ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ
Шүүх, хууль сахиулах, процесс · 304 зүйл · хүчин төгөлдөр · хэсэг 2/3 (94–206-р зүйл) · legalinfo.mn ↗
94 дугаар зүйл. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах дараалал
94.1.Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгө байхгүй тохиолдолд уг хуулийн этгээдийн хөрөнгө хэний эзэмшилд байгаагаас үл хамааран дараахь хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах ажиллагаа явуулна:
94.1.1.мөнгөн хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамааралгүй хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээнд шууд хэрэглэгдэхгүй бусад материал, үнэт зүйл;
94.1.2.бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамааралгүй хөрөнгийн эрх;
94.1.3.бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамааралгүй үл хөдлөх хөрөнгө;
94.1.4.бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамаарал бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, бараа, материал, бусад түүхий эд, техник, тоног төхөөрөмж, үнэт цаас.
95 дугаар зүйл. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн өмчлөлийн бусдын эзэмшилд байгаа мөнгөн болон бусад хөрөнгөөс төлбөр гаргуулах
95.1.Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн банкан дахь харилцах данс, хадгаламжид байгаа үнэт металл, эрдэнийн чулуу, үнэт цаас, мөнгөн хөрөнгө, түүнчлэн төлбөр төлөгчөөс бусдад, бусдаас төлбөр төлөгчид бэлэн ба бэлэн бусаар шилжүүлсэн хоорондын төлбөр тооцооны мөнгөнөөс төлбөр гаргуулж болно.
96 дугаар зүйл. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх
96.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч-хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж, энэ тухай мэдэгдлийг улсын бүртгэлийн байгууллагад даруй хүргүүлнэ.
96.2.Мэдэгдэлд уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ, тоо, хэмжээ, байршил, төлбөр авагчийн шаардсан мөнгөн дүнгийн тухай мэдээллийг тусгана.
96.3.Мэдэгдлийн хуулбарыг татварын байгууллагад хүргүүлнэ.
96.4.Улсын бүртгэлийн байгууллага нь энэ хуулийн 96.1-д заасан мэдэгдлийг хүлээн авсан тохиолдолд тухайн битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг тодорхойлсон лавлагааг ажлын 3 өдрийн дотор мэдэгдэл өгсөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст ирүүлнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
97 дугаар зүйл. Төлбөр төлөгч-хуулийн этгээд өөрчлөн зохион байгуулагдах үед төлбөр гаргуулах
97.1.Төлбөр төлөгч-хуулийн этгээд нийлэх, нэгдэх, тусгаарлах, хуваагдах, өөрчлөгдөх замаар өөрчлөн зохион байгуулагдсан тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу тухайн байгууллагын мөнгөн хөрөнгө болон бусад эд хөрөнгөөс төлбөр гаргуулна.
98 дугаар зүйл. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болох үед төлбөр гаргуулах
98.1.Төлбөр төлөгч-хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан зэргээр үйл ажиллагааг нь зогсоосон тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ.
98.2.Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийн шаардлагаас илүү гарсан хэмжээгээр хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ талаар дампуурлын хэрэг гүйцэтгэгчид мэдэгдэнэ.
98.3.Шийдвэр гүйцэтгэгч битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийн үнэ нь гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагын хэмжээнээс илүүгүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор албадан борлуулах, эсхүл төлбөрт суутган шилжүүлэх тухай шийдвэр гаргана.
98.4.Шаардлагыг нь хангасан гүйцэтгэх баримт бичгийг дампуурлын хэрэг гүйцэтгэгч, эсхүл татан буулгах комисст хүргүүлнэ.
98.5.Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд дампуурлын хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 44.2-т заасан аливаа арга хэмжээг гүйцэтгэхгүй. Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдуулан татан буулгах ажиллагаа эхлүүлсэн, эсхүл дампуурлын хэрэг үүсгэснээс хойш гүйцэтгэх баримт бичиг олгосон, эсхүл ирүүлсэн баримт бичгийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ.
98.6.Татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авмагц Иргэний хууль, Дампуурлын тухай хуульд заасан журмын дагуу төлбөр авагчид, эсхүл гүйцэтгэх баримт бичиг ирүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлнэ.
98.7.Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд дампуурлын хэрэг үүсгэн дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлснээр үйл ажиллагаа нь сэргэж төлбөрийн чадвартай болсон боловч төлөвлөгөөний хугацаа дуусахад төлбөрийг барагдуулж дуусаагүй тохиолдолд дампуурлын хэрэг гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст шилжүүлнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
98.8.Төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч өөрийн шилжүүлсэн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах талаар татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хуульд нийцсэн эсэхийг шалгаж болно.
ЭД ХӨРӨНГИЙН БУС ШААРДЛАГЫГ ХАНГАХ ИРГЭНИЙ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА
99 дугаар зүйл. Тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгасан шийдвэрийг гүйцэтгэх
99.1.Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан хөрөнгийн бус шаардлагыг даруй биелүүлэх үүрэгтэй.
99.2.Шаардлагыг биелүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай, эсхүл тодорхой хугацаанд уг шаардлагыг биелүүлэхээр шийдвэрт заасан бол төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан хугацаанд, эсхүл уг шаардлагыг биелүүлэхэд шаардагдах ердийн боломжит хугацаанд биелүүлнэ.
99.3.Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бөгөөд шүүх гүйцэтгэх баримт бичиг олгосон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн тухай мэдэгдэж, гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг сайн дураар биелүүлэх хугацааг хуульд нийцүүлэн тогтоож, биелүүлээгүй тохиолдолд төлбөр төлөгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай сануулна.
99.4.Төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй нь илт бөгөөд төлбөр төлөгчид энэ хуулийн 99.3-т заасны дагуу хугацаа тогтоох нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах үндэслэлтэй тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг даруй эхлүүлнэ.
100 дугаар зүйл. Орон байр, барилгаас нүүлгэн гаргах, байр, агуулах сав, газар чөлөөлөх, барилга байгууламжийг нураах тухай шийдвэрийг гүйцэтгэх
100.1.Орон байр, барилга, агуулах, савыг төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээд, түүний хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн, тэдгээрийн эд хөрөнгө, мал, гэрийн тэжээвэр амьтнаас чөлөөлж, төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээдэд албадан чөлөөлсөн үл хөдлөх хөрөнгийг цаашид эзэмших, ашиглахыг хориглож, төлбөр авагчид хүлээлгэн өгснөөр орон байрнаас нүүлгэн гаргах тухай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэнд тооцно.
100.2.Газрыг төлбөр төлөгч буюу албадан нүүж байгаа этгээдийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөс чөлөөлж, албадан чөлөөлсөн газрыг цаашид эзэмших, ашиглахыг хориглож, төлбөр авагчид хүлээлгэн өгснөөр газар чөлөөлөх тухай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэсэнд тооцно. Тухайн газар дээрх төлбөр төлөгч буюу албадан нүүж байгаа этгээдийн барилга байгууламжийг нураах, буулгах арга хэмжээг гүйцэтгэх баримт бичигт энэ тухай тусгайлан заасан тохиолдолд гүйцэтгэнэ.
100.3.Гүйцэтгэх баримт бичигт заасан барилга байгууламжийг нураах, буулгах болон барилгын үлдэгдэл хог хаягдлаас газрыг цэвэрлэх ажиллагаа явуулснаар барилга байгууламжийг албадан нураах тухай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэсэнд тооцно.
100.4.Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай хугацаатай мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч албадан нүүлгэх өдөр, цагийг тогтоосон мэдэгдлийг нүүн гарвал зохих этгээдэд өгнө.
100.5.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 100.1, 100.2-т заасан ажиллагааг гүйцэтгэхдээ төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээд, хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулж, шаардлагатай бол сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөл, баг, хорооны Засаг даргыг оролцуулна. Шаардлагатай бол шийдвэр гүйцэтгэгч уг ажиллагааны үед хариуцах эзэнд нь шилжүүлээгүй эд зүйл, хөрөнгийг хадгалах бөгөөд холбогдох зардлыг төлбөр төлөгч хариуцна.
100.6.Төлбөр төлөгч энэ хуулийн 100.5-д заасан эд зүйл, хөрөнгийг 2 сарын хугацаанд аваагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч түүнд урьдчилан мэдэгдэж хуульд заасан журмын дагуу худалдан борлуулна. Худалдан борлуулах ажиллагааны үр дүнд бий болсон мөнгөн хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлөхөд зарцуулж, үлдсэн хэсгийг төлбөр төлөгчид олгоно.
100.7.Шийдвэр гүйцэтгэгч энэ зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэхэд цагдаагийн байгууллага болон мэргэжлийн бусад байгууллагын туслалцаа авч болно. Туслалцаа авахтай холбогдсон зардлыг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд тооцно.
100.8.Нүүн гарах этгээд албадан нүүлгэх мэдэгдэлд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилга, орон байранд байхгүй, эсхүл албадан чөлөөлөх барилга, орон байр бусдын ашиглалтад байгаа нь шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй.
100.9.Энэ хуулийн 100.8-д заасан тохиолдолд нүүн гарах этгээдийн эд хөрөнгийг нь битүүмжлэн зохих этгээдэд хадгалуулахаар хүлээлгэн өгч, барилга, орон байрыг чөлөөлнө.
100.10.Жилийн аль ч улиралд албадан нүүлгэх ажиллагааг гүйцэтгэж болох бөгөөд энэ хуулийн 27.2.4-т заасан үндэслэлийн дагуу уг ажиллагааг түдгэлзүүлж болно.
100.11.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 100.7-д заасан арга хэмжээний зардлыг төлбөр авагчийн зөвшөөрснөөр түүнээс гаргуулан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлаас нөхөн олгуулж болно.
101 дугаар зүйл. Төлбөр авагчийг байр, барилга байгууламжид нүүлгэн оруулах тухай шийдвэрийг албадан гүйцэтгэх
101.1.Төлбөр авагчийг гүйцэтгэх баримт бичигт заасан байр, барилга байгууламжид нүүлгэн оруулж, цаашид хэвийн ашиглах боломж, нөхцөлийг бүрдүүлснээр байр, барилга байгууламжид нүүлгэн оруулах тухай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэнд тооцно.
102 дугаар зүйл. Хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид шилжүүлэх, тэдгээртэй уулзуулах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх
102.1.Хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид шилжүүлэх зэрэг төлбөр төлөгчид тодорхой үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхгүй байх үүрэг хүлээлгэсэн шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэнэ.
102.2.Хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид шилжүүлэхэд гүйцэтгэх баримт бичигт заасан шилжүүлэн авах эрх бүхий этгээдийг шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалах болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хүлээлгэн өгнө.
102.3.Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрт нийцүүлэн хүүхдийг гүйцэтгэх баримт бичигт заасан эрх бүхий этгээдтэй саадгүй уулзуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэх асуудлаар талуудын хооронд гэрээ хийлгэснээр гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэнд тооцно.
102.4.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 102.3-т заасны дагуу байгуулсан гэрээнд хяналт тавина. Хэрэв төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэх зорилгоор байгуулсан гэрээг зөрчсөн бол энэ хуульд заасан журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх, дахин явуулах эсэхийг шийдвэрлэнэ.
103 дугаар зүйл. Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжүүлсэн ажилтныг эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг гүйцэтгэх
103.1.Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжүүлсэн ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг ажил олгогч уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн ажлын өдөрт багтаан биелүүлэх үүрэгтэй.
103.2.Энэ хуулийн 103.1-д заасан хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэх тухай мэдэгдлийг ажил олгогчид хүргүүлж, тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд энэ хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.
103.3.Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно.
103.4.Хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсаны улмаас шийдвэрийг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч тухайн баримт бичгийг шүүхэд буцаах тухай шийдвэр гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлнэ.
103.5.Энэ хуулийн 103.4-т зааснаас бусад ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.
ТӨЛБӨРТ ГАРГУУЛСАН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ХУВААРИЛАХ, ТӨЛБӨР АВАГЧИЙН ШААРДЛАГЫГ ХАНГАХ
104 дугаар зүйл. Гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх
104.1.Шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг төлбөр төлөгчөөс хураан авч, төлбөр авагчид шилжүүлж энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
104.2.Шийдвэрт нэр заасан тодорхой хөрөнгө бусдын ашиглалт, эзэмшилд байгаа нь шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй.
105 дугаар зүйл. Төлбөрт гаргуулсан мөнгөн хөрөнгийг хуваарилах
105.1.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураан авсан, төлбөр авагчид шилжүүлбэл зохих мөнгөн хөрөнгийг ажлын 3 өдрийн дотор төлбөр авагчид шилжүүлнэ.
105.2.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс гаргуулан авсан /үүний дотор төлбөр төлөгчийн эд хөрөнгийг худалдан борлуулснаас бий болсон/ мөнгөн хөрөнгөөс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг эхний ээлжид төлүүлж, бусад мөнгөн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлнэ.
105.3.Гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг хангасны дараа үлдсэн мөнгөн хөрөнгийг төлбөр төлөгчид буцааж олгоно.
105.4.Төлбөрт гаргуулсан мөнгөн хөрөнгө нь хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг нэгэн зэрэг хангахад хүрэлцэхгүй бол энэ хуулийн 112 дугаар зүйлд заасан дарааллыг баримтлан гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангана.
106 дугаар зүйл. Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн худалдан борлуулсан хөрөнгөтэй холбогдсон эрх
106.1.Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу худалдан борлуулсан хөрөнгөөс шаардлагаа хангуулахаар тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гомдол гаргах эрхтэй.
107 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэгч бэлэн мөнгө хүлээн авах
107.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөрт бэлэн мөнгө хүлээн авах, түүнийг төлбөр авагчид олгохдоо энэ тухай баримтыг хоёр хувь үйлдэж, үйлдсэн он, сар, өдрийг бичиж, гарын үсэг зуруулан, төлбөр төлөгчид нэг хувийг өгч, нэг хувийг нь хувийн хэрэгт хавсаргана.
107.2.Бэлэн мөнгө хүлээн авах баримт нь нэгдсэн дугаартай, хэвлэмэл маягт байна.
107.3.Бэлэн мөнгө хүлээн авсан баримт нь ямар нэгэн засваргүй байна.
107.4.Шийдвэр гүйцэтгэгч нь хүлээн авсан бэлэн мөнгийг төв суурин газарт 24 цаг, хөдөө орон нутагт 72 цагийн дотор төлбөр авагчид олгож, эсхүл шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлнэ.
107.5.Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно.
108 дугаар зүйл. Гаргуулсан төлбөрийг олгох
108.1.Шийдвэр гүйцэтгэгч гаргуулсан төлбөрийг төлбөр авагчийн банкан дахь дансанд бэлэн бусаар шилжүүлэх, эсхүл төлбөр авагчид бэлнээр хүлээлгэн өгөх ба дансны дугаар тодорхойгүй тохиолдолд мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлнэ.
108.2.Гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох бөгөөд шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгчтэй хамтран батална.
109 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын данснаас мөнгө олгох
109.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд мөнгө шилжиж орсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчид мэдэгдэх, мөнгийг олгох ажиллагааг даруй гүйцэтгэх бөгөөд төлбөр авагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа /оршин байгаа/ хаяг тодорхойгүй, эсхүл буруу хаягаар шилжиж орсон бол тодруулах ажиллагаа хийнэ.
109.2.Дансанд мөнгө шилжүүлэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаягийг үнэн зөв, тодорхой бичих үүрэгтэй ба хаягийг буруу бичсэнээс гарсан нэмэгдэл зардлыг буруутай этгээд хариуцна.
110 дугаар зүйл. Хүүхдийн тэтгэлгийн мөнгийг олгох
110.1.Хүүхдийн тэтгэлгийн мөнгийг дараахь журмаар олгоно:
110.1.1.төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос суутгал хийсэн хүн, хуулийн этгээд түүнийг төлбөр авагчид бэлнээр олгох, эсхүл харилцах болон хадгаламжийн дансанд шилжүүлэх;
110.1.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжиж орсон тэтгэлгийн мөнгийг банкаар дамжуулан төлбөр авагчид бэлнээр олгох, эсхүл түүний хадгаламжийн дансанд, эсхүл өөрийнх нь заасан дансанд шилжүүлэх.
110.2.Хүүхдийн тэтгэлгийн мөнгөнд тооцон төлбөр төлөгчөөс гаргуулан авсан эд хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж, эсхүл шилжүүлнэ.
111 дугаар зүйл. Төлбөрийг хэсэгчлэн гүйцэтгэх
111.1.Төлбөр төлөгчөөс гаргуулсан хөрөнгө нь төлбөрийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй байгаа тохиолдолд төлбөрийг хэсэгчлэн гүйцэтгэж болно.
112 дугаар зүйл. Хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг хангах дараалал
112.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс гаргуулсан хөрөнгө, мөнгө нь нэгэн зэрэг /нэг гүйцэтгэх баримт бичгээр/ шаардлага гаргасан хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг нэгэн зэрэг хангахад хүрэлцэхгүй бол төлбөр авагч нэг бүрийн авах төлбөрийн хэмжээгээр хувь тэнцүүлэн олгоно.
112.2.Хүүхдийн тэтгэлэг, бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөрийг дараалал харгалзахгүй тэргүүн ээлжид олгоно.
112.3.Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална.
112.4.Дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах нь эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг хангуулах төлбөр авагчийн ашиг сонирхолд хамааралгүй бол энэ хуулийн 112.3-т заасан дарааллыг баримтлахгүй.
113 дугаар зүйл. Төлбөрийг биелүүлсэнд тооцох
113.1.Төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно.
113.2.Төлбөр авагчид зохих хөрөнгийг шилжүүлсэн тухай баримт бичгийг гардуулж, гүйцэтгэх баримт бичгийг хаана.
114 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд мөнгө хадгалах
114.1.Төлбөр авагчийн хаяг тодорхойгүйгээс олгогдоогүй мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд нийтэд зарласнаас хойш дараахь хугацаанд хадгална:
114.1.1.иргэнд олгох бол 3 жил;
114.1.2.хуулийн этгээдэд шилжүүлэх бол 1 жил.
114.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байгаа мөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.
114.3.Энэ хуулийн 114.1-д заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд мөнгийг улсын төсөвт шилжүүлнэ.
114.4.Төлбөр авагчийн хаяг, дансны дугаар тодорхой болсон, эсхүл төлбөр авагч хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 114.3-т зааснаар улсын төсөвт шилжүүлсэн мөнгийг хугацаа харгалзахгүйгээр буцаан олгоно.
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН, ГАДААД УЛСЫН БОЛОН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХОЛБООТОЙ ИРГЭНИЙ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА
115 дугаар зүйл. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улсын болон олон улсын байгууллагатай холбоотой иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа
115.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улсын Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хөрөнгө, олон улсын байгууллага, тэдгээрийн хөрөнгөтэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд Монгол Улсын олон улсын гэрээ, энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтална.
115.2.Шийдвэр гүйцэтгэгч гадаад улсын иргэн, гадаад улсын Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хөрөнгө, олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газрын хөрөнгөд холбогдуулан иргэний шийдвэр гүйцэтгэх аливаа ажиллагаа явуулахын өмнө тухайн этгээд, түүний хөрөнгө нь Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаар халдашгүй дархан эрх, ямба эдлэх эсэхийг тогтооно.
115.3.Энэ хуулийн 115.2-т заасныг тогтооход хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар уламжлуулан гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас мэдээлэл авч болно.
115.4.Энэ хуулийн 115.2-т заасан асуудал нь хэрэг маргааныг шийдвэрлэх шатанд тогтоогдсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 115.3-т заасан ажиллагааг явуулахгүй.
115.5.Гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн болон гадаад улсын, олон улсын байгууллага, гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэнтэй холбоотой шийдвэрийг гүйцэтгэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу тухайн төлбөр төлөгч, түүний хөрөнгийн талаар мэдээлэл цуглуулах, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр төлөгчийн байнгын оршин сууж байгаа, эсхүл хөрөнгө нь оршин байгаа гадаад улсын шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх чиг үүрэг бүхий байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлнэ.
116 дугаар зүйл. Гадаад улсын болон олон улсын шүүх, арбитрын шийдвэрийг гүйцэтгэх
116.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсын, олон улсын шүүх, арбитрын шийдвэрийг гүйцэтгэх журмыг энэ хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлно.
117 дугаар зүйл. Гадаад улсын болон олон улсын байгууллагын хөрөнгийг битүүмжлэх, хураах
117.1.Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдоогүй бол төлбөр төлөгч-гадаад улсын хөрөнгийг Монгол Улсын олон улсын гэрээнд заасан журмын дагуу битүүмжлэх, хураан авах, төлбөрт суутгах ажиллагааг гүйцэтгэнэ.
117.2.Төлбөр төлөгч-гадаад улс Монгол Улсын нутаг дэвсгэрт өмч хөрөнгөтэй эсэхийг тогтоох зорилгоор төрийн холбогдох байгууллага, албан тушаалтнаас лавлагаа, тодорхойлолт авна.
117.3.Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улсын, олон улсын байгууллага, тэдгээрийн эд хөрөнгөтэй холбогдуулан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй үндэслэл тогтоогдсон тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно.
ИРГЭНИЙ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ, ГҮЙЦЭТГЭСЭН ШИЙДВЭРИЙГ ЦУЦЛАХ
118 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал
118.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон зайлшгүй гарах энэ хуульд заасан зардлыг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэнэ.
118.2.Дараахь зардал иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд хамаарна:
118.2.1.төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэх, худалдан борлуулахад зарцуулсан зардал;
118.2.2.төлбөр төлөгч, түүний нуусан эд хөрөнгийг эрэн сурвалжлах, олж илрүүлэхэд зарцуулсан зардал;
118.2.3.иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд тогтоосон журмын дагуу оролцсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас бусад оролцогч нарын ажлын хөлс;
118.2.4.илгээмж, шуудан, холбоо, хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхтэй холбогдон гарсан зардал;
118.2.5.иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гүйцэтгэсэн бусад ажиллагааны зардал.
118.3.Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлнэ.
118.4.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, улсын төсөв, төлбөр авагч болон бусад оролцогчид олгоно.
118.5.Төлбөрийн шаардлагыг хэсэгчлэн хангасан бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тэр хэмжээгээр талууд хуваан төлнө.
118.6.Гүйцэтгэх баримт бичигт зааснаар хэд хэдэн төлбөр авагч, төлбөр төлөгч байгаа бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тэднээс хуваан гаргуулна.
118.7.Тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэх, гэмт хэргийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой болон төлбөрийн чадваргүй төлбөр авагчид холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
118.8.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуулийн 29.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгосон бол түүний зардлыг улсын төсвөөс гаргана.
118.9.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох, зарцуулах, төлбөр авагчид буцаан олгох журмыг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
118.10.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн гаргана.
118.11.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын талаархи мэдээлэл нь тухайн ажиллагааг үүсгэсэн бүхий л хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад нээлттэй байна.
119 дугаар зүйл. Гүйцэтгэсэн шийдвэрийг цуцлах
119.1.Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлнэ.
119.2.Гүйцэтгэх баримт бичиг нь хүчингүй болсонд тооцогдсоны улмаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсны зардлыг улсын төсвөөс гаргана.
ИРГЭНИЙ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ТАЛУУДЫН БОЛОН БУСАД ОРОЛЦОГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ
120 дугаар зүйл. Хуулийн этгээдээс гүйцэтгэх баримт бичгийн дагуу тогтоосон хугацаанд суутгал хийгээгүй үед төлбөр авагчийн эрхийг хамгаалах
120.1.Тухайн хуулийн этгээдийн буруутай үйлдлээс шалтгаалан төлбөр төлөгчид олгуулахаар тогтоосон хугацаанд суутгал хийгээгүй бол хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
121 дугаар зүйл. Гүйцэтгэх баримт бичгийн дагуу тогтоосон хугацаанд суутгал хийгээгүй үед төлбөр авагчийн эрхийг хамгаалах
121.1.Гүйцэтгэх баримт бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийн дагуу тогтоосон хугацаанд суутгал хийх үүрэг бүхий хуулийн этгээдийн буруутай үйлдлээс шалтгаалан тогтоосон хугацаанд суутгал хийгдээгүй бол төлбөр авагч гэм буруутай этгээдээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
122 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяалал
122.1.Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно.
122.2.Хүн, хуулийн этгээд хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
122.3.Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй.
122.4.Энэ хуулийн 55.7, 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй.
122.5.Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана.
ЗАХИРГААНЫ БОЛОН ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ТАЛААРХИ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАЛААРХИ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА
123 дугаар зүйл. Захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг биелүүлэх
123.1.Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч биелүүлэх үүрэгтэй.
123.2.Захиргааны байгууллагын шийдвэрийг энэ хууль болон Захиргааны ерөнхий хуулийн Наймдугаар бүлэгт заасан журмын дагуу гүйцэтгэнэ.
123.3.Хариуцагч захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч түүнийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хандаж гүйцэтгэх хуудас олгуулна.
124 дугаар зүйл. Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацаа
124.1.Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь хугацаа өнгөрсөн тохиолдолд захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй:
124.1.1.энэ хуулийн 6.3.1, 6.3.3, 6.3.4-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3 жил;
124.1.2.энэ хуулийн 6.3.2-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан.
124.2.Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 124.1.1-д заасан хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдвол хэтрүүлсэн хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6-д заасан журмын дагуу сэргээх бөгөөд энэ тухай шийдвэр гарснаас хойш 3 сарын дотор гүйцэтгэх баримт бичиг олгуулахаар шүүхэд хандана.
124.3.Хариуцагч гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхээс зайлсхийсэн хугацааг энэ хуулийн 124.1.1-д заасан хугацаанд тооцохгүй.
124.4.Гүйцэтгэх баримт бичгийг нэхэмжлэгчид буцаасан тохиолдолд хугацааг энэ хуулийн 18.7-д заасны дагуу тоолно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
125 дугаар зүйл. Гүйцэтгэх баримт бичиг, түүнд тавигдах шаардлага
125.1.Гүйцэтгэх баримт бичигт энэ хуулийн 6.3.1, 6.3.2, 6.3.3-т заасан шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шүүхээс олгосон гүйцэтгэх хуудас, энэ хуулийн 6.3.4-т заасан шүүхийн шийдвэр хамаарна.
125.2.Гүйцэтгэх баримт бичиг нь энэ хуулийн 20.1, 20.2-т заасан шаардлагыг хангасан байна.
126 дугаар зүйл. Гүйцэтгэх хуудсыг шууд олгох
126.1.Шүүх дараахь тохиолдолд шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудсыг шууд олгоно:
126.1.1.урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай;
126.1.2.ажлаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн, шилжүүлсний нөхөн олговор олгуулах тухай;
126.1.3.захиргааны актыг түдгэлзүүлэх тухай;
126.1.4.шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаанаас хамаарч хүн, хуулийн этгээдэд ноцтой хохирол учрахаар бол түүний хүсэлтээр;
126.1.5.хуульд заасан бусад.
127 дугаар зүйл. Гүйцэтгэх хуудас олгох
127.1.Хэргийн оролцогч хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхэд гаргана.
127.2.Гүйцэтгэх хуудсыг бичсэний дараа шүүгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор тогтоож, энэ тухай мэдэгдэл гаргаж, хариуцагчид хүргүүлнэ.
127.3.Энэ хуулийн 127.2-т заасан шүүхийн мэдэгдэлд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх хугацаа, тогтоосон хугацааны дотор шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгэх арга хэмжээ болон оногдуулах хариуцлагын талаар тусгана.
127.4.Шүүх гүйцэтгэх хуудас бичигдсэнээс хойш ажлын 3 өдрийн дотор гүйцэтгэх баримт бичиг, шүүхийн мэдэгдлийн хувийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
127.5.Шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнийг гүйцэтгүүлэх арга, журам тодорхойгүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүх, бусад байгууллага, албан тушаалтанд хандаж тайлбар гаргуулах эрхтэй.
128 дугаар зүйл. Захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих
128.1.Бүх шатны Засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газар нь доод шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэрийн биелэлтэд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд хяналт тавьж, харилцан хамтран ажиллана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
128.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр уламжлан энэ хуульд заасан хугацаанд захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын агентлагийн дарга, Засгийн газраас томилогдож, чөлөөлөгддөг бусад албан тушаалтны асуудлыг Засгийн газарт, Улсын Их Хурлаас томилогдож, чөлөөлөгддөг албан тушаалтны асуудлыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд танилцуулна.
129 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх
129.1.Энэ хуулийн 20.3-т заасан буцаах үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна.
129.2.Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын талаар шүүхэд гомдол гаргахгүй.
129.3.Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяаллыг энэ хуулийн 22, 24 дүгээр зүйлд заасны дагуу тогтооно.
130 дугаар зүйл. Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах
130.1.Шүүгч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан бол түүнийг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарах хүртэл захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж болно.
130.2.Ахлах шийдвэр гүйцэтгэгч захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараахь үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлнэ:
130.2.1.нэхэмжлэгч-иргэн нас барсан, эсхүл нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцогдсон, хариуцагч-хуулийн этгээд, нэхэмжлэгч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан бол тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон иргэний эрх залгамжлагч, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй иргэнд асран хамгаалагчийг тогтоох хүртэл;
130.2.2.тухайн захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тохиолдолд түүнийг шийдвэрлэх хүртэл;
130.2.3.хариуцагч-хуулийн этгээдийг татан буулгах ажиллагааг эхлүүлсэн;
130.2.4.энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл.
130.3.Энэ хуулийн 130.2-т зааснаас бусад үндэслэлээр захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно.
130.4.Энэ хуулийн 130.2-т заасан үндэслэл арилсан тохиолдолд нэхэмжлэгч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гарган захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна.
131 дугаар зүйл. Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох
131.1.Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана:
131.1.1.гүйцэтгэх баримт бичиг, эсхүл түүний үндэслэл болох шийдвэрийг хүчингүйд тооцох тухай шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэр гарсан;
131.1.2.нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан;
131.1.3.хариуцагч гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн биелүүлсэн;
131.1.4.хариуцагч-хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан үед түүний эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй;
131.1.5.хариуцагч-хуулийн этгээдэд, хариуцагч-албан тушаалтан гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй болсон нь шүүхээр тогтоогдсон;
131.1.6.нэхэмжлэгч-иргэн нас барсан, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон;
131.1.7.нэхэмжлэгч-хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан үед түүний эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй.
132 дугаар зүйл. Захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа
132.1.Хариуцагч шүүхийн мэдэгдэлд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ тухай олон нийтэд мэдээлж, шаардлагатай бол биелүүлэх хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болно.
132.2.Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн мэдэгдэлд заасан хугацаа, эсхүл энэ хуулийн 132.1-д заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон бол тухайн хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй захиргааны байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах арга хэмжээ авахыг даалгасан мэдэгдэл хүргүүлнэ.
132.3.Захиргааны байгууллагын дансанд байгаа мөнгө нь төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд төлбөрийг дараагийн жилийн төсөвт тусгаж, барагдуулна.
132.4.Захиргааны байгууллага төлбөрийг энэ хуулийн 132.3-т заасны дагуу дараагийн жилийн төсөвт тусгаж, барагдуулаагүй бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтан болон төрөөс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.
132.5.Гүйцэтгэгдсэн шийдвэрийг хүчингүй болгосон бол энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасан журмын дагуу гүйцэтгэсэн ажиллагааг цуцална.
133 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцох
133.1.Захиргааны байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт нь хамаарах асуудлаар шүүхийн шийдвэрт заасан захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актыг гаргах, эсхүл шүүхийн шийдвэр, мэдэгдэлд заасан үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлсэн бол шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно.
133.2.Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй.
134 дугаар зүйл. Захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүй болгох тухай, тэдгээрийг илт хууль бус болохыг тогтоосон шийдвэрийг биелүүлэх
134.1.Захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүй болгох тухай, тэдгээрийг илт хууль бус болохыг тогтоосон тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүйд тооцох бөгөөд тэдгээрийг дахин хэрэглэхгүй.
134.2.Захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээ энэ хуулийн 134.1-д заасны дагуу хүчингүйд тооцогдсоноор бусад этгээдийн эрх ашиг, сонирхолд нөлөөлөх бол тухайн захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хуульд нийцүүлэн энэ хуулийн 127.2-т заасан хугацааны дотор дахин гаргах, байгуулах үүрэгтэй.
134.3.Захиргааны байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 134.1-д заасан шийдвэрийн талаар эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд тэдгээр нь тодорхойгүй тохиолдолд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, улсын нэгдсэн бүртгэлд зохих өөрчлөлтийг оруулна.
134.4.Энэ хуулийн 134.3-т заасны дагуу олон нийтэд мэдэгдсэнээс хойш хүчингүйд тооцсон захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээгээр эрх олгогдсон хүн, хуулийн этгээд уг эрхээ хэрэгжүүлсний улмаас бусдад учруулсан хохирлоо өөрөө хариуцна.
134.5.Иргэн, хуулийн этгээд захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хууль бус болохыг урьдчилан мэдэж байсан, эсхүл түүнийг хүчингүйд тооцсоныг мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан боловч хүчингүйд тооцсон захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээгээр олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн бол энэ хуулийн 134.4-т заасан хариуцлагаас чөлөөлөхгүй.
134.6.Шийдвэр гүйцэтгэгч хүчингүйд тооцсон захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хэрэгжүүлэхгүй байх талаар уг захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг үндэслэн тодорхой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, эрх олгох эрх бүхий байгууллага, хариуцагч болон гуравдагч этгээдэд мэдэгдэл хүргүүлж, биелэлтийг хангуулна.
135 дугаар зүйл. Захиргааны акт гаргахыг даалгасан, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэх
135.1.Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрт заасан захиргааны актыг шүүхийн шийдвэрт өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 127.2-т заасан хугацаанд гаргах үүрэгтэй.
135.2.Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрт заасан захиргааны актыг гаргаснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно.
136 дугаар зүйл. Төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасган тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэх
136.1.Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрт өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 127.2-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрт нийцүүлэн урьд гаргасан захиргааны актаар тогтоосон төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулна.
136.2.Урьд гаргасан захиргааны актаар тогтоосон төлбөрийг нэхэмжлэгч төлж барагдуулсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр тогтоосон зөрүүг захиргааны байгууллага нэхэмжлэгчид буцаан олгоно.
137 дугаар зүйл. Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэх
137.1.Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрт өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 127.2-т заасан хугацаанд хууль бус болох нь тогтоогдсон захиргааны үйл ажиллагааг зогсоох үүрэгтэй.
ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ТАЛААРХИ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХ
138 дугаар зүйл. Зөрчлийн хэргийн талаархи шийдвэрийг гүйцэтгэх
138.1.Шийтгүүлсэн этгээд зөрчлийн хэргийн талаархи хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хууль болон шийтгэл, албадлагын арга хэмжээ оногдуулах тухай шийдвэрт өөрөөр заагаагүй тохиолдолд даруй биелүүлэх үүрэгтэй.
138.2.Зөрчлийн хэргийн талаархи шийдвэрийг шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан, хэрэв шүүх гаргасан бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэнэ.
138.3.Зөрчлийн хэргийн талаархи шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол тухайн шийдвэрийг гаргасан байгууллага, албан тушаалтан гүйцэтгэнэ.
138.4.Энэ хуулийн 138.3-т заасан байгууллага, албан тушаалтан зөрчлийн хэргийн талаархи шийдвэрийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэх арга хэмжээ авах бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн эрх эдлэхгүй.
138.5.Шийтгүүлсэн этгээдэд холбогдуулан гарсан хэд хэдэн шийдвэрийг тус тусад нь гүйцэтгэнэ.
139 дугаар зүйл. Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл
139.1.Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үндэслэл нь шүүхээс гүйцэтгэх хуудас олгосон энэ хуулийн 6.4.2, 6.4.3, 6.4.4, 6.4.6-д заасан шийдвэр, энэ хуулийн 6.4.1, 6.4.5-д заасан шийдвэр байна.
139.2.Шийтгүүлсэн этгээд зөрчлийн хэргийн талаархи шийдвэрийг тогтоосон хугацаанд үл биелүүлсэн, эсхүл оргон зайлсан бол шийтгэл оногдуулсан албан тушаалтан шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хандана.
139.3.Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэх хуудас олгосон тохиолдолд 7 хоногийн дотор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ.
139.4.Энэ хуулийн 139.1-д заасныг гүйцэтгэх баримт бичигт тооцох бөгөөд энэ хуулийн 20.1, 20.2-т заасан шаардлагад нийцсэн байна.
140 дугаар зүйл. Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх хугацаа
140.1.Энэ хуулийн 6.4-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй.
140.2.Шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн, оргон зайлсан хугацааг энэ хуулийн 140.1-д заасан хугацаанд оруулан тооцохгүй.
140.3.Энэ хуулийн 140.1-д заасан хугацааг гүйцэтгэх баримт бичгийг буцааснаас эхлэн шинээр тоолно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
141 дугаар зүйл. Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээх
141.1.Энэ хуулийн 20.3-т заасан буцаах үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна.
141.2.Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын талаар шүүхэд гомдол гаргахгүй.
141.3.Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяаллыг энэ хуулийн 22, 24 дүгээр зүйлд заасны дагуу тогтооно.
142 дугаар зүйл. Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох, түдгэлзүүлэх
142.1.Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуулийн 27.1.1, 27.1.2, 27.1.4, 27.2.1, 27.2.3, 27.2.5, 27.2.6-д заасан үндэслэлээр түдгэлзүүлж, энэ хуулийн 29.1.1, 29.1.3, 29.1.5, 29.1.7, 29.1.8-д заасан үндэслэлээр дуусгавар болгоно.
142.2.Гүйцэтгэгдсэн шийдвэрийг хүчингүй болгосон бол энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасан журмын дагуу гүйцэтгэсэн ажиллагааг цуцална.
143 дугаар зүйл. Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг гүйцэтгэх
143.1.Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.
143.2.Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэлийг дангаар нь оногдуулахаар заасан зөрчилд шийтгүүлсэн этгээд энэ хуулийн 143.1-д заасан хугацаанд торгуулийг төлж барагдуулаагүй бол энэ хуулийн 139.3, 139.4-т заасны дагуу гүйцэтгэх хуудас олгуулж, албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлнэ.
143.3.Өсвөр насны хүнд оногдуулсан торгох шийтгэлийг Иргэний хуулийн 503.5, 503.6-д заасны дагуу түүний эцэг, эх, харгалзан дэмжигч төлж, барагдуулах үүрэгтэй.
144 дугаар зүйл. Баривчлах шийтгэл оногдуулсан шийдвэрийг гүйцэтгэх нийтлэг үндэслэл
144.1.Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрээр оногдуулсан баривчлах шийтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэнэ.
144.2.Баривчлах төв нь хуулийн этгээдийн эрх эдэлнэ.
144.3.Баривчлах төв болон баривчлах байр /цаашид "баривчлах байр" гэх/ нь баривчлах шийтгэлийг эдлүүлэх зориулалтын өрөө, тасалгаа, харуул хамгаалалт бүхий барилга байгууламжтай байх бөгөөд баривчлагдсан этгээдийн байрлах өрөө нь энэ хуулийн 209.1-д заасан шаардлагыг хангасан байна.
144.4.Баривчлагдсан этгээдийг энэ хуулийн 208.1, 208.2-т заасны дагуу тус тусад нь байрлуулах бөгөөд баривчлах байрны нөхцөл болон бусдын эрүүл мэндэд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд баривчлагдсан этгээдийг ганцаарчлан хорихыг хориглоно.
144.5.Баривчлах байр нь тусгаарлах тасалгаатай байх бөгөөд түүнд шилжүүлэх журмыг энэ хуулийн 230.1, 230.2-д заасанд нийцүүлэн баривчлах байрны дотоод журмаар тогтооно.
144.6.Гадаадын иргэнийг саатуулах тухай шүүхийн шийдвэрийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
145 дугаар зүйл. Баривчлах байрны дотоод журам
145.1.Баривчлах байрны дотоод журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
145.2.Баривчлах байрны дотоод журамд дараахь асуудлыг тусгана:
145.2.1.баривчлагдсан этгээдийг хүлээн авах, байрлуулах, суллах;
145.2.2.баривчлах байранд хөтлөх бүртгэл, түүний агуулга;
145.2.3.баривчлах байрны өрөөнд байлгахыг зөвшөөрөх эд зүйл;
145.2.4.баривчлагдсан этгээдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;
145.2.5.уулзалт хийх, утсаар яриулах, илгээмж, захидал хүлээн авах, хуваарилах, гадаалах;
145.2.6.харуул хамгаалалтын ажлын зохион байгуулалт, эрүүл ахуйн шаардлага;
145.2.7.баривчлагдсан этгээдийн бие, эд зүйлд үзлэг хийх, тэдгээрийг хураан авах, хадгалах, хүлээлгэн өгөх;
145.2.8.баривчлах байранд байсан хугацааны шууд зардлыг тооцох;
145.2.9.захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх ажлыг зохион байгуулах;
145.2.10.баривчлагдсан этгээдэд чөлөө олгох;
145.2.11.баривчлагдсан этгээдийг хөдөлмөрлүүлэх;
145.2.12.баривчлах байрны үйл ажиллагаанд хяналт тавих.
146 дугаар зүйл. Баривчлагдсан этгээдийн эрх зүйн байдал
146.1.Баривчлагдсан этгээд нь баривчлах шийтгэл эдлэх хугацаандаа баривчлах байрны захиргаа, түүний алба хаагчийн хяналтад байх бөгөөд энэ хуулийн 210.1.1, 210.1.2, 210.1.3, 210.1.5, 210.1.9, 210.1.10, 210.1.11, 210.1.12, 210.1.13, 210.1.15-д заасан эрх эдэлж, энэ хуулийн 211 дүгээр зүйлд заасан үүрэг хүлээнэ.
146.2.Энэ хуулийн 146.1-д заасан хяналтыг хэрэгжүүлэхэд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн болон хуулиар хориглоогүй бусад тоног төхөөрөмжийг ашиглаж болно.
146.3.Баривчлагдсан этгээд 7 хоногт нэг удаа 1 цаг хүртэл хугацаагаар бусадтай уулзалт хийж, нэг удаа илгээмж авч, нэг удаа захидал илгээж болно.
146.4.Баривчлагдсан этгээд өдөрт 1 цагаас доошгүй хугацаагаар гадаалах, биеийн тамирын дасгал хийх болон 7 хоногт нэг удаа 5 минутаас ихгүй хугацаагаар утсаар ярьж болно.
146.5.Баривчлагдсан этгээд энэ хуулийн 146.3, 146.4-т заасантай холбогдох зардлыг өөрөө хариуцна.
147 дугаар зүйл. Баривчлах шийтгэлийг эдлүүлэх нөхцөл, ахуйн хангамж
147.1.Баривчлагдсан этгээд нь Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 24.1, 24.4-д заасан ахуйн хангамжаар, энэ хуулийн 231.6-д заасан хэмжээний илчлэгтэй хоол, хүнсний зүйл болон хувцас, хэрэгцээтэй үедээ хэрэглэх ундны усаар хангагдана.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
147.2.Баривчлах байр нь энэ хуулийн 203.8-д заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хэсэгтэй байх бөгөөд баривчлагдсан этгээдэд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүргүүлнэ.
147.3.Баривчлагдсан этгээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай бол түүнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлж, прокурорт мэдэгдэнэ. Баривчлагдсан этгээдийн эмнэлэгт хэвтсэн болон чөлөөтэй байсан хугацааг шийтгэл эдэлсэн хоногт тооцохгүй бөгөөд баривчлагдсан этгээд нь баривчлах байранд өөрийн зардлаар ирэх үүрэгтэй.
147.4.Баривчлагдсан этгээд нь баривчлах байранд өөрөө хүрэлцэн ирээгүй тохиолдолд цагдаагийн байгууллагатай хамтран албадан ирүүлж, гарсан зардлыг тухайн этгээд, түүний батлан даагчаар төлүүлнэ.
147.5.Баривчлах байр нь баривчлагдсан этгээдийн зан үйлд нөлөөлөх, зөрчлийг давтан гаргахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулна.
147.6.Шүүгчийн баривчлах шийдвэрт заасан хугацаа дууссан, эсхүл хугацаанаас өмнө суллах тухай шүүгчийн шийдвэрийг хүлээн авмагц баривчлагдсан этгээдийг даруй суллана.
147.7.Баривчлагдсан этгээд болон түүний ар гэрт нь гачигдал гарсан тохиолдолд холбогдох материалыг үндэслэн баривчлах байрны даргын тушаалаар баривчлагдсан этгээдэд 7 хүртэл хоногийн чөлөө олгож болно.
147.8.Чөлөө авсан баривчлагдсан этгээд батлан даагчтай байна. Батлан даагч баривчлагдсан этгээдийг чөлөөний хугацаа дууссан, эсхүл эмнэлгээс гарсан даруйд баривчлах байранд хүлээлгэн өгөх үүрэгтэй.
147.9.Баривчлагдсан этгээдэд чөлөө олгосон талаар баривчлах байрны дарга прокурорт мэдэгдэнэ.
148 дугаар зүйл. Баривчлах байранд байсан хугацааны шууд зардлыг тооцох
148.1.Баривчлагдсан этгээдийн баривчлах байранд байсан хугацааны шууд зардлын хэмжээг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.
148.2.Баривчлагдсан этгээдийг аж ахуй нэгж, хуулийн этгээдтэй гэрээ байгуулан хөдөлмөрлүүлж болно.
149 дугаар зүйл. Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах
149.1.Энэ хуулийн 139.2-т заасны дагуу гүйцэтгэх хуудас олгосон зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах, хохирол, нөхөн төлбөр гаргуулах шийдвэрийг шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн Хоёрдугаар хэсэгт заасан журмын дагуу гүйцэтгэнэ.
149.2.Зөрчил үйлдэхэд ашигласан хураагдсан эд зүйл, хэрэгсэл, зөрчил үйлдэж олсон хураагдсан хөрөнгө, орлогыг худалдан борлуулах, шилжүүлэх журмыг Засгийн газар батална.
150 дугаар зүйл. Торгох шийтгэл, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ оногдуулсан шийдвэрийг гүйцэтгэх хөрөнгө, орлого
150.1.Шийтгүүлсэн этгээд энэ хуулийн 6.4-т заасан шийдвэрийг хуульд заасан хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд энэ хуулийн Долоо, Наймдугаар бүлэгт заасан хөрөнгө, орлогоос энэ хуулийн Дөрөв, Тав, Зургадугаар бүлэгт заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.
151 дугаар зүйл. Эрх хасах шийтгэлийг гүйцэтгэх
151.1.Эрх хасах шийтгэлийг энэ хуулийн Арван есдүгээр бүлэгт заасан журмын дагуу гүйцэтгэнэ.
151.2.Эрх хасах шийтгэл оногдуулсан хугацаа дуусгавар болоход шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг дахин шалгахаар хууль тогтоомжид тусгайлан зааснаас бусад тохиолдолд эрх олгосон баримт бичиг, зөвшөөрлийг шийтгэл хүлээсэн этгээдэд буцаан олгоно.
151.3.Эрх хасах шийтгэлийн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.
151.4.Эрх хасах шийтгэлийг биелүүлэх журмыг зөрчсөн, эсхүл хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан хугацааг шийтгэл биелүүлсэн хугацаанд оруулан тооцохгүй.
152 дугаар зүйл. Албадан эмчлэх албадлагын арга хэмжээг гүйцэтгэх
152.1.Шүүхийн шийдвэрээр оногдуулсан албадан эмчлэх албадлагын арга хэмжээг гүйцэтгэх харилцааг хуулиар зохицуулна.
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААРХИ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ОНОГДУУЛСАН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ
153 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг хүлээн авах, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэг үүсгэх
153.1.Ахлах шийдвэр гүйцэтгэгч хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээдийг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн хамт хүлээж авна. Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүрэлцэн ирээгүй нь шүүхийн шийдвэрийг хүлээн авах, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэг үүсгэхэд саад болохгүй. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
153.2.Ахлах шийдвэр гүйцэтгэгч шүүхийн тогтоол, магадлалыг тоо бүртгэлд оруулан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж, ажлын 3 өдрийн дотор тойрог хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид хуваарилж, энэ тухай прокурорт мэдэгдэнэ.
153.3.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 153.2-т заасан тогтоолыг хүлээн авсан даруйд ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлэх бөгөөд ялтан тус бүрд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, ялтанд ял эдлүүлэх журам, эрх, үүргийг нь тайлбарлаж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна.
154 дугаар зүйл. Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх
154.1.Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь тохиолдолд түдгэлзүүлж, түдгэлзүүлэх үндэслэл арилмагц үргэлжлүүлэн гүйцэтгэнэ:
154.1.1.шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ялаас бусад хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих тухай саналаа прокурорт гаргасан, эсхүл прокурор энэ тухай дүгнэлтээ шүүхэд хүргүүлсэн;
154.1.2.ялтан ял эдлүүлэх ажиллагаанаас оргон зайлсан, нас барсан гэж зарлагдсан, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон;
154.1.3.ял шийтгүүлсэн хуулийн этгээд татан буугдах, эсхүл өөрчлөн байгуулагдах ажиллагааны үед;
154.1.4.ял шийтгүүлсэн хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэсэн;
154.1.5.нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсаныг нотлох эмч нарын комиссын дүгнэлт гарсан;
154.1.6.нийтэд тустай ажил хийх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан жирэмсэлсэн бол төрөхөөс өмнөх 60 хоног, төрснөөс хойш 1 жил хүртэл хугацаагаар;
154.1.7.гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас ял эдлүүлэх боломжгүй болсон;
154.1.8.нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн ялтны гэр бүлийн хөдөлмөрийн чадвартай ганц хүн нь хүндээр өвчилсөн, эсхүл бусад хүндэтгэх шалтгаанаар ял эдлүүлэх боломжгүй бол 3 сар хүртэл хугацаагаар;
154.1.9.зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан байнга оршин суугаа газраас бусад газарт 3 сараас дээш хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон.
154.2.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 154.1-д заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх саналаа ахлах шийдвэр гүйцэтгэгчээр хянуулан 5 хоногийн дотор хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлнэ.
154.3.Прокурор энэ хуулийн 154.2-т заасан шийдвэр гүйцэтгэгчийн саналыг хүлээн авмагц түдгэлзүүлэх үндэслэлийг хянаж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэж, тогтоол гаргана.
154.4.Энэ хуулийн 154.1.8-д заасан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилаагүй тохиолдолд дахин нэг удаа 3 сар хүртэл хугацаагаар сунгах эсэхийг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн прокурор шийдвэрлэнэ.
154.5.Энэ хуулийн 154.1.1-д заасан нь зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хамаарахгүй.
154.6.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 154.1-д заасан үндэслэл арилсан тохиолдолд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх саналаа ахлах шийдвэр гүйцэтгэгчээр хянуулан 3 хоногийн дотор хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
154.7.Прокурор энэ хуулийн 154.6-д заасан шийдвэр гүйцэтгэгчийн саналыг хүлээн авмагц сэргээх үндэслэлийг хянаж, 3 хоногийн дотор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх эсэхийг шийдвэрлэж тогтоол гаргана.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
155 дугаар зүйл. Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох
155.1.Шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, хэргийг хаана:
155.1.1.ялтан шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялыг бүрэн эдэлж дууссан;
155.1.2.ялтныг өвчний учир хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн;
155.1.3.шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялыг өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээгээр солих тухай шүүхийн шийдвэр гарсан;
155.1.4.ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон;
155.1.5.ялтанд өршөөл, уучлал үзүүлсэн;
155.1.6.ялтан нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсоноос хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн;
155.1.7.ял шийтгүүлсэн хуулийн этгээд татан буугдсан, эсхүл түүнд холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэсэн, эсхүл өөрчлөн байгуулагдах үед тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй;
155.1.8.ялтан хэрэг хариуцах чадваргүй болсон.
155.2.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 158.2-т заасны дагуу прокуророор хянуулсан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай шийдвэрийг ажлын 3 өдрийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
155.3.Торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг энэ хуулийн 155.1.4-т заасан үндэслэлээр дуусгавар болгосон бол суутгасан төлбөрийг ялтанд буцаан олгоно.
155.4.Гүйцэтгэгдсэн шийдвэрийг хүчингүй болгосон бол энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасан журмын дагуу гүйцэтгэсэн ажиллагааг цуцална.
156 дугаар зүйл. Хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих
156.1.Ялтан төлбөл зохих торгуулийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих энэ хуульд заасан зөрчил гаргасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч зөрчил гаргасан, эсхүл торгуулийг төлж барагдуулбал зохих өдрөөс хойш 5 хоногийн дотор хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих тухай саналаа эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлнэ.
156.2.Прокурор шийдвэр гүйцэтгэгчийн саналыг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор үндэслэлийг хянаж, хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих тухай дүгнэлт үйлдэн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хамт шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлнэ.
156.3.Энэ хуулийн 156.1-д заасан шийдвэр гүйцэтгэгчийн санал нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн нь хангалттай нотлогдоогүй бол прокурор саналыг хүчингүй болгож, ажлын 3 өдрийн дотор санал гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст буцаан хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
157 дугаар зүйл. Хорихоос өөр төрлийн ялаас чөлөөлөх
157.1.Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон бол ажлын 3 өдрийн дотор ялтныг ялаас чөлөөлүүлэх, ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналаа ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж байгаа прокурорт, прокурор үндэслэлтэй гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор дүгнэлт үйлдэн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хамт шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлнэ.
157.2.Энэ хуулийн 157.1-д заасан өвчний жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
158 дугаар зүйл. Хорихоос өөр төрлийн ялыг эдэлж дууссанд тооцох
158.1.Ялтан оногдуулсан ялыг шүүхийн шийдвэр, энэ хуульд заасан журмын дагуу эдэлж дууссан, оногдуулсан торгуулийг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулсан бол шийдвэр гүйцэтгэгч ялтныг ял эдэлж дууссанд тооцох тухай тогтоол гаргаж, ажлын 3 өдрийн дотор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлнэ.
158.2.Прокурор энэ хуулийн 158.1-д заасан тогтоолын үндэслэлийг хянах бөгөөд уг тогтоол үндэслэлгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгож, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг үндэслэл бүхий шийдвэрийн хамт ажлын 3 өдрийн дотор тогтоол гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст буцаан хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
159 дугаар зүйл. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд техник, хэрэгсэл ашиглах, хяналт тавих, гомдол гаргах
159.1.Хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална.
159.2.Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих тоног төхөөрөмжийн жагсаалт, тэдгээрийг ашиглах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
159.3.Ялтан хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны талаархи гомдлоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах албан тушаалтан, эсхүл прокурорт гаргана.
159.4.Энэ хуулийн 159.3-т заасан гомдлыг хүлээн авсан албан тушаалтан хууль тогтоомжид заасан хугацаанд хянан шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.
ТОРГОХ, НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ ОНОГДУУЛСАН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ
160 дугаар зүйл. Торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх
160.1.Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.
160.2.Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно.
160.3.Энэ хуулийн 160.2-т заасан дагуу тогтоосон хуваарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна. Сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
161 дугаар зүйл. Хуулийн этгээдэд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх
161.1.Торгох ял шийтгүүлсэн хуулийн этгээд энэ хуулийн 160.1-д заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгуулийг төлөөгүй тохиолдолд энэ хуулийн 94.1-д заасан хөрөнгөөс албадан гаргуулна.
161.2.Шийдвэр гүйцэтгэгч торгох ял шийтгүүлсэн хуулийн этгээдийн эд хөрөнгөөс шүүхээс оногдуулсан торгуулийг албадан гаргуулах ажиллагааг энэ хуулийн Дөрөв, Тав, Зургаа, Долоо, Наймдугаар бүлэгт заасны дагуу гүйцэтгэнэ.
162 дугаар зүйл. Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлэх
162.1.Шийдвэр гүйцэтгэгч нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд биечлэн хяналт тавих, ялтны ажлын гүйцэтгэлд хяналт тавих эрх бүхий ажилтан, албан тушаалтнаас тайлбар, тодруулга авах, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн нөхцөлийг шалгах зэргээр тогтмол хяналт тавина.
162.2.Ялтныг ажиллуулахаар гэрээ байгуулсан байгууллага шийдвэр гүйцэтгэгчид бүх талын дэмжлэг үзүүлнэ.
162.3.Шийдвэр гүйцэтгэгч ялтны ажилласан цагийн бүртгэлийг үндэслэн ялын тооцоог үнэн зөв хийх, ял эдлэхээс зайлсхийсэн нөхцөл байдлыг шалган тогтоох, ялтны хувийн хэргийг хөтлөх үүрэгтэй.
162.4.Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг ял шийтгүүлсэн этгээдийг байнга оршин суугаа хаягийн дагуу гүйцэтгэж, тухайн тойргийн шийдвэр гүйцэтгэгч хяналт тавина.
162.5.Ялтныг ажиллуулах ажлын байр тухайн тойрогт байхгүй, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаан байгаа бол шийдвэр гүйцэтгэгч нь ялтныг өөр тойрогт шилжүүлэн ял эдлүүлэх саналаа ахлах шийдвэр гүйцэтгэгчид танилцуулж, прокурорт хүргүүлж, шийдвэрлүүлнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
163 дугаар зүйл. Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулах
163.1.Шүүхийн шийдвэрт тусгайлан заагаагүй тохиолдолд нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэнэ.
163.2.Нийтэд тустай ажил хийлгэх байгууллагыг сонгохдоо ялтны эрүүл мэндийн байдал, эзэмшсэн мэргэжил, ур чадварыг харгалзан ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллуулах байгууллагыг тогтооно.
163.3.Шүүх ялтны мэргэжил, ур чадварыг харгалзан ялтанд тодорхой нийтэд тустай ажлыг хийхээр даалгасан тохиолдолд ялыг шүүхийн шийдвэрт заасан журмын дагуу гүйцэтгэнэ.
163.4.Шийдвэр гүйцэтгэгч ялтныг ажиллуулах байгууллагатай ялтны нэг өдөрт ажиллах цаг, гүйцэтгэх үүрэг /хөдөлмөрийн норм/, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, ажлын хувцсаар хангах, ажиллах нөхцөлийг урьдчилан тохиролцож, гэрээ байгуулна.
163.5.Гэрээнд ялтны ургийн овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, түүнчлэн ажил хийх цаг, ялтны зан байдал, хүмүүжил, ял эдлэлтийн талаархи тодорхойлолтыг батлагдсан загварын дагуу үйлдэж, гэрээнд заасан хугацаанд ирүүлэх үүргийг тусгана.
163.6.Шийдвэр гүйцэтгэгч нь ялтныг шүүхийн шийдвэр, ажил хийлгүүлэх тухай мэдэгдлийн хамт ажил хийлгэхээр тогтоосон байгууллагад биечлэн хүлээлгэж өгнө.
163.7.Ялтны ажлын цагийн бүртгэлийг нийтэд тустай ажил хийлгэхээр гэрээ байгуулсан байгууллага бүртгэж, шийдвэр гүйцэтгэгч ажлын цагийн бүртгэл, ажлын гүйцэтгэлийг үндэслэн ялын тооцоо хийнэ.
163.8.Шийдвэр гүйцэтгэгч 7 хоног тутам ялтны ажлыг биечлэн шалгаж, ажлын байрыг шалгасан тэмдэглэлд ялтан болон нийтэд тустай ажлыг хийлгэж байгаа байгууллагын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, баталгаажуулна.
163.9.Нийтэд тустай ажлыг хийлгэж байгаа байгууллага нь ялтны хөдөлмөр эрхлэлт, ажлын цаг, ял эдлэлтийн талаар шийдвэр гүйцэтгэгчид 7 хоног тутам тогтмол мэдээлэх үүрэгтэй.
164 дугаар зүйл. Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх хугацаа, түүнийг тооцох, ял эдэлж дуусах
164.1.Нийтэд тустай ажил хийлгэх хугацаа нь амралтын өдөр болон үндсэн ажил, хичээлээс чөлөөтэй өдөр 4 цагаас ихгүй, ажлын өдөр ажил болон хичээлээс чөлөөтэй үед 2 цаг, эсхүл ялтан өөрөө зөвшөөрсөн тохиолдолд 8 цагаас ихгүй, 7 хоногт 10 цагаас багагүй байна.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
164.2.Нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэн хугацааг ялтан ажил гүйцэтгэж эхэлсэн цагаас эхлэн тооцож, шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусгавар болтол эдлүүлнэ.
164.3.Ялтан онц байдал, гамшиг, аюулт үзэгдлийн хор уршгийг арилгах нийтийн хөдөлмөрийн дайчилгаанд дайчлагдан ажилласан цагийг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэн хугацаанд тооцно.
164.4.Ялтны гэр бүлийн гишүүн хүндээр өвчилсөн, нас барсан, гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон бол 7 хүртэл хоногийн чөлөө олгож болно.
164.5.Чөлөөг энэ хуулийн 164.4-т заасан нөхцөл байдал бий болсныг нотолсон сум, дүүргийн Засаг даргын, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн ял эдлүүлж байгаа шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
164.6.Энэ хуулийн 164.4-т заасан чөлөөний хугацаа болон ял эдлэх хугацаандаа ажиллаж байгаа байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн хурал, цуглаан, сургалт болон бусад арга хэмжээнд хамрагдсан, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хуурамчаар өвдсөн, бие эрхтэн, эрүүл мэнддээ санаатайгаар гэмтэл учруулсны улмаас ажиллаагүй, ял эдлүүлэх журмыг зөрчсөн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохгүй.
165 дугаар зүйл. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих үндэслэл
165.1.Ялтан нийтэд тустай ажил хийлгэж байгаа байгууллагын дотоод журмыг зөрчсөн, ял эдлүүлэх нийт хугацаанд ажлаа дур мэдэн орхисон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилд ирсэн, нийтэд тустай ажил хийхтэй холбоотойгоор хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм, заавар, журам, ажил олгогчоос тавьсан хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тохиолдолд нийтэд тусгай ажил хийлгэж байгаа байгууллага энэ тухай шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
165.2.Ялтан хуурамчаар өвдсөн, эмнэлгийн магадлагаа, зохих баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, бие эрхтэн, эрүүл мэнддээ санаатайгаар гэмтэл учруулсан, чөлөөний баримт, материалыг хуурамчаар бүрдүүлсэн, зөрчил гаргаж шийтгүүлсэн, эсхүл энэ хуулийн 165.1-д заасан зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солино.
166 дугаар зүйл. Нийтэд тустай ажил хийлгэж байгаа байгууллагын үүрэг, хүлээлгэх хариуцлага
166.1.Нийтэд тустай ажил хийлгэж байгаа байгууллага дараахь үүрэгтэй:
166.1.1.энэ хуулийн 163.4-т заасан асуудлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулах;
166.1.2.ялтанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, ажлын тусгай хувцас, хөдөлмөрийн багаж, хэрэгслээр хангах;
166.1.3.ялтны ажлын цагийг бүртгэж, ажлын гүйцэтгэл, ялтны гаргасан зөрчлийн талаар шийдвэр гүйцэтгэгчид тухай бүр мэдээлэх;
166.1.4.ялтны ажлын цагийн бүртгэл, тодорхойлолтыг үнэн зөв гаргах;
166.1.5.гэрээнд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон ажлын байранд ялтныг ажиллуулах.
166.2.Нийтэд тустай ажил хийлгэж байгаа байгууллагын ажилтан энэ хуульд заасан ялтны гаргасан зөрчлийн талаар шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдээгүй, нуун дарагдуулсан, ялтны цагийн бүртгэлийг хуурамчаар бүртгэсэн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ОНОГДУУЛСАН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХ
167 дугаар зүйл. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх
167.1.Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.
167.2.Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхлэн тоолно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
167.3.Шийдвэр гүйцэтгэгч ялтанд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журам, хяналтын техник, хэрэгслийг ашиглах, арчлах заавар, журам, ял эдлэх нөхцөл, журмыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага, авах арга хэмжээний талаар тайлбарлаж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна.
168 дугаар зүйл. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны үүрэг
168.1.Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан дараахь үүрэгтэй:
168.1.1.шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэх;
168.1.2.шийдвэр гүйцэтгэгч, техникийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
168.1.3.шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх;
168.1.4.шийдвэр гүйцэтгэгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлын байраа өөрчлөхгүй байх;
168.1.5.шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирэх, ял эдлүүлэхтэй холбогдсон асуудлаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тайлбар гаргах; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
168.1.6.тогтоосон журмын дагуу зөөврийн хяналтын төхөөрөмжийг биедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах, хяналтын төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
168.1.7.хувийн бичиг баримтаа биедээ авч явах;
168.1.8.ял эдэлж дуусмагц хяналтын тоног төхөөрөмжийг шийдвэр гүйцэтгэгчид бүрэн бүтэн хүлээлгэн өгөх.
169 дугаар зүйл. Хяналтын тоног төхөөрөмжийн зардлыг төлөх
169.1.Ялтан гар, хөл болон биеийн бусад хэсэгт зүүж ашиглах хяналтын тоног төхөөрөмжийн зардлыг хариуцан төлөх үүрэгтэй.
170 дугаар зүйл. Зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх журмыг зөрчих, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих
170.1.Дараахь тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг зөрчсөнд тооцно:
170.1.1.энэ хуулийн 168.1-д заасан үүргээ биелүүлээгүй;
170.1.2.техникийн хяналтын тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн, эсхүл тэдгээрийн хэвийн ажиллагааг сарниулсан;
170.1.3.Зөрчлийн тухай хуульд заасан нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил үйлдэж, шийтгүүлсэн;
170.1.4.техникийн болон биечилсэн хяналтаас 24 цагаас илүүгүй хугацаагаар санаатайгаар зайлсхийсэн;
170.2.Дараахь тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцно:
170.2.1.энэ хуулийн 168.1-д заасан үүргээ 3 сарын хугацаанд хоёр, түүнээс дээш удаа биелүүлээгүй;
170.2.2.гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн;
170.2.3.энэ хуулийн 170.1.2, 170.1.4-т заасан зөрчлийг давтан гаргасан;
170.2.4.шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзсан, хүч хэрэглэн эсэргүүцсэн, шийдвэр гүйцэтгэгчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар заналхийлсэн;
170.2.5.техникийн, эсхүл биечилсэн хяналтаас 24 цагаас илүү хугацаагаар санаатайгаар зайлсхийсэн.
170.3.Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг зөрчсөн ялтанд дахин зөрчил гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар сануулж, зөрчлийг давтан гаргахаас урьдчилан сэргийлэх ярилцлага хийж, тэмдэглэл үйлдэнэ.
170.4.Ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солино.
171 дугаар зүйл. Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд ашиглах тоног төхөөрөмжийг сонгох
171.1.Ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн шийдвэрийг гүйцэтгэх нөхцөл, тоног төхөөрөмжийг тогтооно.
171.2.Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг үндэслэн техник хяналт хариуцсан ажилтан суурин болон хөдөлгөөнт хяналтын тоног төхөөрөмжийг ялтны бие, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, шаардлагатай бусад газарт суурилуулж, хяналтын тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа болон ялтанд байнгын хяналт тавина.
172 дугаар зүйл. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналт тавих
172.1.Техникийн хяналтын ажилтан нь мэдээллийн санд ирсэн зөрчлийн дохиог ирсэн даруйд хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж, хяналтын сангаас зөрчлийн талаархи мэдээллийг хүргүүлнэ.
172.2.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 172.1-д заасны дагуу ирүүлсэн зөрчлийг биечлэн шалгаж, шалтгаан, нөхцөлийг тогтооно.
172.3.Шийдвэр гүйцэтгэгчийн ялтанд биечлэн хяналт тавих ажиллагааг энэ хуулийн 159.1-д заасан журмаар зохицуулна. Биечилсэн хяналтыг өдөр, шөнийн аль ч цагт явуулж болно.
172.4.Шийдвэр гүйцэтгэгч ялтан биечлэн, эсхүл бусдаар дамжуулан шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл зөрчихийг завдсан талаар хүн, хуулийн этгээдээс мэдээлэл авч болно.
173 дугаар зүйл. Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх
173.1.Дараахь үндэслэлээр прокурорын зөвшөөрснөөр ахлах шийдвэр гүйцэтгэгч ялтны зорчих эрхэд тогтоосон хориглолт, хязгаарлалтыг 30 хүртэл хоногийн хугацаанд өөрчилж болно:
173.1.1.ялтны гэр бүлийн гишүүн хүндээр өвчилсөн, нас барсан, гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон;
173.1.2.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүхээс тогтоосон бүсэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй;
173.1.3.бусдын асрамжид байх шаардлагатай нь эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, лавлагаагаар тогтоогдсон ялтнаас өөр асрамжлан хамгаалах хүнгүй гэр бүлийн гишүүнийг асрамжлан хамгаалах шаардлагатай;
173.1.4.гамшиг, аюулт үзэгдлийн улмаас шүүхээс тогтоосон газар, байршилд байх боломжгүй болсон;
173.1.5.шүүхээс хориглоогүй тохиолдолд ажилд орох, сургуульд элсэн суралцах шалгалтад шүүхээс тогтоосон газар, байршлаас бусад газарт биечлэн оролцох зайлшгүй шаардлагатай;
173.1.6.хуулиар тогтоосон төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээнд хамрагдах /тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох/;
173.1.7.хүндэтгэн үзэх бусад.
173.2.Энэ хуулийн 173.1-д заасан хугацаа дууссан даруйд ялтанд шүүхээс тогтоосон зорчих эрхэд тавьсан хориглолт, хязгаарлалтыг сэргээн тогтоож, ял эдлүүлэх ажиллагааг ердийн журмаар үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
173.3.Ялтан шинээр очсон газарт 7 хоногоос дээш хугацаагаар оршин суух шаардлагатай тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн газарт нь үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
174 дугаар зүйл. Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг өөрчлөх
174.1.Дараахь тохиолдолд прокурор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн ялтны зорчих бүсийг өөрчилж болно:
174.1.1.ялтны гэр бүлийн байдалд өөрчлөлт орсны улмаас шүүхээс анхлан тогтоосон газарт ял эдлүүлэх боломжгүй болсон;
174.1.2.ялтны санхүүгийн чадавх, гамшиг, аюулт үзэгдлийн улмаас байнга оршин суугаа газраа өөрчлөх шаардлагатай болсон;
174.1.3.хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ялтан оршин суух газраа өөрчлөх зорилгоор орон сууц, хашаа байшин худалдан авсан;
174.1.4.ялтны ял шийтгүүлэх үеийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, эсхүл өөр байгууллага, хуулийн этгээдэд шилжин ажиллах, шилжин суралцах шаардлагатай болсон;
174.1.5.дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагад элсэн суралцах;
174.1.6.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүхээс тогтоосон бүсэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй болсон.
174.2.Ялтан ял эдлэх бүсээ өөрчлүүлэх тухай үндэслэл бүхий хүсэлтийг бичгээр гаргах бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ялтны хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн санал, холбогдох материалыг хянаж, 10 хоногийн дотор прокурорт хүргүүлэн шийдвэрлүүлнэ.
175 дугаар зүйл. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтныг урамшуулах
175.1.Ялтан ял эдлүүлэх журмыг зөрчөөгүй, өөрийн зан үйл, хувийн байдлаараа ял эдлүүлэх ажиллагаанд саад учруулаагүй бол түүнд 1 сард 5 хүртэл хоногийн шагналын хоног олгож болно.
175.2.Шагналын хоногийг энэ хуулийн 224 дүгээр зүйлд заасан журмын дагуу олгоно.
176 дугаар зүйл. Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхэд ашиглах тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага
176.1.Ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхэд ашиглах тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн, эсхүл хэвийн ажиллагааг нь сарниулсан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэж, гэм буруутай этгээдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.
177 дугаар зүйл. Эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг мэдэгдэх
177.1.Шийдвэр гүйцэтгэгч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш 5 хоногийн дотор ялтныг төрийн албанд томилсон, сонгосон, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах болон шүүхээс хориглолт, хязгаарлалт тогтоосон бусад эрх, зөвшөөрлийг олгосон байгууллага, албан тушаалтанд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай мэдэгдлийг хүргүүлнэ.
177.2.Төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийдвэр /цаашид "шүүхийн шийдвэр" гэх/-ийг биелүүлэх үүрэгтэй.
177.3.Хорих анги эрх хасах нэмэгдэл ялаар шийтгүүлсэн хоригдлыг ялын хугацаа дуусч суллагдахаас 7 хоногийн өмнө, бусад үндэслэлээр суллагдсан бол суллагдсанаас хойш 7 хоногийн дотор суллагдсан талаархи мэдэгдлийг шүүхийн шийдвэр, мэдэгдэх хуудсын хамт түүний оршин суух газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
177.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс нь шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихдаа харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн болон бусад байгууллагатай хамтран ажиллана.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
178 дугаар зүйл. Эрх хасах ял шийтгүүлсэн ялтан, ялтныг сонгох, томилох, чөлөөлөх эрх бүхий байгууллага, албан тушаалтны үүрэг
178.1.Эрх хасах ял шийтгүүлсэн ялтан дараахь үүрэгтэй:
178.1.1.шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх, түүний дуудсанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст ирэх, ял эдлүүлэхтэй холбогдсон асуудлаар амаар болон бичгээр тайлбар гаргах;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
178.1.2.хяналт тавьж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад оршин суугаа хаяг, эрхэлж байгаа ажил, үйл ажиллагаа, түүний өөрчлөлтийн талаар тухай бүр мэдэгдэх.
178.2.Ялтныг сонгох, томилох, чөлөөлөх эрх бүхий байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар дараахь үүрэгтэй:
178.2.1.ажил, албан тушаалд нэр дэвшигч, бараа, ажил, үйлчилгээ бэлтгэн нийлүүлэгч нь тухайн ажил, үйлчилгээг гүйцэтгэх эрхтэй холбоотой эрх хасах ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан эсэхийг нягтлах;
178.2.2.ажилтан, эсхүл ажил гүйцэтгэгч эрх хасах ял шийтгүүлсэн тохиолдолд шүүхээс хориглолт, хязгаарлалт тогтоосон эрхийг хэрэгжүүлэх ажилд томилох, цаашид хассан эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүрэг гүйцэтгүүлэхээс татгалзах;
178.2.3.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрх хасах ял шийтгүүлсэн мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор ял шийтгүүлсэн ажилтныг ажлаас чөлөөлөх;
178.2.4.шийдвэр гүйцэтгэгчийн шаардсанаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тухай лавлагаа, тодорхойлолт гаргаж хүргүүлэх;
178.2.5.ялтантай байгуулсан ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэх болон хөдөлмөрийн гэрээнд орсон өөрчлөлтийн талаар шийдвэр гүйцэтгэгчид тухай бүр мэдэгдэх.
179 дугаар зүйл. Эрх, зөвшөөрөл олгосон байгууллага, албан тушаалтны үүрэг
179.1.Тодорхой ажил, үйлчилгээ гүйцэтгэх, үйл ажиллагаа явуулах эрх, зөвшөөрөл олгох чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэр, мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор ялтанд олгосон эрх, зөвшөөрлийг хүчингүйд тооцох, энэ тухай ялтанд мэдэгдэх, мэргэжлийн үйл ажиллагаанд нь хяналт тавих үүрэгтэй.
180 дугаар зүйл. Эрх хасах ял шийтгүүлсэн ялтанд хяналт тавих
180.1.Шийдвэр гүйцэтгэгч 30 хоног тутам ялтантай урьдчилан сэргийлэх ярилцлага хийж, шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар тайлбар авч, шаардлагатай тохиолдолд ялтны ажлын байр, үйл ажиллагааг биечлэн хянаж, тэмдэглэл үйлдэнэ.
180.2.Эрх хасах ял эдэлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.
180.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа нэгжгүй нутаг дэвсгэрт оршин суух ялтны ял эдлүүлэх ажиллагаанд харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хяналт тавьж, ялын биелэлтийн талаар 30 хоног тутам шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бичгээр, эсхүл энэ хуулийн 162.6-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
181 дугаар зүйл. Эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга, хэрэгсэл
181.1.Шийдвэр гүйцэтгэгч шаардлагатай тохиолдолд эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг дараахь арга, хэрэгслээр гүйцэтгэнэ:
181.1.1.хассан эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байр, барилга байгууламж, агуулах савыг битүүмжлэх;
181.1.2.эрх, зөвшөөрөл олгосныг нотлох баримт бичгийн эх хувийг хураах;
181.1.3.эрх, зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад олгосон эрх, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай мэдэгдэл хүргүүлэх, ялтны мэргэжлийн үйл ажиллагаанд хяналт тавихыг даалгах.
181.2.Эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга, хэрэгсэл нь энэ хуулийн 181.1-д зааснаар хязгаарлагдахгүй.
181.3.Эрх хасах ялыг хорихоос бусад төрлийн ял дээр нэмж оногдуулсан тохиолдолд үндсэн болон нэмэгдэл ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтыг хамтад нь хэрэгжүүлнэ.
182 дугаар зүйл. Эрх хасах ял шийтгүүлсэн ялтанд байнгын хяналт тавих
182.1.Ялтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөр орон нутагт 2 сар хүртэл хугацаагаар зорчих тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч ялтны зорчих газрын хаяг, холбоо барих утас, хамт зорчих этгээдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэж, ялтны зорчих нутаг дэвсгэрийн шийдвэр гүйцэтгэгчид шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг даалгаж, прокурорт мэдэгдэнэ.
182.2.Ялтан энэ хуулийн 182.1-д зааснаас урт хугацаагаар өөр орон нутагт оршин суух тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг ялтны оршин суух газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст шилжүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэх бөгөөд ял эдлүүлэх ажиллагааг ялтны шилжин суурьшсан харьяаллын дагуу үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
183 дугаар зүйл. Эрх хасах ял эдлэх хугацааг тоолох
183.1.Торгох ял дээр нэмж оногдуулсан эрх хасах ялыг эдлүүлэх ажиллагааны явцад шүүхээс торгох ялыг хорих ялаар сольсон тохиолдолд ялтныг хорих ял эдлэх хугацаанд эрхийг хасах ял эдэлсэн хугацааг тоолохыг зогсоон, хорих ял эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн тоолж, хяналт тавина.
183.2.Ялтан шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолохгүй.
184 дугаар зүйл. Эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн ялтан, хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлага
184.1.Ялтан эрх хасах ялаас зайлсхийсэн, эсхүл шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
184.2.Ялтанд эрх, зөвшөөрөл олгосон, ялтныг сонгох, томилох, чөлөөлөх эрх бүхий байгууллага, албан тушаалтан эрх хасах тухай шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд саад учруулсан бол хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВСАН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХ
185 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн авах
185.1.Ахлах шийдвэр гүйцэтгэгч албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн хамт хүлээн авна. Холбогдох этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүрэлцэн ирээгүй нь албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн авахад саад болохгүй. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
185.2.Ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 185.1-д заасан шийдвэрийг тоо бүртгэлд оруулан албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналтын хувийн хэрэг нээж, ажлын 3 өдрийн дотор тойрог хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид хуваарилан, энэ тухай прокурорт мэдэгдэнэ.
186 дугаар зүйл. Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон шийдвэрийг биелүүлэх
186.1.Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон /цаашид "тогтоолын биелэлтийг хойшлуулсан" гэх/ ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, хэлтэс хариуцан хөтөлнө.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
186.2.Шийдвэр гүйцэтгэгч тогтоолын биелэлтийг хойшлуулсан шийдвэрийг хүлээн авч дараахь ажиллагааг гүйцэтгэнэ:
186.2.1.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдэд хяналт тавих нөхцөл, журам, эрх, үүргийг нь тайлбарлаж, гарын үсэг зуруулах;
186.2.2.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн хувийн бичиг баримт, онцлог содон тэмдэг, ялтны хувийн байдлын талаархи бусад мэдээллийг хувийн хэрэгт тэмдэглэж, ял эдлэлтийн байдалтай холбоотой бусад баримт бичгийг хавсаргах;
186.2.3.тогтоолын биелэлтийг хойшлуулсан өсвөр насны хүн, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн ялтныг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэнийг дуудан ирүүлж, тэдгээрийн эрх, үүрэг, тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдэд хууль, шүүхийн шийдвэрээр тогтоосон хязгаарлалт, даалгасан үүргийг танилцуулах;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
186.2.4.тогтоолын биелэлтийг хойшлуулсан өсвөр насны хүн, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэн үүргээ биелүүлэх талаар шаардлага тавьж, биелэлтийг хангуулах;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
186.2.5.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн сахилга, засрал хүмүүжил, шүүхээс даалгасан үүргийн биелэлтийн талаар хяналтын хувийн хэрэгт 30 хоног тутам тэмдэглэл хийх;
186.2.6.шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа дуусмагц энэ тухай прокурор, цагдаагийн байгууллага болон ял шийтгүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэх.
186.3.Хорих анги нь хоригдлыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хоригдлын зан байдал, засрал хүмүүжлийн талаарх тодорхойлолтыг шүүгчийн захирамжийн хамт түүний оршин суух газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
187 дугаар зүйл. Тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн засрал хүмүүжлийн байдалд хяналт тавих
187.1.Шийдвэр гүйцэтгэгч тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн засрал хүмүүжлийн байдалд дараахь журмаар хяналт тавина:
187.1.1.гадаадад зорчих, цагаачлахыг хориглож, оршин суугаа засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрийг 7 хоногоос дээш хугацаагаар орхин явах тохиолдолд зөвшөөрөл авах, 30 хоног тутам нэг удаа биечлэн ирж, бүртгүүлэхийг даалгах;
187.1.2.оршин суух газар болон эрхлэх ажил, албан тушаал өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр мэдэгдэж байх тухай баталгаа гаргуулах;
187.1.3.тогтоолын биелэлтийг хойшлуулсан өсвөр насны хүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн этгээд болон сум, дүүргийн Засаг даргаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх харилцан мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах, тогтоолын биелэлтийг хойшлуулсан насанд хүрсэн этгээдийг зохих ажлын байраар хангахад туслалцаа үзүүлэх; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
187.1.4.тогтоолын биелэлтийг хойшлуулсан өсвөр насны хүн, түүний эцэх, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хараа хяналтдаа байлгах хүсэлт гаргасан буюу хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэний хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
187.1.5.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээд шүүхээс тогтоосон хязгаарлалт, үүргийг биелүүлээгүй, эсхүл хяналтаас зайлсхийсэн тохиолдолд албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулах;
187.1.6.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэх, эсхүл холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах;
187.1.7.гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх талаар тогтоолын биелэлтийг нь хойшлуулсан этгээдэд санамж, зөвлөгөө өгөх, ярилцлага зохион байгуулах;
187.1.8.хяналтад нь байгаа тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн зан байдал, үйл ажиллагааны талаар байгууллага, албан тушаалтнаас тодорхойлолт, лавлагаа авах;
187.1.9.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээд хүндэтгэх шалтгаанаар оршин суух газраа өөрчлөх бол түүний хяналтын хугацааг тооцож, хяналтын хувийн хэргийг шинээр оршин суух газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлэх.
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
187.2.Тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээд дараахь үүрэгтэй:
187.2.1.байнга оршин суух газраа очсоноос хойш ажлын 3 өдрийн дотор нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст мэдэгдэх;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
187.2.2.сар тутамд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст, оршин суугаа нутаг дэвсгэрт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгжгүй бол харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад бүртгүүлэх, шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелэлтийн талаар тайлбар гаргах;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
187.2.3.байнга оршин суух хаягаа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст, оршин суугаа нутаг дэвсгэрт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгжгүй бол харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэх, шинээр суурьших нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, эсхүл цагдаагийн байгууллагад мэдэгдэх;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
187.2.4.байнга оршин суугаа газраасаа 7 хоногоос илүү хугацаагаар явах, гадаадад зорчих бол хяналт тавьж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст, оршин суугаа нутаг дэвсгэрт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгжгүй бол харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэх;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
187.2.5.хяналт тавьж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, цагдаагийн байгууллагын алба хаагч, шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг биелүүлэх.
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
187.3.Тогтоолын биелэлтийг хойшлуулсан өсвөр насны хүн, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн өсвөр насны хүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэн нь шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт хүрэлцэн ирэх, шүүхээс даалгасан үүрэг, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
188 дугаар зүйл. Тэнссэн, тогтоолын биелэлтийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгох, ялаас чөлөөлөх тухай санал гаргах
188.1.Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан, тэнссэн хугацаанд ялтан засарч хүмүүжсэнээ үлгэр жишээ зан төлөв, сурлага, хөдөлмөрт үнэнч, шударга хандлагаараа харуулсан, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан ялтны хянан харгалзахаар тогтоосон хугацааны 50 хувиас багагүй хугацаа өнгөрсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч ялтныг ялаас чөлөөлүүлэх саналыг прокурорт гаргаж болно.
188.2.Прокурор хяналтын хувийн хэрэгтэй танилцаж, шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг хүчингүй болгох, ялаас чөлөөлөх тухай дүгнэлтээ шүүхэд хүргүүлнэ.
188.3.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 188.1-д заасан санал гаргаагүй, эсхүл прокурор гаргасан саналыг үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд шүүхийн тогтоолд заасан хянан харгалзах хугацаа дууссан боловч дараагийн шийдвэр гараагүй тохиолдолд уг хугацаа дуусмагц шийдвэр гүйцэтгэгч цаашид авах арга хэмжээний тухай саналаа хяналтын хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлнэ.
188.4.Ялтан тэнссэн, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг 6 сарын хугацаанд хоёр, түүнээс дээш удаа зөрчсөн, эсхүл хориглолт, хязгаарлалтыг зөрчсөний улмаас хүн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учирсан, эсхүл энэ хуулийн 187.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч 5 хоногийн дотор тэнссэн, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, ял оногдуулах саналаа прокурорт хүргүүлнэ.
188.5.Прокурор шийдвэр гүйцэтгэгчийн энэ хуулийн 188.4-т заасан саналыг хүлээн авч үндэслэлийг хянаж тэнссэн, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, ял оногдуулах эсэхийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлнэ.
189 дугаар зүйл. Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх
189.1.Шийдвэр гүйцэтгэгч үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлэх хугацаа, хуваарийг нарийвчлан тогтоож, энэ хуулийн Арван есдүгээр бүлэгт заасан журмын дагуу биелэлтэд нь хяналт тавина.
189.2.Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авагдсан хүнд шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 189.1-д зааснаас гадна зан үйлд нөлөөлөх сургалтын агуулга, хөтөлбөрийг танилцуулна.
189.3.Шийдвэр гүйцэтгэгч үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн хувийн байдал, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлсэн байдлын талаар шүүх, прокурорын байгууллагад тодорхойлолт гаргана.
189.4.Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээд дуудсан цагт хүрэлцэн ирэх, шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, оршин суух газар, ажил, албан тушаал өөрчлөгдсөн тухай болон шаардлагатай бусад мэдээллийг тухай бүр танилцуулах үүрэг хүлээнэ.
189.5.Сум, дүүргийн Засаг дарга үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд шүүхээс даалгасан үүрэг, хязгаарлалтыг биелүүлэх талаар зохих туслалцаа үзүүлж, хамтран ажиллана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
189.6.Цагдаагийн байгууллага үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хүний сахилга, шүүхээс даалгасан үүрэг, хязгаарлалтын биелэлт, засрал хүмүүжлийн байдалд хяналт тавих ажилд туслалцаа үзүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэстэй харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллана.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
189.7.Шийдвэр гүйцэтгэгч албадлагын арга хэмжээ авагдсан этгээд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй тохиолдолд шүүхээс тогтоосон хугацааны 50 хувиас багагүй хугацаа өнгөрсний дараа хугацаанаас нь өмнө хүчингүй болгох саналыг прокурорт гаргаж болно.
189.8.Шийдвэр гүйцэтгэгч үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн талаар хуульд заасан аргаар мэдээлэл авч болно.
189.9.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 189.1-д заасан хугацаа, хуваарь, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн этгээдэд албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, ял оногдуулах тухай саналыг прокурорт гаргана.
189.10.Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан журмын дагуу техникийн болон биечилсэн хяналт тавьж болно.
189.11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зан үйлээ засах сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авагдсан хүний зан үйлд нөлөөлөх сургалт явуулах мэргэжлийн нэгж, сургалтын хөтөлбөртэй байна.
189.12.Сургалт явуулах журмыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга батална.
189.13.Албадлагын арга хэмжээ авагдсан хүний зан үйлд нөлөөлөх сургалтыг зөвшөөрөл бүхий төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
190 дугаар зүйл. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх
190.1.Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн бол шүүх албадлагын арга хэмжээг ямар төрлийн эмнэлэгт хэрэгжүүлэхийг тогтоолдоо заана.
190.2.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлнэ.
190.3.Энэ хуулийн 190.1-д заасан этгээдийн эмчилгээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
190.4.Албадан эмчлүүлж байгаа этгээдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, эмнэлэг, цагдаагийн байгууллага хамтран хэрэгжүүлнэ.
190.5.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
190.5.1.албадан эмчлүүлж байгаа этгээдэд зайлшгүй шаардлагатай шинжилгээ, эмчилгээг цаг тухайд нь хийх;
190.5.2.эмчилгээний явц, үр дүнг үнэн зөв, тодорхой тусгах;
190.5.3.эмчилгээний үр дүн, өвчний шинж байдлыг харгалзан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах;
190.5.4.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг цаашид хэрэгжүүлэх шаардлагагүй, эсхүл хугацааг сунгах шаардлагатай тохиолдолд энэ тухай прокурорт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даруй мэдэгдэх.
190.6.Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг хариуцах чадваргүй болсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол албадлагын арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй тухай дүгнэлтийг шийдвэр гүйцэтгэгчид, шийдвэр гүйцэтгэгч санал гарган 10 хоногийн дотор прокурорт хүргүүлнэ.
190.7.Прокурор дүгнэлт, холбогдох баримт бичгийг үндэслэн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгож урьд оногдуулсан ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх, эсхүл эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, ял оногдуулах тухай дүгнэлт үйлдэж, шүүхэд хүргүүлнэ.
190.8.Прокурор энэ хуулийн 190.6-д заасан саналыг хянан үзэж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн тохиолдолд уг албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагад шийдвэрийг хүргүүлнэ.
190.9.Албадан эмчлүүлж байгаа этгээдийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлт, прокурорын саналаар албадан эмчлэх хугацаа дуусахаас өмнө энэ хуулийн 190.5.3-т заасан дүгнэлтийг гаргуулж болно.
190.10.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, түүнд хяналт тавих журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
191 дугаар зүйл. Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх
191.1.Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг энэ хуулийн Хоёрдугаар хэсэгт заасан журмын дагуу гүйцэтгэнэ.
191.2.Хөрөнгө, орлогыг хураах шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэрт заасан эд зүйл, хөрөнгийг хариу төлбөргүйгээр албадан хураан авах, улсын орлого болгох зорилгоор төрийн холбогдох байгууллагад шилжүүлэх, худалдан борлуулж олсон орлогыг улсын төсөвт оруулах арга хэмжээнээс бүрдэнэ.
191.3.Шийдвэр гүйцэтгэгч хураан авсан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлүүлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
191.4.Галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хураан авч хадгалах, устгах, шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална.
192 дугаар зүйл. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх
192.1.Өсвөр насны хүнд оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуульд заасны дагуу хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.
192.2.Энэ хуулийн 192.1-д заасан ажиллагаанд прокурор хяналт тавьж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
192.3.Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран батална.
193 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээг дуусгавар болгох
193.1.Шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр албадлагын арга хэмжээг дуусгавар болсонд тооцож, хяналтын хувийн хэргийг хаана:
193.1.1.албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болсонд тооцсон;
193.1.2.албадлагын арга хэмжээ авагдсан хугацаа дууссан;
193.1.3.өршөөл, уучлал үзүүлсэн;
193.1.4.албадлагын арга хэмжээ авагдсан этгээд нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсоноос хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн;
193.1.5.албадлагын арга хэмжээ авагдсан этгээд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн;
193.1.6.албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцож, ял шийтгэсэн.
193.1.7.шүүхийн шийдвэрт заасан албадлагын арга хэмжээг бүрэн биелүүлсэн.
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
193.2.Шийдвэр гүйцэтгэгч албадлагын арга хэмжээг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажлын 3 өдрийн дотор прокурор, цагдаагийн байгууллагад хүргүүлнэ.
194 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгах, эрх хасах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх
194.1.Хуулийн этгээдийг татан буулгах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг тухайн хуулийн этгээдийг албадан татан буулгаж, улсын бүртгэлээс хассанаар биелэгдсэнд тооцно.
194.2.Татан буулгах ажлыг Иргэний хуулийн 32.2-т заасны дагуу татан буулгах комисс гүйцэтгэх бөгөөд татан буулгах комисс /цаашид "Комисс" гэх/-т татан буулгах албадлагын арга хэмжээ авагдсан хуулийн этгээдийн төлөөлөл, ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч, бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн дөрвөөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.
194.3.Комисс нь татан буулгах албадлагын арга хэмжээ авагдсан хуулийн этгээдийг татан буулгах ажлыг Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу татан буулгах ажлыг зохион байгуулж, хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасуулах мэдэгдлийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан байгууллагад, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох мэдэгдлийг уг зөвшөөрлийг олгосон этгээдэд хүргүүлнэ.
194.4.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах шийдвэрийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу гаргаж, нийтэд мэдээлнэ.
194.5.Татан буугдаж байгаа хуулийн этгээдээс шаардах эрхтэй этгээдийн өргөдлийг хүлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш 2 сараас багагүй, 6 сараас ихгүй байна.
194.6.Комисс татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг дараахь дарааллаар хангана:
194.6.1.гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;
194.6.2.шүүхийн шийдвэрийн дагуу гаргуулах төлбөр; 194.6.3.хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтанд төлөх хөдөлмөрийн хөлс;
194.6.4.хууль тогтоомжид заасны дагуу бусад этгээдтэй хийх тооцоо.
194.7.Хуулийн этгээдэд байгаа мөнгөн хөрөнгө нь энэ хуулийн 194.5-д заасан шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд Комисс түүний бусад эд хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж, төлбөрийг барагдуулна.
194.8.Харилцагчдын шаардлагыг хангасны дараа үлдсэн эд хөрөнгийг шүүхийн шийдвэрт заасны дагуу шийдвэрлэнэ.
194.9.Хуулийн этгээдэд оногдуулсан эрх хасах албадлагын арга хэмжээг энэ хуулийн Арван есдүгээр бүлэгт заасан журмын дагуу гүйцэтгэнэ.
ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛСАН ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛЫГ ГҮЙЦЭТГЭХ
195 дугаар зүйл. Хорих байгууллага
195.1.Хорих байгууллага нь нээлттэй, хаалттай хорих анги, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага, цагдан хорих төв, байр, нэгдсэн болон төрөлжсөн мэргэшлийн хорих эмнэлэг /цаашид "хорих анги" гэх/, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс бүрдэнэ.
195.2.Хорих анги нь төвлөрсөн бүтэцтэй байна.
195.3.Хорих ангийг тусгаарлагдсан нэгээс илүү зэрэглэлд хувааж, өөр өөр зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол бие биетэйгээ харилцах боломжгүй байдлаар зохион байгуулж болно.
195.4.Хорих ангийг татан буулгах, өөрчлөн зохион байгуулах, хоригдлыг эзэмшсэн мэргэжлийн дагуу хөдөлмөрлүүлэх, хорих анги, хоригдлын аюулгүй байдлыг хангах, эсхүл хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд хоригдлыг анх хуваарилсан хорих ангиас өөр хорих ангид шилжүүлэхийг хориглоно.
195.5.Хорих ял эдэлж байгаа ялтанг хоригдол гэнэ.
195.6.Хорих ангийн дотоод журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
196 дугаар зүйл. Хорих ангид нэвтрэх
196.1.Албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ прокурор хорих ангид саадгүй нэвтэрнэ.
196.2.Хуулиар эрх олгогдсон албан тушаалтан хорих ангийн даргад мэдэгдсэнээр, бусад иргэн, албан тушаалтан хорих ангийн дарга, эсхүл хорих ял эдлүүлэх албаны даргаас олгосон зөвшөөрлийн дагуу хорих ангид нэвтэрч болно.
196.3.Хорих ангийн үйлдвэрлэл, үйлчилгээний байранд хоригдолд мэргэжлийн сургалт явуулах, дадлагажуулах, үйлдвэрлэл, үйлчилгээг мэргэжлийн удирдлагаар хангах, заавар, зөвлөгөө өгөх үүрэг бүхий энгийн ажилтан хорих ангийн байршилд ажиллаж болно. Үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллаж байгаа энгийн ажилтан нь тухайн үйлдвэрлэлд ажиллаж байгаа нийт хоригдлын дөрөвний нэгээс илүүгүй байна.
196.4.Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн ажилтан хорих ангийн даргын саналыг үндэслэн хорих ял эдлүүлэх албаны даргаас олгосон зөвшөөрлийн дагуу хорих ангид нэвтрэх бөгөөд дуу-дүрсний бичлэгийг хорих ангийн даргын, хоригдлоос ярилцлага авах, түүний дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг хоригдлын бичгээр өгсөн зөвшөөрлөөр хийнэ.
197 дугаар зүйл. Хорих анги шинээр байгуулах, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, хорих ангийн үйлдвэрлэлийн чиглэл, байршлыг тогтоох
197.1.Хорих анги шинээр байгуулах, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох, өөрчлөх асуудлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
197.2.Хорих ангийн үйлдвэрлэлийн чиглэлийг аймаг, нийслэлийн Засаг дарга болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
198 дугаар зүйл. Нээлттэй хорих анги
198.1.Нээлттэй хорих анги нь энгийн болон тусгай зэрэглэлтэй байна.
198.2.Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 2 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл хаалттай хорих ангиас болон нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс хуульд заасан журмын дагуу нээлттэй хорих ангид үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр шилжүүлсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ.
198.3.Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 30 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж болох бөгөөд түр хугацааны уулзалт хийх, захидал илгээх, илгээмж авах, утсаар ярих тоог хязгаарлахгүй.
198.4.Нээлттэй хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 7 хоногт нэг удаа түр, 45 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 7 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болох бөгөөд захидал илгээх тоог хязгаарлахгүй.
199 дугаар зүйл. Хаалттай хорих анги
199.1.Хаалттай хорих анги нь энгийн болон тусгай зэрэглэлтэй байна. Тусгай зэрэглэл нь бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ганцаарчлан ял эдлүүлэх тусгай нэгжтэй байна.
199.2.Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан 4 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 6 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ.
199.3.Хаалттай хорих ангийн тусгай нэгжид бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ял эдлүүлнэ.
199.4.Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол нь 60 хоногт нэг удаа түр, 90 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 30 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болно.
199.5.Хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 90 хоногт нэг удаа түр, 120 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 60 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болно.
199.6.Хаалттай хорих ангид ял эдэлж байгаа хоригдлыг зөвхөн хорих байгууллагын үйлдвэрлэлд хөдөлмөрлүүлнэ.
200 дугаар зүйл. Хаалттай хорих ангийн тусгай нэгжид ял эдлүүлэх
200.1.Хаалттай хорих ангийн тусгай нэгжид ял эдэлж байгаа хоригдлыг ганцаарчилсан тасалгаанд хорих бөгөөд шаардлагатай гэж үзвэл хорих ангийн дарга прокурортой зөвшилцөн хоригдлыг хоёроор нь хорьж болно.
200.2.Хоригдлыг тусгай тоноглогдсон газарт, зохих хяналт хамгаалалтад өдөрт 1 цагаас доошгүй хугацаагаар гадаалуулна.
200.3.Хоригдлыг зөвхөн хорих ангийн байранд хөдөлмөрлүүлж болно.
200.4.Хоригдол 180 хоногт хоёр удаа түр уулзалт хийж, 30 хоногт нэг удаа захидал явуулж, 90 хоногт нэг удаа илгээмж авч болно.
201 дугаар зүйл. Хорих ял шийтгүүлсэн өсвөр насны хүнд ял эдлүүлэх
201.1.Хорих ял шийтгүүлсэн өсвөр насны хоригдлын ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлнэ.
201.2.Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нь өсвөр насны эмэгтэй хүнд оногдуулсан хорих ялыг эдлүүлэх тусгай нэгжтэй байна.
201.3.Өсвөр насны хоригдол арван найман насанд хүрсэн тохиолдолд ялыг нь хорих ангид шилжүүлэн эдлүүлэх эсэх асуудлаар хоригдлыг арван найман насанд хүрэхээс 3 сарын өмнө сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дарга прокурорт санал гаргах бөгөөд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
201.4.Энэ хуулийн 201.3-т заасны дагуу шилжүүлсэн хоригдлын эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэх хорих ангийн дэглэмийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
201.5.Шүүх энэ хуулийн 201.3-т заасан хоригдлын эдлээгүй үлдсэн ялын хугацаа 2 жилээс илүүгүй тохиолдолд түүний хувийн байдал, төлөвшлийг харгалзан сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын даргын санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ялын хугацааг дуусах хүртэл сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад үргэлжлүүлэн ял эдлүүлж болно.
201.6.Өсвөр насны хоригдлын илгээмж авах, түр уулзалт хийх, утсаар ярих тоог хязгаарлахгүй бөгөөд 15 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж болно.
202 дугаар зүйл. Хорих ял шийтгүүлсэн эмэгтэй хүнд ял эдлүүлэх
202.1.Хорих ял шийтгүүлсэн арван найман насанд хүрсэн эмэгтэй хоригдлын ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй, хаалттай хорих ангид эдлүүлнэ.
202.2.Эмэгтэйчүүдийн хаалттай хорих анги нь энгийн болон тусгай зэрэглэлтэй байна.
202.3.Нээлттэй хорих ангид анх удаа гэмт хэрэг үйлдэж 5 жил хүртэл хугацаагаар ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж 5 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн эмэгтэй хоригдлыг ял эдлүүлнэ. Хоригдлын илгээмж авах тоог хязгаарлахгүй бөгөөд 7 хоногт нэг удаа түр, 30 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 7 хоногт нэг удаа илгээмж явуулж, утсаар ярьж болно.
202.4.Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд 5 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хорих ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ. Хоригдол 30 хоногт нэг удаа түр, 60 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 30 хоногт нэг удаа утсаар ярьж, 15 хоногт нэг удаа илгээмж авч болно.
202.5.Хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд 10 жил, түүнээс дээш хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хүнд гэмт хэрэг хоёр, түүнээс дээш удаа үйлдэж хорих ял шийтгүүлж байсан эмэгтэй хоригдлыг ял эдлүүлнэ. Хоригдол 45 хоногт нэг удаа түр, 90 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 30 хоногт нэг удаа илгээмж авч, 60 хоногт нэг удаа утсаар ярьж болно.
202.6.Ял эдэлж байх хугацаандаа хүүхэд төрүүлсэн хоригдлыг хүүхдийг нь хоёр нас хүртэл хамт байлгаж болно. Энэ тохиолдолд энэ хуулийн 202.3, 202.4, 202.5-д заасан илгээмжийн тоонд тавих хязгаарлалт хамаарахгүй.
202.7.Хүүхэд нь хоёр нас хүрсэн боловч эмэгтэй хоригдлын ял эдлэх үлдэгдэл хугацаа 1 жилээс илүүгүй тохиолдолд хорих ял эдлэх хугацааг дуусах хүртэл хүүхдийг үргэлжлүүлэн хамт байлгаж болно.
202.8.Хорих анги нь эхийн хамт байгаа хоёр хүртэлх насны хүүхдийг эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинг бүрдүүлсэн тусгай байр, нөхцөлөөр хангана.
203 дугаар зүйл. Нэгдсэн болон төрөлжсөн мэргэшлийн хорих эмнэлэг, түүний чиг үүрэг
203.1.Хорих ял эдлүүлэх алба нь нэгдсэн болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, хорих анги нь хоригдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хэсэг, цагдан хорих төв нь эмнэлэгтэй байна.
203.2.Нэгдсэн эмнэлэг дараахь үүрэгтэй:
203.2.1.хоригдлыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбогдсон арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
203.2.2.хорих ангийн эмнэлгийн салбарыг мэргэжлийн удирдлагаар хангах;
203.2.3.хорих, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн этгээдийг өвчний учир ялаас чөлөөлүүлэх, хорих хугацаа дуусахаас нь өмнө тэнсэн суллах тухай тодорхойлолт, саналыг ял эдлүүлж байгаа хорих ангийн захиргаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст гаргах;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
203.2.4.хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгоход шаардлагатай тодорхойлолт, лавлагааг тухайн хоригдлын ял эдэлж байгаа хорих ангийн харьяалагдах аймаг, сум, нийслэл, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлд гаргах. /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
203.3.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг дараахь үүрэгтэй:
203.3.1.хоригдлын дунд бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, оношлох, хяналт тавих, эмчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбогдсон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
203.3.2.хоригдлыг хорих ангийн зэрэглэл харгалзахгүй өвчлөл, халдварын байдлаар ангилан тусад нь байрлуулж, ял эдлүүлэх.
203.4.Төлбөрийн чадваргүй хоригдлын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн бол зардлыг улсын төсвөөс гаргана.
203.5.Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хорих эмнэлгийг мэргэжил, арга зүйн удирдлага, боловсон хүчнээр хангана.
203.6.Хоригдолд эрүүл мэндийн тухай хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан нөхцөлд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
203.7.Нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дэглэмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран тогтооно.
203.8.Хоригдолд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх хэсэг нь эмчлэх эрх бүхий эмнэлгийн мэргэжилтэнтэй байх ба эмнэлгийн үзлэг хийх, анхан шатны болон амь тэнссэн үеийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зориулалтын тоног төхөөрөмж, өрөө тасалгаатай байна.
204 дугаар зүйл. Хоригдолд хорих ангиас гадуур эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх
204.1.Хүнд өвчтэй хоригдолд харьяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллага дараахь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ:
204.1.1.хорих ангийн дуудлагаар яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх;
204.1.2.хорих ангитай байгуулсан гэрээний дагуу төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллага төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх;
204.1.3.хоригдлын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох асуудлыг эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн үйл ажиллагааны зааврын дагуу шийдвэрлэх. /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
204.2.Хүнд өвчтэй хоригдлыг хорих ангиас гадуур эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
205 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дэргэдэх зөвлөл
205.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дэргэд шинээр хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ял эдлүүлэх хорих анги болон хорих ангийн зэрэглэлийг тогтоох чиг үүрэг бүхий зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ ажиллана.
205.2.Зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм, бүрэлдэхүүнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална.
205.3.Зөвлөл нь энэ хуулийн 205.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ тогтоол гаргах бөгөөд уг тогтоолыг 10 хоногийн дотор прокурорт хянуулахаар хүргүүлнэ.
205.4.Зөвлөлийн гишүүдийн урамшуулал, үйл ажиллагааны зардлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага хариуцна.
206 дугаар зүйл. Хорих ял эдлүүлэх хорих ангийн дэглэм, зэрэглэлийг өөрчлөх
206.1.Хорих ял эдэлж байгаа хоригдлын ял эдлүүлэх хорих ангийн дэглэм, зэрэглэлийг хоригдлын үйлдсэн гэмт хэргийн шинж, хоригдлын хувийн байдал, засрал хүмүүжлийн байдлыг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу өөрчилж болно.
206.2.Хорих ангийн дэглэмийг өөрчлөх асуудлыг энэ хуулийн 224.2-т заасан зөвлөл саналаа прокурорт гаргаж, прокурор үндэслэлтэй гэж үзвэл дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлэн шийдвэрлүүлэх бөгөөд хорих ангийн зэрэглэлийг өөрчлөх асуудлыг энэ хуулийн 224.2-т заасан зөвлөлийн саналыг үндэслэн прокурор шийдвэрлэнэ.
206.3.Хоригдлын ял эдлэх хорих ангийн дэглэм, зэрэглэлийг өөрчлөх болон хорих ангийг солих тухай санал гаргах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална.
206.4.Энэ хуулийн 206.3-т заасны дагуу шилжүүлэн ял эдлүүлэх хоригдол нь нээлттэй хорих ангийн хуваарилагдсан зэрэглэлд хорих ялын гуравны нэгээс багагүй хувийг эдэлсэн, сүүлийн 1 жилийн хугацаанд сахилгын зөрчил гаргаагүй, хаалттай хорих ангийн хуваарилагдсан зэрэглэлд хорих ялын талаас багагүй хувийг эдэлсэн сүүлийн 1 жилийн хугацаанд сахилгын зөрчил гаргаагүй байна.
206.5.Бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдол хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд 10 жил ял эдэлсэн тохиолдолд хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд шилжүүлж болно.
206.6.Энэ хуулийн 206.5-д заасны дагуу шилжүүлэх хоригдол нь сүүлийн 1 жилийн хугацаанд сахилгын зөрчил гаргаагүй байх бөгөөд сүүлийн 1 жилийн дотор сахилгын зөрчил гаргасан тохиолдолд сүүлийн зөрчил гаргасан өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсний дараа шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
206.7.Сүүлийн 1 жилийн хугацаанд сахилгын зөрчил гаргаагүй, сахилга, засрал хүмүүжлийн байдлаараа эерэг үнэлгээ авсан нээлттэй хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдлыг хорих ялын хугацаа дуусахаас 1 жилийн өмнө нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд шилжүүлнэ.
206.8.Хоригдол 1 жилийн хугацаанд хоёр, түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргасан, эсхүл сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд зөвлөл нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс тусгай зэрэглэлд, хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлээс тусгай зэрэглэлд, тусгай зэрэглэлээс тусгай нэгжид зэрэглэл хүндрүүлэн шилжүүлэх саналаа прокурорт гаргаж, прокурор 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.
206.9.Энэ хуулийн 206.8-д заасны дагуу шилжүүлэн ял эдэлж байгаа хоригдол хуваарилагдсан зэрэглэлд 1 жилийн хугацаанд зөрчил гаргаагүй бол зэрэглэл хүндрүүлэн шилжүүлсэн дарааллын дагуу анх хуваарилсан зэрэглэлд зэрэглэл хөнгөрүүлэн шилжүүлнэ.
206.10.Хоригдлыг 1 жилийн дотор нэгээс илүү удаа зэрэглэл хөнгөрүүлэн шилжүүлэхгүй.
206.11.Энэ хуулийн 206.8-д заасан журмын дагуу нээлттэй хорих ангийн тусгай зэрэглэлд шилжүүлсэн хоригдол мөн хэсэгт заасан зөрчлийг давтан гаргасан тохиолдолд энэ хуулийн 206.2-т заасны дагуу хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд шилжүүлэн ял эдлүүлэх саналыг прокурорт хүргүүлэх бөгөөд прокурор үндэслэлийг хянаж, шүүхэд хүргүүлэн шийдвэрлүүлнэ.