ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

Шүүх, хууль сахиулах, процесс · 388 зүйл · хүчин төгөлдөр · хэсэг 2/4 (14.14–30.10-р зүйл) · legalinfo.mn ↗

14.14 дугаар зүйл. Цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээ

1.Яллагдагч, шүүгдэгчээр татагдсан цэргийн алба хаагчийг цэргийн ангийн удирдлагад прокурор, шүүхийн шийдвэрээр хянан харгалзуулна.

2.Цэргийн ангийн удирдлага цэргийн алба хаагчийг мөрдөгч, прокурор, шүүхээс дуудсан цагт ирүүлж байх үүрэг хүлээнэ.

14.15 дугаар зүйл. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч, шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах /Энэ зүйлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх энэ хуульд заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, завсарлуулах, хэргийг түдгэлзүүлэх, тусгаарлах, буцаах, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх үед яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой прокурор, оролцогчийн гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрт яллагдагч, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн, өөрчилсөн, хүчингүй болгосон үндэслэлийг тусгана. /Энэ хэсгийг 2025 оны12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХҮСЭЛТ, ГОМДОЛ ГАРГАХ

15.1 дугаар зүйл. Хүсэлт, гомдол гаргах

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн уг ажиллагааны оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээд нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гомдол гаргах эрхтэй.

15.2 дугаар зүйл. Хүсэлт, гомдол гаргах журам

1.Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно.

2.Шүүх, прокурорын шийдвэрт энэ хуульд заасан хугацаанд гомдол гаргаж болно.

3.Хүсэлтэд тогтоолгох үйл явдал, гаргуулах шийдвэрийн талаар заана.

4.Хүсэлтийг тухайн ажиллагаа явуулж байгаа шүүх, прокурор, мөрдөгчид гаргах ба гомдлыг хуульд заасны дагуу хяналт тавих, шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргана.

5.Хүсэлт, гомдлыг амаар, эсхүл бичгээр гаргах ба амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан, хүсэлт, гомдол гаргагч гарын үсэг зурна.

6.Хүсэлт, гомдлыг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн ажиллагаа болон бусад ажиллагааны үед хүсэлт, гомдол дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

15.3 дугаар зүйл. Баривчлагдсан сэжигтэн, цагдан хоригдсон яллагдагч, шүүгдэгчийн хүсэлт, гомдлыг шилжүүлэх

1.Баривчлагдсан сэжигтэн, эсхүл цагдан хоригдсон яллагдагч, шүүгдэгч энэ хуульд заасан хүсэлт, гомдол гаргасан бол баривчлах байр, цагдан хорих байрны захиргаа 12 цагийн дотор хаягаар нь хүргүүлнэ.

2.Дуудан ирүүлсэн сэжигтэн дуудан ирүүлсэнтэй нь холбогдуулан энэ хуульд заасан хүсэлт, гомдол гаргах эрхтэй.

15.4 дугаар зүйл. Хүсэлтийг шийдвэрлэх

/Энэ зүйлийн гарчигт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана.

2.Хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ.

15.5 дугаар зүйл. Гомдол гаргасантай холбогдуулан шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх

1.Гомдлыг хянан шийдвэрлэх албан тушаалтан шаардлагатай гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрийн биелэлтийг гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд түр түдгэлзүүлж болно.

15.6 дугаар зүйл. Гомдлыг шалган шийдвэрлэх нийтлэг журам

1.Энэ хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан тушаалтны талаар гаргасан гомдлыг тухайн албан тушаалтны шийдвэр, ажиллагаанд хяналт тавих албан тушаалтан хүлээн авч, гомдолд дурдсан үндэслэлийг тал бүрээс нь хянаж, шаардлагатай бол нэмэлт баримт гаргуулж, тайлбар авч болно.

2.Гомдлыг хянан шийдвэрлэх албан тушаалтан бүрэн эрхийнхээ хүрээнд гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авна.

3.Хууль бус шийдвэр, ажиллагааны улмаас гомдол гаргагчийн эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учирсан бол энэ хуульд заасан журмын дагуу хохирлоо арилгуулахаар хандах эрхтэй болохыг түүнд тайлбарлана.

15.7 дугаар зүйл. Мөрдөгч, прокурорын шийдвэр, ажиллагаанд гаргасан гомдлыг хянах

1.Оролцогч нь мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гаргах гомдлыг хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаархи гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргана.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.Гомдлыг хүлээн авсан прокурор 14 хоногийн дотор, нэмэлт материал шалгах, эсхүл бусад арга хэмжээ авах бол 30 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Гомдлыг хянасан албан тушаалтан, прокурорын зүгээс мөрдөгч, прокурорын шийдвэр, ажиллагааг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэр гаргана.

4.Гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор дээд шатны прокурорын газарт гомдол гаргаж болохыг тайлбарлана.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.Дээд шатны прокурорын газар нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд хянаж шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.8 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрт гомдол гаргах

1.Прокурор, оролцогч энэ хуулийн 12.3, 13.1, 13.2, 13.5, 13.7, 14.4, 14.5, 14.13, 19.2, 19.3 дугаар зүйл, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор гомдол гаргаж болно.

2.Анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэр нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй.

3.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаархи гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч даруй хянан шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.Гомдол гаргагч гомдлыг хянан шийдвэрлэхэд оролцож, гомдлын үндэслэл, нотолгоо, шаардлагатай баримт бичгийг гаргаж танилцуулах эрхтэй.

5.Шүүх гомдлыг хянан шийдвэрлээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

5.1.гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.2.гомдлыг хангахгүй орхих.

6.Гомдол гаргагч шүүхэд хүрэлцэн ирээгүй нь шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй.

15.9 дугаар зүйл. Хүсэлт, гомдлыг хавтаст хэрэгт хавсаргах

1.Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох бүх материалыг хавтаст хэрэгт хавсаргана.

НОТЛОХ БАРИМТ

16.1 дугаар зүйл. Нотлох баримт

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.

2.Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулж авсан лавлагаа, тодорхойлолт, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно. /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.Прокурор, мөрдөгч, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон энэ хуулийн Дөчин хоёрдугаар бүлэгт заасан журмаар гадаад улсаас ирүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно.

4.Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.

5.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцох нь тэдгээрийг шалгах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хязгаарлах үндэслэл болохгүй.

6.Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно.

7.Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.

8.Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.

9.Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

10.Хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана.

11.Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй.

12.Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй.

13.Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ.

14.Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй.

15.Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ.

16.2 дугаар зүйл. Нотолбол зохих байдал

1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно:

1.1.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;

1.2.гэмт хэргийг хэн үйлдсэн;

1.3.гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;

1.4.Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;

1.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;

1.6.гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл.

16.3 дугаар зүйл. Мэдүүлэг

1.Мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, бусад оролцогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно.

2.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.

3.Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.

4.Дараахь хүнээс гэрчийн мэдүүлэг авч болохгүй:

4.1.тухайн хэргийг урьд нь хянан шийдвэрлэсэн шүүгч, прокурор;

4.2.өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгэж байх явцад тухайн хэргийн байдлыг мэдэх болсон өмгөөлөгч, хуульч;

4.3.хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагч;

4.4.өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон нь тогтоогдсон хүн;

4.5.эмчилгээ хийж байх явцад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар мэдэх болсон сэтгэл зүйч;

4.6.өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогч.

5.Энэ зүйлийн 4.5-д заасан хүн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчтэй харилцах явцад хийгдсэн тэмдэглэл, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг нь хэргийн нотлох баримт болохгүй ба сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу нотлох баримтад тооцож болно.

6.Энэ зүйлийн 4.5-д заасан хүнээс сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн гэрчийн мэдүүлэг авч болно.

7.Энэ зүйлийн 4.5-д заасан хүнтэй харилцан ярьсан ярианы талаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө задруулсныг сонссон гэрчийн мэдүүлгийг шүүхэд нотлох баримтаар тооцож болно.

8.Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй:

8.1.нэрийг нь нууцалсан гэрчийн мэдүүлэг;

8.2.хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг;

8.3.яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг;

8.4.өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон гэрч, хохирогчийн мэдүүлэг.

9.Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ.

10.Гэрчээр мэдүүлэг авч байх үед гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрвэл мэдүүлэг авах ажиллагааг зогсоож, сэжигтнээр мэдүүлэг авах ажиллагааг энэ хуульд заасны дагуу явуулна. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.Дүрс харж ярих боломжтой технологи, мэдээллийн хэрэгсэл ашиглан мэдүүлгийг авч болно. Энэ тохиолдолд өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагчийн оролцоог ханган дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж, хавтаст хэрэгт хавсаргана. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.Хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, түүнээс гэрчийн мэдүүлэг авахыг хориглоно. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

16.4 дугаар зүйл. Эд мөрийн баримт

1.Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно.

16.5 дугаар зүйл. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ.

2.Шинжилгээ хийлгэхээр хэд хэдэн шинжээчийг томилсон бол дүгнэлт гаргахаас өмнө хоорондоо зөвлөлдөж, санал нэгдвэл дүгнэлтэд бүгд гарын үсэг зурна.

3.Дүгнэлт гаргахад санал зөрсөн шинжээч саналаа бичиж, дүгнэлтэд хавсаргана.

4.Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана.

5.Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ.

16.6 дугаар зүйл. Баримт бичиг

1.Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.

2.Бичмэл нотлох баримт энэ хуулийн 16.4 дүгээр зүйлд заасан шинжтэй байвал эд мөрийн баримт болно.

3.Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.

4.Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ.

16.7 дугаар зүйл. Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэл

1.Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, авсан гэрэл зураг, үйлдсэн гар зураг, ул мөрөөс авсан хэв нотлох баримт болно.

2.Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нөхцөл байдал нь дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээс зөрсөн тохиолдолд шүүх, прокурор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг нотлох баримтаар тооцно.

3.Шүүх энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоохоор прокурор, оролцогчийн хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон хүнийг гэрчээр дуудаж, нотлох баримтыг шинжлэн судалж болно.

16.8 дугаар зүйл. Мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох

1.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох ба нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байна.

2.Прокурор, мөрдөгч нь мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах шийдвэр, түүний үр дүнг хавтаст хэрэгт хавсаргахад энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтална.

3.Мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах байгууллага, ажилтны үйл ажиллагааны зарчим, эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон энэ хуульд заагаагүй асуудлыг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар зохицуулна.

4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн болох баримт, мэдээллийн талаар мөрдөгч нууц ажиллагааны магадлагаа үйлдэж, прокуророор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгана.

5.Хавтаст хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно.

16.9 дугаар зүйл. Нотлох баримтыг шинжлэн судлахаас татгалзах

1.Шүүх дараахь тохиолдолд нотлох баримтыг дахин шинжлэн судлахгүй:

1.1.танин мэдэхүйн хувьд нийтэд илэрхий, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал;

1.2.тухайн хэрэгт хамааралгүй нөхцөл байдлыг тодруулсан;

1.3.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зорилгоор гаргасан нөхцөл байдал, баримт.

16.10 дугаар зүйл. Нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг шийдвэрлэх

1.Хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана. /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалган тогтоолгохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй.

3.Хүсэлтэд тогтоолгох үйл явдал, явуулах мөрдөн шалгах ажиллагааны талаар заана.

4.Шүүх, прокурор, мөрдөгч энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүсэлт нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтооход ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шийдвэр гаргана. Хүсэлтийг хэсэгчлэн хангасан, эсхүл хангахаас татгалзсан үндэслэлийг шийдвэртээ тодорхой тусгана. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.Мөрдөгчийн энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь прокурорт, прокурорын шийдвэрт тухайн дээд шатны прокурорт хандан гомдол гаргаж болно.

6.Энэ зүйлд заасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хангасан, хангахаас татгалзсантай холбоотой баримт, шийдвэрийг эрүүгийн хавтаст хэрэгт тусгана.

7.Энэ зүйлд заасны дагуу гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй.

16.11 дугаар зүйл. Нотлох баримтаар тооцохгүй байх

1.Дараахь тохиолдолд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ:

1.1.энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан;

1.2.энэ хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн;

1.3.өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж мэдүүлэг авсан.

2.Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, дараахь шийдвэр гаргана:

2.1.санал, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах;

2.2.бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байх;

2.3.тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нь нотлох баримтаар тооцохгүй байх.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нотлох баримтад үндэслэн цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүх хянан шийдвэрлэнэ.

16.12 дугаар зүйл. Эрүү шүүлт тулгаж авсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх

1.Эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй. Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдүүлгийг эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтаар тооцож болно.

16.13 дугаар зүйл. Шинжлэн судлахаас татгалзсан, хүчингүйд тооцсон нотлох баримт

1.Шүүх энэ хуулийн 16.9, 16.11 дүгээр зүйлд заасны дагуу шинжлэн судлахаас татгалзсан, хүчингүйд тооцсон нотлох баримтыг шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана.

16.14 дугаар зүйл. Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх

1.Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ.

2.Нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ.

3.Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ тэдгээрийг устах, гэмтэх, үрэгдэхээс хамгаалах арга хэмжээг авна.

4.Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ иргэний амь нас, эрүүл мэндэд аюултай, эсвэл тэдний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус, хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно.

5.Эд мөрийн баримтыг бэхжүүлэхдээ тэдгээрийг хэн, хэзээ, ямар эх сурвалжаас хэрхэн олж авсан талаар, түүний онцлог шинж, хэлбэр дүрс, тоо хэмжээ, хадгалсан, шилжүүлсэн, хүлээн авсан шилжилт хөдөлгөөний талаар мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Цахим баримтыг бэхжүүлэхдээ цуглуулах, бэхжүүлэх, хадгалах, зөөвөрлөх явцад мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар авсан арга хэмжээ, хэрэглэсэн техник хэрэгслийг бэхжүүлсэн тэмдэглэл үйлдэж, гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр давхар баталгаажуулна. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагаанд оролцсон тусгай мэдлэгтэй мөрдөгч, мэргэжилтний хийсэн үйлдэл, үйл ажиллагааны нөхцөл байдал, авсан арга хэмжээ, ажиллагааны үр дүнг тэмдэглэлд бүрэн тусгана. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.Цахим төхөөрөмжөөс өөрчлөгдсөн, устгасан мэдээллийг сэргээсэн тохиолдолд нотлох баримтад тооцож болно. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахад бэхжүүлсэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хувийг хавтаст хэргийн хамт хадгална. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

16.15 дугаар зүйл. Нотлох баримтыг шалгаж үнэлэх

1.Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ.

2.Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУСГАЙ ЖУРАМ

ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

17.1 дугаар зүйл. Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах

1.Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болно. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гаргана. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтыг хавсаргана. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Яллагдагчид гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно.

5.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.

6.Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг хүлээн авсан мөрдөгч даруй прокурорт танилцуулж, мөрдөн байцаалт явуулна. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлгийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.2 дугаар зүйл. Хүсэлтийг шийдвэрлэх

1.Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана.

3.Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна.

4.Прокурор хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан яллагдагчийн хүсэлтийг хүлээн авсан мөрдөгчид дараах мөрдөн шалгах ажиллагаанаас шаардлагатай гэж үзсэн ажиллагааг явуулахыг даалгана: /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.энэ хуулийн 30.7 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагаа; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.2.энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад мөрдөгчийн бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагаа. /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Прокурор, мөрдөгч яллагдагчид энэ хуулийн Долдугаар бүлэгт заасан эрх, үүргээс гадна дараах эрхийг тусгайлан танилцуулна: /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.1.тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар мэдээлэл авах; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.2.прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрөх, эсхүл татгалзах; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.3.эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар өөрийн саналыг илэрхийлэх; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.4.шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээс татгалзах. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Прокурор хохирогчид энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэрийг мэдэгдэж, хохирол нөхөн төлөх талаар яллагдагчийн гаргасан санал болон энэ хуулийн Наймдугаар бүлэгт заасан эрх, үүргийг тусгайлан танилцуулна. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн яллагдагч зарим хэргээ хүлээн зөвшөөрөөгүй бол түүнд холбогдох хэргийг бүхэлд нь ердийн журмаар хянан шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.Нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэрэг хамтран үйлдсэн яллагдагч нарын зарим нь гэм буруугаа бүрэн, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөөгүй бол тухайн яллагдагч нарт холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн хүнд холбогдох хэргийг бусад яллагдагч нарт холбогдох хэргээс тусгаарласан бол түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болно. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.Эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ял оногдуулахад саад болохгүй. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.3 дугаар зүйл. Прокурорын хяналт

1.Прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай даруй танилцаж, дараахь нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянана:

1.1.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх;

1.2.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

1.3.гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх.

2.Яллагдагч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан, эсхүл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан, хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар санал зөрсөн, эсхүл энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр прокурор тогтоол гаргана.

3.Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахад энэ хуулийн Гучин гуравдугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй.

5.Яллагдагчийн хүлээн зөвшөөрсөн прокурорын саналд энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас гадна дараах нөхцөл байдлыг тусгаж, хэрэгт хавсаргана: /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.1.эрүүгийн хариуцлагын талаар прокурорын санал танилцуулсан он, сар, өдөр, газар; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.3.яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн талаарх мэдээлэл; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.4.гэмт хэрэг үйлдсэн он, сар, өдөр, газар, хэргийн товч агуулга; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.5.гэмт хэргийн үндсэн шинж; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.6.гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хор уршгийн шинж чанар; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.7.яллагдагчийн хохирол нөхөн төлсөн, эсхүл хохирол нөхөн төлөхөө бодитой илэрхийлсэн байдал; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.8.яллагдагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.9.яллагдагчийн биеийн байцаалт; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.10.яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол түүний үйлдэл тус бүрд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.11.Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял нэгтгэснээр яллагдагчийн нийт эдлэх ялын төрөл, хэмжээ; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.12.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу хураалгах хөрөнгө, орлого. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Прокурор яллагдагчийн гэм буруу, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар яллагдагчийн хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан саналыг яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж, хэргийг 7 хоногийн дотор шүүхэд шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дараах зүйлийг тусгана: /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.1.яллагдагчтай хийсэн тохиролцооны агуулга; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.2.яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээ; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.3.гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг яллагдагч нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.4.мөрдөн шалгах ажиллагаанд гарсан зардлын тооцоо; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.5.хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө, эд мөрийн баримт, тэдгээрийн байгаа газар; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.6.прокурорын яллагдагчтай хийсэн тохиролцоог батлах хүсэлт. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, хохирогч, эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.Прокуророос эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсний дараа оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ харьяалах шүүхэд гаргана. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.4 дугаар зүйл. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам

1.Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.

2.Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна.

4.Шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана:

4.1.шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх;

4.2.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх;

4.3.прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.4.хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

4.5.гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.6.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх.

5.Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гаргасан шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг болон шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.5 дугаар зүйл. Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам

Энэ зүйлийг 2020-01-10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

17.6 дугаар зүйл. Шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч хүрэлцэн ирээгүйн холбогдол

1.Энэ бүлэгт заасан шүүх хуралдаанд шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч, шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно.

2.Өмгөөлөгч, прокурор хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүх хуралдаанд оролцоно.

ӨСВӨР НАСНЫ СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧ, ШҮҮГДЭГЧИД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

18.1 дугаар зүйл. Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх журам

1.Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгоно.

2.Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулахаас гадна шаардлагатай гэж үзвэл сурган хүмүүжүүлэгч, эсхүл хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг байлцуулж болно.

3.Хууль ёсны төлөөлөгчийг өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй гэж шүүх, прокурор, мөрдөгч үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй.

4.Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч энэ хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу өмгөөлөгч сонгоогүй бол томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна.

18.2 дугаар зүйл. Өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах нийтлэг шаардлага

1.Шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангана.

2.Өсвөр насны шүүгдэгчтэй харьцахдаа түүний нэр төрийг хүндэтгэн харьцаж, насны онцлогийг харгалзан хүмүүжих, алдаагаа засах боломж олгохыг анхаарч ажиллана.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулж, шийдвэрийг олон нийтэд мэдээлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, түүнд учирч болох бусад хор уршгийг тусгайлан харгалзана.

4.Өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас шуурхай, богино хугацаанд явуулах нөхцөлийг шүүх хангаж ажиллана.

18.3 дугаар зүйл. Өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох

1.Өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдалтай нь холбоотой дараахь мэдээллийг тогтоосон байна:

1.1.төрсөн он, сар, өдөр, нас;

1.2.амьдралын нөхцөл байдал ба хүмүүжилтэй холбоотой мэдээлэл;

1.3.гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл;

1.4.гэмт хэрэг хамтран үйлдэгч байсан эсэх;

1.5.сэтгэцийн өвчинтэй холбогдолгүй боловч ухаан санаа нь гүйцэд хөгжөөгүйн улмаас өөрийнхөө үйлдлийн холбогдлыг бүрэн ойлгож байгаа эсэхэд эргэлзээ төрвөл шинжээч томилж, дүгнэлт гаргуулах.

2.Өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн насыг хуулийн дагуу авсан иргэний бүртгэлийн бичиг баримтаар тодорхойлно.

3.Дараахь тохиолдолд өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн насыг тогтоох зорилгоор шинжээч томилно:

3.1.энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан бичиг баримт нь хуурамч гэж үзэх үндэслэл байвал;

3.2.энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан бичиг баримт байхгүй бол;

3.3.өөр улсад бүртгэлтэй, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан бичиг баримтыг олж авах боломжгүй бол.

4.Өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн насыг энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас өөр аргаар тогтоосон нотлох баримтыг шүүхээр шинжлэн судлах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

5.Шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад дараахь мэдээллийг гаргаж өгөхийг прокуророос шаардаж болно:

5.1.тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон дараа биеэ хэрхэн авч явж байсан зан байдал, араншин;

5.2.тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ ямар нөхцөл байдалд байсан.

6.Шүүх ял эдэлж байгаа өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан мэдээлэл гаргаж өгөхийг прокуророос шаардаж болно.

18.4 дугаар зүйл. Өсвөр насны яллагдагчийн үйлдсэн хэргийг тусгаарлах

1.Эрүүгийн хэргээс өсвөр насны яллагдагчид холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд тусгаарлаж шалгана.

2.Өсвөр насны яллагдагчийн хэргийг тусгаарлах нь хэргийг бүх талаас нь бүрэн бодитой тогтооход саад учруулахаар байвал тусгаарлахгүй байж болно.

18.5 дугаар зүйл. Мөрдөн байцаалтад хууль ёсны төлөөлөгч оролцох

1.Прокурор, мөрдөгч өсвөр насны сэжигтэн, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож, түүнд мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар эрхтэй оролцохыг тайлбарлана.

2.Өсвөр насны сэжигтэн, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч нь дараахь эрхтэй:

2.1.өсвөр насны сэжигтэн, яллагдагчийг ямар хэрэгт буруутгаж байгааг мэдэх;

2.2.эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахад байлцах;

2.3.өсвөр насны сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авах, яллагдагч, өмгөөлөгчийг байлцуулан хийж байгаа бусад ажиллагаанд мөрдөгч, прокурорын зөвшөөрснөөр оролцох;

2.4.хүсэлт, гомдол гаргах;

2.5.нотлох баримтын ач холбогдол бүхий зүйлийг шалгуулах хүсэлт гаргах.

18.6 дугаар зүйл. Өсвөр насны сэжигтэн, яллагдагчийг дуудан ирүүлэх, баривчлах

1.Баривчлах сэжигтэн нь өсвөр насны хүн бол энэ зүйлд заасан журмыг баримтална.

2.Өсвөр насны сэжигтэн, яллагдагчийг түүний хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагчаар дамжуулан дуудна.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болох үндэслэл байвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлахгүй.

4.Өсвөр насны сэжигтэн, яллагдагчийг албадан ирүүлсэн, баривчилсан, цагдан хорьсон тухай түүний гэр бүлийн гишүүн, хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид нь 6 цагийн дотор мэдэгдэнэ.

5.Баривчлагдсан өсвөр насны сэжигтэн, цагдан хоригдсон өсвөр насны яллагдагчийг баривчлагдсан арван найман насанд хүрсэн хүн, цагдан хоригдсон арван найман насанд хүрсэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс тусад нь байлгана.

18.7 дугаар зүйл. Өсвөр насны яллагдагчид холбогдох хэргийн шүүхийн хэлэлцүүлэг

1.Энэ хуулийн 14.13 дугаар зүйлд заасан журмаар явагдах өсвөр насны яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэг хаалттай явагдах ба өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчийг оролцуулна.

2.Өсвөр насны яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч хүрэлцэн ирээгүй нь шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй.

18.8 дугаар зүйл. Цагдан хорих

1.Энэ хуулийн 14.13 дугаар зүйлд заасны дагуу өсвөр насны яллагдагчийг цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч, эсхүл хүсэлт гаргасан хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг оролцуулна.

2.Өсвөр насны яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар хүртэл байх ба цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид 3 сараас, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид 6 сараас хэтэрч болохгүй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

18.9 дугаар зүйл. Өсвөр насны яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгчийг хавтаст хэргийн материалтай танилцуулах

1.Өсвөр насны яллагдагчид хавтаст хэргийн материалыг энэ хуульд заасны дагуу танилцуулахад түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчийг оролцуулна.

2.Өсвөр насны яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй гэж үзвэл мөрдөгч нь өсвөр насны яллагдагчид хавтаст хэргийн материалыг танилцуулахад түүний хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүй.

18.10 дугаар зүйл. Шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах

1.Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлахад оролцох, шүүх хуралдаанд оролцогчийг татгалзан гаргах эрхтэй ба шүүх хуралдаан эхлэхэд шүүх хуралдаан даргалагч түүнд энэ эрхийг тайлбарлана.

2.Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай бол түүний мэдүүлгийг хохирогчоос мэдүүлэг авсны дараа сонсоно.

3.Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны туршид байлцана.

4.Шүүх хуралдаанд хууль ёсны төлөөлөгч оролцох нь өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй гэж үзвэл түүнийг шүүх хуралдаанд оролцуулахгүй байх, эсхүл шүүх хуралдааны зарим хэсэгт оролцохыг хязгаарлаж болно.

5.Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах шаардлагатай гэж шүүх үзээгүй бол түүний ирээгүй нь уг хэргийг хянан хэлэлцэх ажиллагааг хойшлуулах шалтгаан болохгүй.

18.11 дугаар зүйл. Өсвөр насны шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас гаргах

1.Шүүх хуралдааны явцад өсвөр насны шүүгдэгчид сөргөөр нөлөөлж болох байдал тогтоогдвол талуудын хүсэлтээр шүүх хуралдаан даргалагч түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргаж болно.

ЭМНЭЛГИЙН ЧАНАРТАЙ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

19.1 дугаар зүйл. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл

1.Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсний улмаас хэрэг хариуцах чадваргүй болсон яллагдагч, шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгоно.

2.Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан яллагдагчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахааргүй бол прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно.

3.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэх прокурорын шийдвэрт гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байдал ба эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэлийг бичнэ.

19.2 дугаар зүйл. Сэтгэцийн шинжилгээ хийлгэх /Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Сэтгэцийн шинжилгээ хийх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг дараах тохиолдолд авна: /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.1.Шүүх шинжилгээний тухай хуулийн 39.1.6, 39.1.7-д заасан;

1.2.прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох.

2.Энэ зүйлийн 1.2-т заасан тохиолдолд прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь хүсэлтээ шүүхэд гаргах бөгөөд шүүх үндэслэлтэй гэж үзвэл шинжилгээ хийлгэх шийдвэр гаргана. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Сэтгэцийн шинжилгээг хийхдээ Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Сэтгэцийн шинжилгээ хийх журмыг баримтална. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Яллагдагчид сэтгэцийн шинжилгээг хийхдээ сэтгэц эмгэг судлалын эмнэлэгт тодорхой хугацаанд хэвтүүлж, эмчийн хяналтад байлгах бөгөөд тухайн эмнэлэгт байрлуулах шийдвэрийг шүүх гаргана. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эмнэлэгт хэвтүүлж, эмчийн хяналтад байсан хугацааг цагдан хоригдсон хугацаанд оруулж тооцно. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.Сэжигтэн, яллагдагч сэтгэцийн өвчний улмаас мөрдөн байцаалтын явц, байдлыг ойлгох чадваргүй байгаа бол шүүх сэтгэцийн шинжилгээ хийлгэх тухай шийдвэр, шинжээчийн дүгнэлтийг гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, эсхүл өмгөөлөгчид нь танилцуулна. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.3 дугаар зүйл. Хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа

1.Гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн өвчний шинж байдлыг харгалзан түүнийг шүүх хуралдаанд оролцуулж болно.

2.Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан тохиолдолд улсын яллагч, өмгөөлөгчийг оролцуулан шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэнэ.

3.Шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнийг нотолж байгаа, эсхүл үгүйсгэж байгаа нотлох баримтыг шалгаж, түүний сэтгэцийн өвчний талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг сонсож, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад байдлыг хянан үзнэ.

4.Шүүх дараахь шийдвэр гаргана:

4.1.шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай гэж үзвэл ял оногдуулах, эсхүл хэргийг прокурорт буцаах;

4.2.гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн эрүүл мэндийн улмаас хэрэг хариуцах чадваргүй нь тогтоогдсон шүүгдэгчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахаар байвал эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, эсхүл сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлэх;

4.3.гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан шүүгдэгчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахааргүй бол эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох;

4.4.шүүгдэгч сэтгэцийн эрүүл мэндийн улмаас хэрэг хариуцах чадваргүй ч эдгэрэх боломжтой гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж, энэ зүйлийн 4.2-т заасан шийдвэрийг гаргах.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй байдал тогтоогдвол түүний өвчилсөн эсэхийг үл харгалзан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгоно.

6.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, хугацааг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн шүүх тогтооно.

7.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад прокурор хяналт тавьж, уг арга хэмжээг зогсоох, хугацааг сунгах, тухайн шүүгдэгч эдгэрсэн нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шүүхээр шийдвэрлүүлнэ.

8.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно.

ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

20.1 дугаар зүйл. Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах

1.Хуулийн этгээдийн үйлдсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.

2.Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтны, эсхүл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэл хийсэн хүний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамт явагдана.

3.Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн гэмт хэрэгт хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаагаас үл хамааран явуулж болно.

20.2 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөх

1.Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн хуулийн этгээдийг дараахь хүнээр төлөөлүүлж болохгүй:

1.1.хуулийн этгээдийн эсрэг шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаа бол;

1.2.хуулийн этгээдийг төлөөлөх хүн нь тухайн хэргийн яллагдагч бол.

2.Яллагдагчаас өөр тухайн хуулийн этгээдийг төлөөлөх хүн байхгүй тохиолдолд энэ зүйлийн 1.2 дахь заалт хамаарахгүй.

3.Хуулийн этгээдийг төлөөлөх хүн байхгүй бол тогтоосон хугацааны дотор өөр этгээдийг хууль ёсны төлөөлөгчөөр томилохыг шүүх, прокурор, мөрдөгч хуулийн этгээдэд бичгээр мэдэгдэнэ.

4.Тогтоосон хугацаанд хуулийн этгээд хууль ёсны төлөөлөгчөө томилоогүй бол шүүх, прокурор хууль ёсны төлөөлөгчийг томилж болно.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэл, зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, тэдгээртэй адилтгах мэдээллийг өөрчлөхгүй байх, улсын бүртгэлээс хасахгүй байхыг шүүх, прокуророос холбогдох байгууллагад мэдэгдэнэ.

20.3 дугаар зүйл. Хуулийн этгээдийн эрх, үүрэг

1.Хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч энэ хуульд заасан яллагдагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

20.4 дугаар зүйл. Хуулийн этгээдийн өмгөөлөгч

1.Хуулийн этгээд өмгөөлөгчтэй байж болно. Хуулийн этгээдийн өмгөөлөгч энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

20.5 дугаар зүйл. Хуулийн этгээдэд баримт бичиг хүргэх

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, бусад баримт бичгийг хуулийн этгээдийн хаягаар хүргүүлж, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчид гардуулна.

2.Шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, бусад баримт бичгийг хүргүүлэх, гардуулахдаа энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

20.6 дугаар зүйл. Яллах дүгнэлт, шүүхийн шийдвэр

1.Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн яллах дүгнэлт, шүүхийн шийдвэрт дараахь зүйлийг нэмж тусгана:

1.1.хуулийн этгээдийн нэр;

1.2.хуулийн этгээдийн албан ёсны хаяг.

ХУРААН АВСАН ХӨРӨНГӨ, ОРЛОГО, ЭД МӨРИЙН БАРИМТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭ

21.1 дугаар зүйл. Хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хадгалах

1.Шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалтыг хариуцна.

2.Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг тусгай байранд хадгалж, энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргана.

3.Хураан авсан үндэсний болон гадаад валютыг тусгай дансанд байршуулна.

4.Хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах талаар гаргасан оролцогчийн хүсэлтийг үндэслэн тэдгээрийг хаана хадгалахыг шүүх, прокурорын шийдвэрт тусгайлан зааж болно.

5.Гэмт хэргийн ул мөр агуулсан эд мөрийн баримтаар хураагдсан үндэсний болон гадаад валют нь энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамаарахгүй.

6.Тусгай хадгалалт, хамгаалалт шаардлагатай хөрөнгө, орлого, эд мөрийн баримт, шинжилгээний обьектыг шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжилгээний байгууллагын шинжээчийн саналаар тухайн байгууллагаас өөр байгууллагад хадгалуулж болно.

7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримт, шинжилгээний обьектыг хадгалах, хамгаалах, хяналт тавих үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтан тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.

21.2 дугаар зүйл. Эд хөрөнгө битүүмжлэх

1.Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ.

2.Шүүх, прокурорын шийдвэрээр хураан авсан эд мөрийн баримт овор хэмжээ ихтэй, эсхүл бусад шалтгаанаар хадгалах боломжгүй бол мөрдөгч байгаа газарт нь битүүмжилнэ.

3.Эд хөрөнгийг битүүмжлэхдээ эд хөрөнгөө бусдад шилжүүлэх, устгах, өөрчлөх, захиран зарцуулах, хөдөлгөхийг хориглож, өөрт нь, эсхүл бусад боломжтой хүнд хадгалах, хамгаалах үүрэг хүлээлгэнэ.

4.Мөрдөгч энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн хүнд эд хөрөнгийг хүлээлгэн өгч, хуульд заасан хариуцлагыг сануулж, гарын үсэг зуруулна.

5.Эд хөрөнгө битүүмжлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хүний өдөр тутмын зайлшгүй хэрэгцээний эд зүйлийг битүүмжилж болохгүй.

6.Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хураан авах, нэгжлэг хийх ажиллагаатай хамт явуулж болно.

21.3 дугаар зүйл. Хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хадгалах хугацаа

1.Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг давж заалдах хугацаа дуустал эд мөрийн баримтыг хадгална.

2.Хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын эзэмшлийн талаар гарсан маргааныг иргэний журмаар шийдвэрлэхээр бол тэдгээрийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хадгална.

21.4 дугаар зүйл. Хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүргүүлэх

1.Хэргийг өөр мөрдөгчид болон шүүхэд шилжүүлэхдээ хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хамт хүргүүлнэ.

2.Хэргийг шилжүүлэхэд овор хэмжээний хувьд болон бусад шалтгаанаар хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хамт хүргүүлэх боломжгүй бол түүнийг шүүхийн шийдвэр гартал журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргана.

3.Шинжилгээний обьектыг хүргэх, тээвэрлэх боломжгүй тохиолдолд шинжээчийг шинжилгээний обьект байгаа газар чөлөөтэй нэвтрүүлэх, шинжилгээ хийх нөхцөлөөр хангах үүргийг шинжилгээ хийлгэх шийдвэр гаргасан эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээнэ. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.5 дугаар зүйл. Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэх

1.Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж болно:

1.1.хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх;

1.2.хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэх;

1.3.худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах;

1.4.устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шилжүүлсэн, хадгалсан, худалдан борлуулсан, устгасан тохиолдолд шүүхийн шийдвэрээр эзэмшигчид нь адил төрөл, чанарын эд зүйлийг олгох, эсхүл үнийг төлнө.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулж, тэмдэглэл үйлдэн устгасан, шилжүүлсэн, худалдан борлуулсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргана.

4.Шинжилгээнд ирүүлсэн шинж чанараа алдаж шинжилгээнд дахин ашиглах боломжгүй болсон, эсхүл дээжийг нь адилтгал, мэдээллийн санд авч архивласан биологийн гаралтай эд мөрийн баримт болох цус, үрийн шингэн, шүлс, үс, яс, эд, эс зэрэг бусад зүйлийг шинжилгээ хийж дууссаны дараа Шүүх шинжилгээний тухай хуулийн 13.5-д заасан журмын дагуу устгана. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.Шинжээч шинжилгээний обьектыг энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу устгасан, устгуулахаар шилжүүлсэн талаар прокурорт мэдээлэл хүргүүлнэ.

6.Хавтаст хэргийн материал, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, улсын орлого болгох болон энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан ажиллагааны журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор хамтран батална. Прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримт, гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйлийг хууль ёсны эзэмшигчид нь олгох, эсхүл улсын орлого болгуулахаар шүүхэд санал гаргаж шийдвэрлүүлнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ

МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

22.1 дугаар зүйл. Мөрдөн шалгах ажиллагаа

1.Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.

2.Мөрдөн шалгах ажиллагаа нь прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөгчийн бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагаанаас бүрдэнэ.

3.Мөрдөгч үзлэгийг нууцаар хийх, нэгжлэг хийх, эд зүйл, баримт бичиг хураан авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, хяналт тогтоох, харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч, хяналт тогтоох, харилцаа холбооны сүлжээгээр дамжсан мэдээллийн агуулгыг холбогдох байгууллагаас гаргуулан авах, харилцаа холбооны сүлжээний хэрэглэгч, эзэмшигч хэн болох, тэдгээрийн байршил, холбогдсон цаг хугацаа, техник хэрэгсэл, төхөөрөмж болон хандалт зэрэг мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах, харилцаа холбооны сүлжээгээр дамжсан мэдээллийн агуулгад хамаарахгүй бусад мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах, харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлах талаар холбогдох байгууллагад даалгах, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах, оршуулсан цогцсыг гарган шинжлэх, мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах, хяналттай хүргэлт, хяналтын худалдан авалт, мөрдөн шалгах нууц туршилт, нууц ажиглалт, таньж олуулах ажиллагааг нууцаар хийхийг прокурорын зөвшөөрлөөр явуулна.

4.Мөрдөгч энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулна.

5.Мөрдөгч энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах саналыг прокурорт хүргүүлнэ.

6.Мөрдөгч энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гаргасан саналыг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг хүлээн авснаас хойш 48 цагийн дотор тухайн прокурорын газрын дээд шатны прокурорт санал гаргаж болно.

7.Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэхээс өмнө оролцох хүнд энэ хуульд заасан эрх, үүргийг тайлбарлах, эрхээ эдлэх боломжоор хангах үүрэг хүлээнэ.

8.Энэ зүйлийн 7 дахь хэсэг мөрдөн шалгах ажиллагааг нууцаар хийх тохиолдолд хамаарахгүй.

9.Мөрдөгч, прокурор, шүүх энэ хуульд заасан өмгөөлөгч оролцвол зохих эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа хаана, хэзээ явагдах тухай боломжит хугацаанд өмгөөлөгчид урьдчилж мэдэгдэнэ.

10.Мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг Улсын ерөнхий прокурор батална.

22.2 дугаар зүйл. Прокурорын зөвшөөрөл олгох ерөнхий үндэслэл

1.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах энэ хуульд заасан үндэслэл байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед мөрдөгч энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулах саналыг прокурорт, оролцогч нь энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан ажиллагаа явуулах хүсэлтийг мөрдөгчид бичгээр гаргана.

2.Мөрдөгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг 24 цагийн дотор прокурорт танилцуулна.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлт нь энэ хуульд заасан мөрдөн шалгах нууц ажиллагаанд хамаарахгүй.

22.3 дугаар зүйл. Прокурорын зөвшөөрөл

1.Энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай мөрдөгчийн саналд дараахь зүйлийг тусгана:

1.1.санал гаргасан мөрдөгчийн нэр;

1.2.ажиллагааны төрөл;

1.3.ажиллагаа явуулах зорилго, үндэслэл;

1.4.ажиллагаанд хамрагдах хүн, хуулийн этгээд, байгууллага, обьект;

1.5.ажиллагаа явуулах газар, нэвтрэх, дамжин орох орон байрны хаяг, эзэмшил газрын байршил;

1.6.ажиллагаа явуулах хугацаа;

1.7.ажиллагааг шөнийн цагаар явуулах бол энэ тухай үндэслэл бүхий тайлбар.

2.Прокурор энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан саналыг хүлээн авсан даруй мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргана.

3.Энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөлд дараахь зүйлийг тусгана:

3.1.ажиллагааны нэр;

3.2.ажиллагааны зорилго;

3.3.ажиллагаа явуулах байгууллага, албан тушаалтан;

3.4.ажиллагаа явуулах газар, нэвтрэх, дамжин орох орон байрны хаяг, эзэмшил газрын байршил;

3.5.ажиллагаанд хамрагдах хүн, хуулийн этгээд, байгууллага, обьект;

3.6.ажиллагаа явуулах хугацаа;

3.7.ажиллагааны явцад хүний эрхийг хангах арга хэмжээ;

3.8.зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа;

3.9.зөвшөөрөл олгосон прокурорын нэр, он, сар, өдөр.

4.Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөлд төрийн нууцыг хамгаалах зорилгоор энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан мэдээллийг хязгаарлаж болно.

5.Мөрдөгч нь прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагааг явуулах газар, байршил, үргэлжлэх хугацаа өөрчлөгдвөл хойшлуулшгүй тохиолдлоос бусад үед зөвшөөрөл олгосон прокурорт урьдчилан мэдэгдэнэ.

6.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын зөвшөөрөлд тухайн мөрдөн шалгах ажиллагааг шөнийн цагаар явуулж болох эсэх, олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх, зөвшөөрлийн хувийг гардуулж өгөх тухай тусгаж болно.

22.4 дугаар зүйл. Прокурорын зөвшөөрөлгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах

1.Мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахаас өмнө мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ.

3.Прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт, тайлбарыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ.

4.Прокурор мөрдөн шалгах ажиллагааг даруй хийхгүй бол нотлох баримт гэмтэх, устах, зөөвөрлөх, нуун далдлах бодит эрсдэл байсан эсэхийг хянан шийдвэрлэхийн тулд тухайн мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон хүнийг дуудаж мэдүүлэг авч, шаардлагатай нэмэлт материалыг мөрдөгчөөс гаргуулан авч болно.

5.Прокурор мөрдөгчөөс ирүүлсэн нотлох баримт, тайлбартай танилцсаны дараа дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

5.1.мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох;

5.2.мөрдөн шалгах ажиллагаа, нотлох баримтыг хүчингүй болгох.

6.Энэ зүйлийн 5.2-т заасан прокурорын шийдвэрт хураан авсан эд зүйл, баримт бичгийг эзэмшигчид нь эргүүлэн олгохыг даалгана.

ҮЗЛЭГ, МӨРДӨН ШАЛГАХ ТУРШИЛТ

23.1 дугаар зүйл. Үзлэг хийх

1.Мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан, хэрэг гарсан газарт үзлэг хийнэ.

2.Үзлэг хийхэд байгаа зүйлийг тухайн хүний сайн дурын үндсэн дээр гаргуулан авах, эсхүл гадна талаас нь харах, гараар тэмтрэх, тусгай багаж ашиглах аргаар хийж болно.

3.Үзлэг хийхэд удаан хугацаа шаардагдахаар бол, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахын тулд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа байгууллага дээр хийж болно.

4.Үзлэг хийхээр, эсхүл үзлэг хийх явцад саад болохоор байвал эд зүйл, тээврийн хэрэгслийг шилжүүлэн байрлуулж болно.

5.Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.

6.Үзлэгийг эзэмшигчийн эзгүйд хийсэн бол 3 хоногийн дотор эзэмшигчид, боломжгүй бол эзэмшигчийн оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргад мэдэгдэнэ.

7.Үзлэгийн үед хэв загвар, дээж авах, битүүмжлэх, хураан авах ажиллагааг даруй хийх шаардлага гарвал энэ хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан явуулна.

8.Тээврийн хэрэгсэл, бусад техник хэрэгсэлд үзлэг хийхэд шаардлагатай бол эд ангийг салгаж болно.

9.Үзлэгийг прокурорын зөвшөөрлөөр нууцаар хийж болно.

10.Үзлэгийг нууцаар хийхэд энэ зүйлийн 5, 6 дахь хэсэг хамаарахгүй.

23.2 дугаар зүйл. Хүний биед үзлэг хийх

1.Хүний биед хэргийн ул мөр, онцлог шинж тэмдэг байгаа, эсхүл хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл, баримт бичгийг тухайн хүн биедээ авч яваа гэх үндэслэл бүхий сэжиг байгаа бол түүнийг илрүүлэх зорилгоор хүний биед үзлэг хийнэ.

2.Хүний биед үзлэг хийхэд өмссөн хувцас, биедээ авч яваа эд зүйл, шаардлагатай бол тээврийн хэрэгсэл, уналгыг хамтад нь үзнэ.

3.Нүцгэлж, эсхүл гараар тэмтрэх байдлаар хийх үзлэгийг ижил хүйсийн албан тушаалтан хийнэ. Шаардлагатай бол хүний эмч, сувилагчийг оролцуулж болно.

4.Нүцгэлж хийх үзлэгийг хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, нэр төр, алдар хүнд, хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлага хангасан, бусдаас тусгаарлагдсан орчинд явуулна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.Нүцгэлж хийх үзлэгийн үед энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад хүн байлцуулахыг хориглоно.

23.3 дугаар зүйл. Хэргийн газрын үзлэг

1.Мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийнэ.

2.Үзлэгийг хэргийн газраар тогтоосон орон байр, бусад газраас гадна хэргийн газрын хамгаалалтын бүсэд байгаа хүн, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, мал, амьтан, цогцос зэргийг хамруулан хийнэ.

3.Мөрдөгч хэргийн газрын үзлэг хийхэд дараахь арга хэмжээг авна:

3.1.хэргийн газрын хамгаалалтын бүсийг тогтоож хамгаалалтад авах, хамгаалалтыг цуцлах;

3.2.өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах;

3.3.эзэмшигч, оршин суугч, шаардлагатай бол бусад хүнд хэргийн газрын хамгаалалтын бүсийн талаар мэдэгдэх, эсхүл бусдад ойлгогдохуйц тэмдэг тавих;

3.4.хэргийн газарт байсан, орж ирсэн хүнийг үзлэг дуустал тухайн газраас явах, бусадтай болон бие биетэйгээ харилцахыг хориглох, ажиллагаанд саад учруулахгүй байхыг шаардах;

3.5.хэргийн газрын хамгаалалтын бүсэд хүн, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх, эсхүл гарахад хязгаарлалт тогтоох, бүсээс гарахыг шаардах, албадан гаргах;

3.6.хэргийн газар, хамгаалалтын бүсэд байгаа хүний бичиг баримтыг шалгах, хүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх;

3.7.хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, цуглуулж бэхжүүлэх, аливаа зүйлийг бүхлээр нь, эсхүл хэсэгчлэн хураан авах, битүүмжлэх, хадгалах;

3.8.хэргийн газарт байгаа хүний бие, эд зүйл, мал, амьтан, цогцосноос хэв загвар, дээж авах;

3.9.хэргийн ул мөр бүхий түгжээтэй зүйлийг нээхийг шаардах, нээх;

3.10.хэргийн газар, түүний дотор байгаа зүйлийн байр байдлыг бэхжүүлэхийн тулд дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах;

3.11.төрийн болон албаны нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээлэл алдагдах, эд хөрөнгө устах, үрэгдэхээс хамгаалах. /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Шаардлагатай бол хэргийн газарт байгаа хохирогч, бусад хүнд эрүүл мэнд, сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлэх арга хэмжээ авч, энэ талаар тэмдэглэлд тусгана.

5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад шаардлагатай гэж мөрдөгч үзвэл мэргэжилтнийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулж болно.

6.Мөрдөгч энэ зүйлийн 3.6, 3.8-д заасан ажиллагааг үзлэгийн үед даруй хийх шаардлага гарвал энэ хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан явуулна.

23.4 дугаар зүйл. Цогцост үзлэг хийх

1.Мөрдөгч үзлэгийг цогцосны гадна хэсэгт, өмссөн хувцас, биед нь байгаа эд зүйл, баримт бичгийг хамруулан хийнэ.

2.Цогцост үзлэг хийхэд шинжээчийг, эсхүл хүний эмчийг оролцуулна.

3.Цогцсыг зөөх, хувцсыг нь тайлахын өмнө цогцосны ерөнхий байдлыг гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр баримтжуулна.

4.Цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэлд нас, хүйс, урт, жин, биеийн галбир, эрхтний бүрэн бүтэн байдал, хувцас, мэнгэ, шарх, сорви, бусад содон шинж тэмдэг, илэрсэн гэмтлийн төрөл, хэлбэр, байршил, хэмжээ, өөрчлөлт, нас барсан хугацаа болон анатомын, үйл хөдлөлийн болон нас баралтын шалтгаантай холбоотой шинжийг урьдчилсан байдлаар тусгана. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.Мөрдөгч цогцсыг оршуулсан газраас нь гаргаж шинжилгээ хийх тохиолдолд прокурорын зөвшөөрөл авах ба уг ажиллагааг гүйцэтгэхэд шүүх эмнэлгийн шинжээчийг байлцуулна.

6.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно.

7.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг дуу-дүрсний бичлэг хийж бэхжүүлнэ.

8.Цогцсыг оршуулсан газраас нь гаргаж шинжлэх бол энэ зүйлд заасан үзлэгийг урьдчилан хийж, энэ тухай тэмдэглэлд тусгана.

23.5 дугаар зүйл. Мөрдөн шалгах туршилт хийх

1.Мөрдөгч хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах туршилт хийж болно.

2.Мөрдөн шалгах туршилт хийхэд хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулах ба яллагдагч, хохирогч, гэрчийг оролцуулж болно. Шаардлагатай бол бусад байгууллага, мэргэжилтний туслалцааг авна.

3.Мөрдөн шалгах туршилтад оролцож байгаа хүнд хөтлөх, тулгах асуулт тавихыг хориглоно.

4.Мөрдөн шалгах туршилт явуулахад хүний нэр төр, алдар хүндийг гутаах, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах, бусдыг гэмт хэрэгт хатгахыг хориглоно.

5.Прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах нууц туршилтыг мөрдөгч хийж болно.

6.Мөрдөн шалгах нууц туршилт явуулахад энэ зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй.

НЭГЖЛЭГ ХИЙХ, ХУРААН АВАХ

24.1 дугаар зүйл. Нэгжлэг хийх

1.Мөрдөгч хэргийн эд мөрийн баримт, бичмэл нотлох баримт, эсхүл эрэн сурвалжилж байгаа хүн, эд зүйл байна гэх хангалттай үндэслэл байвал тэдгээрийг илрүүлэхээр прокурорын зөвшөөрөлд заасан орон байр, бусад газар, хүний биед нэгжлэг хийнэ.

2.Нэгжлэг хийхийн өмнө хайж байгаа хүн, эд зүйл, баримт бичгийг сайн дураар заах, гаргаж өгөх боломжийг тухайн хүнд олгоно.

3.Нэгжлэг хийхэд энэ хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2, 3, 4, 5, 6, 7, 8 дахь хэсэгт заасан журмыг баримтална.

4.Нэгжлэгийг прокурорын зөвшөөрөлд зааснаас бусад зүйлийг илрүүлэх зорилгоор явуулахыг хориглоно. Нэгжлэгээр хайж байгаа зүйлийг илрүүлсэн бол нэгжлэгийг даруй зогсооно.

5.Хүн, хуулийн этгээд эзэмших, ашиглах, хадгалах, авч явахыг хуулиар хориглосон зүйлийг нэгжлэгийн явцад илрүүлсэн бол хураан авч, тэмдэглэлд тусгана.

24.2 дугаар зүйл. Хүний биед нэгжлэг хийх

1.Мөрдөгч хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйлийг биедээ нууж байна гэх хангалттай үндэслэл байвал түүнийг илрүүлэх зорилгоор прокурорын зөвшөөрлөөр хүний биед нэгжлэг хийнэ.

2.Тусгай багаж, хэрэгсэл ашиглан хүний биед нэгжлэг хийж болно.

3.Хүний биед нэгжлэг хийхэд энэ хуулийн 23.2, 24.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

4.Дараахь үндэслэл байвал прокурорын зөвшөөрөлгүйгээр хүний биед нэгжлэг хийж болно:

4.1.баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад;

4.2.хураан авах болон нэгжлэг хийж байгаа орон байр, бусад газар байсан хүн хэрэгт холбогдол бүхий эд зүйл, баримт бичгийг биедээ нууж байна гэх хангалттай үндэслэл байвал.

24.3 дугаар зүйл. Орон байр, бусад газарт нэгжлэг хийх

1.Мөрдөгч орон байр, бусад газарт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийхэд тухайн газарт нэвтрэх, эсхүл түгжээтэй зүйлийг нээх, шаардлагатай бол хана, тааз болон шалыг салгах, задлах зэрэг ажиллагаа явуулж болно.

2.Орон байр, бусад газарт нэгжлэг хийхэд энэ хуулийн 23.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

24.4 дугаар зүйл. Эд мөрийн баримт хураан авах

1.Мөрдөгч эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураан авна.

2.Төрийн нууц агуулсан эд мөрийн баримтыг зохих байгууллагын удирдлагад мэдэгдсэний үндсэн дээр хураан авна.

3.Мөрдөгч шуудан-цахилгаанаар явуулсан зүйлийг шуудан-цахилгаан харилцааны байгууллагад байх үед нь прокурорын зөвшөөрлөөр хураан авах, эсхүл үзлэг хийж болно.

4.Мөрдөгч эд мөрийн баримт хураан авах ажиллагааг эхлэхийн өмнө хураан авах тухай прокурорын шийдвэрийг танилцуулж, хураан авах эд мөрийн баримтыг сайн дураар гаргаж өгөх, зааж өгөх боломжийг тухайн хүнд олгоно.

5.Зарим онцлох эд зүйл, үнэт эдлэл, түүх, соёлын дурсгалт зүйлийг хураан авахад мэргэжилтнийг оролцуулж болно.

6.Баримт бичгийг эхээр нь, шаардлагатай бол хууль ёсны эзэмшигчид эхийг нь буцаан олгож, хуулбарыг хэрэгт хавсарган тэмдэглэлд тусгана.

7.Хураан авсан эд мөрийн баримтын жагсаалт, тэмдэглэлийг эд зүйл, баримт бичгээ хураалгасан болон тухайн ажиллагаанд байлцсан хүнээр гарын үсэг зуруулж, хувийг эд зүйлийн эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид даруй гардуулна.

8.Эд мөрийн баримтыг хураан авах ажиллагаанд энэ хуулийн 24.1, 24.2, 24.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

9.Хэрэгт ач холбогдолтой цахим баримтыг хуулбарлан авах, эсхүл түүнийг устгах, нэвтрэх боломжийг хязгаарлах боломжгүй бол цахим төхөөрөмжийг хураан авч болно.

10.Тэсэрч дэлбэрэх, хордуулах бодисыг хураан авах ажиллагаанд мэргэжилтнийг оролцуулах, эсхүл мэргэжлийн байгууллагад хандан гүйцэтгүүлж болно.

24.5 дугаар зүйл. Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах

1.Мөрдөгч төрийн нууц, хувь хүний эрүүл мэнд, захидал харилцааны нууцтай холбоотой эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнээс прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Мөрдөгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргуулан авч болно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан байгууллага, албан тушаалтан, хүн нь прокурорын шийдвэрт заасан хугацаанд мэдээлэл, баримт бичгийг гарган өгч, нууцлалыг хадгална.

МЭДҮҮЛЭГ АВАХ, НҮҮРЭЛДҮҮЛЖ МЭДҮҮЛЭГ АВАХ, МЭДҮҮЛГИЙГ ШАЛГАХ, ТАНЬЖ ОЛУУЛАХ

25.1 дугаар зүйл. Мэдүүлэг авах

1.Гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахад энэ бүлэгт заасан нийтлэг журмыг баримтална.

2.Мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна. Шаардлагатай бол мэдүүлгийг тухайн хүний байгаа газарт очиж авч болно.

3.Мөрдөгч мэдүүлэг өгөх хүнийг болон шинжээчийг энэ хуулийн 12.1, 12.2 дугаар зүйлд заасны дагуу дуудан ирүүлэх, эсхүл энэ хуулийн 12.3 дугаар зүйлд заасны дагуу албадан ирүүлж болно.

4.Мэдүүлэг авах хүмүүсийг тус тусад нь байлгаж мэдүүлэг авах ба мөрдөгч нэг хэрэгт мэдүүлэг авах хүмүүсийг өөр хоорондоо харилцахгүй байх арга хэмжээ авна.

5.Мөрдөгч мэдүүлгийн эхэнд тухайн хүний хувийн бичиг баримтыг шалгаж, түүнд ямар зорилгоор мэдүүлэг авахаар хэзээ, хэн гэдэг прокурорын шийдвэрээр дуудан ирүүлсэн, түүнчлэн энэ хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулсан тухай тэмдэглэлд тусгана.

6.Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна.

7.Тухайн хүн мэдүүлэг өгөхдөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэх зүйлээ ярина. Ярьж дууссаны дараа ярьсан зүйлтэй нь холбогдуулан түүнд тодруулах асуулт тавьж болно.

8.Мэдүүлэг өгөх хүн баримт бичиг, бичлэг ашиглаж болно. Мэдүүлэг өгөхөд ашигласан зүйл, тухайн хүний үйлдсэн зураглал, хүснэгт, зургийг бүрэн эхээр нь, эсхүл хуулбарыг нь тэмдэглэлд хавсаргаж болох ба энэ тухай тэмдэглэлд тусгана.

9.Мэдүүлэг авсны дараа дахин мэдүүлэг авах үед өмнөх мэдүүлэгтэй нь холбогдуулан мөрдөгч эд мөрийн баримт, баримт бичиг, бусад нотлох баримтыг мэдүүлэг өгч байгаа хүнд үзүүлж, бусад мэдүүлгийн тэмдэглэлийг танилцуулж болох ба энэ талаар тэмдэглэлд тусгана.

10.Мэдүүлэг авахад орчуулагч, хэлмэрч оролцуулах бол түүнд эрх, үүргийг тайлбарлан, санаатайгаар худал орчуулах, эсхүл хэлмэрчилбэл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, тэмдэглэлд гарын үсэг зуруулна.

11.Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүнээс мэдүүлэг авахад хэлмэрчийг оролцуулах боломжгүй бол түүний зөвшөөрснөөр бичгээр асуулт тавьж, мэдүүлэг авч болно.

12.Энэ хуульд заасан хойшлуулшгүй, эсхүл тухайн хүн хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно.

13.Мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно.

14.Мэдүүлэг авах ажиллагааг тэмдэглэл, дууны, эсхүл дүрсний, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно.

15.Дууны, эсхүл дүрсний, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэх бол мэдүүлэг өгч байгаа хүнд урьдчилан мэдэгдэнэ.

16.Мэдүүлэг өгч байгаа хүн хүсвэл түүнд мэдүүлгээ өөрөө бичих бололцоо олгож, энэ тухай тэмдэглэлд тусгана.

17.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг Улсын ерөнхий прокурор батална.

25.2 дугаар зүйл. Мэдүүлэг авах хугацаа

1.Мэдүүлгийг 4 цагийн хугацаагаар тасралтгүй авч болох ба түүнээс илүү хугацаагаар авах бол 1 цагийн завсарлага авна. Нэг удаагийн мэдүүлэг авах нийт хугацаа 8 цагаас илүүгүй байна.

2.Арван найман насанд хүрээгүй хүнээс авах мэдүүлгийг 2 цагийн хугацаагаар тасралтгүй явуулж болох ба түүнээс илүү хугацаагаар явуулах бол 30 минутын завсарлага авна. Нэг удаагийн мэдүүлэг авах нийт хугацаа 4 цагаас илүүгүй байна.

25.3 дугаар зүйл. Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах

1.Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлана. Арван зургаан насанд хүрээгүй гэрч, хохирогчид санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулахгүй.

2.Арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусгана.

3.Арван найман насанд хүрээгүй хүний эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэл байвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг оролцуулахгүй байж болох ба өмгөөлөгчийг оролцуулна.

4.Мэдүүлэг авахад оролцож байгаа хүн арван найман насанд хүрээгүй гэрчид асуулт тавьж болно.

5.Мөрдөгчийн зөвшөөрснөөр хууль ёсны төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч арван найман насанд хүрээгүй хүнээс асуултыг зөв ойлгосон эсэхийг тодруулан асууж, тайлбарлаж болно.

6.Мэдүүлэг авч дуусмагц мэдүүлэг зөв бичигдсэн эсэхийг мэдүүлэг авахад оролцсон хүнд танилцуулж, гарын үсэг зуруулна.

7.Арван найман насанд хүрээгүй хүнээс шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно.

25.4 дугаар зүйл. Нүүрэлдүүлж мэдүүлэг авах

1.Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно.

2.Яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно.

3.Нүүрэлдүүлэхийн өмнө гэрч, хохирогчид санаатай худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, энэ тухай тэмдэглэлд тусгана.

4.Нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагааг эхлэхдээ хүн тус бүрээс бие биеэ таних эсэх, хоорондоо ямар харилцаатай болохыг асууж, дараа нь тодруулах гэж байгаа зүйлийн талаар мэдүүлэг өгч байгаа хүн тус бүрд асуулт тавина.

5.Нүүрэлдэж байгаа хүн мөрдөгчийн зөвшөөрснөөр бие биедээ асуулт тавьж болно.

6.Нүүрэлдүүлэх үед өгсөн мэдүүлэг нь өмнөх мэдүүлгээс зөрөөтэй байвал нүүрэлдүүлэх үеийн мэдүүлгийг тэмдэглэлд бичсэний дараа урьд өгсөн мэдүүлгийг уншиж сонсгон тайлбарлуулж, тэмдэглэлд тусгана.

7.Тэмдэглэлд нүүрэлдүүлж байгаа хүний мэдүүлгийг мэдүүлэг өгсөн дэс дарааллаар бичих ба мэдүүлэг өгсөн хүн тэмдэглэлийн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна.

25.5 дугаар зүйл. Мэдүүлэг авах тусгай журам

1.Шүүх хуралдаанд гэрч, хохирогч, дүгнэлт гаргасан шинжээч биечлэн оролцож мэдүүлэг өгөх боломжгүй тухай мөрдөгчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл прокурор нь гэрч, хохирогч, шинжээчээс дуу-дүрсний бичлэг ашиглан мэдүүлэг авахыг мөрдөгчид даалгана.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаа нь хохирогч, гэрч, шинжээчийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөх эрхийг хязгаарлахгүй.

25.6 дугаар зүйл. Мэдүүлгийг газар дээр нь шалгах

1.Илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааны үед мэдүүлгээ шалгуулж байгаа хүн хэрэгт ач холбогдол бүхий зарим тухайлсан зүйл, баримт бичиг, ул мөрийг заах, тодорхой үйлдлийг хийж үзүүлэх, шинжлэн судалж байгаа хэргийн нөхцөл байдалд ямар зүйл ямар үүрэгтэй байсан, үйл явдал болсон газрын байдал яаж өөрчлөгдсөн тухай зааж, урьд өгсөн мэдүүлгээ газар дээр нь тодорхой болгон дэлгэрэнгүй тайлбарлана.

3.Мэдүүлэг өгсөн хүн чөлөөтэй ярьж, үйлдлээ үзүүлсний дараа түүнд асуулт тавьж болно.

4.Нэг дор, нэг газарт, хэд хэдэн хүний мэдүүлгийг газар дээр нь нэгэн зэрэг шалгахыг хориглоно.

5.Мэдүүлгийг газар дээр нь шалгаж байхад хөндлөнгөөс оролцох, хөтлөх, сануулах асуулт тавихыг хориглоно.

25.7 дугаар зүйл. Таньж олуулах

1.Мөрдөгч хүн, мал, амьтан, цогцос, эд зүйл, тодорхой газар, орон байрыг гэрч, хохирогч, яллагдагчаар таньж олуулж болно.

2.Гэрч, хохирогч, яллагдагчаас хүн, мал, амьтан, цогцос, эд зүйл, тодорхой газар, орон байрыг ямар шинж тэмдэг, онцлогоор таньж чадахыг урьдчилан асууж, энэ тухай тэмдэглэлд тусгана.

3.Гэрч, хохирогч, яллагдагч нь түүнд харуулсан хүн, мал, амьтан, цогцос, эд зүйл, тодорхой газар, орон байрнаас аль нэгийг мөн гэж таньсан бол ямар шинж тэмдэг, онцлогоор нь таньсан тухай тайлбарлуулж, тэмдэглэлд тусгана.

4.Гэрч, хохирогч, яллагдагчид хөтлөх, тулгах асуулт тавихыг хориглоно.

5.Таньж олуулах ажиллагааны явцыг тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ. Тэмдэглэлд гэрч, хохирогч, яллагдагчийн биеийн байцаалт, таньж олох хүн, мал, амьтан, эд зүйл, тодорхой газар, орон байрны тухай болон бусад бүх ажиллагааг дэс дарааллаар нь үгчлэн бичнэ.

6.Хүнийг хоёроос дээш хүний дундаас таньж олуулна.

7.Таньж олох хүнийг түүнтэй гаднах байдлаараа адил төстэй хоёроос дээш хүний хамтаар таньж олуулах гэж байгаа хүнд харуулна. Таньж олуулахын өмнө таньж олох хүнийг бусад хүний дунд дуртай байрлалаа эзлэхийг хэлж, тэмдэглэлд тусгана.

8.Тусгайлан хүмүүс бэлдэхгүйгээр олон хүн цугларсан газар таньж олох хүн байгаа эсэхийг гэрч, хохирогч, яллагдагчид харуулж таньж олуулж болно.

9.Энэ зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах боломжгүй дараахь тохиолдолд гэрэл зураг, эсхүл дууны, эсхүл дүрсний, эсхүл дуу-дүрсний бичлэг ашиглан таньж олуулж болно:

9.1.таньж олох хүн таньж олуулах ажиллагаанд саад учруулж болзошгүй;

9.2.таньж олох хүний дүр төрх эрс өөрчлөгдсөн;

9.3.таньж олох хүнийг биеэр ирүүлэх боломжгүй.

10.Мал, амьтан, эд зүйлийг дангаар нь таньж олуулж болно. Шаардлагатай тохиолдолд хоёроос дээш адил төрлийн, эсхүл төстэй мал, амьтан, эд зүйлээс таньж олуулж болно.

11.Цогцсыг биетээр, дүрс бичлэг, гэрэл зургаар таньж олуулж болно.

12.Гэрч, хохирогч, яллагдагч өөрөө хүсвэл таньж олох хүнд мэдэгдэхгүйгээр таньж олуулах боломж олгоно.

13.Таньж олуулах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулж болно.

МӨРДӨН ШАЛГАХ БУСАД АЖИЛЛАГАА

26.1 дугаар зүйл. Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах

1.Мөрдөгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал прокурорын зөвшөөрлөөр дараахь ажиллагаа явуулна:

1.1.үл хөдлөх болон эдийн бус хөрөнгө, санхүүгийн болон өрийн хэрэгсэл, улсын бүртгэл, зохиогчийн эрх, патент, гэрчилгээ, лиценз, тусгай зөвшөөрөл, тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөн, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хянах;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.2.үл хөдлөх болон эдийн бус хөрөнгө, санхүүгийн болон өрийн хэрэгсэл, улсын бүртгэл, зохиогчийн эрх, патент, гэрчилгээ, лиценз, тусгай зөвшөөрөл, тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөн, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг зохих байгууллагад даалгах.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Энэ зүйлийн 1.1-д заасан ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулж болно.

26.2 дугаар зүйл. Харилцаа холбооны сүлжээнд хяналт тогтоох

1.Мөрдөгч хэрэгт ач холбогдол бүхий мэдээ, баримт байна гэх хангалттай үндэслэл байвал прокурорын зөвшөөрлөөр дараахь арга хэмжээг авч болно:

1.1.харилцаа холбооны сүлжээний хэрэглэгч, эзэмшигч хэн болох, тэдгээрийн байршил, холбогдсон цаг хугацаа, техник хэрэгсэл, төхөөрөмж болон хандалт зэрэг мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах;

1.2.харилцаа холбооны сүлжээгээр дамжсан мэдээллийн агуулгад хамаарахгүй бусад мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах;

1.3.харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлах талаар холбогдох байгууллагад даалгах.

2.Дараахь ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулж болно:

2.1.харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч, хяналт тогтоох;

2.2.харилцаа холбооны сүлжээгээр дамжсан мэдээллийн агуулгыг холбогдох байгууллагаас гаргуулж авах.

26.3 дугаар зүйл. Хяналт тогтоох

1.Мөрдөгч хэрэгт ач холбогдол бүхий мэдээ, баримтыг тогтоох зорилгоор дараахь ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулна:

1.1.орон байранд нэвтэрч, хяналт тогтоох;

1.2.орон байрнаас бусад газарт нэвтэрч, хяналт тогтоох;

1.3.тээврийн хэрэгсэлд нэвтэрч, хяналт тогтоох.

2.Хяналт тогтоох ажиллагааг сэжигтэн, яллагдагч, эсхүл шүүгдэгч оргон зайлсан тохиолдолд түүнийг олж илрүүлэх зорилгоор бусад хүн, обьектод явуулна.

26.4 дугаар зүйл. Ажиглалт явуулах

1.Мөрдөгч эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тодорхой нутаг дэвсгэр, олон нийтийн газарт хүн, обьектод ердийн болон нууц ажиглалт явуулна.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нууц ажиглалтыг прокурорын зөвшөөрлөөр явуулна.

26.5 дугаар зүйл. Хяналттай хүргэлт

1.Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн, эсхүл үйлдэхэд оролцсон хүнийг олж тогтоох зорилгоор хууль бус, сэжигтэй барааг өөрийн улсын хилээр нэвтрүүлэх, эсхүл тодорхой нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхэд хяналт тавих ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулна.

2.Мөрдөгч хяналттай хүргэлтийг хэд хэдэн улсын хилээр нэвтрүүлэх, нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх бол Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний заалтыг үндэслэн хамтран ажиллах хүрээнд прокурорын зөвшөөрлөөр явуулна.

26.6 дугаар зүйл. Хяналтын худалдан авалт

1.Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, эд зүйл, мөнгөн тэмдэгт, зэвсэг хэрэгсэл, бодис бэлдмэл, баримт бичгийг худалдан авах, эсхүл худалдан авахаар хэлцэл хийх ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулна.

2.Хяналтын худалдан авалтаар авсан бараа, бүтээгдэхүүн, бусад эд зүйл, баримт бичгийг хадгалж, хамгаалахад энэ хуулийн Хорин нэгдүгээр бүлэгт заасан журмыг баримтална.

26.7 дугаар зүйл. Мөрдөн шалгах нууц ажиллагааны журам

1.Энэ хуулийн 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3 дугаар зүйлийн 1.1-д заасан мөрдөн шалгах нууц ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.Энэ хуулийн 23.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 23.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 25.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3, 26.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.5, 26.6 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагааг мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, түүнээс эрх олгосон мөрдөгч гүйцэтгэнэ.

4.Энэ хуулийн 26.5, 26.6 дугаар зүйлд заасан ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжин оролцох шаардлагатай төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийг прокурорын зөвшөөрөлд заана.

6.Энэ хуулийн 23.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 23.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 25.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3, 26.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.5, 26.6 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах журам, зааврыг Тагнуулын ерөнхий газрын дарга Улсын ерөнхий прокурортой хамтран батална.

26.8 дугаар зүйл. Нууц ажиллагааны магадлагаа

1.Энэ хуулийн 16.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан мөрдөгчийн нууц ажиллагааны магадлагаанд дараахь зүйлийг тусгана:

1.1.мөрдөгчийн нэр, албан тушаал;

1.2.мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрлийн дугаар, огноо;

1.3.мөрдөн шалгах нууц ажиллагааны төрөл;

1.4.тухайн мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад илэрсэн баримтат мэдээлэл;

1.5.хавсаргасан баримтат мэдээллийн жагсаалт;

1.6.магадлагааг баталсан прокурорын нэр, албан тушаал.

26.9 дугаар зүйл. Мөрдөн шалгах нууц ажиллагаанд тавих прокурорын хяналт

1.Мөрдөн шалгах нууц ажиллагаанд Улсын ерөнхий прокурор, түүний эрх олгосон прокурор хяналт тавина.

2.Прокурор энэ хуулийн 23.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 23.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 25.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3, 26.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.5, 26.6 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагаанд дараахь хяналт тавина:

2.1.мөрдөгчийн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;

2.2.мөрдөн шалгах нууц ажиллагааны тоо бүртгэл, ашиглагдаж байгаа тусгай техник хэрэгслийн тоо бүртгэлийг зохих журмын дагуу хөтөлж байгаа эсэх;

2.3.мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд зөвшөөрөл олгох, зөвшөөрөл олгохоос татгалзах, тухайн ажиллагааны хугацааг сунгах, зогсоох;

2.4.мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, холбогдох материалтай танилцах;

2.5.мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаархи гомдлыг хянаж, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах арга хэмжээ авах.

3.Энэ хуулийн 4.3 дугаар зүйлд заасан ажиллагаа нь энэ зүйлд заасан прокурорын хяналтад хамаарахгүй.

ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ

27.1 дугаар зүйл. Шинжилгээ хийлгэх журам

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.

2.Дараахь тохиолдолд заавал шинжилгээ хийлгэнэ:

2.1.гадны нөлөөгөөр, эсхүл сэжигтэй байдлаар хүн нас барсан бол түүний шалтгааныг тогтоох;

2.2.хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох;

2.3.гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох;

2.4.бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох;

2.5.сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн насны тухай бичиг баримт байхгүй бөгөөд тэдний насыг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байвал.

3.Шинжилгээ хийлгэх шийдвэрт Шүүх шинжилгээний тухай хуулийн 7.3-т заасан зүйлийг тусгана. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжилгээ хийлгэх шийдвэрийг танилцуулна. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.Яллагдагч, шүүгдэгч нь сэтгэцийн өвчний улмаас хэргийн байдлыг ойлгох чадваргүй бол шинжилгээ хийлгэх шийдвэрийг түүнд танилцуулахгүй байж болно. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжилгээ хийлгэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн шинжилгээ хийх жишиг хугацааг үндэслэн тогтоосон хугацаанд шинжилгээ хийж, дүгнэлт гаргана. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.Шинжээч нь шинжилгээний цар хүрээ, онцлогоос хамаарч тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах боломжгүй бол шинжилгээ хийх хугацааг сунгуулах хүсэлтийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 16.3, 16.4, 16.5, 16.6-д заасан журмын дагуу гаргаж, шийдвэрлүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

27.2 дугаар зүйл. Шинжилгээ хийлгэх үед оролцогчийн эрх

1.Шинжилгээ хийлгэх үед оролцогч дараахь эрхтэй:

1.1.шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах;

1.2.шинжээчид нэмэлт асуулт тавих;

1.3.шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах;

1.4.мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийхэд байлцах;

1.5.шинжээчийн дүгнэлттэй танилцах.

2.Энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан оролцогчийн хүсэлтийг хангах нь үндэслэлтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч нь шинжээч томилсон шийдвэрийг өөрчилж, нэмэлт оруулж болно.

3.Оролцогчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол тэр тухай үндэслэл бүхий шийдвэр гаргаж, шийдвэрийг оролцогчид танилцуулж, гарын үсэг зуруулна.

27.3 дугаар зүйл. Шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагаар хийлгэх /Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагаар хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмыг баримтална. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Шүүх шинжилгээний байгууллага нь шүүх, прокурор, мөрдөгчийн тогтоолыг хүлээн авмагц шинжээч, эсхүл шинжээчдийн багт шинжилгээ хийлгэхээр хуваарилна. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

27.4 дугаар зүйл. Шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэх /Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Шүүх, прокурор, мөрдөгч Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.2-т заасан шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдийг урьж, шинжилгээ хийлгэж болно. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Шинжилгээг шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмыг баримтална. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

27.5 дугаар зүйл. Шинжилгээг шинжээчдийн багаар хийлгэх

1.Шинжилгээ хийлгэхэд хэд хэдэн салбарын тусгай мэдлэг шаардлагатай гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр шинжилгээг ижил, эсхүл өөр өөр мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн багаар хийлгэж болно.

27.6 дугаар зүйл. Шинжээчийн дүгнэлт /Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Шинжээчийн дүгнэлтэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан зүйлийг тусгасан байна. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

27.7 дугаар зүйл. Шинжээчийн дүгнэлт танилцуулах

1.Шинжээчийн дүгнэлт, эсхүл дүгнэлт гаргах боломжгүйг мэдэгдсэн түүний тайлбар, шинжээчээс авсан мэдүүлгийн тэмдэглэлийг холбогдох оролцогчид танилцуулна.

2.Оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно.

3.Шинжээчийн дүгнэлт, тайлбар, мэдүүлгийг оролцогчид танилцуулсан, энэ үед оролцогчоос тавьсан хүсэлт, асуулт, хариултын талаар тэмдэглэлд тусгана.

27.8 дугаар зүйл. Нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх /Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

27.9 дугаар зүйл. Хэв загвар, дээж авах

1.Шинжилгээ хийх зорилгоор хүний бие, цогцос, түүний эд эрхтэн, мал, амьтан, эд зүйл, баримт бичгээс хэв загвар, дээж авч болно.

2.Мал, амьтан, тэсэрч дэлбэрэх, хорт бодис, аюул учруулж болзошгүй эд зүйлээс хэв загвар, дээж авахад бусдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг урьдчилан авна.

3.Хэв загвар, дээж авах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны үед явуулж болно.

27.10 дугаар зүйл. Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах

1.Мөрдөгч хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр шинжээч, эсхүл мэргэжилтний тусламжтайгаар явуулна.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаа явуулахыг тухайн хүн сайн дураар зөвшөөрсөн тохиолдолд прокурорын зөвшөөрөл шаардахгүй.

3.Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагаанд хүний эрхийг зөрчих, хуурч мэхлэх, айлган сүрдүүлэх, хуулиар хориглосон арга хэрэглэх, хүний биед туршилт хийхийг хориглоно.

4.Хүний биеэс шинжилгээнд зориулж авсан биологийн дээжийг мөрдөн шалгах ажиллагаанд ашиглах зориулалтаар шинжилгээний адилтгал, мэдээллийн нэгдсэн санд авна. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

27.11 дугаар зүйл. Мөрдөгчийн магадлагаа

1.Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.

2.Мөрдөгч магадлагаа гаргах явцад шинжилгээний обьектын шинж чанар өөрчлөгдөх, устах, гэмтэхээр бол шинжээч томилно.

3.Мөрдөгчийн магадлагаанд энэ хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6-д заасныг тусгана.

4.Мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болно.

5.Мөрдөгч магадлагааг прокурорт болон энэ хуулийн 27.7 дугаар зүйлд заасны дагуу оролцогчид танилцуулна.

6.Мөрдөгч энэ хуулийн 6.2 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасны дагуу магадлагаа гаргах, магадлагааг танилцуулахад энэ бүлэгт заасан журмыг баримтална.

МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ТЭМДЭГЛЭЛ

28.1 дугаар зүйл. Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл үйлдэх

1.Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл үйлдэж, түүнд тухайн ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараахь зүйлийг бичиж тусгана:

1.1.ажиллагааг явуулсан, тэмдэглэл хөтөлсөн албан тушаалтны нэр, албан тушаал;

1.2.ажиллагааг явуулсан газар, эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг, минут, хэрэгжүүлэх явцад хугацаа тасалдсан бол түүний шалтгаан, үргэлжилсэн хугацаа;

1.3.шүүх, прокурорын зөвшөөрлөөр явуулж байгаа бол зөвшөөрлийн дугаар, хүчинтэй хугацаа;

1.4.хойшлуулшгүй тохиолдолд явуулж байгаа бол үндэслэл бүхий нөхцөл байдлын талаар;

1.5.оролцсон, байлцсан хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг;

1.6.ажиллагаанд оролцсон, байлцсан хүний хувийн бичиг баримтын мэдээлэл;

1.7.оролцсон хүнд эрх, үүргийг танилцуулсан тухай;

1.8.оролцсон, байлцсан хүнээс хүсэлт, гомдол гаргасан эсэх, түүнийг шийдвэрлэсэн талаар.

2.Мэдүүлэг өгсөн болон мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон хүний хэлсэн үгийг нэгдүгээр биен дээр тавьсан асуулт, хариултын дагуу үгчлэн бичнэ.

3.Мэдүүлэг өгсөн хүн мэдүүлгээ өөрөө бичиж болох ба энэ талаар тэмдэглэлд тусгана.

4.Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд баримт бичиг, эд зүйлийн тоо ширхэг, төрөл, хэлбэр, өнгө, сорьц, харагдаж байгаа онцлох шинж тэмдэг, чанар, их, бага, хүнд, хөнгөний хэмжээ зэргийг нэг бүрчлэн, олон тооны эд зүйл, баримт бичгийг жагсаан бичиж, хавтаст хэрэгт хавсаргана.

5.Тэмдэглэлд мэдүүлэг өгч байгаа, мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгаа хүний биеэ хэрхэн авч яваа болон гаргаж байгаа зан авирын талаар тусгаж болно.

6.Ажиллагааны явцад мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, хэмжилт хийх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэсэн бол тэдгээрийг тэмдэглэлд тусган хавсаргана.

7.Тэмдэглэлд мөрдөн шалгах ажиллагаанд ашиглаж байгаа техник хэрэгслийн нэр төрөл, үзүүлэлтийг тэмдэглэж, хэдэн минутын бичлэг хийсэн, хэдэн ширхэг гэрэл зураг авсныг тусгана.

8.Тэмдэглэлд ажиллагаа явуулсан, тэмдэглэл хөтөлсөн албан тушаалтан гарын үсэг зурна.

9.Мэдүүлэг өгч байгаа хүний ярьсан зүйлийг болон мэдүүлэг өгч байх явцад гаргаж өгсөн баримтыг тэмдэглэлд тусгаагүй, ярьсан зүйлийн агуулгыг өөрчилж бичсэн мэдүүлгийн тэмдэглэлтэй танилцаад засвар оруулах хүсэлтийг хүлээн аваагүй бол мэдүүлэг өгсөн хүн энэ тухай тэмдэглэлийн төгсгөлд өөрийн гараар, өөрөө бичих боломжгүй бол өөр хүний туслалцаатайгаар бичнэ.

10.Энэ хуулийн 23.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 23.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 25.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3, 26.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.5, 26.6 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагааны тэмдэглэл үйлдэх журмыг энэ хуулийн 26.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмаар зохицуулна.

28.2 дугаар зүйл. Дуу-дүрсний бичлэг хийх

1.Мөрдөгч дараахь мөрдөн шалгах ажиллагааг гэрэл зураг, эсхүл дуу- дүрсний бичлэгээр бэхжүүлнэ:

1.1.эзэмшигч, оршин суугч нь эзгүй байгаа орон байр, бусад газарт нэвтрэн орж явуулах;

1.2.хэргийн газрын үзлэг хийх;

1.3.эд зүйлийг түр хураан авах;

1.4.эд хөрөнгийг битүүмжлэх;

1.5.хөндлөнгийн гэрчтэй хийгдэх мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно.

3.Мөрдөгч ажиллагааг эхлэхийн өмнө дуу-дүрсний бичлэг хийх талаар тухайн ажиллагаанд оролцох хүнд мэдэгдэж, бичлэгийг ямар зорилгоор ашиглах талаар танилцуулна.

4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад дуу-дүрсний бичлэгийг тасралтгүй хийх нөхцөлийг мөрдөгч хангасан байна. Зайлшгүй шаардлагаар дуу-дүрсний бичлэг тасалдсан тохиолдолд тухайн ажиллагаанд оролцсон хүнд мэдэгдэн мөрдөн шалгах ажиллагааг түр зогсоож, энэ талаар тэмдэглэлд тодорхой тусгана.

5.Дуу-дүрсний бичлэгт тухайн ажиллагааны зорилго, он, сар, өдөр, байршил, эхэлсэн, дууссан цаг, минутыг тусгана.

6.Мөрдөгч, прокурор нь дуу-дүрсний бичлэгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хариуцна.

28.3 дугаар зүйл. Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл танилцуулах

1.Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийг тухайн ажиллагаа дуусмагц ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд даруй танилцуулж, гарын үсэг зуруулна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон, байлцсан хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна.

2.Тэмдэглэлийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд уншуулж, эсхүл уншиж танилцуулна. Тэмдэглэлийг танилцуулахдаа тухайн мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл нь хавтаст хэрэгт авагдах тул сайтар нягталж үзэхийг мөрдөгч анхааруулж хэлнэ.

3.Тухайн мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон хүн тэмдэглэлтэй танилцахдаа мөрдөн шалгах ажиллагааны явцыг дэс дарааллын дагуу бичсэн эсэх, мөрдөн шалгах ажиллагааны нөхцөл байдал, авсан арга хэмжээ, ажиллагааны үр дүн зэргийг үнэн зөв, бүрэн тусгасан эсэхийг хянаж үзнэ.

4.Тэмдэглэлд дутуу, буруу, ойлгомжгүй бичсэн зүйлийн талаар засвар оруулах тухай оролцсон, байлцсан хүн санал, хүсэлт гаргасан бол санал, хүсэлтийг хэрхэн хангасан талаар тэмдэглэлд тусгана.

5.Тэмдэглэлийн маягтад мэдүүлэг өгсөн хүний санал, хүсэлтийн тэмдэглэх хэсгийг оруулна.

6.Мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон хүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тэмдэглэлд гарын үсэг зурах боломжгүй бол энэ тухай мөрдөгч тайлбар бичиж тэмдэглэлд хавсаргана.

ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН БАЙЦААЛТ

ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН БАЙЦААЛТЫН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

29.1 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацаа сунгах журам

1.Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацааг сунгахдаа урьд нь хийгдсэн ажиллагаа, хугацаа сунгах үндэслэл, цаашид хийх мөрдөн шалгах ажиллагааг харгалзана.

2.Мөрдөгч хугацааг сунгах тухай үндэслэл бүхий тогтоол үйлдэж, хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө прокурорт хүргүүлнэ.

3.Нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар прокуророос буцаасан, түдгэлзүүлсэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон, хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээсэн бол өмнөх хугацаанаас нь үргэлжлүүлэн тоолж, хугацааг ердийн журмаар сунгана.

29.2 дугаар зүйл. Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах

1.Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна.

2.Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.

3.Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно.

4.Хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэнэ.

5.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ.

6.Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч яллагдагчийн холбогдсон зарим эрүүгийн хэрэг нь нотлогдоогүй бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан хэрэг бүртгэлтэд буцаана.

7.Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана.

8.Прокурор нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад хангалттай нотолсон, тухайн хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл яллагдагчид холбогдох зарим хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлж болно.

9.Нэг үйлдэлд хэд хэдэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол хэргийг нэгтгэж хэрэг бүртгэлт явуулна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

29.3 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлал

1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана.

2.Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байж, холбогдох баримт бичгийг хамгаалах арга хэмжээ авна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Мөрдөгч төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд нууцыг задруулахгүй байх үүргийг сануулж, бичгээр баталгаа гаргуулна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад төрийн нууцтай холбоотой асуудал гарвал мөрдөгч эрх бүхий байгууллагын удирдлагад мэдэгдэж, нууц хариуцсан албан тушаалтныг байлцуулна.

5.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно.

29.4 дугаар зүйл. Хамтын ажиллагаа

1.Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, албан тушаалтантай дараахь хэлбэрээр хамтран ажиллаж болно:

1.1.мэдээлэл солилцох, гаргуулан авах;

1.2.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахад дэмжлэг авах;

1.3.эрх бүхий байгууллагын шийдвэрээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг хамтран явуулах.

29.5 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хориглох зүйл

1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад дараахь зүйлийг хориглоно:

1.1.хүний нэр төр, алдар хүндийг гутаах, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах, эрүүдэн шүүх;

1.2.мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдол, эсхүл нууцаар явуулахаас бусад тохиолдолд шөнийн цагаар явуулах;

1.3.бусдыг зөрчил, гэмт хэрэгт хатгах.

29.6 дугаар зүйл. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ

1.Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана.

2.Хуулийн этгээд нь мөрдөгч, прокурорын мэдэгдлийн дагуу шаардлагатай арга хэмжээ авч, 1 сарын дотор тэр тухай мөрдөгч, прокурорт хариу мэдэгдэх үүрэгтэй.

ХЭРЭГ БҮРТГЭЛТ

30.1 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт

1.Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ.

30.2 дугаар зүйл. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авах

1.Мөрдөгч, прокурор дараахь тохиолдолд гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч шалгана:

1.1.хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гэмт хэргийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн;

1.2.гэмт хэргийн шинжийг өөрөө шууд илрүүлсэн;

1.3.гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийгөө илчилж ирсэн.

2.Мөрдөгч, прокурор гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай гомдол, мэдээллийг хүлээн авах үүрэгтэй.

3.Мэдээллийг хүлээн авахдаа санаатайгаар худал мэдээлбэл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг мэдээлэл өгөгчид сануулна.

4.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд тухайн гомдол гаргасан, мэдээлэл өгсөн хүн энэ хуулийн Арван тавдугаар бүлэгт заасан журмын дагуу гомдол гаргаж болно.

30.3 дугаар зүйл. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл гаргах

1.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг иргэн амаар, эсхүл бичгээр гаргаж болно.

2.Биечлэн, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан гаргасан гомдол, мэдээллийг тэмдэглэл үйлдэж хүлээн авах ба түүнд тэмдэглэл үйлдсэн хүн гарын үсэг зурна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Бичгээр гаргасан гомдол, мэдээлэлд гомдол гаргагч, эсхүл мэдээлэл өгсөн хүн гарын үсэг зурсан байна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Санаатайгаар худал мэдээлбэл хүлээлгэх хариуцлагын талаар гомдол гаргагчид тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусган гомдол, мэдээлэл гаргагчаар гарын үсэг зуруулна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.4 дугаар зүйл. Хуулийн этгээд, албан тушаалтан гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх

1.Хуулийн этгээд, албан тушаалтан гэмт хэргийн талаархи мэдээллийг бичгээр өгөх ба түүнд холбогдох баримт, материалыг хавсаргаж болно.

30.5 дугаар зүйл. Гэмт хэргийн талаархи мэдээллийг төлбөртэй авах

1.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага дараахь мэдээллийг төлбөртэй авахаар нийтэд зарлаж болно:

1.1.гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа, завдсан, эсхүл үйлдсэн тухай;

1.2.эрэн сурвалжлагдаж байгаа хүн, эд зүйл, тээврийн хэрэгсэл, баримт бичгийн тухай.

2.Мэдээллийг төлбөртэй авах тухай зарлаагүй боловч хүн, хуулийн этгээдээс хүсэлт гаргасан тохиолдолд мэдээллийг төлбөртэй авах эсэхийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын дарга шийдвэрлэнэ.

30.6 дугаар зүйл. Хэргээ илчлэн мэдээлэх

1.Гэмт хэрэг үйлдсэн хүн үйлдсэн хэргээ сайн дураараа илчилсэн мэдээллийг бичгээр, эсхүл амаар гаргаж болно.

30.7 дугаар зүйл. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгах

1.Мөрдөгч гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор дараахь мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно:

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.1.үзлэг хийх;

1.2.шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах;

1.3.хохирогч, гэрч, сэжигтнээс мэдүүлэг авах; /Энэ заалтад 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

1.4.хэрэгт ач холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, мөнгө, эд зүйлийг хурааж авах;

1.5.эд хөрөнгийг битүүмжлэх.

1.6.шинжилгээ хийлгэх шийдвэр гаргах. /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Дараахь эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулж, прокурорт даруй шилжүүлнэ:

2.1.гомдол, мэдээллийг шалгах явцад гэмт хэрэг үйлдэж байгаа болон үйлдсэн тухай үндэслэлтэй сэжиг байгаа тохиолдолд мөрдөгч, тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагын алба хаагч;

2.2.Монгол Улсын хилийн гадна байгаа тус улсын усан онгоц, агаарын хөлөг аялж яваа үед гарсан гэмт хэрэгт усан онгоцны ахмад, агаарын хөлгийн багийн дарга;

2.3.Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутагт гарсан гэмт хэрэгт тухайн Дипломат төлөөлөгчийн газрын консулын асуудал эрхэлсэн ажилтан;

2.4.хорих ангийн харьяа нутаг дэвсгэрт хоригдлын үйлдсэн гэмт хэрэгт хорих байгууллагын эрх бүхий албан тушаалтан;

2.5.зэвсэгт хүчний анги, байгууллагын нутаг дэвсгэрт цэргийн алба хаагчийн үйлдсэн гэмт хэрэгт тухайн зэвсэгт хүчний анги, байгууллагын захирагч;

2.6.хилийн зурваст гарсан гэмт хэрэгт улсын хил хамгаалах байгууллагын эрх бүхий албан тушаалтан;

2.7.цэргийн алба хаагч энхийг дэмжих, олон улсын бусад ажиллагаанд оролцох явцад тэдний хооронд үйлдсэн гэмт хэрэгт тухайн цэргийн багийн эрх бүхий албан тушаалтан;

2.8.гаалийн хяналт, шалгалтын явцад илэрсэн гэмт хэрэгт гаалийн улсын байцаагч.

3.Шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг нэг удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

30.8 дугаар зүйл. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хянан үзээд гаргах шийдвэр

1.Мөрдөгч гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч хянаж үзсэн даруй, эсхүл энэ хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргасан даруй энэ тухай гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ:

1.1.хэрэг бүртгэлтийн хэрэг нээх;

1.2.хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт гаргах;

1.3.харьяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт гаргах.

2.Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргуулахаар харьяаллын дагуу прокурорт саналаа даруй хүргүүлнэ.

3.Мөрдөгч энэ зүйлийн 1.2-т заасан саналыг прокурорт 72 цагийн дотор хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

30.9 дугаар зүйл. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх

1.Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол прокурорт даруй мэдэгдэн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тогтоолыг 72 цагийн дотор прокурорт танилцуулна.

2.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно.

3.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолд хэргийн бүртгэлийн дугаар, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, уг хэрэгт хэрэг бүртгэлт явуулах үндэслэлийг тусгана. Тогтоолд хүн, хуулийн этгээдийн нэрийг холбогдуулан бичихийг хориглоно.

4.Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь үндэслэлгүй гэж үзвэл прокурор мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгоно.

30.10 дугаар зүйл. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах

1.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэл байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон бол прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзана.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Прокурорын хяналтын явцад, эсхүл энэ хуулийн 30.8 дугаар зүйлийн 1.2-т заасан саналыг үндэслэж прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гаргана.

3.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэх ба энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагч эс зөвшөөрвөл шийдвэр хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргаж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Мөрдөгчийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурор хянаж, 7 хоногийн дотор шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.Прокурор энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд мөрдөгчийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг хянаад үндэслэлгүй гэж үзвэл дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.1.гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг дахин шалгуулахаар буцаах;

5.2.хэрэг бүртгэлтийн хэрэг нээх;

5.3.эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах.

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.