МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ
Төр, засаглал · 139 зүйл · хүчин төгөлдөр · хэсэг 2/2 (73–731-р зүйл) · legalinfo.mn ↗
73 дугаар зүйл. Төсвийн төслийн тав дахь хэлэлцүүлэг /Энэ зүйлийн гарчигт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
73.1.Нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулж батлуулна.
73.2.Шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг энэ хуульд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх журмын дагуу хэлэлцэн баталж болно.
73.3.Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуульд тодотгол хийх асуудлыг энэ хуулийн 69, 691,70, 71, 72, 73 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
73.4.Төсвийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой энэ бүлгээр зохицуулаагүй бусад асуудлыг энэ хуульд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх журмыг баримтална.
74 дугаар зүйл. Төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэх
74.1.Засгийн газар Улсын төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийг нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан /цаашид "төсвийн гүйцэтгэл" гэх/-ийн хамт Төсвийн тухай хуулийн 8.10.3-т заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. /Энэ хэсэгт "Улсын төсвийн гүйцэтгэл" гэснийг "нэгдсэн төсвийн гүйцэтгэл гэж" 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
74.2.Төсвийн гүйцэтгэлийн талаарх танилцуулгад төсвийн орлого, зарлагыг эдийн засгийн ангиллаар, төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр гаргаж, баталсан төсвөөс зөрүүтэй бол түүний шалтгааныг тайлбарласан дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан байна.
74.3.Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхэд Ерөнхий сайд, төсвийн ерөнхийлөн захирагч нар, Монгол Улсын Ерөнхий аудитор байлцана. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
74.4.Төсвийн гүйцэтгэлийг дараах хоёр үе шаттайгаар хэлэлцэнэ:
74.4.1.нэг дэх хэлэлцүүлэгт төсвийн гүйцэтгэлийн талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний илтгэл, нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх төрийн аудитын дээд байгууллагын дүгнэлт, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар сонсох; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
74.4.2.хоёр дахь хэлэлцүүлгээр Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд, нам, эвслийн бүлэг төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхдээ төсвийн гүйцэтгэлийн талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний илтгэл, нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг сонсож, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төсвийн ерөнхийлөн захирагч нараас төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлантай холбоотой асуулт асууж, үг хэлж, санал, дүгнэлт гаргах; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
74.4.3.Байнгын хороод, нам, эвслийн бүлэг энэ хуулийн 74.4.2-т заасан санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд өгөх ба тус дэд хороо эдгээр санал, дүгнэлтийг хэлэлцэн нэгтгэн гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулна.
74.5.Нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлэг явуулах үед гишүүд энэ хуулийн 74.4.1-д заасан илтгэл болон аудитын дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн энэ хуулийн 74.3-т заасан албан тушаалтнаас асуулт асууж, үг хэлж болох бөгөөд үүний дараа төсвийн гүйцэтгэлийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлнэ.
74.6.Нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа улсын төсвийн орлого, зарлагын нийт дүнг тусгасан Улсын төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоол батална. /Энэ хэсгийн " улсын төсвийн орлого, зарлагын нийт дүнг тусгасан Улсын төсвийн гүйцэтгэл" гэснийг "нэгдсэн төсвийн орлого, зарлагын нийт дүнг тусгасан нэгдсэн төсвийн гүйцэтгэл" гэж 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
74.7.Шаардлагатай гэж үзвэл Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Улсын төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл боловсруулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно. /Энэ хэсгийн "Улсын" гэснийг "нэгдсэн" гэж 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ САНАЛ, ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ, ГАДААД ХАРИЛЦААТАЙ ХОЛБОГДОХ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭХ ЖУРАМ
75 дугаар зүйл. Хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах санал, гэрээний төслийг зөвшилцөх
75.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар Улсын Их Хурал соёрхон батлах хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах бол уг олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний эцэслэн тохиролцсон, эсхүл үзэглэсэн төсөл, эсхүл баталсан буюу жинхэлсэн эх бичвэрийн хуулбар, боломжтой бол баталгаат хуулбар, тэдгээрийн орчуулга, олон улсын гэрээнд нэгдэн орсноор Монгол Улсад үзүүлэх үр нөлөө, үр дагаврын талаарх дүн шинжилгээний хамт тухайн олон улсын гэрээнд гарын үсэг зурахаас өмнө Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлнэ.
75.2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэр, холбогдох баримт бичгийг хэлэлцэхээс 3 хоногийн өмнө гишүүдэд тараана.
75.3.Дараах олон улсын гэрээний тухайд олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг дараах байнгын хороо тус тусдаа урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ:
75.3.1.чөлөөт худалдаа, давхар татвар, хөрөнгө оруулалттай холбогдсон олон улсын гэрээний төслийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо;
75.3.2.Монгол Улсын хуульд зааснаас өөр журам тогтоож байгаа, эсхүл тухайн олон улсын гэрээг байгуулснаар, нэгдсэнээр, эсхүл хэрэгжүүлснээр Монгол Улсын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хууль шинээр батлах шаардлагатай олон улсын гэрээний төслийг Хууль зүйн байнгын хороо;
75.3.3.хүний салшгүй эрх, эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт этгээд болон ялтан шилжүүлэхтэй холбогдсон олон улсын гэрээний төслийг Хууль зүйн байнгын хороо.
75.4.Бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлж болно.
75.5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэр, холбогдох баримт бичиг, Төсвийн, Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороодын, эсхүл бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг нэгтгэн хэлэлцэнэ.
75.6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн танилцуулна.
75.7.Олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эх бичвэртэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
75.8.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийн талаар ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дараах санал, дүгнэлтийн аль нэгийг гаргана:
75.8.1.олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг бүхэлд нь зөвшөөрч, олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт олгох;
75.8.2.баталсан буюу жинхэлсэн олон талт гэрээний эх бичвэрээс бусад олон улсын гэрээний төсөлтэй холбогдуулан зарчмын шинжтэй тодорхой засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлэх;
75.8.3.олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг дэмжээгүй бол шалтгааныг тайлбарласан санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлэх.
75.9.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын санал, эсхүл олон улсын гэрээний агуулга, ач холбогдлыг харгалзан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гишүүдийн олонхын саналаар олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөхөөр шийдвэрлэж болно.
75.10.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар энэ хуулийн 75.8.2-т заасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийн дагуу олон улсын гэрээний төсөлд засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнг олон улсын гэрээний шинэчилсэн төслийн хамт Улсын Их Хуралд зөвшилцөхөөр дахин ирүүлнэ.
75.11.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар энэ хуулийн 75.8.3-т заасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан шалтгааныг арилгасан бол олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний шинэчилсэн төслийг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлж болно.
75.12.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нь Төсвийн, Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороодын санал, дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл энэ тухай санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
75.13.Энэ хуулийн 75.9, 75.12-т заасны дагуу хэлэлцүүлсэн олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонхын саналаар энэ хуулийн 75.8.1, 75.8.2, 75.8.3-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.
76 дугаар зүйл. Зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ байгуулах санал, гэрээний төслийг урьдчилан зөвшилцөх
76.1.Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээний тухайд гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг Эдийн засгийн байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ.
76.2.Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэр, холбогдох баримт бичгийг Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн хэлэлцэнэ.
76.3.Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрт дараах нөхцөлийг тусгасан эсэхийг хянан хэлэлцэнэ:
76.3.1.тухайн зээлийн зориулалтыг тодорхой тусгасан эсэх;
76.3.2.зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан хөгжлийн зорилтот хөтөлбөртэй уялдсан, тэргүүлэх ач холбогдлоор эрэмбэлэгдсэн төсөл, хөтөлбөр байх;
76.3.3.улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, импортыг орлох болон экспортлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт болон зөвхөн үр ашигтай төслийг санхүүжүүлэхэд чиглэгдсэн байх;
76.3.4.тухайн зээлийн хэмжээ төсвийн тусгай шаардлагын тогтоосон хэмжээнд нөлөөлөхгүй, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байх.
76.4.Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанд олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн танилцуулна.
76.5.Олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эх бичвэртэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
76.6.Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийн талаар ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дараах санал, дүгнэлтийн аль нэгийг гаргана:
76.6.1.олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг бүхэлд нь зөвшөөрч, олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт олгох;
76.6.2.баталсан буюу жинхэлсэн олон талт гэрээний эх бичвэрээс бусад олон улсын гэрээний төсөлтэй холбогдуулан зарчмын шинжтэй тодорхой засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлэх;
76.6.3.олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг дэмжээгүй бол шалтгааныг тайлбарласан санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлэх.
76.7.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын санал, эсхүл олон улсын гэрээний агуулга, ач холбогдлыг харгалзан Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөхөөр шийдвэрлэж болно.
76.8.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар энэ хуулийн 76.6.2-т заасан Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийн дагуу олон улсын гэрээний төсөлд засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнг олон улсын гэрээний шинэчилсэн төслийн хамт Улсын Их Хуралд зөвшилцөхөөр дахин ирүүлнэ.
76.9.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар энэ хуулийн 76.6.3-т заасан Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтэд дурдсан шалтгааныг арилгасан бол олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний шинэчилсэн төслийг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлж болно.
76.10.Энэ хуулийн 76.7-д заасны дагуу хэлэлцүүлсэн олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонхын саналаар энэ хуулийн 76.6.1, 76.6.2, 76.6.3-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.
77 дугаар зүйл. Олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох санал, гэрээг урьдчилан зөвшилцөх, хэлэлцүүлэх
77.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар Улсын Их Хурал соёрхон батлах хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээний эх бичвэрийн хуулбар, боломжтой бол баталгаат хуулбар, шаардлагатай бол түүний орчуулга, гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон улсын гэрээний тухайд тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хуралд зөвшилцөх, хэлэлцүүлэхээр ирүүлнэ.
77.2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ, хуулийн төсөл, холбогдох баримт бичгийг хэлэлцэхээс 3 хоногийн өмнө гишүүдэд тараана.
77.3.Чөлөөт худалдаа, давхар татвар, хөрөнгө оруулалттай холбогдсон олон улсын гэрээний тухайд олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод тус тусдаа урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ.
77.4.Дараах олон улсын гэрээний тухайд олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээг Хууль зүйн байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ:
77.4.1.Монгол Улсын хуульд зааснаас өөр журам тогтоож байгаа, эсхүл тухайн олон улсын гэрээг байгуулснаар, нэгдсэнээр, эсхүл хэрэгжүүлснээр Монгол Улсын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хууль шинээр батлах шаардлагатай олон улсын гэрээ;
77.4.2.хүний салшгүй эрх, эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт этгээд болон ялтан шилжүүлэхтэй холбогдсон олон улсын гэрээ.
77.5.Бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ болон хуулийн төслийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлж болно.
77.6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ болон хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төсөл, баримт бичиг, Төсвийн, Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороонд, эсхүл бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг нэгтгэн хэлэлцэнэ.
77.7.Байнгын хорооны хуралдаанд олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ болон хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн танилцуулна.
77.8.Олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ болон хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
77.9.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ болон хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төслийн талаар ил санал хураалт явуулж, гишүүдийн олонхын саналаар дараах санал, дүгнэлтийн аль нэгийг гаргана:
77.9.1.олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, тухайн олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт олгох;
77.9.2.гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон улсын гэрээний тухайд тухайн олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх;
77.9.3.олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээг дэмжээгүй бол шалтгааныг тайлбарласан санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлэх.
77.10.Энэ хуулийн 77.9.2-т заасан шийдвэр гаргахдаа тухайн олон улсын гэрээг соёрхон батлахдаа тайлбар хийхээр Засгийн газраас санал болгосон бол тайлбар хийх шаардлагатай эсэх талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг хамтад нь гаргана.
77.11.Энэ хуулийн 77.9.2-т заасан гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг холбогдох Байнгын хороо Засгийн газарт буцаахгүйгээр нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
77.12.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар энэ хуулийн 77.9.3-т заасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан шалтгааныг арилгасан бол олон улсын гэрээнд нэгдэн орох саналыг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлж болно.
77.13.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын, эсхүл Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл энэ тухай санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
77.14.Энэ хуулийн 77.9.2, 77.13-т заасны дагуу хэлэлцүүлэх олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээ болон хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
77.14.1.олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт олгох;
77.14.2.гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон улсын гэрээний тухайд тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хууль батлах;
77.14.3.гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох бусад хуулийн төсөл эрхлэх асуудалд нь хамаарах Байнгын хороонд шилжүүлэх.
77.15.Гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон улсын гэрээнээс бусад олон талт олон улсын гэрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурахаас өмнө энэ хуульд заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөнө.
78 дугаар зүйл. Хоёр талт олон улсын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх
78.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хоёр талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж дараах санал, дүгнэлтийн аль нэгийг гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна:
78.1.1.олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах;
78.1.2.олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах.
78.2.Бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг энэ хуулийн 78.1-д заасан олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн бол тус Байнгын хороо тэдгээрийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргахдаа харгалзан үзэж болно.
78.3.Нэгдсэн хуралдаан хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, Байнгын хорооноос оруулсан саналын томьёоллоор ил санал хураалт явуулж Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол соёрхон батлах тухай хууль эцэслэн баталсанд тооцно.
78.4.Улсын Их Хурлын нийт гишүүний олонх олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжээгүй бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоол баталсанд тооцно.
78.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
79 дугаар зүйл. Олон талт олон улсын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх
79.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас өргөн мэдүүлсэн олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж дараах санал, дүгнэлтийн аль нэгийг гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна:
79.1.1.олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах;
79.1.2.олон улсын гэрээг тайлбартайгаар соёрхон батлах;
79.1.3.олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх;
79.1.4.олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах.
79.2.Бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг энэ хуулийн 79.1-д заасан олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн бол тус Байнгын хороо тэдгээрийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргахдаа харгалзан үзэж болно.
79.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
79.4.Энэ хуулийн 79.1.1-д заасан олон улсын гэрээний тухайд нэгдсэн хуралдаан хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, Байнгын хорооноос оруулсан саналын томьёоллоор ил санал хураалт явуулж, Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол соёрхон батлах тухай хууль эцэслэн баталсанд тооцно.
79.5.Энэ хуулийн 79.1.2-т заасны дагуу Байнгын хороо олон улсын гэрээг тайлбартайгаар батлах санал гаргасан бол уг тайлбар, мэдэгдлийн төслийг гэрээний хамт нэгдсэн хуралдаанд оруулж тусад нь санал хураалгаж батлуулна.
79.6.Энэ хуулийн 79.1.3-т заасны дагуу нэгдсэн хуралдаанаас хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн олон улсын гэрээ соёрхон батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох бусад хуулийн төсөл эрхлэх асуудалд нь хамаарах Байнгын хороонд шилжүүлж, энэ хуульд заасан хуулийн төсөл хэлэлцэх журмаар хамтад нь хэлэлцэнэ.
79.7. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжээгүй бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоол баталсанд тооцно.
80 дугаар зүйл. Гадаад улсыг хүлээн зөвшөөрөх, түүнтэй дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай асуудлыг хэлэлцэх
80.1.Засгийн газар гадаад улсыг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаан ил санал хураалт явуулж гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
80.2.Засгийн газар гадаад улстай дипломат харилцаа шинээр буюу сэргээн тогтоохоор төлөвлөж байгаа бол энэ тухай саналаа танилцуулгын хамтаар Улсын Их Хуралд ирүүлнэ.
80.3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ хуулийн 80.2-т заасны дагуу Засгийн газраас ирүүлсэн санал, танилцуулгыг хуралдаанаараа хэлэлцэж ил санал хураалт явуулж гишүүдийн олонх дэмжсэн бол саналыг дэмжиж байгаагаа Засгийн газарт хариу мэдэгдэх ба ингэхдээ уг асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд анхаарвал зохих асуудлаар гишүүдийн гаргасан саналыг хавсаргана.
80.4.Засгийн газар гадаад улстай дипломат харилцаа тогтоох, эсхүл цуцлах асуудлаар тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн бол уг асуудлыг энэ хуулийн 80.1-д заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.
81 дугаар зүйл. Хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээн ажиллуулах, түвшин, байршлыг нь тогтоох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөх
81.1.Хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээн ажиллуулах, түвшин, байршлыг тогтоох саналыг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
81.2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Засгийн газраас зөвшилцөхөөр ирүүлсэн санал, танилцуулгыг хуралдаанаараа хэлэлцэж ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол саналыг дэмжиж байгаагаа Засгийн газарт хариу мэдэгдэх ба ингэхдээ уг асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд анхаарвал зохих асуудлаар гишүүдийн гаргасан саналыг хавсаргана.
82 дугаар зүйл. Хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээн ажиллуулах, түвшин, байршлыг нь тогтоох тухай тогтоолын төсөл хэлэлцэх
82.1.Хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээн ажиллуулах, түвшин, байршлыг тогтоох тухай тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаан ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд энэ асуудлаар Улсын Их Хурал тогтоол батална.
БУСАД АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭХ ЖУРАМ
83 дугаар зүйл. Ард нийтийн санал асуулга явуулах саналыг хэлэлцэх
83.1.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороод урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
83.2.Нэгдсэн хуралдаанаар хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын санал, дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулж, Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол баталсанд тооцно.
83.3.Энэ хуулийн 83.2-т заасан тогтоолын төсөлд шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуулт, түүнд өгөх эсрэг утга бүхий хариултын хувилбарыг тусгана.
83.4.Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
84 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журам
84.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц /цаашид "Цэц" гэх/ дүгнэлт гаргасан бол түүнийг ёсчилсноос хойш 24 цагийн дотор Улсын Их Хуралд ирүүлнэ.
84.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлаар Цэц дүгнэлтээ Улсын Их Хуралд оруулсан бол Улсын Их Хурал дараах журмаар хэлэлцэнэ:
84.2.1.Цэцийн дүгнэлтийг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор Хууль зүйн болон холбогдох Байнгын хороо хэлэлцэж бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь /хэсэгчлэн/ хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудлаар санал, дүгнэлт гаргах;
84.2.2.энэ хуулийн 84.2.1-д заасны дагуу Байнгын хороод Цэцийн дүгнэлтийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргахдаа холбогдох хууль, тогтоолын Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр, хэрэв Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн бол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулах;
84.2.3.нэгдсэн хуралдаан энэ хуулийн 84.2.2-т заасны дагуу Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт тус бүрээр ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар тогтоол баталсанд тооцох бөгөөд уг тогтоолд зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн заалтыг тус тусад нь заах;
84.2.4.Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл нэгдсэн хуралдаанд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтээр эхэлж санал хураалгах бөгөөд энэ санал дэмжигдээгүй бол холбогдох Байнгын хорооны санал дэмжигдсэн гэж үзэх;
84.2.5.хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол энэ тухай тогтоолыг Цэцэд хүргүүлэх.
84.3.Хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна.
84.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, бусад шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол Цэцийн шийдвэрт хүчингүй болгох хугацааг тусгайлан заасан тохиолдолд тус хугацаанд, хугацаа тусгаагүй бол эдгээр шийдвэр хүчингүй болсонд тооцно.
84.5.Энэ хуулийн 84.3-т заасан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.
84.6.Цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах бөгөөд санал хурааж шийдвэр гаргахгүй. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд тухайн асуудалд томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, үг хэлж болно.
84.7.Онц болон дайны байдал зарласан, цэрэг хөдөлгөх тухай, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн, эсхүл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр нь Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хойшлуулшгүй хэлэлцэнэ.
85 дугаар зүйл. Албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар гаргасан Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх
85.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан асуудлаар Цэц дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд ирүүлсэн бол Улсын Их Хурал дараах журмаар хэлэлцэнэ:
85.1.1.Цэцийн дүгнэлтийг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод хэлэлцэж санал, дүгнэлт гаргах;
85.1.2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан бол энэ тухай дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах бөгөөд энэ тохиолдолд асуулт, хариулт, санал шүүмжлэл, санал хураалт явуулахгүй;
85.1.3.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөгүй тухай дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулсан тухай Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр мэдэгдэх;
85.1.4.нэгдсэн хуралдаан энэ хуулийн 85.1.2-т заасан албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлттэй танилцсаны дараа Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороодын гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэх;
85.1.5.нэгдсэн хуралдаанд гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх;
85.1.6.Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчилд холбогдсон албан тушаалтан санал хураахын өмнө Байнгын хорооны хуралдаанд 5 минутаас илүүгүй хугацаанд, нэгдсэн хуралдаанд 10 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх;
85.1.7.энэ хуулийн 85.1.4-т заасны дагуу гаргасан Байнгын хорооны саналаар ил санал хураалт явуулах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн бол тухайн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах, эсхүл бусад хариуцлага хүлээлгэх асуудлыг энэ хууль болон холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэх;
85.1.8.Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол Улсын Их Хурлаас шийдвэр гаргахгүй.
85.2.Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлт гарсан бол нэгдсэн хуралдааныг олонхын бүлгээс сонгогдсон дэд дарга, бусад тохиолдолд Улсын Их Хурлын дарга даргалан хуралдуулна.
86 дугаар зүйл. Албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлаар гаргасан Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх
86.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргаж ирүүлсэн бол Улсын Их Хурал дараах журмаар хэлэлцэнэ:
86.1.1.Цэцийн дүгнэлтийг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод хэлэлцэж санал, дүгнэлт гаргах;
86.1.2.Цэц энэ хуулийн 86.1-д заасан холбогдох албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан бол энэ тухай дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах бөгөөд энэ тохиолдолд асуулт, хариулт, санал шүүмжлэл, санал хураалт явуулахгүй;
86.1.3.Цэц Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан бол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд Цэцийн дүгнэлттэй танилцсаны дараа дүгнэлтийг зөвшөөрөх эсэх асуудлаар Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороодын гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэх;
86.1.4.нэгдсэн хуралдаанд гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх;
86.1.5.энэ хуулийн 86.1-д заасан албан тушаалтан санал хураахын өмнө Байнгын хорооны хуралдаанд 5 минутаас илүүгүй хугацаанд, нэгдсэн хуралдаанд 10 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх;
86.1.6.энэ хуулийн 86.1.3-т заасны дагуу гаргасан Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэж, ил санал хураалт явуулах бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол тухайн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах тухай хууль, эсхүл тогтоолыг хуульд өөрөөр заагаагүй бол ил санал хураалтаар батлах;
86.1.7.Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол Улсын Их Хурлаас шийдвэр гаргахгүй.
86.2.Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн Цэцийн дүгнэлт гарсан бол нэгдсэн хуралдааныг олонхын бүлгээс сонгогдсон дэд дарга даргалан хуралдуулна.
87 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тогтоолоор хууль, тогтоолын зарим зүйл, хэсэг, заалт хүчингүй болсонтой холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэх журам
87.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Цэцийн тогтоолоор хууль, тогтоолын зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болгосон бол Улсын Их Хурал хууль, тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
87.2.Цэцийн тогтоолыг чуулганы үеэр хүлээн авсан бол ажлын 15 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш ажлын 15 өдрийн дотор холбогдох Байнгын хороо Цэцийн тогтоолтой холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ.
87.3.Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзвэл Байнгын хороо хууль, тогтоолд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна. Тухайн төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.
87.4.Нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг энэ хуульд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх журмаар хэлэлцэж батална.
88 дугаар зүйл. Цэцэд хүсэлт гаргах
88.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар гишүүн Улсын Их Хурлаас Цэцэд хүсэлт гаргах саналыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлбэл уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо ажлын 14 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж саналд дурдсан асуудал нэг бүрээр санал хураан нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ оруулна.
88.2.Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 88.1-д заасан санал, дүгнэлт гарснаас хойш ажлын 7 өдрийн дотор хуралдаж асуудал нэг бүрээр Байнгын хорооны саналаар санал хураалт явуулах бөгөөд санал хураалтаар олонхын дэмжлэг авсан асуудлаар Цэцэд хүсэлт гаргахыг зөвшөөрсөн гэж үзнэ.
88.3.Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 88.2-т заасан асуудлаар хүсэлт гаргах тухай албан бичгийг Цэцэд хүргүүлнэ.
89 дугаар зүйл. Цэцийн хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, тайлбар гаргах
89.1.Хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг шийдвэрлэх хуралдаанд тайлбар авахаар ирүүлсэн Цэцийн албан бичгийг Улсын Их Хурлын дарга холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ.
89.2.Холбогдох Байнгын хорооны дарга Цэцийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох гишүүний талаарх саналаа Улсын Их Хурлын даргад оруулна.
89.3.Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилно.
89.4.Итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн маргаантай асуудлаар Цэцэд өгөх тайлбарыг бэлтгэхэд Байнгын хорооны дарга шаардлагатай гэж үзвэл энэ талаар Байнгын хорооны гишүүдийн саналыг авах, эсхүл Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж чиглэл өгч болно.
90 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэх
90.1.Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.
90.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
90.3.Нэгдсэн хуралдаанд хоригийг Монгол Улсын Ерөнхийлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцуулсны дараа энэ хуулийн 90.2-т заасан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсоно.
90.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
90.5.Гишүүд энэ хуулийн 90.4-т заасны дагуу үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
90.6.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.
90.7.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл холбогдох Байнгын хорооны саналаар эхэлж санал хураалт явуулна.
90.8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.
90.9.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.
91 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны танилцуулгыг сонсох
91.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.
91.2.Монгол Улсын Ерөнхийлөгч үйл ажиллагааныхаа талаарх танилцуулгыг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд уг танилцуулгыг ээлжит чуулган эхэлснээс хойш нэгдсэн хуралдаанаар 1 сарын дотор сонсоно.
91.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн танилцуулгатай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
92 дугаар зүйл. Онц болон дайны байдал зарлах, цуцлах тухай асуудлыг хэлэлцэх
92.1.Онц болон дайны байдал зарлах тухай асуудлыг Онц байдлын тухай хуулийн 5, 6, 7 дугаар зүйл, Дайны байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
92.2.Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулган хуралдаж байх үед онц болон дайны байдал зарлах онцгой нөхцөл үүсвэл тухайн чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг үл харгалзан онц болон дайны байдал зарлах тухай асуудлыг эхний ээлжид хэлэлцэн шийдвэрлэнэ.
92.3.Онц болон дайны байдал зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг батлах, эсхүл хүчингүй болгох асуудлыг хэлэлцэхэд уг асуудлыг нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч танилцуулна.
92.4.Онц байдал зарлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүд санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол уг асуудлыг нэгдсэн хуралдаанд хууль санаачилсан гишүүн танилцуулж, энэ хуулийн 92.1-д заасан дэгийн дагуу хэлэлцэнэ.
93 дугаар зүйл. Улсын Их Хурал тарах асуудлыг хэлэлцэх
93.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь, эсхүл мөнхүү шалтгаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж, Улсын Их Хурал нэгэн бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө тарах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
93.2.Энэ хуулийн 93.1-д заасан саналыг ээлжит чуулганы үеэр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол ажлын 3 өдрийн дотор Халдашгүй байдлын дэд хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хуралдаж хэлэлцэнэ.
93.3.Халдашгүй байдлын дэд хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.
93.4.Нэгдсэн, Байнгын, дэд хорооны хуралдаанд энэ хуулийн 93.1-д заасан саналыг гаргасан аль нэг гишүүн, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч саналаа 10 минутад багтаан танилцуулна.
93.5.Нам, эвслийн бүлэг энэ асуудлаар санал, дүгнэлт гаргасан бол нэгдсэн хуралдаанд 5 минутад багтаан танилцуулна.
93.6.Гишүүн өргөн мэдүүлсэн санал болон нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
93.7.Асуулт асуух, түүнд хариулах, үг хэлэх хугацаа тус бүр 5 минутаас илүүгүй байна.
93.8.Гишүүд үг хэлж дууссаны дараа Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэсэн саналаар ил санал хураалт явуулна.
93.9.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэсэн саналыг дэмжсэн бол Улсын Их Хурал өөрөө тарах тухай тогтоол баталсанд тооцно.
93.10.Энэ хуулийн 93.1-д заасан саналыг ээлжит чуулганы чөлөө цагт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурлын дарга тухайн саналыг өргөн мэдүүлснээс хойш 3 хоногийн дотор ээлжит бус чуулганыг товлон зарлаж энэ хуульд заасны дагуу хэлэлцүүлнэ.
94 дугаар зүйл. Ээлжит бус сонгууль товлон зарлах
94.1.Улсын Их Хурал өөрөө тарах шийдвэр гаргасан, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргаснаас хойш 10 хоногийн дотор ээлжит бус сонгуулийг товлон зарлана.
94.2.Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 93.1-д заасан Улсын Их Хурал тарах, эсхүл Улсын Их Хурлыг тараах шийдвэр гарснаас хойш 1 хоногийн дотор ээлжит бус сонгуулийг товлон зарлах асуудлыг хэлэлцэх Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны товыг тогтоож захирамж гаргана.
94.3.Төрийн байгуулалтын байнгын хороо ээлжит бус сонгууль товлон зарлах, сонгуулийн зардал, санал хураах өдрийг тус тус хэлэлцэж, тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулна.
94.4.Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 94.3-т заасан асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
95 дугаар зүйл. Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх
95.1.Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар гаргасан иргэдийн өргөдөл /цаашид "нийтийн өргөдөл" гэх/-ийг Улсын Их Хурлаас тусгайлан ажиллуулсан санал хүлээн авах цахим системд 30 хоногийн хугацаатай байршуулна.
95.2.Цахим системд байршуулсан нийтийн өргөдлийг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэдийн дэмжсэн санал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.5-д заасан тоонд хүрсэн тохиолдолд Улсын Их Хурал авч хэлэлцэнэ. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
95.3.Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал энэ хуулийн 95.2-т заасан тоонд хүрмэгц Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр холбогдох Байнгын хороонд ажлын 5 өдрийн дотор хуваарилж, нэгдсэн хуралдаанд танилцуулна.
95.4.Холбогдох Байнгын хороо саналыг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 7 хоногийн дотор хэлэлцэж эхэлнэ.
95.5.Байнгын хороо тухайн саналыг хэлэлцэж эхэлснээс хойш 3 сарын дотор дараах байдлаар шийдвэрлэж, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулна:
95.5.1.холбогдох бодлогын баримт бичиг, хууль, тогтоолын төсөл боловсруулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх;
95.5.2.хууль, тогтоолын хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг арилгуулах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх;
95.5.3.Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах;
95.5.4.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13.1.11-д заасан асуудлаар санал гаргах;
95.5.5.олон нийтийн хэлэлцүүлэг, Улсын Их Хурлын хяналтын сонсгол зохион байгуулах.
95.6.Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 95.1-д заасан асуудлаар санал гаргасан иргэдийн төлөөлөл болон холбогдох салбарын мэргэжилтнийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд байлцуулж болно.
95.7.Гишүүн нийтийн өргөдөлд хамаарах асуудлаар холбогдох хуулийн төсөл санаачилж болох ба Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан хүрээ, хязгаарыг баримтална.
95.8.Энэ хуулийн 95.5-д заасан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсох ажиллагааг сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар энэ хуулийн 112.1-д заасан Улсын Их Хурлын асуулгын дараа нэг цагийн хугацаанд багтаан зохион байгуулна. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
95.9.Энэ хуулийн 95.8-д заасны дагуу Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсаны дараа гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ, ОГЦРУУЛАХ, ЭГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ЖУРАМ
96 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэх
96.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлаар дүгнэлт гаргана.
96.2.Нэгдсэн хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлт гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг дараах журмаар гаргана:
96.2.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнгийн тухай Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэлийг сонсох;
96.2.2.Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг сонсох;
96.2.3.Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар ил санал хураалт явуулах;
96.2.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тухай хууль гаргах.
96.3.Төрийн байгуулалтын байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
97 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд тангараг өргөх
97.1.Шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд тангараг өргөнө.
97.2.Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас товлосон өдөр, цагт Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Улсын Их Хуралд тангараг өргөнө.
97.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулна.
97.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны бэлтгэл ажлыг ханган зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулна.
98 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэх
98.1.Монгол Улсын Ерөнхийлөгч эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд гаргасан бол Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг ажлын 5 өдрийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна.
98.2.Нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг ажлын 5 өдрийн дотор хэлэлцэн ил санал хураалт явуулж, чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль баталсанд тооцно.
98.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шалтгаан, үндэслэлийн талаар гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
98.4.Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, эсхүл огцруулах үндэслэлтэй байна гэсэн Цэцийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах эсэх асуудлыг энэ хуулийн 85, 86 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.
98.5.Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны саналаар ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын нийт гишүүний дийлэнх олонх дэмжсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хууль баталсанд тооцно.
98.6.Нэгдсэн хуралдаанд оролцсон нийт гишүүний дийлэнх олонх Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй.
99 дугаар зүйл. Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх
99.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулсан, эсхүл огцорсонд тооцсон бол шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.
100 дугаар зүйл. Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх
100.1.Ерөнхий сайд эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бол Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргана.
100.2.Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 100.1-д заасан хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хэлэлцэн ил санал хураалт явуулах бөгөөд чөлөөлөгдөх хүсэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоол баталсанд тооцно.
100.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх шалтгаан, үндэслэлийн талаар гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
101 дугаар зүйл. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх
101.1.Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. /Энэ хэсгийн "… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн ..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./ /Энэ хэсгийн "… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн ..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
101.2.Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна.
101.3.Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна.
101.4.Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй.
101.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
101.6.Нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргасан бол 5 минутад багтаан нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
101.7.Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд үг хэлж болно.
101.8.Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, эсхүл Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлтэй гэж Цэц дүгнэлт гаргасан бол энэ хуулийн 85, 86 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.
102 дугаар зүйл. Ерөнхий сайдад тодорхой асуудлаар итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх
102.1.Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. /Энэ хэсгийн "… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш ..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./ /Энэ хэсгийн "… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш ..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
102.2.Холбогдох Байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна.
102.3.Энэ хуулийн 102.1-д заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолын төслийг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, энэ тухай тогтоол баталсанд тооцно.
102.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
102.5.Нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргасан бол 5 минутад багтаан нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
102.6.Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд үг хэлж болно.
102.7.Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг баталсантай холбогдуулан шаардлагатай бол уг тогтоолд нийцүүлэн зохих хууль, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал энэ хуульд заасан журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
103 дугаар зүйл. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, томилох талаар Улсын Их Хуралд танилцуулах журам
103.1.Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, түүнтэй холбогдуулан шинээр томилох асуудлыг Улсын Их Хуралд танилцуулах тухайгаа Улсын Их Хурлын даргад мэдэгдэж товыг тогтоолгоно.
103.2.Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, томилох асуудлыг нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд гишүүд Ерөнхий сайд болон томилогдох этгээдээс асуулт асууж, үг хэлж болно.
103.3.Энэ хуулийн 103.1-д заасан асуудлаар Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахгүй.
104 дугаар зүйл. Цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх журам
104.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн саналыг хүлээн авснаас хойш энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор тухайн тайлан, эрх бүхий этгээдийн саналыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. /Энэ хэсгийн " энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна....нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ...тухайн тайлан," гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./
104.2.Нэгдсэн хуралдаан Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор хуралдаж нэр дэвшүүлсэн байгууллагын танилцуулга, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож нэр дэвшигч тус бүрээр ил санал хураалт явуулж олонхын санал авсан нэр дэвшигчийг Цэцийн гишүүнээр томилох тухай тогтоол баталсанд тооцно.
104.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд нэр дэвшүүлсэн байгууллага болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.
105 дугаар зүйл. Цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх
105.1.Цэцийн гишүүн бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ анх илгээсэн байгууллагаар уламжлан гаргасныг, эсхүл Төрийн албаны тухай хуульд[13] заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулж гишүүнийг чөлөөлүүлэх саналыг анх илгээсэн байгууллага Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг 7 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна.
105.2.Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар 7 хоногийн дотор хэлэлцэн ил санал хураалт явуулах бөгөөд чөлөөлөх асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоол баталсанд тооцно.
105.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шалтгаан, үндэслэлийн талаар гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
105.4.Цэцийн гишүүнийг эгүүлэн татах бол энэ талаар гарсан Цэцийн шийдвэр, анх нэр дэвшүүлсэн байгууллагын саналыг энэ хуульд заасан журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
106 дугаар зүйл. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах журам
106.1.Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийн танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд ирүүлнэ.
106.2.Энэ хуулийн 106.1-д заасан танилцуулгыг ирүүлснээс хойш 7 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт ирүүлсэн бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулна.
106.3.Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулснаас хойш ажлын 3 өдрийн дотор Улсын Их Хурлын дарга нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулсан талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ.
106.4.Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.
106.5.Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд нэр дэвшигчийн талаар санал хураалт явуулахгүй.
107 дугаар зүйл. Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөх
107.1.Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилохын өмнө зөвшилцөхөөр Улсын Их Хуралд саналаа ирүүлнэ.
107.2.Холбогдох Байнгын хороо энэ хуульд заасан журмын дагуу явуулсан нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор тухайн тайлан, Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
107.3.Нэгдсэн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн ил санал хураалт явуулж, дүнг Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэнэ.
107.4.Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тухайн нэр дэвшигчийг дэмжээгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч өөр хүнийг нэр дэвшүүлэхээр санал болгоно.
107.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж, түүнчлэн нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.
108 дугаар зүйл. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэх журам
108.1.Улсын Их Хурал Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг нэр дэвшүүлж, томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан журмыг баримтлан хэлэлцэнэ.
108.2.Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд эрх бүхий албан тушаалтны санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигч болон холбогдох бусад этгээдээс асуулт асууж, үг хэлж болно.
108.3.Нэгдсэн хуралдаан Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх, огцруулах саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
108.4.Хууль зүйн байнгын хороо хуульд заасны дагуу санал болгосон нэр дэвшигч нэг бүрээр санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшүүлэхийг дэмжсэнд тооцно.
109 дугаар зүйл. Гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөх
109.1.Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсад суух элчин сайд, бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн бол тухайн саналыг ажлын 3 өдрийн дотор Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлнэ.
109.2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ хуулийн 109.1-д заасан саналыг Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлснээс хойш ажлын 3 өдрийн дараа тухайн саналыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Хэрэв нэр дэвшигчийн сонсгол явуулах санал гарсан бол сонсголын тайлан гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Санал, дүгнэлтэд сонсголын тайланг хавсаргана.
109.3.Нэгдсэн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулж, дүнг Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэнэ.
109.4.Нэр дэвшигч нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч өөр хүний нэрийг дэвшүүлнэ.
109.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.
109.6.Энэ хуулийн 109.1-д заасан нэр дэвшигчийн сонсгол явуулахаар бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Нийтийн сонсголын тухай хуулийн 6.3-т заасан үндэслэлээр сонсголыг хаалттай явуулж болно.
110 дугаар зүйл. Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөх
110.1.Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн бол тухайн саналыг 72 цагийн дотор гишүүдэд хүргүүлнэ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ийнхүү хүргүүлснээс хойш ажлын 3 өдрийн дараа тухайн саналыг хэлэлцэж, санал, дүгнэлт гаргана. Хэрэв нэр дэвшигчийн сонсгол явуулах санал гарсан бол сонсголын тайлан гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.
110.2.Нэгдсэн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсон нууц санал хураалт явуулж, дүнг Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэнэ.
110.3.Нэр дэвшигч нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч өөр хүний нэрийг дэвшүүлнэ.
110.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.
111 дугаар зүйл. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам
111.1.Хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол тухайн саналыг 72 цагийн дотор Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлнэ. Холбогдох Байнгын хороо ийнхүү хүргүүлснээс хойш ажлын 3 өдрийн дараа тухайн саналыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Хуульд заасны дагуу, эсхүл гишүүдийн саналаар нэр дэвшигчийн сонсгол явуулсан бол сонсголын тайлан гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлтдээ тухайн тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.
111.2.Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
111.3.Томилогдох нэр дэвшигч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол эрх бүхий албан тушаалтан өөр хүнийг нэр дэвшүүлэхээр санал болгох бөгөөд чөлөөлөх саналыг дэмжээгүй бол уг саналыг дахин оруулж болно.
111.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд эрх бүхий албан тушаалтны санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.
111.5.Хуульд заасны дагуу албан тушаалд томилуулах саналыг Улсын Их Хурал, Байнгын хороо, Улсын Их Хурлын дарга гаргах, нэр дэвшүүлэх бол холбогдох хуульд заасан журам, шаардлага, шалгуурыг үндэслэнэ.
111.6.Байнгын хороо хуульд заасны дагуу албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхдээ гишүүдээс санал болгосон нэр дэвшигч нэг бүрээр санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшүүлэхийг дэмжсэнд тооцно.
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГА, ГИШҮҮНИЙ АСУУЛГА, АСУУЛТЫН ХАРИУГ СОНСОХ /Энэ бүлгийн гарчигт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
112 дугаар зүйл. Улсын Их Хурлын асуулгын цаг /Энэ зүйлийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
112.1.Ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан гишүүдээс Ерөнхий сайдад хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар асуулт тавих Улсын Их Хурлын асуулгын цаг байна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
112.2.Гишүүд Ерөнхий сайдад тавих асуултаа асуулга болохоос 7 хоногийн өмнө Улсын Их Хурлын даргад бичгээр хүргүүлэх бөгөөд ирүүлсэн асуултыг нэгтгэн Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдад ажлын 2 өдрийн дотор хүргүүлж, асуултыг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
112.3.Улсын Их Хурлын асуулга, түүнд өгөх Ерөнхий сайдын хариултыг Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэхгүй. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
112.4.Улсын Их Хурлын асуулгын цагт Ерөнхий сайд өөрөө биечлэн хариулт өгөх бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох Засгийн газрын гишүүн нэмэлт хариулт өгч болно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
112.5.Улсын Их Хурлын асуулгын нийт хугацаа 2 цагаас хэтрэхгүй. Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авах хугацаа цөөнхийн бүлэгт 75 минутаас, олонхын бүлэгт 15 минутаас, цөөнхийн гишүүдэд 30 минутаас хэтрэхгүй байна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
112.6.Цөөнхийн бүлэгт оногдсон хугацааны хоёрны нэг хүртэлх хугацааг тухайн бүлгийн дарга, эсхүл бүлгээс томилогдсон гишүүний цуварсан асуултаар эхлүүлж мэтгэлцүүлнэ. Үлдсэн хугацаанд цөөнхийн бүлгийн бусад гишүүн асуулт асууж, хариулт авна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
112.7.Энэ хуулийн 112.6-д заасан бүлгийн цуварсан асуултын тоог 9-өөс хэтрүүлэхгүй байна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
112.8.Ерөнхий сайдаас асуулт асуух, үг хэлэх хугацаа 2 минутаас хэтрэхгүй байх бөгөөд 1 удаа 1 минутаас хэтрэхгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, үг хэлж болно. Хариулт өгөх хугацаа 2 минутаас хэтрэхгүй байх бөгөөд нэмэлт тайлбар өгөх хугацаа 1 удаа 1 минутаас хэтрэхгүй байна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
112.9.Асуулт, хариултыг тусгайлан бэлтгэсэн индрээс асууж, хариулна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
112.10.Цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлаар Ерөнхий сайд Улсын Их Хуралд мэдээлэл хийх шаардлагатай гэж үзвэл энэ зүйлд зааснаас өөр цаг, өдөрт хийж болно. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүн асуулт асуух, үг хэлэхэд энэ хуулийн 9.17-д заасныг баримтална. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
113 дугаар зүйл. Гишүүний асуулгын хариуг хэлэлцэх
113.1.Гишүүн Байнгын хорооны хуралдаанаар асуулгын хариуг хэлэлцүүлэхээр бичгээр саналаа ирүүлснээс хойш 10 хоногийн дотор Байнгын хороо хуралдаанаар хэлэлцүүлэх бөгөөд дараах журмыг баримтална:
113.1.1.Байнгын хорооны хуралдаанд асуулгын хариуг холбогдох албан тушаалтан 3 минутаас илүүгүй хугацаанд танилцуулах бөгөөд гишүүд 3 минутаас илүүгүй хугацаанд асуулт асуух;
113.1.2.холбогдох албан тушаалтан асуултад хариулсны дараа асуулга тавьсан гишүүн 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх, асуулгатай холбоотой өөр асуулт асуух.
113.2.Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуулгын хариуг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно.
113.3.Гишүүний асуулгын хариуг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд дараах журмыг баримтална:
113.3.1.Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх тов, дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан тогтоох;
113.3.2.асуулгын хариуг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд тухайн асуудлыг хариуцан хэлэлцүүлэх Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд Улсын Их Хурлын даргад урьдчилан мэдэгдэх;
113.3.3.нэгдсэн хуралдаанд асуулгын хариуг холбогдох албан тушаалтан 5 минутаас илүүгүй хугацаанд танилцуулах ба гишүүд асуулгын хариутай холбогдуулж асуулт асуух хугацаа 3 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах, түүнд хариулах хугацаа 1 минутаас илүүгүй байх;
113.3.4.асуулгад хариулт өгсний дараа асуулга тавьсан гишүүн нэг удаа 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх.
113.4.Асуулгын хариуг ээлжит чуулганы үеэр сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Баасан гарагийн үдээс өмнөх хуралдаанд хэлэлцэж болно.
113.5.Гишүүний тавьсан асуулгын хариуг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед ижил сэдвийн хүрээнд тавигдсан бусад асуулгын хариуг нэгтгэн хэлэлцүүлж болно.
113.6.Нэгдсэн хуралдаан асуулгын хариуг хэлэлцээд Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргах шаардлагатай гэж үзвэл холбогдох Байнгын хороонд энэ талаар чиглэл өгнө.
113.7.Холбогдох Байнгын хороо энэ хуулийн 113.6-д зааснаар нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу хууль, тогтоолын төсөл боловсруулж, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулна.
114 дугаар зүйл. Гишүүний асуултын хариуг хэлэлцэх
114.1.Гишүүн Байнгын хорооны хуралдаанаар асуултын хариуг хэлэлцүүлэхээр бичгээр саналаа ирүүлснээс хойш 10 хоногийн дотор Байнгын хороо хуралдаанаар хэлэлцүүлэх бөгөөд дараах журмыг баримтална:
114.1.1.Байнгын хорооны хуралдаанд асуултын хариуг холбогдох албан тушаалтан 5 минутаас илүүгүй хугацаанд танилцуулах бөгөөд гишүүд 3 минутаас илүүгүй хугацаанд асуулт асуух, хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах, хариулах хугацаа 1 минутаас илүүгүй байх;
114.1.2.холбогдох албан тушаалтан асуултад хариулсны дараа асуулт тавьсан гишүүн 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх, тавьсан асуулттайгаа холбоотой өөр асуулт асуух.
114.2.Гишүүний асуултын хариуг хэлэлцэх ажиллагааг олон нийтэд мэдээлнэ.
ЗАСГИЙН ГАЗАР, ХОЛБОГДОХ БУСАД БАЙГУУЛЛАГЫН ТАЙЛАН, МЭДЭЭЛЭЛ, ИЛТГЭЛ СОНСОХ, ХЭЛЭЛЦЭХ
115 дугаар зүйл. Хуулиар тусгайлан заасан тайлан, илтгэл, мэдээлэл сонсох, хэлэлцэх
115.1.Улсын Их Хурлаар хэлэлцэхээр хуульд тусгайлан заасан тайлан, илтгэл, мэдээллийг эрх бүхий байгууллага хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд ирүүлнэ.
115.2.Дараах тайлан, илтгэл, мэдээллийг Байнгын хороо дараах харьяаллаар хэлэлцэнэ:
115.2.1.Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны тайланг Төсвийн байнгын хороо жил бүр;
115.2.2.төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн аудитын тухай хуулийн 33.2-т заасны дагуу төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэсэн аудитын тайлангийн дүгнэлт, зөвлөмж, түүний биелэлтийн талаарх тайланг Төсвийн байнгын хороо тухай бүр;
115.2.3.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг Хууль зүйн байнгын хороо болон холбогдох бусад Байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд;
115.2.4.Монголбанкны санхүүгийн тайлан, түүнд холбогдох аудитын санал, дүгнэлт болон Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг Эдийн засгийн байнгын хороо жил бүр;
115.2.5.төрийн мөнгөний бодлого, холбогдох хууль тогтоомжийн биелэлт, мөнгө, зээлийн байдлын талаарх Монголбанкны мэдээллийг Эдийн засгийн байнгын хороо шаардлагатай тохиолдолд;
115.2.6.хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн талаарх Төрийн албаны зөвлөлийн тайланг жил бүр, төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авсан арга хэмжээний явц, үр дүнгийн талаарх Төрийн албаны зөвлөлийн тайланг 2 жил тутам Төрийн байгуулалтын байнгын хороо;
115.2.7.Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг Хууль зүйн байнгын хороо жил бүрийн эхний улиралд;
115.2.8.жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэл болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар 2 жил бүр; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
115.2.9.банкны үйл ажиллагаанаас бусад санхүүгийн үйлчилгээг зохицуулах, хянахтай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны тайланг Эдийн засгийн байнгын хороо жил бүр;
115.2.10.Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны тайланг Эдийн засгийн байнгын хороо жил бүр;
115.2.11.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Төрийн байгуулалтын байнгын хороо жил бүр;
115.2.12.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо жил бүр; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
115.2.13.Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайлан, өрийн удирдлагын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг Төсвийн байнгын хороо жил бүр;
115.2.14.төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх Ёс зүйн хорооны тайланг Төрийн байгуулалтын байнгын хороо жил бүр; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
115.2.15.Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.1-д заасан олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайланг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хоёр жил тутам;
115.2.16.Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит тайланг Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар тухай бүр; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
115.2.17.Засгийн газар дахь хяналт шалгалтын ажлын ерөнхий дүнг Төрийн байгуулалтын байнгын хороо жил бүр;
115.2.18.хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланг Төсвийн байнгын хороо жил бүр.
115.3.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 15.2-т заасан мэдээллийг холбогдох Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл хэлэлцэнэ.
115.4.Энэ хуулийн 115.2, 115.3-т заасан тайлан, илтгэл, мэдээллийг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор Улсын Их Хурлын мэдээллийн нэгдсэн санд байршуулж, энэ хуулийн 115.2-т заасан тайланд ажлын 10 өдрийн дотор Улсын Их Хурлын Тамгын газар дүн шинжилгээ хийж, холбогдох Байнгын хороо, гишүүдэд тараасан байна.
115.5.Энэ хуулийн 115.2.3, 115.2.15-д заасан илтгэл, тайланг холбогдох Байнгын хороо нэгдсэн хуралдаанд заавал танилцуулах бөгөөд бусад тайлан, илтгэл, мэдээллийг холбогдох Байнгын хороо хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
115.6.Энэ хуулийн 115.2-т заасан Засгийн газрын тайлан, илтгэлийг Ерөнхий сайд, холбогдох байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг тухайн байгууллагын дарга Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байгаа тайлан, илтгэл, мэдээлэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн асуулт асууж, үг хэлж болно.
115.7.Байнгын хороо энэ хуулийн 115.2-т заасан тайлан, илтгэл, мэдээллийг хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, холбогдох санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
115.8.Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 14.1.1-д заасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хаалттай мэдээллийг жил бүрийн 01 дүгээр сарын гурав дахь долоо хоногт багтаан нэгдсэн хуралдаанаараа сонсоно. Нэгдсэн хуралдааны үеэр гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
116 дугаар зүйл. Байнгын хорооны хуралдаанаар мэдээлэл сонсох
116.1.Хуульд заасны дагуу, эсхүл Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд өөрийн санаачилгаар Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын болон бусад байгууллагын мэдээллийг хуралдаанаараа хэлэлцэж болно.
116.2.Гишүүн Байнгын хорооны хуралдаанаар энэ хуулийн 116.1-д заасан мэдээллийг хэлэлцэхэд асуулт асууж, үг хэлж болно.
116.3.Байнгын хороо энэ хуулийн 116.1-д заасан мэдээллийг хэлэлцээд, шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомж, Улсын Их Хурлаас баталсан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр тогтоол гаргаж болно.
117 дугаар зүйл. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын болон гүйцэтгэлийн тайлан, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан хэлэлцэх
117.1.Улсын Их Хурал Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тухайн жилийн явцын тайланг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлантай нэгтгэн хуульд заасан хугацаанд хянан хэлэлцэнэ.
117.2.Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17.2-т заасан шалгуурыг хангаж, хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд ирүүлнэ.
117.3.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явцтай нэгтгэн гаргасан тайланг Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 18.2-т заасны дагуу хэлэлцэнэ. Шаардлагатай гэж үзвэл бусад Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж санал, дүгнэлтээ хүргүүлж болно.
117.4.Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарах санал, дүгнэлтэд дараах зүйлийг тусгана:
117.4.1.жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл тухайн жилийнхээ зорилтот түвшинд хүрсэн, шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг бүлэг тус бүрээр болон нэгдсэн дүнгээр;
117.4.2.тухайн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтын хэдэн хувьд хүрснийг бүлэг тус бүрээр;
117.4.3.жилийн төлөвлөгөөнд заасан төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй бол түүний шалтгаан, нөхцөлийн талаар.
117.5.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг хуульд заасан хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 18.2-т заасны дагуу хэлэлцэнэ. Шаардлагатай гэж үзвэл бусад Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж санал, дүгнэлтээ хүргүүлж болно.
117.6.Энэ хуулийн 117.1, 117.5-д заасан тайланг Ерөнхий сайд, эсхүл үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанд танилцуулна.
117.7.Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 18.4-т заасан аудитын тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулна.
117.8.Тамгын газар энэ хуулийн 117.1, 117.5-д заасан тайланд шинжилгээ хийж, 03 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хурлын гишүүдэд тараана.
117.9.Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд гишүүд энэ хуулийн 117.6-д заасан танилцуулга, аудитын тайлантай холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
117.10.Нэгдсэн хуралдаан тайланг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17.8, 18.10-т заасан асуудлаар тогтоол батлах шаардлагатай гэж үзвэл энэ талаар холбогдох Байнгын хороонд чиглэл өгнө. Байнгын хороо нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу холбогдох тогтоолын төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Улсын Их Хурал уг тогтоолыг 04 дүгээр сарын 01-ний дотор батална.
118 дугаар зүйл. Урт хугацааны бодлогын баримт бичиг болон Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын болон гүйцэтгэлийн тайлан хэлэлцэх
118.1.Улсын Их Хурал Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг урт хугацааны бодлогын баримт бичгийн явцын тайлантай нэгтгэн хуульд заасан хугацаанд хянан хэлэлцэнэ.
118.2.Урт хугацааны бодлогын баримт бичгийн гүйцэтгэлийн тайланг Улсын Их Хурал хуульд заасан хугацаанд хянан хэлэлцэнэ.
118.3.Тамгын газар энэ хуулийн 118.1, 118.2-т заасан тайланд дүн шинжилгээ хийж, тайланг хэлэлцэж эхлэхээс ажлын 15 өдрийн өмнө Улсын Их Хурлын гишүүдэд тараана.
118.4.Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг холбогдох Байнгын хороо хэлэлцэнэ. Энэ хуулийн 118.2-т заасан тайланг хэлэлцэх үндсэн Байнгын хороо нь Төрийн байгуулалтын байнгын хороо байх бөгөөд бусад Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэн санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.
118.5.Ерөнхий сайд, эсхүл үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Байнгын хороод болон нэгдсэн хуралдаанд энэ хуулийн 118.1, 118.2-т заасан тайланг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 19.3, 20.3-т заасан зарчмын дагуу танилцуулна.
118.6.Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 19.7, 20.7-д заасан аудитын тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулна.
118.7.Нам, эвслийн бүлэг энэ хуулийн 118.1, 118.2-т заасан тайланг хэлэлцсэн бол санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлж, нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
118.8.Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд гишүүд энэ хуулийн 118.5-д заасан танилцуулга, аудитын тайлантай холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
118.9.Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 118.1, 118.2-т заасан тайланг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 19.10, 20.12-т заасан асуудлаар тогтоол батлах шаардлагатай гэж үзвэл энэ талаар холбогдох Байнгын хороонд чиглэл өгнө. Холбогдох Байнгын хороо нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу уг тогтоолын төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулна.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТЫН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
119 дугаар зүйл. Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх
119.1.Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах хүсэлтийг доор дурдсаны дагуу бичгээр гаргах бөгөөд түүнд нийтийн сонсгол /цаашид "сонсгол" гэх/ зохион байгуулах үндэслэл, шаардлагыг тодорхой тусгана:
119.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлтээ Улсын Их Хуралд;
119.1.2.Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн, эсхүл цөөнхийн бүлэг хүсэлтээ Улсын Их Хурлын даргад;
119.1.3.Байнгын, дэд хорооны нийт гишүүний олонх хүсэлтээ Байнгын, дэд хорооны даргад.
119.2.Энэ хуулийн 119.1-д заасны дагуу хүсэлт гаргасан бол тухайн сонсголыг холбогдох Байнгын, дэд хороо зохион байгуулна.
119.3.Байнгын, дэд хороо өөрөө санаачлан сонсгол явуулахаар хуульд тусгайлан заасан асуудлаар тухайн Байнгын, дэд хорооны гишүүн хүсэлт гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн бол тухайн сонсголыг явуулна.
119.4.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 27.3, 29.2.4-т заасан иргэн, хуулийн этгээдийн бичгээр гаргасан хүсэлтийг холбогдох Байнгын, дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол хяналтын сонсголыг явуулна. Хэрэв сонсголзохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн бол үндэслэл бүхий хариуг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд ажлын 3 өдрийн дотор бичгээр өгнө.
119.5.Энэ хуулийн 129.1-д зааснаас бусад тохиолдолд нэг асуудлаар сонсгол явуулахаар хэд хэдэн хүсэлт гарсан бол тухайн сонсголыг нэгтгэн явуулж болно.
119.6.Улсын Их Хурлын хяналтын сонсголыг явуулснаас хойш нэг жилийн дотор тухайн асуудлаар дахин сонсгол явуулахгүй.
120 дугаар зүйл. Сонсгол зохион байгуулах харьяалал
120.1.Сонсголыг дараах харьяаллын дагуу зохион байгуулна:
120.1.1.ерөнхий хяналтын, нэр дэвшигчийн болон хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг холбогдох Байнгын, эсхүл дэд хороо;
120.1.2.тухайн жилийн төсвийн төсөл болон төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдлийн талаарх хяналтын сонсгол явуулах бол Төсвийн байнгын хороо, эсхүл Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, тухайн жилийн төсөв болон жилийн хөгжлийн төлөвлөгөөний уялдааны талаарх хяналтын сонсголыг Эдийн засгийн байнгын хороо.
120.2.Хуульд ерөнхий хяналтын сонсгол явуулахаар тусгайлан хугацаа тогтоосон бол тухайн сонсголыг холбогдох Байнгын, эсхүл дэд хороо зохион байгуулна.
120.3.Байнгын хороо сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж болно.
120.4.Энэ хуулийн 120.1, 120.2-т заасан сонсголыг дэд хороо явуулсан бол сонсголын тайлан, санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд танилцуулна. Гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
120.5.Энэ хуулийн 120.1, 120.2-т заасан сонсголыг Байнгын хороо явуулсан бол сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусган нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
120.6.Байнгын хороо энэ хуулийн 120.4, 120.5-д заасны дагуу сонсголын тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10.1-д заасан асуудлаар холбогдох тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
120.7.Сонсголыг Төсвийн зарлагын хяналтын дэд хороо явуулсан бол сонсголын санал, дүгнэлтээ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27.6-д заасны дагуу нэгдсэн хуралдаанд танилцуулна.
120.8.Сонсголыг нэгдсэн болон Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаантай давхардуулахгүйгээр зохион байгуулах бөгөөд Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт зохион байгуулж болно.
121 дугаар зүйл. Сонсголын бэлтгэл хангах
121.1.Энэ хуулийн 119.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 119.3, 119.4-т заасны дагуу хүсэлтийг дэмжсэнээс хойш ажлын 5 өдрийн дотор холбогдох Байнгын, дэд хороо сонсголыг товлон зарлана.
121.2.Сонсгол явуулах сэдэв, он, сар, өдөр, байр, оролцогч, ажиглагчийг бүртгэх ажиллагаа, бүртгэл эхлэх, дуусах хугацаа, саналыг хүлээн авах цахим болон шуудангийн хаяг, холбогдох бусад мэдээллийг агуулсан зарыг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулж, өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол давтамж, хүртээмжтэйгээр нийтэд мэдээлнэ.
121.3.Энэ хуулийн 119.1-д заасан этгээд сонсголын товыг хойшлуулах шаардлагатай гэж үзсэн бол хойшлуулах шалтгаан, хугацааг тодорхой дурдсан хүсэлтийг энэ хуулийн 121.1-д заасан Байнгын, дэд хороонд ирүүлнэ.
121.4.Байнгын, дэд хороо хүсэлтийг дэмжиж шийдвэрлэсэн бол хойшлуулах үндэслэл, шалтгаанаас хамааран хойшлуулах хугацаа ажлын 5-аас илүүгүй өдөр байна. Энэ тохиолдолд сонсголын товыг нийтэд зарласан арга хэрэгслээр дахин зарлана.
121.5.Сонсголд тодорхой асуудлаар санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах төрийн байгууллага, албан тушаалтныг оролцуулах бөгөөд албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд ирээгүй нь сонсголыг хойшлуулах үндэслэл болохгүй.
121.6.Энэ хуулийн 120.3-т заасан ажлын хэсэг тухайн асуудлаар сонсгол явуулахад шинжээч шаардлагатай гэж үзсэн бол үндэслэл бүхий хүсэлтээ энэ хуулийн 121.1-д заасан Байнгын, дэд хороонд ирүүлнэ. Байнгын, дэд хороо хүсэлтийг дэмжсэн бол Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9.7, 9.10-т заасны дагуу шийдвэрлэнэ.
121.7.Сонсголд оролцох иргэн, хуулийн этгээд, ажиглагч /цаашид "оролцогч" гэх/ сонсгол болохоос ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө Байнгын хороо, Хянан шалгах түр хороонд бүртгүүлнэ.
121.8.Сонсголд оролцогчийн тооны дээд хязгаарыг сонсгол болох танхимын багтаамж, тухайн асуудлын хүрээнээс хамааран сонсгол даргалагч тогтооно.
121.9.Оролцогч санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө бичгээр өгч болно.
121.10.Төсвийн хяналтын сонсгол явуулах хугацааг товлон зарламагц тухайн асуудлаар дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагад холбогдох баримт бичгийг хүргүүлэх бөгөөд төрийн аудитын байгууллага гаргасан дүгнэлтээ сонсгол болохоос ажлын 3-аас доошгүй өдрийн өмнө ирүүлнэ.
121.11.Энэ хуулийн 121.2-т заасны дагуу сонсголын товыг нийтэд мэдээлснээс хойш 14-өөс доошгүй хоногийн хугацаанд сонирхогч этгээдээс тухайн сонсголын асуудлын талаарх саналыг цахимаар, эсхүл шуудангаар хүлээн авах бөгөөд нэр, хаяггүй саналыг бүртгэхгүй.
121.12.Төсвийн хяналтын сонсгол зохион байгуулахад энэ хуулийн 121.11-д заасан хугацааг өөрөөр тогтоож болно.
121.13.Энэ хуулийн 121.11, 121.12-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор сонсгол явуулна.
121.14.Сонсголын зохион байгуулалтын асуудлыг Тамгын газар хариуцна.
122 дугаар зүйл. Сонсгол даргалагч
122.1.Холбогдох Байнгын болон дэд хорооны хуралдаанаар сонсгол даргалагч /цаашид "сонсгол даргалагч" гэх/-ийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно. Сонсгол даргалагчийн эзгүйд түүний томилсон гишүүн сонсгол даргална.
123 дугаар зүйл. Сонсголд оролцогч
123.1.Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд, шинжээч, ажиглагчийг сонсголд оролцогч гэнэ.
123.2.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 26.1.4-т зааснаас бусад сонсголд тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагыг заавал оролцуулна.
123.3.Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагыг сонсголд оролцуулах асуудлыг энэ хуулийн 126.5-д заасан журмаар нарийвчлан зохицуулна.
123.4.Нэг асуудлаар ижил ашиг сонирхолтой гурав ба түүнээс дээш, эсхүл хэд хэдэн этгээд хамтарч сонсголд оролцох хүсэлт гаргасан бол тэдгээрийн саналаар гурав хүртэл этгээд төлөөлөн сонсголд оролцоно.
123.5.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 26.1.4-т заасан сонсголд нэр дэвшигч, түүнийг Улсын Их Хуралд танилцуулах эрх бүхий этгээд, эсхүл түүний төлөөлөгч, нэр дэвшигчээс асуулт асуух, нэр дэвшигч нь тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх талаар санал хэлэх, мэдээлэл өгөхөөр хүсэлт гаргасан болон хуульд заасны дагуу мэдээлэл өгөх иргэн, хуулийн этгээд, ажиглагч оролцоно.
123.6.Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголд хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийг ажиглагчаар оролцуулж болох бөгөөд ажиглагч нь сонсгол хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулагдаж байгаа эсэхэд хяналт тавина.
123.7.Ажиглагч сонсголын үед нэр дэвшигчээс болон бусад оролцогчоос асуулт асуух, үг хэлэх эрх эдлэхгүй.
124 дугаар зүйл. Сонсголд оролцогчийн эрх, үүрэг
124.1.Энэ хуулийн 123.1-д заасан оролцогч дараах эрх эдэлнэ:
124.1.1.энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу асуултад хариулах, тайлбар, санал хэлэх;
124.1.2.сонсголын тэмдэглэл, гарсан шийдвэртэй танилцах, өөрийн хэлсэн санал, тайлбарыг хянах;
124.1.3.сонсгол зохион байгуулагч болон даргалагчаас тэнцвэртэй, хүндэтгэлтэй хандахыг шаардах.
124.2.Сонсголд оролцогч дараах үүрэг хүлээнэ:
124.2.1.сонсгол зохион байгуулагчийн дуудсанаар сонсголд хүрэлцэн ирэх;
124.2.2.сонсголын дэг сахих;
124.2.3.сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
124.2.4.сонсголд үнэн зөв мэдүүлэх, бодитой дүгнэлт өгөх;
124.2.5.холбогдох бусад хууль тогтоомжид заасан үүрэг хүлээх.
124.3.Сонсголд оролцогч нь сонсголын явцад бусдыг ялгаварлан гадуурхах, доромжлох, яриаг нь таслах, сонсгол даргалагчийн зөвшөөрөлгүйгээр үг хэлэх, хүч хэрэглэх зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.
124.4.Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгах зорилгоор сонсголыг дохионы хэлмэрчтэй явуулна.
124.5.Сонсгол зохион байгуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонсголд оролцох, ажиглах боломжийг хангана.
125 дугаар зүйл. Сонсгол даргалагчийн эрх, үүрэг
125.1.Сонсгол даргалагч сонсголыг хуульд заасны дагуу удирдан зохион байгуулах, сонсголын асуудлыг тал бүрээс нь үнэн бодитойгоор тогтоох, сонсголд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, оролцогчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, сонсголын дэг сахиулах үүрэгтэй.
125.2.Сонсгол даргалагч дараах нийтлэг эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
125.2.1.сонсголын бэлтгэлийг хангах;
125.2.2.сонсголыг товлосон цагт эхлүүлж, дэгийн дагуу явуулах;
125.2.3.сонсголд оролцож байгаа этгээдэд асуулт асуух, үг хэлэх зөвшөөрөл өгөх;
125.2.4.сонсголын тайланг хянаж, эрх бүхий этгээдэд танилцуулах;
125.2.5.хүндэтгэн үзэх шалтгаантай оролцогчид чөлөө өгөх;
125.2.6.сонсголын дэг сахиулах, оролцогчоос дэг сахихыг шаардах;
125.2.7.сонсголын дэг зөрчигчид холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээ авах;
125.2.8.сонсголын асуулт, хариулт, тайлбар, санал, мэдээлэл нь сонсголын сэдэвт хамааралгүй, ялгаварлан гадуурхсан, доромжилсон үг хэллэг хэрэглэсэн бол таслан зогсоох;
125.2.9.сонсголын дэг зөрчсөн, эсхүл энэ хуулийн 124.3-т заасан үйлдэл гаргасан оролцогчид сануулах, зайлшгүй шаардлагатай бол үг хэлэх эрхийг нь хасах;
125.2.10.сонсголын тогтсон сэдвээс өөр сэдвийг хөндсөн тохиолдолд сануулга өгөх;
125.2.11.сонсголын үйл ажиллагаанд саад учруулсан этгээдийг танхимаас гаргах.
126 дугаар зүйл. Сонсгол явуулах журам
126.1.Сонсголыг дараах журмаар явуулна:
126.1.1.сонсгол даргалагч сонсголын зорилго, ирц, дэгийг танилцуулах;
126.1.2.сонсгол даргалагч оролцогчийн санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах, асуулт асуух дарааллыг тогтоох;
126.1.3.сонсголд дуудаж ирүүлсэн албан тушаалтан нь тухайн сэдвээр мэдээлэл өгөх эрх бүхий албан тушаалтан мөн эсэх талаар тодруулга авах;
126.1.4.оролцогчийн санал, мэдээлэл, дүгнэлтээ танилцуулах хугацаа 10 минутаас илүүгүй байх;
126.1.5.гишүүн оролцогчоос асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно;
126.1.6.гишүүн оролцогчоос асуулт асууж, хариулт авч дууссаны дараа 5 минутад багтаан үг хэлж болно;
126.1.7.сонсгол даргалагч сонсож байгаа асуудалтай холбогдуулан бичгээр ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийн агуулгыг уншиж танилцуулан сонсголын тэмдэглэлд тусгуулна;
126.1.8.сонсгол даргалагч болон гишүүн бусдыг ялгаварлан гадуурхах, доромжлох зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.
126.2.Энэ хуулийн 126.1.5, 126.1.6-д заасан үйл ажиллагаанд олонх, цөөнхийн төлөөлөлд ээлжлэн асуулт асуух, үг хэлэх боломж олгоно.
126.3.Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч сонсголын үеэр сонсгол даргалагч, гишүүн, бусад оролцогчоос асуулт асуухгүй.
126.4.Улсын Их Хурлын хяналтын сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно.
126.5.Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.
127 дугаар зүйл. Сонсголыг цахимаар явуулах
127.1.Сонсголыг танхимаар, эсхүл цахимаар, түүнчлэн хосолмол хэлбэрээр явуулж болно.
127.2.Цахим сонсголыг энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан журмыг баримтлан явуулна.
127.3.Сонсголд оролцогчдод оролцогчийн эрх, үүрэг, сонсголын дэгийн талаарх мэдээллийг тусгаж Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулсан бүртгэлийн маягтыг зохих журмын дагуу бөглөж ирүүлсний дараа цахим холбоосыг хүргүүлнэ.
128 дугаар зүйл. Сонсголын тайлан, тэмдэглэл
128.1.Нэр дэвшигчийн сонсголоос бусад энэ хуульд заасан сонсголын тайланг сонсгол явуулснаас ажлын 5 өдрийн дотор тухайн сонсголыг явуулсан Байнгын, дэд хороо гаргана.
128.2.Тайланд сонсголын үр дүнгийн талаарх дүгнэлт, сонсголын явцад ил болсон асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар дурдах бөгөөд ажиглагч дүгнэлт ирүүлсэн бол дүгнэлтийг, түүнчлэн бичгээр ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийг хавсаргана.
128.3.Нэр дэвшигчийн сонсголоос бусад хяналтын сонсголын тайланг боловсруулахад Тамгын газрын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.
128.4.Хуульд өөрөөр заагаагүй бол сонсголын тайлан, тэмдэглэл ил тод байх бөгөөд тайланг гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд тэмдэглэлийн хамт байршуулна.
128.5.Сонсголын тэмдэглэлийг энэ хуульд заасан журмын дагуу хөтлөх бөгөөд тухайн сонсголын үр дүнтэй холбогдуулан Байнгын хороо, эсхүл Улсын Их Хурлаас шийдвэр гарсан бол тухайн шийдвэрийн хамт архивын нэгж болгон хадгална.
128.6.Энэ хуулийн 128.5-д заасан шийдвэр гараагүй бол тухайн сонсголын тэмдэглэлийг энэ хуульд заасан журмаар эмхэлж, сонсголын тайлангийн хамт архивын нэг нэгж болгон товьёглож, хадгална.
129 дугаар зүйл. Нэр дэвшигчийн сонсгол
129.1.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуульд заасны дагуу албан тушаалтныг томилох, зөвшилцөх, танилцуулах саналаа Улсын Их Хуралд албан ёсоор ирүүлнэ. Саналд нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, мэдлэг, ур чадвар, ёс зүй, хуулиар тусгайлан заасан шаардлагыг хангаж байгаа талаарх үндэслэл бүхий нэр дэвшигчийн танилцуулга, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, бусад баримт бичиг, мэдээллийг хавсаргана.
129.2.Эрх бүхий этгээд хуульд заасны дагуу нэр дэвшигчийг санал болгохдоо Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30.6-д заасан маягтын дагуу гаргаж Улсын Их Хуралд ирүүлнэ.
129.3.Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохдоо гаргасан иргэний нэр дэвших тухай хүсэлт, мэдээллийг энэ хуулийн 129.2-т заасны дагуу ирүүлнэ.
130 дугаар зүйл. Нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, зарлах
130.1.Нэр дэвшигчийн сонсгол явуулахаар хуульд тусгайлан заасан бол Байнгын хороо энэ хуулийн 129.1-д заасан саналыг Улсын Их Хурлын чуулганы хугацаанд хүлээн авсан тохиолдолд ажлын 5 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан тохиолдолд ээлжит чуулган эхэлсэн өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор дараах ажиллагааг явуулна:
130.1.1.сонсголын тов тогтоож, нийтэд мэдээлэх;
130.1.2.энэ хуулийн 129.1-д заасан санал, нэр дэвшигчийн танилцуулгыг Улсын Их Хурлын цахим хуудсанд байршуулах бөгөөд хувь хүний нууцад хамаарах мэдээллийг нийтлэхгүй.
130.2.Байнгын хороо нэр дэвшигчийг өөрөө сонгон шалгаруулахаар хуульд заасан бол сонгон шалгаруулалтын дүнг гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор Байнгын хороо энэ хуулийн 130.1-д заасан ажиллагааг хийнэ.
130.3.Энэ хуулийн 119.1.2-т заасны дагуу Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн сонсгол явуулах хүсэлт гаргасан бол хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн доторсонсголтовлон зарлана.
130.4.Энэ хуулийн 121.2-т зааснаас гадна доор дурдсан мэдээллийг агуулсан сонсголын зарыг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулж, өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол давтамж, хүртээмжтэй байдлаар нийтэд мэдээлнэ:
130.4.1.энэ хуулийн 129.1, 129.3-т заасан санал, мэдээллийг байршуулсан цахим хуудас;
130.4.2.нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бичгээр хүлээн авах цахим болон шуудангийн хаяг.
130.5.Энэ хуулийн 131.1-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн доторсонсголявуулна.
131 дугаар зүйл. Нэр дэвшигчийн сонсголын бэлтгэл хангах
131.1.Байнгын хороо энэ хуулийн 130.1, 130.2-т заасан ажиллагааг явуулснаас хойш 14-өөс доошгүй хоногийн хугацаанд нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг цахимаар, эсхүл шуудангаар хүлээн авах бөгөөд нэр, хаяггүй асуулт, саналыг бүртгэхгүй. Асуулт, санал хүлээн авах хугацааг Байнгын хороо тогтоох шаардлагатай бол тухайн сонсголын дэгийг боловсруулж, батлах зэрэг сонсголын бэлтгэлийг хангана.
131.2.Сонсголд оролцох, ажиглах иргэн, хуулийн этгээд сонсгол явуулахаас ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө сонсголд оролцох тухай хүсэлтээ Байнгын хороонд бүртгүүлнэ. Сонсголд оролцогчид сонсголын журам, оролцогчийн эрх, үүргийг урьдчилан танилцуулна.
131.3.Сонсголд оролцогч нь нэр дэвшигч тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан, эсхүл хангаагүй тухай санал, мэдээлэл, асуултаа бичгээр гаргаж өгөх эрхтэй бөгөөд энэ нь сонсголд оролцож үг хэлэхэд саад болохгүй.
131.4.Энэ хуулийн 131.2-т заасны дагуу бүртгүүлэх хүсэлтийг цахимаар, эсхүл шуудангаар илгээж болох бөгөөд Байнгын хороо хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар эрэмбэлэн бүртгэж, баталгаажуулна.
131.5.Хэвлэл мэдээллийн байгууллага сонсголд оролцох хүсэлтээ сонсгол явуулахаас ажлын 1-ээс доошгүй өдрийн өмнө цахимаар, эсхүл шуудангаар Байнгын хороонд ирүүлнэ.
131.6.Тухайн чиглэлийн мэргэжилтэн, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, бусад байгууллагын төлөөллийг сонсгол даргалагчийн болон Байнгын хорооны гишүүний урилгаар сонсголд оролцуулж болно.
131.7.Сонсголд оролцож, тодорхой асуудлаар тайлбар, мэдээлэл хийх төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, шинжээчид сонсгол болохоос ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө сонсголын товыг мэдэгдэнэ.
131.8.Байнгын хороо нь нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээч /цаашид "хараат бус шинжээч" гэх/-ийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар томилно.
131.9.Сонгон шалгаруулах ажлын хэсэг нэр дэвшигчийг санал болгосон бол хараат бус шинжээчийг томилохгүй.
131.10.Хараат бус шинжээч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
131.10.1.нэр дэвшигчийн баримт бичиг, олон нийтээс ирүүлсэн саналыг судлах;
131.10.2.нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулах;
131.10.3.энэ хуулийн 131.8-д заасан асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт бичгээр гаргах;
131.10.4.нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ нэр дэвшигчийн сонсгол, Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд танилцуулах.
131.11.Нэр дэвшигчийг санал болгосон этгээд болон бусад байгууллага, албан тушаалтан нэр дэвшигчийн талаарх баримт, мэдээллийг Байнгын хорооны гишүүн, эсхүл хараат бус шинжээчийн хүсэлтийн дагуу гаргаж өгөх үүрэгтэй.
132 дугаар зүйл. Нэр дэвшигчийн сонсгол явуулах
132.1.Сонсгол даргалагч сонсголоор хэлэлцэх асуудал болон сонсгол зарласан он, сар, өдөр, оролцогчдын талаарх танилцуулга болон сонсголын дэгийг 10 минутад багтаан танилцуулна.
132.2.Сонсгол даргалагч, эсхүл Байнгын хорооны гишүүн нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг 10 минутад багтаан танилцуулна.
132.3.Нэр дэвшигч тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа тухайгаа 10 минутад багтаан танилцуулна.
132.4.Хараат бус шинжээчийн дүгнэлтийг, эсхүл сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайланг 20 минутад багтаан сонсоно. Дүгнэлт, тайланг энэ хуулийн 129.1, 129.3-т заасан санал, мэдээллийн хамт Байнгын хорооны гишүүдэд ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө хүргүүлнэ. Сонсгол даргалагч болон Байнгын хорооны гишүүн дүгнэлт, тайлантай холбогдуулан асуулт асууж болно.
132.5.Энэ хуулийн 132.4-т заасан дүгнэлт, тайланг сонссоны дараа сонсголд оролцогчид нэр дэвшигчээс асуулт асууна. Оролцогч 4 минутад багтаан асуух бөгөөд даргалагчийн зөвшөөрлөөр сунгаж болно.
132.6.Энэ хуулийн 132.1, 131.3-т заасны дагуу ирүүлсэн асуулт, саналыг сонсгол даргалагч, эсхүл Байнгын хорооны гишүүн танилцуулж, нэр дэвшигчээс хариулт авна.
132.7.Нэр дэвшигчээс асуулт асуух Байнгын хорооны гишүүдийн дарааллыг тогтоохдоо олонх, цөөнхийн төлөөлөл ээлжлэн асуух боломж олгоно.
132.8.Байнгын хорооны гишүүн нэр дэвшигчээс асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно. Хариулт хангалтгүй гэж үзвэл нэмэлт хугацаа олгох эсэхийг сонсгол даргалагч шийдвэрлэнэ.
132.9.Нэр дэвшигч Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.12, 4.1.15-д заасантай шууд болон шууд бусаар холбогдох асуултад хариулахгүй байх эрхтэй.
132.10.Асуулт, хариулт дууссаны дараа нэр дэвшигчтэй холбогдуулан сонсгол даргалагч, гишүүн, оролцогч үг хэлж болох бөгөөд дараах зарчмыг баримтална:
132.10.1.нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан, хангаагүй болон төвийг сахисан байр суурь бүхий оролцогчид байгаа бол тэдгээрийг тэнцвэртэй сонсох;
132.10.2.Байнгын хорооны бүрэлдэхүүн дэх олонх, цөөнхийн төлөөлөл ээлжлэн үг хэлэх.
132.11.Энэ хуулийн 132.10-т заасны дагуу үг хэлэх хугацаа 5 хүртэл минут байх бөгөөд шаардлагатай бол хуралдаан даргалагч 5 хүртэл минутаар сунгаж болно.
132.12.Үг хэлэх, асуулт асуухдаа бусдыг ялгаварлан гадуурхах, доромжлох, яриаг нь таслах, сонсгол даргалагчийн зөвшөөрөлгүйгээр үг хэлэх, хүч хэрэглэх зэрэг зохисгүй үйлдэл гаргасан, эсхүл даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзсан бол даргалагч дэг сахихыг шаардах, шаардлагыг үл биелүүлбэл оролцогчийг танхимаас гаргах хүртэл арга хэмжээ авна.
132.13.Тухайн албан тушаалд хоёр, эсхүл түүнээс дээш тооны хүн нэр дэвшиж байгаа бол нэр дэвшигчдийг сонсголын танхимд нэг нэгээр нь оруулна.
132.14.Нэр дэвшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд оролцоогүй бол тухайн албан тушаалд томилохоос татгалзах үндэслэл болно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар сонсголд оролцоогүй бол сонсголыг энэ хуульд заасны дагуу дахин зарлаж зохион байгуулна.
132.15.Нэр дэвшигчийн сонсголын хугацаа 3 хүртэл хоног үргэлжилж болно.
132.16.Хуульд өөрөөр заагаагүй бол нэр дэвшигчийн сонсголыг нээлттэй явуулна. Хэрэв нэр дэвшигчээс үндэслэл бүхий хүсэлт гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд сонсголыг хаалттай явуулж болно.
132.17.Сонсголыг хэвлэл мэдээллийн болон нийгмийн сүлжээний хэрэгслээр бүрэн хэмжээгээр нийтэд шууд дамжуулна.
133 дугаар зүйл. Нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах
133.1.Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана.
133.2.Сонсголын явцад ил болсон асуудал, түүнийг шийдвэрлэх зөвлөмж, эсхүл бусад асуудлын талаар сонсголын тайланд тусгаж болно.
133.3.Сонсголын тайланг нийтлэхээс ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө нэр дэвшигч болон түүнийг санал болгосон этгээдэд хүргүүлнэ.
133.4.Энэ хуулийн 133.1-д заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын 5 өдрийн дотор дараах ажиллагааг хийнэ:
133.4.1.сонсголын тайланг Улсын Их Хурлын цахим хуудсанд байршуулах бөгөөд хувь хүний нууцад хамаарах мэдээллийг нийтлэхгүй;
133.4.2.сонсголын тайланг Улсын Их Хурлын нийт гишүүнд хүргүүлэх;
133.4.3.эрх бүхий этгээдийн санал, сонсголын тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн санал, дүгнэлт гаргах.
133.5.Сонсголын тайлан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулна.
133.6.Эрх бүхий этгээд томилгооны шийдвэр гаргахдаа нэр дэвшигчийн сонсголын тайлан, Байнгын хорооны санал, дүгнэлт, тэдгээрийн үндэслэл, баримт, мэдээллийг харгалзан үзнэ.
133.7.Сонсгол дууссаны дараа сонсголын үйл ажиллагаа болон сонсголын үед хэлэлцэгдсэн асуудал, асуулт, хариулт, мэдээлэл, дүгнэлт зэрэгтэй холбогдуулан маргаан үүсгэхгүй.
БУСАД АСУУДАЛ
134 дугаар зүйл. Чуулганы хуралдааныг нэвтрүүлэх, мэдээлэх журам
134.1.Чуулганы хуралдааныг телевизийн тусгай сувгаар шууд нэвтрүүлэх, түүнчлэн телевиз, радиод тусгай цаг гаргаж олон нийтэд сурталчлах, мэдээлэх ажлыг Тамгын газар зохион байгуулна.
135 дугаар зүйл. Чуулганы хуралдааны тэмдэглэл хөтлөх, түүнийг хадгалах журам
135.1.Чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл /цаашид "хуралдааны тэмдэглэл" гэх/-ийг бичгээр болон цахим мэдээлэл тээгчид нэгэн зэрэг дуу, дүрсний бичлэгийн хэрэгсэл ашиглан хадгалах ба хуралдааны тэмдэглэл дэлгэрэнгүй ба товч гэсэн хэлбэртэй байна.
135.2.Хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлд дараах баримт бичгийг хавсарган хадгална:
135.2.1.тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хуралдаанд урилгаар оролцсон болон байлцсан хүмүүсийн нэр, албан тушаал;
135.2.2.хуралдаанаар хэлэлцсэн хууль, тогтоолын төсөл /хувилбарууд/, үзэл баримтлал, танилцуулга, санал, судалгаа бусад баримт бичиг;
135.2.3.хэлэлцэж байгаа асуудлаар гишүүд, ажлын хэсэг, бусад Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, нам, эвслийн бүлгээс холбогдох Байнгын хороонд бичгээр ирүүлсэн саналын томьёолол, тэдгээрийн үндэслэл, тооцоо, судалгааг тайлбарласан баримт бичиг;
135.2.4.ажлын хэсгээс Байнгын, дэд, хянан шалгах түр хороонд, Байнгын, дэд хороо, нам, эвслийн бүлгээс нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оруулсан санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёолол, санал хураалтын дүн;
135.2.5.хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал, гишүүдэд иргэд, байгууллагаас ирүүлсэн санал;
135.2.6.гишүүн хуралдааны тэмдэглэлд тусгайлан тэмдэглүүлэхээр бичгээр гаргасан санал;
135.2.7.гишүүдийн ирцийн мэдээ.
135.3.Хуралдааны товч тэмдэглэлд дараах мэдээллийг тусгана:
135.3.1.хуралдаан эхэлсэн, завсарласан, дууссан болон асуудлыг хэлэлцэж эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг, минут;
135.3.2.хэлэлцсэн хууль, тогтоолын төсөл буюу асуудал, түүнийг танилцуулсан албан тушаалтан, хуралдаанд оролцогч, урилгаар байлцсан хүмүүс;
135.3.3.санал хураалтын дүн /тоо, хувиар/, санал өгсөн гишүүн бүрийн дэмжсэн, дэмжээгүй саналын тоо;
135.3.4.хуралдааны ирцийн мэдээ /тоо, хувиар/, хуралдаанд ирээгүй гишүүний нэр, шалтгаан /томилолттой байсан, хоцорч ирсэн, чөлөө авсан, өвчтэй байсан, тасалсан/;
135.3.5.гишүүний тусгайлан тэмдэглүүлэхээр хэлсэн үг;
135.3.6.энэ хуулийн 15.1-д заасны дагуу хуралдааны дэг сахиулахтай холбогдуулан авсан арга хэмжээ;
135.3.7.сонгогч болон бусад этгээдийг Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулсан тухай;
135.3.8.дуу болон дүрсний бичлэгт тусгагдах боломжгүй, хуралдааны явцад болсон үйл явдлыг дэс дарааллын дагуу нэг бүрчлэн товч тэмдэглэлд буулгах.
135.4.Гишүүний хэлсэн үгийг хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгах бөгөөд тусгайлан тэмдэглүүлэхээр хэлсэн үгийг тухайн гишүүнээр хянуулж гарын үсэг зуруулна.
135.5.Гишүүн хуралдааны тэмдэглэлтэй аливаа хязгаарлалтгүйгээр танилцах эрхтэй бөгөөд төрийн нууцад хамрагдсан хуралдааны тэмдэглэлтэй танилцсан бол нууцыг задруулахгүй байх арга хэмжээг авна.
135.6.Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн болон нэгдсэн хуралдааны анхны, эцсийн хэлэлцүүлгийн дүнг тусгасан хууль, тогтоолын төслийг гарсан шийдвэрийн хамт дарааллаар нь байршуулан дугаарлаж, хуралдааны товч тэмдэглэлд хавсаргана.
135.7.Нэгдсэн хуралдааны товч тэмдэглэлтэй Ерөнхий нарийн бичгийн дарга, Байнгын болон дэд, хянан шалгах түр хорооны хуралдааны товч тэмдэглэлтэй холбогдох Байнгын болон дэд, хянан шалгах түр хорооны дарга, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлтэй түүний ахлагч тус тус танилцаж гарын үсэг зурна.
135.8.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг энэ хуульд заасан журмаар эмхэлж архивын нэг нэгж болгон товьёглож, архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу хадгална.
135.9.Хууль тогтоомж, бүлгийн дүрэмд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн хуралдааны тэмдэглэлийг энэ хуульд заасан журмын дагуу хөтлөх бөгөөд түүнийг хадгалах, ашиглах, архивын нэгж болгох, архивт шилжүүлэх журмыг бүлэг өөрөө тогтооно.
136 дугаар зүйл. Хуралдааны тэмдэглэл ашиглах, хадгалах журам
136.1.Хуралдааны тэмдэглэл болон дуу, дүрсний бичлэгийг чуулганы мэдээлэл бэлтгэж нийтлэх, хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл, лавлагаа өгөх, маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгод ашиглах ба Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулж олон нийт танилцах бололцоог хангана.
136.2.Хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгтэй гишүүд, Тамгын газрын ажилтан 7 хүртэл хоногийн хугацаатай шууд танилцаж болох ба зөвшөөрөлгүйгээр олшруулах, хувилахыг хориглоно.
136.3.Бусад байгууллагын ажилтан, албан тушаалтан хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргын зөвшөөрснөөр Тамгын газрын архивт танилцана.
136.4.Хуралдааны тэмдэглэлийг Тамгын газрын архивт хадгалах бөгөөд түүнийг ашиглах, хадгалах нарийвчилсан журмыг Ерөнхий нарийн бичгийн дарга батална.
136.5.Төрийн нууцтай холбоотой асуудал хэлэлцсэн хуралдааны тэмдэглэл, түүнчлэн төрийн нууцад хамаарах баримт бичгийг архивын нэгж болгох, тэдгээрийг ашиглах, хадгалах асуудлыг төрийн нууцын хууль тогтоомж, тэдгээрийн дагуу баталсан дүрэм, журам, зааврын дагуу зохицуулна.
137 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
137.1.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
691 дугаар зүйл. Төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг /Энэ зүйлийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
691.1.Ерөнхий сайд төсвийн төслийн танилцуулгыг, Монгол Улсын Ерөнхий аудитор төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга төсвийн төсөл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
691.2.Төсвийн төсөлтэй холбогдуулан төрийн аудитын дээд байгууллагын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг гишүүдэд хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
691.3.Төсвийн төслийн танилцуулгад төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажилласан байдал, гарсан үр дүнг төсвийн төсөлд хэрхэн тусгасан талаар танилцуулна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
691.4.Нэг дэх хэлэлцүүлэгт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шүүхийн сахилгын хорооны дарга, Улсын ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар оролцоно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
691.5.Гишүүд энэ хуулийн 691.1-д заасан танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайдаас, энэ хуулийн 691.2-т заасан дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаас, төсвийн төсөлтэй холбогдуулан энэ хуулийн 691.4-т заасан төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлнэ. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
731 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч төсвийг хүчингүй болгосонтой холбогдуулан төсвийн төсөл хэлэлцэх /Энэ зүйлийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
731.1.Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авч, уг хуулийг хүчингүй болсонд тооцсон бол Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаас тогтоосон хугацаанд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгана. Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн жилийн төсөвт хэсэгчилсэн байдлаар хориг тавьсан тохиолдолд Төсвийн байнгын хорооны саналаар Улсын Их Хурал Засгийн газарт тогтоосон хугацаанд холбогдох төсвийн төслийг өргөн мэдүүлэхийг даалгаж болно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
731.2.Төсвийн тухай хуулийн 321.1-д заасны дагуу Засгийн газар холбогдох төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурал энэ хуулийн 71, 72, 73 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэж, Төсвийн тухай хуулийн 321.5-д заасан хугацаанд батална. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
731.3.Энэ хуулийн 731.2-т заасан төсвийн төслийг хэлэлцэхэд энэ хуулийн 39.14, 39.30-д заасан хугацаа, 71.4 дэх хэсэг хамаарахгүй. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
731.4.Энэ хуулийн 731.2-т заасан төсвийн төслийг хэлэлцэх цаглавар, хугацаатай уялдуулан төрийн аудитын дээд байгууллагын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг гаргуулж болно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./