ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
Шүүх, хууль сахиулах, процесс · 388 зүйл · хүчин төгөлдөр · хэсэг 4/4 (39.10–46.1-р зүйл) · legalinfo.mn ↗
39.10 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох
1.Давж заалдах шатны шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийг уншиж сонсгоно.
2.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, оногдуулсан ялыг хүчингүй болгосон, өөрчилсөн үндэслэлийг шүүх хуралдаан даргалагч тайлбарлана.
3.Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно.
4.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж энэ хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу прокурор, оролцогчид гардуулна.
39.11 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх
1.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно.
39.12 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг залруулах
1.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар прокурор, оролцогч шүүхэд хүсэлт гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар энэ хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан журмаар залруулна.
ХЯНАЛТЫН ЖУРМААР ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА
40.1 дугаар зүйл. Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах
1.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно:
1.1.шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтын “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./
/Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
1.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.3.хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; /Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтын “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./
/Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
1.4.эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Энэ хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.Хяналтын журмаар дараахь үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргана:
3.1.шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн;
3.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4.Гомдол, эсэргүүцэл гаргагч нь хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө гомдол, эсэргүүцлээсээ татгалзаж болно.
5.Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.
6.Хяналтын шатны шүүхэд гаргах гомдол, эсэргүүцэлд дараахь зүйлийг тусгана:
6.1.гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх шүүхийн нэр;
6.2.гомдол гаргасан хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
6.3.эсэргүүцэл гаргасан хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал;
6.4.өмгөөлөгчөөр оролцох хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, бусад шаардлагатай мэдээлэл;
6.5.аль шүүхийн ямар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргаж байгаа;
6.6.анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт заасан хэргийн товч утга;
6.7.гомдол, эсэргүүцлийн хууль зүйн үндэслэл, нотолгоо;
6.8.гомдол, эсэргүүцэл гаргагчийн санал, хүсэлт;
6.9.хавсаргасан баримт бичиг, тэдгээрийн жагсаалт.
7.Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацааг сэргээлгэх хүсэлтийг энэ хуулийн 38.2 дугаар зүйлийн 5, 6, 7, 8 дахь хэсэгт заасан журмаар хянан шийдвэрлэнэ.
8.Улсын ерөнхий прокурор, түүний томилсон прокурор хяналтын журмаар эсэргүүцэл бичих зорилгоор хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй.
9.Өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ урьдчилан танилцуулсан байна.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
10.Өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлоосоо өмгөөлж байгаа хүнийхээ зөвшөөрөлгүйгээр татгалзаж болохгүй.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
40.2 дугаар зүйл. Хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авах
1.Хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээн авах бөгөөд энэ хуулийн 38.3 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэнэ.
2.Гомдол, эсэргүүцэл хүлээн авсан шүүх хэргийг гомдол, эсэргүүцэл, тайлбарын хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.
3.Хяналтын шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гомдол, эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргана. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан тогтоолд шүүгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоол эцсийн шийдвэр байх ба гомдол гаргахгүй. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.Гомдол, эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэхэд оролцогч, прокурор оролцохгүй. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
40.3 дугаар зүйл. Хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэх хугацаа
1.Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар хянан шийдвэрлэх ба хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан энэ хугацааг Танхимын зөвлөгөөнөөс шүүгчийн саналыг харгалзан нэг удаа сунгаж болно. /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
40.4 дугаар зүйл. Шүүх хуралдааны тов
1.Хяналтын шатны шүүх хуралдааны товыг прокурор, гомдол гаргасан болон шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан оролцогчид энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасан журмаар мэдэгдэнэ.
2.Прокуророос бусад оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
40.5 дугаар зүйл. Хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ
1.Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй.
2.Хяналтын шатны шүүх нь шүүхийн Эрүүгийн хуулийн хэрэглээний зөрүү байгаа эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэхийг хянана. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийн “... зөрүүтэй хэрэглэсэн эсэх, ...” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./
/Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
3.Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг энэ хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлд заасны дагуу ойлгоно.
4.Хяналтын шатны шүүх энэ хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр хэрэг хянахгүй.
5.Шүүх хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзнэ.
40.6 дугаар зүйл. Хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэх
1.Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэх ба шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг тогтоосон журмын дагуу томилно. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж хэнд холбогдох, ямар хэрэг хэлэлцэхийг зарлаж, шүүх бүрэлдэхүүн бусад оролцогчийг татгалзан гаргах талаар болон хэргийн талаар өөр санал, хүсэлт байгаа эсэхийг прокурор, оролцогчоос тодруулна.
3.Илтгэгч шүүгч тухайн хэргийг илтгэж, шүүхийн шийдвэр болон хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн агуулгыг өөрийн урьдчилсан дүгнэлтгүйгээр танилцуулна.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4.Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан прокурор, өмгөөлөгч гомдол, эсэргүүцлийнхээ үндэслэлийг танилцуулна.
5.Шүүх бүрэлдэхүүн нь шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр талуудад асуулт тавьж, хариулт авна.
6.Прокурор хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч саналаа танилцуулсны дараа шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэр гаргана.
40.7 дугаар зүйл. Шийдвэр гаргахаар зөвлөлдөх
1.Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хаалттай хэлэлцэж гаргана. Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж асуудал бүрийг олонхийн саналаар шийдвэрлэнэ.
2.Зөвлөлдөх тасалгаанд шийдэх гэж байгаа асуудлын талаар шүүгч бүр санал гаргах тэгш эрхтэйгээр оролцож, өөрийн санал, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, тайлбарлана.
3.3өвлөлдөх тасалгаанд хэлэлцсэн асуудлаар цөөнх болсон шүүгч үндэслэлээ тайлбарлаж дахин санал хураалгах эрхтэй.
40.8 дугаар зүйл. Хяналтын шатны шүүхийн шийдвэр
Энэ зүйлийг 2022-06-03-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
1.Хяналтын шатны шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
1.1.гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх;
/Энэ заалтыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.2.анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох;
/Энэ заалтыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.3.энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.4.хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;
/Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр "... эсхүл хүндрүүлж ..." гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
/Энэ заалтыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.5.энэ хуулийн 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр гомдол, эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхих;
1.6.шүүх хэрэглэсэн, эсхүл хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах тухай саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд шилжүүлэх;
1.7.энэ хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.3, 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.9-д заасан шийдвэрт өөрчлөлт оруулах.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
2.Хяналтын шатны шүүх хуралдаан даргалагч гомдол, эсэргүүцлийг хангасан эсэхийг сонсгоно. Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах ба хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.Хяналтын шатны шүүхийн тогтоолд шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Хяналтын шатны шүүхийн тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, гомдол, эсэргүүцэл болон гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тусгана. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.Хяналтын шатны шүүхийн тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг шүүгчийн тусгай саналын хамт хэрэгт хавсаргаж, шийдвэрийн хувийг энэ хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гомдол, эсэргүүцэл гаргагчид гардуулна.
40.9 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг залруулах
1.Хяналтын шатны шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар прокурор, оролцогч шүүхэд хүсэлт гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар энэ хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан журмаар залруулна.
40.10 дугаар зүйл. Хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./ /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Энэ зүйлийг 2021-01-15-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
1.Хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан этгээд уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.
2.Хяналтын шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхээр дамжуулан Улсын дээд шүүхэд хүргүүлж болно.
3.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дүгнэлт гаргана. Ерөнхий шүүгчийн дүгнэлтэд хэрэг шийдвэрлэсэн байдал, хууль зөрчсөн үндэслэлийг тусгасан байна.
4.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж үзвэл 30 хоногийн дотор энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу гомдол, эсэргүүцэл гаргагчид бичгээр хариу өгнө.
40.11 дугаар зүйл. Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Энэ зүйлийг 2021-01-15-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
1.Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч тусгай санал гаргасан, эсхүл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол хэргийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан /цаашид "Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан" гэх/-аар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан явуулах тухай шийдвэр гаргаж, хуралдааны товыг тогтооно.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуралдааныг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч даргална.
4.Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн дөрөвний гурваас доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогдоно.
40.12 дугаар зүйл. Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны шийдвэр /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Энэ зүйлийг 2021-01-15-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
1.Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эсэх асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2.Шийдвэр гаргахаар зөвлөлдөхдөө энэ хуулийн 36.1 дүгээр зүйлийг удирдлага болгоно.
3.Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанд оролцсон шүүгчид санал тэнцвэл хяналтын шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэнэ.
4.Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан энэ хуулийн 40.3, 40.4, 40.5, 40.6 дугаар зүйлд заасан журмаар явагдаж энэ хуулийн 40.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гаргана.
5.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно.
6.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн оролцсон Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ОНЦГОЙ ЖУРАМ
ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЯНАХ
41.1 дугаар зүйл. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл
1.Дараахь нөхцөл байдал тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно:
1.1.гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, хуурамч нотлох баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж шийдвэр гарсан нь тогтоогдсон;
1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
1.3.цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн;
1.4.хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол.
2.Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан, уучлал үзүүлсэн, яллагдагч нас барснаас шүүхийн тогтоол гаргах бололцоогүй болсон бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлыг энэ хуульд заасан журмаар тогтооно.
41.2 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт
1.Шинээр илэрсэн нөхцөл байдлын тухай гомдол, хүсэлтийг прокурор хүлээн авч энэ хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан үндэслэлийн аль нэг нь байвал прокурор шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэж, хэрэг үүсгэх тухай тогтоол гаргаж, энэ тухай хэргийн оролцогчид мэдэгдэх, уг байдлыг хянан шалгах, эсхүл энэ талаар мөрдөгчид даалгавар өгнө.
2.Шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгахад мөрдөгч энэ хуульд заасан журмыг баримтлан шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг явуулна.
3.Прокурор шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж, гомдол, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргах ба түүнийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргаж болно.
4.Шинээр илэрсэн нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаа эхэлмэгц хэргийн хугацааг шинээр тогтоож, хугацаа сунгахад энэ хуулийн 31.13 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
41.3 дугаар зүйл. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх хугацаа
1.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас цагаатгасан шүүхийн шийдвэрийг хянан үзэх, түүнчлэн ялтанд хүндрүүлсэн ялтай хуулийг хэрэглэх шаардлагатай болсон бол Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шинэ нөхцөл байдал илэрснээс хойш 1 жил өнгөрөөгүй бол гүйцэтгэж болно.
2.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэх явдал нь ял шийтгүүлсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байвал хугацаагаар хязгаарлахгүй.
3.Ял шийтгүүлсэн хүнийг цагаатгахын тулд хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн үндэслэлээр сэргээхэд уг хүн нас барсан нь саад болохгүй.
41.4 дугаар зүйл. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх хүсэлтийг шийдвэрлэх
1.Прокурор энэ хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай дүгнэлтээ дараахь шүүхэд бичгээр гаргана:
1.1.анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхэд;
1.2.давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүхэд.
2.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай дүгнэлтийг хүлээн авсан шүүх хянан хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэр гаргана.
3.Шүүх дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргасан бол энэ талаар хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.
4.Шүүх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дараахь шийдвэр гаргана:
4.1.тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тогтоож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах;
4.2.хэргийг прокурорт буцаах.
5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан шийдвэрийн хуулбарыг энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу прокурор, оролцогчид хүргүүлнэ.
41.5 дугаар зүйл. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа
1.Энэ хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсний дараа явагдах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан ердийн журмыг баримтлан явуулна.
2.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол анхан шатны шүүх уг хэргийг дахин шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийдвэрийн заалтыг удирдлага болгохгүй.
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ АЖИЛЛАГАА
42.1 дугаар зүйл. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай хүсэлт гаргах
1.Гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ.
2.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан байгууллагаар дамжуулан явуулна.
3.Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол хүсэлтийг хүлээн авах улсын хэлээр үйлдэнэ.
42.2 дугаар зүйл. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай хүсэлтийн агуулга
1.Мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг бичгээр үйлдэж, түүнд дараахь зүйлийг тусгана:
1.1.хүсэлт гаргаж байгаа байгууллагын нэр, хаяг;
1.2.хүсэлт хүлээн авах байгууллагын нэр, хаяг;
1.3.хүсэлтийн утга;
1.4.хэргийн агуулга, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал, эрх зүйн туслалцаа авах зорилго;
1.5.эрх зүйн туслалцаа үзүүлэх үндэслэл;
1.6.хүсэлтэд заасан хүний иргэний харьяалал, эрхэлдэг ажил, оршин суугаа газрын, эсхүл байрлаж байгаа газрын талаархи мэдээлэл, хуулийн этгээдийн хувьд түүний нэр, хаяг;
1.7.эд мөрийн ба бусад нотлох баримт;
1.8.зүйлчлэлийн тухай мэдээлэл, шаардлагатай бол учирсан хохирлын хэмжээ;
1.9.тухайн улсын нутаг дэвсгэрт хийгдэх мөрдөн шалгах тодорхой ажиллагаа.
2.Хүсэлтэд хавсаргаж байгаа баримт бичиг, нотлох баримтыг хүлээн авах улсын албан ёсны хэлээр орчуулж, холбогдох албан тушаалтан гарын үсэг зурж, шаардлагатай бол тэмдэг дарна.
42.3 дугаар зүйл. Гэрч, хохирогч, шинжээч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг дуудах, мэдүүлэг авах
1.Олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол гадаад улсад байнга, эсхүл түр хугацаагаар оршин сууж байгаа Монгол Улсын харьяат гэрч, хохирогч, шинжээч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг тухайн улс дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан дуудаж болно.
2.Олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол гадаад улсын харьяат гэрч, хохирогч, шинжээч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон тухайн улсын эрх бүхий байгууллагаар дамжуулан дуудна.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогч болон бусад оролцогчид дараахь хариуцлага, албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй:
3.1.албадан ирүүлэх;
3.2.мэдүүлэг өгөхөөс татгалзах, эсхүл зайлсхийсэн үйлдэлд шийтгэл оногдуулах;
3.3.худал мэдүүлэх, худал дүгнэлт гаргахад эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
42.4 дугаар зүйл. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай гадаад улсын эрх бүхий байгууллагын хүсэлтийг биелүүлэх
1.Шүүх, прокурор, мөрдөгч нь гадаад улсын холбогдох байгууллага, албан тушаалтны мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан нийтлэг журмын дагуу биелүүлнэ.
2.Хүсэлтийг биелүүлэхэд тухайн улстай байгуулсан олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын мөрдөн шалгах ажиллагааны хэм хэмжээг хэрэглэж болно.
3.Олон улсын гэрээнд заасан бол мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гадаад улсын холбогдох байгууллагын төлөөлөгч байлцаж болно.
4.Хүсэлтийг биелүүлэх боломжгүй дараахь тохиолдолд олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол Улсын ерөнхий прокурорын газраар дамжуулан хүсэлт явуулсан гадаад улсын байгууллагад биелүүлээгүй шалтгааныг зааж, хүлээн авсан баримт бичгийг буцаана:
4.1.энэ хууль болон тухайн асуудалтай холбогдох олон улсын гэрээнд заасан шаардлагыг хангаагүй;
4.2.Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд харшлах;
4.3.Монгол Улсын хуулийг зөрчиж байвал.
42.5 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэхээр хавтаст хэргийн материалыг хүргүүлэх
1.Гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа Монгол Улсаас гарч явсан нь тогтоогдвол уг хэргийг шалгах явцад цугларсан баримт, материалыг хууль, олон улсын гэрээнд заасан журмын дагуу гадаад улсын холбогдох байгууллагад хүргүүлнэ.
42.6 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хүсэлтийг биелүүлэх
1.Монгол Улсын иргэн гадаад улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа Монгол Улсад буцаж ирсэн бөгөөд гадаад улсын эрх бүхий байгууллага уг хэргийг үргэлжлүүлэн шалгуулах хүсэлт ирүүлсэн бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан журмын дагуу явуулна.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээдийн хэргийг гадаад улсын эрх бүхий байгууллага шалгасан материалыг хууль, олон улсын гэрээнд заасан журмын дагуу шилжүүлж авах ба энэ хуульд заасан шаардлагыг хангасан нөхцөлд нотлох баримтаар тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
ТОГТООЛ БИЕЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР ХҮНИЙГ ШИЛЖҮҮЛЭН АВАХ, ШИЛЖҮҮЛЭН ӨГӨХ
43.1 дугаар зүйл. Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах тухай хүсэлт гаргах
1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа гадаад улсад гарсан Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах тухай хүсэлтийг хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан журмын дагуу гадаад улсын эрх бүхий байгууллагад тавина.
2.Хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:
2.1.шилжүүлэн авах хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, түүнийг гэрчлэх баримт;
2.2.иргэний харьяалал, гадаад төрх байдлын тодорхойлолт, гэрэл зураг;
2.3.тухайн хүний үйлдсэн хэргийн товч агуулга, хэрэглэх хуулийн заалт, шийтгүүлсэн бол шүүхээс оногдуулсан ял;
2.4.шүүхийн шийтгэх тогтоол, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол гаргасан он, сар, өдөр;
2.5.хүсэлтэд хавсаргасан баримт бичгийн баталгаат хуулбар.
43.2 дугаар зүйл. Гадаад улсын иргэнийг шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг биелүүлэх
1.Гадаад улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн, эсхүл ял шийтгүүлсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг шилжүүлэн өгөх тухай гадаад улсын эрх бүхий байгууллагын хүсэлтийг хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрт заасны дагуу шийдвэрлэнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шилжүүлбэл зохих хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт хорих ял эдэлж байгаа бол ял эдэлж дуустал, эсхүл ялаас чөлөөлөх хүртэл шилжүүлэн өгөхийг хойшлуулж болно.
3.Шилжүүлэн өгөхийг хойшлуулбал хөөн хэлэлцэх хугацаа дуусах, эсхүл гэмт хэргийг мөрдөхөд саад учруулахаар бол уг хүнийг шилжүүлэн өгч болно.
43.3 дугаар зүйл. Шилжүүлэн өгөхөөс татгалзах
1.Дараахь тохиолдолд шилжүүлэн өгөхгүй:
1.1.Монгол Улсын иргэн;
1.2.уг хүнд Монгол Улсад орогнох эрх олгосон;
1.3.уг хүний холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь Монгол Улсад гэмт хэрэгт тооцогддоггүй бол;
1.4.шилжүүлбэл зохих хүн тухайн үйлдэлд урьд нь ял шийтгүүлж эдэлсэн, эсхүл уг хэргийг өмнө нь хэрэгсэхгүй болгосон бол;
1.5.Монгол Улсын хуулиар тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эсхүл бусад үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, ял шийтгэж болохгүй нөхцөл байдал байгаа бол;
1.6.уг хүнийг шилжүүлэн өгснөөр түүнийг эрүүдэн шүүх бодит аюул тулгарахаар бол;
1.7.уг хүний үйлдсэн гэмт хэрэгт шилжүүлэн авах хүсэлт гаргасан улсын хуулиар цаазаар авах ял оногдуулахаар бол.
43.4 дугаар зүйл. Давхар харьяалалтай ба харьяалалгүй хүнийг шилжүүлэн өгөх
1.Давхар харьяалалтай ба харьяалалгүй хүнийг шилжүүлэн өгөх асуудлыг энэ хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрт заасны дагуу шийдвэрлэнэ.
43.5 дугаар зүйл. Шилжүүлэн өгөх зорилгоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх
1.Гадаад улсын эрх бүхий байгууллагын хүсэлтийг хангаж шилжүүлэн өгөх хууль зүйн үндэслэл байвал түүнийг баривчлан шилжүүлж өгөх хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг шүүх хэлэлцэж шийдвэрлэнэ.
2.Шилжүүлэн өгөх цаг, хугацаа, газрыг хүсэлт гаргасан гадаад улсын эрх бүхий байгууллагад прокурор мэдэгдэнэ.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цагдан хоригдсон этгээдийг 30 хоногийн дотор шилжүүлж аваагүй бол шүүхийн шийдвэрээр суллана.
4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу сулласан хүнийг шинээр хүсэлт гаргасан тохиолдолд дахин цагдан хорьж болно.
43.6 дугаар зүйл. Эд зүйл, бусад нотлох баримтыг шилжүүлэх
1.Энэ хуульд заасан журмын дагуу гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг гадаад улсад шилжүүлэн өгөхдөө түүний гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг болон бусад зүйл, түүнчлэн гэмт хэргийн ул мөр бүхий, эсхүл гэмт үйлдлийн замаар олж авсан эд зүйл, шаардлагатай бусад нотлох баримтыг шилжүүлнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг эрүүгийн өөр хэрэг шийдвэрлэхэд ашиглах шаардлагатай бол түүнийг шилжүүлэн өгөхөөс татгалзаж болно.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлага байгаа боловч гадаад улсын холбогдох байгууллага хэргийг шийдвэрлэж дуусмагц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд зүйлийг буцааж өгөх тухай баталгаа гаргасан үед шилжүүлнэ.
ХОРИХ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ХҮНИЙГ ХАРЬЯАТ УЛСАД НЬ ЯЛ ЭДЛҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЭХ, МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ШИЛЖҮҮЛЭН АВАХ
44.1 дугаар зүйл. Хорих ял шийтгүүлсэн хүнийг харьяат улсад нь ял эдлүүлэхээр шилжүүлэх үндэслэл
1.Монгол Улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн хүнийг харьяат улсад нь шилжүүлэн өгөх, түүнчлэн гадаад улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах асуудлыг тухайн улстай байгуулсан хоёр талт болон Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу гүйцэтгэнэ.
2.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн хүнийг харьяат улсад нь шилжүүлэн өгөх шийдвэрийг Улсын ерөнхий прокурор гаргаж, түүнийг шийдвэр гаргасан шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэнэ.
44.2 дугаар зүйл. Хорих ял шийтгүүлсэн хүнийг харьяат улсад нь шилжүүлэн өгөхөөс татгалзах
1.Дараахь тохиолдолд Монгол Улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн хүнийг харьяат улсад нь шилжүүлэн өгөхөөс татгалзаж болно:
1.1.уг хүнд ял оногдуулсан аль ч үйлдэл ял шийтгүүлсэн хүнийг харьяалах улсын хуулиар гэмт хэрэгт тооцогддоггүй бол;
1.2.ял шийтгүүлсэн хүнийг харьяалах улсын хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан, бусад үндэслэлээр ялыг харьяалах улсад нь эдлүүлэх боломжгүй бол;
1.3.ял шийтгүүлсэн хүн, эсхүл шилжүүлэн авах хүсэлт гаргасан улс шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой заалтыг биелүүлээгүй, тийм баталгаа өгөөгүй бол;
1.4.олон улсын гэрээнд заасан нөхцөлөөр ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэн өгөх зөвшилцөлд хүрээгүй бол;
1.5.ял шийтгүүлсэн хүн Монгол Улсад байнга оршин суугч байсан бол;
1.6.ял шийтгүүлсэн хүний холбогдсон гэмт хэрэгт шилжүүлэн өгөх улсын хуулиар цаазаар авах ял оногдуулж болох бол.
44.3 дугаар зүйл. Ял эдлүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнийг шилжүүлж авах тухай хүсэлтийг хянан шийдвэрлэх
1.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэнийг шилжүүлж авах тухай хүсэлтийг тухайн ял шийтгүүлсэн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, төрөл, садангийн хүн, түүнчлэн ял шийтгүүлсэн хүний зөвшөөрснөөр тухайн улсад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, эсхүл тухайн улсын эрх бүхий байгууллага Улсын ерөнхий прокурорт уламжилна.
2.Улсын ерөнхий прокурор хүсэлтийг хянаж, түүнийг хангах боломжтой гэж үзсэн тохиолдолд түүний саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн тогтоосон харьяаллын дагуу сум буюу сум дундын, дүүргийн шүүх шийдвэр гаргана.
3.Шүүхийн шийдвэрт дараахь зүйлийг заасан байна:
3.1.гадаад улсын шүүхийн нэр, шийдвэр гаргасан газар, он, сар, өдөр;
3.2.Монгол Улсад хамгийн сүүлд байнга оршин сууж байсан болон ажиллаж байсан газар;
3.3.ял шийтгүүлсэн хүний үйлдсэн гэмт хэрэг, гадаад улсын шүүхээс түүнд хэрэглэсэн хуулийн зүйл, хэсэг, заалт;
3.4.ял шийтгүүлсэн хүний үйлдэлд хэрэглэх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт;
3.5.гадаад улсын шүүхээс ял шийтгүүлсэн хүнд оногдуулсан ялын хугацаа, хорих ангийн дэглэм, Монгол Улсад эдэлбэл зохих ялын хугацаа, хорих ангийн дэглэм, хохирол нөхөн төлөх журам.
4.Гадаад улсын шүүхээс оногдуулсан хорих ялын хугацаа нь Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын дээд хэмжээнээс их байвал Монгол Улсад ял эдлэх хугацааг Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын дээд хэмжээгээр тогтооно.
5.Гадаад улсын шүүх хорих ял оногдуулсан боловч Монгол Улсын хуулиар уг хэрэгт хорих ял оногдуулж болохооргүй байвал шүүх уг хүнд гадаад улсын шүүхээс оногдуулсан ялтай дүйцэхүйц төрөл, хугацааны өөр төрлийн ял эдлүүлэхээр шийдвэрлэнэ.
6.Гадаад улсын шүүх хэд хэдэн хэрэг үйлдсэн гэж үзэж ялтанд ял оногдуулсан боловч тэдгээр нь Монгол Улсын хуулиар гэмт хэрэгт тооцогддоггүй бол шүүх хэрэгсэхгүй болгож, ял шийтгүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө.
7.Шүүхийн шийдвэр нь гарсан хугацаанаас хүчин төгөлдөр болох бөгөөд түүнд прокурор эсэргүүцэл бичиж болно.
8.Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын ерөнхий прокурор тухайн улсын эрх бүхий байгууллагад хүргүүлж, ял шийтгүүлсэн хүнийг тухайн улстай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу шилжүүлж авна.
9.Гадаад улсаас шилжин ирж энэ зүйлд заасны дагуу Монгол Улсад ял эдлэхээр болсон ял шийтгүүлсэн хүнийг хорих ялаас хугацааны өмнө суллах, ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих, өршөөл, уучлал үзүүлэх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой асуудлыг Монгол Улсын хуулиар зохицуулна.
10.Гадаад улсад өршөөлийн хууль гарсан бол тэнд шийтгүүлээд шилжиж ирсэн этгээдийг уг өршөөлд хамруулах ба энэ тухай шийдвэрийг ял эдлүүлж байгаа газрыг харьяалах анхан шатны шүүхийн шүүгч гаргана.
44.4 дугаар зүйл. Хууль, олон улсын гэрээг хэрэглэх хэмжээ хязгаар
1.Ял эдлүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнийг шилжүүлж авах тухай хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулсан хууль, олон улсын гэрээний заалтыг хэрэглэхгүй.
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ШҮҮГЧ, ПРОКУРОР, МӨРДӨГЧИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН АЖИЛЛАГААНЫ УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ АРИЛГАХ
/Энэ бүлгийн гарчигт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
45.1 дугаар зүйл. Хохирол арилгуулах эрх
1.Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
45.2 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл
1.Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Хохирол нөхөн төлүүлэх эрх дараах тохиолдолд үүснэ:
2.1.хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн нь тогтоогдсон;
2.2.тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан;
2.3.тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон;
2.4.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон;
2.5.яллагдагчийг эрүүдэн шүүсэн болох нь нотлогдсон.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу ялаас чөлөөлсөн, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, уучлал үзүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй, эсхүл тухайн гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, ял, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн хууль батлагдсанаар хүчингүй болсон, өөрчлөгдсөн тохиолдолд энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.
4.Хүнийг хууль бусаар хохироосон мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчид хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан албан тушаалтан хүнийг хууль бусаар хохироосон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдвол эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай хүнээр нөхөн төлүүлнэ.
45.3 дугаар зүйл. Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх
1.Дараахь эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө:
1.1.хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого;
1.2.хуулийн этгээдийн орлого;
1.3.хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмж;
1.4.шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйл;
1.5.шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан мөнгөн төлбөр, хүн, хуулийн этгээдээр төлүүлсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон бусад зардал;
1.6.хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс.
2.Энэ зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6-д заасан хохирлыг хуульд заасан эх үүсвэрээс нөхөн олгоно.
3.Нөхөн төлөх эд хөрөнгийн хохирлын хэмжээг тогтоохдоо тухайн хүн ял эдэлж байхдаа авсан цалин хөлс, эсхүл ажил, албан тушаалаас халагдсанаас хойшхи хугацаанд өөр ажил, албан тушаал эрхэлж авсан цалин хөлсийг хасаж тооцно.
4.Ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмжийг нийгмийн даатгалын болон холбогдох бусад байгууллага нөхөн олгоно.
5.Энэ зүйлийн 1.4-т заасан эд хөрөнгийг холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон прокурор, шүүхийн байгууллага биет байдлаар нь буцааж олгох ба тийм боломжгүй бол анхны үнэлгээгээр тооцож хуульд заасан эх үүсвэрээс олгоно.
6.Эд хөрөнгийн үнийг түүнийг нөхөн төлүүлэх шийдвэр гарах үеийн үнэлгээгээр тодорхойлно.
7.Эд хөрөнгө гэмтсэн тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлнө.
45.4 дугаар зүйл. Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөр олгох /Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх эрхтэй этгээд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, эсхүл хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг хэмжээг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Улсын дээд шүүх батална. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
45.5 дугаар зүйл. Хуулийн этгээдэд хохирлыг нөхөн төлөх
1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон прокурор, шүүхийн байгууллага, албан тушаалтны хууль бус ажиллагааны улмаас хуулийн этгээдэд учирсан хохирлыг энэ бүлэгт заасан журмын дагуу төр хариуцна.
45.6 дугаар зүйл. Хууль зөрчсөн ажиллагааны тухай лавлагаа өгөх
/Энэ зүйлийн гарчигт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.Цагаатгах тогтоол гарсан, гэмт хэрэг гараагүй, гэмт хэргийн шинжгүй, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон бол шүүх, прокурор нь хүн, хуулийн этгээдэд зөрчигдсөн эрхээ сэргээх болон бусад хохирлыг нөхөн төлүүлэх журмыг тайлбарлаж, хүн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу өөрийн гаргасан шийдвэрийн талаар тухайн хүн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авсан даруй түүний ажиллаж байгаа байгууллагад бичгээр лавлагаа өгнө.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Хүнийг ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан, эмнэлгийн байгууллагад байлгасан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа уг ажиллагаа хууль бус болох нь нотлогдвол холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, прокурор, шүүх олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хийсэн мэдээлэлдээ залруулга хийж, шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
45.7 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг тайлбарлах
1.Цагаатгах тогтоол гарсан, бусад хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон, өөрчилсөн тухай тогтоолын хуулбарыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа хүнд гардуулан өгөх, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу шуудангаар илгээнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тогтоолтой хамт хохирлоо нөхөн төлүүлэх журмыг тайлбарласан хуудас хүргүүлэх бөгөөд түүнд хууль зөрчсөн ажиллагааны талаар нэхэмжлэл гаргах эрх, шүүхэд хандах хугацаа болон шүүхийн харьяаллын талаар тодорхой заана.
45.8 дугаар зүйл. Хохирол арилгуулах тухай нэхэмжлэл гаргах
1.Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хүн, хуулийн этгээд өөрөө, түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл тухайн хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болно.
2.Өсвөр насны хүнийг цагаатгасан тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гаргана.
3.Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг цагаатгах тогтоол, яллахаас татгалзсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргана.
4.Бусад эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн хүн эрхийг нь тайлбарласан хуудсыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргаж болно.
5.Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол сонирхогч этгээдийн хүсэлтээр хэтэрсэн хугацааг шүүх сэргээж болно.
6.Хохирогч нэхэмжлэлийг оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд гаргана.
7.Тухайн хүн нас барсан тохиолдолд эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эрх нь түүний өв залгамжлагчид, зогсоосон тэтгэвэр, тэтгэмж нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх бүхий гэр бүлийн гишүүнд тогтоосон журмын дагуу шилжинэ.
8.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон прокурор, шүүхийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас улсад учирсан эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг прокурор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүхэд гаргана.
9.Энэ бүлэгт заасан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргагч шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдөнө.
45.9 дугаар зүйл. Хохирол арилгуулах нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.
БУСАД ЗҮЙЛ
46.1 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
1.Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ