэгч ачаа хүлээн авснаас хойш 60 дахь өдрөөс;

395.2.3.бусад тохиолдолд гомдлын шаардлагын хариуг авсан буюу гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс.

396 дугаар зүйл. Дамжуулан гүйцэтгэх тээвэрлэлт

396.1.Нэг гэрээгээр хэд хэдэн тээвэрлэгч тээвэрлэлтийг дамжуулан гүйцэтгэхээр байвал тээвэрлэгч бүр тээвэрлэлтийн үүргийг бүхэлд нь хариуцах бөгөөд дамжуулан тээвэрлэхээр ачааг хүлээн авч байгаа тээвэрлэгч ачаа болон дагалдах бичгийг хүлээн авснаар гэрээний тал болно.

396.2.Өмнөх тээвэрлэгчээс ачааг хүлээн авсан тээвэрлэгч түүнийг хүлээн авсан он, сар, өдрийг тэмдэглэж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримт бичгийг өмнөх тээвэрлэгчид өгөх үүрэгтэй бөгөөд дагалдах бичгийн 2 дахь хувь дээр өөрийн нэр, хаягийг заана.

396.3.Шаардлагатай тохиолдолд ачааг хүлээн авч байгаа тээвэрлэгч нь энэ хуулийн 388.2-т заасан тэмдэглэл болон ачаа хүлээн авсныг гэрчлэх тэмдэглэлийг дагалдах бичгийн 2 дахь хувь дээр тусгаж болно.

396.4.Ачаа дамжуулан тээвэрлэхэд ачааг хүлээлгэн өгч байгаа болон хүлээн авч байгаа тээвэрлэгчдэд энэ хуулийн 388.4, 388.5 нэгэн адил хамаарна.

396.5.Ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн буюу хугацаа хэтэрснээс үүсэх гэм хорыг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг гагцхүү эхний болон эцсийн тээвэрлэгчид, эсхүл ачаа үрэгдүүлж, гэмтээсэн буюу хугацаа хэтрүүлсэн тээвэрлэгчид гаргаж болох бөгөөд нэг шаардлагыг хэд хэдэн тээвэрлэгчид гаргах эрхтэй.

396.6.Тээвэрлэгч дараахь тохиолдолд сөрөг шаардлага гаргах эрхтэй:

396.6.1.ачаа алдсан, дутаасан буюу гэмтээсэн тээвэрлэгч хэд хэдэн тээвэрлэгчийн хамтран хариуцвал зохих гэм хорыг дангаар нөхөн төлсөн;

396.6.2.хэд хэдэн тээвэрлэгч ачааг алдсан, дутаасан, гэмтээсэн бол тус тусдаа өөрийн хүлээх хариуцлагад хувь тэнцүүлэн гэм хорыг нөхөн төлөх бөгөөд үүнийг тогтоох бололцоогүй тохиолдолд тээвэрлэгч тус бүр авсан хөлстэйгээ хувь тэнцүүлэн хариуцлага хүлээсэн;

396.6.3.тээвэрлэгчдийн хэн нь гэм хорыг нөхөн төлөхийг тогтоох бололцоогүйгээс энэ зүйлд заасны дагуу хувь тэнцүүлэн хариуцлага хүлээсэн.

396.7.Хэрэв тээвэрлэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол түүний төлөх ёстой байсан төлбөрийг бусад тээвэрлэгчид авсан хөлстэйгээ хувь тэнцүүлэн хариуцна.

396.8.Сөрөг шаардлага гаргаж байгаа тээвэрлэгч нь үндэслэлгүйгээр төлбөр гүйцэтгэсэн, эсхүл төлбөр нөхөн төлөх тухай шийдвэрийг шүүх гаргахдаа үүрэг бүхий этгээдэд зохих журмын дагуу урьдчилан мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд оролцох боломжтой байгаад оролцоогүй бол сөрөг шаардлага гаргах буюу сөрөг шаардлагыг хангахаас татгалзах эрхгүй.

396.9.Ачаа дамжуулан тээвэрлэгчид нь энэ хуулийн 396.6, 396.7-д зааснаас бусад асуудлаар харилцан тохиролцож болно.

397 дугаар зүйл. Тээвэрлэлттэй холбоотой зарим хэлцэл хүчин төгөлдөр бус байх

397.1.Энэ хуулийн 396.9-д зааснаас бусад энэ бүлгийн заалтад харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

397.2.Тээвэрлэгч ачааны даатгалаас үүсэх шаардлагаа, эсхүл нотлох үүргээ бусдад шилжүүлсэн аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

398 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлөх нэмэгдүүлсэн хариуцлага

398.1.Тээвэрлэгчид итгэмжлэн өгсөн ачаа нь онцгой ач холбогдолтой бол түүнийг алдсан буюу дутаасан тохиолдолд үнийг 2 нугалж төлүүлэхээр ачаа илгээгч буюу хүлээн авагч тал нь тээвэрлэгчтэй урьдчилан тохиролцож болно.

Даалгавар

399 дугаар зүйл. Даалгаврын гэрээ

399.1.Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

399.2.Даалгавар гүйцэтгэгчийн хийж байгаа тухайн үйлдэл зайлшгүй хариу төлбөрийн шинжтэй бол талууд хөлсийг харилцан тохиролцсон гэж үзнэ.

399.3.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар гүйцэтгэгч даалгаврыг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй.

399.4.Ямар ч үед даалгавар өгөгч даалгавраа цуцлах, даалгавар гүйцэтгэгч даалгавраас татгалзах эрхтэй. Энэ эрхийг хязгаарласан гэрээ хүчин төгөлдөр бус байна.

400 дугаар зүйл. Даалгавар гүйцэтгэгчийн үүрэг

400.1.Даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй.

400.2.Даалгавар өгөгчийн ашиг сонирхлын үүднээс түүний өгсөн зааврыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ талаар урьдчилан мэдэгдэх боломжгүй байсан, эсхүл мэдэгдсэн боловч зохих хугацаанд хариу аваагүй бол даалгавар гүйцэтгэгч уг зааврыг өөрчлөх эрхтэй.

400.3.Даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй.

400.4.Даалгавар гүйцэтгэгч өгсөн даалгаврыг гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд түүнийг гүйцэтгэхтэй холбогдуулан авсан зүйлийг гүйцэтгээгүй даалгаврын хэмжээгээр даалгавар өгөгчид буцааж өгөх үүрэгтэй.

401 дугаар зүйл. Даалгавар өгөгчийн үүрэг

401.1.Даалгавар өгөгч нь өгсөн даалгаврынхаа гүйцэтгэлийг хүлээн авах, гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах зүйлийг даалгавар гүйцэтгэгчид олгох, даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй.

402 дугаар зүйл. Даалгаврын гэрээгээр хохирлыг нөхөн төлөх

402.1.Даалгаврыг бүрэн гүйцэтгээгүй байхад даалгавар өгөгч нь даалгавраа өөрчилсөн, эсхүл даалгавраа цуцалсан тохиолдолд даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зардал, учирсан хохирлыг даалгавар гүйцэтгэгчид төлөх бөгөөд хөлс төлөхөөр тохиролцсон бол гүйцэтгэсэн даалгаврын хэмжээгээр түүнийг төлөх үүрэгтэй.

402.2.Даалгавар өгөгчийн зааварчилгаар аюултай нөхцөл байдалд даалгавар гүйцэтгэснээс үүссэн хохиролд даалгавар гүйцэтгэгч буруугүй бол даалгавар өгөгч уг хохирлыг хариуцна.

403 дугаар зүйл. Даалгавар гүйцэтгэгч нас барах буюу хуулийн этгээд татан буугдах

403.1.Даалгавар гүйцэтгэгч иргэн нас барвал түүний өвлөгч гэрээ дуусгавар болсон тухай даалгавар өгөгчид мэдэгдэж, түүний эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах үүрэгтэй.

403.2.Даалгавар гүйцэтгэгч хуулийн этгээд татан буугдвал татан буулгах комисс, эсхүл татан буулгах ажлыг эрхлэн явуулж байгаа этгээд энэ тухай даалгавар өгөгчид мэдэгдэж, түүний эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах үүрэгтэй.

404 дугаар зүйл. Даалгаврыг өөр этгээдэд шилжүүлэх

404.1.Гэрээнд заасан буюу даалгавар өгөгч эрх олгосон, эсхүл даалгаврыг биечлэн гүйцэтгэх боломжгүй болсон үед түүнийг өөр этгээдээр гүйцэтгүүлэх нь даалгавар өгөгчийн ашиг сонирхолд нийцэж байвал даалгавар гүйцэтгэгч нь түүнийг гүйцэтгүүлэхээр өөр этгээд /орлон гүйцэтгэгч/-д шилжүүлж болно.

404.2.Даалгаврыг бүрэн буюу түүний зарим хэсгийг орлон гүйцэтгэгчид шилжүүлсэн даалгавар гүйцэтгэгч энэ тухай даалгавар өгөгчид даруй мэдэгдэх бөгөөд орлон гүйцэтгэгчийн талаархи мэдээллээр даалгавар өгөгчийг хангах үүрэгтэй.

404.3.Даалгавар гүйцэтгэгч шаардлага хангахгүй этгээдийг орлон гүйцэтгэгчээр сонгон авснаас уг даалгаврыг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, эсхүл даалгавар гүйцэтгэгч нь энэ хуулийн 404.1, 404.2-т заасныг зөрчсөн бол орлон гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн үүргийн үр дагаврыг даалгавар гүйцэтгэгч хариуцна.

404.4.Даалгавар өгөгч нь даалгавар гүйцэтгэгчийн сонгон авсан орлон гүйцэтгэгчийг хэдийд ч өөрчлөх эрхтэй.

405 дугаар зүйл. Даалгаврын гэрээ дуусгавар болох

405.1.Даалгаврын гэрээ нь хууль буюу гэрээнд зааснаас гадна дараахь үндэслэлээр дуусгавар болно:

405.1.1.даалгавар өгөгч даалгавраа цуцалсан;

405.1.2.даалгавар гүйцэтгэгч нь даалгавар биелүүлэхээс татгалзсан.

Хөрөнгө итгэмжлэх

406 дугаар зүйл. Хөрөнгө итгэмжлэх гэрээ

406.1.Хөрөнгө итгэмжлэх гэрээгээр итгэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгө буюу эрхийг итгэмжлэгдсэн өмчлөгчид шилжүүлэх, итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг хүлээн авч итгэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, захиран зарцуулах үүрэг тус тус хүлээнэ.

406.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгө итгэмжлэх гэрээг бичгээр хийнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

406.3.Итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс, итгэмжлэгчийн зардал, эрсдлээр захиран зарцуулах үүрэгтэй.

406.4.Итгэмжлэгдсэн өмчлөгч гуравдагч этгээдтэй харилцаанд орохдоо өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, үр дагаврыг нь хариуцах бөгөөд итгэмжлэгчийн ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулсны улмаас түүнд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

406.5.Гэрээнд өөрөөр заагаагүй бол итгэмжлэгдсэн өмчлөгч итгэмжилсэн хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа явуулсны төлөө итгэмжлэгчээс хөлс авахгүй.

406.6.Итгэмжилсэн хөрөнгөөс олсон орлого, үр шимийг итгэмжлэгч өмчилнө.

Илгээмжийн гэрээ

407 дугаар зүйл. Илгээмжийн гэрээ

407.1.Илгээмжийн гэрээгээр илгээгч өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийж, захиалагч гэрээнд заасан хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

407.2.Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол илгээмжийн гэрээнд даалгаврын гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.

408 дугаар зүйл. Илгээгчийн эрх, үүрэг

408.1.Илгээгч нь илгээмжийн гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангахуйц байдлаар ачаа, илгээмжийг тээвэрлэх, тээвэрлэлтэд оролцох этгээдийг сонгох, захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.

408.2.Захиалагч хүсвэл илгээгч илгээмжийг даатгуулах үүрэгтэй. Захиалагч хүсэлт гаргаагүй бол илгээгч ердийн нөхцөлийн дагуу илгээмжийг даатгуулж болно.

408.3.Захиалагч татгалзаж байгаагаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тусгайлан илэрхийлээгүй бол илгээгч нь захиалагчийн зардлаар илгээгчийн үйлдлийн улмаас учирч болзошгүй гэм хорын даатгалын гэрээг өөрийн сонгосон даатгагчтай байгуулах бөгөөд энэ тухай захиалагчид мэдээлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

408.4.Энэ хуулийн 408.3-т заасан даатгалын гэрээг баримтлан захиалагч нь учирсан гэм хорын талаар илгээгчид нэн даруй мэдээлэх бөгөөд илгээгч уг мэдээллийг даатгагчид дамжуулна.

408.5.Илгээмж хүлээн авагч илгээмжийг хүлээн аваагүй, эсхүл бусад үндэслэлээр илгээмжийг хүлээн авах боломжгүй болсон бол илгээгчийн эрх, үүргийг тээвэрлэлтийн дүрмээр тодорхойлно.

408.6.Талуудын оролцоотойгоор илгээмжийг шалгах боломжгүй бол илгээмжийг хүлээн авагч нь ачаанд учирсан гэм хорыг олж тогтоон илгээмжийг хүлээлгэн өгөгчид мэдэгдсэнээс бусад тохиолдолд илгээмжийг бүрэн бүтэн, аливаа гэмтэлгүй болохыг хүлээн зөвшөөрч, хүлээж авсанд тооцно.

408.7.Хэрэв илгээмж илт дутагдсан, эсхүл гэмтсэн байвал илгээмж хүлээн авагч энэ тухай илгээмжийг хүлээн авсан өдөрт нь багтааж илгээгчид мэдээлнэ.

408.8.Гэрээнд өөрөөр заагаагүй бол илгээгч илгээмжийг өөрийн зардал, хэрэгслээр тээвэрлэж болно. Энэ тохиолдолд илгээгч нь тээвэрлэгчтэй нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд энэ нь захиалагчийн эрх ашгийг үл хөндөнө.

408.9.Илгээгч өөрөө, эсхүл түүний ажилтан гэм буруутай бол гэрээнээс үүсэх хариуцлагыг хүлээнэ.

408.10.Гуравдагч этгээд гэрээний талуудад гэм хор учруулсан бол илгээгч нь захиалагчийн зөвшөөрснөөр түүний зардал, эрсдэлээр шаардах эрх эдлэхээс бусад тохиолдолд гуравдагч этгээдэд шаардлага гаргах эрхийг захиалагчийн шаардсанаар түүнд шилжүүлэх үүрэгтэй.

408.11.Илгээгч, түүний ажилтан санаатай, эсхүл илт хайхрамжгүй хандаж захиалагчид гэм хор учруулсан бол тэдгээрийн хариуцлагыг хязгаарласан, эсхүл гэм бурууг нотлох үүргийг бусдад ногдуулсан гэрээний заалтууд хүчин төгөлдөр бус байна.

409 дугаар зүйл. Захиалагчийн эрх, үүрэг

409.1.Захиалагч илгээмжийн талаархи болон бусад шаардлагатай мэдээлэл, түүний тээвэрлэлттэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж илгээгчид өгөх үүрэгтэй.

409.2.Захиалагч энэ хуулийн 409.1-д заасан мэдээллийн үнэн зөвийг нотлох баримтыг илгээгчид шилжүүлж өгөх үүрэгтэй.

409.3.Захиалагч тээвэрлүүлэхээр шилжүүлсэн илгээмжийн онцлог шинж чанар, учруулж болзошгүй аюул, аюулгүй ажиллагааны талаар илгээгчид мэдээлнэ.

409.4.Захиалагч энэ хуулийн 409.3-т заасан үүргээ биелүүлээгүй бол илгээгч түүний шилжүүлсэн илгээмжийг аль ч үед устгах, буулгах, эсхүл аюулыг нь арилгах арга хэмжээ авч болох бөгөөд үүний улмаас захиалагчид учирсан гэм хорыг нөхөн төлөхгүй.

409.5.Захиалагч илгээмжийг тээвэрлэлтийн шаардлагад нийцүүлэн баглах үүрэгтэй.

409.6.Илгээмжийг бусдаас ялгах шаардлагатай бол захиалагч илгээмжийг эрх бүхий этгээдэд хүргэхээс өмнө таних тэмдэг тавих үүрэгтэй.

409.7.Баглаа боодол, таних тэмдэггүй, эсхүл тэдгээр нь дутуу буюу буруу байгааг илгээгч мэдсээр байж энэ талаар захиалагчид мэдээлээгүйгээс бусад тохиолдолд энэ хуулийн 409.5, 409.6-д заасан шаардлагыг биелүүлээгүйн улмаас учирсан гэм хорыг захиалагч хариуцна.

409.8.Захиалагч илгээмжийг нэг бүрчлэн шалгахыг илгээгчид даалгаж, нэмэлт хөлс төлж болно.

409.9.Захиалагч илгээмжийг илгээгчид шилжүүлсний дараа хөлсийг төлнө.

Зуучлал

Нэгдүгээр дэд бүлэг

Нийтлэг үндэслэл

410 дугаар зүйл. Зуучлалын гэрээ

410.1.Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.

410.2.Хөлс, шагналын хэмжээг харилцан тохиролцоогүй бол тогтсон нийтлэг жишиг хэмжээгээр тохиролцсон гэж үзнэ.

410.3.Хугацааг харилцан тохиролцоогүй бол зуучлалын гэрээг хэдийд ч дуусгавар болгож болно.

411 дугаар зүйл. Зуучлах онцгой эрх

411.1.Зуучлах онцгой эрхийн гэрээгээр зуучлуулагч нь тодорхой хугацааны турш өөр зуучлагчийн үйлчилгээнээс татгалзах, зуучлагч энэ хугацаанд гэрээ байгуулахад туслалцаа үзүүлэх үүргийг тус тус хүлээнэ.

411.2.Зуучлуулагч энэ хуулийн 411.1-д заасан хугацаанд өөр зуучлагчаар үйлчлүүлэх гэрээ байгуулсан бол зуучлагч өөрт учирсан хохирлыг нотлогдсон хэмжээгээр нөхөн төлүүлэх эрхтэй. Худалдах-худалдан авах гэрээ байгуулахад зуучлах байсан бол нөхөн төлүүлэх хохирлын хэмжээ гэрээний үнийн хоёр хувиас хэтрэхгүй.

411.3.Зуучлуулагч нь зуучлагчийн тусламжгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд зуучлагчид хөлс, шагнал олгохоор тохиролцож болно. Худалдах-худалдан авах гэрээ байгуулахад зуучлах бол хөлс, шагналын хэмжээ гэрээний үнийн таван хувиас хэтрэхгүй.

411.4.Зуучлах онцгой эрхийн гэрээг бичгээр хийнэ.

411.5.Зуучлах онцгой эрхийн гэрээг зөвхөн онцгой нөхцөл байдал бий болсон үед цуцалж болно.

411.6.Гэрээнд өөрөөр заагаагүй бол зуучлах даалгаврыг өгснөөс хойш зургаан сар өнгөрвөл түүнийг хугацаа харгалзахгүйгээр цуцалж болно.

411.7.Зуучлагч гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний зүйл нь зуучлагчийн өмчлөлийн зүйл байсан бол зуучлуулагч нь зуучлагчид зуучлалын хөлс, шагнал болон зардлыг нөхөн төлөхгүй бөгөөд энэ журам хожим илэрсэн дараахь тохиолдолд нэгэн адил үйлчилнэ:

411.7.1.зуучлагч өөрөө гуравдагч этгээд байсан;

411.7.2.зуучлагч нь гуравдагч этгээдийн оролцдог хуулийн этгээд байсан;

411.7.3.гуравдагч этгээд нь зуучлагчийн оролцдог хуулийн этгээд байсан;

411.7.4.зуучлагч болон гуравдагч этгээд хоорондоо албан тушаалын болон хөдөлмөрийн харилцаатай байсан;

411.7.5.зуучлагч нь гуравдагч этгээдийн гэр бүлийн гишүүн байсан.

411.8.Зуучлагч гуравдагч этгээдтэй гэрээ байгуулахаас өмнө зуучлуулагчид энэ хуулийн 411.7-д заасан нөхцөл байдлыг урьдчилан мэдэгдсэн бол хөлс, шагнал авах буюу гаргасан зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй.

411.9.Зуучлагч гэрээг зөрчиж, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс ажиллавал хөлс, шагнал авах буюу зардлаа нөхөн төлүүлэх эрхээ алдана.

411.10.Энэ хуулийн 411.7, 411.8-д заасан журмыг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

412 дугаар зүйл. Зээлийн гэрээ байгуулахад зуучлах

412.1.Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээ байгуулахад зуучлахад зуучлалын гэрээний ерөнхий журам үйлчилнэ.

412.2.Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээнд зуучлах гэрээг бичгээр хийнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

412.3.Гэрээнд зуучлалын хөлс, шагналын хэмжээ, зээлийн хэмжээ, хүү, төлөх хугацаа, төлбөрийн ханш, нэмэлт зардал, зээлдүүлэгчийн овог, нэр, хаяг зэргийг заана.

412.4.Зуучлуулагч зуучлалын дагуу зээл авсан тохиолдолд зээлийн зуучлагчид хөлс, шагнал төлнө.

Хоёрдугаар дэд бүлэг

Худалдааны зуучлагч, комисс

413 дугаар зүйл. Худалдааны зуучлагч

413.1.Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

413.2.Энэ хуулийн 413.1-д зааснаас бусад хэлцэл болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцлийг худалдааны зуучлагчийн тусламжтайгаар хэрэгжүүлсэн тохиолдолд худалдааны зуучлагч гэж үзэхгүй.

413.3.Гэрээний талууд хориглоогүй буюу тухайн үүргээс чөлөөлөөгүй бол хэлцэл байгуулагдсаны дараа зуучлагч нь гэрээний талуудад хэлцлийн зүйл, нөхцөл, оролцогч тал, бараа, үнэт цаас худалдах худалдан авах гэрээ байсан бол тэдгээрийн төрөл, тоо, хэмжээ, гэрээний үнэ, хугацаа зэргийг тусгасан баримтыг гарын үсэг зурж олгоно.

413.4.Нэн даруй биелэгдэхээс бусад хэлцэлд энэ хуулийн 413.3-т заасан баримт бичигт талууд гарын үсэг зурна.

413.5.Хэрэв хэлцлийн нэг тал баримтад гарын үсэг зурах буюу эсхүл түүнийг хүлээн авахаас татгалзвал худалдааны зуучлагч нөгөө талд энэ тухай нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

413.6.Нөгөө талыг заагаагүй худалдааны зуучлагчийн баримтыг талуудын аль нэг нь хүлээн авсан бөгөөд хожим мэдэгдсэн талын эсрэг үндэслэл бүхий гомдол гаргаагүй бол түүнтэй хэлцэл хийсэн гэж үзнэ.

413.7.Гэрээний нэг талыг зуучлагч ердийн боломжит буюу үүргийн шинж чанарт тохирсон хугацаанд нөгөө талд мэдэгдэх үүрэгтэй.

413.8.Гэрээний нэг тал нь нэрлэгдээгүй, эсхүл нэрлэгдсэн этгээдийн эсрэг үндэслэл бүхий гомдол гаргасан бол нөгөө тал нь гэрээ байгуулахтай холбогдсон үр дагаврыг шаардах эрхтэй.

413.9.Дээж авах замаар барааг худалдаж байвал худалдааны зуучлагч нь барааны дээжид тусгай тэмдэг тавих, дээжийг гэрээний талуудад олгох зорилгоор худалдан авагч барааны чанарт гомдол гаргалгүйгээр хүлээж авах хүртэл хадгалах үүрэгтэй.

413.10.Талууд хоорондын зуучлалын үр дүнд байгуулагдсан гэрээнээс худалдааны зуучлагч аливаа ашиг олох, эсхүл мөнгөн төлбөр авах эрхгүй.

413.11.Худалдааны зуучлагч өөрийн буруугаас үүссэн хохирлыг талуудын өмнө хариуцна.

413.12.Худалдааны зуучлагчид олгох зуучлалын хөлс, шагналыг хэн төлөх талаар тохиролцоогүй бол гэрээний талууд тогтоосон хөлс, шагналыг тэнцүү хэмжээгээр төлөх үүрэгтэй.

414 дугаар зүйл. Худалдааны зуучлагчийн хөтлөх тэмдэглэл

414.1.Худалдааны зуучлагч өдөр бүр дэс дараатай тэмдэглэл хөтөлж, түүнд байгуулсан бүх хэлцлээ бүртгэж, тухай бүр гарын үсэг зурна.

414.2.Худалдааны зуучлагч гэрээний талуудын шаардсан үед тэмдэглэлээс зуучлалын тусламжтайгаар байгуулсан хэлцлийн тухай мэдээллийг агуулсан өөрийн гарын үсэгтэй баримтыг олгох үүрэгтэй.

415 дугаар зүйл. Худалдааны төлөөлөгч, комисс

415.1.Үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар гэрээ байгуулах буюу бараа, эрх, үйлчилгээг борлуулахад зуучилж байгаа этгээдийг худалдааны төлөөлөгч гэнэ.

415.2.Өөрийн нэрийн өмнөөс, гэхдээ бусдын зардлаар барааг борлуулж, эрх хэрэгжүүлэх этгээдийг комисс гэнэ.

415.3.Худалдааны төлөөлөгч буюу комисс нь үйлчлүүлэгчийн заавраар түүний эрх ашиг, ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, үйлчлүүлэгчийг шаардлагатай мэдээллээр хангана. Гэрээнд өөрөөр заагаагүй бол улирал бүрийн сүүлчийн арав хоногт өөрийн үйл ажиллагааны үр дүн, үйлчилгээний хөлс, шагналын тооцоо, комиссийн төлбөрийн дүн зэргийг агуулсан тайланг үйлчлүүлэгчид гаргаж өгнө.

415.4.Сар бүрийн эцэст үйлчлүүлэгч хөлс, шагналыг, комисс нь олсон ашгаа үйлчлүүлэгчид тус тус төлнө.

415.5.Үйлчлүүлэгч гэрээнд заасан нөхцөлийг биелүүлээгүй, эсхүл зуучлалын үндсэн дээр зохих хэлцэл байгуулаагүй бол худалдааны төлөөлөгч, комисс нь хөлс, шагнал шаардах эрхтэй.

415.6.Хэрэв хэлцлийг үйлчлүүлэгчийн бус нөгөө талын буруугаас байгуулаагүй бол хөлс, шагнал шаардах эрх үүсэхгүй.

415.7.Хэлцэл хийгч нөгөө тал үүргээ гүйцэтгэж чадахгүй болох нь тогтоогдвол худалдааны төлөөлөгч, комисс нь хөлс, шагнал шаардах эрхээ алдаж, өмнө авсан хөлс, шагналыг үйлчлүүлэгчид буцаан өгнө.

415.8.Комисс нь барааг үйлчлүүлэгчийн тогтоосон үнээс өөр үнээр худалдах тохиолдолд түүнд энэ тухай нэн даруй мэдэгдэх бөгөөд энэ тохиолдолд үйлчлүүлэгч хариу өгөөгүй бол түүнийг зөвшөөрсөнд тооцно.

415.9.Барааг илүү ашигтайгаар худалдсан тохиолдолд олсон ашиг нь үйлчлүүлэгчид үлдэнэ.

416 дугаар зүйл. Хөлс, шагнал, шимтгэлийн хэмжээ

416.1.Хөлс, шагнал, шимтгэлийн хэмжээг харилцан тохиролцоогүй бол тогтсон нийтлэг жишиг, хэмжээгээр тохиролцсон гэж үзнэ.

416.2.Хөлс, шагналыг төлбөр төлөх талын төлбөрийн дүнгээс тооцох бөгөөд ингэхдээ төлбөрийг бэлэн мөнгөөр гүйцэтгэсний хөнгөлөлт, төлбөр тооцоо, савлалт, гаалийн хураамж, татвар төлөх зэрэгтэй холбогдон үүссэн нэмэлт зардлыг хасаж бодно.

416.3.Нэмэлт зардлыг гуравдагч этгээд төлсөн тохиолдолд энэ хуулийн 416.2 хамаарахгүй.

416.4.Даатгалын гэрээнд даатгалын үнийн дүнгээс хөлс, шагналыг тооцох бөгөөд ийм үнийн дүн байхгүй бол даатгалын хураамжаас тооцно.

417 дугаар зүйл. Худалдааны төлөөлөгч, комисстой байгуулах гэрээний хугацаа

417.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол худалдааны төлөөлөгчтэй байгуулах гэрээ нэг жилийн хугацаатай байна. Гэрээний хугацаа дуусгавар болохоос гурван сарын өмнө түүнийг цуцлах тухай санал гаргаагүй бол гэрээг нэг жилээр сунгасанд тооцно.

418 дугаар зүйл. Худалдааны төлөөлөгчид олгох нөхөн олговор

418.1.Худалдааны төлөөлөгч гэрээ дуусгавар болсны дараа үйлчлүүлэгчээс дараахь тохиолдолд нөхөн олговор олгохыг шаардах эрхтэй:

418.1.1.үйлчлүүлэгч худалдааны төлөөлөгчийн зуучлалаар шинэ үйлчлүүлэгчтэй ажил хэргийн харилцаанд давуу эрх олж авсан;

418.1.2.шинээр хамрагдсан үйлчлүүлэгчтэй байгуулсан хэлцлийг сунгаснаар хөлс, шагнал авах эрхээ алдсан.

418.2.Шинээр үйлчлүүлэгч хамруулсан гэдэгт үйлчлүүлэгч их хэмжээний ашиг олох боломжтой ажил хэргийн холбоо тогтоосныг ойлгоно.

418.3.Нөхөн олговор нь худалдааны төлөөлөгчийн үйл ажиллагааны сүүлийн таван жилд авч байсан, эсхүл нэг жилд олох хөлс, шагналын дундаж хэмжээнээс илүүгүй байна. Нэг жилээс доош хугацаатай байгуулсан гэрээнд худалдааны төлөөлөгчийн үйл ажиллагааны хугацаанд олж болох хөлс, шагналын дундаж дүнгээс тооцно.

418.4.Нөхөн олговор олгохыг шаардах эрхээс татгалзах, гэрээ дуусгавар болохоос өмнө түүнийг урьдчилан олгохыг хориглоно.

418.5.Гомдол дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус байна:

418.5.1.үйлдвэрийн үйл ажиллагаа нь гэрээг цуцлах үндэслэл болсноос бусад тохиолдолд худалдааны төлөөлөгч өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан, эсхүл өндөр нас, өвчний улмаас үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон;

418.5.2.худалдааны төлөөлөгчийн буруутай үйл ажиллагааны улмаас үйлчлүүлэгч гэрээг цуцалсан;

418.5.3.үйлчлүүлэгч, худалдааны төлөөлөгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу худалдааны төлөөлөгчийн оронд гэрээний харилцаанд гуравдагч этгээд оролцож байгаа.

418.6.Энэ хуулийн 418.5.3-т заасан хэлцлийг гэрээ дуусгавар болохоос өмнө байгуулж үл болно.

418.7.Нөхөн олговор авах эрхийг гэрээ дуусгавар болсон үеэс эхлэн нэг жилийн дотор хэрэгжүүлнэ.

419 дугаар зүйл. Хариуцлага

419.1.Бий болсон нөхцөл байдлаас шалтгаалж өөрийн бүрэн эрхээс татгалзах эрхгүй байсан комисс нь үйлчлүүлэгчийн өгсөн зааврыг зөрчин үйл ажиллагаа явуулсан, эсхүл үйл ажиллагаанаас орсон орлогыг бүрэн хэмжээгээр шилжүүлээгүйгээс үйлчлүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлнө.

419.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал нөлөөлснөөс бусад тохиолдолд өөрт нь хариуцуулсан эд хөрөнгийг алдсан, дутаасан, гэмтээсэн комисс нь учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

419.4.Комисс, худалдааны төлөөлөгч нь үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр өөр өрсөлдөгч үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг төлөөлөхийг хориглох бөгөөд харин гэрээ байгуулах үед худалдааны төлөөлөгч, комисс нь өрсөлдөгч үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг төлөөлж байгааг үйлчлүүлэгч мэдэж байсан бол зөвшөөрөл олгосон гэж үзнэ.

419.5.Худалдааны төлөөлөгч энэ хуулийн 419.4-ийг зөрчвөл үйлчлүүлэгч учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаардах эрхтэй.

419.6.Гэрээ дуусгавар болсны дараа өрсөлдөгч байгууллагад ажиллахыг хориглосон нөхцөлийг гэрээнд тусгасан бол энэ нь үйлчлүүлэгч нөхөн төлбөр хийж байгаа тохиолдолд хүчинтэй байх бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээг энэ хуулийн 418 дугаар зүйлд заасан журмаар тооцно.

419.7.Гэрээ дуусгавар болсны дараа өрсөлдөгч байгууллагад ажиллахыг хориглосон нөхцөлтэй гэрээний хугацаа нэг жилээс илүүгүй байна.

Шагнал олгохоор нийтэд амлах, уралдаант шалгаруулалт

420 дугаар зүйл. Шагнал олгохоор нийтэд амлах

420.1.Тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ.

420.2.Энэ хуулийн 420.1-д заасан үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээд түүнийг зарлалын дагуу гүйцэтгээгүй ч зарлалд заасан болзлыг хангасан бол шагнал авах эрхтэй.

420.3.Шагнал олгохоор амласан этгээд нийтэд зарласан үйлдлийг хийх буюу үр дүн бий болохоос өмнө зарласан арга, хэлбэр, журмаар, эсхүл тусгайлан мэдээлэх замаар уг амлалтыг хүчингүй болгож болно.

420.4.Зарласан хугацаанд болзлыг хангах нь эргэлзээтэй болсон тохиолдолд амлалтыг хүчингүйд тооцох тухай шагнал олгохоор нийтэд зарлахдаа зааж болно.

420.5.Шагнал олгох амлалтын болзлыг хэд хэдэн этгээд хангасан бол болзлыг хамгийн түрүүнд хангасан этгээд шагналыг авна.

420.6.Шагнал олгох амлалтын болзлыг хэд хэдэн этгээд нэгэн зэрэг хангасан бол шагналыг гүйцэтгэгч бүрт ижил хувь хэмжээгээр хувааж олгоно.

420.7.Шагнал нь үл хуваагдах шинжтэй буюу нийтэд зарласан амлалтын агуулгын дагуу гагцхүү нэг этгээд авах бол шагнал авах этгээдийг сугалаагаар тогтооно.

421 дугаар зүйл. Цахим хэлбэрээр хийх хэлцэл

421.1. Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

421.2.Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. /Энэ зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/ /Энэ хэсэгт 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

421 дугаар зүйл. Уралдаант шалгаруулалт

421.1.Ямар нэгэн ажлыг гүйцэтгэх тодорхой болзлыг хангаж шалгарсан этгээдэд шагнал буюу эрх олгохоор нийтэд зарласан иргэн, хуулийн этгээд нь зарласан болзол ёсоор шалгарсан этгээдэд тухайн шагнал буюу эрхийг олгох үүрэг хүлээнэ.

421.2.Уралдаант шалгаруулалтын болзолд гүйцэтгэх ажил, түүний хугацаа, тодорхой эрх олгох нөхцөл, шагналын тоо, хэмжээ, гүйцэтгэсэн ажил буюу төслийг шалгаруулах журам, хугацааг тодорхой заах бөгөөд эдгээрээс бусад нөхцөлийг оруулж болно.

421.3.Нэгэнт зарласан уралдаант шалгаруулалтын болзлыг өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар зайлшгүй өөрчлөх шаардлагатай бол уг ажлыг гүйцэтгэн ирүүлэхээр тогтоосон хугацааны дотор өөрчилж болно.

421.4.Уралдаант шалгаруулалтад ирүүлбэл зохих ажлын талаар тавих шаардлага ихээхэн өөрчлөгдөхөөр байвал уг ажлыг гүйцэтгэн ирүүлэх хугацааг түүнд зохицуулан сунгана.

421.5.Уралдаант шалгаруулалтын болзолд орсон өөрчлөлтийг уралдаант шалгаруулалт зарласан журмаар зарлах бөгөөд ийнхүү зарлаагүй бол уралдаант шалгаруулалтын болзол өөрчлөгдсөн гэж үзэхгүй.

421.6.Уралдаант шалгаруулалт зарласан этгээд уралдаант шалгаруулалтад оролцогчоос түүнд оролцохыг зөвшөөрсөн хариу буюу холбогдох материалыг хүлээн авснаас хойш саналаасаа татгалзах эрхгүй бөгөөд татгалзсан тохиолдолд болзол хангасан оролцогч зарласан шагналыг авахаар шаардах эрхтэй.

421.7.Уралдаант шалгаруулалт зарласан этгээд энэ зүйлд заасан журмыг зөрчсөн бол түүний улмаас оролцогчдод учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

421.8.Уралдаант шалгаруулалт зарласны дагуу зохиогчийн эрхэд хамаарах бүтээл туурвисан бөгөөд уг бүтээл нь уралдаант шалгаруулалтын шагнал авсан бол уралдаант шалгаруулалт зарласан этгээд түүнийг уралдаант шалгаруулалтын болзолд дурдсан аргаар ашиглах эрхтэй бөгөөд болзолд өөрөөр заагаагүй бол энэхүү бүтээлийн зохиогч бүтээлээ ашиглуулсны хөлс, шагналыг авах эрхтэй.

421.9.Хууль болон болзолд өөрөөр заагаагүй бол уралдаант шалгаруулалтад шалгарч тодорхой шагнал буюу эрх аваагүй ажил, түүнчлэн шагналд орсон буюу эрх авсан боловч дараа нь ашиглахаар болзолд зарлаагүй ажлыг уралдаант шалгаруулалт дуусмагц даруй буцаан өгнө.

421.10.Уралдаант шалгаруулалтаар зарласан ажлыг хэд хэдэн этгээд гүйцэтгэсэн бол шагнал олгоход энэ хуулийн 420.5, 420.6-д заасан журмыг баримтална.

Хадгалалт

422 дугаар зүйл. Хадгалалтын гэрээ

422.1.Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ.

422.2.Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалалт төлбөргүй байх бөгөөд хэрэв хадгалагч хадгалалтыг аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа бол урьдчилан тохиролцоогүй ч хадгалалтын хөлсийг харилцан тохиролцсон гэж үзнэ.

422.3.Хадгалагч дараахь эрх, үүрэгтэй:

422.3.1.хадгалалтыг төлбөргүй гүйцэтгэж байгаа бол хадгалж байгаа эд хөрөнгийг өөрийн эд хөрөнгийн адил нөхцөлөөр хадгалах;

422.3.2.хадгалж байгаа эд хөрөнгийг хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх;

422.3.3.хадгалуулсан эд хөрөнгийг зайлшгүй ашиглах шаардлагатай болсноос бусад тохиолдолд хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр түүнийг ашиглахгүй байх;

422.3.4.шаардлагатай тохиолдолд хадгалуулагчид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр хадгалж байгаа эд хөрөнгийн хадгалалтын журмыг өөрчлөх;

422.3.5.хадгалж байгаа эд хөрөнгийн талаар гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хадгалуулагчид мэдэгдэх;

422.3.6.хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах;

422.3.7.хадгалалтын хугацаанд хадгалж байгаа эд хөрөнгөөс бий болсон үр шимийг хадгалуулагчид шилжүүлэх;

422.3.8.хадгалалтын хөлс, шагнал, хадгалалтаас үүссэн зардлыг төлөх хүртэл хадгалуулсан эд хөрөнгийг буцааж шилжүүлэхээс татгалзах.

422.4.Хадгалуулагч дараахь эрх, үүрэгтэй:

422.4.1.хадгалагчид эд хөрөнгө хадгалсны зайлшгүй зардлыг төлөх;

422.4.2.хадгалалт төлбөртэй бол хадгалалтын гэрээ дуусгавар болсон тохиолдолд хадгалагчид хөлсийг төлөх;

422.4.3.тухайн эд хөрөнгийн аюултай шинж чанарыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байснаас бусад тохиолдолд хадгалуулж байгаа эд хөрөнгөөс үүссэн хохирлыг хадгалагчид нөхөн төлөх.

422.5.Хадгалагч нь хадгалагдаж байгаа эд хөрөнгийг хадгалуулагчийн зөвшөөрлөөр гуравдагч этгээдэд шилжүүлсэн тохиолдолд үр дагаврыг хадгалуулагч хариуцна.

422.6.Хадгалалтын гэрээний хугацаа дууссан эд хөрөнгийг хадгалуулагчид буцаан өгөх үед хадгалагч өөрийн санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцна.

422.7.Талууд өөрөөр тохиролцоогүй бол хадгалж байгаа эд хөрөнгийг гэрээнд заасан газар буцаан шилжүүлэх бөгөөд тээвэрлэлтээс гарах зардлыг хадгалуулагч хариуцна.

423 дугаар зүйл. Хадгалалтын гэрээний хугацаа

423.1.Хадгалалтын гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно.

423.2.Тодорхой бус хугацаагаар байгуулсан гэрээг талууд хэдийд ч дуусгавар болгох эрхтэй боловч нөгөө талдаа үүрэг гүйцэтгэх боломжийн хугацаа олгоно.

424 дугаар зүйл. Хадгалалтын гэрээний талуудын хариуцлага

424.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө.

424.2.Эд хөрөнгийг хадгалалтад шилжүүлэх үед мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан чанарын дутагдлын талаар хадгалуулагч нь хадгалагчид мэдэгдээгүй, эсхүл энэхүү дутагдлын талаар хадгалагч, хадгалуулагчийн хэн аль нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байснаас шалтгаалан хадгалагчид учирсан хохирлыг хадгалуулагч төлөх үүрэгтэй.

424.3.Хадгалалтын болон эд хөрөнгийг хадгалуулахаар шилжүүлэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд анз төлөхөөр тохиролцсон бол буруутай тал нь гэрээнд заасан анзыг төлнө.

425 дугаар зүйл. Хадгалж байгаа эд хөрөнгийг буцаан авахыг шаардах эрх

425.1.Хадгалалтын гэрээг тодорхой хугацаатай байгуулсан эсэхээс үл хамааран хадгалуулагч хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч буцаан авахаар шаардах эрхтэй.

426 дугаар зүйл. Хадгалалтын онцгой гэрээ

426.1.Хадгалуулагч орлуулан сольж болох нэг төрлийн эд хөрөнгийг чанар, тоо ёсоор нь буцаан авах нөхцөлтэйгөөр хадгалагчийн өмчлөлд шилжүүлэн хадгалуулсан гэрээнд зээлийн гэрээний журмыг баримтална.

427 дугаар зүйл. Зочид буудалд эд зүйл үлдээх

427.1.Зочид буудал, амралт, сувиллын газар болон түүнтэй адилтгах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд нь үйлчлүүлэгчид олгосон өрөө, тасалгаанд байгаа үйлчлүүлэгчийн тусгай журмаар хүлээлгэн өгөх ёстой мөнгө, үнэт эдлэлээс бусад эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ гүйцэтгээгүйгээс эд хөрөнгө алдагдсан, гэмтсэн, үгүй болсон бол үйлчлүүлэгчид учирсан хохирлыг хариуцна.

427.2.Энэ хуулийн 427.1-д заасан хохирол нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл тухайн үйлчлүүлэгч, түүнийг дагалдаж байгаа этгээдийн үйлдэл буюу уг эд хөрөнгийн өөрийн шинж чанараас шалтгаалан үүссэн бол зочид буудал, сувиллын газар хариуцлага хүлээхгүй.

427.3.Хохирлыг нөхөн төлөх үүрэг тээврийн хэрэгсэлд орхисон эд хөрөнгөд хамаарахгүй.

Барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах

428 дугаар зүйл. Барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээ

428.1.Хуульд өөрөөр заагаагүй бол барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээний хадгалагч нь эд хөрөнгийг хүлээн авахад түүний чанар, төрөл, жин, хэмжээ, тоо болон бусад шинжийг шалгах үүрэг хүлээхгүй.

428.2.Хадгалагчид шилжүүлж байгаа эд хөрөнгө шилжүүлэлтийн үеийн гадаад үзлэгээр гэмтсэн, эсхүл иж бүрдэл дутуу болох нь мэдэгдэж байвал хадгалагч хадгалуулагчид энэ тухай нэн даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүйгээс хадгалуулагчид учирсан хохирлыг нөхөн төлнө.

428.3.Хадгалагч нь хадгалагдаж байгаа эд хөрөнгийг өөр агуулахад шилжүүлэх болон түүний шинж өөрчлөгдсөн, эсхүл өөрчлөгдөх аюул учирч байгаа талаар өөрийн мэдэж байгаа агуулахын баримтын сүүлчийн эзэмшигчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй бол хохирлыг хариуцна.

428.4.Хадгалагч нэг төрлийн эд хөрөнгийг гагцхүү өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр түүнтэй ижил төрлийн эд хөрөнгөтэй нийлүүлж хадгалж болно. Ийнхүү нийлүүлснээс бий болсон эд хөрөнгө нь хадгалуулагчдын дундын өмч болох бөгөөд хадгалуулагчид оногдох хэсгийг хадгалуулсан эд хөрөнгийн хэмжээгээр тодорхойлно.

428.5.Хадгалуулагчид оногдох хэсгийг хадгалагч бусад хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр буцаан өгөх эрхтэй.

428.6.Хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгө нь өөрийн үнэ цэнийг алдахуйцаар гэмтэж өөрчлөгдсөнийг хадгалагч эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ийнхүү мэдэгдэх цаг хугацаа хүрэлцэхгүй буюу мэдэгдэх боломжгүй бол түүнийг худалдах эрхтэй.

428.7.Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээнд хадгалалтын гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.

429 дугаар зүйл. Агуулахын баримт

429.1.Хадгалагч хадгалуулахаар шилжүүлж өгсөн эд хөрөнгийг хүлээн авахдаа хадгалуулагчид агуулахын баримт олгоно.

429.2.Агуулахын баримтад дараахь зүйлийг заавал тусгана:

429.2.1.агуулахын баримт олгосон огноо, бүртгэлийн дугаар;

429.2.2.гэрээний талуудын нэр, хаяг;

429.2.3.эд хөрөнгийг хадгалах газар;

429.2.4.хадгалах эд хөрөнгийн тоо, хэмжээ, жин, өнгө, чанар, боодлын тодорхойлолт;

429.2.5.хадгалалтын хөлс, бусад зайлшгүй зардлын хэмжээ;

429.2.6.хадгалах эд хөрөнгийг даатгуулах бол даатгалын үнэ;

429.2.7.гэрээний хугацаа;

429.2.8.хадгалагчийн гарын үсэг, тамга, тэмдэг.

429.3.Талууд энэ хуулийн 429.2-т зааснаас бусад нөхцөлийг агуулахын баримтад нэмж тусгаж болно.

429.4.Энэ хуулийн 429.2-т заасан нөхцөлийг агуулахын баримтад бүрэн тусгаагүй нь талуудыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

429.5.Агуулахын баримт эзэмшигч нь өөр үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эд хөрөнгийг агуулахаас гаргахгүй гэсэн баталгаа гаргаж, агуулахад байгаа эд хөрөнгөө барьцаалж болно.

429.6.Хадгалагч зөвшөөрсөн бол хадгалуулагч агуулахын баримтыг бичилт хийж гуравдагч этгээдэд шилжүүлж болно.

429.7.Агуулахын баримтыг бичилтийн дагуу шилжүүлсэн бол хадгалагч нь түүнд дурдсан мэдээллийн үнэн зөвийг баримт эзэмшигчийн өмнө хариуцах бөгөөд харин уг мэдээллийг хадгалуулагч, эсхүл гуравдагч этгээдийн өгсөн мэдээллийг үндэслэсэн гэж уг баримтад тэмдэглэсэн бол хадгалагч хариуцлага хүлээхгүй.

429.8.Хадгалагч мэдээлэл буруу ташаа гэдгийг мэдэж байсан бол баримтад тэмдэглэл хийсэн ч энэ хуулийн 429.7-д заасан хариуцлагыг хүлээнэ.

429.9.Эд хөрөнгийг нийлүүлж хадгалсан тохиолдолд хадгалагч энэ хуулийн 429.7-д заасан тэмдэглэлийг хийх эрхгүй.

429.10.Агуулахын зөвшөөрлийн баримт олгосон хадгалагч хадгалж байгаа эд хөрөнгийг гагцхүү агуулахын баримтын хууль ёсны эзэмшигчид олгоно.

429.11.Агуулахын барьцааны баримт олгосон бол хадгалагч түүнийг буцаан авахаар шаардах эрхтэй.

429.12.Хадгалагч бичилт хийн шилжүүлсэн баримтын үнэн эсэхийг шалгах үүрэггүй бөгөөд шилжүүлэлт нь агуулахын баримт дахь зохих тэмдэглэлээр баталгаажна.

429.13.Агуулахын баримт, эсхүл барьцааны баримтыг гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд хууль ёсны эзэмшигч нь үрэгдүүлсэн баримт бичгийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд өргөдөл гаргаж болох бөгөөд хадгалагч шүүхийн шийдвэрийг үндэслэн агуулахын болон барьцааны баримтуудыг шинээр олгоно.

429.14.Агуулахад хадгалуулахаар шилжүүлсэн эд хөрөнгийг барьцаалахад өмчлөгч нь барьцааны баримтад тусгай тэмдэглэл хийж түүнийг шилжүүлнэ.

429.15.Бичилт хийн шилжүүлсэн баримтад хадгалуулагч, зээлдүүлэгч болон тэдгээрийн үүргийн талаархи мэдээллийг тусгана.

429.16.Эд хөрөнгө хадгалуулсан баримтыг шилжүүлсэн тухай хадгалагчид мэдэгдэх бөгөөд хадгалагч зохих бичилтийг хийнэ.

429.17.Эд хөрөнгийн хадгалалттай холбогдон үүссэн зардлыг төлүүлэхээр хадгалагч тухайн эд хөрөнгийг барьцаалах эрхтэй.

429.18.Агуулахын баримтыг бичилт хийн шилжүүлсэн бол шинэ эзэмшигчид барьцаалах эрх үүснэ.

430 дугаар зүйл. Хадгалалтын хугацаа дуусгавар болох

430.1.Хадгалалтын гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө, хугацаа тогтоогоогүй бол эд хөрөнгө хадгалуулахаар шилжүүлсэн өдрөөс эхлэн гурван сарын дотор хадгалагч эд хөрөнгөө буцаан авахыг хадгалуулагчаас шаардах эрхгүй.

430.2.Хадгалалтын хугацаа дуусгавар болсны дараа агуулахын баримт эзэмшигч нь эд хөрөнгийг агуулахаас гаргах арга хэмжээ авахгүй бол хадгалагч түүнд арван дөрөв хоногийн нэмэлт хугацаа олгох бөгөөд энэ хугацаанд эд хөрөнгийг буцаан авахгүй бол хадгалагч түүнийг худалдах эрхтэй.

430.3.Эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хадгалалтын явцад гарсан зайлшгүй зардал, хөлсийг хасаж, үлдсэн хэсгийг агуулахын баримт эзэмшигчид шилжүүлнэ.

Даатгал

431 дугаар зүйл. Даатгалын гэрээ

431.1.Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

431.2.Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна.

431.3.Хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

431.4.Даатгалын гэрээнд дараахь нөхцөлийг тусгана:

431.4.1.даатгалын зүйл;

431.4.2.даатгалын эрсдэлийн төрөл;

431.4.3.даатгалын үнэлгээний хэмжээ;

431.4.4.даатгалын хугацаа, түүнийг дахин сунгах нөхцөл;

431.4.5.даатгалын хураамжийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа;

431.4.6.даатгагч, даатгуулагчийн эрх, үүрэг, хариуцлага;

431.4.7.гэрээг дүгнэх, цуцлах, түүнд өөрчлөлт оруулах нөхцөл.

432 дугаар зүйл. Даатгалын төрөл, хэлбэр

432.1.Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

432.2.Албан журмын даатгалын хэлбэрийг хуулиар тогтооно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

432.3.Энэ хуулийн 432.2-т зааснаас бусад даатгал сайн дурын даатгалд хамаарна.

433 дугаар зүйл. Даатгалын баталгаа

433.1.Даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй.

433.2.Даатгалын баталгааг тодорхой этгээдэд нэр заасан буюу мэдүүлгийн баталгааны хэлбэрээр олгосон бол даатгагч нь анхны даатгуулагчид тавих бүх шаардлагыг баталгаа эзэмшигчид гаргаж болно. Даатгалын баталгаа эзэмшигч нь даатгалтай холбогдсон эрхээ шилжүүлж байгаагаа даатгагчид мэдэгдсэн бөгөөд эрх шилжүүлэгч шаардлагаа нэн даруй гаргасан бол энэ журам хамаарахгүй.

433.3.Даатгуулагч гагцхүү даатгалын баталгаа үзүүлсэн тохиолдолд даатгагч үүргээ гүйцэтгэхээр гэрээнд заасан бөгөөд баталгааг алдаж үрэгдүүлсэн бол тусгай журмын дагуу уг баталгаа хүчингүй болсон тухай зарлан мэдэгдсэн тохиолдолд л даатгуулагч гэрээний биелэлтийг шаардах эрхтэй.

433.4.Даатгалын баталгааг алдаж үрэгдүүлсэн боловч энэ хуулийн 433.3-т заасны дагуу зарлуулсан бол даатгуулагч нь баталгааны хуулбар олгохыг даатгагчаас шаардаж болох бөгөөд хуулбар олгохтой холбогдсон зардлыг даатгуулагч хариуцна.

434 дугаар зүйл. Даатгалын гэрээ дуусгавар болох үндэслэл

434.1.Даатгалын гэрээний хугацааг даатгагч, даатгуулагч харилцан тохиролцож тогтооно.

434.2.Даатгалын гэрээ дараахь тохиолдолд дуусгавар болно:

434.2.1.хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон;

434.2.2.даатгагч, даатгуулагчийн аль нэг дампуурсан, татан буугдсан;

434.2.3.шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон;

434.2.4.даатгуулсан эд хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хураасан;

434.2.5.талууд тохиролцож гэрээг цуцалсан;

434.2.6.даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

435 дугаар зүйл. Даатгалын гэрээг цуцлах

435.1.Даатгалын гэрээг 5 жилээс илүү хугацаагаар байгуулсан бол нэг тал нь гэрээ цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдсэнээс хойш 3 сарын дараа цуцалж болно.

435.2.Даатгалын гэрээг нэг жилээс дээш хугацаагаар сунгах нөхцөлтэйгээр байгуулсан тохиолдолд талууд гэрээний хугацааг дуугүй хүлээн зөвшөөрөх замаар сунгах, даатгалын гэрээг хугацаанаас өмнө цуцлахгүй байх тохиролцоо хүчин төгөлдөр бус байна. Даатгуулагч гэрээг цуцлахдаа энэ хуулийн 435.1-д заасан хугацааг баримтлах үүрэгтэй.

435.3.Даатгагч даатгалын хураамжийг нэмэгдүүлсэн тохиолдолд даатгуулагч нь 1 сарын дотор гэрээг цуцалж болно.

436 дугаар зүйл. Гэрээ цуцалж болох ноцтой нөхцөл байдал

436.1.Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

436.3.Даатгуулагч энэ хуулийн 436.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол даатгагч нь гэрээнээс татгалзах, эсхүл энэ тухай мэдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцлах буюу даатгалын хураамжийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг шаардах эрхтэй. Харин даатгуулагч аюулыг санаатайгаар ихэсгэсэн бол даатгагч гэрээг хэдийд ч цуцалж болно.

436.4.Даатгуулагч энэ хуулийн 436.2-т заасан ноцтой нөхцөл байдлын тухай мэдээлэх гэж байхад даатгагч санаатайгаар зайлсхийсэн, эсхүл даатгагч тухайн нөхцөл байдлын талаар мэдэж байсан бол энэ хуулийн 436.3-т заасан журам үйлчлэхгүй.

436.5.Ноцтой нөхцөл байдлын тухай мэдээнд буруу ташаа баримт дурдсан бол даатгагч гэрээнээс татгалзаж болох бөгөөд даатгагч энэ мэдээ баримтын буруу ташааг мэдэж байсан, эсхүл ийм мэдээ ирүүлсэнд даатгуулагч буруугүй бол гэрээнээс татгалзах эрхгүй.

436.6.Даатгуулагч аюул учрах нөхцөл байдлын тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдээлэх үүргээ санаатайгаар биелүүлээгүй бол даатгагч гэрээг цуцлах эрхтэй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

436.7.Даатгалын тохиолдол бий болсноос хойш даатгагч гэрээ цуцлахаар мэдэгдсэн бөгөөд даатгуулагч ноцтой нөхцөл байдлын талаар заавал мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь даатгалын тохиолдол бий болох болон даатгагчаас үүргээ биелүүлэхэд нөлөөлөөгүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй.

437 дугаар зүйл. Даатгалын хураамж төлөх үүрэг

437.1.Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй бол даатгагч хураамж төлөх 15 хоногийн нэмэлт хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацааг дахин хэтрүүлбэл үүсэх үр дагаврыг даатгагч бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

437.2.Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй.

437.3.Даатгалын тохиолдол бий болохоос өмнө даатгуулагч даатгалын гэрээнээс татгалзсан бол даатгагч эрсдэлийг өөртөө хүлээж байсан хугацаанд тохирох даатгалын хураамж болон гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээнийхээ хөлсийг даатгуулагчаас шаардах эрхтэй.

437.4.Даатгагчийн төлбөрийн чадвар үлэмж доройтож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахааргүй нөхцөл бий болсон бол даатгуулагч даатгалын хураамж төлөхөөс татгалзах эрхтэй.

438 дугаар зүйл. Даатгалын үнэлгээний хэмжээ

438.1.Даатгалын үнэлгээний хэмжээг талууд харилцан тохиролцож тодорхойлно.

438.2.Эд хөрөнгийг даатгах тохиолдолд даатгагч эд хөрөнгийг үзэж үнэлгээний хэмжээг тогтоох эрхтэй.

438.3.Эд хөрөнгийн даатгалын үнэлгээний хэмжээ түүний өртгөөс илүүгүй байна.

438.4.Гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс илүү байвал эд хөрөнгийн өртгөөс илүү гарсан хэсэгт нь гэрээ хүчин төгөлдөр бус байна.

438.5.Гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ эд хөрөнгийн өртгөөс бага байвал даатгалын тохиолдол бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг даатгуулсан эд хөрөнгийн өртөгт даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож нөхөн төлбөр олгоно.

438.6.Даатгалын гэрээгээр энэ хуулийн 438.5-д зааснаас илүү хэмжээгээр нөхөн төлбөр төлөхөөр зааж болох боловч энэ нь даатгалын үнэлгээний хэмжээнээс хэтэрч болохгүй.

438.7.Даатгалын гэрээнд заасан бол даатгалын тохиолдол бий болсны улмаас олж чадаагүй ашиг, орлогыг даатгалын үнэлгээний хэмжээнд хамааруулж болно.

438.8.Даатгалын үнэлгээний хэмжээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс үлэмж их болох нь тогтоогдвол даатгагч даатгалын үнэлгээний хэмжээг бууруулах, даатгуулагч хураамжийг багасгахыг тус тус шаардах эрхтэй.

438.9.Даатгуулагч даатгалын үнэлгээний хэмжээг зориуд өсгөсөн бол гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох бөгөөд энэ байдлыг даатгагч гэрээ байгуулах үедээ мэдээгүй байсан бол гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцохоос өмнө даатгуулагчийн төлсөн хураамж даатгагчид үлдэнэ.

439 дугаар зүйл. Даатгалын тохиолдол бий болох үед даатгагч, даатгуулагчийн хүлээх үүрэг

439.1.Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

439.2.Даатгалын тохиолдол бий болсон үед даатгагч даатгалын тохиолдол буюу нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай аливаа мэдээг даатгуулагчаас шаардах эрхтэй.

439.3.Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй.

439.4.Даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй.

439.5.Даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болох үед аюулыг зайлуулах буюу хохирлыг багасгах арга хэмжээг даатгагчийн өгсөн зааврын дагуу авах бөгөөд үүнтэй холбогдон гарсан зардлыг даатгагч хариуцна.

440 дугаар зүйл. Даатгалын төлөөлөгчийн эрх

440.1.Даатгалын төлөөлөгч даатгалын гэрээ байгуулах эрхтэй.

440.2.Даатгалын төлөөлөгчид даатгалын гэрээ байгуулах эрх олгосон бол гэрээний нөхцөлийг өөрчлөх, хугацааг сунгах буюу гэрээг цуцалж болно.

441 дугаар зүйл. Бусад этгээдэд ашигтайгаар даатгах даатгал

441.1.Даатгуулагч өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд ашигтайгаар даатгалын гэрээ байгуулж болох бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр үүсэх бүхий л эрхийг ашиг сонирхол нь даатгагдсан этгээд /цаашид "ашиг сонирхол бүхий этгээд"-гэх/ эдлэх боловч даатгалын баталгаа олгохыг гагцхүү даатгуулагч шаардах эрхтэй.

441.2.Ашиг сонирхол бүхий этгээд зөвхөн даатгалын баталгааг өөртөө авсан тохиолдолд даатгуулагчтай зөвшилцөхгүйгээр гэрээнд заасан эрхээ эдлэх буюу ийнхүү эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандах эрхтэй.

441.3.Даатгагч даатгуулагчид даатгалын баталгаа олгосон бол даатгуулагч ашиг сонирхол бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээ ёсоор эдлэх аливаа эрхийг эдлэх, гэрээнд зааснаар шагнал авах, эсхүл ашиг сонирхол бүхий этгээд даатгалын баталгаа авсан нөхцөлд түүнд эрхийг нь шилжүүлэх эрхтэй.

441.4.Ашиг сонирхол бүхий этгээд даатгалын гэрээг хүлээн зөвшөөрч байгааг даатгуулагч нотолсон тохиолдолд даатгагч ашиг сонирхол бүхий этгээдийн төлөө нөхөн төлбөр гүйцэтгэх үүрэгтэй.

442 дугаар зүйл. Нийгмийн даатгал

442.1.Нийгмийн даатгалын төрөл, хэлбэрийг хуулиар тогтооно.

442.2.Нийгмийн даатгалтай холбогдон үүсэх харилцааг хуулиар зохицуулна.

443 дугаар зүйл. Гэм хорын даатгал

443.1.Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

443.2.Иж бүрдэл бүхий эд хөрөнгө даатгуулсан бол түүний бүрэлдэхүүнд багтах бүх эд хөрөнгөд даатгал нэгэн адил хамаарна.

443.3.Төлсөн даатгалын хураамж нь даатгалын тохиолдол бий болоход учирсан хохирлоос илүү эсэхээс үл хамааран даатгагч даатгуулагчид учирсан хохирлын хэмжээгээр нөхөн төлбөр төлнө.

443.4.Даатгуулагч нэг ашиг сонирхлыг хэд хэдэн даатгагчид нэгэн зэрэг даатгуулсан бол энэ тухай даатгагч бүрд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

443.5.Энэ хуулийн 443.4-т заасан тохиолдолд даатгалын үнэлгээний хэмжээ нь нийлбэр дүнгээрээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс давсан буюу өөр шалтгаанаар хохирлыг нөхөн төлөх хэлбэрээр олгох мөнгө нь нийлбэр дүнгээрээ хохирлын хэмжээнээс давж байвал даатгагчид хамтран үүргээ биелүүлнэ. Энэ тохиолдолд даатгуулагч хохирлын хэмжээнээс давсан нөхөн төлбөр шаардах эрхгүй.

443.6.Тусгай гэрээнд заасан тохиолдолд дайны үед учирсан гэм хорыг даатгагч хариуцна.

443.7.Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө.

443.8.Хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах даатгуулагчийн эрх нь түүнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүнд хамааралтай бол уг гишүүн санаатай хохирол учруулснаас бусад тохиолдолд түүний зөвшөөрөлгүйгээр шаардах эрхийг шилжүүлж болохгүй.

443.9.Даатгуулсан эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлсэн бол даатгуулагчийн эрх шинэ өмчлөгчид шилжинэ. Эд хөрөнгө ийнхүү шилжсэнийг даатгуулагч болон шинэ өмчлөгч даатгагчид нэн даруй мэдэгдэнэ.

443.10.Даатгуулагч болон шинэ өмчлөгч энэ хуулийн 443.9-т заасан үүргээ биелүүлээгүй тухай даатгагч мэдвэл зохих байсан үеэс хойш 1 сар өнгөрсний дараа даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө.

443.11.Даатгагч гэрээг цуцлах 1 сарын хугацааг баримтлан эд хөрөнгийн шинэ өмчлөгчтэй даатгалын харилцаагаа дуусгавар болгох эрхтэй.

443.12.Энэ хуулийн 443.9-т зааснаар эд хөрөнгө өөр этгээдэд шилжсэнийг даатгагч мэдсэнээс хойш 1 сарын дотор шинэ өмчлөгчтэй даатгалын гэрээг дуусгавар болгох эрхээ хэрэгжүүлээгүй бол уг эрх хүчингүй болно.

443.13.Даатгалын эрх шилжүүлэн авсан этгээд нэн даруй буюу даатгалын тухайн үе дуусахад даатгалын гэрээг цуцлах эрхтэй.

443.14.Шинэ өмчлөгч эд хөрөнгө шилжүүлэн авахдаа даатгалын гэрээний тухай мэдээгүй бөгөөд энэ тухай мэдсэнээс хойш 1 сарын дотор гэрээ цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй бол уг эрх нь хүчингүй болно.

443.15.Гэрээг энэ хуулийн 443.11, 443.13-т заасан үндэслэлээр цуцалсан бол эд хөрөнгийн эрхээ шилжүүлсэн даатгуулагч даатгагчид даатгалын хураамж төлөх үүрэгтэй бөгөөд хураамж нь гэрээ цуцлах үеийг оролцуулан тооцсон гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байсан хугацаанд төлбөл зохих хэмжээнээс хэтрэхгүй. Энэ тохиолдолд эрх шилжүүлэн авсан этгээд даатгалын хураамж төлөх үүрэг хүлээхгүй.

443.16.Гуравдагч этгээдийн ашиг сонирхлын төлөө амь нас даатгах гэрээ байгуулах тохиолдолд уг этгээд буюу түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг бичгээр авна.

443.17.Амь насаа даатгуулсан этгээд амиа хорлосон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө.

443.18.Гуравдагч этгээдэд ашигтайгаар амь нас даатгасан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр авах эрх бүхий гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийн улмаас даатгагдсан этгээд нас барсан бол уг этгээд даатгалын нөхөн төлбөр авах эрхээ алдана.

443.19.Даатгалтай холбоотой шаардлагыг хангах шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж байгаа буюу даатгагч дампуурсантай холбоотой хэргийг хянан шийдвэрлэж байгаа бол даатгалын гэрээнд нэр заагдсан даатгалын нөхөн төлбөр авах эрх бүхий этгээд даатгуулагчийн оронд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй. Даатгуулагч дампуурсантай холбоотойгоор даатгалын гэрээ цуцлагдсан нөхцөлд даатгалын нөхөн төлбөр авах эрх бүхий этгээд нь даатгагчаас шаардвал зохих мөнгөний хэмжээгээр дампуурлын үед даатгуулагчийн бусдад хуваарилагдах хөрөнгийг бүрдүүлэхэд оролцох үүрэгтэй.

443.20.Хэрэв даатгалын нөхөн төлбөр авах эрх бүхий этгээд энэ хуулийн 443.19-д заасан эрхийг эдлэх сонирхолгүй буюу гэрээнд даатгалын нөхөн төлбөр авах этгээдийн нэрийг заагаагүй бол даатгуулагчийн хууль ёсны өв залгамжлагч уг эрхийг эдэлж болно.

444 дугаар зүйл. Хариуцлагын даатгал

444.1.Хариуцлагын даатгалаар даатгагч нь даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй.

444.2.Гуравдагч этгээд өөрт учирсан гэм хорыг нөхөн төлүүлэхээр даатгагчид шууд шаардлага гаргасан бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргийн хэмжээнд уг гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ.

444.3.Гуравдагч этгээдийн шаардлагаас өөрийгөө хамгаалах зорилгоор гаргасан шүүхийн болон шүүхийн бус бусад зардлыг хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй нөхөн төлөх шаардлагатай бол энэхүү зардал даатгалд нэгэн адил хамаарна.

444.4.Гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхэд хүргэсэн нөхцөл байдлыг даатгуулагч санаатай бий болгосон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө.

444.5.Даатгагч даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээсээ бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөгдсөн байсан ч албан журмаар даатгах даатгалын хувьд даатгагчийн гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага хүчин төгөлдөр байна.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

444.6.Энэ хуулийн 444.5-д заасан үүргийнхээ дагуу даатгагч нь гуравдагч этгээдийн шаардлагыг хангасан бол гуравдагч этгээдээс даатгуулагчид гаргах шаардлага даатгагчид шилжинэ.

Зээл тооцооны үүрэг

Нэгдүгээр дэд бүлэг

Төлбөр тооцоо

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.