СОНГУУЛИЙН ТУХАЙ

Төр, засаглал · 134 зүйл · хүчин төгөлдөр · хэсэг 2/2 (73–166-р зүйл) · legalinfo.mn ↗

73 дугаар зүйл. Сонгуулийн штабын удирдлага

Энэ зүйлийг 2019-12-20-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

73.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын сонгуулийн тухайд сонгуулийн штабыг дараах этгээд удирдан зохион байгуулж, энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

73.1.1.улсын хэмжээнд нам, эвслийн дарга буюу түүнтэй адилтгах албан тушаалтан;

73.1.2.тойргийн хэмжээнд нэр дэвшигч, эсхүл түүний итгэмжлэл олгосон менежер.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

73.2.Ерөнхийлөгчийн сонгуулийн штабыг дараах этгээд удирдан зохион байгуулж, энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

73.2.1.улсын хэмжээнд нэр дэвшигч, эсхүл түүний итгэмжлэл олгосон менежер;

73.2.2.аймаг, дүүргийн хэмжээнд нэр дэвшигчийн итгэмжлэл олгосон шадар туслагч.

73.3.Орон нутгийн хурлын сонгуулийн штабыг нэр дэвшигч, эсхүл түүний итгэмжлэл олгосноор менежер удирдан зохион байгуулж, энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

74 дугаар зүйл. Нам, эвслийн сонгуулийн штабын бүрэлдэхүүн

74.1.Нам, эвслийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд нам, эвслийн дарга, түүнтэй адилтгах албан тушаалтнаас гадна түүний ажилтан хамаарна.

74.2.Нам, эвслийн сонгуулийн штабын ажилтны үнэмлэхийг сонгуулийн төв байгууллага олгоно.

75 дугаар зүйл. Нэр дэвшигчийн сонгуулийн штабын бүрэлдэхүүн

75.1.Нэр дэвшигчийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд нэр дэвшигчээс гадна түүний менежер, шадар туслагч, ухуулагч хамаарна.

75.2.Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежертэй байх ба шадар туслагч 500 сонгогч тутамд нэгээс илүүгүй, ухуулагч 200 сонгогч тутамд нэгээс илүүгүй байна.

75.3.Нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэхийг орон нутгийн хурлын сонгуулиар тухайн шатны аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо тус тус олгоно.

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

75.4.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн менежер, шадар туслагчийн үнэмлэхийг сонгуулийн төв байгууллага, ухуулагчийн үнэмлэхийг сум, дүүргийн сонгуулийн хороо тус тус олгоно.

75.5.Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд зөвхөн үйл ажиллагааны өдөр тутмын зардлыг сонгуулийн зардлаас гаргуулах бөгөөд холбогдох журмыг сонгуулийн төв байгууллага батална.

75.6.Энэ зүйлд заасныг зөрчиж илүү олгосон сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэхийг анх олгосон байгууллага нь хүчингүй болгоно.

76 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааны баталгаа

76.1.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь энэ хуульд тусгайлан зааснаас гадна доор дурдсан эрх эдэлнэ:

76.1.1.хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах;

76.1.2.үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх;

76.1.3.сонгуулийн сурталчилгаа хийх;

76.1.4.холбогдох байгууллагаас зохих журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах.

76.2.Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан сонгуулийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр дараах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй:

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

76.2.1.эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх;

76.2.2.баривчлах;

76.2.3.албадан ирүүлэх;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

76.2.4.цагдан хорих;

76.2.5.орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх.

76.3.Нэр дэвшигчийг бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн дүн гарах хүртэл хугацаанд түүнийг захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.

76.4.Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, түүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

76.5.Энэ хуулийн 76.3-т заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 76.2, 76.4-т заасныг зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

СУРТАЛЧИЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

77 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх

77.1.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал нь дараах төрөлтэй байна:

77.1.1.нэр дэвшигчийн;

77.1.2.нам, эвслийн.

77.2.Нэр дэвшигч буюу нэр дэвшигчийн сонгуулийн штаб дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг сонгогчдод тараах эрхтэй:

77.2.1.гурван хэвлэлийн хуудас сонин;

77.2.2.гурван хэвлэлийн хуудас сэтгүүл;

77.2.3.хоёр хэвлэлийн хуудас ухуулах болон зурагт хуудас;

77.2.4.хоёр хэвлэлийн хуудас нэр дэвшигчийн намтар;

77.2.5.гурван хэвлэлийн хуудас хийсэн ажлын тайлан.

77.3.Сонгуульд оролцогч нам, эвсэл буюу нам, эвслийн сонгуулийн штаб дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг сонгогчдод тараах эрхтэй:

77.3.1.сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан дөрвөн хэвлэлийн хуудас сонин, эсхүл сэтгүүл;

77.3.2.гурван хэвлэлийн хуудас бүхий сонгуулийн сурталчилгааны бусад материал.

77.4.Нэг нам, эвслийн нэр дэвшигчид, түүнчлэн нэр дэвшигч, нэр дэвшүүлсэн нам, эвсэл хамтран сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалаа нэгдмэл байдлаар гаргаж болно.

77.5.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал нь нэгдмэл байдалтай бол нүүр тус бүр нь тухайлсан нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн сурталчилгаанд зориулагдсан байна.

77.6.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалын хэмжээ, хэлбэрээс үл хамааран нүүр тус бүрийн доор тухайн материалыг эрхлэн хэвлүүлсэн нэр дэвшигч, нам, эвслийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг дурдах ба хариуцлагыг сонгуулийн штабын удирдлага хүлээнэ.

77.7.Зурагт болон ухуулах хуудсыг сонгогчдод тараахаас гадна дараах газар үнэ төлбөргүй байрлуулж болно:

77.7.1.зориулалтын зарлалын самбар;

77.7.2.нийтийн эзэмшлийн хашаа, хайс, гэрлийн шон.

77.8.Зурагт болон ухуулах хуудсыг гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид тогтооно.

77.9.Зурагт болон ухуулах хуудсыг гудамж талбайд байрлуулахдаа цавуу, цавуулаг эд зүйл ашиглан тогтоож орчныг бохирдуулахыг хориглоно.

77.10.Зурагт болон ухуулах хуудас нь А3 бичгийн цаасны хэмжээнээс илүүгүй хэмжээтэй байна.

77.11."Нэг хэвлэлийн хуудас" гэж А4 бичгийн цаасны найман нүүрийг ойлгоно.

77.12.Сонгуулийн сурталчилгааны материалын нийт хэмжээг сонгогчдод тараасан хэвлэмэл материалын нийлбэрээр тооцно.

77.13.Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцогдохгүй.

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

77.14.Сурталчилгааны хэвлэмэл материалыг сонгуулийн штабын ажилтан, ухуулагчаар дамжуулан хүргэхээс гадна шуудангаар хүргүүлж болно.

77.15.Гудамж талбайд байрлуулсан сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудсыг хууль бусаар устгах, бохирдуулахыг хориглоно.

77.16.Тухайн тойрогт нэр дэвшүүлж байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн танилцуулга, намтар, мөрийн хөтөлбөрийг нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нэгтгэн хэвлэж, сонгогчдод хүргэх ажлыг зохион байгуулж болно.

77.17.Өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд нийтлүүлэх сурталчилгааны материал нь энэ хуулийн 77.2.1, 77.2.2-т заасан хэмжээнд хамаарна.

77.18.Энэ хуулийн 77.9-д заасныг зөрчсөн бол доор дурдсан торгууль ногдуулна:

77.18.1.нэр дэвшигч, нам, эвсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

77.18.2.сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагчид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.

77.19.Энэ хуулийн 77.15-д заасныг зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

78 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар ашиглах

78.1.Зурагт самбарыг сонгуулийн сурталчилгаанд ашиглана.

78.2.Зурагт самбар нь бичгийн А3 цаасны хэмжээнээс илүү хэмжээтэй байх бөгөөд томсгосон хэмжээнд хязгаарлалт тавихгүй.

78.3.Зурагт самбарыг зөвхөн нийтийн эзэмшлийн газар буюу гудамж, талбайд сурталчилгааны хугацаанд түр хугацаагаар үнэ төлбөргүйгээр байрлуулна.

78.4.Бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, түүний орон зайг сонгуулийн сурталчилгааны зурагт самбарын зориулалтаар ашиглахгүй.

78.5.Сонгуулийн штаб, ухуулах байр байрлаж байгаагаас бусад байшин, барилга, байгууламжид сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулахгүй.

78.6.Сонгуулийн сурталчилгааны самбар нь дараах төрөлтэй байна:

78.6.1.нэр дэвшигчийн;

78.6.2.нам, эвслийн.

78.7.Нэр дэвшигч болон нам, эвсэл нь сурталчилгааны зурагт самбараа сонгуулийн хэсэг тус бүрд тооны хязгаарлалтгүйгээр байрлуулах эрхтэй.

78.8.Нэг нам, эвслийн нэр дэвшигчид, түүнчлэн нэр дэвшигч, нэр дэвшүүлсэн нам, эвсэл хамтран нэг сурталчилгааны самбар гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд хариуцлагыг хамтран хүлээнэ.

78.9.Зурагт самбарт түүнийг захиалсан этгээдийн нэрийг дурдсан байна.

78.10.Сонгуулийн сурталчилгааны самбарыг хууль бусаар устгах, гэмтээх, бохирдуулахыг хориглоно.

78.11.Энэ хуулийн 78.10-т заасныг зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

79 дугаар зүйл. Намын далбааг сонгуулийн сурталчилгаанд ашиглах

79.1.Нам, эвсэл буюу нам, эвслийн сонгуулийн штаб, нэр дэвшигч буюу нэр дэвшигчийн сонгуулийн штаб нь намын бэлгэ тэмдэг болох намын далбааг сонгуулийн сурталчилгааны явцад ашиглах эрхтэй.

79.2.Намын далбааг ухуулах байр, нэр дэвшигчийн сурталчилгааны самбар, сонгуулийн сурталчилгаанд ашиглах зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгсэл дээр байрлуулж болох бөгөөд бусад газарт байрлуулахыг хориглоно.

79.3.Энэ хуулийн 79.2-т заасныг зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

80 дугаар зүйл. Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх

80.1.Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг сонгуулийн сурталчилгааны хугацаанд багтаан хийнэ.

80.2.Тухайн шатны Засаг дарга сонгуулийн сурталчилгааны уулзалт, хурал, цуглаан зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлж, сонгуульд оролцогч талуудад тэгш хандах үүрэгтэй.

80.3.Дараах байгууллага, хуулийн этгээд сонгуулийн уулзалт, хурал, цуглаан хийхэд зориулж өөрийн эзэмшиж байгаа соёлын төв, биеийн тамирын, хурлын болон бусад байр, танхимыг гаргаж өгөх, үнэ төлбөргүйгээр ашиглуулах үүрэгтэй:

80.3.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

80.3.2.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;

80.3.3.төрийн болон орон нутгийн өмчийн 51 хувь ба түүнээс дээш оролцоотой хуулийн этгээд.

80.4.Энэ хуулийн 80.3-т заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

81 дугаар зүйл. Ухуулах байр ажиллуулах

81.1.Нэр дэвшигч болон нам, эвсэл, тэдгээрийн сонгуулийн штаб нь сонгуулийн хэсэг бүрд хоёроос илүүгүй ухуулах байр ажиллуулна.

81.2.Нэр дэвшигч болон түүнийг нэр дэвшүүлсэн нам, эвслийн ухуулах байр нь хамт байна.

81.3.Ухуулах байрыг доор дурдсан зорилгоор ажиллуулна:

81.3.1.сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлах, танилцуулах;

81.3.2.сонгуулийн сурталчилгааны материалыг сонгогчдод тараах;

81.3.3.уулзалт, хурал зохион байгуулах.

82 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах

82.1.Сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нэвтрүүлэг /цаашид "сурталчилгааны нэвтрүүлэг" гэх/-ийг өргөн нэвтрүүлгийн радио, телевизээр нэвтрүүлж болно.

82.2.Олон нийтийн радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлгийг сонгуулийн төв байгууллагаас сонгуульд оролцогч нам, эвсэл, түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тус бүрээр тогтоосон хуваарь, цагийн дагуу зөвхөн үнэ төлбөргүй нэвтрүүлнэ.

82.3.Сонгуулийн төв байгууллага нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг нам, эвсэлд, түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцож сонгуулийн сурталчилгаа эхлэхээс таваас доошгүй хоногийн өмнө батална.

82.4.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлгийг гэрээний үндсэн дээр нэвтрүүлнэ.

82.5.Сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цаг /60 минут/-аас илүүгүй байна.

82.6.Сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут/-ны хорин таваас илүүгүй хувь /15 минут/ нь нэг нам, эвсэл түүнчлэн нэг нэр дэвшигчид ногдоно.

82.7.Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевиз сурталчилгааны сүүлийн зургаан сарын дундаж төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй байна.

82.8.Улсын болон нийслэлийн хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг дараах баримт мэдээллийн хамт сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ:

82.8.1.сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар тогтоосон нарийвчилсан цагийн хуваарь;

82.8.2.сүүлийн зургаан сарын хугацаанд хийж байсан гурваас доошгүй зар сурталчилгаа /реклам/ нэвтрүүлэх гэрээ;

82.8.3.сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх дундаж үнийн талаарх мэдээлэл.

82.9.Аймаг, сумын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг доор дурдсан баримт мэдээллийн хамт аймгийн сонгуулийн хороонд хүргүүлнэ:

82.9.1.сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар тогтоосон нарийвчилсан цагийн хуваарь;

82.9.2.сүүлийн зургаан сарын хугацаанд хийж байсан гурваас доошгүй зар сурталчилгаа /реклам/ нэвтрүүлэх гэрээ;

82.9.3.сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх дундаж үнийн талаарх мэдээлэл.

82.10.Энэ зүйлд заасан журмын дагуу сонгуулийн байгууллагад сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг бусад баримтын хамт ирүүлсэн телевиз, радио сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй.

82.11.Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг бусад баримтын хамт ирүүлээгүй телевиз, радиогоор сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.

82.12.Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг радио, телевиз нь нэгээс илүү сувагтай бол сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн үндсэн сувгаар нэвтрүүлнэ.

82.13.Сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх радио, телевиз нь сонгуульд оролцогч бүх нэр дэвшигч, нам, эвсэлд тэгш хандах үүрэгтэй.

82.14.Тухайн радио, телевиз мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээ нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй боловч нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээг хоногт таван минутаас хэтрүүлэхийг хориглоно.

82.15.Улс төрийн мэтгэлцээний талаарх нэвтрүүлэг, хөтөлбөр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамаарахгүй боловч уг нэвтрүүлэг, хөтөлбөрт нэг намын бус, түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсхүл өөр өөр нам, эвслийн дөрвөөс доошгүй төлөөлөл оролцсон байна.

82.16.Сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчид шилжүүлэх, радио, телевизээр улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулахыг хориглоно.

82.17.Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмыг сонгуулийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран энэ хуульд нийцүүлэн баталж, мөрдүүлнэ.

82.18.Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж ажиллах ба энэ хуульд заасан зөрчил гаргахгүй байх, гарсан зөрчлийг нэн даруй зогсоох арга хэмжээг цагдаагийн болон сонгуулийн байгууллага, мэргэшсэн төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж болно.

82.19.Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх энэ хуульд заасан журам зөрчсөн радио, телевизэд нэг удаа сануулах арга хэмжээ авах бөгөөд дахин давтвал санал авах өдөр хүртэл үйл ажиллагааг нь тухайн зөвшөөрлийг олгосон байгууллага зогсооно.

82.20.Энэ хуулийн 82.5, 82.6, 82.12, 82.15, 82.16, 82.17-д заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

82.21.Энэ хуулийн 82.5, 82.12, 82.13, 82.17-д заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.

83 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгаанд интернет орчин ашиглах

83.1.Нэр дэвшигч, нам, эвсэл буюу тэдгээрийн сонгуулийн штаб сонгуулийн сурталчилгаанд зориулж сонгуулийн сурталчилгааны цахим хуудас ажиллуулж болно.

83.2.Сонгуулийн сурталчилгааны цахим хуудсаас өөр бусад цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд тухайн цахим хуудсаар зөвхөн сонгуулийн сурталчилгааны цахим хуудсын хаяг, нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр, сонгуулийн уриаг сурталчилна.

83.3.Сонгуулийн сурталчилгааны материалыг цахим хэлбэрээр цахим шуудангаар сонгогчдод хүргүүлж болно.

83.4.Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахад захиалагчийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг заавал дурдана.

83.5.Энэ хуулийн 83.4-т заасан сурталчилгааг явуулахдаа бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг хориглоно.

83.6.Энэ хуулийн 83.4, 83.5-д заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, аливаа этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно.

83.7.Энэ хуулийн 83.4-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, аливаа этгээдийг олж тогтоох боломжгүй бол Харилцаа холбооны зохицуулах хороо тухайн цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн санал хураалтын хугацаа дуустал хязгаарлана.

САНАЛЫН ХУУДАС

84 дугаар зүйл. Саналын хуудас

Энэ зүйлийг 2020-01-30-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

84.1.Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүн гаргах үндсэн баримт бичиг бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

84.1.1.агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчоос саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой;

84.1.2.сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавар агуулсан.

84.2.Сонгуулийн доор дурдсан саналын хуудас байна:

84.2.1.Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудас;

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

84.2.2.Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас;

84.2.3.аймаг, нийслэлийн хурлын сонгуулийн саналын хуудас;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

84.2.4.сум, дүүргийн хурлын сонгуулийн саналын хуудас.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

84.3.Хамт явуулж байгаа сонгуулийн саналын хуудсыг нэг хуудас дээр хэвлэж болно. Энэ тохиолдолд тухайн сонгууль тус бүрийн саналын хуудсыг бие даасан байдлаар ойлгоно.

84.4.Хослон явуулж байгаа сонгуулийн саналын хуудсыг олонхийн, хувь тэнцүүлсэн тус бүрд нь бие даасан байдлаар ойлгоно.

/Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

84.5.Саналын хуудаст нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг жижиг үсгээр, өөрийнх нь нэрийг том үсгээр бичих ба нам, эвсэл нэр дэвшүүлсэн бол тухайн нам, эвслийн нэрийг хашилтад бичнэ.

84.6.Хувь тэнцүүлсэн тогтолцооны сонгуулийн саналын хуудаст нам, эвслийн нэрийг том үсгээр бичнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

84.7.Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудаст нэр дэвшигчийн цээж зураг байна.

84.8.Нам, эвслийн таних тэмдгийг намын нэр болон нэр дэвшигчийн нэрийн харалдаа байрлуулж болно.

84.9.Саналын хуудаст бичигдэх нэр дэвшигч, нам, эвслийн нэрийн талаарх мэдээллийн үнэн зөв байдлыг анх бүртгэсэн байгууллага нь хариуцна.

84.10.Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна.

84.11.Тухайн сонгуулийн саналын хуудасны загвар, тоог сонгуулийн төв байгууллага баталж, эрхлэн хэвлүүлнэ.

84.12.Ээлжит сонгуулиас бусад орон нутгийн хурлын сонгуулийн саналын хуудсыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо эрхлэн хэвлүүлнэ.

84.13.Сонгуулийн төв байгууллага саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.

84.14.Баталсан загвараас өөр, шаардлага хангаагүй саналын хуудас хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно.

84.15.Энэ хуулийн 84.14-т заасныг зөрчсөн үйлдэлд доор дурдсан торгууль ногдуулна:

84.15.1.аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

84.15.2.сонгуулийн байгууллагын ажилтанд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.

85 дугаар зүйл. Саналын хуудаст нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг бичих дараалал

Энэ зүйлийг 2020-01-30-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

85.1.Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудаст нам, эвсэл, тэдгээрийн нэр дэвшигч, бусад нэр дэвшигчийг дараах дарааллын дагуу бичнэ:

85.1.1.намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан, эвслийг түүний бүрэлдэхүүнд орсон намуудын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллын дагуу тэдгээрийн нэр дэвшигчийг;

/Энэ заалтыг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

85.1.2.бие даагчийн тухайд сонгуулийн байгууллагад бүртгүүлсэн дарааллаар.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

85.2.Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудаст Улсын Их Хуралд хамгийн олон суудалтай намаас нэр дэвшсэн нэр дэвшигчээс эхэлж нэр дэвшигчдийг дараалуулан бичнэ. Улсын Их Хурал дахь намуудын суудлын тоо адил бол Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг харгалзан нэр дэвшигчийн нэрийг бичнэ.

85.3.Ерөнхийлөгчийн сонгуульд Улсын Их Хуралд суудал бүхий хэд хэдэн нам хамтарч нэр дэвшүүлсэн бол хамгийн олон суудал авсан намын суудлын тоог харгалзана.

85.4.Орон нутгийн хурлын сонгуулийн саналын хуудаст нам, түүнээс нэр дэвшигч, бусад нэр дэвшигчийг бичихэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудаст бичигдэх дарааллын дагуу бичнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

85.5.Орон нутгийн хурлын сонгуульд нам оролцоогүй бол нэр дэвшигчийн бичиг баримтаа ирүүлсэн цаг хугацааны дарааллын дагуу саналын хуудаст нэр дэвшигчдийг бичнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

86 дугаар зүйл. Саналын хуудсыг хэвлүүлэх, хамгаалах, хадгалах

86.1.Саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцах бөгөөд тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллана.

86.2.Саналын хуудасны аюулгүй байдал хамгаалалт нь дараах үед хуваагдана:

86.2.1.санал авах өдөр хүртэл;

86.2.2.санал авч эхэлснээс хойш санал тоолж дуустал;

86.2.3.санал тоолж дууссанаас хойш.

86.3.Санал хураалт дууссаны дараа тухайн сонгуулийн дүнгийн талаарх мэдээллийг агуулсан саналын хуудаст агуулагдсан мэдээллийн үнэн зөв, аюулгүй байдлыг хангах зорилгоор саналын хуудсыг битүүмжлэх бөгөөд битүүмжлэлийг задлахгүйгээр аймаг, нийслэлийн архивт хадгална.

86.4.Архивт хадгалсан саналын хуудасны битүүмжлэлийг гагцхүү шүүхийн шийдвэрийн дагуу сонгуулийн төв байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан нээж болно.

86.5.Сонгуулийн төв байгууллага саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг энэ хуульд нийцүүлэн баталж, мөрдүүлнэ.

86.6.Энэ хуулийн 86.3, 86.4-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанаас хална.

САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА

САНАЛ АВАХ ГАЗАР, ХУГАЦАА

87 дугаар зүйл. Санал авах газар, хугацаа

87.1.Сонгогчдын саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.

87.2.Санал авах байр сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг уг өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.

87.3.Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга санал авахад шаардлагатай дараах зүйлийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэг хүлээнэ:

87.3.1.санал авах байр;

87.3.2.сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах санал бэлтгэх бүхээг /300 сонгогч тутамд нэг байхаар тооцож/;

87.3.3.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах бүхээг;

87.3.4.суурин болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг;

87.3.5.сонгогчийн бүртгэл дэх зургийг нийтэд болон ажиглагчид үзүүлэх дэлгэц;

87.3.6.хууль тогтоомжид заасан бусад зүйл.

87.4.Харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрд нэг байна.

87.5.Санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хэсэг дэх сонгогчдын тооноос хамааран хоёроос доошгүй тооны санал бэлтгэх бүхээг байх бөгөөд санал авах байр бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгэсэн байна.

87.6.Санал авах байр нь тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна.

87.7.Нэг барилга байгууламж, цогцолборт хэд хэдэн санал авах байр байрлаж болно.

87.8.Санал авах байр санал авах өдрөөс арав хоногийн өмнө тухайн хэсэг дэх санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны дэвсгэр зураг /план/-ийг нийтэд зарлан мэдээлнэ.

87.9.Санал авах байрын байршлыг нийтийн эмх замбараагүй байдал, үер ус, гал түймэр зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас өөрчилж болох бөгөөд энэ тухай нэн даруй сонгогчид мэдээлнэ.

87.10.Санал авах байрыг бэлтгэх заавар, түүнчлэн саналын хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварыг сонгуулийн төв байгууллага батална.

87.11.Санал авах байранд саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна.

87.12.Энэ хуулийн 87.8, 87.9-д заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 87.3-т заасныг зөрчсөн Засаг даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

88 дугаар зүйл. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах газар, хугацаа

88.1.Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг Улсын Их Хурлаас тогтоосон санал авах өдөр, тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд авна.

88.2.Салбар комисс нь санал авах өдөр, цаг, байрыг уг өдөр хүртэлх хугацаанд гадаад улсад байгаа сонгогчдод зарлан мэдээлнэ.

88.3.Тухайн улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн сонгогчоос саналаа нууцаар өгөхөд шаардагдах тооны бүхээг бүхий байр, суурин болон битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө хариуцаж бэлтгэнэ.

88.4.Санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хүрэлцэхүйц тооны санал бэлтгэх бүхээг бэлтгэсэн байна.

88.5.Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг сонгуулийн төв байгууллагаас эрхлэн хэвлүүлсэн саналын хуудсаар авна.

88.6.Сонгуулийн төв байгууллага нь саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн, төв комиссоор дамжуулан салбар комисст гадаад улсад байгаа сонгогчдын санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ.

88.7.Салбар комисс нь саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурна.

88.8.Салбар комисс нь саналын хуудсыг гал ус, гэнэтийн аюулд өртөхөөс урьдчилан сэргийлсэн байранд лацдаж битүүмжлэн хадгална.

88.9.Энэ хуулийн 88.2, 88.7-д заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

САНАЛ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

89 дугаар зүйл. Санал авах байранд санал авах ажиллагаа

Энэ зүйлийг 2016-05-05-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

89.1.Санал авах өдрийн 07.00 цагт санал авах байрны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөлөл, ажиглагчдыг байлцуулан дараах ажиллагааг доор дурдсан дарааллын дагуу гүйцэтгэж тэмдэглэл үйлдэнэ:

89.1.1.тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчдын тоог мэдээлэх;

89.1.2.саналын хуудасны индекс, дугаарыг мэдээлэх;

89.1.3.хүлээн авсан, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад зарцуулсан, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад сонгогч саналаа буруу тэмдэглэсэн үндэслэлээр дахин нэг саналын хуудас авч саналаа гаргасны улмаас хүчингүй болгосон, түүнчлэн алдагдаж үрэгдсэн, устгагдсан, үлдсэн саналын хуудасны тоог мэдээлэх;

89.1.4.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаас бусад санал авах бүх хайрцгийг нээж харуулах, санал тоолох төхөөрөмжийг битүүмжлэх, лацдах, санал авахад бэлэн болгох;

89.1.5.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг нээж, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн сонгогчдын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхдээ зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн регистрийн дугаараар сонгогчийн бүртгэлийн хуудсыг улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнаар гаргуулах.

89.2.Санал авч эхлэхийн өмнөх ажиллагааг дууссаны дараа сонгогчдын саналыг авч эхэлнэ.

89.3.Санал өгөхөөр санал авах байранд ирсэн сонгогч санал авах байранд ажиллах улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд гарын хурууны хээг шалгуулах ба тухайн ажилтан нь иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, түүнчлэн тухайн хэсэг дэх сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.

89.4.Гарын хурууны хээ шалгах автомат төхөөрөмж ажиллахгүй буюу ажиллах боломжгүй болсон, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй сонгогчийн тухайд иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж сонгогчийн бүртгэлийн хуудас олгож болно.

89.5.Сонгогч шилжих журмын дагуу шилжин ирсэн сонгогчийн шилжих хуудсыг давхар шалгаж, сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.

89.6.Сонгогчийн бүртгэлийн хуудас авсан сонгогчид саналын хуудас олгоно.

89.7.Саналын хуудас авсан сонгогчоор сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна.

89.8.Хувь тэнцүүлсэн сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг тухайн нам, эвслээс ирүүлсэн дарааллын дагуу Сонгуулийн ерөнхий хороо жагсаан хэвлэж, сонгогч бүрд өгнө.

/Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

89.9.Санал авах ажиллагаанд сонгуулийн ажиглагч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч байлцаж болно.

89.10.Санал авах байранд нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээд байхыг хориглох бөгөөд энэ нь тэдгээрээс саналаа өгөхөд хамаарахгүй.

89.11.Санал авах өдрийн 22.00 цагт сонгогчдын бүртгэлийг зогсоох бөгөөд бүртгэлийн хуудсаа авсан сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангана.

89.12.Энэ хуулийн 89.10-д заасныг зөрчсөн үйлдэлд доор дурдсан торгууль ногдуулна:

89.12.1.нам, эвслийн сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагчид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

89.12.2.бусад этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.

89.13.Энэ хуулийн 89.1, 89.2, 89.3, 89.5, 89.7, 89.9-д заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

90 дугаар зүйл. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа

90.1.Дараах сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд авна:

90.1.1.эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй;

90.1.2.Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа;

90.1.3.захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;

90.1.4.байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон;

90.1.5.санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал.

90.2.Эрүүл мэндийн байдлын шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.

90.3.Дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан этгээд болон санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд уг хүсэлтийг, байгууллагын тодорхойлолтын хамт байгууллагын удирдлага санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.

90.4.Санал авах байр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг хүлээн авч, тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг шалгаж зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг гаргаж, тэдгээрээс санал авах чиглэл, хуваарийг гаргана.

90.5.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн санал авах байрын хоёроос доошгүй төлөөлөл гишүүн оршин байгаа газарт нь очиж авна.

90.6.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.

90.7.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн иргэний үнэмлэхийг нь шалгасны үндсэн дээр саналын хуудас олгоно.

90.8.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байгаа газар дараах этгээд байхыг зөвшөөрнө:

90.8.1.санал авч байгаа газар нь иргэний орон байр бол тухайн иргэний гэр бүлийн гишүүн;

90.8.2.тухайн газар нь эмнэлэг болон түүнтэй адилтгах байгууллага бол хүнд өвчтөн;

90.8.3.ажиглагч.

90.9.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд хоёроос доошгүй, өөр өөр намын төлөөлөл бүхий ажиглагчийг оролцуулна.

90.10.Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журмыг энэ хуульд нийцүүлэн сонгуулийн төв байгууллага баталж мөрдүүлнэ.

90.11.Энэ хуулийн 90.6, 90.7-д заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

91 дугаар зүйл. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа

91.1.Салбар комиссын бүрэлдэхүүн гадаад улсад байгаа иргэдийн санал авах өдрийн 07.00 цагт сонгогчдын төлөөллийг байлцуулан саналын хайрцгийг нээж харуулан, шалган битүүмжилж, лацадсаны дараа салбар комиссын дарга дараах мэдээллийг хийж тэмдэглэл хөтөлнө:

91.1.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тоо;

91.1.2.хүлээн авсан, алдагдаж үрэгдсэн, устгагдсан, үлдсэн саналын хуудасны тоо;

91.1.3.саналын хуудасны индекс дугаар.

91.2.Салбар комисс санал авахын өмнөх ажиллагааг гүйцэтгэсний дараа санал авах ажиллагааг эхлүүлэх ба ингэхдээ сонгогчийн иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрд саналын хуудсыг дугтуйн хамт олгоно.

91.3.Саналын хуудас авсан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурж баталгаажуулна.

91.4.Гадаад улсад байгаа иргэдийн санал авах бусад ажиллагаанд санал авах байранд санал авах журмыг баримтална.

91.5.Энэ хуулийн 91.2, 91.3-т заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

СОНГОГЧ САНАЛ ӨГӨХ

92 дугаар зүйл. Санал авах байранд санал өгөх

92.1.Сонгогч санал авах байранд өөрийн биеэр ирж, саналаа биечлэн өгнө.

92.2.Сонгогчоос саналаа өгөхөд дараах зүйлийг хориглоно:

92.2.1.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх;

92.2.2.өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;

92.2.3.тухайн санал авах байраас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах;

92.2.4.санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;

92.2.5.саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;

92.2.6.саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах;

92.2.7.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.

92.3.Сонгогч нь саналын хуудасны зааварт заасан тэмдэглэгээний дагуу өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийг тэмдэглэж саналаа өгнө.

/Энэ хэсэгт 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

92.4.Сонгогч саналаа санал бэлтгэх бүхээгт нууцаар тэмдэглэнэ.

92.5.Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглоно.

92.6.Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

92.7.Сонгогч саналаа тэмдэглэсэн саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийсний дараа санал авах байраас гарна.

92.8.Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа санал авах байранд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгч болно.

92.9.Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухай санал авах байранд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч саналаа өгч болно.

92.10.Санал авах байр хураалгасан саналын хуудасны баруун дээд өнцгийг хайчлан, тэмдэглэл хөтлөн хадгална.

92.11.Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болох ба сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан, ажиглагч нь итгэмжлэгдсэн хүн байж болохгүй.

92.12.Санал авах байр нь сонгогчийн саналаа нууцаар өгөх эрхэд нөлөөлөхгүйгээр санал авах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчил гарвал таслан зогсоох арга хэмжээ авна.

92.13.Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

92.14.Сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулах тодорхой арга хэмжээг сонгуулийн төв байгууллага авч хэрэгжүүлж болно.

92.15.Энэ хуулийн 92.10, 92.11-д заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 92.13-т заасныг зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

92.16.Энэ хуулийн 92.2-т заасныг зөрчсөн иргэн, холбогдох бусад этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулна.

93 дугаар зүйл. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх

93.1.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч нь санал бэлтгэх зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэнэ.

93.2.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр хүртэл задлахыг хориглох бөгөөд санал авах өдөр энэ хуулийн 89.1.4-т заасан ажиллагааг дууссаны дараа нээж санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

93.3.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар сонгогч саналаа өгөхөд энэ зүйлд өөрөөр заагаагүй бол санал авах байранд санал өгөх журмыг баримтална.

94 дугаар зүйл. Гадаад улсад байгаа иргэд санал өгөх

94.1.Сонгогч саналын хуудсыг дугтуйн хамт авч, санал бэлтгэх бүхээгт саналын хуудасны зааварт заасан тэмдэглэгээний дагуу өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийг тэмдэглэж саналаа өгнө.

/Энэ хэсэгт 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

94.2.Сонгогч саналаа саналын хуудсанд тэмдэглэсний дараа саналын хуудсыг дугтуйд хийн битүүмжлэн саналын хайрцагт хийнэ.

94.3.Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ алдаа гаргаж, саналын хуудсанд зааснаас өөр, буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа саналын хайрцагт хийхээс өмнө энэ тухайгаа салбар комисст мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа гаргаж болно.

94.4.Салбар комисс хураалгасан саналын хуудасны баруун дээд өнцгийг хайчлан, тэмдэглэл хөтлөн хадгална.

94.5.Гадаад улсад байгаа сонгогч саналаа өгөхөд энэ зүйлд өөрөөр заагаагүй бол санал авах байранд санал өгөх журмыг баримтална.

94.6.Энэ хуулийн 94.4-т заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

САНАЛ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭВИЙН БАЙДАЛ

95 дугаар зүйл. Санал авах, тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах

95.1.Санал авах, тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг сонгуулийн төв байгууллагын дэргэдэх мэдээллийн технологийн төвийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан мэдээллийн технологийн даамал /цаашид "даамал" гэх/ хариуцаж дараах үүргийг гүйцэтгэнэ:

95.1.1.санал авах, тоолох төхөөрөмжөөс дөрвөн метрээс багагүй зайд байрлаж, санал авах, тоолох төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хянаж ажиллах;

95.1.2.санал авах, тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд мэдээллийн технологийн багт шуурхай хандаж тусламж авах, эсхүл санал авах, тоолох хоёр дахь болон нөөц төхөөрөмжид санал авах, тоолох ажиллагааг шилжүүлэх арга хэмжээг нэн даруй авах;

95.1.3.санал авах, тоолох хоёр дахь болон нөөц төхөөрөмж байхгүй тохиолдолд саналын хайрцгийн нүүрэн талын туузан лацыг авч саналын хуудсыг төхөөрөмжийн дор байрлах саналын хайрцагт хийлгэх.

96 дугаар зүйл. Санал авах өдөр зарим аж ахуйн үйл ажиллагааг зогсоох

96.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох ба хэрэгжилтэд аймаг, нийслэлийн Засаг дарга хяналт тавьж ажиллана:

96.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;

96.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;

96.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.

САНАЛ ХУРААЛТЫН ДҮН ГАРГАХ, НЭГТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

САНАЛ ТООЛОХ

97 дугаар зүйл. Санал тоолох

97.1.Хэсэгт санал тоолох ажиллагааг санал авах ажиллагаа дуусмагц эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.

97.2.Санал авах байр санал тоолох ажиллагааг гүйцэтгэхээс өмнө дараах ажиллагааг хийн тэмдэглэл үйлдэнэ:

97.2.1.санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн сонгогчдын тоо нь сонгогчдод олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, тооцоо гаргах;

97.2.2.санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган битүүмжилнэ.

97.3.Санал авах байр санал тоолохын өмнөх ажиллагааг хийсний дараа саналыг тоолно.

97.4.Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.

97.5.Санал авах, тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд тухайн төхөөрөмжид байгаа саналын хуудсыг хоёр дахь, эсхүл нөөц төхөөрөмжид уншуулж тоолох ба санал авах, тоолох төхөөрөмж байхгүй тохиолдолд сонгуулийн төв байгууллагаас баталсан журмын дагуу гар аргаар тоолно.

97.6.Санал авах байр санал тоолох төхөөрөмжөөс санал хураалтын дүнгийн хуудсыг хэвлэж авсны дараа санал хураалтын үр дүнгийн мэдээллийг сонгуулийн төв байгууллагад нэн даруй дамжуулна.

97.7.Санал хураалтын дүн мэдээллийг дамжуулах ажиллагаа явуулахгүй байх, саатуулах, зогсоохыг хориглоно.

97.8.Санал авах байр санал хураалтын дүнг дараах үзүүлэлтээр гаргана:

97.8.1.тухайн хэсэгт бүртгэгдсэн нийт сонгогчдын тоо;

97.8.2.санал өгсөн нийт сонгогчдын тоо;

97.8.3.нэр дэвшигч, бүрийн авсан хүчинтэй саналын тоо;

/Энэ заалтад 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

97.8.4.нэр дэвшигч, бүрийн авсан хүчингүй саналын тоо.

/Энэ заалтад 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

97.9.Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно.

97.10.Санал авахад зарцуулсан болон зарцуулаагүй үлдсэн саналын хуудасны нийлбэр нь тухайн санал авах байр хүлээн авсан нийт саналын хуудасны тооноос зөрвөл санал авах байр шалтгааныг шалгаж тогтоох бөгөөд шаардлагатай гэж үзвэл саналын хуудсыг нэн даруй дахин тоолно.

97.11.Саналын хуудсыг нягтлан тоолоход саналыг тоолохгүй.

97.12.Саналын хуудас дахин тоолох үед зөрүү гарвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, саналын хуудас тоолоход оролцсон сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүн гарын үсэг зурна.

97.13.Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн болон сонгогчдын төлөөллийг оролцуулна.

97.14.Техникийн тооллого хийх журмыг сонгуулийн төв байгууллага батална.

97.15.Санал тоолох цаг болоогүй байхад санал тоолохыг хориглоно.

97.16.Санал тоолж эхэлсэн бол завсарлахыг хориглоно.

97.17.Энэ хуулийн 97.2, 97.3, 97.5, 97.6, 97.10, 97.12-т заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

98 дугаар зүйл. Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох

98.1.Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг сонгуулийн төв байгууллага гүйцэтгэнэ.

98.2.Сонгуулийн төв байгууллага санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22.00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.

98.3.Сонгуулийн төв байгууллага дараах ажиллагааг гүйцэтгэсний дараа битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолж санал хураалтын дүнг гаргана:

98.3.1.Комиссоос ирүүлсэн саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйн нийт тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах;

98.3.2.санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолох.

99 дугаар зүйл. Санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох

Энэ зүйлийг 2020-01-30-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

99.1.Дараах тохиолдолд саналыг хүчингүйд тооцно.

99.1.1.саналын хуудас хэвлэгдсэний дараа хуульд заасан үндэслэлээр нэр дэвшигчийн бүртгэлээс хасагдсан нэр дэвшигчийн төлөө өгсөн санал;

99.1.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэгээс илүү нэр дэвшигчийн төлөө өгсөн санал;

99.1.3.аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуульд тойрогт ногдсон мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө өгсөн санал;

/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

99.1.4.нэгээс илүү нам, эвслийн төлөө өгсөн санал.

/Энэ заалтыг 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

99.2.Сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно.

/Энэ хэсэгт 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

99.3.Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсыг хүчингүйд тооцно.

99.4.Сонгогчийн санал хүчингүй болсон нь саналын хуудсыг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй.

99.5.Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.

САНАЛ ХУРААЛТЫН ДҮН, БУСАД БИЧИГ БАРИМТ ХҮРГҮҮЛЭХ

100 дугаар зүйл. Санал хураалтын дүнг хүргүүлэх

Энэ зүйлийг 2020-01-30-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

100.1.Санал авах байр санал тоолох төхөөрөмжөөс хэвлэсэн тухайн хэсгийн санал хураалтын дүнг уншиж сонсгосны дараа, санал тоолох төхөөрөмжөөс хэвлэсэн санал хураалтын дүнгийн хуудсанд санал авах байрын ахлах зохион байгуулагч гарын үсэг зурж, нэг хувийг сум, дүүргийн сонгуулийн хороонд, сум, дүүргийн сонгуулийн хороо нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд, аймаг нийслэлийн сонгуулийн хороо нь сонгуулийн төв байгууллагад тус тус нэн даруй хүргүүлнэ.

100.2.Санал авах байр санал тоолох төхөөрөмжөөс хэвлэсэн дүнгийн хуудсыг, саналын хуудасны зурган үзүүлэлтийн хамт нам, эвсэл, хамтарсан нам, нэр дэвшигчийн төлөөлөл, төрийн бус байгууллага тус бүрийн нэг ажиглагчид тухайн үед нь өгч болно.

100.3.Санал хураалтын дүнг хүлээн авсан сонгуулийн байгууллага өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээн дэх санал хураалтын дүнг нэгтгэж, нэгтгэсэн дүнг санал хураалтын дүнгийн хуудасны хамт дараагийн шатны сонгуулийн байгууллагад хүргүүлнэ.

100.4.Орон нутгийн хурлын сонгуулийн тухайд сум, дүүрэг, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь тухайн орон нутгийн хурлын сонгуулийн санал хураалтын нэгтгэсэн дүнг үндэслэн өөрөө бие даан сонгуулийн дүнг энэ хуульд заасан журмын дагуу гаргана.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

100.5.Энэ хуулийн 100.1-д заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

101 дугаар зүйл. Сонгуулийн бусад бичиг баримтыг хүргүүлэх

101.1.Санал авах байр саналын хайрцаг /санал тоолох төхөөрөмж/-аас гарсан саналын хуудас, хураагдсан саналын хуудас, зарцуулаагүй саналын хуудсыг тус тусад нь тоолон багцлан боож битүүмжлэн, сонгуулийн бусад баримт бичгийн хамт сум, дүүргийн сонгуулийн хороонд, сум, дүүргийн сонгуулийн хороо нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.

101.2.Энэ хуулийн 101.1-д заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

102 дугаар зүйл. Гадаад улсад байгаа иргэдийн санал авсан саналын хуудас, бусад бичиг баримтыг хүргүүлэх

102.1.Салбар комисс санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн саналын хайрцгийг нээж, битүүмжилсэн саналын дугтуйг дараах журмын дагуу бэлтгэн санал авах ажиллагааны тэмдэглэл болон сонгуулийн бусад баримт бичгийн хамт санал хураалт дууссанаас хойш Төв комиссоор дамжуулан сонгуулийн төв байгууллагад нэн даруй хүргүүлнэ:

102.1.1.санал өгсөн нийт сонгогчийн тоо санал авахад олгосон саналын хуудас бүхий дугтуйны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоог гаргах;

102.1.2.санал авахад зарцуулаагүй үлдсэн болон өөр, буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган битүүмжлэх.

102.2.Салбар комисс санал авах ажиллагааны тухай тэмдэглэлийг хөтөлж бүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж тэмдэг дарах бөгөөд тэмдэглэлд дараах мэдээллийг тусгана:

102.2.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тоо;

102.2.2.саналын хуудас авсан сонгогчдын тоо;

102.2.3.саналын хуудас дахин авсан сонгогчийн тоо;

102.2.4.ажиглагчийн нэрс;

102.2.5.санал авах өдрийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл;

102.2.6.санал авсан газар, тухайн орон нутгийн он, сар, өдөр, цаг, минут.

102.3.Салбар комисс саналын хуудас болон тэмдэглэлийг Комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Төв комисст хүргүүлнэ.

102.4.Энэ хуулийн 102.1-102.3-т заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

АРВАН ГУРАВДУГААР БYЛЭГ

САНАЛ ХУРААЛТ ДАХИН ЯВАГДАХ

103 дугаар зүйл. Хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох

Энэ зүйлийг 2020-01-30-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

103.1.Доор дурдсан зөрчил сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлөхөөр бол зөрчил гарсан хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцно:

103.1.1.гамшиг болон аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

103.1.2.хуульд зааснаас өөр өдөр санал авсан;

103.1.3.санал авсан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, хуульд заасан цагаас өмнө нээсэн;

103.1.4.сонгогчид хүч хэрэглэн дарамт үзүүлсэн аливаа үйлдэл нь сонгогчийн санал, сонгуулийн дүнг гажуудуулахад хүргэсэн;

103.1.5.сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, сонгогч шилжих, санал авах ажлыг зохион байгуулах журмыг зөрчсөн.

103.2.Санал хураалтыг дараах хэмжээгээр хүчингүйд тооцно:

103.2.1.хэсгийн хэмжээнд бүхэлд;

103.2.2.санал авах байранд авсан саналын хэмжээгээр;

103.2.3.зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авсан саналын хэмжээгээр.

103.3.Сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлөх гэдгийг санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг ойлгоно.

103.4.Дараах байгууллага хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцно:

103.4.1.Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд сонгуулийн төв байгууллага;

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

103.4.2.аймаг, нийслэлийн хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

103.4.3.сум, дүүргийн хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

103.5.Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.

103.6.Сонгууль хамт явагдсан тохиолдолд санал хураалтыг хүчингүй болгох эрх бүхий этгээд нь тухайн шийдвэр алинд нь хамааралтайг энэ хуульд нийцүүлэн тогтоон шийдвэрлэнэ.

104 дугаар зүйл. Хэсэгт дахин санал хураалт явуулах

104.1.Хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцсон этгээд дахин санал хураалт явуулах тухай шийдвэр гаргана.

104.2.Дахин санал хураалт явуулах тухай шийдвэрт санал авах байр, өдөр, цагийг заах ба түүнийг амралтын өдөр явуулна.

104.3.Дахин санал хураалтыг энэ тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор явуулна.

104.4.Санал хураалтыг хэсгийн хэмжээгээр хүчингүйд тооцсон бол тухайн хэсгийн нийт сонгогчдыг дахин санал хураалтад оролцуулна.

104.5.Санал авах байр буюу зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авсан саналыг хэсэгчлэн хүчингүйд тооцсон бол зөвхөн санал нь хүчингүй болсон сонгогчдыг дахин санал хураалтад оролцуулна.

104.6.Дахин санал хураалтын ирцийг дахин санал хураалтад оролцсон сонгогчдын ирцийн хувиар хүчинтэйд тооцно.

105 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь санал хураалт явуулах

105.1.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна.

105.2.Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна.

106 дугаар зүйл. Нэмэлт санал хураалт явуулах

106.1.Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна.

106.2.Тухайн сонгуулийн тойрогт сонгуулийн дүн гаргах эрх бүхий сонгуулийн байгууллага нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргана.

106.3.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргасан бол ийнхүү шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулна.

106.4.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрт санал авах байр, өдөр, цагийг заах ба түүнийг амралтын өдөр явуулна.

106.5.Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож саналаа өгнө.

106.6.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргана.

АЖИГЛАГЧ

107 дугаар зүйл. Сонгуулийг ажиглах

107.1.Нам, эвслийн сонгуулийн штабаас нэг хэсэгт дөрөв хүртэл сонгуулийн ажиглагч /цаашид "ажиглагч" гэх/-ийг томилж ажиллуулах эрхтэй.

107.2.Бие даан нэр дэвшигч болон төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах дүрмийн үүрэг, зорилт бүхий төрийн бус байгууллага нь нэг хэсэгт нэг ажиглагч томилон ажиллуулах эрхтэй.

107.3.Ажиглагч нь арван найман нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байна.

107.4.Нэр дэвшигч, төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч ажиглагч байхыг хориглоно.

107.5.Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч нь ажиглагчаар томилогдсон бол сонгуулийн байгууллагын ажиллах болон санал авах байранд сонгуулийн сурталчилгаа, түүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

107.6.Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглахад гадаад улсын иргэн ажиглагч байж болох ба үүнтэй холбогдсон журмыг сонгуулийн төв байгууллага баталж мөрдүүлнэ.

107.7.Ажиглагчийн үнэмлэхийн загварыг сонгуулийн төв байгууллага батална.

107.8.Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж, доор дурдсан баримт бичгийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ:

107.8.1.ажиглагчаар томилсон шийдвэрийн хуулбар;

107.8.2.сонгуулийн төв байгууллагаас баталсан загварын дагуу бөглөсөн ажиглагчийн анкет;

107.8.3.ажиглагчаар томилогдсон этгээдийн нэг хувь цээж зураг.

107.9.Ажиглагчийг бүртгэх хугацаа өнгөрсөн бол санал авах байр ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахгүй буцаана.

107.10.Санал авах байр ажиглагчаар томилогдсон этгээд шаардлага хангасан эсэхийг шалгаж, хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 48 цагийн дотор нягтлан шалгаж, шаардлага хангасан этгээдийг бүртгэж, ажиглагчийн үнэмлэх олгоно.

107.11.Ажиглагч хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж санал авах байрын ажилд хөндлөнгөөс оролцвол санал авах байрын ахлах зохион байгуулагч ажиглагчийн бүртгэлийг хүчингүй болгон, үнэмлэхийг нь хураан авч, санал авах байраас гаргана.

107.12.Ажиглагч бүртгэлээс хасагдсан бол түүнийг томилсон этгээд нь орны хүнийг томилох эрхгүй бөгөөд ийм хүсэлт гаргавал санал авах байр хүлээн авахаас татгалзана.

107.13.Санал авах байрын багтаамжаас хамаарч ажиглагч томилох эрх бүхий этгээдийн томилсон бүх ажиглагч санал авах өдөр санал авах байранд ажиглалт хийх боломжгүй бол санал авах байр хоёроос доошгүй ажиглагчийг санал авах байранд ээлжлэн ажиглалт хийх боломжоор хангах үүрэгтэй.

107.14.Ажиглагч бүртгүүлэх, ажиглагчийн үнэмлэх авахад болон эрхээ эдлэхэд нь холбогдох этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно.

107.15.Энэ хуулийн 107 дугаар зүйлд заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтан болон аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

108 дугаар зүйл. Ажиглагчийн эрх

108.1.Ажиглагч сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох, дүн гаргах үед уг ажлыг сонгуулийн хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглана.

108.2.Ажиглагч дараах эрх эдэлнэ:

108.2.1.сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах;

108.2.2.саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах;

108.2.3.санал авах, тоолох ажлыг ажиглах;

108.2.4.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалт, тэднээс санал авах чиглэл, хуваарь, явцтай танилцах;

108.2.5.санал бэлтгэх бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмж болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;

108.2.6.санал авах байранд санал авах үйл явцыг бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх;

108.2.7.санал авах үйл явцад зөрчил гарвал санал авах байрын ахлах зохион байгуулагчид мэдэгдэж, залруулахыг хүсэх, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтлөх, баримтжуулах, гэрчээр гарын үсэг зуруулах;

108.2.8.дуу болон дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан сонгуулийн үйл явцыг баримтжуулах;

108.2.9.санал авах байрын ахлах зохион байгуулагчаас холбогдох мэдээлэл авах, сонгуулийн байгууллагын үйл ажиллагааг ажиглах;

108.2.10.ажиглалтын тайлангаа нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх;

108.2.11.саналын хуудасны зурган болон тоон үзүүлэлтийг цахим хэлбэрээр хуулбарлан авах;

108.2.12.хууль тогтоомжид заасан бусад.

108.3.Ажиглагчийн эрх нь ажиглагчийн үнэмлэх авснаар эхэлж, сонгуулийн албан ёсны дүн гарснаар дуусгавар болно.

108.4.Энэ хуулийн 108 дугаар зүйлд заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтан болон аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

109 дугаар зүйл. Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглах

109.1.Энэ зүйлд өөрөөр заагаагүй бол гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглахтай холбогдсон харилцаанд сонгууль ажиглах ерөнхий журмыг баримтална.

109.2.Ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагаанд хоёр хүртэл ажиглагчийг томилж ажиллуулж болно.

109.3.Ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа сонгогчдоос санал авах ажиллагаанд ажиглагч томилох бол энэ тухай хүсэлтээ сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.

109.4.Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглахаар томилогдсон ажиглагчийн талаарх мэдээллийг сонгуулийн төв байгууллага холбогдох салбар комисст мэдэгдэх бөгөөд ажиглагч нь гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө салбар комисст бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.

110 дугаар зүйл. Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглах ажиглагчийн эрх

110.1.Ажиглагч нь санал авах үед уг ажиллагааг сонгуулийн хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглан хянах бөгөөд дараах эрх эдэлнэ:

110.1.1.сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах;

110.1.2.саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах;

110.1.3.санал бэлтгэх бүхээг, битүүмжилсэн саналын хайрцаг болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;

110.1.4.санал авах байранд сонгуулийн санал авах үйл явцыг бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх;

110.1.5.салбар комиссын гишүүдээс холбогдох мэдээлэл авах;

110.1.6.ажиглалтын тайлангаа Дипломат албаны тухай, Төрийн нууцын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй агуулга, хэлбэртэйгээр нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх.

110.2.Энэ хуулийн 110 дугаар зүйлд заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтан болон аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

ӨРГӨДӨЛ, НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ

111 дугаар зүйл. Өргөдөл, нэхэмжлэл гаргах эрх

Энэ зүйлийг 2020-01-30-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

111.1.Сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан аливаа этгээд сонгуулийн байгууллагад өргөдөл, мэдээлэл /цаашид "өргөдөл" гэх/ гаргах эрхтэй.

111.2.Өөрийн зөрчигдсөн гэж үзэж байгаа эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, сэргээн тогтоолгохоор сонгуулийн байгууллагад бичгээр болон амаар хандсаныг өргөдөл гэж ойлгоно.

111.3.Өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй боловч сонгуулийн хууль тогтоомж зөрчигдсөн болон уг зөрчлийг арилгах асуудлаар сонгуулийн байгууллагад бичгээр болон амаар хандсаныг мэдээлэл гэж ойлгоно.

111.4.Сонгуулийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-ны улмаас эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн аливаа этгээд нь доор дурдсан журмаар шүүхэд нэхэмжлэл /гомдол/ гаргах эрхтэй:

111.4.1.орон нутгийн хурлын сонгуулийн тухайд тухайн шатны сонгуулийн хороонд холбогдуулан захиргааны хэргийн анхан шатны шүүхэд;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

111.4.2.Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд сонгуулийн төв байгууллагад холбогдуулан захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар.

/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

111.5.Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

111.6.Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд энэ хуульд өөрөөр заагаагүй бол холбогдох хууль тогтоомжийг баримтална.

111.7.Гэмт хэрэг үйлдэгдсэн талаар гомдол, мэдээлэл гаргах, түүнийг шийдвэрлэхэд энэ хууль хамаарахгүй.

112 дугаар зүйл. Өргөдөл гаргах

112.1.Сонгуулийн байгууллагад өргөдөл гаргахад энэ хуулийг баримтална.

112.2.Сонгуулийн байгууллагад өргөдөл гаргагч нь өргөдөлд доор дурдсан мэдээллийг тусгах буюу хавсаргана:

112.2.1.өргөдөл гаргасан хүний нэр, эцгийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар /хоёр ба түүнээс дээш хүн гаргасан бол хүн тус бүрээр/;

112.2.2.өргөдөл гаргагч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

112.2.3.шуудангийн хаяг;

112.2.4.холбоо барих хоёроос доошгүй утасны дугаар /өөрийн болон зайлшгүй шаардлагатай үед дамжуулан холбоо барьж болох этгээдийн/;

112.2.5.цахим шуудангийн хаягтай бол цахим шуудангийн хаяг;

112.2.6.төлөөлөгч томилсон бол төлөөлөгчийн нэр, эцгийн нэр, төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар;

112.2.7.өргөдөл гаргах үндэслэл, түүний нотолгоо, баримт, түүнчлэн ямар асуудал шийдвэрлүүлэхийг хүсч байгаа талаар.

112.3.Цаг хугацаа, орон зайнаас хамаарч өргөдлийг факсаар гаргаж болно.

113 дугаар зүйл. Нэхэмжлэл гаргах

Энэ зүйлийг 2020-01-30-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

113.1.Шүүхэд нэхэмжлэл гаргах, түүнийг шийдвэрлэхэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай[14] хуульд заасныг баримтална.

113.2.Хуульд зааснаас гадна нэхэмжлэлд дараах мэдээллийг тусгах буюу хавсаргах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:

113.2.1.нэхэмжлэл гаргасан хүний нэр, эцгийн нэр, нотариатаар гэрчлүүлсэн иргэний үнэмлэхийн хуулбар;

113.2.2.шуудангийн хаяг;

113.2.3.холбоо барих хоёроос доошгүй утасны дугаар /өөрийн болон зайлшгүй шаардлагатай үед дамжуулан холбоо барьж болох этгээдийн/;

113.2.4.цахим шуудангийн хаягтай бол цахим шуудангийн хаяг;

113.2.5.нэхэмжлэгчийг төлөөлөх төлөөлөгч томилсон бол төлөөлөгчийн нэр, эцгийн нэр, төлөөлөгчийн нотариатаар гэрчлүүлсэн иргэний үнэмлэхийн хуулбар;

113.2.6.нэхэмжлэгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр, нотариатаар гэрчлүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

113.2.7.нэхэмжлэл гаргах үндэслэл, түүний нотолгоо, баримт, түүнчлэн ямар асуудал шийдвэрлүүлэхийг хүсч байгаа талаар.

113.3.Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх бөгөөд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргана.

113.4.Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх гэж уг шийдвэр сонгуулийн байгууллагын цахим хуудсанд байрших, байгууллагын мэдээллийн самбарт нээлттэй гарахыг ойлгох бөгөөд хуульд заасан бол шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарласан байхыг мөн ойлгоно.

113.5.Сонгуулийн байгууллагад гаргасан өргөдлийг энэ хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан бол шийдвэрлэж дуусахаар хуульд заасан өдрөөс эхэлж нэхэмжлэл гаргах хугацааг тоолно.

113.6.Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахгүй.

ӨРГӨДӨЛ ШИЙДВЭРЛЭХ

114 дугаар зүйл. Өргөдөл шийдвэрлэх

114.1.Сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авсан зохих шатны сонгуулийн байгууллага өөрийн эрх хэмжээний асуудал мөн бол гурав хоногийн дотор шийдвэрлэнэ.

114.2.Иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдлийн дагуу шийдвэрлэсэн сонгуулийн байгууллагын шийдвэрийг өргөдөл гаргагчид нэн даруй мэдэгдэнэ.

114.3.Энэ хуулиар эрх хэмжээ олгоогүй асуудлаар ирүүлсэн өргөдлийг тухайн сонгуулийн байгууллага хүлээн авахаас татгалзаж, өргөдлийг буцаана.

114.4.Сонгуулийн зохион байгуулалт, дотоод үйл ажиллагаатай холбоотой гаргасан өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл өргөдөл гаргагч дээд шатны сонгуулийн байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлнэ.

114.5.Дээд шатны сонгуулийн байгууллага гэдгийг дараах байдлаар ойлгоно:

114.5.1.Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн байгууллага-аймаг, нийслэлийн сонгуулийн байгууллага -сонгуулийн төв байгууллага гэж;

/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

114.5.2.аймаг, нийслэлийн хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн байгууллага-аймаг нийслэлийн сонгуулийн байгууллага гэж;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

114.5.3.сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн байгууллага.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

НЭХЭМЖЛЭЛ ШИЙДВЭРЛЭХ

115 дугаар зүйл. Нэхэмжлэл шийдвэрлэх

Энэ зүйлийг 2020-01-30-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

115.1.Орон нутгийн хурлын сонгуультай холбогдуулан тухайн шатны сонгуулийн хороонд холбогдох маргааныг тухайн сонгуулийн хороо байрлаж байгаа нутаг дэвсгэрийн захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

115.2.Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан сонгуулийн төв байгууллагад холбогдох энэ хуулийн 111.5-д зааснаас бусад эрх зүйн маргааныг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар, Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

115.3.Нэхэмжлэл хүлээн авсан шүүхийн шүүгч хэрэг үүсгэх эсэх асуудлыг нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор шийдвэрлэнэ.

115.4.Сонгуулийн маргаанаар үүссэн захиргааны хэргийг шүүх 30 хоногийн хугацаанд шийдвэрлэх бөгөөд нэг удаа арваас илүүгүй хоногоор хугацааг сунгаж болно.

115.5.Сонгуулийн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гарсан бол хүлээн авсан өдрөөс хойш тухайн шатны шүүх 21 хоногийн дотор шийдвэрлэнэ.

115.6.Сонгуулийн төв байгууллагад холбогдох маргааныг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэхдээ гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж шийдвэр гаргана.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

115.7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар шийдвэрлэсэн шийдвэрт гаргасан гомдлыг Улсын дээд шүүх давж заалдах журмаар таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж тогтоол гаргана.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

115.8.Энэ хуульд заасан маргааны тухайд нэхэмжлэлийг хүлээн авахаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргахгүй.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/

ЗӨРЧИЛ ШИЙДВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

116 дугаар зүйл. Зөрчлийн талаар гомдол, мэдээлэл гаргах

116.1.Энэ хуульд заасан захиргааны зөрчил гарсан талаар аливаа этгээд тухайн орон нутаг дахь цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргана.

116.2.Энэ хуульд заасан захиргааны зөрчил гарсан талаар аливаа этгээд сум, сум дундын шүүх, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид шууд гомдол, мэдээлэл гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд зөрчлийн талаарх үйл баримт, нотлох баримтыг хавсаргана.

117 дугаар зүйл. Зөрчил шалгах

117.1.Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана.

117.2.Энэ хуульд заасан захиргааны зөрчлийн талаар шууд ирүүлсэн гомдол, мэдээллийг шүүгч шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл шүүгч гомдол, мэдээлэлд дурдсан үйл баримт, нотлох баримтыг шалгуулахаар тухайн орон нутаг дахь цагдаагийн байгууллагад даалгавар өгнө.

118 дугаар зүйл. Зөрчил хянан шийдвэрлэх

118.1.Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг шалгаж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад тухайн зөрчилд оролцогч тус бүрийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож шийдвэрлэнэ.

119 дугаар зүйл. Шийтгэвэр, захирамжид гомдол гаргах

Энэ зүйлийг 2019-12-20-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

119.1.Захиргааны зөрчлийн асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн шийтгэвэр, захирамжид гаргасан гомдлыг захиргааны зөрчлийн хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

/Энэ бүлгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

138 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн сонгууль

138.1.Ерөнхийлөгчийн сонгууль нь Монголын ард түмэн засгийн эрх мэдлээ хэрэгжүүлэх үндсэн дээр төрийн тэргүүнээ сонгох үндсэн арга мөн.

138.2.Ерөнхийлөгч нь дөрвөн жилийн хугацаатай сонгогдоно.

138.3.Ерөнхийлөгч нь нэг удаа улиран сонгогдох эрхтэй.

ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ

139 дугаар зүйл. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам

139.1.Дараах этгээд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй:

139.1.1.Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа;

139.1.2.Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд хамтран.

139.2.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж тав хоногийн хугацаанд дуусгана.

139.3.Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

139.3.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй;

139.3.2.хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх;

139.3.3.нэр дэвшигч компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;

139.3.4.ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх.

139.4."Монгол Улсын уугуул иргэн" гэж Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш тус улсын харьяат хэвээр байгааг ойлгоно.

139.5."Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан" гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно.

139.6.Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.

139.7.Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн хамтарсан намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно.

139.8.Нам аливаа нэг намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно.

140 дугаар зүйл. Нам дангаар нэр дэвшүүлэх

140.1.Намын Их Хурал, эсхүл намын төлөөллийн төв байгууллага Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ.

140.2.Нам дангаар нэр дэвшүүлэхдээ нэр дэвшүүлэх нийтлэг журмаас гадна доор дурдсан журмыг баримтална:

140.2.1.тухайн хүний Ерөнхийлөгч байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, Ерөнхийлөгчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзэх;

140.2.2.эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх үйл ажиллагаа явуулахыг хориглох;

140.2.3.нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн хуралдааны шийдвэрт дараах зүйлийг нэг бүрчлэн тусгах:

140.2.3.а.намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага, гишүүдийн тоо;

140.2.3.б.хуралдаанд оролцсон гишүүдийн ирц;

140.2.3.в.нэр дэвшиж байгаа хүн бүрийн авсан саналын тоо, хувь.

140.3.Нам нэр дэвшүүлэх асуудлаар энэ хуульд нийцүүлэн өөрсдийн дотоодод мөрдөх журмыг тогтоон мөрдүүлнэ.

141 дугаар зүйл. Намууд хамтарч нэр дэвшүүлэх

141.1.Намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх тухай асуудлыг нам тус бүр намын төлөөллийн төв байгууллагынхаа хуралдаанаар шийдвэрлэнэ.

141.2.Хамтарч нэр дэвшүүлэх тухай нам тус бүрийн намын төлөөллийн төв байгууллагын хуралдаанаас гарах шийдвэрт тухайн намын дарга гарын үсэг зурснаар намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх тухай асуудал шийдвэрлэгдсэнд тооцно.

141.3.Намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх тухай шийдвэрт дараах асуудлыг тусгана:

141.3.1.хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллагад тухайн намаас оролцох хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, тоо;

141.3.2.хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллагыг удирдах бүрэлдэхүүнд орох хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, тоо;

141.3.3.сонгуулийн зардлын санд тухайн намаас оруулах хөрөнгийн хувь, хэмжээ.

141.4.Хамтарсан намуудын сонгуульд төлөөлөх байгууллага нэр дэвшүүлэхдээ энэ хуульд заасан нийтлэг болон намаас нэр дэвшүүлэх журмыг баримтлан Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ.

141.5.Намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн бол тухай намууд дангаараа болон бусад намтай хамтран Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй.

142 дугаар зүйл. Нэр дэвшигч, түүнийг бүртгэх

142.1.Нэр дэвшүүлсэн нам, хамтарсан намуудын сонгуульд төлөөлөх байгууллага нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан дараах баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ:

142.1.1.нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, тэмдэглэл;

142.1.2.нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл;

142.1.3.нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг;

142.1.4.өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг;

142.1.5.өр төлбөргүй болох тухайн нэр дэвшигчийн талаарх татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт;

142.1.6.төрийн жинхэнэ албан хаагч байсан хүний тухайд ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт, түүнчлэн ажил албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар;

142.1.7.нэр дэвшигчийн намтар

142.1.8.сонгуулийн мөрийн хөтөлбөр;

142.1.9.төрсний гэрчилгээ /хэрэв төрсний гэрчилгээ байхгүй бол Монгол Улсын уугуул иргэн болохыг нотолсон архивын лавлагаа/;

142.1.10.сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай хилийн албаны тодорхойлолт;

142.1.11.нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харьяат болохыг нотлох иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг

142.1.12.нэр дэвшигчийн эрүүл мэндийн талаарх эмнэлгийн дүгнэлт;

142.1.13.нэр дэвшигчийн намтар;

142.1.14.нэр дэвшүүлсэн нам, хамтарсан намуудын дүрэм.

142.2.Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн бүртгүүлэх маягт, баримт бичгийн загварыг батална.

142.3.Шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг сонгуулийн төв байгууллага эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно.

142.4.Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэхдээ нам, хамтарсан намуудын ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана.

142.5.Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

142.6.Нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 30 хоногийн өмнө нэг өдөр олгоно.

142.7.Нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш нэр дэвшүүлсэн нам нь тухайн нэр дэвшигчийг татах, нэр дэвшигч өөрөө нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно.

142.8.Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш ажлын гурван өдрийн дотор нийт нэр дэвшигчийг улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.

143 дугаар зүйл. Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах

143.1.Дараах тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана:

143.1.1.хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй;

143.1.2.нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй;

143.1.3.өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн;

143.1.4.нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол;

143.1.5.сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс хойш нэр дэвшигчийг бүртгэх хүртэл хугацаанд энэ хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан;

143.1.6.нэр дэвшүүлэх ажиллагаа энэ хуулиар тогтоосон журмыг зөрчиж явагдсан.

143.2.Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд энэ хуулийн 139.1-д заасан этгээд санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, эсхүл энэ хуульд заасан журмын дагуу өөр хүний нэрийг дэвшүүлэн шаардагдах бичиг баримтыг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ.

144 дугаар зүйл. Нөхөн нэр дэвшүүлэх

144.1.Нэр дэвшигч нас нөгчсөн, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд санал авах өдрөөс 30 хоногийн өмнө нөхөн нэр дэвшүүлж болно.

144.2.Нөхөн нэр дэвшүүлснээс хойш нэг хоногийн дотор нөхөн нэр дэвшүүлсэн талаарх шийдвэрээ нам, хамтарсан намууд сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ.

144.3.Нөхөн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа энэ хуулиар тогтоосон журамд нийцсэн бол сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг нэн даруй бүртгэж энэ тухай нийтэд мэдээлнэ.

145 дугаар зүйл. Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах

145.1.Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ.

145.2.Энэ зүйлд зааснаас өөр үндэслэлээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасахгүй.

СОНГУУЛИЙН ДҮН

146 дугаар зүйл. Анхан шатны сонгуулийн дүн гаргах

146.1.Сонгуулийн төв байгууллага сонгуулийн орон нутгийн байгууллагуудаас ирүүлсэн санал хураалтын дүнг үндэслэн нэр дэвшигчдийн авсан нийт саналыг нэр дэвшигч тус бүрээр болон нийт дүнгээр гаргана.

147 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах

147.1.Анхан шатны сонгуульд оролцож санал нь тоологдсон нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш арав хоногийн дотор сонгуулийн төв байгууллага Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

147.2.Улсын Их Хурал олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

ДАХИН СОНГУУЛЬ

148 дугаар зүйл. Анхан шатны сонгуулийн санал хураалтыг хүчингүй болсонд тооцох, дахин сонгууль явуулах

148.1.Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тохиолдолд анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцно.

148.2.Нэр дэвшигчдийн хэн ч олонхийн санал аваагүйн улмаас анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцсон бол ийнхүү шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин сонгуулийг товлон зарлана.

149 дугаар зүйл. Дахин сонгууль явагдах бусад үндэслэл

149.1.Хэсэгт дахин явагдсан санал хураалт хүчингүй болсон бөгөөд тэр нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байвал сонгууль хүчингүйд тооцогдож, дахин сонгууль явуулна.

149.2.Сонгуулийн дүн гаргаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан бол дахин сонгууль явуулна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ ХУГАЦААНААС ӨМНӨ ДУУСГАВАР БОЛОХ

150 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох

Энэ зүйлийг 2020-01-30-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

150.1.Дараах тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно:

150.1.1.огцорсон;

150.1.2.нас барсан;

150.1.3.чөлөөлөгдсөн.

150.2.Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон бол ээлжит бус сонгуулийг энэ хуульд нийцүүлэн сонгуулийн төв байгууллага зохион байгуулна.

ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬ

/Энэ бүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

ХАРИУЦЛАГА

165 дугаар зүйл. Хариуцлага хүлээлгэх

165.1.Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд энэ хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

165.2.Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

165.3.Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

165.4.Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад эдийн болон эдийн бус хохирол учирсан бол гэм буруутай этгээдэд Иргэний хууль, бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

165.5.Энэ хуульд заасан зөрчлийг шалгах, хянан шийдвэрлэх нь тухайн асуудлыг эрүүгийн байцаан шийтгэх журмаар шалгахад саад болохгүй.

166 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

166.1.Энэ хуулийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.