ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

Шүүх, хууль сахиулах, процесс · 388 зүйл · хүчин төгөлдөр · хэсэг 3/4 (30.11–39.9-р зүйл) · legalinfo.mn ↗

30.11 дугаар зүйл. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх

1.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлд дурдсан асуудал нь тухайн мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын харьяаллын бус болох нь тогтоогдвол мөрдөгч харьяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт даруй хүргүүлнэ.

2.Гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тохиолдолд мөрдөгч гэмт хэргийг таслан зогсоох, гэмт хэргийн ул мөрийг хамгаалах, бэхжүүлэх арга хэмжээ авна.

3.Прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл хэргийг 24 цагийн дотор харьяаллын дагуу шилжүүлэх шийдвэр гаргаж, эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

30.12 дугаар зүйл. Хэрэг бүртгэлтийн хугацаа

1.Хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаа нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш 1 сар байна.

2.Хэрэг бүртгэлтийн нийт хугацаа нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдана.

3.Хэрэг бүртгэлтийн хугацааг прокурор тухай бүр 3 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

4.Энэ хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хэрэг бүртгэлтийн хугацаанд оруулж тооцно.

30.13 дугаар зүйл. Хэрэг бүртгэлтийг дуусгах

1.Мөрдөгч хэрэг бүртгэлтийг дуусгаж, дараах саналын аль нэгийг гаргаж хэргийн хамт ажлын 3 өдрийн дотор прокурорт хүргүүлнэ:

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.1.хэрэг бүртгэлтийн хэргийг хаах;

1.2.эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах.

30.14 дугаар зүйл. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах

1.Хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй, эсхүл тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдвол мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналаа прокурорт хүргүүлнэ.

2.Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдсон тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхийг мөрдөгчид даалгана.

3.Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн саналыг үндэслэлгүй гэж үзвэл прокурор нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар хэргийг буцаах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол гаргана.

4.Энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах шийдвэр гаргаж, энэ тухай хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан шийдвэрийг хохирогч эс зөвшөөрвөл шийдвэр хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргаж болно.

6.Хэрэг бүртгэлтийн хэргийг үндэслэлгүйгээр хаасан гэж үзвэл дээд шатны прокурор уг тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлт, эсхүл мөрдөн байцаалт явуулахаар харьяаллын дагуу шилжүүлж болно.

7.Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах шийдвэр гарсны дараа хохирогч, түүний өмгөөлөгч хүсэлт гаргавал хэрэг бүртгэлтийн хэрэгтэй танилцуулна.

8.Хэрэг бүртгэлтийн хэргийг xaax саналтай прокурорт шилжүүлсэн хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд дээд шатны прокурор энэ хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болно. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

30.15 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал хүргүүлэх

1.Хэрэг бүртгэлтийн явцад энэ хуулийн 1.5 дугаар зүйлд заасан тохиолдол үүсээгүй, тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой бол мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ.

2.Прокурор энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор үндэслэл бүхий дараахь шийдвэр гаргана:

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.1.нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар хэргийг буцаах;

2.2.эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэх;

2.3.хэрэг бүртгэлтийн хэргийг хаах.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргах хугацааг хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан дээд шатны прокурор 14 хүртэл хоногоор сунгаж болно. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

30.16 дугаар зүйл. Нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар хэргийг буцаах

1.Прокурор яллагдагчаар татагдах хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй гэж үзвэл нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар хэргийг мөрдөгчид буцаана.

30.17 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэх

1.Прокурор энэ хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.

2.Энэ хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой, хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.

3.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана. Хуулийн этгээдийг яллагдагчаар татаж байгаа бол хуулийн этгээдийн нэрийг заана.

4.Прокурор тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана.

МӨРДӨН БАЙЦААЛТ

31.1 дугаар зүйл. Мөрдөн байцаалт

1.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг мөрдөн байцаалт гэнэ.

31.2 дугаар зүйл. Сэжигтнийг дуудан ирүүлэх ажиллагаа /Энэ зүйлийн гарчигт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.Энэ хуульд заасны дагуу баривчлагдсан, эсхүл гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл тогтоогдсон, эсхүл гэрчийн мэдүүлэг авах үед гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар мэдэгдэх хуудсаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа сэжигтнийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, уг тогтоолыг танилцуулахыг мөрдөгчид даалгана.

3.Тогтоол танилцуулахаар сэжигтнийг дуудан ирүүлэхдээ энэ хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

4.Хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэх боломжгүй тухайгаа мэдэгдэх хуудас хүлээн авсан сэжигтэн мөрдөгчид даруй мэдэгдэж, энэ тухай баримтаа ирүүлсэн бол яллагдагчаар татах тогтоол танилцуулах хугацааг прокурор 24 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж болно.

5.Мэдэгдэх хуудсыг гардуулан өгөхдөө хүлээн авсан огноо, цаг, минутыг тэмдэглэн хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулна.

6.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудсан сэжигтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан нь түүнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах үндэслэл болно.

7.Шөнийн цагт тогтоол танилцуулахаар сэжигтнийг дуудан ирүүлэхийг хориглоно.

8.Энэ зүйлд заасан тогтоол танилцуулахаар сэжигтнийг дуудан ирүүлэх ажиллагаа нь энэ хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан оролцогчид хамаарахгүй.

31.3 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулах, гардуулан өгөх /Энэ зүйлийн гарчигт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгнө. Төрийн нууцад хамаарах хэргийн яллагдагчаар татах тогтоолыг яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахгүйгээр танилцуулна. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Сэжигтэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас татгалзвал түүнд тогтоолыг уншиж энэ талаар тэмдэглэл хөтөлж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.

3.Сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа энэ хуулийн Долдугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг тайлбарлан өгч, тэр тухай тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна.

4.Мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор явуулна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.Сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа шаардлагатай гэж үзвэл таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

6.Сэжигтэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцах, гарын үсэг зурах, гардан авахаас татгалзсан нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахад саад болохгүй. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

31.4 дугаар зүйл. Сэжигтнийг баривчлах

1.Дараахь үндэслэл байгаа бол прокурор сэжигтнийг баривчлах тухай мөрдөгчийн саналыг хүлээн авснаас хойш уг саналыг шүүхэд даруй хүргүүлнэ:

1.1.энэ хуулийн 31.2 дугаар зүйлд заасны дагуу сэжигтнийг дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, эсхүл мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан бол;

1.2.оргон зайлсан, эсхүл мэдэгдэх хуудсаар дуудахад оргон зайлах үндэслэл байгаа бол;

1.3.мөрдөгч, прокурор, шүүгч, хохирогч, гэрч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнийг дарамтлах, сүрдүүлэх, амь нас, эрүүл мэндэд нь халдах үндэслэл байгаа бол;

1.4.гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол;

1.5.нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлөх үндэслэл илэрсэн бол.

2.Сэжигтнийг баривчлах тухай прокурорын саналд дараахь зүйлийг тусгана:

2.1.санал гаргасан прокурорын нэр, албан тушаал, гарын үсэг, он, сар, өдөр;

2.2.сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг;

2.3.энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, түүнийг нотлох баримт.

3.Шүүх нь прокурорын саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор сэжигтнийг баривчлах эсэхийг шийдвэрлэнэ.

4.Сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгох тухай шүүхийн шийдвэрт дараахь зүйлийг тусгана:

4.1.сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

4.2.энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан баривчлах үндэслэл;

4.3.баривчлах ажиллагаа явуулах зөвшөөрлийг хэрэгжүүлэх байгууллага;

4.4.зөвшөөрөл олгосон он, сар, өдөр, цаг;

4.5.шийдвэр хүчинтэй байх хугацаа;

4.6.шүүгчийн гарын үсэг, тэмдэг.

5.Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулах хугацаа 48 цагаас хэтэрч болохгүй.

31.5 дугаар зүйл. Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах /Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг дараах үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилж болно: /Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.1.гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь, эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.2.гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.1.хэн болох нь тогтоогдоогүй; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.2.Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.3.Монгол Улсад байнга оршин суудаггүй. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэрэг үйлдэгдсэн даруй энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэл бүхий сэжиг тогтоогдвол сэжигтнийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан аль нэг үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилж болно. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Мөрдөгч сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан даруй прокурорт мэдэгдэж, прокурор баривчлах ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.1.мөрдөгчийн шийдвэрийг баталж, шүүхэд даруй хүргүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.Үндэслэлгүйгээр баривчлагдсан сэжигтнийг прокурор даруй суллана. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.Мөрдөгч энэ хуулийн 30.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлтэй бол хойшлуулшгүйгээр баривчилсан сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналаа сэжигтнийг баривчилснаас хойш прокурорт даруй хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл саналыг хүлээн авснаас хойш 6 цагийн дотор баривчилсан сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах эсэхийг шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.Прокурор сэжигтнийг баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналаа баривчлах хугацаа дуусахаас 24 цагийн өмнө шүүхэд хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.Шүүх энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг хүлээн авснаас хойш даруй, эсхүл 24 цагийн дотор шүүхийн хэлэлцүүлгийг товлон явуулж, прокурорын саналыг үндэслэн баривчлах ажиллагааг хүчинтэйд тооцох, яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг хянан шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.Прокурор, эсхүл баривчлах байрны даргын шийдвэрээр суллагдсан сэжигтэн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд баривчлах ажиллагааны талаар сэжигтнийг суллагдсанаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргаж болно. Прокурор гомдолд холбогдох материалыг харьяалах шүүхэд даруй хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.Шүүх энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасан гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор энэ хуульд заасан нийтлэг журмын дагуу шүүхийн хэлэлцүүлгийг товлон явуулж, баривчлах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг хянан шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт гомдол гаргахгүй. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.Энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу суллагдсан хүн гомдол гаргаагүй бол холбогдох шийдвэрийг 30 хоногийн дотор харьяалах шүүхэд хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.6 дугаар зүйл. Баривчилсны дараа хийгдэх ажиллагаа

1.Мөрдөгч сэжигтнийг баривчлах үед түүнийг ямар хэрэгт холбогдуулан баривчилж байгаа талаар мэдэгдэж, энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхийг сануулна. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тохиолдолд мөрдөгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаа явуулсны дараа сэжигтэнд баривчлах тухай шүүхийн зөвшөөрөл, үндэслэлийг танилцуулна.

3.Мөрдөгч сэжигтнийг баривчлах үед, эсхүл баривчилсны дараа сэжигтний биед үзлэг хийж, дараахь эд зүйлийг хураан авна:

3.1.хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулах эд зүйл;

3.2.оргон зайлахад ашиглаж болох эд зүйл, баримт бичиг;

3.3.гэмт хэрэг үйлдэж олж авсан, эсхүл гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байж болзошгүй эд зүйл, баримт бичиг;

3.4.хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эд зүйл, баримт бичиг;

3.5.хүн, хуулийн этгээд эзэмших, ашиглах, хадгалах, авч явахыг хуулиар хориглосон эд зүйл, баримт бичиг.

4.Мөрдөгч сэжигтнийг баривчилснаас хойш 6 цагийн дотор түүний хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна.

5.Мөрдөгч сэжигтнийг баривчилснаас хойш 6 цагийн дотор тухайн сэжигтнийг баривчилсан талаар түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгч, гадаад улсын иргэн бол тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэнэ.

6.Мөрдөгч баривчлах ажиллагааны үед холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадлага хэрэглэж болно.

31.7 дугаар зүйл. Тэмдэглэл үйлдэх

1.Мөрдөгч сэжигтнийг баривчлахдаа тэмдэглэл үйлдэж бэхжүүлнэ. Тэмдэглэлийг баривчлах ажиллагааны үед үйлдэх боломжгүй байсан бол тухайн ажиллагааг дууссанаас хойш даруй нөхөн үйлдэнэ.

2.Тэмдэглэлд баривчлах ажиллагааны үйл явцаас гадна дараахь зүйлийг тусгана:

2.1.баривчилсан мөрдөгчийн овог, нэр, албан тушаал;

2.2.баривчлах ажиллагаа эхэлсэн огноо, газар;

2.3.баривчлагдаж байгаа сэжигтэнд эрхийг нь танилцуулсан цаг, минут;

2.4.баривчлах газарт хүргэсэн цаг, минут;

2.5.баривчлагдсан сэжигтний гаргасан санал хүсэлт, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн;

2.6.энэ хуулийн 31.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу сэжигтнийг баривчилсныг хаана, хэнд мэдэгдсэн тухай болон мэдэгдсэн цаг, минут.

3.Баривчлагдаж байгаа сэжигтэнд эрхийг нь танилцуулсан цаг, минутыг тэмдэглэж, гарын үсэг зуруулна. Гарын үсэг зурах боломжгүй, эсхүл гарын үсэг зураагүй бол энэ тухай тэмдэглэлд тусгана.

31.8 дугаар зүйл. Сэжигтний эрх

/Энэ зүйлийн гарчигт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.Сэжигтэн дараахь эрхтэй:

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.1.баривчилсан үндэслэлтэй танилцах;

1.2.хойшлуулшгүйгээр баривчилснаас бусад тохиолдолд баривчлах тухай шүүхийн зөвшөөрөлтэй хуульд заасан хугацаанд танилцах, хуулбарыг авах; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.3.өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, өмгөөлөгч, гэр бүлийн гишүүнтэй холбогдох боломжоор хангагдах;

1.4.баривчлах шийдвэр, ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах;

1.5.өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх;

1.6.эмнэлгийн тусламж авах;

1.7.хууль бусаар баривчилсны улмаас учирсан хохирлоо арилгуулахаар гомдол гаргах;

1.8.хууль зөрчсөн эрх бүхий албан тушаалтан, мөрдөгч, прокурорын үйл ажиллагаанд гомдол гаргах.

2.Сэжигтэн түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцаж, хуулбарлаж авах, баривчилсан үндэслэлийн талаар мөрдөгчөөр тайлбарлуулах эрхтэй. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

31.9 дугаар зүйл. Баривчлах хугацааг тоолох

/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Мөрдөгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг тэмдэглэлд тусгана.

31.10 дугаар зүйл. Хувийн байдлыг тогтоох

1.Мөрдөгч энэ хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 31.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хувийн байдлыг тогтоох зорилгоор дараахь ажиллагааг явуулна:

1.1.хувийн бичиг баримтыг шалгах, шаардлагатай тохиолдолд хувийн байдлын талаар нэмэлт мэдээлэл авах;

1.2.гэрэл зураг, эсхүл дүрсний, эсхүл дуу-дүрсний бичлэгээр нүүр царай, биеийн төрх байдлыг бэхжүүлэх;

1.3.хуруу, алганы хээ, эсхүл бусад хэв загварыг бэхжүүлэх;

1.4.шаардлагатай бол шинжилгээнд зориулж биеэс нь биологийн дээж авах;

1.5.биед үзлэг хийх;

1.6.харьцуулсан шинжилгээ хийх.

2.Хувийн байдлыг нь тогтооход саад учруулбал мөрдөгч холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадлага хэрэглэнэ.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувийн байдлыг тогтоосон мэдээллийг хавтаст хэрэгт тусгана.

31.11 дугаар зүйл. Сэжигтнээс мэдүүлэг авах

1.Мөрдөгч сэжигтнээс мэдүүлэг авахын өмнө түүнд ямар хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч байгаа талаар танилцуулж, дараахь эрхийг тайлбарлана: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.1.өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх;

1.2.өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч сонгон авах;

1.3.өмгөөлөгчтэйганцаарчлан уулзах, өмгөөлөгч байлцуулан мэдүүлэг өгөх;

1.4.эх хэлээрээ, эсхүл өөрийн сайн мэдэх хэлээр мэдүүлэг өгөх;

1.5.орчуулагч, хэлмэрчийн туслалцааг авах;

1.6.мэдүүлэг өгөхөөс татгалзах;

1.7.мөрдөгч, прокурор, орчуулагч, хэлмэрчээс татгалзах;

1.8.энэ хуулийн Долдугаар бүлэгт заасан бусад эрх.

2.Сэжигтнээс мэдүүлэг авахад энэ хуулийн 25.1, 25.2, 25.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

3.Сэжигтний сонгон авсан өмгөөлөгч 2 цагийн дотор хүрэлцэн ирээгүй, эсхүл өмгөөлөгч авахаас татгалзсан бол энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгч оролцуулна.

4.Өсвөр насны сэжигтнээс мэдүүлэг авахад энэ хуулийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 25.3 дугаар зүйл, энэ зүйлд заасан журмыг баримтална. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

31.12 дугаар зүйл. Баривчлагдсан сэжигтнийг суллах

1.Хойшлуулшгүйгээр баривчлагдсан сэжигтнийг дараахь тохиолдолд шүүгч суллах шийдвэр гаргана: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.1.гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт байхгүй;

1.2.энэ хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж баривчилсан.

2.Баривчилснаас хойш 48 цаг дуусч, сэжиглэгдэж байгаа хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр, цагдан хорих шүүхийн шийдвэр ирээгүй бол баривчлах байрны дарга мөрдөгч, прокурор, шүүгчид мэдэгдэж, түүнийг суллана.

3.Сэжигтнийг суллахдаа түүнийг ямар үндэслэлээр, хэзээ, хаана, хэний шийдвэрээр баривчилсан, хэзээ, хэний шийдвэрээр сулласан тухай магадлагаа олгоно.

4.Сэжигтнийг суллахдаа түүнээс хураан авсан эд зүйлээс хуулиар биедээ авч явахыг хориглосноос бусдыг нь буцаан олгоно.

5.Баривчлагдсан өсвөр насны сэжигтнийг суллахдаа түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчийн аль нэгэнд хүлээлгэн өгнө.

6.Мөрдөгч сэжигтнийг сулласан тухай тэмдэглэл, баривчлах ажиллагаатай холбоотой материалыг 24 цагийн дотор прокурорт хүргүүлнэ.

7.Мөрдөгч, прокурор, шүүх хууль бусаар баривчлагдсан болох нь тогтоогдсон сэжигтнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу суллахдаа түүнд энэ хуульд заасны дагуу хууль бусаар баривчилснаас болж учирсан хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлана.

8.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр суллагдсан сэжигтэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ямар ч үүрэг хүлээхгүй.

31.13 дугаар зүйл. Мөрдөн байцаалтын хугацаа

1.Гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хугацаа өнгөрсөн бол мөрдөн байцаалтын хугацааг сунгаж болохгүй. Энэ хуулийн 31.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн, эсхүл хэргийг прокурорт шилжүүлсэн бол мөрдөн байцаалтын хугацааг зогсооно. Түдгэлзүүлсэн хэргийг сэргээсэн, эсхүл хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокуророос мөрдөгчид хэргийг буцааснаас эхлэн мөрдөн байцаалтын хугацааг үргэлжлүүлэн тоолно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Энэ хуульд заасан журмын дагуу хэргийг түдгэлзүүлсэн хугацаа нь мөрдөн байцаалтын хугацаанд тооцогдохгүй.

3.Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн мөрдөн байцаалтыг 14 хоног, хүнд гэмт хэргийн мөрдөн байцаалтыг 1 сарын дотор явуулж дуусган хавтаст хэргийн материалыг оролцогчид танилцуулна.

4.Тухайн хэргийн ээдрээ төвөгтэй байдал, эсхүл ажиллагаа ихтэй, олон яллагдагчтай, эсхүл олон үйлдэлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шаардлагатай тохиолдолд мөрдөн байцаалт явуулах хугацааг дараахь байдлаар сунгаж болно:

4.1.сум буюу сум дундын прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт сум буюу сум дундын ерөнхий прокурор 5 сар хүртэл, аймгийн ерөнхий прокурор 7 сар хүртэл;

4.2.аймгийн прокурорын, дагнасан прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт аймгийн, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурор 16 сар хүртэл;

4.3.дүүргийн прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт дүүргийн ерөнхий прокурор 5 сар хүртэл, нийслэлийн ерөнхий прокурор 7 сар хүртэл;

4.4.нийслэлийн прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт нийслэлийн ерөнхий прокурор 16 сар хүртэл.

5.Мөрдөн байцаалтын хугацааг цаашид сунгах асуудлыг Улсын ерөнхий прокурор шийдвэрлэнэ.

6.Яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч мөрдөн байцаалтын хугацааг сунгасан хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй тухай гомдлыг дээд шатны прокурорт гаргана.

31.14 дугаар зүйл. Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх, сэргээх

1.Прокурор нь мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл дараахь тохиолдолд мөрдөн байцаалтыг түдгэлзүүлнэ:

1.1.сэтгэцийн, эсхүл хүнд өвчнөөр өвчилсний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол;

1.2.яллагдагч оргон зайлсан бол;

1.3.яллагдагчийн гадаад улсын болон олон улсын байгууллагын дипломат дархан эрхийг хязгаарлаагүй, эсхүл яллагдагчийн хуульд заасан халдашгүй байдлыг түдгэлзүүлээгүй бол.

1.4.гадаад улсад эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлт хүргүүлсэн бол. /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэхийн өмнө мөрдөгч нь яллагдагчийг байхгүйд гүйцэтгэж болох бүх ажиллагааг явуулах, гэмт хэрэг үйлдсэн болон оргон зайлсан этгээдийг олж илрүүлэх бүх арга хэмжээг авах үүрэгтэй.

3.Хоёр болон хэд хэдэн яллагдагчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх үндэслэл нь бүх яллагдагчид хамаарахгүй байвал зарим яллагдагчид хамаарах хэргийг тусгаарлан түдгэлзүүлж болно.

4.Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай тогтоолд дараахь зүйлийг тусгана:

4.1.прокурорын нэр, албан тушаал;

4.2.түдгэлзүүлсэн он, сар, өдөр;

4.3.хэргийн дугаар, хэргийн утга;

4.4.яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

4.5.мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх үндэслэл;

4.6.таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх.

5.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл арилсан, эсхүл нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөн байцаалтыг сэргээх тухай прокурор тогтоол гаргана.

6.Мөрдөн байцаалтыг сэргээх тухай тогтоолд дараахь зүйлийг тусгана:

6.1.мөрдөн байцаалтыг сэргээсэн прокурорын нэр, албан тушаал;

6.2.мөрдөн байцаалтыг сэргээсэн үндэслэл;

6.3.мөрдөн байцаалт явуулах хугацаа.

МӨРДӨН БАЙЦААЛТЫГ ДУУСГАХ

32.1 дугаар зүйл. Хавтаст хэргийн материал танилцуулах

1.Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ.

2.Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг эх хувиар нь танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчид хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хавтаст хэргийн материал танилцуулах хугацаа 7 хүртэл хоногт, бусад хэргийн материалтай ажлын 3-аас доошгүй өдрийн хугацаанд танилцах боломж, нөхцөлөөр хангана. Хавтаст хэргийн материал танилцуулах үндсэн хугацаа 14 хүртэл хоног байх бөгөөд хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан тус хугацааг мөрдөгч 14 хүртэл хоногоор сунгаж болно. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Хавтаст хэрэгт тусгагдсан эд мөрийн баримт, мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгтэй танилцах тухай оролцогчийн хүсэлтийг мөрдөгч хангах арга хэмжээ авна.

5.Оролцогч хүсэлт гаргавал хавтаст хэргийн материалаас шүүхээр хэлэлцүүлэх төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах боломжоор хангана. Талууд хуулбарлан авсан нотлох баримтыг шүүхэд шинжлэн судлахаас өөр зорилгоор ашигласан бол хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

6.Оролцогч хавтаст хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэлд дараахь зүйлийг тусгана:

6.1.мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол;

6.2.хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт;

6.3.шүүх хуралдаанд дуудаж оролцуулах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын жагсаалт.

7.Хэргийн материалтай танилцах үед энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана.

8.Хавтаст хэргийн материалтай танилцаад тэмдэглэлд тусгасан оролцогчийн хүсэлт, гомдлыг мөрдөгч хэрэгсэхгүй болгосон бол оролцогч прокурорт гомдол гаргаж болно.

9.Нэмэлт мөрдөн байцаалт явуулсан бол нэмж хийсэн ажиллагааны материалыг энэ зүйлд заасан журмын дагуу оролцогчид танилцуулна. /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.Энэ хуульд заасны дагуу оролцогчид танилцуулаагүй, хавтаст хэрэгт хавсаргаагүй нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй. /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.Энэ зүйлд заасныг зөрчиж, хавтаст хэргийн материалтай танилцах хугацаа, боломж, нөхцөлөөр хангаагүй мөрдөгчийн үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно.

12.Энэ хуулийн 16.8 дугаар зүйлд заасан баримт бичиг, төрийн нууцад хамаарагдах баримт бичигт энэ зүйлийн 4 дэх хэсэг хамаарахгүй.

32.2 дугаар зүйл. Хэргийг прокурорт шилжүүлэх

1.Энэ хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан ажиллагаа бүрэн хийгдэж дууссаны дараа мөрдөгч холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

32.3 дугаар зүйл. Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлууд

1.Мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар прокурор доор дурдсан асуудлыг хянах үүрэгтэй:

1.1.оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, хавтаст хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэх;

1.2.гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх;

1.3.хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэх;

1.4.энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх;

1.5.Эрүүгийн хууль болон энэ хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн эсэх;

1.6.таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхдээ хууль зөрчсөн эсэх;

1.7.гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх;

1.8.гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан эсэх;

1.9.гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тодруулж чадсан эсэх, түүнийг арилгах талаар арга хэмжээ авсан эсэх;

1.10.яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн нотолсон эсэх.

32.4 дугаар зүйл. Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэр

1.Мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хүртэл хоногоор нэмж сунгаж болно.

2.Прокурор хэргийг хянаж үзээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

2.1.мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх;

2.2.эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх;

2.3.эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах;

2.4.эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах;

2.5.хэргийг хэрэгсэхгүй болгох;

2.6.нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах;

2.7.эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх.

32.5 дугаар зүйл. Хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох

1.Прокурор дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно:

1.1.гэмт хэргийн шинжгүй;

1.2.тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон;

1.3.тухайн гэмт хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүх, прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байгаа;

1.4.сэжигтэн, яллагдагч нас барсан;

1.5.гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан;

1.6.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй.

2.Мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож, хавтаст хэргийн материалыг хэрэг бүртгэлтэд буцаана.

3.Хэд хэдэн хүн яллагдагчаар татагдсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол хүчингүй болгох үндэслэл нь нийт яллагдагчид хамаарахгүй байвал тухайн яллагдагч, эсхүл яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгоно.

4.Нэгтгэн шалгаж байгаа хэд хэдэн гэмт хэргийн аль нэг нь нотлогдохгүй байвал прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухайн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан хавтаст хэргийн материалыг хэрэг бүртгэлтэд буцаана.

5.Энэ зүйлийн 1.1 дэх заалт, 2, 3, 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд яллагдагч энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тусгана.

6.Энэ зүйлийн 1.6-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг хохирогч, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулна.

32.6 дугаар зүйл. Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгосон прокурорын тогтоолыг танилцуулах

1.Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокурорын шийдвэрт гомдол гаргах журмыг заана.

3.Төрийн нууцтай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид тогтоолыг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гардуулахгүйгээр танилцуулж болно.

4.Прокурорын шийдвэрийг авах хүсэлт гаргасан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад оролцогчид тухайн шийдвэрийг 7 хоногийн дотор ирж гардан авахыг прокурор мэдэгдэнэ.

5.Энэ зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан хугацаанд прокурорын шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлнэ.

32.7 дугаар зүйл. Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгосон тогтоолд гомдол гаргах

1.Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй.

2.Яллагдагч өөрийн гэм буруугүйг шүүхээр тогтоолгон цагаатгах шүүхийн шийдвэр гаргуулахаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээлгэж шалгуулахаар дээд шатны прокурорт гомдол гаргаж болно.

32.8 дугаар зүйл. Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх

1.Энэ хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон бол хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг дээд шатны прокурор хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад шилжүүлнэ.

2.Энэ хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2.4-т заасан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж өөр хүнийг яллагдагчаар татсан бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.

32.9 дугаар зүйл. Прокурор яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах /Энэ зүйлийн гарчигт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Прокурор яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана. Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоолыг яллагдагчид танилцуулж, хувийг гардуулна. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

32.10 дугаар зүйл. Яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх

1.Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ.

2.Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ.

3.Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараахь зүйлийг тусгана:

3.1.яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл;

3.2.яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт.

4.Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана:

4.1.яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх;

4.2.эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал;

4.3.яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, он, сар, өдөр.

5.Яллах дүгнэлтийн хавсралтад дараахь зүйлийг тусгана:

5.1.шүүх хуралдаанд шинжлэн судлах нотлох баримтын жагсаалт, мэдүүлэг авахаар дуудах бусад оролцогчийн нэр;

5.2.таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх, түүний хугацаа;

5.3.хохирол, хор уршгийн талаархи мэдээлэл;

5.4.эд мөрийн баримт, хураасан, битүүмжилсэн эд хөрөнгө.

6.Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийн материалыг ажлын 3 өдрийн дараа харьяалах шүүхэд шилжүүлэх тухай яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.Яллагдагч яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр баримтжуулж хэргийг шүүхэд шилжүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.Өмгөөлөгч хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө энэ хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан яллагдагчийг шүүхэд шилжүүлэхтэй холбоотой санал, хүсэлтийг бичгээр гаргаж, хэрэгт хавсаргаж болно. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан яллах дүгнэлтийг яллагдагчид бүрэн танилцуулан, төрийн нууцад хамаарах хэсгийг уншигдах боломжгүй байдлаар нууцалж, гардуулан өгнө. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

АНХАН ШАТНЫ ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

ЯЛЛАГДАГЧИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ, ШҮҮХ ХУРАЛДААНЫ БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖИЛЛАГАА

33.1 дугаар зүйл. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх

1.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

1.1.яллагдагчийг шүүхэд шилжүүлэх;

1.2.хэргийг прокурорт буцаах;

1.3.хэргийг түдгэлзүүлэх;

1.4.хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрт дараахь зүйлийг тусгана:

3.1.шийдвэрийг хэзээ, хаана гаргасан;

3.2.шийдвэр гаргасан шүүгчийн нэр;

3.3.шийдвэрийн үндэслэл.

4.Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахгүй байж болно.

5.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ хуульд заасан үндэслэлээр хаалттай явуулж болно.

6.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:

6.1.өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэлт;

6.2.хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, өөрчлөх талаархи санал, хүсэлт;

6.3.эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, эсхүл энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5-д заасан нөхцөл байдал бий болсонтой холбоотой хүсэлт;

6.4.прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт;

6.5.яллагдагч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлөх тухай хүсэлт;

6.6.шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах тухай хүсэлт; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.7.яллагдагч, хохирогч нар сайн дураараа эвлэрэх тухай хүсэлт;

6.8.яллах дүгнэлт албан ёсоор гардуулаагүй тухай гомдол;

6.9.шүүх хуралдааны товын талаархи санал, хүсэлт;

6.10.шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаархи прокурор, оролцогчийн санал, хүсэлт;

6.11.шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт;

6.12.таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлт;

6.13.нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол;

6.14.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол;

6.15.мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт;

6.16.хөрөнгө хураан авах ажиллагаатай холбоотой санал, хүсэлт;

6.17.эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол албан ёсоор танилцуулаагүй болон уг тогтоол ойлгомжгүй тухай гомдол.

7.Энэ зүйлийн 6.5, 6.6, 6.7-д заасан хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг даруй үргэлжлүүлэн явуулж болно. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргасан тохиолдолд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулж болно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй.

9.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ. Прокурор, оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар удирдан явуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж, прокурор, оролцогчид танилцуулна.

11.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.

12.Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

33.2 дугаар зүйл. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх

1.Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэрт дараахь асуудлыг тусгана:

1.1.шүүх хуралдааныг хэзээ, хаана хийх;

1.2.шүүх хэргийг дангаар, эсхүл шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх эсэх;

1.3.шүүх хуралдаанд дуудан ирүүлэх хүний нэр;

1.4.шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хаалттай явуулах эсэх;

1.5.яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдвэрлэх;

1.6.зарим хэргийг тусгаарлах, нэгтгэх эсэх;

1.7.энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай;

1.8.шүүх хуралдааны бэлтгэлийг хэн, хэрхэн хангах тухай.

2.Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.

33.3 дугаар зүйл. Хэргийг прокурорт буцаах

1.Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ:

1.1.хэргийг буруу тусгаарласан бол;

1.2.шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол;

1.3.мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол.

2.Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийн “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй.” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаар дүгнэлтээр 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлнэ. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./

33.4 дугаар зүйл. Хэргийг түдгэлзүүлэх

1.Шүүгч дараахь нөхцөлд хэргийг түдгэлзүүлнэ:

1.1.яллагдагчийн хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа бол;

1.2.яллагдагч сэтгэцийн болон бусад хүнд өвчний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол;

1.3.тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;

/Энэ заалтын “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтээр 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./ /Монгол Улсын Их Хурлын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн./ /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./

1.4.тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгохоор тухайн шүүхээс Улсын дээд шүүхэд хандсан бол;

1.5.тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгохоор Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хандсан бол.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл арилсан бол шүүгч захирамж гарган хэргийг сэргээнэ.

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

34.1 дугаар зүйл. Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан

1.Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ.

2.Шүүх гэм буруугийн талаар маргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна.

3.Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно.

4.Шүүх хуралдааныг завсарлуулах тухай шийдвэрт завсарлах хугацааг зааж, шүүх хуралдаан хэзээ үргэлжлэн явагдахыг талууд, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчид мэдэгдэнэ.

5.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй.

34.2 дугаар зүйл. Шүүх хуралдааны танхим

1.Шүүх хуралдааныг Монгол Улсын төрийн сүлд, далбаа байрлуулсан танхимд явуулна.

34.3 дугаар зүйл. Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах

1.Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна.

34.4 дугаар зүйл. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах

1.Төрийн нууцад хамаарах хэрэг хянан шийдвэрлэх, энэ хуульд тусгайлан зааснаас бусад шүүх хуралдааныг нээлттэй явуулна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Шүүх хуралдааныг дараах тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нээлттэй, эсхүл хаалттай явуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ: /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.1.хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч, өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улсын яллагч, хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч, өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт гаргасан бол; /Энэ заалт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.2.хамгаалалтад байгаа гэрчийн мэдүүлгийг уншиж сонсох, эрэн сурвалжлах нууц ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад олж авсан нотлох баримтыг шинжлэн судлах. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Хаалттай явуулах шүүх хуралдаанд оролцуулах, байлцуулах хүнийг шүүх шийдвэрлэнэ.

4.Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагааг нууцаар явуулахтай холбоотой ил болгохыг хориглосон мэдээллийг танилцуулахдаа холбогдох хуулийг баримтална.

5.Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно.

6.Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасан албаны нууцыг задруулахгүй байх баталгааны зохицуулалт шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг нээлттэй явуулахад хамаарахгүй. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

34.5 дугаар зүйл. Шүүх хуралдаан даргалагчийн эрх хэмжээ

1.Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна.

2.Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авч оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлана.

3.Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

34.6 дугаар зүйл. Шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй байх

1.Хэргийг шүүхийн нэг бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ.

2.Шүүгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд үргэлжлэн оролцох боломжгүй болсон бол өөр шүүгч томилж, шүүх хуралдааныг эхнээс нь явуулна.

34.7 дугаар зүйл. Прокурор шүүх хуралдаанд оролцох

Энэ зүйлийг 2022-06-03-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

1.Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, хорих байгууллагын нөхцөл, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.Улсын яллагч хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана.

3.Улсын яллагч шүүгдэгчийг яллах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхтэй холбогдуулан гаргасан хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн саналыг яллах үйл ажиллагаандаа харгалзана.

4.Шүүх хуралдаанд хэд хэдэн улсын яллагч оролцож байгаа бол шүүх хуралдаанд тодорхой асуудлаар мэтгэлцэхэд нэг улсын яллагч нь бусдыгаа төлөөлнө.

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу бусдыгаа төлөөлж байгаа улсын яллагч бусад улсын яллагчтай зөвлөлдөх зорилгоор шүүхээс шүүх хуралдааныг завсарлуулахыг хүсч болно.

6.Улсын яллагч доор дурдсан тохиолдолд шүүгдэгчийг яллахаас татгалзаж, саналаа бичгээр гаргана:

6.1.шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзсэн;

6.2.хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн. /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө улсын яллагч яллахаас татгалзаж болно.

8.Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.

34.8 дугаар зүйл. Хохирогч шүүх хуралдаанд оролцох

1.Хохирогч бичгээр хүсэлт гаргасан, эсхүл улсын яллагч, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт гаргасан бол анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулна. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

3.Хохирогч шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад болохгүйгээр өмгөөлөгчтэйгөө, шаардлагатай тохиолдолд улсын яллагчтай чөлөөтэй харилцах боломжоор хангагдана.

4.Хохирогч нь шүүгдэгчийг яллах, хариуцлагыг хүндрүүлэхтэй холбоотой санал хүсэлтийг шүүх хуралдааны аль ч үед гаргаж болно.

34.9 дугаар зүйл. Шүүгдэгч шүүх хуралдаанд оролцох

1.Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно.

2.Шүүгдэгч шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад болохгүйгээр өмгөөлөгчтэйгөө чөлөөтэй харилцах, ганцаарчлан уулзах боломжоор хангагдана.

3.Шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй шүүгдэгчийг албадан ирүүлэх, түүнд энэ хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх шийдвэр гаргаж болно.

4.Шүүх хуралдаанаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг хэлэлцэхэд шүүгдэгчийн өвчний шинж байдлыг харгалзан түүнийг оролцуулахгүйгээр хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэж болно.

34.10 дугаар зүйл. Өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцож нотлох баримт шинжлэн судлах, шүүх хуралдааны явцад гарсан асуудлаар хүсэлт гаргах, шүүгдэгчийг цагаатгах, түүний хариуцлагыг хөнгөрүүлэх байдлын талаар дүгнэлт гаргана.

2.Шүүгдэгчийг хэд хэдэн өмгөөлөгч өмгөөлж байгаа бол шүүх хуралдаанд тодорхой асуудлаар мэтгэлцэхэд нэг өмгөөлөгч бусдыгаа төлөөлж болно.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бусдыгаа төлөөлж байгаа өмгөөлөгч бусад өмгөөлөгчтэй зөвлөлдөх зорилгоор шүүхээс шүүх хуралдааныг завсарлуулахыг хүсч болно.

4.Энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж болно.

5.Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгчид энэ бүлэгт заасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрх, үүрэг нэгэн адил хамаарна.

34.11 дугаар зүйл. Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шүүх хуралдаанд оролцох

1.Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд оролцуулж болно.

2.Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

34.12 дугаар зүйл. Шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч хүрэлцэн ирээгүйн холбогдол

1.Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна.

2.Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд цаашид үргэлжлүүлэн оролцох боломжгүй бол тэдгээрийг сольж болно. Энэ тохиолдолд анхан шатны шүүх хуралдааныг эхнээс нь явуулах ба тэдгээрт хавтаст хэргийн материал танилцуулна. Хавтаст хэргийн материалтай танилцах хугацааг тэдний хүсэлтийг харгалзан шүүх тогтооно.

3.Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болох ба энэ талаарх мэдээллийг харьяалах прокурорын байгууллага, Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд даруй хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж байгаа бол өмгөөлөгчтэй холбоотой энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.

34.13 дугаар зүйл. Шүүх хуралдаанд хохирогч, гэрч, шинжээч хүрэлцэн ирээгүйн холбогдол

1.Шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч хүрэлцэн ирээгүй бол шүүх хуралдаан даргалагч түүнийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ.

34.14 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар

1.Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.

2.Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.

34.15 дугаар зүйл. Шүүх хуралдаан завсарлах

1.Шүүх дараахь үндэслэлээр шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар завсарлуулж болно:

1.1.ажлын цаг дууссан;

1.2.төлөөлөн мэтгэлцэж байгаа улсын яллагч бусад улсын яллагчтай, өмгөөлөгч бусад өмгөөлөгчтэй зөвлөлдөх тухай хүсэлт гаргасан;

1.3.энэ хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу санал, хүсэлт гаргасан;

1.4.бусад хүндэтгэн үзэх шалтгаан байгаа бол.

34.16 дугаар зүйл. Шүүх хуралдааныг хойшлуулах

1.Шүүх дараахь үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж болно:

1.1.шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч ирээгүй;

1.2.шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх, туршилт хийх, газар, орон байранд үзлэг хийхийг талууд харилцан зөвшөөрсөн;

1.3.улсын яллагч, өмгөөлөгч солигдож, эсхүл нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон;

1.4.шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон.

2.Шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна. Шүүх хуралдааныг хойшлуулахад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд энэ хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтална. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно. /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Шүүгдэгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг дахин үйлдсэн, эсхүл урьд нь үйлдсэн өөр гэмт хэрэг илэрсэн нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Энэ зүйлд заасан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдолд шүүх хуралдааныг энэ хуульд заасан журмаар эхнээс нь явуулна. Энэ зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

34.17 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх

1.Шүүх дараахь шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, тухайн хэрэгт холбоотой бусад шүүгдэгчийн хувьд шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ:

1.1.шүүгдэгч оргон зайлсан бол түүнийг олж ирүүлэх хүртэл;

1.2.шүүгдэгч сэтгэцийн, эсхүл өөр хүнд өвчний улмаас шүүхэд ирэх бололцоогүй нь шинжээчийн дүгнэлт, эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдож байгаа бол түүний өвчнийг эдгэрэх хүртэл.

2.Шүүхээс оргон зайлсан шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажиллагааг шүүхийн шийдвэрээр эрх бүхий байгууллагад гүйцэтгүүлэхээр даалгана.

3.Оргон зайлсан, хүндээр өвчилсөн шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлан бусад шүүгдэгчид холбогдох хэргийг хэлэлцэх нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.

4.Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.

/Энэ хэсгийн “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтээр 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./ /Монгол Улсын Их Хурлын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн./ /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./

5.Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, энэ тухай саналаа Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.

6.Энэ зүйлд заасан түдгэлзүүлэх нөхцөл арилсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

34.18 дугаар зүйл. Хэргийг тусгаарлаж хэлэлцэх

1.Шүүх дараахь тохиолдолд эрүүгийн хэргийг тусгаарлах тухай улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн эрүүгийн хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэнэ:

1.1.яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийн холбогдох зарим гэмт хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй бол;

1.2.зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал.

34.19 дугаар зүйл. Хэргийг хэрэгсэхгүй болгох

1.Шүүх дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно:

1.1.гэмт хэргийн шинжгүй;

1.2.гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан;

1.3.шүүгдэгч нас барсан;

1.4.тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа;

1.5.тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон;

1.6.шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй;

1.7.шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон;

1.8.гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон.

1.9.нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй. /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3.Энэ зүйлийн 1.9-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

34.20 дугаар зүйл. Шүүх хуралдааны дэг

1.Шүүгч, шүүх бүрэлдэхүүн танхимд орж ирэх, шүүхийн шийдвэр уншиж сонсгох үед шүүх хуралдааны танхимд байгаа хүмүүс бүгд босч шүүхэд хүндэтгэл үзүүлнэ.

2.Шүүх хуралдаанд оролцогч шүүхэд хандаж үг хэлэх, мэдүүлэг өгөхдөө суудлаасаа босно.

3.Шүүх хуралдаанд оролцогч хүндэтгэн үзэх шалтгаантай бол шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр суугаагаар мэдүүлэг өгч, үг хэлж болно.

4.Улсын яллагч, оролцогч шүүхийн шийдвэр уншиж сонсгоход байлцана.

5.Шүүх хуралдаанд оролцогч, шүүх хуралдааны танхимд байгаа бусад хүн шүүх хуралдаан даргалагчийн хуралдааны дэг сахиулах шийдвэрт захирагдана.

34.21 дугаар зүйл. Шүүх хуралдааны дэг зөрчсөн хүнд хариуцлага хүлээлгэх

1.Шүүх хуралдааны дэг зөрчсөн, шүүх хуралдаан даргалагчийн шийдвэр, дэг сахиулагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас гаргах тухай сануулж, дахин зөрчил гаргавал шүүх хуралдааны танхимаас гаргаж, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгоход шүүх хуралдааны танхимд байлцуулна.

2.Шүүгдэгчид энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэсэн бол түүнийг шүүх хуралдааны явцтай танилцах, мэдүүлэг өгөх бололцоотой тусгай тоноглогдсон өрөөнд тусгаарлаж болно.

3.Улсын яллагч, өмгөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч шүүх хуралдааны дэг зөрчсөн, эсхүл шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдаагүй бол тэдэнд сануулга өгч, дахин зөрчил гаргавал Зөрчлийн тухай хуулийн 15.5 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулна.

4.Шүүх хуралдааны танхимд байгаа бусад хүн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гаргавал шүүгчийн шийдвэрээр түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 15.5 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулна.

5.Энэ зүйлд заасан шүүхийн шийдвэрт гомдол гаргаж болно.

ШҮҮХЭД ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

35.1 дугаар зүйл. Шүүх хуралдааныг нээх

1.Шүүх хуралдаан даргалагч нь хэргийг хянан шийдвэрлэхээр товлосон цагт шүүх хуралдааныг нээж, хэнд холбогдох, ямар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх гэж байгааг зарлана.

2.Талууд болон шүүхэд дуудагдсан оролцогч, бусад оролцогч хүрэлцэн ирсэн эсэхийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга илтгэж, ирээгүй оролцогчийн шалтгааныг мэдэгдэнэ.

3.Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд улсын яллагч, оролцогч, бусад оролцогч ирээгүй бол шалтгааныг тодруулж, шүүх хуралдааныг хойшлуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

35.2 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрчид түүний үүргийг тайлбарлах

1.Орчуулагч, хэлмэрч нь хуралдаанд оролцож байгаа монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний мэдүүлэг, хүсэлтийг шүүх хуралдаан дээр гарсан мэдүүлэг, хүсэлт, уншсан баримт бичиг, түүнчлэн шүүх хуралдаан даргалагчийн болон шүүхийн шийдвэрийг орчуулуулж, эсхүл хэлмэрчлүүлж байгаа хүнд орчуулж, хэлмэрчилж өгөх үүрэгтэй болохыг шүүх хуралдаан даргалагч түүнд тайлбарлаж өгнө.

2.Санаатайгаар худал орчуулах, эсхүл хэлмэрчилбэл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг орчуулагч, хэлмэрчид урьдчилан сануулж, шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулна.

35.3 дугаар зүйл. Гэрчийг шүүх хуралдааны танхимаас гаргах

1.Гэрчийн мэдүүлгийг сонсох хүртэл түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргана.

2.Шүүх хуралдаан даргалагч нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрчийг мэдүүлэг өгөөгүй гэрчтэй уулзуулахгүй байлгах арга хэмжээ авна.

35.4 дугаар зүйл. Шүүгдэгчид яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсан, яллах дүгнэлтийн хуулбарыг өгсөн эсэхийг шалгах

1.Шүүх хуралдаан даргалагч нь шүүгдэгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн газар, он, сар, өдөр, иргэний харьяалал, оршин суугаа газар, эрхэлсэн ажил, боловсрол, мэргэжил, гэр бүлийн байдлыг тодруулж, яллагдагчаар татсан тогтоолтой хэзээ танилцсан, яллах дүгнэлтийн хуулбарыг хэзээ авсныг асууна.

35.5 дугаар зүйл. Шүүх бүрэлдэхүүнийг зарлах, татгалзан гаргах эрхтэй болохыг тайлбарлах

1.Шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлаж, улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч, түүнчлэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчээр хэн, хэн оролцож байгааг мэдэгдэж, шүүгдэгч, татгалзан гаргах хүсэлт гаргах эрх бүхий бусад оролцогчид энэ хуульд заасны дагуу хүсэлт гаргах эрхтэй болохыг тайлбарлана.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх хуралдаанд оролцогч татгалзан гаргах хүсэлт гаргавал түүнийг энэ хуулийн Аравдугаар бүлэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

35.6 дугаар зүйл. Шүүх хуралдаанд оролцогчид түүний эрх, үүргийг тайлбарлах

1.Шүүх хуралдаан даргалагч нь шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, бусад оролцогчид энэ хуульд заасан тэдний эрх, үүргийг тайлбарлана.

2.Шүүгдэгч, хохирогчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх хангагдсан эсэхийг тодруулна.

3.Шүүх хуралдаанд оролцогчдын хэн нэг нь ирээгүй бол шүүх хуралдааны ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг энэ хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

35.7 дугаар зүйл. Шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтоох

1.Шүүх хуралдаан даргалагч талуудаас шинжлэн судлуулах хүсэлт гаргасан нотлох баримтын хүрээнд хэрэг хэлэлцэх дарааллыг тогтоож, заасан хугацаанд бэлэн байхыг гэрч, хохирогч, шинжээчид мэдэгдэнэ.

2.Талууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргах эрхтэй.

3.Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэрэгт энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дарааллыг тогтоохдоо өөрийнх нь хууль ёсны ашиг, сонирхол хөндөгдөхгүй шүүхийн хэлэлцүүлэг явагдах үед шүүх хуралдааны танхимд байлцахгүй байх талаар оролцогчийн гаргасан хүсэлтийг талуудын саналыг харгалзан шийдвэрлэж болно. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бол энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж, шүүх хуралдаанд үргэлжлүүлэн оролцох товыг оролцогчид мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

35.8 дугаар зүйл. Шүүхийн хэлэлцүүлэг

1.Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт эхлээд яллах, дараа нь цагаатгах нотлох баримтыг шинжлэн судална.

3.Улсын яллагч яллах дүгнэлтийг уншиж сонсгосноор шүүхийн хэлэлцүүлэг эхэлнэ.

4.Шүүх хуралдаан даргалагч шүүгдэгч бүрээс улсын яллагчийн яллах дүгнэлтийн агуулга, түүнд оногдуулж болох эрүүгийн хариуцлагын талаар ойлгосон эсэхийг тодруулж, шүүгдэгчийн хүсэлтээр тайлбарлахыг улсын яллагчид даалгаж болно.

5.Улсын яллагч яллах дүгнэлт уншиж сонсгосны дараа шүүх хуралдаан даргалагч шүүгдэгчээс мэдүүлэг өгөх эсэхийг асууж, хэрэв зөвшөөрвөл түүний мэдүүлгийг сонсоно.

6.Улсын яллагчийн яллах дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч үг хэлж болно.

7.Шүүгдэгч, гэрч, шинжээчээс мэдүүлэг авах, нотлох баримт шинжлэн судлах хүсэлт гаргасан тал эхэлж асуулт тавьж, шинжлэн судална.

8.Шүүгдэгч, гэрчид тавьсан асуулт нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг хариулт өгөхөөр бол өмгөөлөгч, улсын яллагч нь шүүгдэгч, гэрчийг тухайн асуултад хариулахгүй байх хүсэлтийг шүүхэд гаргаж болно.

9.Талуудаас шүүгдэгч, гэрч, шинжээчээс нэг зүйл дахин давтан асуусан, эсхүл хэрэгт холбогдолгүй асуултад хариулахгүй байх тухай талуудын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдаан даргалагч асуултад хариулахыг зогсоож болно.

10.Улсын яллагч, өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчид дахин асуулт тавих, шинжлэн судалсан нотлох баримтыг дахин судлуулахаар шүүхэд санал, хүсэлт гаргаж болно.

11.Нотлох баримтыг дахин шинжлэн судлах, шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчээс дахин мэдүүлэг авахад энэ хуульд заасан журмыг баримтална.

12.Шүүгч, иргэдийн төлөөлөгч нотлох баримтыг шинжлэн судлахад оролцож, аль ч үед тодруулах асуулт тавих эрхтэй.

13.Шүүгдэгч, гэрч, хохирогч, шинжээчээс мэдүүлэг авах, нотлох баримт шинжлэн судлах ажиллагааг явуулж дуусмагц шүүх хуралдаан даргалагч шүүхийн хэлэлцүүлэг дууссаныг мэдэгдэнэ.

35.9 дугаар зүйл. Шүүгдэгчийн мэдүүлгийг сонсох

1.Улсын яллагч яллах дүгнэлт сонсгосны дараа шүүх хуралдаан даргалагч шүүгдэгчээс хэргийн талаар мэдүүлэг өгөх эсэхийг асууж, зөвшөөрвөл түүнээс мэдүүлэг авна.

2.Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа түүнд эхэлж улсын яллагч, дараа нь өмгөөлөгч асуулт тавьж болно.

3.Талууд шүүх хуралдаан даргалагчийн тогтоосон дарааллын дагуу шүүгдэгчид асуулт тавьж болно.

4.Талуудын хүсэлтээр хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзвэл бусад шүүгдэгчийг байлцуулахгүйгээр шүүгдэгчийн мэдүүлгийг сонсож болно.

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу мэдүүлгийг сонссон бол мэдүүлэг сонсох үед байгаагүй шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимд орж ирсний дараа шүүх хуралдаан даргалагч түүний эзгүйд гаргасан мэдүүлгийн утгыг танилцуулж, өөрийг нь байхгүйд мэдүүлэг өгсөн шүүгдэгчид асуулт тавих бололцоог түүнд олгоно.

6.Шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн аль ч үед нэмж мэдүүлэг өгч болно.

7.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан журам нь өсвөр насны шүүгдэгчээс мэдүүлэг авахад нэгэн адил хамаарна.

35.10 дугаар зүйл. Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн мэдүүлгийг сонсох

1.Шүүгдэгчийн мэдүүлгийг сонсч дууссаны дараа энэ хуулийн 35.14, 35.15 дугаар зүйлд заасан журмын дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн мэдүүлгийг сонсоно.

2.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед гаргасан мэдүүлэг нь шүүхэд гаргасан мэдүүлгээс ноцтой зөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед түүний гаргасан мэдүүлгийг уншиж сонсгоно.

35.11 дугаар зүйл. Гэрчид хууль сануулах

1.Шүүх хуралдаан даргалагч гэрчээс мэдүүлэг авахын өмнө түүний биеийн байцаалт, шүүгдэгч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тодруулж, хэргийн талаар мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлэх үүрэгтэйг тайлбарлан, мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын талаар сануулж, шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулна.

2.Шүүх хуралдаан даргалагч арван зургаан насанд хүрээгүй гэрчид хэргийн талаар мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн ач холбогдлыг тайлбарлан өгөх ба санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын тухай сануулж болохгүй.

35.12 дугаар зүйл. Гэрч мэдүүлэг өгөхөд байлцах хүн

1.Гэрч сэтгэл санаа, хувийн байдал, бусад шалтгааны улмаас шүүх хуралдааны үед тавгүй байдалд орно гэж үзэж улсын яллагч, өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийг харгалзан шүүх дараахь гэрчийн гэр бүлийн гишүүн, эсхүл ойр дотны хүнийг байлцуулж болно:

1.1.сэтгэцийн өвчинтэй холбогдолгүй боловч ухаан санаа нь гүйцэд хөгжөөгүй хүн;

1.2.гэмт хэргийн улмаас бие махбодын болон сэтгэл санааны хувьд хохирсон хүн.

2.Шүүх хуралдаан даргалагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэрчийн хажууд байлцаж байгаа хүнд гэрчийг мэдүүлэг өгөх үед хөндлөнгөөс оролцох, гэрчийн мэдүүлэгт нөлөөлж болохгүйг урьдчилан сануулж, зөрчвөл шүүх хуралдааны танхимаас гаргана.

35.13 дугаар зүйл. Хамгаалалтад байгаа гэрчийн биеийн байцаалтыг шалгах

1.Энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан хамгаалалтын арга хэмжээ авсан гэрчээс мэдүүлэг авахаар бол шүүх хуралдаан даргалагч тухайн гэрчийн биеийн байцаалт болон шүүгдэгч, хохирогчтой ямар харилцаатай болохыг урьдчилан шалгана.

2.Гэрчид өөрийн хаягийн өөрчлөлтийн талаар шүүхэд тухай бүр урьдчилан мэдэгдэж байхыг сануулна.

35.14 дугаар зүйл. Гэрчийн мэдүүлгийг сонсох

1.Талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авна.

2.Гэрчээс мэдүүлэг авахуулахаар санал, хүсэлт гаргасан талын, эсхүл санал, хүсэлт гаргаагүй бол яллах талын гэрчээс эхэлж мэдүүлэг авч, асуулт тавина.

3.Талууд шүүх хуралдаан даргалагчийн тогтоосон дарааллын дагуу гэрчээс мэдүүлэг авахад энэ хуулийн 35.8 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 10, 11, 12 дахь хэсэгт заасан журмыг баримтална.

4.Бусад гэрчээс мэдүүлэг авах үед шүүх хуралдааны танхимд байсан гэсэн үндэслэлээр тухайн гэрчээс мэдүүлэг авахаас татгалзаж болохгүй.

5.Гэрчээс мэдүүлэг авч дууссаны дараа түүнийг танхимд суулгаж болох ба шаардлагатай гэж үзвэл түүнээс дахин мэдүүлэг авч болно.

35.15 дугаар зүйл. Арван найман насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг сонсох

1.Шүүх хуралдаанд арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний оюун санааны байдал, учирч болох сөрөг нөлөөнөөс сэргийлэх нөхцөл байдлыг улсын яллагч, өмгөөлөгч нь шалгана.

2.Шүүх улсын яллагч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу арван найман насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг сонсох үед түүний хууль ёсны төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйчийг оролцуулж болно.

3.Шүүх хуралдаан даргалагч энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хамт оролцож байгаа хүнд арван найман насанд хүрээгүй гэрч мэдүүлэг өгөхөд хөндлөнгөөс оролцож, гэрчийн мэдүүлэгт нөлөөлж болохгүйг урьдчилан сануулж, зөрчсөн тохиолдолд энэ хуулийн 34.21 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.

35.16 дугаар зүйл. Гэрчийн мэдүүлэг, баримттай танилцах

1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед гэрчийн гаргасан мэдүүлэг нь шүүхэд гаргасан мэдүүлгээс зөрсөн тохиолдолд хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн тогтоохын тулд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны үед гэрчийн өгсөн мэдүүлгийг шүүх хуралдаанд уншин сонсгож болно.

2.Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө тэмдэглэл ашиглаж болно.

3.Өөрийн мэдүүлэгтэй холбогдох баримт бичгийг уншихыг гэрчид зөвшөөрөх бөгөөд гэрч уг баримт бичгээ шүүхэд өгнө.

4.Гэрчээс мэдүүлэг авах явцад улсын яллагч, өмгөөлөгч шаардлагатай нотлох баримтыг танилцуулж, үзүүлж болно.

35.17 дугаар зүйл. Мэдүүлэг уншиж сонсгох

1.Гэрчийн урьд өгсөн мэдүүлгийн тэмдэглэлийг уншиж, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд сонсгож, үзүүлж болно.

2.Шүүх нь талууд, оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасны дагуу хамгаалагдсан гэрчийг, эсхүл сэтгэл санааны дарамт, нөлөөллөөс хамгаалах зорилгоор гэрчийг шүүхэд ирүүлэхгүйгээр дуу-дүрсний төхөөрөмж ашиглан шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлэг авч, асуулт тавьж, хариулт авч болно.

3.Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах зорилгоор талууд, оролцогчийн санал, хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл, эсхүл шүүх өөрийн санаачилгаар шүүх хуралдаан явуулахад зориулан тусгайлан тоноглосон өрөөнөөс дуу-дүрсний дамжуулах хэрэгсэл ашиглан шүүх хуралдааны танхимд гэрчийн мэдүүлэг сонсож, асуулт тавьж, хариулт авч болно.

4.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан ажиллагаа явуулахад тухайн гэрчийн биеийн байцаалтыг шалган тодруулж, хууль сануулна.

5.Гэрч нас барсан, эсхүл биечлэн мэдүүлэг өгөх чадваргүй болсон нь шинжээчийн дүгнэлт, эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол гэрчийн яриаг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг сонсож, түүний гар бичмэлийг шинжлэн судална.

35.18 дугаар зүйл. Гэрч, хохирогчийг хамгаалах

1.Шүүх хуралдааны турш энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасны дагуу гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээ авахад гэрч, хохирогчийн хувийн байдал, тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, ялгаварлан гадуурхах, бэлгийн халдашгүй байдлын эсрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг харгалзана.

2.Энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасны дагуу нэрийг нь нууцалсан гэрч, хохирогчоос шүүх хуралдаанд мэдүүлэг авахын өмнө тухайн гэрч, хохирогчийг ил болгоно.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч, хохирогч оролцох шүүх хуралдааныг хаалттай явуулах эсэхийг энэ хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ.

4.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан мэдүүлэг өгсөн гэрч, хохирогчийг хамгаалах үндэслэл бүхий нөхцөл байдал арилаагүй, эсхүл шинээр үүсвэл энэ хуулийн Арван гуравдугаар бүлэгт заасны дагуу хамгаалалтын арга хэмжээ авна.

35.19 дугаар зүйл. Эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах

1.Нотлох баримтыг шинжлэн судлахад талууд хэрэгт авагдсан эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шүүх, шүүгдэгч, гэрч, шинжээчид танилцуулна.

2.Эд мөрийн баримт, бичмэл нотлох баримттай танилцсан оролцогч, шүүгдэгч, гэрч, шинжээч холбогдох зарим асуудлыг тодруулах хүсэлт шүүхэд гаргаж болно.

3.Шүүх хуралдаанд ирүүлэх боломжгүй эд мөрийн баримтад үзлэг хийх шаардлагатай бол энэ тухай тэмдэглэлд тусгаж, эд мөрийн баримт байгаа газарт шүүх бүрэлдэхүүн талуудыг байлцуулан үзлэг хийж болно.

4.Шүүх хуралдаанд оролцогчийн хүсэлтээр хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шалгаж, түүнийг уншин сонсгож болно.

5.Шүүхэд гаргасан талуудын хүсэлтээр эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлахад шинжээч, мэргэжилтэн, бусад гэрчийг оролцуулж болно.

6.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан оролцогчоос мэдүүлэг авахад энэ хуулийн 35.11, 35.12, 35.13, 35.14, 35.15, 35.16, 35.17 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

35.20 дугаар зүйл. Мөрдөн шалгах ажиллагааны дүнг шинжлэн судлах

1.Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны дүнг тухайн ажиллагааны тэмдэглэл, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгтэй танилцах, оролцсон гэрч, шинжээчийг дуудаж мэдүүлэг авах байдлаар шинжлэн судална.

2.Мөрдөн шалгах ажиллагааны дүнг шинжлэн судлах ажил нь хийгдсэн ажиллагааны тэмдэглэл, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгт тусгагдсан мэдээллээр хязгаарлагдана.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчоос мэдүүлэг авахад энэ хуулийн 35.11, 35.12, 35.13, 35.14, 35.15, 35.16, 35.17 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

4.Энэ хуулийн 26.8 дугаар зүйлд заасан магадлагааг мөрдөгч танилцуулсны дараа түүнийг тайлбарлуулах, тодруулах зорилгоор талууд мөрдөгчид асуулт тавьж болно.

35.21 дугаар зүйл. Шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлах, шинжээчээс мэдүүлэг авах, нэмэлт шинжилгээ хийлгэх

1.Мөрдөгчийн магадлагаа, хэд хэдэн шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлах дарааллыг талуудын саналыг харгалзан шүүх тогтооно.

2.Шинжээч гаргасан дүгнэлтээ уншиж сонсгосны дараа түүнийг тайлбарлуулах, тодруулах зорилгоор талууд шинжээчид асуулт тавьж, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлт шүүхэд гаргаж болно.

3.Шинжээчээс мэдүүлэг авахад энэ хуулийн 35.11, 35.12, 35.13, 35.14, 35.15, 35.16, 35.17 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

35.22 дугаар зүйл. Газар, орон байранд үзлэг хийх

1.Хэргийн бодит байдлыг өөрөөр тогтоож шинжлэн судлах боломжгүй бол шүүх талуудын хүсэлтээр хэрэг гарсан газар, орон байранд талууд, гэрч, шинжээч, оролцогчийг байлцуулан үзлэг хийж болно.

2.Үзлэг хийх газар ирмэгц шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан үргэлжилж байгааг зарлах ба талууд үзлэгт оролцож байгаа шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч, мэргэжилтэнд үзлэг хийхтэй холбогдсон асуулт тавьж болно.

3.Үзлэгт оролцогч хэргийн байдлыг тодруулахад ач холбогдолтой гэж үзсэн бүх зүйлийг шүүхэд хандан тайлбарлаж болно.

4.Үзлэг хийхэд энэ хуульд заасан журмыг баримтална.

35.23 дугаар зүйл. Туршилт хийх

1.Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахын тулд ямар нэг үйл явдал, үйлдэл, бусад байдлыг сэргээн дүрслэх шаардлагатай байвал шүүх талуудын хүсэлтээр туршилт хийж болно.

2.Туршилтыг талууд, гэрч, шинжээч, бусад оролцогчийг байлцуулан хийнэ.

3.Туршилтыг энэ хуульд заасан журмаар явуулна.

35.24 дугаар зүйл. Улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт танилцуулах

1.Шүүх хуралдаан даргалагч шүүхийн хэлэлцүүлэг дууссаныг зарласны дараа улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт гаргана. Дүгнэлтээ шүүхэд бичгээр өгч болно.

2.Улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт хэлэхийн өмнө шүүхэд хандан завсарлага авч болно. Завсарлах хугацааг шүүх тогтооно.

3.Улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт хэлж дууссаны дараа дүгнэлтэд заасан зүйлийн талаар харилцан тус бүр нэг удаа тайлбар хэлж болно.

4.Дүгнэлтэд шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг ашиглахгүй.

5.Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт тэдгээрийн тайлбар гаргах хугацааг талуудын санал, хүсэлтийг харгалзан урьдчилан тогтооно.

6.Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж байгаа бол энэ зүйлд заасан дүгнэлт, тайлбар хэлэх эрхтэй.

7.Улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт, тайлбар хэлсний дараа шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах ажиллагаа дууссаныг зарлана.

35.25 дугаар зүйл. Шүүгдэгчийн эцсийн үг

1.Улсын яллагч дүгнэлт, өмгөөлөгч санал, тэдгээрийг тайлбар хэлж дууссаны дараа эцсийн үг хэлэхийг шүүх хуралдаан даргалагч шүүгдэгчид зөвшөөрөх ба шүүгдэгч эцсийн үг хэлж байхад түүнд асуулт тавьж болохгүй.

2.Шүүгдэгчээс хэлэх эцсийн үгийг цагаар хязгаарлаж болохгүй.

35.26 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийн санал сонсох

1.Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 35.25 дугаар зүйлд заасан ажиллагаа явагдаж дууссаны дараа шүүгдэгчийн гэм буруугийн талаар бичгээр гаргасан саналаа уншиж сонсгож болно.

35.27 дугаар зүйл. Тогтоол гаргахаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орох

1.Шүүгдэгчийн эцсийн үгийг сонссоны дараа шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орох ба шүүх хуралдаан даргалагч энэ тухай зарлан мэдэгдэнэ.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

36.1 дугаар зүйл. Шийдвэр гаргахаар зөвлөлдөх

1.Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана. Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж, олонхийн саналаар шийдвэр гаргана.

2.Зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх асуудлын талаар шүүгч бүр санал гаргах тэгш эрх, үүрэгтэйгээр оролцож, өөрийн санал, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, тайлбарлана.

3.3өвлөлдөх тасалгаанд хэлэлцсэн асуудлаар цөөнх болсон шүүгч үндэслэлээ тайлбарлаж дахин санал хураалгах эрхтэй.

4.Зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэсэн асуудлаар цөөнх болсон шүүгч тусгай саналаа бичиж шүүхийн шийдвэрт хавсаргах ба түүнийг тогтоол уншиж сонсгоход зарлахгүй.

5.Шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд дараахь асуудал тус бүрийг хэлэлцэнэ:

5.1.шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх;

5.2.тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх;

5.3.шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх;

5.4.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах.

6.Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно.

7.Энэ хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар завсарлуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг явуулах шийдвэр гаргасан тохиолдолд уг шүүх хуралдааныг явуулахад энэ хуулийн Гучин дөрөвдүгээр бүлэгт заасан шүүх хуралдааны ерөнхий нөхцөл нэгэн адил хамаарна.

8.Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхээр зөвлөлдөх тасалгаанд дараахь асуудал тус бүрээр хэлэлцэнэ:

8.1.Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх;

8.2.шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх эсэх;

8.3.шүүгдэгчид хорих ял оногдуулах бол хорих байгууллагын дэглэм;

8.4.шүүгдэгчийг баривчилсан хугацаа, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял оногдуулахад хэрхэн тооцох;

8.5.эд мөрийн баримтыг хэрхэн шийдэх;

8.6.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хэрхэн тооцох;

8.7.шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох эсэх;

8.8.хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хэрхэн шийдэх.

9.Шүүгчид зөвлөлдөж байгаа үед зөвлөлдөх тасалгаанд тухайн хэргийг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүнээс өөр хүн байж болохгүй.

10.Шүүгчдийн зөвлөлдөх тасалгаанд хэлэлцсэн асуудлыг задруулж болохгүй.

36.2 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц

1.Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.

2.Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ.

3.Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

4.Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана.

5.Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана.

6.Шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгч энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тусгана.

36.3 дугаар зүйл. Шүүх тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх

1.Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.

2.Шүүх цагаатгах тогтоол гаргахдаа дараахь зүйлийг шийдвэрлэнэ:

2.1.гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;

2.2.шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих.

3.Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.

36.4 дугаар зүйл. Иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл хэлэлцээгүй орхисны холбогдол

1.Хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдана.

2.Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.

36.5 дугаар зүйл. Иргэний нэхэмжлэлийг хангах

1.Иргэний нэхэмжлэлийг хангасан ба түүнийг хангах талаар урьд нь арга хэмжээ аваагүй бол шүүх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авч болно.

2.Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.

36.6 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэг

1.Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт дараахь зүйлийг тусгана:

1.1.Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргасан;

1.2.шийдвэрийг хэзээ, хаана гаргасан;

1.3.шийдвэр гаргасан шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүхийн нарийн бичгийн дарга, талууд, оролцогч;

1.4.хэргийн дугаар;

1.5.шүүгдэгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн газар, он, сар, өдөр, түүний оршин суугаа газар болон ажлын газар, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, мэргэжил, гэр бүлийн байдал, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаархи бусад мэдээлэл;

1.6.шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад хамаарах.

36.7 дугаар зүйл. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг

1.Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

2.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараахь зүйлийг тусгана:

2.1.гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал;

2.2.шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр;

2.3.шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;

2.4.шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт;

2.5.хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга.

3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараахь зүйлийг тусгана:

3.1.шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл;

3.2.шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэл;

3.3.урьд сонсгосон ялыг шүүхээс хөнгөрүүлж өөрчилсөн бол түүний үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга;

3.4.шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлсөн болон Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үндэслэл;

3.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл;

3.6.гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хураах үндэслэл.

36.8 дугаар зүйл. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэг

1.Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана:

1.1.шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох;

1.2.шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ;

1.3.хорих ял оногдуулсан хүний ял эдлэх хорих байгууллагын дэглэм;

1.4.шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон;

1.5.шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх тухай;

1.6.гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх;

1.7.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл;

1.8.хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай;

1.9.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай.

2.Шүүгдэгч Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бол цагаатгагдсан, эсхүл ял шийтгүүлсэн зүйл, хэсэг, заалтыг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн заана.

3.Шүүгдэгч ялаас чөлөөлөгдсөн бол энэ тухай заана.

4.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тусгана.

5.Шүүхийн шийтгэх тогтоолд шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.

36.9 дугаар зүйл. Шүүхийн цагаатгах тогтоол

1.Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дараахь зүйлийг тусгана:

1.1.шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга;

1.2.шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл.

2.Шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана:

2.1.шүүгдэгчийг цагаатгасан үндэслэл;

2.2.таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай;

2.3.иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах зорилгоор арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай;

2.4.хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх, шүүхэд хандах хугацаа болон шүүхийн харьяаллын талаар;

2.5.эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай;

2.6.тогтоолд давж заалдах, эсэргүүцэл бичих журмын тухай.

3.Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар шүүхээс гаргасан шийдвэрийн үндэслэлийг заана.

4.Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тусгана.

36.10 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох

1.Шүүх хуралдааныг нээлттэй явуулсан бол шүүх хуралдаан даргалагч энэ хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4-т заасан асуудал тус бүрээр шүүхийн шийдвэрийг уншиж сонсгоно.

2.Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэсгийг уншиж сонсгох ба шаардлагатай бусад асуудлыг тайлбарлаж дууссаны дараа шүүх хуралдааныг хаана.

3.Шүүх хуралдааны танхимд байгаа шүүгдэгч, бусад хүн шүүхийн шийдвэрийг босч сонсоно.

4.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно.

5.Шүүгдэгч монгол хэл мэдэхгүй бол шүүхийн тогтоолыг танилцуулсны дараа орчуулагч, хэлмэрч шүүгдэгчийн эх хэл, эсхүл түүний мэдэх хэлээр орчуулж, эсхүл хэлмэрчилж өгнө.

6.Шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно.

36.11 дугаар зүйл. Цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллах

1.Шүүгдэгчийг цагаатгасан, ял эдлэхээс чөлөөлсөн, ял оногдуулахгүйгээр тэнссэн, эсхүл түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллана.

36.12 дугаар зүйл. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бол улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болно.

36.13 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гардуулан өгөх

1.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.

2.Шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор ирж гардан авахыг шүүх мэдэгдэнэ.

3.Монгол хэл мэдэхгүй шүүгдэгчид шүүхийн шийдвэрийг түүний эх хэлээр, эсхүл мэдэх хэлээр орчуулсан хувийг монгол хэлээрх эх хувьтай нь хамт энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд гардуулан өгнө.

4.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлнэ.

5.Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүхийн шийдвэрийг прокурор, оролцогчид бүрэн танилцуулан, төрийн нууцад хамаарах хэсгийг уншигдах боломжгүй байдлаар нууцалж, гардуулан өгнө. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

36.14 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг залруулах

1.Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдааг шүүх даруй хянан хэлэлцэж, шийдвэрийг залруулна.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хянан хэлэлцэх ажиллагаанд оролцогч, улсын яллагчийг оролцуулж болно.

4.Шүүхийн шийдвэрийг залруулсан бол энэ хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гардуулан өгнө.

5.Шүүхийн шийдвэрийг залруулсан тухай шийдвэрт ямар алдааг хэрхэн залруулсныг тусгаж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ

37.1 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох

1.Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно:

1.1.талууд, оролцогч энэ хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц;

1.2.давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчлөлт оруулсан.

2.Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэнэ.

37.2 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх

1.Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ.

2.Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ.

37.3 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх

1.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ.

37.4 дугаар зүйл. Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүргүүлэх

1.Энэ хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан энэ тухай прокурорт даруй мэдэгдэнэ.

37.5 дугаар зүйл. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.

2.Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.

3.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргана.

4.Ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргана.

5.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна.

6.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлнө.

37.6 дугаар зүйл. Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох

1.Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасны дагуу хорих ялаас хугацаанаас өмнө суллах тухай асуудлыг хорих байгууллагын тодорхойлолтыг үндэслэн гаргасан прокурорын дүгнэлтийн дагуу хорих байгууллагын оршин байгаа газрын шүүх шийдвэрлэнэ.

2.Хорих ялаас хугацаанаас өмнө суллахдаа ялтны эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтооно.

3.Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүнд хяналтын хугацаанд үүрэг хүлээлгэж болох ба үүрэг хүлээлгэсэн тохиолдолд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтээр шүүх хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэхээр тогтооно.

4.Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.

5.Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

6.Хорих ялаас хугацаанаас өмнө суллах тухай шийдвэр гарсан бол уг ялтныг даруй суллаж, суллагдсан хүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэж, хувийн хэргийг хүргүүлнэ.

7.Хорих ялаас хугацаанаас өмнө суллах тухай шийдвэрт өмгөөлөгч гомдол, прокурор эсэргүүцэл бичиж болно.

37.7 дугаар зүйл. Хорих, зорчих эрхийг хязгаарлах ялаас өвчний учир чөлөөлөх

1.Эрүүгийн хуулийн 6.13 дугаар зүйлд заасан ял эдлүүлэх боломжгүй байдал үүсвэл прокурор нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын саналыг үндэслэн энэ хуулийн Хорин долдугаар бүлэгт заасан журмын дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулна.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжээчийн дүгнэлт, байгууллагын саналд тулгуурласан прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүгч ялтанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, сэтгэцийн эмгэг судлалын тусгай, эсхүл бусад эмнэлэгт байлгах, эсхүл түүнийг цаашид ял эдлэхээс чөлөөлөх тухай шийдвэр гаргана.

3.Ялаас өвчний учир чөлөөлөх тухай шүүхийн шийдвэр гарсан бол тухайн ялтныг даруй суллана.

4.Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлтийг үндэслэн ял эдлүүлэх асуудлыг шүүх хянан шийдвэрлэнэ.

37.8 дугаар зүйл. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, ялыг хөнгөрүүлэх

1.Хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан, гэмт хэрэгт тооцохгүй болсон бол шүүх ялтныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эсхүл ялыг хөнгөрүүлнэ.

37.9 дугаар зүйл. Бүх насаар хорих ял шийтгүүлсэн этгээдийг суллах

1.Бүх насаар хорих ял шийтгүүлсэн этгээд 25 жил хоригдсоны дараа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан суллах эсэхийг шийдвэрлэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар ялтныг суллаагүй бол 2 жил тутам энэ талаар дахин хэлэлцэнэ.

3.Хорих байгууллага бүх насаар хорих ял шийтгүүлсэн этгээдийг суллуулах саналыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хугацаанаас 1 сарын өмнө прокурорт хүргүүлнэ.

4.Прокурор энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан саналыг хүлээн авч судлан дараахь дүгнэлтийг шүүхэд хүргүүлнэ:

4.1.хорих ялаас суллах;

4.2.хорих ялаас суллахаас татгалзах.

5.Шүүх бүх насаар хорих ял шийтгүүлсэн этгээдийг суллах шийдвэр гаргахдаа энэ хуулийн 37.6 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

37.10 дугаар зүйл. Хорих байгууллагад ял эдлүүлэх дэглэмийг солих

1.Ял шийтгүүлсэн этгээдийг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд заасан нээлттэй хорих байгууллагаас хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр, эсхүл хаалттай хорих байгууллагаас нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр солих тухай прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг тогтоол биелүүлж байгаа газрын шүүх шийдвэрлэнэ.

37.11 дугаар зүйл. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх үндэслэл

1.Торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих, түүнчлэн тогтоол биелүүлэх үед гарсан ямар нэг тодорхой биш зүйлийг тодруулах асуудлыг уг тогтоол гаргасан шүүх тухайн асуудлыг мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Шүүхийн шийтгэх тогтоол нь түүнийг гаргасан шүүхийн нутаг дэвсгэрийн харьяалалд үл хамаарах өөр орон нутагт биелэгдэж байгаа бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлыг тогтоол биелүүлж байгаа газрын адил эрхтэй шүүх, хэрэв тийм шүүх байхгүй бол дээд шатны шүүх шийдвэрлэж, шийдвэр гаргасан шүүхэд даруй хүргүүлнэ.

3.Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох, хорих, зорчих эрхийг хязгаарлах ялаас өвчний учир чөлөөлөх асуудлыг уг тогтоолыг ямар шүүх гаргасныг харгалзахгүйгээр тогтоол биелүүлж байгаа газрын шүүх шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.12 дугаар зүйл. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх журам

1.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг уг тогтоол гаргасан шүүх тухайн асуудлыг мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор шийдвэрлэнэ. Ялтан, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргавал оролцуулна.

2.Шүүхийн шийдвэрийн хохирол, хор уршиг нөхөн төлүүлэхтэй холбоотой хэсэгт гарсан тодорхой биш асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулж болно.

3.Шүүх ялтанг хорих, зорчих эрхийг хязгаарлах ялаас өвчний учир чөлөөлөх, эмнэлгийн байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ энэ хуулийн Хорин долдугаар бүлэгт заасан журмын дагуу дүгнэлт гаргасан шинжээчийг байлцуулж болно.

4.Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай асуудлыг шийдвэрлэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөгчийг оролцуулна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.Хэрэг хэлэлцэх ажиллагааг шүүгчийн мэдээллээр эхлэх бөгөөд шүүх хуралдаанд ирсэн хүмүүсийн хүсэлт, прокурорын дүгнэлтийг сонссоны дараа шүүх шийдвэр гаргана.

6.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол, прокурор эсэргүүцэл бичиж болно.

ДАВЖ ЗААЛДАХ, ХЯНАЛТЫН ЖУРМААР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ДАВЖ ЗААЛДАХ

38.1 дугаар зүйл. Давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх

1.Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

2.Өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байна.

3.Прокурор, дээд шатны прокурор, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж байгаа үндэслэлээ тодорхой бичсэн байна.

4.Цагаатгагдсан этгээд шүүхийн шийдвэрийн цагаатгасан шалтгаан, үндэслэлд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

5.Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй.

38.2 дугаар зүйл. Давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргах

1.Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана.

2.Цагдан хоригдож байгаа ял шийтгүүлсэн этгээд давж заалдах гомдол гаргасан бол цагдан хорих байгууллагын захиргаа уг гомдлыг баталгаажуулж, дараагийн ажлын өдөрт багтаан харьяалах шүүхэд хүргүүлнэ.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа хэтрүүлж гаргасан гомдлыг шүүх хүлээж авахгүй.

4.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд хүндэтгэн үзэх шалтгаанаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих хугацааг хэтрүүлсэн бол хэтэрсэн хугацааг сэргээлгэх хүсэлтээ шийдвэр гаргасан шүүхэд гаргана.

5.Хугацаа сэргээлгэх хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэхдээ хүсэлт гаргасан хүнийг дуудаж тайлбар авч болно. Хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг хүсэлт гаргасан хүн өөрөө нотолно.

6.Хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол шүүх хугацааг сэргээх шийдвэр гаргана.

7.Гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.

8.Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцэл гаргах хугацааг сэргээсэн тохиолдолд гомдол, эсэргүүцлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэх, эсхүл энэ хуулийн 38.3 дугаар зүйлд заасан ажиллагааг хийлгэхээр тухайн шийдвэр гаргасан шүүхэд хүргүүлнэ.

38.3 дугаар зүйл. Давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан тухай мэдэгдэх

1.Давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх дараагийн ажлын өдөрт багтаан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг прокурор, оролцогчид хүргүүлнэ.

2.Цагдан хоригдож байгаа шүүгдэгчид давж заалдах гомдол, эсэргүүцлийн хуулбарыг хүргүүлнэ.

3.Прокурор, оролцогч давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хариу тайлбар гаргаж болно.

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан хариу тайлбар нь гомдол, эсэргүүцлийн хүрээнд байна.

5.Хариу тайлбар гаргасан тухай шүүх давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргагчид дараагийн ажлын өдөрт багтаан мэдэгдэнэ.

38.4 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэх

1.Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.

2.Давж заалдах шатны шүүхэд ирсэн хэргийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

38.5 дугаар зүйл. Давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлээс татгалзах

1.Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нь шүүгч хэргийн талаар илтгэхээс өмнө давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлээсээ татгалзаж болно.

2.Өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлоосоо өмгөөлж байгаа хүнийхээ зөвшөөрөлгүйгээр татгалзаж болохгүй.

3.Шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлээс татгалзсан тухай талуудад дараагийн ажлын өдөрт багтаан мэдэгдэнэ.

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН АЖИЛЛАГАА

39.1 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ

1.Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана.

2.Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.

3.Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ.

4.Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.

/Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр "... хүндрүүлж ..." гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./

/Энэ хэсэгт 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.

6.Шүүх давж заалдах гомдол, эсэргүүцлийг хянаж үзээд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны товыг тогтооно.

7.Шүүх дараахь үндэслэл тогтоогдвол хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргана:

7.1.гомдол, эсэргүүцэл гаргагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий хүн, хуулийн этгээд биш;

7.2.гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа хэтэрсэн;

7.3.давж заалдах шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш;

7.4.тухайн хэргийг урьд нь давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэр хүчинтэй байгаа;

7.5.гомдол, эсэргүүцэл гаргагч нь гомдол, эсэргүүцлээсээ татгалзсан.

8.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор, оролцогч энэ хуулийн 15.8 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан журмаар гомдол гаргаж болно.

9.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхэд хамаарахгүй. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

39.2 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаа

1.Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс хавтаст хэргийн материал хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ.

2.Ерөнхий шүүгч хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.

3.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх хуралдаан болох газар, товыг 3-аас доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргасан прокурор, оролцогчид мэдэгдэнэ.

39.3 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох

1.Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, оролцогч оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор, оролцогч ирээгүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.

3.Шүүх хуралдаанд энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд оролцож байгаа бол түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцуулна.

4.Энэ хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан бол энэ тухай прокурор, оролцогчид даруй мэдэгдэнэ.

5.Энэ хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулах шийдвэр гаргаж болно.

39.4 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх

1.Давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэх ажиллагааг энэ хуулийн 35.1, 35.2, 35.5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон явуулна.

2.Шүүх хуралдаан даргалагч талуудын санал, хүсэлтийг харгалзан давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг явуулах дарааллыг тогтооно.

3.Илтгэгч шүүгч тухайн хэргийг илтгэж, шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн үндэслэлийг өөрийн урьдчилсан дүгнэлтгүйгээр танилцуулна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Шүүх хуралдаан даргалагчийн тогтоосон дарааллын дагуу давж заалдах гомдол, эсхүл эсэргүүцэл гаргасан тал гомдол, эсэргүүцлийн үндэслэлийг тайлбарлах, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар, түүний өмгөөлөгчийн саналыг сонсоно.

5.Талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно.

6.Шүүх талуудын гаргасан гомдол, эсэргүүцэл, тайлбартай холбогдуулж асуулт тавьж болно.

7.Шүүх хуралдаан даргалагч хэрэг хэлэлцэх ажиллагаа дууссаныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орно.

8.Шүүх хуралдааны дэгийг зөрчигчид хариуцлага хүлээлгэхдээ энэ хуулийн 34.21 дүгээр зүйлд заасныг баримтална.

9.Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг энэ хуулийн 11.7 дугаар зүйлд заасны дагуу хөтөлнө.

39.5 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл

1.Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө:

1.1.шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй;

1.2.Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн;

1.3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн.

39.6 дугаар зүйл. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх

1.Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ:

1.1.дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал;

1.2.дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол;

1.3.дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол;

1.4.дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал.

39.7 дугаар зүйл. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх

1.Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ:

1.1.шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй;

1.2.хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн;

1.3.хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

39.8 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих

1.Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ:

1.1.шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан;

1.2.хуульд заасан үндэслэлээр гаргасан шүүхийн харьяалалтай холбоотой хүсэлтийг хэлэлцэхгүйгээр шийдвэрлэсэн;

1.3.энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон;

1.4.энэ хуулийн 35.14, 35.15 дугаар зүйлд заасныг зөрчсөн;

1.5.шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан;

1.6.шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

1.7.хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан нотлох баримт байгаагүй;

1.8.шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол;

1.9.анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол;

1.10.илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

39.9 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр

Энэ зүйлийг 2022-06-03-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

1.Давж заалдах шатны шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

1.1.гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх;

1.2.анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох;

1.3.энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.4.хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;

/Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр "... эсхүл хүндрүүлж ..." гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./

/Энэ заалтыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.5.энэ хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.3, 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.9-д заасан шийдвэрт өөрчлөлт оруулах.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараахь зүйлийг тусгана:

2.1.давж заалдах гомдол, эсэргүүцлийг хэзээ, хаана, хэн гаргасан;

2.2.давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүний нэр, прокурор, өмгөөлөгчийн нэр;

2.3.анхан шатны шүүхийн нэр, шийдвэр гарсан он, сар, өдөр, дугаар;

2.4.анхан шатны шүүхийн шийдвэрийн товч агуулга;

2.5.давж заалдах гомдол, эсэргүүцлийн үндэслэл;

2.6.давж заалдах гомдол, эсэргүүцэлд гаргасан хариу тайлбарын агуулга;

2.7.давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, түүний үндэслэл;

2.8.шүүх бүрэлдэхүүний гарын үсэг.

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.