МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ

Төр, засаглал · 87 зүйл · хүчин төгөлдөр · хэсэг 2/2 (52–721-р зүйл) · legalinfo.mn ↗

52 дугаар зүйл. Сонгуулийн зардлын данснаас зарлага гаргах

52.1.Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусталх хугацаанд энэ хуулийн 39.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно.

52.2.Нам нь эвсэл байгуулан сонгуульд оролцож байгаа бол эвслийн сонгуулийн зардлын дансанд сонгуулийн зардал шилжүүлэхээс бусад зориулалтаар сонгуулийн зардлын данснаас бие даан зарлага гаргахыг хориглоно.

53 дугаар зүйл. Сонгуулийн хандив

53.1.Сонгуулийн хандив /цаашид "хандив" гэх/ нь мөнгөн, мөнгөн бус хэлбэртэй байна.

53.2.Хандивлагч энэ хуульд заасан шаардлага хангасан, Монгол Улсын иргэн байна.

53.3.Энэ хуулиар хориглоогүй, түүнчлэн тухайн хуулийн этгээдийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд хандивлагч байж болно.

53.4.Энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн сурталчилгаанд зориулан хандив өгч болох бөгөөд нэг нэр дэвшигчийн өгсөн хандивын хэмжээ нь энэ хуульд заасны дагуу тогтоосон нэр дэвшигчээс тойрогт зарцуулах зардлын хэмжээний дунджаас хэтрэхгүй байна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

54 дугаар зүйл. Мөнгөн хандив

54.1.Мөнгөн хандив нь иргэний хувьд арван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд гучин сая төгрөг хүртэл байна. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

54.2.Иргэн, хуулийн этгээдээс нам, эвсэлд, эсхүл сонгуулийн тойрогт нэр дэвшигчид зардлын данс нээсэн өдрөөс хойш сонгуулийн үйл ажиллагаанд нь зориулан энэ хуулийн 54.1-т заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгуулийн зардлын дансанд хандив өгч болно. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

54.3.Эвсэлд нэгдсэн намд сонгуульд зориулж хандив өгсөн бол тухайн намын нэгдэн орсон эвсэлд давхардуулан хандив өгөхийг хориглоно.

54.4.Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

54.5.Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.

54.6.Хуулийн этгээд мөнгөн хандив өгсөн бол уг хандивыг санхүү, татварын тайландаа тусгана.

54.7.Бэлэн мөнгөөр хандив өгөх, авахыг хориглоно.

55 дугаар зүйл. Мөнгөн бус хандив

55.1.Мөнгөн бус хандивт дараах зүйл хамаарна:

55.1.1.үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг ашиглуулах, эзэмшүүлэх;

55.1.2.үйлчилгээ үзүүлэх.

55.2.Мөнгөн бус хандивыг сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс дуусах хүртэл хугацаанд зөвхөн нэр дэвшигчид өгнө.

55.3.Мөнгөн бус хандив өгч байгаа тохиолдолд хандивлагч нь нэр дэвшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хандивын гэрээг бичгээр байгуулж гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулна.

55.4.Мөнгөн бус хандивын үнэлгээг зах зээлийн дундаж ханшийг үндэслэн хандивын гэрээгээр тогтоох бөгөөд уг үнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.

56 дугаар зүйл. Хандив өгөх, хүлээн авахыг хориглох

56.1.Дараах этгээд хандив өгөхийг хориглоно:

56.1.1.гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

56.1.2.гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн;

56.1.3.18 нас хүрээгүй хүн;

56.1.4.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;

56.1.5.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан хуулийн этгээд;

56.1.6.үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага;

56.1.7.байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд.

56.2.Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ.

56.3.Хандивлагч хандив өгөх бол энэ хуулийн 56.1-д заасан шаардлага хангаж байгаа эсэхээ хандив хүлээн авагчид нотлох үүрэгтэй.

56.4.Энэ хуулийн 56.2-т заасныг зөрчиж хүлээн авсан хандивыг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.

56.5.Нам өөрийн өмчлөлийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ашиглуулж болох бөгөөд энэ нь хандивт тооцогдохгүй.

56.6.Нэр дэвшигч болон нам, эвслийн сонгуулийн зардлын данс хооронд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хандивт тооцохгүй.

57 дугаар зүйл. Сонгуулийн зардлын тайлан

57.1.Сонгуулийн зардлын тайланд орлого ба зарлагын мэдээллийг бүрэн тусгана.

57.2.Сонгуулийн зардлын тайлан нь мөнгөн ба мөнгөн бус хөрөнгийн санхүүгийн тайлан байна.

57.3.Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

57.4.Зардлын тайланг дараах үзүүлэлтээр гаргана:

57.4.1.сонгуулийн зардлын дансанд орсон орлогын нийт хэмжээг энэ хуулийн 49.2-т заасан хөрөнгийн эх үүсвэр болон гүйлгээ тус бүрээр;

57.4.2.хандивлагч иргэн, хуулийн этгээдийн энэ хуулийн 54.4-т заасан мэдээлэл болон хандивын хэмжээ, хэлбэр;

57.4.3.зарлагын ангилал, гүйцэтгэл, гэрээний хамт;

57.4.4.үлдэгдлийн хэмжээ, байршил;

57.4.5.сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж эхлэхийн өмнөх мөнгөн хөрөнгийн хэмжээ.

57.5.Сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

58 дугаар зүйл. Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал

58.1.Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

58.2.Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн зардлын тайлангийн талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

58.2.1.нам, эвсэл, нэр дэвшигчийн авсан хандив, санхүүжилт, зарцуулалтад дангаараа болон төрийн бусад байгууллагатай хамтран хяналт тавих;

58.2.2.нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуулийн санхүүжилттэй холбоотой мэдээлэл авах;

58.2.3.сонгуулийн санхүүжилт, түүний зарцуулалтад гарсан зөрчлийн талаар баримт бичиг үйлдэх, бүрдүүлэх, холбогдох байгууллагад хүргүүлэх;

58.2.4.төрийн болон бусад байгууллага, албан тушаалтан, иргэдээс сонгуулийн санхүүжилттэй холбоотой баримт бичгийг гаргуулан авах;

58.2.5.зардлын тайлан гаргах, хүлээн авах, нийтэд мэдээлэх, танилцуулахтай холбоотой журам, маягт батлах.

58.3.Төрийн аудитын дээд байгууллага энэ хуулийн 38.5, 38.13-т заасан мэдээллийг дүгнэлт гаргаж дууссан өдрөөс эхлэн, 58.4-т заасан мэдээллийг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн байгууллагын цахим хуудаст ил тавьж, нийтэд чөлөөтэй танилцах бололцоо олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

58.4.Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

58.5.Төрийн аудитын дээд байгууллага энэ хуулийн 58.2-т заасан бүрэн эрхийн дагуу мэдээлэл, баримт шаардсан тохиолдолд холбогдох иргэн, хуулийн этгээд мэдээлэл, баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

САНАЛ АВАХ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ

59 дугаар зүйл. Саналын хуудас

59.1.Саналын хуудас сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүн гаргах үндсэн баримт бичиг бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

59.1.1.агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчоос саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой;

59.1.2.сонгогч саналаа тэмдэглэх тухай заавар агуулсан.

59.2.Саналын хуудаст нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг жижиг үсгээр, өөрийнх нь нэрийг том үсгээр бичих ба нам, эвсэл нэр дэвшүүлсэн бол тухайн нам, эвслийн нэрийг бичнэ.

59.3.Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна.

59.4.Саналын хуудас нь дараах хэсэгтэй байна: /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

59.4.1.энэ хуулийн 4.3.1-д заасан сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

59.4.2.энэ хуулийн 4.3.2-т заасан нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

60 дугаар зүйл. Саналын хуудаст нэр дэвшигчийн нэрийг бичих дараалал

60.1.Саналын хуудаст нам, эвсэл, тэдгээрээс тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчийн нэрийг дараах дарааллын дагуу бичнэ: /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

60.1.1.намын нэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар;

60.1.2.эвслийн нэрийг тухайн эвсэлд нэгдсэн орсон намуудаас хамгийн түрүүнд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намын дарааллаар;

60.1.3.нам, эвслээс тойрогт нэр дэвшигчийг тухайн нам, эвслээс тойрогт ирүүлсэн дарааллаар; /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

60.1.4.бие даан нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороонд бүртгэсэн дарааллыг баримтлан нам, эвслээс тойрогт нэр дэвшигчдийн нэрийн дараа. /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

61 дугаар зүйл. Саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах

61.1.Сонгуулийн ерөнхий хороо улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн сонгогчийн тоонд үндэслэн саналын хуудасны тоо, загварыг баталж, үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөлтэй, тагнуулын байгууллагаас олгосон аюулгүй байдлын гэрчилгээ бүхий хуулийн этгээдээр хэвлүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

61.2.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.

61.3.Саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн болон төрийн тусгай хамгаалалтын асуудал эрхэлсэн байгууллага хариуцах бөгөөд тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллана.

61.4.Саналын хуудас санал авах өдөр хүртэл, санал авч эхэлснээс хойш санал тоолж дуусах хүртэл, санал авах ажиллагаа дууссанаас хойш холбогдох журмын дагуу аймаг, нийслэлийн архивт хүлээлгэн өгөх хүртэл цагдаагийн хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтад байна.

61.5.Санал хураалт дууссаны дараа саналын хуудаст агуулагдсан мэдээллийн үнэн зөв, аюулгүй байдлыг хангах зорилгоор саналын хуудсыг битүүмжлэх бөгөөд битүүмжлэлийг задлахгүйгээр сонгуулийн бусад бичиг баримтын хамт аймаг, нийслэлийн архивт хадгална.

61.6.Архивт хадгалсан саналын хуудасны битүүмжлэлийг гагцхүү шүүхийн шийдвэрийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл, хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан, цагдаагийн байгууллагын хяналттайгаар нээж болно. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

61.7.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах журмыг баталж, мөрдүүлнэ.

62 дугаар зүйл. Санал авах байр, хугацаа

62.1.Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.

62.2.Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу санал авахад шаардлагатай дараах зүйлийг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэгтэй:

62.2.1.санал авах байр;

62.2.2.сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах бүхээг;

62.2.3.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах бүхээг;

62.2.4.суурин болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг;

62.2.5.сонгогчийн бүртгэлийн мэдээллийг ажиглагчид үзүүлэх дэлгэц;

62.2.6.хууль тогтоомжид заасан бусад.

62.3.Харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрд байна.

62.4.Санал авах байранд сонгогчоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хэсэг дэх сонгогчийн тооноос хамааран хоёроос доошгүй тооны санал бэлтгэх бүхээг байх бөгөөд санал авах байр бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгэсэн байна.

62.5.Санал авах байр тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна.

62.6.Нэг барилга байгууламж, цогцолборт хэд хэдэн санал авах байр байрлаж болно.

62.7.Хэсгийн хороо нь санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны зураглалыг 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.

62.8.Санал авах байрын байршлыг нийтийн эмх замбараагүй байдал, үер ус, гал түймэр зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлөөр өөрчилж болох бөгөөд энэ тухай сонгогчдод нэн даруй мэдээлнэ.

62.9.Санал авах ажиллагааг зохион байгуулах, санал авах байр бэлтгэх заавар, түүнчлэн саналын хайрцаг, санал бэлтгэх бүхээгийн хэмжээ, загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

62.10.Санал авах байранд санал тоолох төхөөрөмж, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл болон саналын хуудас хүлээн авснаас хойш тухайн санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна.

62.11.Санал авах байрны хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах зорилгоор санал авах байранд хяналтын камер байрлуулна. Төв суурин газраас алслагдсан баг дахь санал авах байранд хяналтын камер байрлуулж болно. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

62.12.Энэ хуулийн 62.11-д заасан хяналтын камерыг сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахгүйгээр байрлуулж, сонгогчийг бүртгэх болон санал өгөх орчинд явагдаж байгаа үйл ажиллагааг баримтжуулна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

62.13.Санал авах байранд байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах журмыг цагдаагийн төв байгууллага Сонгуулийн ерөнхий хороотой хамтран батална. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

63 дугаар зүйл. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа

Энэ зүйлийг 2023-06-16-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

63.1.Дараах сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар түүний хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авна:

63.1.1.эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;

63.1.2.Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;

63.1.3.захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч; /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

63.1.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч;

63.2.Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадалгааг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар хүргүүлнэ:

63.2.1.эмнэлэг, сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч тухайн байгууллагын захиргаанд;

63.2.2.бусад тохиолдолд өөрийн харьяа хэсгийн хороонд.

63.3.Энэ хуулийн 63.1.1-д заасан сонгогч нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бол тухайн сонгогчийн харьяалагдах баг, хорооны Засаг дарга түүний хүсэлт, мэдээллийг холбогдох хэсгийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.

63.4.Энэ хуулийн 63.1.1, 63.1.2, 63.1.3, 63.1.4-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд байгууллагын удирдлага уг хүсэлтийг тодорхойлолтын хамт санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө өөрийн байгууллагын нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдах сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.

63.5.Сум, дүүргийн сонгуулийн хороо энэ хуулийн 63.4-т заасны дагуу ирүүлсэн хүсэлт, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө тухайн сонгогчийн харьяалагдах хэсгийн хороонд хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

63.6.Хэсгийн хороо болон хэсгийн хорооны дэргэд ажиллах итгэмжлэгдсэн ажилтан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадалгаа, тодорхойлолтыг хүлээн авч дараах ажиллагааг хийнэ:

63.6.1.тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг итгэмжлэгдсэн ажилтны оролцоотойгоор нягтлан шалгах;

63.6.2.тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогч биш бол харьяалах хэсгийн хороонд нь мэдэгдэж хасалт хийлгэх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

63.6.3.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг гаргаж, хэсгийн хорооны дарга зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах хуваарь, чиглэлийг батлах.

63.7.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу нийслэл, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд оршин байгаа газарт нь очиж авна. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

63.8.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.

63.9.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн иргэний үнэмлэхийг нь шалгасны үндсэн дээр саналын хуудас олгоно.

63.10.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байгаа газар дараах этгээд байхыг зөвшөөрнө:

63.10.1.санал авч байгаа газар нь иргэний орон байр бол тухайн иргэний гэр бүлийн гишүүн;

63.10.2.тухайн газар нь эмнэлэг болон түүнтэй адилтгах байгууллага бол хүнд өвчтөн;

63.10.3.ажиглагч;

63.10.4.хамгаалалтад ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч.

63.11.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд өөр өөр нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн төлөөлөл бүхий хоёроос доошгүй ажиглагчийг оролцуулж болно.

63.12.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааны аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хариуцан ажиллах бөгөөд энэ хуулийн 63.1.3, 63.1.4-т заасан сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах ажиллагааны аюулгүй байдлыг тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

63.13.Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журмыг Сонгуулийн ерөнхий хороо баталж, мөрдүүлнэ.

64 дугаар зүйл. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх

64.1.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч санал бэлтгэх зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэж, дугтуйд хийнэ.

64.2.Дугтуйд хийсэн саналын хуудсыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийнэ.

64.3.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр, сонгогчийн санал авах ажиллагаа эхлэх хүртэл задлахыг хориглоно.

64.4.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан санал авах байранд санал өгөх журмыг баримтална.

65 дугаар зүйл. Санал авах байранд санал авах ажиллагаа

65.1.Хэсгийн хорооны бүрэлдэхүүн санал авах байранд санал авах ажиллагаа эхлэхээс өмнө ажиглагчийг байлцуулан доор дурдсан дарааллын дагуу хэсгийн хорооны дарга мэдээлэл хийж, бэлтгэл ажлыг гүйцэтгэн тэмдэглэл хөтлүүлнэ:

65.1.1.тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчдын тоог мэдээлэх;

65.1.2.саналын хуудасны нэгдсэн дугаарыг мэдээлэх;

65.1.3.хүлээн авсан, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад зарцуулсан, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад сонгогч саналаа буруу тэмдэглэсэн үндэслэлээр буцааж хураагдсан, түүнчлэн алдагдаж үрэгдүүлсэн, устгасан, үлдсэн саналын хуудасны тоог мэдээлэх;

65.1.4.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаас бусад санал авах бүх хайрцгийг нээж харуулах, санал тоолох төхөөрөмжийг битүүмжлэх, лацдах, санал авах ажиллагаанд бэлэн болгох.

65.2.Хэсгийн хорооны дарга санал авах ажиллагааны бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах бөгөөд уг ажиллагаанд тухайн хэсгийн сонгогчдын төлөөллийг байлцуулж болно.

65.3.Санал авах өдрийн 07:00 цагт санал авах ажиллагаа эхэлнэ.

65.4.Санал авах ажиллагаа эхэлмэгц зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн иргэний бүртгэлийн дугаараар бүртгэл хийж, сонгогчийн бүртгэлийн хуудсыг итгэмжлэгдсэн ажилтнаар гаргуулан авах бөгөөд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналаа өгсөн сонгогчдын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

65.5.Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгөх бөгөөд сонгогчдын саналыг энэ хуулийн 65.4-т заасан ажиллагааг хийж дууссаны дараа авч эхэлнэ.

65.6.Санал авах байранд ажиллаж байгаа итгэмжлэгдсэн ажилтан сонгогчийн гарын хурууны хээг сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулгаж, энэ хуулийн 66.5-д заасан бэхэн тэмдэглэгээ хийгдсэн эсэхийг нягтлан, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

65.7.Сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсхүл ажиллах боломжгүй болсон бол тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, тэмдэглэл үйлдэх бөгөөд уг тэмдэглэлийг үндэслэн тухайн сонгогчид саналын хуудас олгоно.

65.8.Гарын хурууны хээгээр сонгогчийг таних боломжгүй бол сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.

65.9.Энэ хуулийн 24.1, 24.2-т заасны дагуу шилжин ирсэн сонгогчийн шилжих хуудсыг давхар шалгаж, сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.

65.10.Хэсгийн хорооны гишүүн сонгогчийн бүртгэлийн хуудсыг авч саналын хуудас олгоно. Бүртгэлийн хуудсыг сонгуулийн бичиг баримтад хавсаргана.

65.11.Хэсгийн хорооны дэргэд ажиллах итгэмжлэгдсэн ажилтан энэ хуулийн 65.7, 65.8, 65.9-д заасны дагуу тэмдэглэл үйлдсэн буюу бүртгэлийн хуудас олгосон сонгогчдын жагсаалтыг тусад нь гаргаж, тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалттай тулгаж, тэмдэглэл үйлдэнэ.

65.12.Саналын хуудас авсан сонгогчоор сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна.

65.13.Санал авах ажиллагаанд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулж болно.

65.14.Санал авах байранд нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээд байхыг хориглох бөгөөд энэ нь тухайн этгээд саналаа өгөхөд хамаарахгүй.

65.15.Санал авах өдрийн 22:00 цагт сонгогчдын бүртгэл зогсох бөгөөд бүртгэлийн хуудсаа авсан сонгогчийн саналыг нь өгүүлнэ.

65.16.Бүртгэлийн хуудас авсан сонгогчийг сонгогчийн нэрийн жагсаалтын нэгдсэн санд бүртгэгдсэн тухай тэмдэглэгээ хийнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

65.17.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 65.6-д заасан сонгогчийн гарын хурууны хээгээр сонгогчдын нэрийн жагсаалтын нэгдсэн сантай тулган таниулах ажлыг хариуцна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

66 дугаар зүйл. Сонгогч саналаа өгөх

Энэ зүйлийг 2023-06-16-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

66.1.Сонгогч санал авах байранд иргэний үнэмлэхтэй ирж, саналаа биечлэн өгнө. Сонгогч саналын хуудаст бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийж саналаа өгнө. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

66.2.Сонгогч энэ хуулийн 59.4.2-т заасан хэсэгт нэг нам, эвсэлд саналаа өгнө. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

66.3.Сонгогч санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар тэмдэглэнэ.

66.4.Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтас хэрэглэж саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

66.5.Сонгогч саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийсний дараа тухайн сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу хийнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

66.6.Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухай хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа өгч болно.

66.7.Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухай хэсгийн хороонд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч, саналаа өгч болно.

66.8.Хэсгийн хороо хураалгасан саналын хуудасны зүүн доод өнцгийг хайчлан, тэмдэглэл хөтлөн хадгална.

66.9.Эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар саналаа өгч болно.

66.10.Энэ хуулийн 66.9-д заасан итгэмжилсэн иргэн нь хоёроос дээш сонгогчид туслалцаа үзүүлэхийг хориглоно. Сонгуулийн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, ажиглагч, улс төрийн албан тушаалтан нь итгэмжилсэн иргэн байж болохгүй.

66.11.Хэсгийн хороо санал авах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, сонгогчийн саналаа нууцаар өгөх эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг таслан зогсоох арга хэмжээ авна.

66.12.Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулах талаар шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлж болно.

66.13.Сонгогчид дараах зүйлийг хориглоно:

66.13.1.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;

66.13.2.тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;

66.13.3.саналын хуудсанд тэмдэглэсэн санал, саналын хуудасны зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргах; /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

66.13.4.саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх;

66.13.5.аль нэг нэр дэвшигч, нам, эвслийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах. /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

66.14.Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх аливаа тэмдэг, тэмдэглэгээ хийхийг хориглоно. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

66.15.Сонгогч саналын хуудаст саналаа тэмдэглэх үед тухайн сонгогчийн дэргэд өөр хүн байхыг хориглоно. Энэ хуулийн 66.9-д заасан итгэмжилсэн иргэнд энэ хэсэг хамаарахгүй.

66.16.Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

67 дугаар зүйл. Сонгууль ажиглах

67.1.Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, эсхүл нэр дэвшигч нь нэг санал авах байранд хоёр хүртэл, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нэг санал авах байранд хоёр хүртэл сонгуулийн ажиглагч /цаашид “ажиглагч” гэх/-ийг томилж ажиллуулах эрхтэй. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

67.2.Ажиглагч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн байна.

67.3.Нэр дэвшигч болон төрийн албан хаагч ажиглагч байхыг хориглоно.

67.4.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагч ажиглагчаар томилогдсон бол сонгуулийн хорооны ажиллах байр болон санал авах байранд сонгуулийн сурталчилгаа, түүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

67.5.Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн гадаадын болон олон улсын байгууллага, гадаад улсын иргэн сонгуулийг ажиглаж болно.

67.6.Сонгууль ажиглах журам, түүнд холбогдох маягт, загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

67.7.Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу бичгээр гаргаж, санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

67.8.Ажиглагчийг бүртгэх хугацаа өнгөрсөн бол хэсгийн хороо ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахгүй.

67.9.Хэсгийн хороо хүсэлтийг хүлээн авч нягтлан шалгаж, санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө ажиглагчийн үнэмлэх олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

67.10.Ажиглагч хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж хэсгийн хорооны ажилд хөндлөнгөөс оролцвол хэсгийн хорооны дарга ажиглагчийн бүртгэлийг хүчингүй болгож, санал авах байраас гаргана.

67.11.Ажиглагч бүртгэлээс хасагдсан бол ажиглагч томилсон этгээд түүний оронд өөр хүнийг томилох эрхгүй.

67.12.Санал авах байрын багтаамжаас хамаарч бүх ажиглагч санал авах байранд нэгэн зэрэг ажиглалт хийх боломжгүй бол хэсгийн хороо ажиглагчдыг ээлжээр ажиглалт хийх боломжоор хангана.

67.13.Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах зорилт бүхий дүрэмтэй, улс төрийн намын дэргэд үйл ажиллагаа явуулдаггүй төрийн бус байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх эрхтэй.

67.14.Энэ хуулийн 67.13-т заасан үйл ажиллагааг зохицуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

67.15.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглахтай холбогдсон харилцаанд сонгууль ажиглах ерөнхий журмыг баримтална. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

67.16.Ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагаанд хоёр хүртэл ажиглагчийг томилон ажиллуулж болно. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

67.17.Ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа сонгогчдоос санал авах ажиллагаанд ажиглагч томилох бол энэ тухай хүсэлтээ төв комисст гадаадад санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

67.18.Төв комисс нь гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглахаар томилогдсон ажиглагчийн мэдээллийг холбогдох салбар комисст хүргүүлэх бөгөөд ажиглагч нь гадаадад санал авах өдрөөс өмнө салбар комисст бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

67.19.Сонгогчийг санал өгсний дараа өгсөн саналынх нь талаар асуухыг хориглоно. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

68 дугаар зүйл. Ажиглагчийн эрх

68.1.Ажиглагч санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглана.

68.2.Ажиглагч дараах эрх эдэлнэ:

68.2.1.саналын хуудасны битүүмжлэгдсэн байдал болон зарцуулалтын тайлантай танилцах;

68.2.2.санал авах үйл ажиллагааг ажиглах;

68.2.3.санал бэлтгэх бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмж, саналын хайрцаг болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;

68.2.4.санал авах үйл явцад зөрчил гарвал хэсгийн хороонд мэдэгдэж, залруулахыг хүсэх;

68.2.5.сонгогчийн саналаа нууцаар гаргах эрх болон сонгуулийн хорооны хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр дуу болон дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан сонгуулийн үйл явцыг баримтжуулах;

68.2.6.хэсгийн хорооны гишүүнээс холбогдох мэдээлэл авах;

68.2.7.ажиглалтын тайланг бодит тоо, баримтад тулгуурлан гаргах;

68.2.8.санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас авах;

68.2.9.цахим хэлбэрээр хуулбарласан саналын хуудасны зурган мэдээллийг авах;

68.2.10.энэ хуулийн 65.11-д заасан жагсаалт болон тэмдэглэлтэй танилцах, уг жагсаалтыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэх.

68.3.Ажиглагчийн эрх ажиглагчийн үнэмлэх авснаар эхэлж, энэ хуульд заасны дагуу санал хураалтын дүн гарснаар дуусгавар болно.

68.4.Энэ хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нь нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан, түүнд холбогдох баримттай танилцах, хөндлөнгийн хяналт тавих эрхтэй. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

69 дугаар зүйл. Санал авах өдөр санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах

69.1.Санал тоолох төхөөрөмжийн хэвийн ажиллагааг Мэдээллийн технологийн төв, ажлын хэсэг, мэдээллийн технологийн баг, даамал хариуцан ажиллана. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

69.2.Мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч байх бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна. Мэдээлэл, технологийн багийн гишүүн, даамал нь санал авах, тоолох төхөөрөмжөөс дөрвөн метрээс багагүй зайд байрлаж, төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хянаж ажиллана.

69.3.Сургалт явуулах, гэрчилгээ олгох тухай журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

69.4.Санал авах байранд санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллаж байгаа даамал гэмтэл, саатал гарсан тохиолдолд дараах арга хэмжээг авна:

69.4.1.мэдээллийн технологийн багт шуурхай мэдэгдэх ба гэмтэл, саатлыг арилгах, боломжгүй тохиолдолд мэдээллийн технологийн багаас туслалцаа авах, санал тоолох нөөц төхөөрөмжид санал авах, тоолох ажиллагааг шилжүүлэх арга хэмжээг нэн даруй авах;

69.4.2.санал тоолох хоёр дахь болон нөөц төхөөрөмж байхгүй тохиолдолд хэсгийн хорооны зөвшөөрлөөр саналын хайрцгийн нөөц тасалгааны лацыг хөндөж саналын хуудсыг хийлгэх;

69.4.3.санал тоолох төхөөрөмж хэвийн ажиллагаанд шилжсэний дараа саналын хайрцгийн нөөц тасалгаан дахь саналын хуудсыг холбогдох журамд заасны дагуу төхөөрөмжид уншуулна.

69.5.Даамал сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхийг аливаа хэлбэрээр зөрчихийг хориглоно.

70 дугаар зүйл. Санал авах өдөр хориглох үйл ажиллагаа

70.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана:

70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;

70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;

70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.

71 дугаар зүйл. Санал хураалтын дүн гаргах, дамжуулах

71.1.Мэдээллийн технологийн даамал санал авах ажиллагаа дуусмагц доорх ажиллагааг гүйцэтгэнэ:

71.1.1.санал тоолох төхөөрөмжөөс дүнгийн хуудсыг шаардлагатай тоогоор хэвлэж, хэсгийн хороонд өгөх;

71.1.2.санал хураалтын дүнг энэ хуулийн 71.5-д заасан хэсгийн хорооны ажиллагаанаас хамаарахгүйгээр Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй дамжуулах.

71.2.Санал авах ажиллагааны хуулиар тогтоосон цаг дуусаагүй байхад санал тоолох төхөөрөмжөөс дүнгийн хуудсыг хэвлэж гаргахыг хориглоно.

71.3.Санал хураалтын дүнг дамжуулахгүй байх, саатуулах, зогсоохыг хориглоно.

71.4.Санал хураалтын дүнг дамжуулах үеийн хамгаалалтыг тухайн санал авах байрны хамгаалалтад ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч хариуцна.

71.5.Хэсгийн хороо дараах ажиллагааг гүйцэтгэнэ:

71.5.1.хэсгийн хороо нь санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудсыг ажиглагч нарт өгч, дүн танилцуулсан тухай тэмдэглэл хөтлөх;

71.5.2.санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн сонгогчийн тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоо, буруу тэмдэглэл хийснээс болон санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүйгээс буцааж хураагдсан саналын хуудасны тоо нь тухайн хэсгийн хорооны хүлээн авсан саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, тооцоог эцэслэн гаргах; /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

71.5.3.санал авахад зарцуулсан болон зарцуулагдаагүй үлдсэн саналын хуудасны нийлбэр нь тухайн хэсгийн хорооны хүлээн авсан нийт саналын хуудасны тооноос зөрвөл шалтгааныг тогтоох бөгөөд шаардлагатай гэж үзвэл саналын хуудсыг нэн даруй дахин тоолж, тэмдэглэл үйлдэнэ. Тэмдэглэлд хэсгийн хорооны дарга, гишүүд гарын үсэг зурна;

71.5.4.энэ хуулийн 4.8.1-д заасан нэмэлт санал хураалт явагдах нөхцөл үүссэнээс бусад тохиолдолд санал авахад зарцуулагдаагүй үлдсэн саналын хуудасны баруун доод өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган боож, битүүмжлэх.

71.6.Хэсгийн хороо дүн дамжуулах, танилцуулах ажиллагааг ил тод, нээлттэй явуулна. Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулж болно.

71.7.Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.

71.8.Санал хураалтын дүнгийн хуудас дараах мэдээллийг агуулна:

71.8.1.санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудасны тоо;

71.8.2.тойрогт нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо; /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

71.8.3.санал огт тэмдэглээгүй саналын хуудасны тоо.

71.8.4.нам, эвсэл бүрийн авсан саналын тоо. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

71.9.Санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.

71.10.Сонгогч нэг ч нэр дэвшигч, эсхүл нам, эвслийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

71.11.Энэ хуулийн 71.5.3-т заасны дагуу саналын хуудсыг дахин тоолоход сонгогчдын саналыг тоолохгүй.

71.12.Санал хураалтын дүнг санал тоолох төхөөрөмжөөр гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн бол тухайн хэсгийн санал хураалтын дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу гаргана.

71.13.Санал авах байранд ажилласан ажиглагчийн хүсэлтийг үндэслэн саналын хуудасны зурган мэдээллийг өгөх бөгөөд уг ажлыг хэсгийн хороо, мэдээллийн технологийн даамал болон итгэмжлэгдсэн ажилтан хариуцна.

71.14.Санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт хяналтын тооллого хийнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

71.15.энэ хуулийн 71.5-д заасан ажиллагааг гүйцэтгэж дуусмагц санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар нэг бүрчлэн тоолно. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

71.16.Хяналтын тооллого хийх ажиллагаанд ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын болон сонгогчдын төлөөллийг ажиглагчаар оролцуулж болно. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

71.17.Санал тоолж эхэлсэн бол завсарлахыг хориглоно.

71.18.Хяналтын тооллого хийх журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

72 дугаар зүйл. Саналын хуудсыг хүчингүйд тооцох

72.1.Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно. /Энэ хэсгийн “... дутуу ...” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтээр 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./ /Энэ хэсгийн “... дутуу ...” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Улсын Их Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 93 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн./ /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

72.2.Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудас хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно.

73 дугаар зүйл. Санал хураалтын дүн, сонгуулийн баримт бичгийг хүргүүлэх

73.1.Хэсгийн хороо санал тоолох төхөөрөмжөөс хэвлэсэн тухайн хэсгийн санал хураалтын дүнг танилцуулсны дараа санал хураалтын дүнгийн хуудсыг сонгуулийн бусад бичиг баримтын хамт сум, дүүргийн сонгуулийн хороонд, сум, дүүргийн сонгуулийн хороо нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд, аймаг нийслэлийн сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хороонд тус тус нэн даруй хүргүүлнэ.

73.2.Хэсгийн хороо саналын хайрцаг /санал тоолох төхөөрөмж/-аас гарсан саналын хуудас, буцааж хураагдсан саналын хуудас, зарцуулагдаагүй үлдсэн саналын хуудсыг тус тусад нь тоолон, багцлан боож битүүмжлэн, сонгуулийн бусад баримт бичгийн хамт сум, дүүргийн сонгуулийн хороонд, сум, дүүргийн сонгуулийн хороо нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх бөгөөд холбогдох журамд заасны дагуу аймаг, нийслэлийн архивт хүлээлгэн өгнө.

73.3.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээн дэх санал хураалтын дүнг сум, дүүргийн сонгуулийн хорооноос ирүүлсэн хэсгийн хорооны санал хураалтын дүнг үндэслэн нэгтгэнэ.

74 дугаар зүйл. Сонгуулийн дүн гаргах, мэдээлэх

74.1.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 4.3.1-д заасан сонгуулийн тойрогт нэр дэвшигчийн санал хураалтын дүнг дараах байдлаар гаргана: /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

74.1.1.Сонгуулийн ерөнхий хороо нь санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нэр дэвшсэн нийт нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

74.1.2.хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

74.2.Дараах шаардлагыг хангасан нам, эвсэлд энэ хуульд заасны дагуу суудал хуваарилна: /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

74.2.1.энэ хуулийн 4.3.1-д заасан тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

74.2.2.намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

74.2.3.хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

74.2.4.гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

74.3.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар нэр дэвшигчийн санал хураалтын дүнг дараах байдлаар гаргана: /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

74.3.1.санал хураалтын дүнг үндэслэн нам, эвсэл тус бүрээр авсан саналынх нь тоо, хувиар дараалалд оруулан жагсаалт гаргана; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

74.3.2.энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвслийн авсан саналын хувь болон нийт нам, эвсэлд өгсөн хүчинтэй саналын хувь хоорондын зөрүүг энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвсэлд тэнцүү хэмжээгээр хуваан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцно; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

74.3.3.энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан хувиудын нийлбэрийг 48-д хувааж нэг суудалд ногдох саналын тоо, хувийг тооцож гаргана; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

74.3.4.энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувийг энэ хуулийн 74.3.3-т заасны дагуу тооцож гаргасан нэг суудалд ногдох саналын хувьд хувааж, Улсын Их Хурлын гишүүний 48 суудлыг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилна; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

74.3.5.энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу нэг суудалд ногдох саналын хувьд хуваахдаа бутархай нарийвчлалтай гаргаж, эхний ээлжид бүхэл хэсэгт нь тэнцэх суудлыг хуваарилах, хэрэв хуваарилагдаагүй суудал үлдвэл хамгийн их үлдэгдэлтэйгээс нь эхлэн нэг нэгээр суудлыг нам, эвсэлд нэмж хуваарилах зарчмаар бүх суудлыг хуваарилж дуусгана; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Тайлбар: “хуваарилагдаагүй суудал” гэж энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу нам, эвслийн авсан саналын бүхэл хэсэгт нь ногдох суудал хуваарилахад суудал хуваарилагдаагүй үлдсэн, мөн нам, эвслийн авсан саналд ногдох суудлын тоо нь тухайн нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшигчийн тооноос их тооцогдсоны улмаас суудал хуваарилагдаагүй үлдэхийг ойлгоно. /Энэ тайлбарыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

74.3.6.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд заасны дагуу нам, эвслээс ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалтыг үндэслэн энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу хуваарилсан суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

74.4.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 74.1, 74.3-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр гаргаж, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

74.5.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ЭЭЛЖИТ БУС, НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ, ОРОН ГАРСАН СУУДЛЫГ НӨХӨХ, НЭМЭЛТ БОЛОН ДАХИН САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛАХ

75 дугаар зүйл. Нэр дэвшигчийг хасах

75.1.Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.

75.2.Нэр дэвшигч энэ хуулийн 35.3, 38.2, 48.1, 48.5.1, 48.5.2, 56.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гаргахаас өмнө тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.

75.3.Саналын хуудас хэвлэгдэхээс өмнө нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол түүний нэрийг саналын хуудаст бичихгүй.

75.4.Саналын хуудас хэвлэгдсэний дараа нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол саналын хуудсыг дахин хэвлэх бөгөөд дахин хэвлэх боломжгүй бол уг саналын хуудсаар санал авч, хасагдсан нэр дэвшигчид өгсөн саналыг санал хураалтын дүнд оруулан тооцохгүй.

76 дугаар зүйл. Ээлжит бус сонгууль явуулах

76.1.Энэ хуулийн 4.6-д заасан үндэслэлээр ээлжит бус сонгууль явагдана.

76.2.Ээлжит бус сонгуулийг энэ хуульд заасны дагуу зохион байгуулж явуулна.

77 дугаар зүйл. Нөхөн сонгууль явуулах, орон гарсан суудлыг нөхөх /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

77.1.Энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний орон гарсан бол тухайн нам, эвслийн жагсаалтын дараагийн нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо орон гарснаас хойш 14 хоногийн дотор гаргаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

77.2.Энэ хуулийн 4.3.1-д заасан сонгуулийн тойрогт нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний орон гарсан, мөн энэ хуулийн 77.1-д заасны дагуу сонгогдсонд тооцох дараагийн нэр дэвшигч үлдээгүй бол нөхөн сонгууль явагдана. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

77.3.Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

77.4.Нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

77.5.Нөхөн сонгуулийг зохион байгуулахад тухайн тойрогт өөрчлөлт оруулахгүй бөгөөд энэ хуульд заасны дагуу зохион байгуулна. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

78 дугаар зүйл. Нэмэлт санал хураалт явуулах

78.1.Нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор нь жагсааж, мандатын тоогоор таслахад нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэний улмаас мандатад хуваарилагдах боломжгүй болсон бол тухайн тойрогт нэмэлт санал хураалт явуулна.

78.2.Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна.

78.3.Нэмэлт санал хураалтад санал нь тэнцсэн нэр дэвшигчдийг оруулах бөгөөд эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдыг нэмэлт санал хураалтад оролцуулна.

78.4.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно.

78.5.Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.

78.6.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна.

79 дугаар зүйл. Санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураалт явуулах

79.1.Санал хураалтыг дараах тохиолдолд хүчингүйд тооцно:

79.1.1.байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол;

79.1.2.саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, санал авах журам зөрчсөн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол.

79.2.Энэ хуулийн 79.1-д заасан тохиолдолд санал авах ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо хүчингүйд тооцож хүчингүйд тооцсон хэмжээгээр дахин санал хураалт явуулна.

79.3.Дахин санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна.

79.4.Дахин санал хураалтад дараах сонгогчийг оролцуулна:

79.4.1.хэсгийн хэмжээгээр хүчингүйд тооцсон бол хүчингүйд тооцсон тухайн хэсгийн нийт сонгогчийг;

79.4.2.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авсан саналыг хүчингүйд тооцсон бол уг саналын хайрцагт саналаа өгсөн сонгогчийг.

Тайлбар: "Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх" гэдгийг санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл илүү байхыг ойлгоно.

79.5.Нэмэлт болон дахин санал хураалтын хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно.

ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА, ГОМДОЛ МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ХАРЬЯАЛАЛ

80 дугаар зүйл. Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

80.1.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

81 дугаар зүйл. Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг шийдвэрлэх харьяалал

81.1.Сонгуулийн гомдол, маргааныг хянан шийдвэрлэж байгаа эрх бүхий этгээд нь тухайн гомдол, маргааны онцлог байдлыг харгалзан энэ хуульд өөрөөр заагаагүй бол тухайн сонгуулийн жилд багтаан шийдвэрлэнэ.

81.2.Сонгуулийн хороод энэ хуульд заасны дагуу шатлан захирагдах зарчмаар ажиллах бөгөөд сум, дүүргийн сонгуулийн хорооны шийдвэрт холбогдуулан аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд, аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрт холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороонд тус тус гомдол гаргана.

81.3.Энэ хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу санал хураалтын дүнг өргөн мэдүүлсэн Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрт холбогдуулан гаргасан маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

81.4.Энэ хуулийн 81.3-т зааснаас бусад Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрт холбогдох маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар, Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.

81.5.Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн гомдлыг хүлээн авахгүй.

81.6.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.

81.7.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй.

81.8.Шүүх энэ хуулийн 81.3-т заасны дагуу маргаан хянан шийдвэрлэхдээ захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхгүй. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

БУСАД АСУУДАЛ

82 дугаар зүйл. Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах

82.1.Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

83 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

83.1.Энэ хуулийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

191 дугаар зүйл. Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв болон салбар комиссын чиг үүрэг /Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.1.Сонгуулийн ерөнхий хороо гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон ес, эсхүл арван нэгэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.2.Төв комисс нь салбар комиссыг гадаадад санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон хоёр, эсхүл дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.3.Төв комиссын дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.4.Төв комиссыг ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбар комиссыг ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар хүлээнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.5.Төв комисс нь Сонгуулийн ерөнхий хорооны шууд удирдлагын доор сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.6.Салбар комисс нь төв комиссын шууд удирдлагын доор гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.7.Төв комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.7.1.гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.7.2.эрх хэмжээнийхээ хүрээнд сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.7.3.сонгууль зохион байгуулахтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.7.4.салбар комиссын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.7.5.Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналын хуудас, сонгууль зохион байгуулах болон санал авахтай холбоотой бусад баримт бичгийг олон улсын буухиа шуудангаар салбар комисст хүргүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.7.6.шаардлагатай тохиолдолд салбар комисст сургалт зохион байгуулах, төлөөлөгч томилон ажиллуулах; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.7.7.Сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, салбар комисст хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих, холбогдох журмын дагуу тайлагнах; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.7.8.өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж, бичгээр хариуг өгөх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.7.9.санал авах ажлыг зохион байгуулсан тухай тайлан, сонгуулийн бусад баримт бичиг, саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.7.10.хуульд заасан бусад чиг үүрэг. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.8.Салбар комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.8.1.салбар комиссын буюу санал авах байрны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.8.2.өөрийн байрладаг улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэж, сонгогчдын бүртгэлийг гарган төв комисст хүргүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.8.3.санал авах байр, саналын хайрцаг, санал бэлтгэх бүхээг, санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.8.4.санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн дугтуйтай саналын хуудас, санал авахад зарцуулагдаагүй үлдсэн, хураагдсан, хүчингүй саналын хуудас, санал хураалтын тухай салбар комиссын хуралдааны тэмдэглэл, сонгуулийн бусад баримт бичгийг төв комисст олон улсын буухиа шуудангаар нэн даруй хүргүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.8.5.өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, бичгээр хариуг өгөх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.8.6.дээд шатны сонгуулийн байгууллагаас хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.8.7.хуульд заасан бусад чиг үүрэг. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

641 дугаар зүйл. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах газар, хугацаа /Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

641.1.Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг энэ хуульд заасны дагуу тогтоосон санал авах өдөр, тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд авна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

641.2.Салбар комисс нь санал авах өдөр, цаг, байрыг санал авах өдөр хүртэлх хугацаанд гадаад улсад байгаа сонгогчдод зарлан мэдээлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

641.3.Сонгогчоос саналаа нууцаар өгөхөд шаардагдах санал бэлтгэх бүхээг бүхий байр, саналын хайрцгийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө энэ хуульд заасны дагуу тухайн улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн хариуцаж, бэлтгэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

641.4.Санал авах байранд сонгогчоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хүрэлцэхүйц тооны санал бэлтгэх бүхээг бэлтгэсэн байна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

641.5.Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүргүүлсэн саналын хуудсаар авна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

641.6.Сонгуулийн ерөнхий хороо нь саналын хуудсыг уутны хамт битүүмжлэн, төв комиссоор дамжуулан гадаад улсад байгаа сонгогчдын санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө салбар комисст хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

641.7.Салбар комисс нь саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

661 дугаар зүйл. Гадаад улсад байгаа сонгогч санал өгөх /Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

661.1.Салбар комиссын бүрэлдэхүүн гадаадад санал авах өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт ажиглагч, эсхүл сонгогчийн төлөөллийг байлцуулан саналын хайрцгийг нээж харуулан, шалган битүүмжилж, лацадсаны дараа салбар комиссын дарга дараах мэдээллийг хийж тэмдэглэл хөтлүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

661.1.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн тоо; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

661.1.2.хүлээн авсан, алдагдаж үрэгдсэн, устгагдсан, үлдсэн саналын хуудасны тоо; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

661.1.3.саналын хуудасны нэгдсэн дугаар. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

661.2.Салбар комисс энэ хуулийн 661.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал авах ажиллагааг эхлүүлэх бөгөөд салбар комисс сонгогчийн иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрд саналын хуудсыг дугтуйн хамт олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

661.3.Саналын хуудас авсан сонгогчоор сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

661.4.Энэ зүйлд өөрөөр заагаагүй бол гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаанд энэ хуулийн 65, 66 дугаар зүйлд заасан журмыг баримтална. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

661.5.Салбар комисс санал авах ажиллагааны тухай тэмдэглэл хөтөлж бүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, тэмдэг дарах бөгөөд уг тэмдэглэлд дараах мэдээллийг заавал тусгана: /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

661.5.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоо; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

661.5.2.саналын хуудас авсан сонгогчийн тоо; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

661.5.3.саналын хуудас дахин авсан сонгогчийн тоо; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

661.5.4.ажиглагчийн нэрс; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

661.5.5.санал авах өдрийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

661.6.Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн энэ хуулийн 59.4.2-т заасан хэсэгт саналаа өгнө. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

721 дугаар зүйл. Гадаад улсад байгаа иргэдээс авсан саналыг тоолох /Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

721.1.Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо гүйцэтгэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

721.2.Сонгуулийн ерөнхий хороо санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22:00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

721.3.Сонгуулийн ерөнхий хороо дараах ажиллагааг гүйцэтгэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолон санал хураалтын дүнг гаргаж нэн даруй мэдээлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

721.3.1.төв комиссоос ирүүлсэн саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйн нийт тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

721.3.2.санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолох; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

721.3.3.битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийхэд бэлэн болгох. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

721.4.Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох, дүн дамжуулах ажиллагааг явуулахад тухайн салбар комисст санал тоолох төхөөрөмжийг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр хэрэглэж болно. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.